Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 577

 

 

 

 

 

 

 

 

   Ц.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Даваасүрэн,

ялтан Ц.Эрдэнэбаярын өмгөөлөгч Ж.Яринпил,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Болормаа,  

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Эрдэнэбаярт холбогдох 201525012290 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Түнтүүлэй овгийн Цэнд-Аюушийн Эрдэнэбаяр, 1986 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 10-471 тоотод оршин суух,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: РЭ86070310/

 

Ц.Эрдэнэбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 125 дугаар байрны 19 тоот, Д.Бартогтохын гэрт А.Хатанбаатартай “архины мөнгө нэхлээ” гэж маргалдах явцдаа шилэн аягаар зүүн чамархайн тус газарт нь цохиж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Эрдэнэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Эрдэнэбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 265 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэргийн эд мөрийн баримт болох тамхины хайрцаг, асаагуур, шилэн аяганы хагархайнууд, порлон, “Стандарт” архины шил 2 ширхэг зэргийг устгаж, Ц.Эрдэнэбаярын өмсөж явсан гэх хүрэн өнгийн үдээстэй хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаярын хувьд ноогдох хөрөнгөөс 5,877,892 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Болормаад олгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Ц.Эрдэнэбаяр давж заалдах гомдолдоо: “... 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 125 дугаар байрны 19 тоотод Бартогтохын гэрт очсон. А.Хатанбаатар хаалга онгойлгож өгсөн. Том өрөөнд ороход гэрийн эзэн Бартогтох унтаж байсан. Хатанбаатар бид хоёр том өрөөний буйдан дээр суухад Хатанбаатар “Бартогтох бид хоёр түрүүхэн 1 шил архи уусан. Одоо чи надад 1 шил архи авч өг” гэсэн. “Надад мөнгө байхгүй” гэтэл талийгаач босч ирээд “битгий худлаа яриад бай” гээд миний халаасыг нэгжээд мөнгө гарч ирээгүй болохоор “чи мөнгөө хаана нуучихаад орж ирсэн бэ” гээд миний цээж рүү баруун гараараа 2 удаа цохьсон. “Та яаж байгаа юм бэ” гэтэл талийгаач “чам шиг гуйлгачинг алчихсан ч яадаг юм” гээд миний аюулхай руу цохьсон. Би амьсгаа авч чадахгүй доош суугаад хэсэг болсон. Арай гэж амьсгаа аваад газар тулаад босох гэтэл талийгаач дахин цохих гээд далайж байсан. Тухайн үед босох гэж газар тулахад гарт стакан таарч сандарсандаа цохьсон байсан. Талийгаачийн нүүрэн тус газраас нь цус гарч байх шиг харагдсан. Тэгтэл талийгаач А.Хатанбаатар “чи муу яаж байна, чамайг ална” гээд босч ирэхээр нь том өрөөний цонхоор гарч зугтаасан ба зугтаах үед миний нуруунаас барьж авах гээд самардсан. Би цонхоор гарч зугтаад гэртээ харьсан. Тэр стаканаар хүн цохиод ийм аймшигтай зүйл болно гэж огт бодоогүй. Талийгаач бид хоёр ах дүүсийн хүүхдүүд бөгөөд бие биедээ муу зүйл санаж явсан удаагүй. Хоорондоо маш дотно нөхөрлөдөг байсан. Би ийм зүйл болсонд маш их харамсаж талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж байна. Иймд миний бие хүний амь насыг санаатай хохироох гэсэн ямар ч санаа, зорилго байгаагүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Ц.Эрдэнэбаярын өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Эрдэнэбаярын гэм буруутай үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь хэргийн үйл баримт (факт), гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрээр үгүйсгэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчийн амь насыг бусниулсан зорилго, сэдэлтийг тогтоох нь чухал бөгөөд хэргийн тухайд хохирогчийн амь насыг бусниулах гэсэн зорилго, сэдэлт тогтоогдоогүй. “Хүнийг санаатай алах” гэдэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл байдаг. Стаканаар цохисноос гарах үр дагаварт хайхрамжгүй хандсан хэлбэртэй байх тул ялтан Ц.Эрдэнэбаярын гэм бурууг бусдыг болгоомжгүй алах гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зохих ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд гэр бүлээ төлөөлж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Үхсэн хүн үг хэлэхгүйг далимдуулж ийм зүйл ярьж байна. Өдий хүртэл шүүгдэгчийг уучлал гуйх болов уу гэж хүлээсэн. Түүний ар гэрийнхэн хүүг нь бид шоронд хийлгэсэн юм шиг л ханддаг. Ц.Эрдэнэбаяр ялаа эдлээд л гараад ирнэ. Гэтэл талийгаачийн хувьд айлын ганц эрэгтэй хүүхэд байсан. Эцэгийн минь удам тасарч байна. Ц.Эрдэнэбаярыг талийгаачийг цусаа гоожуулаад байж байхад нь хаяад явсанд гомдолтой байгаа. Өмнө нь дүүг маань хутгалж байсан. Үүнийг гэрчлэх хүн байгаа. Би өөрөө эмч хүн. 5 промилли согтолттой хүн бусдын элэг рүү нь цохиод байж байна гэхэд би итгэхгүй байна. Манай дүү 171 см өндөртэй, шүүгдэгч 184 см өндөртэй. Манай дүүтэй харьцуулахад маш өндөр хүн юм. Тэгээд ч эрүүл хүн согтуу хүнд элэгдүүлнэ гэж байхгүй. Талийгаач маш их хэмжээний цус алдсан, зүүн чамархай, хөмсөгний хэсэгтээ гэмтэл авсан байсан. Маргалдаж байхдаа яагаад өөр газар нь цохиж болоогүй юм бэ. Хэрэг болсон нөхцөл байдлыг гэрчлэх гэрчгүй гэдгээр нь далимдуулж ингэж ярьж байна. Миний дүү бусдаас архины мөнгө нэхэх хүмүүжилтэй хүн биш. Архи уусан ч аав, ээждээ мэдэгдэлгүй, зөв зохистой хэмжээнд хэрэглэдэг хүн байсан. Талийгаач тухайн өдөр Бартогтоход ажлын санал тавихаар гэрт нь очсон. Ц.Эрдэнэбаяр харин яах гэж очсныг мэдэхгүй. Ц.Эрдэнэбаярын эх нь миний аавыг “Нохойн үхлээр үхнэ шүү” гэж доромжилсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.    

 

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэл тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ялтны өмгөөлөгч Ж.Яринпилээс Ц.Эрдэнэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх ёстой гэжээ. Ц.Эрдэнэбаярын үйлдэл нь шууд бус санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт  “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ” гэж заасан. Ц.Эрдэнэбаяр хохирогчийг стаканаар цохьсон үйлдэл нь хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч зориуд хийсэн, гэм хорыг зориуд учруулсан үйлдэл юм. Түүний үйлдэл нь хор уршиг учрахыг мэдсэн боловч хайхрамжгүй хандсан зүйлгүй. Ц.Эрдэнэбаяр хохирогчийн биед гэмтэл учирна гэдгийг мэдэж байсан. Түүний үйлдэл хангалттай нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ц.Эрдэнэбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 125 дугаар байрны 19 тоот, Д.Бартогтохын гэрт А.Хатанбаатартай “архины мөнгө нэхлээ” гэж маргалдах явцдаа түүнийг шилэн аягаар зүүн чамархайн тус газарт нь цохиж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны автобусны буудлын зүүн урд байрлах 125 дугаар байрны 2 дугаар орцны 1 давхарын 19 тоотод хохирогч А.Хатанбаатар гадны нөлөөтэй нас барсан байсныг хэрэг учралын газарт үзлэг хийн бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-3-24/,

- Хохирогчид духны зүүн хэсэгт 3х0,3 см, 1,5х0,5 см, 1х0,2 см, 1,5х0,1 см хэмжээтэй өнгөц зах ирмэг тэгш шархнуудтай, духны зүүн хэсэг, зүүн чих чамархай орчим 4х6,5 см, 5х1 см, 3,5х0,5 см зах ирмэг тэгш гүн шархтай, зүүн хөмсөгний гадна ирмэгт 1х0,5 см, дээд уруулд 1х0,5 см шархтай, хоёр өвдөгт тав бүхий хуучин шарх үүссэн байсныг цогцост үзлэг хийн бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-36-39/,

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач А.Хатанбаатарын биед зүүн чамархайд гүн зүсэгдсэн шарх, духанд өнгөц шарх, зулгаралт, зүүн хөмсөг, дээд уруулд өнгөц шарх, зүүн, баруун дал, бүсэлхийд нас барсны дараах зулгаралт, зүүн, баруун өвдөгт хуучин шарх гэмтэл үүссэн байснаас зүүн чамархайд учирсан шархны улмаас цочмог цус алдаж нас барсан. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1836 дугаар дүгнэлт /1-р хх-76-78/,

- “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын нөхөн үзлэгээр бэхжүүлж авсан №1, №2, №3 дугаартай цус мэт зүйлийн арчдас, буйдангийн завсараар үүрч бутарсан шилний хэлтэрхий, зочны өрөөний цонхны гадна давцан дээрээс авсан арчдас, зочны өрөөний цонхны доод ирмэгээс авсан арчдас, гандаж шарласан өвс дээрх цус мэт зүйл, цус мэт зүйлээр бохирлогдсон шороо, төмөр хашлаганы доод хэсгээс авсан цус мэт зүйлээр бохирлогдсон чулуун дээр цус илэрсэн. Дээрх бүх зүйлс дээр илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай” гэсэн шинжээчийн №9218 дугаар дүгнэлт /1-р хх-101/,

- “Ц.Эрдэнэбаярын биед баруун гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн №14949 дугаар дүгнэлт /1-р хх-229/,

- Гэрч Д.Бартогтохын “... Би тархины өвчтэй болохоор унтах болгондоо нойрны эм ууж унтдаг юм. Өглөө 11-12 цагийн орчим хаалга тогшихоор нь Сайханбаяр очиж онгойлгоход талийгаач ганцаараа орж ирсэн. Сайханбаяр зөрөөд явсан. Би архи бас нойрны эм уучихсан байсан учир буцаад унтаад өгсөн. Талийгаач ганцаараа үлдсэн. 20-21 цагийн орчим сэрэхэд том өрөөний голын хивс, буйдан, коридорын шал нил цус болсон байсан ба талийгаач гал тогооны өрөөнд цээж нүцгэн ширээний хажуугаар хэвтэж байхаар нь “хөөе бос” гэж хэлэхэд босоогүй. Би тамхи татахаар гараад Эрдэнэбаярынд очсон. Эрдэнэбаяр гэртээ ганцаараа байсан ба намайг ирлээ гэж 0,5 литрийн “Чингис” архи задлаад, хувааж уусан. Дараа нь Эрдэнэбаяр “танайд очъё” гээд бид хоёр манайд ирсэн. Замдаа дэлгүүрээс 0,75 литрийн “Монгол стандарт” архи авсан. Эрдэнэбаяр манайд орсоноо талийгаачийг харангуутаа “би явлаа” гээд буцаад гараад явсан. Би талийгаачийн цээжин дээр нь чихээ нааж үзэхэд амьсгалахгүй байхаар нь шууд цагдаа дээр ирж хэлсэн. Манайд хэрүүл, зодоон болсон эсэхийг би мэдэхгүй...” /1-р хх-48, 2-р хх-122-124, 125/,

- Гэрч Ц.Амгалангийн “... Би 32 дугаар СӨХ-ийн 125, 121 дүгээр хоёр байрны цэвэрлэгээг хариуцдаг юм. Бартогтох миний хариуцдаг 125 дугаар байрны 19 тоотод эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг... Бартогтохыг архи уугаад ухаан алдаж унадаг гэдэг байсан. Одоогоос 3 хоногийн өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 40 минутын үед Бартогтох ганцаараа орж ирээд танд гэрийнхээ түлхүүрийг өгье, янз бүрийн юм болох юм бол та орж ирээрэй гээд нэг ширхэг гэрийнхээ түлхүүрийг өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15-аас 16 цагийн орчим Бартогтохын гэрийн дээд давхарт нь байдаг өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй над руу утсаар яриад орцны хаалга эвдсэн байна хүрээд ир гэхээр нь найз Ариунтуяагийн хамт очоод хаалгыг янзалж байтал багш эмэгтэй “үүнийг хар даа, коридороор дүүрэн нил цус байна. Бартогтохынхоос гарсан юм биш үү” гэхээр нь хартал Бартогтохын гэрийн үүднээс цусан дуслууд дусаад коридороор дусаад орцоор гараад зам хөндлөн гараад баруун зүг рүү жижиг хашаа хүртэл дусалсан байхаар нь тэр цусыг дагаж үзээд шууд Бартогтохын гэрийн хаалгыг татсан чинь цоожтой байхаар нь түлхүүрдэж онгойлгоод ортол яг үүдэнд Бартогтох нилээн согтуу гөлөрчихсөн хаалга руу хараад зогсож байсан. Дотогшоо оролгүй хаалгыг нь хаагаад байрны араар ороод цонхон дээр нь ирээд харахад цонхны салхивч онгорхой цонхны рамны гадна талыг хүн цустай гараараа барьчихсан юм шиг хоёр гурван газарт цус болчихсон байсан. Мөн ногоон зүлгэний хайснаас 2 алхам зайд нөжирсөн цус бас хажууд нь хэрэглэсэн бэлгэвч байсан... Бартогтохын хувцас хунар нь зүгээр байх шиг байсан. Гэр доторх нь цус болсон юм байгаагүй. Цаашаа ороогүй болохоор бусад өрөө нь ямар байсныг мэдээгүй...” /1-р хх-51-52/,

- Гэрч З.Амартүвшингийн “... Би 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим дүү Ариунаа, нөхөр хүүхдийн хамт орж ирээд цай ууж байхдаа “Бараа ахын хаалган дээр муухай үнэртэй 2 хүн зогсож байна” гэж хэлсэн. Би 15 цаг 20 минутын үед өдөр өнжүүлэхээс гараад доошоо шатаар бууж явтал 175 см орчим өндөртэй дээгүүр өмссөн куртик нь алаг буюу дээд тал нь улбар шар, доод тал нь хөх өнгийн куртиктэй эрэгтэй хүн зогсож байсан. Ямар гутал өмд өмссөн байсныг нь санахгүй байна. Хажуугаар нь өнгөрөхөд өвгөнтийн архичдаас үнэртдэг нихүүн муухай үнэр үнэртэж байсан. Би 125 дугаар байрнаас гараад хажуу талын өөрийн амьдардаг 121 дүгээр байрны 2 тоотод ороод сууж байхад манай дүү Ариунаа, нөхөр хүүхдийн хамт манай гэрт орж ирээд манай орцны урд нил цус болсон байна гэж надад хэлсэн. Тэгээд гэрээсээ гараад өдөр өнжүүлэх рүү орох гээд дээш өгсөхөд 2 дугаар давхарын шат цус болсон байсан. Намайг шатаар дээш өгсөх үед 15 цаг 30 минут болж байсан байх...” /1-р хх-58-59/,

- Шинжээч эмч М.Отгонбаатарын “... Ир ирмэгтэй зүйл гэдэгт хагархай шилэн стакан орно. Шилэн стакан өөрөө хагарч байж ир ирмэгтэй зүйлийг үүсгэнэ... Талийгаач уг гэмтлийг аваад идэвхтэй үйлдэл хийх боломжтой...” /2-р хх-133-134/ гэсэн мэдүүлгүүд,

- Ц.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлсэн “... Том өрөөний буйдан дээр юм яриад сууж байхад Хатанбаатар “чи яасан морьгүй явж байх юм бэ, сая ганц юм уугаад дуусчихлаа” гэхээр нь “за за юм байхгүй бол яахав дээ” гэсэн. Хатанбаатар хаалганы түлхүүр өгөхгүй, хаалга онгойлгож өгөхгүй байхаар нь “чи түлхүүр өгөөч ээ, би явмаар байна” гэхэд “байж бай, ахынхаа үгэнд орохгүй” гэсэн утгатай юм яриад агсараад байхаар нь орны урд байсан шилэн стаканыг аваад баруун гартаа атгаж байгаад толгой руу нь цохьсон. Миний баруун гарын алга зүсэгдээд, Хатанбаатар толгойгоо дараад цус гарч байхаар нь айгаад том өрөөний цонхоор гараад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-194/,

“... Хатанбаатар “нэг шил архи аваад өг” гэхээр нь мөнгө байхгүй гэдгээ хэлтэл халаас нэгжиж үзээд “чи мөнгөө хааш нь нуучихаад ороод ирэв” гээд цээж рүү хоёр цохиод, элэгдсэн. Би доошоо суугаад амьсгаа аваад босох гэтэл гарт шилэн стакан баригдахаар нь талийгаач цохих гэхэд нь цочсондоо стакантай гараараа зүүн чамархай хэсэгт нь цохьсон...” гэх мэдүүлэг /1-р хх-1998-199/ зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих нөхцөл байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

 

Шүүх, Ц.Эрдэнэбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдалд  тохирсон ял оногдуулсан байна.

 

“Хохирогч архины мөнгө нэхсэнээс болж маргалдсан” гэх Ц.Эрдэнэбаярын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй учраас гэмт хэргийн сэдэлтийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэж түүнд ашигтайгаар хэргийг зүйлчилсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 3-35/, гэрч З.Амартүвшин /1-р хх 58-59/, Б.Ариунаа /1-р хх 60-61/, Ц.Амгалан /1-р хх 51-52/, О.Лхамсүрэн /1-р хх 50/ нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед Д.Бартогтохын гэрт Ц.Эрдэнэбаяр, талийгаач А.Хатанбаатар нараас гадна өөр бусад хүмүүс хэргийн газарт байсан байж болзошгүй гэж сэжиглэх үндэслэл тогтоогдож байх боловч талийгаачийн үхэлд хүргэсэн зүүн чамархайд гүн зүсэгдсэн шарх гэмтэл нь Ц.Эрдэнэбаярын шилэн аягаар цохьсон үйлдлээр үүссэн болох нь гарцаагүй нотлогдсон учраас дээрх сэжиг бүхий үндэслэлийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

“Ц.Эрдэнэбаяр нь хохирогчийг алах санаа, зорилго агуулаагүй, гагцхүү шилэн аягаар цохисноос үүссэн үр дагаварт хайхрамжгүй хандсан учир хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйл буюу бусдыг болгоомжгүй алах гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлүүлэх” талаар ялтан, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан байх ба ялтны гомдолд “хохирогч архины мөнгө нэхэж цээж рүү хоёр цохиж, элэгдээд, дахин цохих гэхэд нь айхдаа гарт таарсан стаканаар цохьсон” буюу аргагүй хамгаалалт хэрэглэсэн асуудлыг давхар хянаж үзэхийг хүсчээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл Ц.Эрдэнэбаярын сэжигтнээр байцаагдахдаа өгсөн “... агсараад байхаар нь орны урд байсан шилэн стаканыг аваад баруун гартаа атгаж байгаад толгой руу нь цохьсон...” гэх мэдүүлэг нь шилэн аяга хагарснаас баруун гарын алганд зүсэгдсэн шарх үүссэнээс өөр гэмтэл Ц.Эрдэнэбаярт учраагүй болохыг тогтоосон шинжээчийн №14949 дугаар дүгнэлтээр батлагдсан болно. Мөн хохирогч нас барах үедээ цусанд 5,0 промилли, шээсэнд 4,8 промилли, ходоодны шингэнд 4,8 промили спиртийн агууламжтай буюу хүнд зэргийн согтолттой байсан нь эрүүл хүний эсрэг амь биед нь аюултай халдлага, довтолгоон хийх боломжийг үгүйсгэж байх тул “аргагүй хамгаалалт хэрэглэсэн” гэсэн агуулгаар гаргасан ялтны гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Ц.Эрдэнэбаярт хохирогчийг алах санаа, зорилго байгаагүй боловч уг хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл хийсэн байх тул гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шилэн аягаар хохирогчийн чамархайд цохьсон нь хохирогч руу чиглэсэн түүний идэвхтэй үйлдэл байсан учир үүний үр дүнд гэмтэл, бэртэл учрахыг мэдээгүй гэж үзэх боломжгүй юм. Ялангуяа хүний амин газар болох толгойн хэсэгт хатуу биетээр цохьсон нөхцөлд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн асуудал хөндөгдөх учиргүй.

 

Анхан шатны шүүх Ц.Эрдэнэбаярт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэж гарсан байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

               

                  ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                                     М.ПҮРЭВСҮРЭН