Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сугар Болортуяа |
Хэргийн индекс | 2310000002185 |
Дугаар | 2024/ДШМ/1136 |
Огноо | 2024-10-10 |
Зүйл хэсэг | 10.1-1, |
Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1136
***т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч Л.Түвшин***,
яллагдагч ***, түүний өмгөөлөгч Б.Баттулга,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1495 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сүрмандахын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр ***т холбогдох эрүүгийн 2310000002185 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овгийн ***ы ***, 1995 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *** аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, явган цэргийн байлдааны механикч жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт, *** аймгийн *** сумын 5-р баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй, *** дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:***/,
*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 2023 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт *** хотхоны *** байрны *** тоотод ***тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодсоны улмаас амь хохирогч *** нь тархины битүү гэмтлийн улмаас тархины комд орж, эмчилгээний үр дүн өгөлгүй байсаар 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нас барьж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
*** дүүргийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан. Гэтэл дээрх заалтуудыг биелүүлээгүй ба хэргийн газрын үзлэгт 14 кадр дүрс, хэргийн газрын нөхөн үзлэгт 10 кадр дүрс авч баталгаажуулсан боловч хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд 9 кадр дүрс бичлэгийг бэхжүүлсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл алдаатай, мөн тухайн мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, сэжигтнээс мэдүүлэг авахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийг удирдлага болгоогүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийн материалыг оролцогчдод танилцуулах шаардлагатай нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдлоо. Иймд дээр дурдсан баримтуудын хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх чухал ач холбогдолтой байх гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан яллагдагч ***т холбогдох эрүүгийн 2310000002185 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн *** дүүргийн прокурорын газарт буцааж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Сүрмандах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Хэргийн газрын үзлэгийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны нөхөн үзлэгийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус явуулсан ба үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн тоо нь 14, 10 байхад үзлэгийн тэмдэглэлд мөрдөгч нь 9 кадр гэж бичсэн нь тооны шинжтэй техникийн алдаа бөгөөд, бодит гэрэл зургуудыг хэрэгт хавсаргасан байгаа болно. Мөн прокурорын яллах дүгнэлтэд гэрэл зургийн үзүүлэлтийн тоог тусгаж тэмдэглэсэн байгаа зэргээс үзэхэд гэрэл зургийн тоо ширхгийн талаар зөрүүтэй бичсэн нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол багатай байна. ...Түүнчлэн хэргийн газрын үзлэгт мөрдөгч хөндлөнгийн гэрч оролцуулаагүй дахин үзлэг хийсэн байх боловч тухайн хэрэг гарснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн тул дахин хэргийн газарт үзлэг хийх боломжгүй нь ойлгомжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэж байгаа бол тухайн баримт нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд буюу яллагдагчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэхэд нотолгооны ямар нэгэн ач холбогдолгүй баримт болно. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдал болон хуулийн шаардлагад нийцээгүй үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүх хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэж байгаа бол нотлох баримыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой. Иймд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1495 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн өмгөөлөгч Л.Түвшин*** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шалгах ёстой ажиллагааг хангалттай шалгаж тогтоосон. *** мөрдөгчөөс *** гэх мөрдөгч рүү хэрэг шилжих явцад жижиг асуудлууд үүссэн боловч хэргийн байдлыг шийдвэрлэхэд нөлөөлөх зүйл байхгүй. Нэмж хэлэхэд *** гэх гэрч байдаг. Уг гэрчид яллагдагчийн талаас удаа дараа нөлөөлөх гэж оролдсон. Иймд хэргийг нэн даруй шийдвэрлэх нь зүйтэй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Яллагдагч ***ын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй гэсэнтэй холбоотой 9 хуудас баримтыг шүүхэд шинээр гаргаж өгч байна. Бүгд яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримтууд байгаа. ...” гэв.
Яллагдагч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг мөрдөн шалгах ажиллагаанд оргон зайлсан гэх үндэслэлээр цагдан хорьсон. Миний бие эрүүл байсан. Хоригдсоноор биеийн эрүүл мэндийн байдал муудаж байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ***т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит байдлыг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан хэргийн газрын үзлэгт 14 кадр дүрс, хэргийн газрын нөхөн үзлэгт 10 кадр дүрс авч баталгаажуулсан боловч хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд 9 кадр дүрс бичлэгийг бэхжүүлсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл алдаатай, мөн тухайн мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, сэжигтнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийг удирдлага болгоогүй гэх үндэслэл зааж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд тодорхой, сэжигтэнд эрх, үүрэг тайлбарласан баталгаа баримтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийг удирдлага болгосон байхаас гадна ***т яллагдагчийн эрх, үүргийг тайлбарлан өгч удаа дараа мэдүүлэг авчээ.
Иймд яллагдагч ***т холбогдох эрүүгийн хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах болон прокурорын хяналтын ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэл, журмын дагуу *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1495 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Сүрмандахын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.
Яллагдагч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1495 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. Яллагдагч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА