| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00762/И |
| Дугаар | 103/ШШ2025/00795 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/00795
2025 09 25 103/ШШ2025/00795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод байрлах *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо,0 тоотод оршин суух *******ын*******д холбогдох
Орон сууцны шитны өрөө суллуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: *******
Хариуцагч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Засаг даргын тамгын газраас сууц өмчлөгчдийн холбоодод Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7 дахь заалт, дүүргийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/113 дугаар захирамжийг үндэслэн нийтийн зориулалттай орон сууцны техникийн зориулалттай өрөө, доод хонгилын (подвал) ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийсэн. Шалгалтаар тус СӨХ-ны харъяа Багануур дүүргийн 3 дугаар хороо 42-р байрны 2-р орцны щитний өрөөнд иргэн ******* нь бараа хадгалах зорилгоор түр орсон боловч шалгалтаар айл амьдарч байгаа зөрчил илэрсэн. ******* нь уг өрөөг охин А.Бямбад хууль бусаар шилжүүлэн, улмаар бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр цоожилж орхисон байсан. Бид А.Бямбад өрөөг суллаж өгөхийг удаа дараа шаардсан. Уг зөрчилийг арилгуулах талаар Засаг даргын тамгын газраас 2025 оны 05 дугаар 01-ний өдрийн 04/462 тоот албан тоот, зөвлөмжийн хамт ирсэн. Зөвлөмжийн дагуу бид иргэн *******д 2025 оны 5 5 дугаар сарын 20, 28-ны өдрүүдэд өрөөг суллаж түлхүүр хүлээлгэн өгөхийг бичгээр шаардсан боловч бидний шаардлагыг биелүүлэхгүй байсан тул, хүүхэд хөгжлийн төвд утсаар мэдэгдсэн. Тэд 3 дугаар хороонд хандсан байсан. Хорооноос хоёр хүн ирсэн боловч хаалгаа тавьж өгөөгүй. Бид иргэн *******тай уулзуулахаар гэрийг нь зааж өгөөд явуулсан. Мөн Цагдаагийн хэлтсээс сургууль цэцэрлэгийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулж, Монгол улсын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийг болзошгүй осол гэмтэлд өртөж хохирох, амиа хорлох, унаж гэмтэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлага ирсэн. Үүний дагуу Багануур дүүргийн 0 дугаар хорооны цагдаад 2025 оны 06 сарын 24-ний өдөр албан бичгээр хандсан боловч цагдаа шүүхэд ханд гэсэн хариу хэлсэн тул Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 дугаар орцны шитны өрөөг*******ыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* би 42 дугаар байрны шитны өрөөг бүтээгдэхүүн зарах үйл ажиллагааг Батсуурийн зөвшөөрөлтэйгөөр орж явуулж байсан. Тухайн үед том охины нөхөр нас барж, сургалтын задгайд байшингаа дулаацуулж чадахгүй байсан учир уг өрөөнд өвөлдөө байсан. ******* 2 удаа цоож онгойлгодог хүнээр эвдүүлж гол сольсон. 5 дугаар сарын сүүлээр ажилчидтайгаа ирж хүүхэд унтаж байхад хаалгыг онгойлгосон байсан. Айсан хүүхэд Цагдаа дуудсан байсан. Байгууллагын дарга хүн иргэнтэйгээ зүй бусаар харьцаж болохгүй. Шалгалтаар тэр өрөө хүнгүй байсан. Энэ хүн өндөр түрээс авах зорилгоор намайг хөөгөөд байгаа. Би төлдөг мөнгөө төлөөд явж байсан. Удаа дараа дээрэлхэж цоожны гол эвдэлсэнд гомдолтой байна гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ны гэрчилгээ, *******-ны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарын байгуулсан гэрээ, *******-ны 2025 оны 05 сарын 20-ны өдрийн албан тоот, *******-ны 2025 оны 05 сарын 28-ны өдрийн *******д хандсан хүсэлт, *******-ны 2025 оны 05 сарын 28-ны өдрийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны Цагдаад хандсан хүсэлт зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Нийтийн зориулалттай орон сууцны техникийн зориулалттай өрөө, доод хонгилын ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийхэд тус СӨХ-ны харъяа Багануур дүүргийн 0 дугаар хороо 0 байрны 0 орцны щитний өрөөнд иргэн ******* нь бараа хадгалах зорилгоор түр орсон боловч шалгалтаар айл амьдарч байгаа зөрчил илэрсэн. Иймд зөрчлийг арилгуулахын тулд тус өрөөг суллуулах шаардлагатай байгаа гэх,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ ...Энэ хүн өндөр түрээс авах зорилгоор намайг хөөгөөд байгаа. Би төлдөг мөнгөө төлөөд явж байсан. Удаа дараа дээрэлхэж цоожны гол эвдэлсэнд гомдолтой байна ... гэж маргана.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байна гэж хуульчилжээ.
Багануур дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 2 дугаар орцны щитний өрөө буюу сууцны бус зориулалттай техникийн өрөө байх бөгөөд энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Маргад өргөө СӨХ-ны буюу орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө байна.
Хариуцагч ******* 0 дугаар байрны шитний өрөөг түрээслэж байгаа гэх боловч энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн тэрээр орон сууцны дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд байгаа талаар зохигч маргаагүй, харин тухай шитны өрөөг суллах эсэх асуудлаар маргажээ.
Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "орон сууцны дэд бүтэц" гэж орон сууцны дулаан, цахилгаан, холбоожуулалт, хий, ус хангамж, ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээг хэлэх бөгөөд Багануур дүүргийн 3 дугаар хороо 42 дугаар байрны шитны өрөө нь орон сууц дэд бүтэц байрладаг өрөө юм.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д 106.1.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэснээр Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 дугаар орцны шитний өрөө нь *******-ны өмч байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч ******* Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 дугаар орцны шитний өрөөний өмчлөгч биш тул *******ын эзэмшлээс маргаан бүхий шитний өрөөг албадан чөлөөлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Маргад өргөө сууц өмчлөгчийн холбооны буюу орон сууцны дундын өмч болох Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 дугаар орцны шитны өрөөг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО