Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/ма2022/00595

 

Б.О-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00238 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-д холбогдох, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ хамтран өмчлөгчид худалдах-худалдан авах гэрээнээс тус тус татгалзаж, +++ 12 тоотод байрлах 72.75 м.кв орон сууцыг Б.О, Б.М-, М.С нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгох,  Б.О болон М.С- нарт ногдох хэсэгт 92,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл болон хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч Т.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

                ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бидний хамтын амьдрал манай эцэг, эхээс надад өвлүүлэн үлдээсэн +++ 57 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай 2 өрөө байрнаас эхэлсэн бөгөөд уг хөрөнгө нь нэхэмжлэгч миний хуваарьт хөрөнгө байсан. Мөн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр +++ 17 тоот хаягт байршилтай, 25 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг иргэн Г.М, Г.Б нараас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан. 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр +++ 57 тоот хаягт байршилтай 2 өрөө байрыг иргэн Ч.Чулуунпүрэв, Д.Төгсжаргал нарт, 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр +++17 тоот хаягт байршилтай 1 өрөө орон сууцыг иргэн Л.Цэрэндуламд тус тус худалдан борлуулж, дээрх орон сууцнуудыг худалдан борлуулсан орлогоор Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол хороолол, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 902 дугаар байрны 114 тоот хаягт байршилтай, 33,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авч, нөхөр болох Б.М-гийн хамт хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Бид 2014 онд байраа томруулах зорилгоор ++12 тоотод байрлах 72.75 м.кв талбайтай орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Х.Цэцгээгээс худалдан авсан бөгөөд уг орон сууцыг “Голомт банк” ХХК-ийн ипотекийн зээлд хамруулж, 138,225,000 төгрөгөөр худалдан авсан. Уг байрны урьдчилгаа төлбөрийг Б.О миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... 57 тоот, 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ...17 тоот 1 өрөө орон сууц, ++ ...114 тоот 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулсан орлогоор төлсөн. Энэ байрыг авсан үеэс бид таарамжгүй болж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01188 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, хүү М.С-ыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн.

 Харин гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар шийдвэрлээгүй. Мөн орон сууцыг Б.О би хүү М.С-ын хамт эзэмшиж байсан бөгөөд хариуцагч Б.М-гийн удаа дараагийн шахалт, шаардлага, дарамтын үндсэн дээр 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид худалдах, худалдан авах гэрээ гэгчийг хийсэн. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр төлбөр тооцооны тухай дурдаагүй, харин 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид худалдах, худалдан авах гэрээгээр Б.О би өөрт оногдох хэсгийг 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон. Түүнчлэн гэрээний 2.1, 2.2 дахь хэсгүүдэд уг орон сууцыг 26,207,227 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Б.Од бэлнээр 10,000,000 төгрөгийг, үлдэгдэл 16,207,227 төгрөгииг Голомт банкинд Б.Оын төлөх ёстой төлбөрт тооцож шилжүүлнэ гэсэн нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байх тул гэрээнээс татгалзах үндэслэл бүрдэж байна. Дээрх гэрээний дагуу Б.О миний бие маргаан бүхий орон сууцны өөрт оногдох хэсгийн өмчлөх эрхийг Б.М-д шилжүүлснээр гуравдагч этгээдийн буюу Голомт банкны өмнө хүлээх үүрэг дуусгавар болох ёстой байсан. Гэтэл уг нөхцөл бодит байдал дээр хэрэгжээгүй ба хэрэгжих боломжгүй байна. Хариуцагч Б.М- нь ++12 тоотод байрлах 72,75 м.кв орон сууцыг худалдан авахад хөрөнгө оруулаагүй хэдий ч хуулийн дагуу Б.О, Б.М-, М.С- бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө юм. Уг орон сууц нь одоогоор хариуцагч Б.М-гийн эзэмшил, ашиглалтад байгаа ба анх худалдан авсан үнэ болох 138,225,000 төгрөгийг нэг хүнд ногдох хэсгээр тооцвол Б.О, М.С- нар нь 92,150,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Бидний гэрлэлтийг цуцалснаас хойш хүү М.С- нь эх миний асрамжид байсан ба 4 настай хүүгийн хамт үлдсэн би хүүгээ тэжээх, байрны зээлийг төлөх гэх мэт хатуу хүнд амьдралтай нүүр тулсан. Дээрх нөхцөл байдалд хүрэх шалтгаан нөхцөлийг хариуцагч Б.М- бүрдүүлсэн. Нэгэнт ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдээ тэжээн тэтгэх, банкны зээлийг төлөх шаардлага үүссэн тул өдөрт хоёр ажил эрхэлдэг байсан ба хүү М.С-ыг талийгаач ээжийнхээ ганц эрэгтэй дүүгийнд үлдээдэг байсан. 2017 онд хариуцагч болон түүний гэр бүлийн зүгээс миний зөвшөөрөлгүйгээр хүүг авч явсан бөгөөд түүнээс хойш хүүгээр минь намайг дарамталж хэлгүй мэт амьдруулж байсан. Түүнчлэн Б.М- нь тусдаа гэр бүлийн амьдралтай ба хүү М.С-ыг өөрийн асрамжид байлгадаггүй, өөрийн эхийн асрамжид маргаан бүхий байранд ах, дүү нарынхаа хүүхдүүдтэй хамт байлгадаг. Б.М- нь +++-12 тоотод байрлах 72.75 м2 орон сууцыг худалдан авахад хөрөнгө оруулаагүй хэдий ч хуулийн дагуу Б.О, Б.М-, М.С- бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө юм.

Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан үндэслэл журмын дагуу маргаан бүхий гэрээг цуцлах тухай мэдэгдлийг “Монгол шуудан” ХК-ийн шуудан үйлчилгээгээр 2 удаа хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.М- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид худалдах, худалдан авах гэрээнээс тус тус татгалзаж, +++-12 тоотод байрлах 72.75 м.кв орон сууцыг нэхэмжлэгч Б.О, Б.М-, М.С- нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгож, нэхэмжлэгч Б.О, хүү М.С- нарт ногдох хэсэгт 92,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид худалдах, худалдан авах тухай гэрээг Б.О нь бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлд авталгүйгээр өөрөө зөвшөөрч, үүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн тул хүчин төгөлдөр юм. Б.Од дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Б.Оын өмчлөлийн +++57 тоот 29 м.кв 2 өрөө байр, мөн бэлэглэлийн гэрээгээр авсан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны 17 тоот 25 м.кв нэг өрөө орон сууцуудыг гэрлэснийхээ дараа худалдан борлуулж, орлогоор нь ++ ++114 тоот, 33.5 м.кв өрөө орон сууцыг худалдан авч хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн юм. Би ажил хөдөлмөр эрхэлж байсан тул миний цалин хөлс энд орсон. Бид энэ орон сууцаа томруулахын тулд Голомт банктай ипотекийн зээлийн гэрээ хийж, энэ зээлийн мөнгөөр ++12 тоот 72.75 м.кв орон сууцыг 2014 онд худалдаж авсан. Б.О нь өөрийн санаачилгаар гэрлэлтээ цуцлуулсны дараа зээлийн мөнгө төлөх боломж нөхцөл байхгүй боллоо, байрны зээлийг чи төл гэж хэлсний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээнд зааснаар би 10,000,000 төгрөгийг Б.Од бэлнээр өгч, үлдэгдэл 16,207,227 төгрөгийг Голомт банканд Б.Оын төлөх ёстой төлбөрт шилжүүлсэн. Энэ худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас өмнө Голомт банкны тооцооны төвийн захирал, харилцааны менежер нар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.О бид хоёртой уулзаж, уулзалтын протокол хөтөлж байсан. Энэ уулзалтад Б.О нь цалин орлогогүй, зээлээ төлөх боломжгүй тул орон сууцны өөрт ногдох хэсгээ Мөнхтүвшин надад худалдах мөн банкны үлдэгдэл зээлийг надаар төлүүлэх саналаа хэлж банкны ажилтнуудад өөрөө тайлбар бичиж өгч байсан. Би одоо зээл болон хүүг төлж байгаа. Б.О нь нийтдээ 2 жилд 5 удаа 3,297,637 төгрөг, би байрны зээлд 66,610,242 төгрөг тус тус төлж, банкны зээлийн үлдэгдэл 77,050,886 төгрөг байна. Би банкны зээлийн нийт өрийн 95 хувийг төлж барагдуулсан, одоо ч үлдэгдэл зээлийг төлж байна. Хүү М.С- одоо 9 настай, гэрлэлт цуцлагдсаны дараа ээж Б.О нь цалин орлогогүй тул хүүхдээ тэжээж өсгөх боломжгүй байсан, хүү маань миний асрамжид одоог хүртэл байдаг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 92,150,000 төгрөгийг Б.Од өгөхөөс татгалзаж байна гэжээ.

 

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би Геодези зураг зүйн чиглэлээр ажилладаг, голдуу хөдөө явдаг ажилтай байсан. Эхнэр Б.О удаа дараа бусадтай гэр бүлээс гадуур харьцаа тогтоож, хүү бид хоёрыг гэрээс хөөж 2014 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Б.О өөрөө гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01188 тоот шийдвэрээр гэрлэлтийг цуцалж хүү М.С-ыг ээж Б.Оын асрамжид өгсөн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Б.О нь тогтвортой ажилгүй, тогтмол цалин орлогогүй, мөн хүү М.С- турж эцээд хэцүү байдалтай ах дүү, хамаатан садны айл хэсүүлэн амьдарч байна гэж Б.Оын нагац ах Г.Чингисбаяр надад хэлсний дагуу би хүүгээ өөр дээрээ 2017 онд өөрийнх нь хүсэлтээр авч ээж Г.Оюун-Эрдэнийн хамт одоог хүртэл асран халамжилж байна. Би хүүгээ хүчээр авч явсан зүйл байхгүй. Б.О нь хүүгээ асран хамгаалах нөхцөл боломжгүй, одоо хаана хэрхэн амьдарч байгаа нь тодорхойгүй, сүүлийн 5 жилд хүү М.С- миний асрамжид байхад түүнд ногдох хөрөнгийг өөрөө авах гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Б.М- би тогтсон гэр бүлтэй, тогтмол орлоготой, орон сууцтай, одоо “Агар Од инженеринг” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2017 оноос хойш хүү М.С- миний асрамжид 5 жил байсан, одоо ч байгаа, би өндөр төлбөртэй “Оюуны тулга” сургуульд оруулж, сурч боловсрох, ая тухтай амьдрах боломж нөхцөлөөр хангаж байгаа. Иймд 9 настай хүү М.С-ын асрамжийг өөр дээрээ тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Бидний гэрлэлтийг цуцалснаас хойш хүү М.С- нь эх миний асрамжид байсан ба 4 настай хүүгийн хамт үлдсэн би хүүгээ тэжээх, байрны зээлийг төлөх гэх мэт хатуу хүнд амьдралтай нүүр тулсан. 2017 онд хариуцагч болон түүний гэр бүлийн зүгээс миний зөвшөөрөлгүйгээр хүүг авч явсан бөгөөд түүнээс хойш хүүгээр минь намайг дарамталж хэлгүй мэт амьдруулж байсан. Түүнчлэн Б.М- нь тусдаа гэр бүлийн амьдралтай ба хүү М.С-ыг өөрийн асрамжид байлгадаггүй, өөрийн эхийн асрамжид маргаан бүхий байранд ах дүү нарынхаа хүүхдүүдтэй хамт байлгадаг. Одоо миний бие тогтсон ажил төрөлтэй, орон байртай учраас хүүгээ өөрийн асрамжид байлгана. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.М-гөөс 46,075,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хүү М.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,075,000 төгрөгийг Б.Од гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай Б.М-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 978,850 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-гөөс 388,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт хүү М.С-ын асрамжийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэснийг эс зөвшөөрч байна. 2016 онд Б.О гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж шүүх хүү М.С-ыг түүний асрамжид өгсөн. Гэвч Б.О тогтвортой ажил, цалин орлогогүй, ах дүү, садан төрлийн айлуудад хүүг орхиж явдаг, хараа хяналтгүй байлгаснаас хүүгийн эрүүл мэнд сайнгүй, турж эцсэн, гэдэс нь өвдсөн, сэтгэл санаа нь хямралтай байсныг мэдэж хүүгээ өөрийн асрамжид авч 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 5 жил түүнийг бүхий л талаар өсч хөгжих орчинг бүрдүүлж өсгөж хүмүүжүүлсэн. Энэ хугацаанд хүүг ээжтэй нь байнга уулзуулж түр хугацаагаар өгч явуулдаг байсан. Би хүүгээ хүчээр аваагүй. Хүүг авчирснаас хойш Б.О жил гаран бидэнтэй холбогдоогүй.

Б.Оын нагац ах Г.Чингисбаярын гэрчийн мэдүүлэгт "... Би Б.Оыг хүү аав дээрээ байсан нь дээр гэж ятгасан. Хүү манайд 6 сар орчим байсан” гэжээ. Б.О нь Баянгол дүүргийн шүүхэд “Би М.С- хүүгээ асран хамгаалах үүргээ түүний эцэг Б.М-д шилжүүлэн өгөх хүсэлтэй байгааг шийдэж өгнө үү, хүүхдийн хичээл сургуулийг харьяаллаар оруулахыг хүсч байна, Б.М- хүүгээ асран хамгаалах чадвартай, миний нөхцөл байдал муу тул энэ шийдвэрийг бүртгэж шийдэж өгнө үү” гэсэн өргөдөл бичиж байсан юм.

2021 оны 8-р сараас эхлэн Б.О СХД-ийн 199-р тойргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Сэржав дээр очиж “хүүг хүчээр авч явсан, дарамталдаг” гэх мэт худал зүйл бичэн гомдол гаргаж хүүхдийн тэтгэлэг, мөнгө төгрөг нэхэмжилж улмаар хүү М.С-ыг хүчээр авч явах болсон. Үүнээс шалтгаалан би сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Хүү М.С- 5 жил надтай амьдарч ээнэгшин дассан гэр, сургууль, найз нөхөд, ...эгч дүүсийн хүүхдүүдээс нь хүчээр салгаж авч явах нь сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой төдийгүй цаашид ямар үр дагавар гарах нь тодорхойгүй.

..Хүү М.С- миний асрамжид байх үед түүний нэр дээр байгаа Хаан банкны 5706061046 тоот дансанд орсон тэтгэлэгийн мөнгөнөөс бүгд 2 сая 379,000 төгрөгийг үүнээс 2021 оны 09 дүгээр сарын 03-нд 1,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 08-нд 14,000, мөн 10,000 төгрөгийг таксинд, 2021 оны 12 дугаар сарын 01-нд 5,000 төгрөгийг тестэнд тус тус Б.О хувьдаа авч завшсан байна. Хүү М.С- 2017 оноос эхлэн 5 жил миний асрамжид ээнэгшин дассан бөгөөд цаашид эцэгтэйгээ амьдрах санал хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Тухайлбал Б.Оын хүсэлтээр СХД-ийн 199-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Сэржав хүү М.С-ос асуусан зүйлийн тэмдэглэлд “Би аавтайгаа 2 наснаасаа эхлэн амьдарч байгаа, 2014 он гэсэн үг ш дээ, сүүлийн 2 сар ээж Орхонтуул хүүхдийн баяраар түр авч яваад аав руу явуулаагүй, би аавтайгаа амьдрахыг хүсэж байна...” гэжээ. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүү М.С-ос асуусан зүйлийн тэмдэглэлд “...аавтайгаа байхад гоё байдаг... ээжтэйгээ байхад гоё байдаггүй... ээж хөдөө яваад хоол өгөөгүй...” гэж бичжээ. Гэтэл шүүх 9 настай хүү М.С-ын санал хүсэлтийг анхаарч үзсэнгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр хүү М.С-ыг аавтай нь хамт дуудаж ирүүлээд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр түүнийг уйлуулан хүчээр авч явж буй тухайлбал, ”би явахгүй“ гэж хэлж уйлж орилж байгаа видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл бий.

Б.О нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж хүүгээ өсгөж, хүмүүжүүлэх, асран хамгаалах чадамжтай гэдгээ шүүхэд нотлоогүй, өөрөө хаана хэрхэн амьдарч байгаа нь тодорхойгүй, тогтвортой цалин орлоготой эсэх нь эргэлзээтэй, мөн хүү М.С-ын нэр дээр байгаа хүүхдийн тэтгэлгийн мөнгө 2,379,000 төгрөгийг хувьдаа ашигласан. Б.М- би тогтсон гэр бүлтэй тогтмол цалин орлоготой, хүүхдийн тэтгэлэг, “Голомт” банк дахь орон сууцны зээлийн мөнгөө тус тус төлж одоо ”Агар инженеринг” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг, архи дарс хэрэглэдэггүй, хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, хүү М.С-ыг 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 5 жилийн турш эрүүл аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлсэн цаашид ч тийм байх боломжтой. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Б.Оыг хүүхдийн сэтгэл зүйн байдалд нөлөөлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хэргийн оролцогчид хэрэгт авагдсан баримтын хүрээнд мэтгэлцэх ёстой. Мөн хүүхэд эцгийн асрамжид байвал давуу талтай, эхийн асрамжид байвал амьдралын нөхцөл доройтно гэх бичгийн нотлох баримт мөн хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч, түүний өмгөөлөгч нарыг гаргасан гомдолд дурдсан нөхцөл байдлын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч нь өнчин охины хамаг юмыг булааж авчихаад, төрсөн хүүтэйгээ байх эрх хэмжээг нь хязгаарлах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянасан бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.М-д холбогдуулан  2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид худалдах-худалдан авах гэрээг тус тус татгалзаж, ++12 тоот хаягт байрлах 72,75 м.кв талбай бүхий орон сууцнаас өөрт болон хүү М.С- нарт ногдох хэсэгт 92,150,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүү М.С-ыг өөрийн асрамжид үлдээхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

 

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар болон дээрх шийдвэрээр шийдвэрлэгдсэн хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоолгохоор маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3А. Зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүү М.С-ыг эх Б.Оын асрамжид үлдээж, хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцэг Б.М-гээс гаргуулан хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01188 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагджээ. /хх30-31/

3Б. Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэн, +++-12 тоотод байрлах 72,75 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.М-, хүү М.С- нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж, гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг 46,075,000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт нийцжээ.

3В. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсныг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх хэлцлийг бусдын дарамт шахалтын улмаас хийсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна анхан шатны шүүх эдгээр хэлцлийг нэхэмжлэгч Б.Оын гаргасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагын үндэслэл болох талаар зөв дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг хуваахдаа нэхэмжлэгч Б.Од ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хүү М.С-д ногдох хэсгийг хариуцагч Б.М-гөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Нэхэмжлэгч Б.О энэ талаар буюу анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт “сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ. Хариуцагчийн гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх боловч давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эсхүл хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01188 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.О, хариуцагч Б.М- нарын хүү болох М.С-ыг эхийн асрамжид үлдээсэн хэдий ч уг шийдвэр Б.М-гийн эцэг байх эрхийг хязгаарлахгүй бөгөөд хүүхдийн эрх ашиг аливаа хэлбэрээр зөрчигдөхөд хүрвэл тэрээр хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

6. Анхан шатны шүүх гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс хүү М.С-д ногдох хэсгийг хариуцагч Б.М-гээс гаргуулж шийдвэрлэхдээ хүүхдийн эрх зүйн чадамжийг анхаараагүйгээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт алдаа гаргасныг залруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хүү М.С- нь 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд байх тул ногдох хөрөнгийг түүний хууль ёсны асран хамгаалагчид нь олгохоор тусгах үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00238 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэгч хүү М.С-д” гэснийг “хүү М.С-ын хууль ёсны асран хамгаалагч Б.Од” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

    ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                                                        Д.ЦОГТСАЙХАН