Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0104

 

Б.И-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.И-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтад заасныг баримтлан “Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Б.И-ийг Отгон сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар сарын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг заасныг баримтлан Б.И-ийн ажилгүй байсан 209 хоногийн цалин 4.667.806 төгрөгнөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Анхан шаты шүүхээс миний гаргасан тушаалыг захиргааны илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Б.И болон манай аймгийн 24 сумын байгаль хамгаалагчийг Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар байгаль хамгаалагчийн ажилд авсан байдаг. Байгаль хамгаалагчийн цалингийн сан нь манай байгууллагын төсөвд сууж, манай байгууллагаас олгодог, манай байгууллагаас баталсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар, хөдөлмөрийн харилцаанд ордог манай байгууллагын бүтэц, харьяанд ажил үүрэг гүйцэтгэдэг юм.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хүчингүй болгуулах шаардлага гаргасан байхад илт хууль бусыг тогтоосон нь үндэслэлгүй юм.

Мөн иргэн Б.И нь төрийн албаны зөвлөлд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бөгөөд өөрийн ажлаас халагдсан тушаалын 2017 оны 4 дүгээр сарын 19-нд мэдсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд миний гар утас руу янзан бүрийн мессеж бичиж байсныг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад үнэлээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т ажлаас халсан тушаалыг мэдсэнээс хойш 1 сарын дотор гомдол гаргасан байх шаардлагатайг нарийвчилсан хуульд тусгайлан зааж өгсөн байхад үнэлээгүй.

Нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01, 02 сарын цалингийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний талаар маргаагүй байхад маргаантай байгаа учраас иргэний журмаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь дээрх цалин хөлсөө манай байгууллагаас болон шүүхэд цалин хөлснийхөө нэхэмжлэлийг 3 сарын дотор гаргаагүй буюу хөөн хэлэлцэх хуагцаа нь дууссан байхад шүүх нэхэмжлэгчид илт ашигтайгаар шийдвэрлэсэн.

Манай байгууллагын байгаль хамагаалагчид тухайн сумын Засаг даргын Тамгын газрын байранд сууж цагаа тус газарт бүртгүүлэн цалингаа тооцон авдаг үүнийг Отгон сумын Засаг даргын Тамгын газрын даргын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байхад, цагийн бүртгэлээр нотлогдсон байхад шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Анхан шатны шүүх нь 3 сарын дотор 2 сар гаруй хугацаанд ажлаа тасалсан хүнийг ажилд нь эгүүлэн тогтоосонд гомдолтой байна. Үүнээс гадна хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заасан сар бүрийн, хагас жилийн болон хугацаатай мэдээ тайлан ирүүлдэгүүй, сахилгын шийтгэл аваад байхад ажил тасалж, сарын тайлангаа явуулдаггүй хүнийг өөхшүүлж байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шаны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.И-ийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн мөн чөлөө зөвшөөрөлгүй олон өдөр ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг давтан гаргасан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 7.9, 13.6.4 дахь заалтуудыг үндэслэн Завхан аймгийн Отгон сумын байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Уг тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандахад, тус салбар зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Б.Идэрмөнхийг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг “эрх зүйн үндэслэлгүй” гэж үзэж, хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгч Б.И хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М нь нэхэмжлэгч Б.Идэрмөнхийг Отгон сумын байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргах эрх хэмжээ байгаа гэж үзсэн үндэслэлээ “...байгаль хамгаалагчийн цалингийн сан нь манай байгууллагын төсөвт сууж, манай байгууллагаас олгодог, манай байгууллагаас баталсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар хөдөлмөрийн харилцаанд ордог, манай байгууллагын бүтэц, харъяанд ажил үүрэг гүйцэтгэдэг тул ажлаас чөлөөлөх эрх хэмжээ олгогдоогүй гэж үзэхгүй” хэмээн давж заалдах гомдолдоо дурджээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4/-т “байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн саналыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу сумын байгаль хамгаалагчийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга биш, харин сумын Засаг дарга чөлөөлөхөөр   зохицуулсан байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад байгаль хамгаалагчийг томилж, чөлөөлөх эрх олгогдоогүй тул Б.И-ийг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалыг илт хууль бус гэж үзнэ.

Хариуцагч нь өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргасан байх тул эрхгүй этгээдийн гаргасан шийдвэр илт хууль бус, анхнаасаа хууль зүйн үр дагавар үүсгэхгүй тул уг актын үндэслэл, үйл баримт, мөн хариуцагчийн маргаж буй нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн гомдол гаргасан гэх асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар саруудын цалинг хариуцагч олгоогүй гэх шаардлагын хувьд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасантай нийцсэн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн эзэмшлийн Төрийн банкны 172400156276 дансны хуулгаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд цалингийн орлого орж ирээгүй гэх боловч түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2016 оны 12 дугаар сарын цалин 482.429 төгрөг олгогдсон, үүнээс холбогдох шимтгэл төлөгдсөн талаарх бичилт хийгдэж, нийгмийн даатгалын байцаагчийн тэмдгээр баталгаажсан байна.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийг ажил тасалсан гэх үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар нэг сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авч байсан байх ба энэхүү актыг нэхэмжлэгч надад мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар сарын цалинг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагын хохирлын хэмжээний талаар талууд маргаантай гэж үзэхээр байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн заалтыг буруу бичсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...26.4.4...” гэснийг “4 дэх хэсгийн 4/” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...106...” гэсний өмнө “54 дүгээр зүйлийн 54.1.1,“ гэж, “...106.6...” гэсний дараа “109 дүгээр зүйлийн 109.2” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ