Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Л.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З- овогт Л-гийн Д-д холбогдох эрүүгийн 1710011690301 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үсчин хийдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 7-р хороо Жаргалантын ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, З- овогт Л-гийн Д- /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Л.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн эцсийн автобусны буудал орчим явж байгаад иргэн Н.Т-ын хар өнгийн 44.000 төгрөгийн үнэ бүхий түрүүвчийг олж бэлэн 200.000 төгрөг, Хаан банкны виза картнаас АТМ-ээс 4 удаагийн гүйлгээгээр 2.440.000 төгрөг авч, завшсаны улмаас нийт 2.684.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Эрүүгийн 1710011690301 дугаартай хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч Л.Д- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бадмаараг төвөөс гараад явж байтал Солонгос сэлбэг зардаг дэлгүүрийн үүдэнд хөлд юм тээглэхээр нь хартал хар түрийвч байхаар нь авсан. Түрийвчийг үзэхэд 20.000 төгрөгийн дэвсгэрт 10 ширхэг, мөн Түвшинбаатар гэдэг хүний иргэний цахим үнэмлэх, Хаан банкны ногоон өнгөтэй виза карт зэрэг эд зүйл байсан. Би өөрийнхөө банкны картанд төрсөн өдрөөрөө код хийдэг болохоор тэр хүний бичиг баримтыг нь харж байгаад төрсөн өдрөөр нь эсхүл төрсөн оноор нь кодыг нь хийж үзмээр санагдсан. Тэгээд аавынхаа гэрээс гараад Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боса” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах Голомт банкны бэлэн мөнгөний машин дээр төрсөн сар, өдрөөр кодыг нь хийж дансны үлдэгдлийг нь шалгахад 2.400.000 орчим төгрөг байхаар нь 800.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж 1.600.000 төгрөг авч, Төрийн банкны  АТМ-ээс 600.000 төгрөг, мөн 52-ын захын Хаан банкны АТМ-ээс 240.000 төгрөг, нийт 2.440.000 төгрөг авсан. Гэртээ очоод хүүхдээ сургуулиас тарж ирэхээр нь дагуулаад Теди гар утасны худалдааны төв орж өөртөө “самсунг эс-5” загварын гар утас 2 ширхэг, охиндоо “Iphone-5” загварын гар утас, Бөмбөгөр худалдааны төвөөс охиндоо 1 сая орчим төгрөгөөр өвлийн хувцас авч өгсөн. Надад 700.000 орчим төгрөг үлдсэн байсан. Хэд хоногийн дараа цагдаа нар намайг мөнгө авсныг мэдээд “хохирлыг нь гаргаж өг” гэхээр нь охиндоо авсан хувцас, худалдаж авсан гар утаснуудаа зараад Түвшинбаатарт мөнгийг нь бүрэн буцааж өгөөд ямар нэгэн хохиролгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

           

Хохирогч Н.Т- мөрдөн шалгах ажиллагаанд 2018.04.25-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Яармагт нүүрс хүргэлтийн ажил хийгээд буцах замдаа Яармагийн эцэст байрлах Солонгос авто сэлбэгийн газраас сэлбэг худалдаж аваад гарсан. Би хар өнгийн түрийвчээ уг сэлбэгийн дэлгүүрийн гадаа гээгдүүлсэн байсан. Сонгинохайрхан дүүргийн 5 шар орчимд явж байхад миний утсанд 14 цаг 53 минутанд 800.500 төгрөг, 14 цаг 54 минутанд 800.500 төгрөг, 14 цаг 55 минутанд 600.500 төгрөг, 15 цаг 02 минутанд 240.000 төгрөг, нийт 2.441.500 төгрөгний зардал гарсан талаар мессэж ирсэн. Би утсандаа ухаалаг мэдээ үйлчилгээ суулгасан байсан юм. Тэр үед түрийвчээ гээгдүүлснээ мэдсэн. Миний хар өнгийн арьсан түрийвчинд бэлэн 200.000 төгрөг, Хаан банкны виза карт, иргэний цахим үнэмлэх зэрэг эд зүйл байсан бөгөөд картнаас 2.440.000 төгрөгний зарлага гарсан, түрийвчийг 44.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрч байна. Харин цахим үнэмлэхийг миний түрийвчийг олсон хүн авчирч өгсөн учраас үнэмлэх авахад зардал гараагүй. Миний картнаас авсан 2.440.000 төгрөг, АТМ-ээс бэлэн мөнгө авсан шимтгэл 1.700 төгрөг, ухаалаг мэдээ үйлчилгээний хураамж 200 төгрөг, нийт 2.485.900 төгрөгийн хохирол учирсан. Миний түрийвчийг авсан хүн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

Гэрч П.О- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Д- надад “би гадуур явж байхдаа дэлгүүрийн урдаас түрийвч олоод нээж үзэхэд баримт бичиг, картууд байсан. Картыг нь аваад тухайн хүний баримт бичгийн сүүлийн 4 орон тоог хийхэд код нь ороод 2 сая орчим төгрөг авсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12, 14-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30-р хуудас/,

          - Хохирогч Н.Т-ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-р хуудас/,

Шүүгдэгч Л.Д-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 15-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/,

- цахим иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 48-р хуудас/,

- гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49-р хуудас/,

- хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Д-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн эцсийн буудлын ойролцоо Солонгос сэлбэгийн дэргүүрийн үүдэнд хохирогч Н.Т-ын гээгдүүлсэн хар өнгийн түрийвч, бэлэн 200.000 төгрөг, Хаан банкны виза картнаас 2.440.000 төгрөг, нийт 2.684.000 төгрөгийг завшсан болох нь:

 

Хохирогч Н.Т-ын ... Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Яармагт нүүрс хүргэлтийн ажил хийгээд буцахдаа Солонгос  сэлбэгийн газраас сэлбэг худалдаж аваад гарсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 5 шар орчимд явж байхад миний утсанд 14 цаг 53 минутанд 800.500 төгрөг, 14 цаг 54 минутанд 800.500 төгрөг, 14 цаг 55 минутанд 600.500 төгрөг, 15 цаг 02 минутанд 240.000 төгрөг, нийт 2.441.500 төгрөгний зардал гарсан талаар мессэж ирсэн. Тэр үед түрийвчээ хаяснаа мэдсэн. Миний хар өнгийн арьсан хийцтэй түрийвчинд бэлэн 200.000 төгрөг, Хаан банкны виза карт, иргэний цахим үнэмлэх зэрэг эд зүйл байсан бөгөөд картнаас 2.440.000 төгрөгний зарлага гарсан, түрийвчийг 44.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрч байна. Харин цахим үнэмлэхийг миний түрийвч олсон хүн авчирч өгсөн учраас үнэмлэх авахад зардал гараагүй. Миний картнаас авсан 2.440.000 төгрөг, бэлэн мөнгө АТМ машинаас авсан шимтгэл 1.700 төгрөг, данснаас 4 удаа мөнгө гарахад утсанд мессэж ирсэн ухаалаг мэдээний хураамж 200 төгрөг, нийт 2.485.900 төгрөгийн хохирол учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

Гэрч П.О-ийн ... Д- надад “би гадуур явж байхдаа дэлгүүрийн урдаас түрийвч олоод нээж үзэхэд баримт бичиг, картууд байсан. Картыг нь аваад тухайн хүний баримт бичгийн сүүлийн 4 орон тоог хийхэд код нь ороод 2 сая орчим төгрөг авсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

         Хохирогч Н.Т- нь түрийвчээ гээгдүүлсний улмаас 2.684.000 төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгч Л.Д-ын бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж захиран зарцуулсан үйлдэлтэй шууд холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч Л.Д- “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.

 

          Иймд шүүгдэгч Л.Д-ыг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүхээс шүүгдэгч Л.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж, гэм хорыг арилгасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувиараа үсчин хийж хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Д-ын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Н.Т- нь “хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул  гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 17-р хуудас/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн тул шүүгдэгч Л.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Л.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.