Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 342

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох эрүүгийн 0000000 дугаар, 1 хавтаст хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Д.Б- Монгол Улсын иргэн, 10000 оны 00000дүгээр сарын 00000-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20000000 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, 000000 насны дагавар охины хамт амьдардаг, _____н дүүргийн ________ дугаар хороо, арьс шир үйлдвэрийн _____ __________ дугаар байрны _______ тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

. (РД:___________________).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн орой 19 цаг 00 минутын орчимд ___________ дүүргийн тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өглөө 10 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Д.Д-гийн гар утас дуугарсан, түүнтэй нэг залуу ярьсан. Тэгээд би Д.Д-д хоёулаа ингэж амьдарч байхаар болъё, чи хувцсаа аваад явчих гэж хэлсэн. Тэр өдөр манай гэрт найз А-нэ хоносон байсан. Би А-ний хамт гэрээсээ гараад найз Нэргүйн гэрт очиж архи авч өгөөч, найз нь ууртай явж байна гэж хэлсэн. Ингээд 0,75 литрийн 2 шил архи уусан. Орой 17 цагийн үед гэртээ эргэж очоод Д.Д-гийн гар утсыг үзэхэд нөгөө залуу нь 5 удаа, Д.Д- түүн рүү нэг удаа залгаж ярьсан байхаар нь дахин уурлаж, энэ гэр миний эцгийн гал голомт учир янз бүрийн хүн битгий авчраад бай гэж хэлээд, Д.Д-г нэг удаа алгадсан. Мөн гадаа гараад бас нэг удаа нүүрэнд нь гараараа цохисон. Харин банзаар бол цохиогүй, хажуу талынхаа айлын хашааг банзаар  цохиж уураа гаргасан. Тэгээд гэртээ ороод нэг шил архи уух гэж байтал цагдаа ирээд намайг аваад явсан юм гэв.

 

Хоёр. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

1.Хохирогч Д.Д-гийн хэрэг бүртгэлтэнд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Би Д.Б-той 2013 онд танилцаад 2016 оны 05 дугаар сараас эхлэн нэг гэрт амьдарч эхлэсэн, би өөрөө 5 настай хүүтэй ба бид хамтран амьдарснаас хойш хүүхэд гараагүй. Д.Б- улирлын чанартайгаар хувийн замын компанид тогоочоор ажилладаг, одоо ажилгүй гэртээ байгаа. Цагдаад гомдол гаргах болсон шалтгаан нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед хүүтэйгээ одоогийн амьдарч байгаа _______ хорооны 84 айлын _________ тоотод байж байтал гаднаас Б-, дүү И, найз А нарын хамт согтуу орж ирсэн. Намайг зодох болсон шалтгаан нь өглөө намайг ажилдаа гарах гэж байхад нууцалсан дугаараас эрэгтэй хүн миний дугаар луу залгахад Б- авч яриад гарсан, би түүнийг хэнтэй ярьсныг мэдээгүй. Тэгээд орой нь согтуу орж ирээд 12 дугаар сарын 31-нд дүүтэйгээ, ах дүү нараараа архи уулаа гэж уурлаад эгчид нь хэлсэн байсан, эгч нь тэднийг загнасан байсан. Энэ асуудлыг ярин дүүгээ өмөөрөөд ах дүүсийн хооронд ийм зүйл ярих эрх байхгүй гэж над руу уурлаж өөрийнхөө идэж байсан аягатай пүнтүүзтэй хуургаа над руу шидсэн. Аяга нь миний биеийг оноогүй газар уначихсан. Дараа нь Б- босож ирээд нүүр рүү гараараа 2 удаа цохичихоод гал тогооны шүүгээн дээр байсан ногоон иштэй том хутгыг аваад над руу далайхад найз нь болиулсан. Дараа нь тэд дахин гаднаас архи авчирч уусан. Тэр үед би гэрээс гараад зугтсан чинь Б- намайг хөөж барин, үсдэж чирээд хашаа руу оруулсан. Энэ үедээ хашааны банз модоор миний зүүн гарын шууг цохисон. Гэрт орсны дараа тэр 3 архиа уугаад миний хүүг дагуулан, намайг гэрт цоожилчихоод явсан. Тэгэхээр нь би өөрийнхөө 89750413 дугаараас 102 дугаарын утсанд “нөхөр согтуу ирж зодчихоод явчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед Б-т зодуулаад зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, зүүн талын гарын шуу хавдсан байсан.

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар нүүр рүү өшиглөж газар унасан байхад дэвсэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр утсанд чинь хэнээс дуудлага ирсэн гэж хардан нуруу руу цохиж бөгс рүү өшиглөсөн. 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр зүүн талын нүд рүү гараа атгаж байгаад цохисон, духнаас цус гаргасан. Б- намайг зоддог талаар мэдэх хүн байхгүй. Б- хоёулахнаа байхад л энэ үйл явдал болсон. Би цагдаагийн байгууллага болон эмнэлэгт хандаж байгаагүй. Тухайн үед авсан гэрэл зураг ч байхгүй. Б- бол намайг ингэж олон удаа зодоогүй л гэх байх, нотлох хүн, баримт ч алга. Гэхдээ 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зодсноо бол өөрөө мэдэж байгаа. Б- намайг зодохдоо гараа зангидаж миний нүүр рүү цохидог. Би энийг л намайг зодож байна гэж ойлгодог. Хамгийн сүүлд 1 дүгээр сарын 30-нд зодохдоо мөн л нүүр рүү гараараа цохисон. Гарч зугтаахад үсдэж чирсэн, хашаанд сул байсан 2 метрийн орчим урттай банзаар гар руу цохисон. 7 хоногт 3-4 удаа зоддог гэдгийг би 1 сарын 30-ныг хүртэлх сүүлийн 7 хоногийг хэлсэн. Тэрнээс биш 7 хоног болгон гэж хэлээгүй. Энэ 2017 оны 12 дугаар сарын зодолтуудын тухай Б-ын эгч Аззаяад хэлсэн, нүүрнийхээ хөхөрсөн хэсгийн харуулаад “би ингэж амьдарч чадахгүй ээ танай дүүгээс сална” гэхэд эгч нь манайд ирээд нүүрс түлээ буулгаж өгөн, “миний дүү цаадахийнхаа эвээр нь бай, ингэсгээд гайгүй болчих байлгүй” гэж хэлсэн. ...Надад нөхөртөө гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг [1],

 

-Хохирогч Д.Д-гийн хэрэг бүртгэлтэнд дахин 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...Б- гаднаас орж ирээд миний утсыг үзчихээд нууцалсан дугаараас залгасан байна, нөгөө хүн чинь л байна шүү дээ гэж уурлаад байсан.  Тэгэхээр нь би айгаад гэрээс гарсан чинь араас дагаж гарч ирээд намайг нүүр рүү цохисон. ...” гэх мэдүүлэг [2],

 

2.Гэрч Ж.А-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлсэн “...Д.Д- миний авга дүү байгаа юм. Д.Д- 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 08 цаг 50 минутанд манай гэрт ирсэн. Гэтэл дүүгийн маань зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн гараа даахгүй, гэмтэж бэртсэн байдалтай орж ирээд, хамтран амьдрагч Д.Б- өөрийн гэр болох __________________ тоотод архидан согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүй миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, хашааны банзаар мөн адил цохиж хутга барьж дайрч давшилж гэмтээсэн гэж надад хэлсэн юм. ...Миний харж байгаагаар дүүгийн маань зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн гар хэсэгчилж хөхөрсөн байдалтай, их л зовиуртай байна. ...” гэх мэдүүлэг [3],

 

3. Гэрч Н.А-ний хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Д.Б-той арваад жилийн өмнө барилга дээр ажиллаж байгаад танилцсан, найз нөхдийн холбоотой. Би 2018 оны 1 дүгээр сарын 29-ний орой Э-тээс ирээд Б-ынд хоносон. Б- эхнэр хүүхэдтэйгээ байсан. Өглөө нь намайг хэвтэж байхад эхнэрийнх нь утас дуугараад нэг эрэгтэй хүн залгасан бололтой тэр хоёр хэрэлдээд, Б- эхнэрээ “чи хувцсаа аваад яв” гэсэн чинь явахгүй гээд тэр хоёр хэрэлдэж байсан. Б- намайг бос хөгшөөн гаръя гэхээр нь би хувцсаа өмсөөд хамт гараад танил Г-гийнд дөрвүүлээ 2 шил архи уусан. 17-18 цагийн үед Б-ынд эргэж ирэхэд эхнэр нь яваагүй гэртээ байсан. Б- утсаа өгч бай гэхэд эхнэр нь утсаа өгөхгүй гээд тэр хоёр маргалдаж байсан. Б- утсыг нь авч үзснээ нөгөө залуу чинь бас л залгасан юмуу гээд уурлаад байсан. Тэр хоёр дагалдаад гэрээс гарсан. Хашаандаа хэрэлдээд байх шиг байсан. 5-10 минутын дараа орж ирэхдээ эхнэрийнх нь баруун талын хацар шанаа орчим хавдсан байсан. Би Б- руу “ чи яах гэж хүн дуудчихаад эхнэрээ зодоод хэрүүл хийгээд байгаан би явлаа” гэж уурласан. ...Миний найзууд, гэр бүлийнхэн намайг Агома гэж дууддаг. ...” гэх мэдүүлэг [4] ,

 

4.Гэрч А.А-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Д.Б- бол миний төрсөн дүү юм. Б-, Д.Д- нар хамт амьдарч байгаа. ...Д.Д- дүүгээр маань ажил хийлгэхгүй байнга л хажууд нь байж бусадтай хардан орилж хашгичаад, дүүг Зам ангийн хувийн компанид ажилладаг байхад нь ажил дээр нь хүртэл очиж хардаад орилж хашгичаад ажлаас нь гаргачихсан. ...Би энэ хоёрыг хөдөө уурхайн компанид ажилд оруулсан боловч Д.Д- бусадтай таарахгүй, мөн л дээрх зан байдлаа гаргаад байхаар нь дарга нь чи эхнэрээ хотод үлдээчихээд ирээ, чамайг бид ажиллуулъя гэхээр нь дүү эхнэрээ гэртээ үлдээчихээд тэндээ ажиллахаар явсан боловч Д.Д- араас нь дарга руу нь утасдаад би бөө хүн, та нар наад хүнээ ажиллуулбал дэмий шүү гээд айлгаж сүрдүүлээд цаад компани нь дүүг ажлаас нь гаргаад явуулчихсан байсан. Энэ байдлаасаа болоод энэ хоёр таарамж муутай байх болсон. ...Цагаан сараар энэ хоёр ээж дээр золгох үедээ бас л хэрэлдээд Д.Д-” чамайг би цагдаад өгсөн байгаа, чамайг насаар чинь дарамталж амьдарна" гэж орилж хашигчаад, чи намайг зодсон биз дээ гэсэн байна лээ. Тэр үед дүү маань “чи миний ээжийг янхан гичий гэж хэлэхээр чинь чамайг зодсон” гэж хэрэлдсэн гэсэн. ...” гэх мэдүүлэг [5],

 

5. Гэрч Д.Б-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...Д.Б- бол миний төрсөн ах юм. ...2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хот руу орж ирээд эгч А.А-гийнд хоносон. Маргааш орой нь 19 цагийн үед Дүүргийн дугаар хороонд байгаа ах Д.Б-ынд ирсэн. Намайг ирэхэд ахын найз, зүс харсан залу тэднийд байсан. Д.Д-, Бат- очир  хоёр утасны дуудлаг-с болж маргаад байсан. Намайг очоод удаагүй байхад 10 орчим минутын дараа цагдаа нар ирээд ах бид хоёрыг архи уусан байна гээд авч явсан. ...Намайг тэднийд очсоны дараа ...эхнэртэйгээ маргалдаад байхаар нь боль л доо хүн ирсэн байхад гэсэн чинь ах дуугүй болсон. Д.Д-гий биед ямар нэгэн гэмтэл байсан эсэхийг би анзаарч хараагүй. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

6. Д.Б-ын яллагдагчаар 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ хоночихоод өглөө 09.00 цаг өнгөрч байхад  босоод гэр орны ойр зуурын ажил хийгээд, хоол ундаа идчихээд байж байтал ...манай эхнэр Д.Д-гийн утас руу нэг дугаараа нууцалсан эрэгтэй хүн залгасан.  Д.Д-тэй ярихаар нь аваад ир гэсэн чинь манай эхнэр надад утсаа өгсөн. Тэгээд би байна уу гэсэн чинь нөгөө залгасан хүн дуугаралгүй байж байгаад утсаа салгасан. Би эхнэртээ уурлаад ингэж амьдрана гэж юу байхав дээ, хэрвээ ингээд хүн залгаад байх юм бол гэрээс хувцсаа аваад яваарай гэсэн. Тэгсэн чинь эхнэр маань би ямар өөрөө залгаад ярьсан биш дээ. Над руу өөрөө л залгаад байгаа биз дээ гэсэн. Тэгээд би өөрийн найз А-нэтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны _______орчимд байдаг шатахуун түгээх станцын ойролцоо байдаг найз Нэргүйгийн гэрт очоод 0.75 литрийн хараа архи аваад хувааж уусан. Тэндээсээ 19.00 цагийн орчим гараад А-нэтэй хамт гэртээ эргэж ирсэн. Би эхнэрийнхээ гар утсыг аваад ярьсан дугаарыг нь үзсэн чинь нэг дугаар луу эхнэр залгасан, нөгөө дугаараас 5 удаа буцааж залгасан байхаар нь уурлаад эхнэртээ чи гэрээс зайл гэсэн. Тэгсэн эхнэр гараад явсан. Гарангуут нь би араас нь гараад эхнэрээ бариад авсан чинь бид хоёр хальтраад унасан. Би эхнэрээ аргадаад гэр лүүгээ авч орох гэж байгаад би эхнэртээ энэ миний эцгийн гал голомт шүү дээ, чи битгий есөн шидийн хүн энд авчраарай гэсэн чинь эхнэр өөдөөс аавын чинь гал голомт гэхээрээ яадаг юм гэсэн. Тэгээд би уурлаад зангидаж атгасан баруун гараараа эхнэрийнхээ зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь манай эхнэр уйлаад байсан. Би эхнэрээ аргадаад гэр лүү оруулсан. Гэртээ оруулаад аргадаад байж байтал манай найз нар болох Дооёо, Уламаа нар надад гэрт ирж нэг шил 0.75 литрийн Хараа архи авчирч өгсөн. Тэгээд нөгөө архиа уух гээд байж байтал гаднаас цагдаа орж ирээд намайг авч яваад түр саатуулсан. Миний хувьд өмнө нь 2017 оны 12 дугаар сард шиг санаж байна, эхнэрийн гар утсанд нэг зурвас ирсэн байхаар нь уншсан чинь “чи ямар их зантай янхан бэ” гэсэн байхаар нь уурлаад чамайг яагаад хүн ингэж доромжилдог юм бэ гэсэн чинь танай ээж чинь ч гэсэн янхан биз дээ гэж хэлэхээр нь нэг удаа алгадаж байсан. Өөрөө бол цохиж зодсон асуудал надад байхгүй. Миний хувьд эхнэрээ би нэг л удаа зангидсан баруун гараараа цохисон гарын шуунд учирсан гэмтэл бол хальтарч унахдаа үүссэн байх гэж бодож байна. Харин би хашааны гадна байхдаа эхнэрээ айлгах гээд нэг банз аваад хашаа руу хий хэд хэдэн савж хашаа цохисон. Түүнээс би банзаар цохиж зодсон зүйл байхгүй. Харин эхнэрээ газар унахаар нь гэдсэн дээр өвдөглөөд дараад босгоогүй юм аа. ...” гэх мэдүүлэг [7],

 

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2116 тоот дүгнэлтийн:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхины эргэн тойронд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хавдаж овойсон, дээд доод зовхины завсар багассан. Хамрын нуруунд тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй. Зүүн шууны гадна дээд хэсэгт 2.5х2см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, гадна дунд хэсэгт 0.5х0.5см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Хэвлий зөөлөн эмзэглэлгүй.

2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Гэмтэл согог судлал үндэсний төвийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош: Тархи доргилт, зүүн нүдний ухархай болон хамрын ясны далд хугарал.

Дүгнэлтэд:

1.Д.Д-гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2, 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ц.Бадрал/ гэсэн дүгнэлт [8],

 

8. Хохирогч Д.Д-гийн хэрэгт ирүүлсэн “Гэмтэл, согог судлалын үндэсний төв”-ийн компьютер томографийн оношилгоо [9], Аюулын зэргийн үнэлгээ [10], гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт [11],

 

9.Шүүгдэгч Д.Б-ын  төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа [12], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [13], Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1175 дугаар тогтоолын хуулбар[14], Дүүргийн дугаар хорооны Д.Б- ам бүл 1 амьдардаг гэх тодорхойлолт [15], Д.Б- данс эзэмшдэггүй тухай Хас банкны лавлагаа, Хаан банкны Д.Б-ын эзэмшдэг дансанд 16.79 төгрөг үлдэгдэлтэй тухай лавлагаа [16], Д.Б-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа[17] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Д.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргасан ба, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.       

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 00 минутын орчим согтуурсан үедээ, гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас Дүүргийн дугаар хороо, арьс ширний үйлдвэрийн үйлдвэрийн 84 айлын орон сууцны 27 дугаар байрны 1 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Д-г “өөр эрэгтэй хүнтэй ярьлаа” гэх шалтгаанаар гараараа нүүр рүү нь цохих, банзаар зүүн гарын шуунд нь цохих зэргээр зодож, биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Д.Д-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн  “...Б- босож ирээд нүүр рүү гараараа 2 удаа цохисон. ...би гэрээс гараад зугтсан чинь Б- намайг хөөж бариад, үсдэж чирээд хашаа руу оруулсан. Энэ үедээ хашааны банз модоор миний зүүн гарын шууг цохисон. ...102 дугаарын утсанд “нөхөр согтуу ирж зодчихоод явчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед Б-т зодуулаад зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, зүүн талын гарын шуу хавдсан. ....” гэх мэдүүлэг [18], мөн түүний дахин мэдүүлсэн “...Б- гаднаас орж ирээд миний утсыг үзчихээд нууцалсан дугаараас залгасан байна, нөгөө хүн чинь л байна шүү дээ гэж уурлаад байсан, тэгэхээр нь би айгаад гэрээс гарсан чинь араас дагаж гарч ирэн намайг нүүр рүү цохисон. ....” гэх мэдүүлэг [19],

эрч Ж.А-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Д.Д- 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өглөө 08 цаг 50 миниутанд манай гэрт орж ирсэн. ...дүүгийн маань зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн гараа даахгүй, гэмтэж бэртсэн байдалтай орж ирсэн. Хамтран амьдрагч Д.Б- ...согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүй миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, хашааны банзаар мөн адил цохиж хутга барьж дайрч давшилж гэмтээсэн гэж надад хэлсэн юм. ...Миний харснаар дүүгийн маань зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн гар хэсэгчилж хөхөрсөн байдалтай, их л зовиуртай байна.” гэх мэдүүлэг [20],

-гэрч Н.А-ний хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...Би 2018 оны 1 дүгээр сарын 29-ний орой Э-тээс ирээд Б-ынд хоносон.  ...Өглөө нь намайг хэвтэж байхад эхнэрийнх нь утас дуугараад нэг эрэгтэй хүн залгасан бололтой тэр хоёр  хэрэлдээд, Б- эхнэрээ чи хувцсаа аваад яв гэсэн чинь явахгүй гээд тэр хоёр хэрэлдэж байсан. ...17-18 цагийн үед Б-ынд ирэхэд эхнэр нь яваагүй гэртээ байсан, Б- утсаа өгч бай гэхэд эхнэр нь утсаа өгөхгүй гээд тэр хоёр маргалдаж байгаад Б- утсыг нь авч үзснээ нөгөө залуу чинь бас л залгасан юмуу гээд уурлаад байсан, ...тэр хоёр дагалдаад гэрээс гарсан, хашаанд хэрэлдээд байх шиг байсан, тэгснээ 5-10 минутын дараа орж ирэхдээ эхнэрийнх нь баруун талын хацар шанаа орчим хавдсан байсан. Би Б- руу “чи хүн дуудчихаад яах гэж эхнэрээ зодоод хэрүүл хийгээд байгаан би явлаа” гэж уурласан. ...” гэх мэдүүлэг [21]

-Д.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 09.00 цаг өнгөрч байхад манай эхнэр Д.Д-гийн утас руу нэг дугаараа нууцалсан эрэгтэй хүн залгасан. Тэгээд би Д.Д-тэй ярихаар нь аваад ир гэсэн чинь манай эхнэр надад утсаа өгсөн. Тэгээд би байна уу гэсэн чинь нөгөө залгасан хүн дуугаралгүй ...утсаа салгасан. Тэгэхээр нь би эхнэртээ уурлаад ингэж амьдрана гэж юу байхав дээ, хэрвээ ингээд хүн залгаад байх юм бол гэрээс хувцсаа аваад яваарай гэсэн. 19.00 цагийн орчимд ...би эхнэрийнхээ гар утсыг аваад ярьсан дугаарыг нь үзсэн чинь нэг дугаар луу эхнэр залгасан нөгөө дугаараас 5 удаа буцааж залгасан байхаар нь бу уурлаад эхнэртээ чи гэрээс зайл гэсэн. Тэгсэн чинь эхнэр гараад явсан. Гарангуут нь би араас нь гараад эхнэрээ бариад авсан чинь бид хоёр хальтраад унасан. ...би уурлаад зангидаж атгасан баруун гараараа эхнэрийнхээ зүүн нүд рүү нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг [22],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2116 тоот дүгнэлт [23], хохирогч Д.Д-гийн ирүүлсэн “Гэмтэл, согог судлалын үндэсний төв”-ийн компьютер томографийн оношилгоо [24], аюулын зэргийн үнэлгээ [25], гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт [26] зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч, хохирогч нарын хоорондох гэр бүлийн таарамжгүй харилцаа, бие биенийгээ хүндэтгэхгүй байдал, мөн шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Хохирогч Д.Д-, шүүгдэгч Д.Б- нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдардаг байх ба “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг ...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Д.Б- нь хамтран амьдрагч Д.Д-гийн бие махбодид халдаж, түүнийг зодож,  хөнгөн хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулахь зүйн үндэслэл болно. бүлий хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч А.Эрдэнэмандалын бие махбодид халдаж   бүртгэх хуу тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Д.Б-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Д.Д-гийн биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба, хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн [27]-г тогтоолд дурдав.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүгдэгч Д.Б-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Б-оос энэ хэргийн улмаас 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажил хийгээгүй, одоо дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт ажил хийхээр явах гэж байгаа тул улсын яллагчийн санал болгосон ялыг хөнгөрүүлж, торгох ял шийтгэж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1175 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэгдсэн байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуульд зааснаар торгох ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Б- нь ажил эрхэлдэггүй, мөн түүний “_________” банкинд эзэмшдэг дансны үлдэгдэл нь 16 төгрөг, хөрөнгө бүртгэлгүй тухай холбогдох байгууллагын лавлагаа зэргээр торгох ялыг түүнд сонгож оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүйг, хохирогч Д.Д- нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] хавтаст хэргийн 29-30 дугаар тал.

[2] хавтаст хэргийн31 дүгээр тал.

[3] хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[4] хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.

[6] хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 74-78 дугаар тал.

[8] хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[9] хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[10] хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[11] хавтаст хэргийн 58-66 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 41, 87 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 43 дугаар тал.

[14] хавтаст хэргин 90-93 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 45 дугаар  тал.

[16] Хавтаст хэргийн 82-83 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 86 дугаар тал.

[18] хавтаст хэргийн 29-30 дугаар тал.

[19] хавтаст хэргийн31 дүгээр тал.

[20] хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[21] хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 74-78 дугаар тал.

[23] хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[24] хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[25] хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[26] хавтаст хэргийн 58-66 дугаар тал.

[27] хавтаст хэргийн 29-30, 31 дүгээр тал