Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/ма2022/00596

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/03228 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б, Ц.Н нарт холбогдох, хохиролд 4,487,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие зуслангийн газар авах зорилгоор зарын дагуу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт гэдэг газар очиход Н гэж өөрийгөө танилцуулсан хүн зарах газраа зааж өгч бичиг баримтаа танилцуулсан. Уг газрын бичиг баримтыг үзэхэд “Тэмүүлэн хүчтэн” ХХК-ийн 0,7 га газрын хил заагийг газарт бэхэлсэн 4 эргэлтийн цэгийг тодорхойлж хүлээлгэн өгсөн кадастрын зурагтай, эзэмшигч Г.Б гэсэн бичиг баримт бүрэн газар байсан тул харилцан тохиролцож 4,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд эзэмшигч солиулахаар очиход уг газрын хууль ёсны эзэмшигч Г.Б өөрийн биеэр ирээгүй байсан учир түүний итгэмжлэл хийж өгсөн газрын гэрчилгээ, кадастрын зургийн дагуу Ц.Нтай Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Жаргалсайханд очиж гэрээ хийж баталгаажуулж өргөдлөө өгсөн. Газрын гэрчилгээ 2,3 сар болж гарна гэж хэлж байсан. Гэрчилгээ гараагүй байхад мөнгөө өгч аваад, бичиг баримтаа газрын албанд өгчихөөд үлдэж болох уу гэж асуухад газрын албанд бүртгүүлээд бичиг баримтаа өгсөн учир та бүтээн байгуулалтаа хийгээд байж болно гэж Н ч, газрын албаны хүн ч хэлсэн. Ингээд газрын үнэ болох 4,500,000 төгрөгийг Ц.Нын Хаан банкны +++ дансанд бүрэн шилжүүлж, газартаа бүтээн байгуулалт хийж эхэлсэн. Уг газрыг малын өвөлжөөний зориулалтаар ашиглаж байсан малын өтөг бууц, шарилж ихтэй хазгай газар байсан тул “Аж баян” ХХК-д захиалга өгч талбайг цэвэрлүүлж, газар тэгшлэх, машин орох зам тавих зэрэг техник хүн хүч шаардсан ажлыг 1,700,000 төгрөгөөр хийлгэсэн. Мөн зуслангийн төмөр хашааг явган хүн, машин орох хаалгатайгаар “Уран төмөр хийц” ХХК-аар 1,890,000 төгрөгөөр хийлгэж амины орон сууц барихад бэлэн болгож цоожилж орхисон. 2019 оны 11 сарын 19-ний өдөр газрын гэрчилгээ гарахад анх үзэж байсан, Ц.Наас авахаар тохирсон кадастрын зураг дээрх газар биш байсан учир энэ талаар газрын албаны байцаагч Мөнхбатаас асуухад тэрийг мэдэхгүй, хувийн болон албаны программ өөр байдаг, тоонууд нь зөрдөг гэж тайлбарласан. Үүнээс хойш 2020 оны 07 дугаар сарын сүүлд амины орон сууц барих мэргэжлийн хүмүүстэй уг газар ирэхэд хашааг эвдэж ороод барилга барьж эхэлсэн байсан. Учрыг лавлахад н.Гэрлээ гэгч хүн Г.Боос 7,000,000 төгрөгөөр худалдан авч эзэмшигч болсныг мэдээд Г.Бтой холбогдоход утсаа таслаад хэл амаар доромжлоод байсан тул Ц.Нтай холбогдсон. Ц.Н нь кадастрын зургийн дагуу зөв газар зааж өгч мөнгөө авсан яагаад солигдож гэрчилгээ гарсныг мэдэхгүй байна гэсэн. Ийм учир 2020 оны 8 сард СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст уг хэргийг шалгуулахаар өгсөн бөгөөд 2021 оны цар тахлын улмаас хэрэг удааширч 2021 оны 08 дугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн прокуророос иргэн Г.Б нь 2 эзэмшлийн газартай байсан ба газар эзэмших эрх шилжүүлэхдээ андуурсан гэсэн үндэслэлээр Иргэний шүүхэд хандаж гарсан хохирлоо барагдуулах шийдвэр гарсан. Хариуцагч Г.Б, Ц.Нын зааж өгсөн уг газарт 2019 оны 8 сард мөнгөн дүнгээр 3,675,000 төгрөгийн бодит зардал гарсан. Хэрэг шийдвэрлэгдэхгүй өдийг хүртэл явсан тул 3,675,000 төгрөгийн 2 жилийн хүүг банкны хүүгээр /8,6%/ тооцон 632,100 төгрөг, хуулийн зөвлөгөөнд зарцуулагдсан 250,000 төгрөг, бензин тосны зардал 180,000 төгрөгийг хохиролд тооцож, нийт 4,487,100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 86,743 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Нын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Г.Бийн итгэмжлэлийн дагуу тус эзэмших гэрчилгээтэй газрын эзэмших эрхийн нэрийг Б.Б-ийн нэр дээр шилжүүлэн худалдсан нь үнэн. Тус газрын гэрчилгээний хавсралтаар газрын дөрвөн булан (цэг)-ийг тодорхойлсон дугаар (код) той бичиг баримт болон бусад бичиг баримтыг газрын албанд бүрдүүлэн Б гуайн хамтаар нэр шилжүүлэх хүсэлт гарган өгсөн. Тухайн үед миний эхнэр Г.Э болон Б гуайн эхнэр хамт байлцсан. Мөн миний хувьд ч байцаалт өгөхөөр олон удаа явж, цаг хугацаа, бензин тосны зардлаар хохирсон. Өмнөх байцаагчийн болон прокурорын дүгнэлтээр хэрэгт гэм буруугүйг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч хэргийг ахин шалгуулахаар хүсэлт гарган, мөн шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж чирэгдэл учруулж буйд гомдолтой байна. Газрын гэрчилгээ өөрийнх нь нэр дээр гараад ирчихсэн байгаа. Б гуайд газрыг нь зараад би нэг ч төгрөг авалгүйгээр мөнгийг нь гаргаад өгч болж байна. Түүнээс надад одоо энэ хүнд өгөх мөнгө байхгүй. Одоогоор ажил эрхлэхгүй, байнгын эмчилгээ хийлгэж байгаа, 3 хүүхэдтэй амьдрал хэцүү байна гэж хэлэхэд хүлээж аваагүй. Одоо нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагч Г.Бийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Г.Б миний бие Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнт гэх гэр бүлийн хэрэгцээнд тус тус 700 м.кв хоёр газар эзэмшиж байсан. Тус хоёр газар нь хоорондоо 100-150 метрийн зайтай бөгөөд хоёр гэрчилгээ, хоёр кадастрын зурагтай бүх бичиг баримт бүрэн хүчинтэй. Дээрх хоёр газрын нэгийг Ц.Н гэх ажлын хамтрагчдаа өр төлбөрт тооцон шилжүүлсэн. Ингэхдээ Ц.Нын төрсөн дүү болох Ц.Нт итгэмжлэл хийж шилжүүлж өгсөн. Миний бие тухайн газрыг Ц.Н зарсан эсэхийг мэдээгүй байсан. Г.Б миний бие дээрх газрыг Б гэх хүнд зарагдсан гэдгийг ч мэдээгүй. 2021 оны 10 дугаар сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс Алтанбүргэд гэх байцаагч залгаж, энэ асуудлаар бид очиж уулзсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсанд гайхаж байна. Газрын албанд бүртгүүлээд Э дугаартай гэрчилгээ гарсан бол солигдоно, өөрчлөгдөнө гэж байхгүй. Б, Ц нарын нэр дээр байгаа 2 газар урьд нь миний нэр дээр байсан нь үнэн. Би энэ хүнтэй наймаа хийгээгүй. Надад хамаагүй тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 495 дугаар зүйлийн 495.4, 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хариуцагч Г.Боос 3,590,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 897,100 төгрөгийг шаардлага болон хариуцагч Ц.Нт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос 72,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Г.Бийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б.Б-ийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн координаттай кадастрын зураг нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд бүртгэлтэй кадастрын зурагнаас зөрүүтэй байгаагаас үзэхэд дураараа, өөрийн эзэмшлийн бус газар дээр бүтээн байгуулалт хийсэн нь тогтоогдож байгаа бөгөөд үүнд миний буруутай үйлдэл байхгүй. Газэр эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаас өөр газарт бүтээн байгуулалт хийсэн нь Г.Бийг үндэслэлгүй хөрөнгөжүүлээгүй тул 3,950,000 төгрөг гаргуулах нь үндэслэлгүй. Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дутуу үнэлж, буруу дүгнэж  бодит амьдрал дээр хэн нь хөрөнгөжсөнийг тогтоогоогүй. Г.Бийн гэр бурууг нотлоогүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.Б нь Ц.Нт итгэмжлэл олгосон ба х-53, у-63 координаттай зургийг өгснийг тухайн өдөр нотариатаар баталгаажуулсан. Энэ нь Ц.Нын надад зааж өгсөн газар бөгөөд тус газарт хашаа хатгасан. Миний бие дуртай газраа хашаа хатгаагүй ба Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн авчирсан зургийн дагуу хашаа хатгасан. Тус газрын зураг хэрэгт нотлох баримтаар авагдсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Г.Бийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Г.Б, Ц.Н нарт холбогдуулан хохиролд 4,487,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ “Г.Б-оос олгосон итгэмжлэлийн дагуу Ц.Н-аас газар худалдан авч, хашаа хайс барих зэргээр газартаа хөрөнгө оруулалт хийсэн боловч хөрөнгө оруулсан газар нь худалдан авсан газраас өөр газар болохыг мэдсэн тул уг зардлаа гаргуулна” гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх1-3, 73-78/

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хариуцагч Ц.Н нь “Г.Бийн итгэмжлэлийн дагуу уг газрыг Б.Б-д шилжүүлсэн, газрын байршил солигдсоныг мэдээгүй, гэм буруугүй үндэслэлээр эрүүгийг хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж, хариуцагч Г.Б нь “Ц.Нт өгөх өр төлбөртөө уг газрыг шилжүүлж өгөхдөө түүний дүү Ц.Нт итгэмжлэлээр шилжүүлсэн, уг газрыг худалдсан гэдгийг мэдээгүй, би өөрөө худалдаагүй” гэж тус тус тайлбарладаг. /хх37, 38, 73-78/

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл баримт, талуудын тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3А. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Г.Боос Ц.Нт олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр уг итгэмжлэлд заасан +++ дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын +++ дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлалтай 700 м.кв талбай бүхий газрыг худалдан авахаар тохиролцож, газрын үнэ  4,500,000 төгрөгийг Ц.Нт шилжүүлсэн, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/483 дугаартай шийдвэрийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд байрлах нэгж талбарын +++ дугаар бүхий, 699.0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн +++ дугаарт бүртгэн Газар эзэмших эрхийн +++ дугаартай гэрчилгээг Б.Б-д олгосон үйл баримт тогтоогджээ. /хх7,8 42-43, 62-70/

3Б. Нэхэмжлэгч Б.Б- нь Ц.Нтай хийсэн хэлцлийн дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон газрын эзэмшилтэй холбогдуулан шаардлага гаргаагүй, харин  зэргэлдээ газарт нь андуурч хөрөнгө оруулсан зардлаа гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтаар тухайн газрыг тэгшилж, цэвэрлүүлэхэд 1,700,000 төгрөг, хашаа хийлгэж барихад 1,890,000 төгрөгийн зардал гаргасан болох нь нотлогдсон байна. /хх20, 21/ Харин нэхэмжлэлийн шаардлагаас эрх зүйн туслалцаа авахад 250,000 төгрөг, замын зардалд 180,000 төгрөг болон банкинд мөнгөө хадгалуулсан бол 632,100 төгрөгийн хүүгийн ашиг авах боломжтой байсан гэж үзэн шаардсан шаардлагууд нь баримтаар тогтоогдоогүй байна.

3В. Түүнчлэн дээр дурдсанаар нэхэмжлэгч Б.Б-ийн хөрөнгө оруулалт хийж, хашаа барьсан газар нь хариуцагч Б.Батдоржийн эзэмшлээс А.Цгийн эзэмшилд шилжсэн үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

3Г. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгч Б.Б-ийг бусдын газарт андуурч оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа хариуцагч Г.Боос шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хэн үндэслэлгүй хөрөнгөжсөнийг тогтоогоогүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч Ц.Нт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.4 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.Боос 3,590,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нотлогдоогүй үлдсэн 897,100 төгрөгийн болон хариуцагч Ц.Нт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч Г.Бийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурьдсанаар хариуцагч Г.Бийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/03228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 72,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

    ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                       Д.ЦОГТСАЙХАН