Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01456

 

“Автоком Жапан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/00455 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1666 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Автоком Жапан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Батмөнхөд холбогдох,

Гэрээний үүрэгт 22 150 841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.Батмөнх нь 2013 оны 12 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч “Автоком жапан” ХХК-аар зуучлуулан Япон улсад зохион байгууллагддаг автомашины дуудлага худалдаанд интернетээр шууд оролцон 25 автомашин худалдан авсан байдаг. Тэрээр зээлээр худалдан авсан машинуудынхаа төлбөрүүдийг хэн хэд хуваан хуваан “машинуудын төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлдэг байсан ба нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагчийн хэлснээр шилжүүлэг бүрийн шилжүүлсэн мөнгөнүүдийг нь зээлээр худалдан авсан машинуудаас нь хувааж суутгадаг байсан.Хариуцагч Б.Батмөнх нь 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд Монгол Улсаас 14 цаг 41 минут 27 секундэд 192.168.1.153 гэсэн IP хаягнаас интернетээр шууд оролцон 2004 оны “Mitsubishi canter” автомашинд 1 080 000 иен буюу хамгийн өндөр үнийг санал болгож, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд Монгол Улсаас 10 цаг 04 минут 53 секундэд 192.168.2.194 гэсэн IP хаягнаас интернетээр шууд оролцон 2003 оны Mitsubishi canter автомашинд 998 000 иен буюу хамгийн өндөр үнийг санал болгож, мөн өдөр 202.179.20.216 гэсэн IP хаягнаас шууд оролцон 2002 оны “Mitsubishi canter” автомашинд 947 000 иен буюу хамгийн өндөр үнийг санал болгож тус тус худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг.Тэрээр дуудлага худалдаанд өндөр үнэ хэлж авсан дээрх гурван машиныг Монгол Улсаас захиалгатай хэмээн яаравчлуулан “Автоком Жапан” ХХК-иар үнийг нь шилжүүлүүлсэн боловч тухайн машинуудын урьдчилгаа 30 хувийг нэхэмжлэгч компанид төлнө гэсээр 7 сарын хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй. Машиныг нэхэмжлэгч компанийн хяналтын талбайд орхиж компанийг хохироож сүүлдээ хариуцагч утсаа сольсон байсан тул компанийн зүгээс гэрээнээс татгалзан уг 3 машинуудыг эргүүлэн зарж мөнгөө гаргуулж авахаар дуудлага худалдаанд оруулсан боловч хариуцагчийн дуудлага худалдаанд оруулсан өндөр үнээр огт зарагдахгүй байсан тул хариуцагчийн үнэ хаялцуулан авсан өндөр үнээс 30-40 хувь бууруулан олон удаагийн дуудлага худалдааны зардал, татвар, шимтгэл төлж 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 228 960 иений алдагдал, 10 дугаар сарын 30-ны өдөр 329 400 иений алдагдал, 12 дугаар сарын 03-ны өдөр 468 850 иений алдагдал, нийт 1 072 710 иений буюу 17 226 311 төгрөгийн алдагдал хүлээж зарсан байдаг. Хэрэв хариуцагч үүргээ биелүүлсэн бол 17 226 311 төгрөг нь “Автоком жапан” ХХК-ийн олох ёстой байсан орлого билээ.Иймд хариуцагч Батмөнхөөс Мерседес бенз машины үлдэгдэл төлбөр 299 000 иен буюу 4 924 530 төгрөг, гэрээнээс үүссэн гэм хорын хохирол 1 072 710 иен буюу 17 226 311 төгрөг, нийт 22 150 841 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Батмөнх нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 420 000 иен, 4 дүгээр сарын 06-ны өдөр 1 670 000 иен, 2 090 000 иен, 4 дүгээр сарын 30-ны өдөр 420 000 иен, 5 сарын 15-ны өдөр 1 910 000 иен, нийт 6 510 000 иенийг нэхэмжлэгч “Автоком жапан” ХХК-нд ХААН банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн, энэ талаар баримтыг гаргаж өгсөн.Иймд дээрх автомашины төлбөр шилжүүлсэн баримтаар “Мерседес бенз” автомашины төлбөрийг бүрэн төлсөн нь тогтоогдож байгаа. Хоёр дахь шаардлагын хувьд хариуцагчыг 3 автомашин дуудлага худалдаагаар авсан, түүний мөнгийг төлөөгүйн улмаас алдагдалд оруулсан гэсэн шаардлагаа өөрсдөө нотолж, нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, хариуцагчид нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн ямар нэгэн үүрэг үүсээгүй ба Мицүбиши кантер маркийн 3 машиныг харицагч нь нэхэмжлэгчээс худалдаж аваагүй болно.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/00455 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батмөнхөд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Автоком жапан” ХХК-ийн зээлээр худалдан авсан “Мерседес бенз” маркийн автомашины үлдэгдэл төлбөр 299 000 иен буюу 4 924 530 төгрөг, гэрээнээс үүссэн гэм хорын хохирол 1 072 710 иен буюу 17 226 311 төгрөг нийт 22 150 841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 268 701 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1666 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/00455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид “Автоком жапан” ХХК-ийн төлсөн 268 700 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн, хэрэгт байгаа баримтад үндэслээгүй нөхцөл байдалд хууль зүйн зөв дүгнэлт өгөхгүй хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар гэрээ, хэзээ байгуулсан, ямар гэрээний үүргийг хэн яаж зөрчсөн тухай ямарч нотлох баримтгүйгээр шүүхэд хандсан. Зөвхөн Батмөнхөөс мөнгө авах хариуцагчаас тооцоо нийлсэн баримтгүй өөрөө мөнгө нэхсэн, өөрөө гарын үсэг зурсан баримт гаргаж өгсөн. Тухайлбал, анх “Бенз” машины төлбөрт 719 мянган иен дутуу төлсөн гэж нэхэмжилж байснаа хариуцагч уг машины үнийг бүрэн төлсөн баримтыг гаргаж өгөнгүүт “Бенз” машины үнийг бууруулаад харин худалдаж аваагүй, ачааны автомашины үнийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч хариуцагч нар дуудлага худалдаагаар автомашиныг худалдан авах гэрээ, зээлээр худалдан авах гэрээ зэргийг хэзээ, хаана, хэнтэй байгуулсан тухай ямар нэгэн баримт бичиг байдаггүй, өөрөөр хэлбэл ямарч гэрээ байхгүй байсан. Хэрэв машин худалдаж аваагүй тохиолдолд ямар хохирол төлөх талаар заасан эрх зүйн акт байхгүй, хэрнээ юуг үндэслэж хохирол төлүүлэхээр нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна.Харин хариуцагч тал “Mersedes Benz” маркийн автомашины үнийг илүү төлсөн нь баримтаар нотлогддог. Уг мөнгийг нэхэмжлэх гэхээр Ялон Улсын компанийн хаяг, Японы компанийн байгуулсан гэрээ байхгүй учраас мөнгөө авах боломжгүй болчихоод байгаа юм. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 31.1-д зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ID хаягаар нэвтрэн үзлэг хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Учир нь тэдний компанийн сайтад байгаа зүйлийг тэд өөрсдөө гаргах боломжтой байхад шүүхээр гаргуулах шаардлагагүй. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ: 

Хариуцагч Б.Батмөнхийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч  нэхэмжлэгч “Автоком Жапан” ХХК нь Улсын Дээд шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлээсээ татгалзсан талаар мэдэгджээ.

Уг хүсэлтэд: ““Автоком Жапан” ХХК-ийн зүгээс Б.Батмөнхөд холбогдуулан Мерседес Бенц автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 719 000 иен буюу 11 841 930 төгрөг, гэрээнээс үүссэн хохиролд 1 027 675 иен буюу 11 571 360 төгрөгийн хамт нийт 22 150 841 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай компанийн Япон Улсын MITSUBISHI UFJ банкны YOKOHAMAсалбарын 480-3095827 тоот дансанд 719 000 иенийг шилжүүлсэн тул манай компани Б.Батмөнхөөс гэрээнээс үүссэн хохиролд 1 027 675 иен буюу 11 571 360 төгрөгийг нэхэмжилж байсан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна” гэжээ.

Нэхэмжлэлээс татгалзсан хүсэлт япон хэл дээр Цубаки Ёшияа, Хироши Янагида нарын гарын гарын үсэгтэй үйлдэгдсэн байх ба баталгаат орчуулгын товчооны Монгол хэл дээрх орчуулга хавсаргагджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээс татгазсаны эрх зүйн үр дагаварыг ойлгосон, ийнхүү нэхэмжлэлээс татгалзсан явдал хуульд харшлаагүй,  гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/00455 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1666 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Автоком Жапан” ХХК-ийн Б.Батмөнхөд холбогдуулан 11 841 930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татаглзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 268 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН