Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн *******, *******, *******, *******, *******, ******* нарын  нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Говь-Алтай аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******, Төлөөлөгч ******* нарт холбогдох аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн анхдугаар хуралдааныг бүхэлд буюу анхдугаар хуралдаанаас гарсан 01,02,03,04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулж, анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр  хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.                                   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* би 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөдөө ажлаар яваад орой ирэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон хэмээн ******* өрөөний хаалга эвдэн орж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхэд халдлаа. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны анхдугаар хуралдаан болоогүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсон хэмээн хаалга эвдэн орж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга гийн өрөөний сейфийг нь эвдэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын тамгыг хууль бусаар авсан байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хуралдуулахаар тогтоол  гаргасан. 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хийх урилгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар шинээр сонгогдсон төлөөлөгч нарт хүргүүлсэн. Гэтэл Монгол ардын намаас сонгогдсон иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчид 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 13 цагт нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд намын хурлаа хийснээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдсан мэтээр шинээр томилогдсон төлөөлөгч *******ээр хурлыг удирдуулан явуулж, аймгийн Засаг даргаар ийг, аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар *******ийг томилсон тогтоол гаргасан талаар хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр мэдээлсэн. Энэ анхдугаар хуралдаан гэх хуралдааны тогтоол нь албан ёсны бус тамга тэмдэг дарагдаагүй байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сейф эвдэн тамга авч дарсан.  Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-д сонгуулийн хороо орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл,  сонгуулийн дүнг анхдугаар хуралдаан албан ёсоор танилцуулдаг. Гэтэл Сонгуулийн хорооноос сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулаагүй, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй, төлөөлөгчид энгэрийн тэмдэг үнэмлэхээ гардан аваагүй байхад, хууль бус анхдугаар хуралдаан болсон. Монгол ардын нам 18, Монгол ардын хувьсгалт нам 1,  бие даагч 1, төлөөлөгч оролцсон бөгөөд төлөөлөгч , нарыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрийг үндэслэн, Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч хурлын төлөөлөгчдийн түр үнэмлэхийг хүчингүй болгосон. 

        Тиймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд төлөөлөгчдийн олонхи  ирсэн гэж үзэх үндэслэлгүй 20 төлөөлөгч хуулинд зааснаар олонхи болохгүй юм. Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, аймаг, нийслэл, сум, дүүргийн  Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно 11 дүгээр зүйлийн 11.2-д  Сонгуулийн  дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагт албан ёсоор товолсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж Ардчилсан намын17, Монгол Ардын намын 1, төлөөлөгч ирсэн. Монгол Ардын намын төлөөлөгчийн анхдугаар хуралдаандаа ирнэ үү хэмээн Монгол Ардын Намаас сонгогдсон төлөөлөгч нарлуу утсаар ярьж, Монгол ардын намын хороонд мэдэгдээд 17 цаг хүртэл хүлээгээд ирээгүй учраас анхдугаар хуралдаан завсарласан. Аймгийн анхдугаар хуралдаан албан ёсоор хуралдаагүй юм.

        2016 оны 6 дугаар сарын 29-нд сонгуулийн санал хураалт болж эцсийн дүн нэгтгэгдээд 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр сонгуулийн эцсийн мэдээг сонссон. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 8, 9 амралтын өдөр болоод үргэлжлээд наадмын өдрүүд давхацсан. 2016 оны 7 дугаар сарын 15-нд ажлын өдөр таарсан бөгөөд хийж амжилгүйгээр 2016 оны 7 дугаар сарын 19-нд хийгдсэн. Үүнийг хийхтэй холбоотойгоор Ардын намаас санал авсан. 15,19 гэсэн хоёр өдөр байгааг асуухад 19-ны өдөр хуралдахаар сонгосон. Цагийн хувьд тэргүүлэгч нар 18 цаг гэж хэлж байсан. 18 цаг гэдэг нь болохгүй юм байна гээд цөөнхийн хүсэлтээр 16 цагт хийхээр товлосон юм.  Хурлынхаа дэгийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 19-нд төлөөлөгчид бүрэн эрхээ зөвшөөрүүлж, бүлгээ байгуулж тараад түүнээс хойш дахиад хуралдах 30 хоногийн хугацаа байсан. Энэ хугацаанд Засаг дарга, Хурлын даргаа сонгох боломж байсан 20 хоногийн дотор анхдугаар хурлаа хуралдуулж, 50 хоногийн дотор аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож чадахгүй бол тарна гэж байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар бүгд хамт хуралдаад үзэл бодлоо илэрхийлж таслах эрхтэй оролцох газар. Анхдугаар хуралдаан бол ёслолын шинжтэй 4 жил төр барих төлөөлөгч, дарга нараа сонгож байгаа баяр ёслолын байдалтай хийгдэх хурал. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д улс төрийн шийдэл гэдгийг тайлбарласан. Улс төрийн албан хаагч нь улс төрийн албанд дангаараа шийдвэр гаргасныг улс төрийн шийдэл гаргах ажиллагаанд хамаарах үндэслэл болохгүй гэж заасан.

        Сонгогдсон төлөөлөгч таслах эрхтэйгээр хуралд өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг. Тэр бол сонгогдчихоод байгаа төлөөлөгчийн эрх ашгийг зөрчсөн. Анхдугаар хуралдаан нь өөрөө онцлог. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан анхдугаар хуралдааны дэгийг зөрчсөн үйлдлүүдийг гаргасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгч Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу төрийн хүндэтгэлийн морин хуурыг эгшиглүүлэх байсныг эгшиглүүлээгүй.

       Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д уг зүйлийг, 23.9- д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол эсрэг саналтай байна гэж үзнэ. Тэгэхээр 13 цагт болох гэж байсан хурлыг нэхэмжлэгч нар мэдээгүй учраас эсрэг санал өгсөн гэж үзэхгүй. Улс төрийн шийдэл гаргасан гэдгээрээ хуралдаад шийдсэн нь миний зөв, одоо цаашаа хуралдаад явах боломжтой гэх асуудлыг ярихаас илүү бид нар олонхи нь цөөнхөө хүндэтгэх, үүний дагуу олонхоороо шийдэл гаргах, цөөнхийн үзэл бодлоо илэрхийлэх асуудлыг хөндөхгүйгээр олонхийн эрх ашиг хөндөгдөх гээд байгаа учраас цөөнхийг оролцуулахгүйгээр хурал хийсэн нь хууль бус хуралдаан болсон гэдэг нь хариуцагч нарын тайлбараас ил боллоо. Тийм учраас нэхэмжлэлээ дэмжиж байна 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн анхдугаар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, ******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд олонхи нь хуралдаж шийдвэр гаргаж явна гэж заасан. Энэ дээр бол Ардчилсан намын төлөөлөгч нар цөөнх байгаа. Яагаад гэвэл бусад намынхныг оруулахгүйгээр хуралдах эрх зүйн зохицуулалт байхгүй гэж үзэж байна. Ардын намын төлөөлөгч нар  маань хуралдсан юм бол яагаад бидэнд хэлж мэдэгдэж болоогүй юм. Ядахдаа намын бүлэгт нь яагаад мэдэгдэж болоогүй юм. Хэрвээ мэдэгдсэн бол бид нар хуралдаанд оролцох боломжтой байсан. Үүнтэй холбоотойгоор Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т төлөөлөгчийн эрх гэж байгаа.

        Үүнд: Төлөөлөгч өөрийгөө болон бусад төлөөлөгчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох эрхтэй гэж байна. Тийм учраас төлөөлөгч миний эрхийг зөрчсөн. Би өөрийгөө аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх байсан ч энэ эрхээ эдэлж чадаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажлын албаны ажлыг мэдэхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэгт ганцхан Ардчилсан намын хүмүүст урилгаа өгсөн гэдэг. Гэрч н.Мягмаржавын мэдүүлэгт Ардын намын байранд ороод урилгыг өгсөн гэдэг. Байранд байгаа улс төрийн ажилтанг заавал таних шаардлага байхгүй, гэхдээ урилгыг хүлээлгэж өгсөн болохоор тухайн намын дотоод, зохион байгуулалттай холбоотой байх. Интернет дээрх зургаас харахад түр үнэмлэх гардуулсан, сонгуулийн мэдээлэлтэй холбоотой зураг байсан. Хамгийн гол нь төлөөлөгч миний саналаа өгөх, таслах, нэрээ дэвшүүлэх эрхийг зөрчсөн учраас анхдугаар хуралдааныг хүчингүй болгож дахин хуралдуулахыг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  2016 оны Улсын Их хурал болон орон нутгийн сонгууль болсонтой холбоотойгоор Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явагдсан. Үүний дүн нь 2016 оны 6 дугаар сарын 29-нд гарч, хуучин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасны дагуу анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр зарласан байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, түүний ажлын алба гүйцэтгэх ёстой. Үүний дагуу 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагт хуралдуулахаар ажлын алба урилгаа тараасан. Энэ явцад Монгол Ардын намаас болон Ардчилсан намаас бусад намаас нэр дэвшиж сонгогдсон 22 төлөөлөгчид тухайн өдрийн 13 цагт хуралдаж 01, 02, 03, 04 тоот тогтоолыг гаргасан. Энэ тогтоолуудыг гаргахдаа бусад 18 төлөөлөгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ямар байдлаар гэхээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу анхдугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргыг сонгох, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, тэргүүлэгчдийн тоо болон тэргүүлэгчдийн сонгох ёстой байдаг. Энэ үед ******* гэх хүний өөрийн саналаа өгөх байдалд халдаж ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүйгээр 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 13 цаг 35 минутаас хурлаа эхлүүлж хуралдсан нь төлөөлөгч *******ын эрх ашгийг хөндөж байна гэж үзсэн. Мөн Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар анхдугаар хуралдаан аймгийн сонгуулийн хороо нь өөрөө оролцож төлөөлөгчөөр сонгогдох эрх нь хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсийн тогтоолын төслийг өргөн бариагүй байхад өөрсдөө дур мэдэн хэлэлцэж байгаа нь намын болон хэдэн хүмүүсийн хуйвалдааны шинжтэй хийсэн байна.

        Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймгийн Хуралд өргөн мэдүүлж энэ тухай 7 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээлнэ. Бид нар үүнийг голлож авч үзнэ. Сайтад тавигдсанаар Сонгуулийн дүнгийн талаарх мэдээллийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан байдаг. Үүнээс үзэхэд тухайн Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д төлөөлөгчдийн бүрэн эрх хэзээ зөвшөөрөгдөх вэ гэдэг асуудал. Шинээр сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөнөөр хуучин төлөөлөгч нарын бүрэн эрх дуусгавар болж байгаа асуудал. Зайлшгүй энэ асуудал яригдах болж байна. Шинээр сонгогдсон төлөөлөгч иргэдийн Хуралд өргөн барина гэж байгаа. Тэгэхээр хуучин Хурал өргөн барина гэх асуудал яригдахгүй байгаа. Анхдугаар хуралдаан бол хүлээн зөвшөөрөгдөөд сонгогдож, түр үнэмлэхээ авсан төлөөлөгч нарын тогтоолын төслийг Сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах байсныг интернет дээрээс аваад танилцуулсан гэж үзэх эрх байхгүй. Хуулийн эрх зүйт тогтолцоотой, улс төрийн шийдэлтэй, нэг намын дарангуйлалтай улс биш. Тэгэхээр аль аль нь хуулиа хүндэтгээд явсан бол Сонгуулийн хороог орж ирэхийг шаардах юм уу, Сонгуулийн хуралдааны ажлын албатай харилцсан асуудал 19-ны өдрийн хуралдааны тэмдэглэл дээр тусгагдах байсан. Гэтэл тийм зүйл байхгүй. Энэ хүмүүс өөрсдөө танхимд орж хуралдсан байгаа.  Эндээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар шинээр сонгогдсон аймгийн Хуралд өргөн мэдүүлнэ гэх заалтаа зөрчөөд өөрсдөө сайтнаас аваад энэ асуудлыг хэлэлцээд явсан гэж байгаагаас тогтоогдож байна. Олонхи болоогүй нам бидний ажилд саад хийх гээд байсан гэж байна. 22 хүн цугларч чадаж байгаа юм бол 13 цагт болох талаар бусад төлөөлөгч нартаа яагаад мэдэгдээгүй юм. Олонхи болсноороо энэ асуудлыг шийдвэрлээд аваад явах боломжтой байсан. Тэр байтугай ажлын алба урилга өгөх гэж байсныг, ямар нэгэн байдлаар 19-нд хурал хуралдах байсныг гуравдагч этгээд мэдэж байсан гэж байна. Тийм учраас 13 цагаас Монгол Ардын намынхан дуудангуут хуралд нь очоод сууж байдаг. Тэгвэл танд урилга өгөх гэж байна гэхэд Төлөөлөгчийн хувьд хуралд хүрэлцэн ирэх үүрэгтэй байгаа. Энэ нь ч анхдугаар хуралдаантай холбоотойгоор 23 дугаар зүйлийн 23.9, 23.7, 23.8-д зааснаар төлөөлөгчид ямар нэгэн байдлаар хуралдаан таслах, оролцохгүй байх эрхгүй байгаа. Мөн Ардчилсан намынхнаас бусад 22 хүнд мэдэгдээд олонхи болсон гэж үзээд хуралдсан байгаа. Тэгэхээр хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй гэх асуудал байхгүй, иргэдийн Төлөөлөгчийн бүрэн эрх гэх асуудал яригдана. Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд 12.1-д зааснаар асуудалд хэлэлцэж шийдвэрлэх, таслах эрхтэй оролцох ёстой байсан. Мөн анхдугаар хуралдаанаар Төлөөлөгчдийн бүрэн эрхээ зөвшөөрч тогтоолоо батална, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаа сонгоно, аймгийн Засаг даргаа сонгоно, Тэргүүлэгчдээ сонгож, түүний тоо, тов, дэгийг тогтооно. Энэ хуралдаанд нь ямар нэгэн байдлаар оролцож санал бодлоо хэлэх боломжийг нь хангахгүйгээр олонхи болсон гэдгээрээ түрүү барьж шийдэж болохгүй.

Аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх нь тухайн сонгогдсон төлөөлөгч нарт байдаг учраас энэ эрхээ эдэлж чадахгүй зэрэг нь нэхэмжлэл гаргах гол зүйл байгаа. Тэргүүлэгчид хуралдааныг товлон зарласан гэж байна. Үүнийг хуульчлаад Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т 20 хоногийн дотор анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа дуусаж буй Хурлын Тэргүүлэгчид хурал зарлана гэж байгаа. Тэргүүлэгчид хурал зарлаад цаашлаад Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д хурлыг товлон зарлах, түүнийг зохион байгуулж, шийдвэрийн төсөл боловсруулж, хэлэлцэх гэх асуудлууд байгаа. Мэдээж Төлөөлөгч нарын бүрэн эрх хэрэгжээд явж байгаагийн хувьд Тэргүүлэгчид хуралдааны товыг мэдэгдээд явсан байдаг. Ажлын албанаас явуулсан гэрчийн хувьд Монгол Ардын намын байранд нэг хүнд өгсөн. Тэгтэл Монгол Ардын нам нь өөрөө авчихаад аваагүй, хэнд өгснийг мэдээгүй нь ажлын албаны буруутай үйл ажиллагаа байж болно. Гэхдээ 19-нд хурал болно гэдгийг бүгд мэдэж л байсан. Энэ хүмүүс хурал болохыг мэдээд намынхаа байранд цугларчихсан байсан. Энэ бүхнээс харахад хурлын товыг мэдээгүй байсан гэх асуудал нь бодит байдалд нийцэхгүй, нотлох баримтаар хүлээж аваагүй учраас мэдээгүй байснаараа гүрийгээд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж болохгүй. Ажлын албаны дарга гэрчийн мэдүүлэг өгөхдөө ажлын албаны бүрэн эрхтэй хүмүүстэйгээ ярилцаад 16 цагт гэж товлосон. 13 цагийн хуралд ажлын албанаас хүмүүс оролцуулсан эсэх нь тодорхойгүй байгаа. Үүнээс үзэхэд нэг намын асуудал болж байгаа. Улс төрийн шийдэлтэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх асуудал биш гэж байна. Тэгэхээр улс төрийн шийдлийн хүрээнд яригдах асуудал биш харин  төлөөлөгч нарыг сонгож байгаа иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн асуудал гарч байна. Дэгээ хэлэлцээд төслийн асуудал яригдаж байгаа бол ажлын албаар дамжуулан төсөл хэлэлцэгдэх ёстой. Захиргааны ерөнхий хуулиар ч гэсэн аман шийдвэр гаргах зүйл байдаг. Энэ товлосон цагаа хүргэх асуудал бол Тэргүүлэгчдийн ажлын албаны хийх ажил. Энэ асуудал хангагдаж байж хуралдаан болно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол эсрэг санал өгсөнд тооцно.  Хурлын тэмдэглэл дээр хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар гэж байгаа. Тэгэхээр үлдсэн төлөөлөгч нар нь эсрэг санал өгсөн болохоор байна. 13 цагт хурал болох гэж байгаа гэдгийг ажлын алба зохион байгуулж байгаа намын зүгээс нөгөө ирээгүй төлөөлөгчдөд мэдэгдсэн зүйл байхгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ гэж заасан. Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.4-т заасан ил тод гэх зүйл байна. Үүний дагуу 7 дугаар тогтоолоор нэрсийн жагсаалтаа баталчихсан байна. Анхдугаар хуралдаанд дүнг өргөн барина гэдэг ойлголт бол төсөл боловсруулаад өргөн барих асуудал. Өнөөдрийг хүртэл сонгуулийн хороо төлөөлөгчдийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төслийг боловсруулж анхдугаар хуралд өргөн бариагүй байгаа. Хэрвээ сонгуулийн хороо өргөн бариагүй бол сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхгүй гэдэг асуудал руу орно. Хэзээ олонхи гэдэг асуудал яригдах вэ гэдгийг дурдсан. Нэхэмжлэгч *******ын хувьд тов мэдэгдсэн бол ирэх боломжтой байсан. Гэтэл энэ товоо мэдэгдээгүй байж хурлаа хийчихсэн, хүчин төгөлдөр гэх нь үндэслэлгүй. Эндээс харахад төлөөлөгчид тов мэдэгдсэн байж процесс ажиллагаа зөв хийгдэнэ.  Хэрэв 16 цагт хуралд ирэхэд нь олонхи  болсон нам нь хүндэтгэлтэй хандаад 55 хувийн саналаар аваад гарах боломж нь нээлттэй байсан. Тэгэхээр тухайн нэхэмжлэл гаргаад байгаа төлөөлөгч нарын санал авах, төлөөлөгчид нэр дэвшүүлэх, таслах эрх хэрэгжээгүй байна. 11 хүнээ бүгдийг нь томилчихоод одоо нэмж томилно гэдэг бол хууль бус. Ийм байдлаар оролцох боломжийг нь хаасан учраас анхдугаар хуралдаан хүчин төгөлдөр биш, гарсан шийдвэрүүд нь хууль бус юм. Эдгээр хүмүүсийн эрх ашиг нь хөндөгдөөд байгаа гэж үзэн хууль бусаар хийсэн анхдугаар хуралдаан болон түүнээс гарсан тогтоолуудыг хүчингүй болгож анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч *******, ******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 7 дугаар сарын 19-нд хуралдахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуучин тэргүүлэгч нар гаргасан гэж байгаа. Бид хуульд захирагдах учраас 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагт зарласан гэж өөрсдөдөө тааруулж урилга хэвлүүлсэн. Ажлын албанд ажиллаж байсан хүмүүс тухайн үед эрх барьж байсан дарга нарын эрх мэдэлд автаж эцсийн өдөр хуралдана гэдгийг өөрийн намын хүмүүст өгөөд, Ардын намын болон бие даагч, Хувьсгалт намынханд өгөөгүй нь хэрэгт авагтсан нотлох баримтаар тогтоогдсон байгаа. Тийм учраас 16 цагт хуралдуулах гэж байгаа асуудал бол ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэхгүй, ажлын цаг дуусах гэж байхад хуралдуулах нь замбараагүй байдал үүсгэж хурлыг хуралдуулахгүйгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргыг сонгож Ерөнхий сайдад өргөн барих ажиллагааг тасалдуулах зорилгыг агуулж байсан гэж үзэж байгаа. Тийм учраас энэхүү нэхэмжлэлүүдэд төрийн албан хаагчид буюу хурлын ажлын албаны даргын зүгээс урилгыг алагчилж өгсөн. Хурлыг хуулийн хугацааны эцэст нь хуралдуулж хүнд байдалд оруулах гэж байна гэж үзсэн. Ард иргэдийн сонголтоо дийлэнх олонхийг бүрдүүлж байгаа Монгол Ардын намын 20 төлөөлөгч, Хувьсгалт намын 1 төлөөлөгч, бие даагч 1 төлөөлөгч өдрийн 13 цагт урилга хүлээн аваагүй учраас дээрх гишүүдийн ирцтэйгээр олонхоороо хуулийн дагуу аймгийн иргэдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргыг сонгосон тогтоолуудыг гаргаж хамгийн ахмадаар  нь н.Ойнбилэг гэх хүн хурлыг удирдан зохион байгуулж,  явуулсан. Дэг зөрчсөн гэж байна. Хуралдааны дэгийг хурал өөрөө тогтооно гэсэн учраас хурал өөрөө тогтоосон. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхи нь ирсэн бол хүчинтэй гэх хуулийн заалт мөрдөгдсөн. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага, төрийн удирдлагатай хослуулж түүнийг өөрөө бие даан зохион байгуулахдаа хууль дээдлэн, шударга ёсыг хангана гэсний дагуу 19-ны өдөр уг заалтыг барин бүрэн эрхээ хэрэгжүүлэх гэж байсан хурлын тэргүүлэгчид үүнийг хангахын тулд бүх төлөөлөгч нарт урилгаа тарааж цагийг эрт тавихгүй хуралдааныг аль болох хуралдуулахгүй байр суурьтай байсан. Ардчилсан нам цөөнх болсон ч гэсэн өөрийнхөө эрхээ хэрэгжүүлээгүй гэж бодож байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд  бүрэн эрх нь дуусаж буй хүмүүс хурлыг хуралдуулна гэж байгаа. Хэрвээ урилгаа өгсөн бол түүнд хүндэтгэлтэй хандах байсан. Цаг заана гэж байхгүй. Монгол Ардын нам улс төрийн шийдэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 улс төрийн шийдэл байсан, шүүх хөндлөнгөөс оролцохыг хориглосон, оролцвол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонголтыг шийдвэрээр устгах хориотой гэсэн заалтууд байгаа. 2016 оны 6 сарын 29-нд болсон сонгуульд хуульд зааснаар Хурлын дарга, Засаг даргаа сонгож чадаагүй бол Хурал тарах байсан учраас сүүлчийн хоногт нь багтаан тус шийдвэрүүдийг гаргасан. Сонгуулийн хорооноос төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх талаар өргөн бариагүй гэж байна. Сонгуулийн хороо тухайн үед 5 хоногт багтаан хэлэлцэж олон нийтэд мэдээлсэн байгаа. Үүнийг нэхэмжлэгч тал олж харсан байх. Мөн нэмэлт нотлох баримтаар Хурлын дарга нь үүнийг өгч байгаа талаар хэвлэл мэдээллийн зүгээс гаргасан зүйл байгаа. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь нутгийн иргэдийн төлөөллийн байгууллага. Улс төрийн намууд аль ч сонгуульд өөрийн төлөөлөгч нараа дэвшүүлж тэдгээрийг ард түмэн сонгож олонхи нь бүрдсэн хүмүүс шийдвэрээ гаргах нь хууль эрх зүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэж явсан. ******* дарга энэ хурлыг хүчингүй болгож өгнө үү гэж байгаа. Энэ дээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хуулийн хугацаандаа хуралдах гэж байсныг өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга маш сайн мэдэж байсан. Ийм тохиолдолд төрийн албаны хариуцлага сахилга батаа бодоо энэ асуудлыг хууль эрх хүрээнд явуулж, эрх зүйн туслалцаа үзүүлээд явах боломж Сонгуулийн хорооны даргад бүрэн байсан. Эндээс нэг зүйлийг хэлэхэд Сонгуулийн хорооны дарга зугтаж алга болсон. Харин ажлын албаны хүмүүсийг төрийн албан хаагчийн хувьд эрх үүргээ бүрдүүлээд хуралдаж байх үед тэдгээрийг айлган дарамталсан хурлаас хөөж явуулсан зүйлийг гаргасан. Тийм учраас өмнөх алдаануудыг давтахгүйн тулд яах ч аргагүй эцсийн өдөр хуралдах нь хуралдсан. Нэхэмжлэгч талаас тавьж байгаа асуудлыг дараа дараагийн хуралдаанд оруулаад явах бүрэн боломжтой. Ер нь анхдугаар хуралдаан бол хууль эрх зүйн зохицуулалтаар нарийвчлагдсан асуудлыг яриад байна. Дараа дараагийн хуралдааны товыг 15 хоногийн өмнө голдуу 9 цагаас зарлаад явж байгаа.  Анхдугаар хуралдаан бол хуулинд зааснаар цаг тавилгүйгээр хуралдсан. Цагийг ажлын албаны дарга удирдаж мэргэжилтэндээ үүрэг өгсөн юм бол үүнийг хүчин төгөлдөр болгоод төлөөлөгчдийн гарт бүгдийг нь хүргэчихсэн бол бид нар 16 цагийг хүлээн зөвшөөрөх байсан. Ийм намчирхаж, хуулийг улан доороо гишгэн итгэл үнэмшил яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд болон анхдугаар хуралдааныг хүчингүй болгуулахаар 2 нэхэмжлэл гаргасан. Энэ хэргүүд нэгтгэгдээд 1 хэрэг болсон. Нэхэмжлэгч нарын тайлбарыг сонслоо. Нэхэмжлэл тус бүр дээр дараах тайлбарыг хэлье. Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 зөрчигдсөн гэх асуудал ярьж байна. Тэр нь Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг 5 хоногийн дараа хуралдаанаараа хэлэлцэж орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төслийг боловсруулаад тухайн хуралд өргөн мэдүүлнэ гэж байгаа. Хуульд анхдугаар хуралдаанд Сонгуулийн хороо орж мэдээлэл танилцуулна гэх зүйл байхгүй зөвхөн өргөн мэдүүлнэ л гэж байгаа. Тэр нь тухайн хуралд шийдвэрийг  өргөн мэдүүлсэн байхыг ойлгоно. Сонгуулийн хороо 5 хоногийн дотор хуралдаанаараа шийдвэрлэсэн мэдээллээ олон нийтэд болон хуралд мэдээлнэ гэж байна. Үүний дагуу шүүхэд хүсэлт гаргаад Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны албан ёсны Фэйсбүүк хуудсанд үзлэг хийлгэж 5 хоногийн дотор төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх талаар хэлэлцэж тохироод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд мэдүүлсэн байгааг тогтоосон. Тухайн олон нийтэд ил тод болсон мэдээллийг ашиглаад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан дээр хамгийн ахмад төлөөлөгч н.Ойнбилэг танилцуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлсэн байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т  Хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож хуралдана гэж байгаа. Тэгэхээр тухайн хуралдааны дэгийг хэн нэгэн урьдчилан тогтоох боломжгүй хурал өөрөө дэгээ тогтоож шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тийм учраас Сонгуулийн хороо заавал орж мэдээлэл хийх шаардлага байхгүй. Хуулийн дагуу олон нийтэд нээлттэй болсон мэдээллийг хуралдаан дээрээ танилцуулаад бүрэн эрхээ зөвшөөрүүлсэн. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх заалт зөрчигдөөгүй байгаа. Мөн сая гаргаж өгсөн баримтаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Сонгуулийн хорооны даргад төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх материалаа өргөн мэдүүллээ гэсэн баримт байгаа. Нэхэмжлэл дээр олонхи бүрдээгүй гэсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ярихдаа яриагүй учраас энэ асуудлыг орхиё. Нэхэмжлэгчийн зүгээс хуралдааны ирцийг хангалттай бүрдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. ******* даргын нэхэмжлэл дээр ирц бүрдээгүй, мөн Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 зөрчигдсөн гэсэн хоёр л зүйл байгаа. Бусад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс харахад хууль зүйн үндэслэлгүй, 16 цагт хуралдах байтал 13 цагт хуралдсан учраас хуралдааныг хүчингүй болгож өгнө үү гэсэн болохоос яг хуулийн шаардлагаа тодорхой гаргаагүй байгаа. 16 цагаас хуралдсан асуудал бол ажлын албаны ажил, бусад зохион байгуулалттай холбоотой гэдэг нь хэргийн материалаас харагдаж байгаа. Монгол Ардын намын төлөөлөгч нар бол анхдугаар хуралдааны урилгыг хүлээн аваагүй гэдгийг төлөөлөгч нарын тайлбар дээрээс тодорхой харагдаж байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасны дагуу Монгол Ардын намын 20, хувьсгалт намын 1, бие даагч 1 төлөөлөгч нар хуулийн дагуу олонхийн ирц бүрдээд хуралдсан. Хуралдааны урилгыг ажлын алба тараасан гэж байгаа боловч түүнд ажлын алба хариуцлагагүй хандсан гэдэг нь гэрчийн мэдүүлгүүдээс тодорхой харагдаж байгаа. Гэрч н.Болормаа нь н.Мягмаржавт өгсөн, н.Мягмаржаваас  нь асуухад би Ардын намын байранд ороод нэг хүнд өгсөн тэр хүнээ танихгүй гэж байгаа. Тэгэхээр Монгол Ардын намын төлөөлөгчид олонхи буюу 22 төлөөлөгчдийн буюу 55 хувийн ирцийг бүрдүүлээд хуралдсан байгаа. Мөн 20 хоногийн дотор анхдугаар хуралдааныг Тэргүүлэгчид хуралдуулах хуулийн заалттай байдаг. Түүний хүрээнд хурлаа хугацаандаа хийсэн. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т 20 хоногийн дотор зарлана гэсэн болохоос тухайн хуралдааны цагийг зарлана гэсэн хуулийн заалт, үг үсэг байхгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т зааснаар хуралдааны дэгийг өөрсдөө зохиогоод олонхи хуралдахаар хүрэлцэн ирсний дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба үйлчлэх ёстой. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын хуралдаанд тухайн нийт төлөөлөгчдийн олонхи нь ирсэн бол хүчинтэйд тооцно гэж байгаа. Тэгэхээр 40 төлөөлөгчөөс 22 нь хуралдахаар ирсэн байгаа учраас ажлын алба хуралдааныг зохион байгуулж явуулсан. Нэг намд нь урилга өгсөн өгөөгүй байгаа нь нотлох баримтаар нотлогдсон. Олонхи ирцээ бүрдүүлж хуралдсан. Нөгөө талаас энэ бол улс төрийн шийдэл байсан. Ажлын албаны зүгээс Ардчилсан намын төлөөлөгчдөд урилга тараагаад Монгол Ардын намын төлөөлөгч нарт урилга тараахгүй байгаа явдал нь өөрөө улс төржсөн асуудал. Энэ улс төржсөн асуудлын хүрээнд ямар асуудал яригдах вэ гэхээр олонхи өөрсдөө хариуцлага хүлээх үүднээс хуульд заасны дагуу ирцээ бүрдүүлж хуралдсан нь улс төрийн шийдэл, шийдвэр байсан.

         Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Төлөөлөгч нараараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан. Энэ маргаан хэдийн Захиргааны маргаан боловч улс төрийн шийдлийг илэрхийлсэн маргаан болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Говь-Алтай аймгийн 36.000 иргэний саналыг үгүйсгэж, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тараахаар болж таарна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд Ардчилсан намын гишүүдэд урилга тараагаад Монгол Ардын намын төлөөлөгч нарт урилга тараахгүй гэсэн  нь улс төрийн шийдэл. Монгол Ардын намын Ардчилсан намынханыг хуралдаа оруулалгүйгээр ирцээ бүрдүүлж хурлаа хуралдаж байгаа нь улс төрийн шийдэл. Улс төрийн шийдвэрүүд гарчихсан. Энэ бүхнийг шүүхээр шийдүүлэх гээд байх хуулийн боломж байхгүй.  Яагаад гэвэл Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д улс төрийн шийдэл гаргах ажиллагаа нь энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Захиргааны Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан маргаан нь Захиргааны хэргийн маргаанд хамаарахгүй гээд заачихсан байгаа. Тэгэхээр улс төрийн шийдлийг Захиргааны шүүх шийдвэрлэх боломжгүй гэсэн үг. Анхдугаар хуралдааны ирцийг нийт 22 төлөөлөгчөөр бүрдүүлсэн.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан. Үүнд заасны дагуу хуралдаанаа хийсэн. Хурал нь төлөөллийн байгууллагын үндсэн зарчим бол олонхийн зарчимд тулгуурлаж ирцээ бүрдүүлэн шийдвэрээ гаргана. Хуралд олонхийн саналаар шийдвэр гарсан учраас энэ хурал хүчинтэй болж байгаа. Ардчиллын нэг сул тал нь цөөнхийнхөө эрхийг зөрчиж байж олонхи шийдвэрээ гаргадаг гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр төлөөллийн бөгөөд үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралддаг байгууллагын хувьд олонхоороо шийдвэрээ гаргаж ирцээ бүрдүүлж явсан.

 

 Гуравдагч этгээд ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид нар хурлаа хуралдаад анхдугаар хуралдаанаас бүх төлөөлөгч нарын бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоол гарчихсан байгаа Түүнээс Ардчилсан намын 17 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөөгүй зүйл огт байхгүй. Дээрээс нь яагаад улс төрийн шийдэл гаргаад байсан бэ гэхээр Ардын намаас , гэх хүмүүсийг хууль бусаар сонгуулийн хорооны тогтоол гарч түр түдгэлзүүлсэн, мөн намайг Ардчилсан намаас хүмүүс залгаж манай намд ороод санал өгөөч гэж ярьж байсан.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын тэргүүлэгчдийн зарлан хуралдуулахаар хуульчилсан. Өмнөх бүрэн эрхийн Тэргүүлэгчид 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр анхдугаар хуралдааны товыг зарласан өдөр анхдугаар хуралдааныг хуралдуулж, хуралдаандаа оролцсон. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалт буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж заасан. Хуульд заасны дагуу  Монгол Ардын намын 20,  Монгол ардын хувьсгалт намын 1, бие даагч 1, нийт 22 төлөөлөгч хуралдаанд оролцсон учраас хурал хүчин төгөлдөр болсон гэж гуравдагч этгээдүүдийн зүгээс үзэж байна. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь төлөөллийн байгууллага бөгөөд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан. Төлөөллийн бөгөөд үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралддаг байгууллагын хувьд олонхийн зарчимд тулгуурлаж шийдвэр гаргадаг. Хуралд олонхи ирсэн олонхийн саналаар шийдвэр гаргасан учраас анхдугаар хуралдааны шийдвэр нь хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгч нарын зүгээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд сонгуулийн хорооноос албан ёсны дүн танилцуулаагүй, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй  гэсэн үндэслэл гаргасан байна. Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-д аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд 7 хоногийн дотор мэдээлнэ гэж заасан. Аймгийн Сонгуулийн хороо 07 дугаар сарын 01-ий өдрийн 07 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 87 хэсгийн хорооны санал хураалтын дүнгээс 86 хэсгийн хорооны санал хураалтыг хүчинтэйд тооцож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдээс 40 нэр дэвшигчид төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулсан. Аймгийн сонгуулийн хороо нь 07 дугаар сарын 01-ий өдрийн 07 дугаар  тогтоолоор ил тод тавьж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсрэгийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д хуралдааны дэгийг тухайн хурал өөрөө тогтоож тогтоолоор батална  мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэж заасан, 23 дугаар зүйлийн 23.4-д өмнөх бүрэн эрхийн Тэргүүлэгчид хуралдааны товыг тогтоохоос цаг зарлах хууль зүйн зохицуулалт байхгүй. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь удирдана гэж заасны дагуу *******ээр хуралдааныг удирдуулсан нь хуульд нийцэж байгаа. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хүчингүй болгуулах дахин хуралдуулахаар даалгах нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж гуравдагч этгээдүүдийн зүгээс үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн иргэн *******, Харзат багийн иргэн *******, *******, Оргил багийн иргэн *******,  Жаргалант багийн *******, Шарга сумын Баянгол багийн ******* нарын нэхэмжлэлтэй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /ИТХ/ дарга *******, төлөөлөгч ******* нарт холбогдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны  01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      1. Төлөөлөгч , нарыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийг үндэслэн, Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч, хурлын төлөөлөгчдийн түр үнэмлэхийг хүчингүй болгосон. Тиймээс ИТХ-ын Анхдугаар хуралдаанд төлөөлөгчийн олонхи ирсэн гэж үзэх үндэслэлгүй 20 төлөөлөгч хуулинд зааснаар олонхи болохгүй гэсэн тайлбарын тухайд:

Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар шүүхийн шийтгэврийг үндэслэн , нарыг нэрсийн жагсаалтаас хасч, тухайн тойргийн сонгуулийн санал хураалтын дүнг хүчингүй болгож, хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгох тухай 08 дугаар тогтоол гаргасаныг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны 27 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 10-ны 08 дугаар тогтоолыг захиргааны илт хууль бус актад тооцон, хүчингүй болгосон байна.

Мөн анхдугаар хуралдаан болох өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 113 дугаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж гаргаж, аймгийн Сонгуулийн хорооны  2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлсэн байсныг дурдах нь зүйтэй байна.

Иймд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон , нар нь анхдугаар хуралдаанд оролцож санал өгөх эрхтэй байна. 

      2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан анхдугаар хуралдааны дэгийг зөрчсөн үйлдлүүдийг гаргасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу төрийн хүндэтгэлийн морин хуурыг эгшиглүүлэх байсныг эгшиглүүлээгүй гэсэн тайлбарын тухайд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.6-т “...шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад ... нээж удирдана” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “...Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн А “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал”, Б “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх”, хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 “Анхдугаар хуралдаанаар .... хурлын тэргүүлэгчдийг ...дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, хуулийн 18 дугаар зүйлийн  18.1.1 “Г”, 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар Засаг даргыг сонгох зэрэг  аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нарийвчлан тусгасан байна. Иймд Анхдугаар хуралдаанаар хууль заасны дагуу асуудлуудыг хэлэлцэн шийвэрлэсэн байхад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан хуралдааны дэгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн 2016 оны 07 дугаар сарын 19-ны аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан нь хуралдааныхаа дэгийг хуралдаанд оролцож байгаа Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан байгааг дурдах нь зүйтэй байна. 

     3. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 16.00 цагт Анхдугаар хуралдааныг хийхээр товлон зарлан урилга ирүүлсэн. Гэтэл аймгийн МАН-аас сонгогдсон төлөөлөгчид 07 дугаар сарын 19-ны 16.00 цагт болох хуралд ирээгүй, шалтгааныг тодруулахад 13.00 цагт хуралдсан гэсэн тайлбарыг өгч хуралд оролцохоос татгалзсан. Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан албан ёсоор хуралдаагүй гэсэн тайлбарын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасны дагуу Анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Алтай хотод хуралдуулахаар товлон зарласан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэж зааснаар тухайн хурлын хуралдааныг товлон зарлах түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлыг хурлын Тэргүүлэгчид бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх бөгөөд хуулийн 20.3, 20.4-т  Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна гэж зааснаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 34 дүгээр тогтоолоор анхдугаар хуралдаан болох өдөр, хэлэлцэх асуудлыг тогтоосон бөгөөд хэлэлцэх асуудлын бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга д үүрэг болгосон байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулах бэлтгэл ажлыг хангах, ИТХ болон Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын алба бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 19-нд хуралдах анхдугаар хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангалтгүй хэрэгжүүлснээс доорх нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Анхдугаар хуралдааныг товлон зарласан тогтоолд тухайд өдрийг товлон зарласнаас хэдэн цагаас анхдугаар хуралдаан эхлэх эсэх асуудлыг заагаагүй харин аймгийн ИТХ-ын дарга ******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа “...16.00 цагт хуралдаан эхлэхээр зарласан...”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт “...аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааныг товыг зарласан, анхдугаар хуралдааны урилгыг З.Мягмаржав хийлгэж тараасан. Хуралдааны цагийг ажлын албаны даргын хувьд аймгийн иргэдийн хурлын дарга *******, тэргүүлэгч Х.Мягмардаш, А.Пүрэвсүрэн, Л.Очир, утсаар Г.Чинбат, М.Дашпунцаг, Д.Чинзориг нартай зөвшилцөж байгаад ажлын албаны даргын өрөөнд 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 16 цаг гэж товлосон” гэсэн тайлбараас үзэхэд аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 16.00 цагт эхлэн хуралдуулахаар товлон зарласан байна.

Ингээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас ээлжит сонгуулиар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, ИТХ-ын Төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авсан төлөөлөгч нарт анхдугаар хуралдаан болох газар, өдөр, цаг, хэлэлцэх асуудлыг тусгасан урилга хэвлүүлж, хүргүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд урилга төлөөлөгч бүрт хүргэгдсэн эсэх нь тогтоогдохгүй байна.

Гэрч З.Мягмаржав “...2016 оны 07 дугаар сарын 17-нд урилга хэвлүүлсэн, ...2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр намын байрууд дээр нь очиж өгсөн, ...Ардчилсан намын байранд очиж аймгийн иргэдийн Хуралд нэр дэвшиж оролцсон *******д өгсөн. Монгол Ардын намын байрны 2 давхарт ороод нэг залууд өгсөн. Сайн танихгүй нэрийг нь мэдэхгүй байна. Монгол Ардын Хувьсгалт намын хороонд өгөх гэж очсон боловч хүн байхгүй байсан учир хурлын ажлын албанд авч ирсэн.... гарын үсэг зуруулаагүй...” гэсэн гэрчийн мэдүүлэг, гэрч Д.Цолмон “...хуралдааны урилгыг төлөөлөгчдийн тоогоор З.Мягмаржав хэвлүүлсэн, ... урилгыг ажлын албаны шийдвэрийн биелэлт, мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн З.Мягмаржав тараасан. Төлөөлөгч бүрт хүргэгдсэн эсэхийг З.Мягмаржаваас тодруулна уу. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр урилга хүргэгдсэн” гэсэн гэрчийн мэдүүлэг мөн Говь-Алтай аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга ******* шүүхэд ирүүлсэн 2016 оны 10 сарын 20-ны 104 тоот албан бичигт “...2016 оны 07 дугаар сарын 1-ны өдрийн 16.00 цагт болох аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанд оролцох тухай ...урилгыг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15.00 цагт Ардчиллын өргөөний 202 тоот буюу ... *******д авчирч өгснийг тухайн өдөрт нь төлөөлөгч тус бүрт өөрийн биеээр урилгыг гардуулан өгсөн” гэсэн албан бичиг, 2016 оны 10 сарын 24-ны өдөр МАН-ын дарга оос шүүхэд ирүүлсэн “ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас МАН-ын төлөөлөгчдөд ИТХ-ын Анхдугаар хуралдааны урилга тарааж өгөөгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн 149 дугаар албан бичиг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээс аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны урилга төлөөлөгч нарт бүрэн хүргэгдээгүй нь тогтоогдож байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” хуулийн 43.4 “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж зааснаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба  анхдугаар хуралдааныг зохион байгуулах үүрэг бүхий байгууллагын хувьд анхдугаар хуралдааны урилгыг төлөөлөгч нарт хүргүүлж, гардан авсан этгээд гарын үсэг зурсанаар анхдугаар хуралдаан 16.00 цагт эхлэнэ гэдгийг мэдэгдсэн гэж үзэхээр байх бөгөөд энэ үүргийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба хариуцан гүйцэтгэх байсан байна.

Дээрх нөхцөл байдлаас болж аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 13 цаг 35 минутаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 “Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж зааснаар нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирж аймгийн Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд анхдугаар хуралдаанаа хийсэнийг буруутгах боломжгүй юм.

       4. Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар сонгуулийн хороо орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл, сонгуулийн дүнг анхдугаар хуралдаанд албан ёсоор танилцуулдаг. Гэтэл Сонгуулийн хорооноос сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулаагүй, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй, төлөөлөгчид /энгэрийн тэмдэг, үнэмлэх/-ээ гардаж аваагүй байхад, хууль бус анхдугаар хуралдаан болсон гэсэн тайлбарын тухайд:

Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.10-т “аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх”, хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11 “шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан аймаг, нийслэлийн хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан үүргийг биелүүлж ажиллах бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр 161.1 “...нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно”, хуулийн 161.3 “...хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно”, хуулийн  161.4 “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж,  энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ” гэж зааснаар Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт буюу  2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж,  “УИХ болон орон нутгийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 07 дугаар тогтоол гарган, уг тогтоолын 3 дахь заалтаар сонгуулийн тойрогт нэр дэвшигч бүрийн авсан саналыг хүчинтэй саналын хуудаснаас тооцон, хамгийн олон сонгогчийн санал авсан дарааллыг баримтлан 1 дүгээр хавсралтын жагсаалтад сонгогдсонд тооцогдсон, тэмдэглэгдсэн нэр дэвшигчдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тооцож, тогтоолын 4 дэх заалтаар санал хураалтад оролцсон сонгогчдоос тойрогтоо хамгийн олон санал авч аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон 2 дугаар хавсралтын жагсаалтад дурдагдсан нэр дэвшигчдэд ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэх олгож, аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанд өргөн мэдүүлсүгэй гэж тогтоол гаргаснаар дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл аймгийн Сонгуулийн хорооны 07 дугаар тогтоолоор шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, аймгийн хуралд өргөн мэдүүлсэн гэж үзэж, 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Говь-Алтай аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанд хуралдаан даргалагч ******* аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ны 07 дугаар тогтоолыг уншиж танилцуулж, аймгийн ИТХ-ын түр үнэмлэхээ авсан 40 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч 01 дугаар тогтоол гарган төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрх нь зөвшөөрөгдсөн төлөөлөгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ эдлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.6, 23.7, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4, Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, Анхдугаар хуралдааныг хуралдуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

      2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 70200 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

       4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ