| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 136/2021/00226/и |
| Дугаар | 202/МА2022/00005 |
| Огноо | 2022-04-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 202/МА2022/00005
Б.О, Б.Д нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2022/00065 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч: Г овогт Б-ны О
нэхэмжлэгч: Г овогт Б-ны Д нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ч овогт Т-ын А-д холбогдох,
**-** ДГС улсын дугаартай Toyota fielder маркийн автомашиныг гаргуулах тухай;
иргэний хэргийг хариуцагч Т.А-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О, Б.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.О, Б.Д бидний төрүүлсэн аав Д.Б 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзсэн бөгөөд манай аав ээж 2000 оны дундуур гэрлэлтээ цуцлуулж, бид 2 аавынхаа асрамжид үлдэж өнөөдрийг хүртэл ам бүл хамтдаа явж байгаа болно. Аав минь 2020 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотоос Toyota fielder маркийн **-** ДГС улсын дугаартай машиныг 11800000 /арван нэгэн сая найман зуун мянга/ төгрөгөөр худалдаж авч эзэмшиж байсан бөгөөд уг машин бид хоёрын эзэмшилд шилжин ирэх хөрөнгө хэмээн бидний хувьд үзэж байгаа юм. Тиймээс ч аавынхаа ажил явдлыг өнгөрөөчихөөд бид нар Улаанбаатар хот руу явахдаа уг машиныг хамтран амьдрагч болох А-д үлдээгээд явсан бөгөөд бидний хувьд уг өв хөрөнгийн талаар огт хэл ам хийгээгүй, нэгэнт тэр хүүхний хувьд аавтай минь гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй учраас хөрөнгийн талаар бидэнтэй булаацалдах ямар ч эрхгүй хүн гэдгээ өөрөө мэдэж байгаа гэдэгт бүрэн итгэлтэйгээр нөгөө талаас ааваас минь хоёр хүүхдэдээ үлдсэн ганц хөрөнгө л энэ машин байсан тул энэ талаар дүү бид хоёртой маргахгүй нь ойлгомжтой гэж бодсон болно. Ингээд миний бие 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр аавынхаа энэ эзэмшлийн машиныг авахаар ирээд А гэгчтэй уулзахад тэрээр миний аавын машиныг бусдад дур мэдэн худалдсан байсан ба энэ талаар өөрөөс нь сонсож мэдээд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа юм. А нь энэ машин миний өмч хөрөнгө, та нарт ямар ч хамааралгүй миний энэхүү машиныг эзэмших бусдад худалдах бүрэн эрхийг та нар зөрчих ёсгүй гэж байгаа болно. Иймд А-аас аавын минь эзэмшлийн машиныг гаргуулах төрсөн охин болох Б.О, Б.Д нарт олгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Т.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.О, Б.Д нарын нэхэмжлэлтэй автомашин гаргуулах тухай иргэний хэрэгт 2021-08-23-нд нэхэмжлэгч нартай уулзаад эвлэрэх боломжтой гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч нар шүүх дээр ирээгүй. Тиймээс би нэхэмжлэгч нарын нэхээд байгаа машиныг өгөх боломжгүй. Би талийгаачтай 12 жил хамт амьдарсан. 12 жилийн хамтын амьдралын үр дүнд бий болсон хөрөнгө. Өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авч нотлох баримт гаргаж өгнө. Д.Б-тай хамтын амьдралтай байсан бөгөөд Toyota fielder маркийн автомашиныг 11500000 төгрөгөөр худалдан авахад өмнө нь унаж байсан машинаа борлуулаад, банкнаас зээл авч нэмээд өөрөөсөө 11500000 төгрөг гаргасан. Тус дундын өмч болох автомашинд оруулсан эд хөрөнгөө гаргуулах үндэслэлтэй.” гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 0704 ДГА улсын дугаартай Toyota fielder маркийн автомашиныг хариуцагч Т.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Б.О, Б.Д нарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О, Б.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.А-аас 203,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О, Б.Д нарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Т.А давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...маргаан бүхий авто машин миний эзэмшилд байхгүй, У гэдэг хүний эзэмшилд шилжсэн байгаа. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлэлцэн тохиролцож өөрөөр хэлбэл У-тэй өв нээгдсэний дараа автомашин эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгнө гэж тохиролцож авто машиныг худалдсан. Тэгэхээр Т.А миний хууль бус эзэмшилд уг машин байхгүй учраас би энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна.
Т.А миний бие нэхэмжлэгч Б.О нарын аавтай 12 жил хамтран амьдарсан. Энэ маргаан бүхий машиныг бид 2 зээл хийгээд өмнө нь байсан машинаа зараад авсан юм. Хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө учраас надаас энэ машиныг авна гэж бодоогүй. Мөн би байрны урьдчилгаанд мөнгө хэрэгтэй болоод машинаа зарсан юм. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт намайг машин худалдан авахад оруулсан мөнгөө нотолж чадаагүй гэсэн. Би банкнаас зээл авсан баримтууд, банкнаас 5000000 төгрөг Нарантуулын пос машинаас авсан баримт, өмнөх машиныг худалдан авсан хүнээ гэрчээр асуулгасан. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитоор дүгнэж шийдвэр гаргасангүй. Өв нээгдсэний дараа хэн машин авах талаар маргана гэж бодож байлаа. Шүүх өвийн асуудлыг хөндсөн боловч шийдвэртээ зааж өгсөнгүй. Мөн өөр өвлөгч байхгүй тул Б.О нарыг хууль ёсны өвлөгчид байна гэж дүгнэсэн нь буруу юм. Талийгаачийн аав байгаа, эхнэр нь байгаа. Эдгээр хүмүүс нь өвлөхөөс татгалзсан баримт байхгүй, нотариатаар гэрчлүүлсэн зүйл байхгүй. Тиймээ шүүх өв нээгдээгүй байхад нэхэмжлэл гаргасан нь буруу байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байх гэж бодож байсан.
Миний хувьд 12 жилийн хугацаанд энэ 2 хүүхдийг сургууль төгсөхөд нь тусалж дэмжээд л явж байсан. Мөн би зээл авч машин авсан тэр маань одоо болтол төлөгдөж дуусаагүй байгаа. Талийгаач хамтран зээлдэгч байсан. Давж заалдах шатны шүүхээс хүсэх нь: 1-т намайг жинхэнэ хариуцагч мөн үү гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийж, 2-т: өвийн асуудал шийдэгдэж байж нэхэмжлэгч нар нь өмчлөгч мөн үү гэдэг нь шийдвэрлэгдэнэ гэж бодож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь хуудсанд тухайлбал Ч нь хариуцагчаас авсан зээлд хамтран зээлдэгчээр оролцож байгаа учраас үүнийг мөн хамт хүлээх үүрэгтэй байдаг. Мөн зээлийн үлдэгдлийг Ч-ын үлдсэн эд хөрөнгөөс гаргуулах үндэслэлтэй гээд биччихсэн байдаг. Хэрэгт Б-ны хөрөнгийг хуваах авах эсэх асуудал дээр маргаж байгаа. Гэтэл Ч-ын гээд биччихсэн байдаг. Мөн анхан шатны шүүх дүгнэлтдээ нэхэмжлэгч Б.О, Б.Д нараас өөр хууль ёсны өвлөгч байхгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.1 дэх хэсэгт зааснаар бусад өвлөгчид өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргах нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Б.О, Б.Д нарыг 0703 ДГС улсын дугаартай Toyota fielder маркийн автомашины хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзэх үндэслэлтэй байна гээд дүгнэсэн байгаа. Гэсэн хэр нь тогтоох хэсэгтээ энэ хуулийн заалтаа аваагүй.
Дээрээс нь шүүх өвлөгч мөн эсэхийг нь тогтоох үндэслэлгүй. Энэ нь Нотариатын тухай хуулиараа зохицуулагддаг. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т нас барснаас хойш нэг жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгоно. Өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо бусад өвлөгчид байна уу эсэх асуудлыг Нотариатын тухай хууль болон өвлөх эрхийн гэрчилгээ олгох журмаар зохицуулагдаж бүх лавлагааг авсны үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээ бичигддэг. Өмчлөгчийн аль үед шаардах эрх нь үүсэх юм гэхээр өвлөх эрх нээгдсэнээс хойш хууль ёсны өвлөгчид байна гэж үзсэний дараа 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс хойш эхлэх байсан. Тийм учраас шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-г үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байгаа. Мөн гэр бүлийн тухай хуулийн 125-130 дугаар зүйлд заасан зохицуулалтаар хоёр хүүхэд нь Б-ны төрсөн хүүхдүүд учраас энэ хөрөнгийг авах нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Энэ нь бас хууль бус гэж үзэж байгаа. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд /хх 104х/ 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр худалдаж авсан гэж бас буруу бичигдсэн байдаг. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд Б-ыг Ч гээд биччихсэн байдаг. Энэ шүүхийн шийдвэр гарахад чухал нөлөөтэй шүүх хуралдааны тэмдэглэл нь мөн буруу гарсан байдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хавтаст хэргийн материалаас дурдахад /хх 2х/ нас барсны гэрчилгээ 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр нас барсан гэсэн нотлох баримтаар авагдсан байгаа. /хх 3х/ 2 дугаар багийн ажлын алба шүүхэд гээд Б ам бүл 4 гээд нотлох баримт өгсөн байдаг. /хх 6х/ Өмгөөлөгчдийн зөвлөлд гээд 2 зөрүүтэй баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Энэ хоёрын алийг нь шүүхэд үндэслэл болгосон оо дурдаагүй байдаг. /хх33-35х/ шүүгчийн захирамж 2021 оны 9 дүгээр сарын 13-ны 01245 захирамжаар миний хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг. 5 дахь заалтад Б нь ямар ямар маркийн автомашин эзэмшиж байсан талаарх болон Toyota fielder маркийн 0704 ДГС улсын дугаартай автомашины түүхийг гаргуулсугай гээд шийд гарчихсан байдаг. Зөвхөн лавлагааг нь гаргуулчихсан байхад шүүгчийн захирамжид дурдагдсан нотлох баримт гарч ирээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу байдаг. Мөн /хх70-72х/ авагдсан Б-ийн мэдүүлэг байдаг. Уг мэдүүлэгт “ээж 2014 онд өөрийнхөө хөрөнгөөр машин авч байсан, 2019 онд зарсан энэ дээрээ нэмээд машин авч байсан” гэсэн байдаг. Энэ гэрчийн мэдүүлэг болон бусад гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар дүгнэхдээ дүгнэж чадсангүй гэж үзэж байгаа. /хх 88х/ Хас банкны 2020 оны 5 дугаар сарын 27-ны зээлийн гэрээ авагдсан байгаа.
Энэ гэрээгээр Т.А нь 9 000 000 төгрөгийн зээл авсан байдаг. /хх 91х/ 5 000 000 төгрөгийн дансны хуулга байгаа. /хх 93х/ Т.А-ийн 2020 оны 5 дугаар сарын 30-нд Нарантуул тооцооны төвөөс 5 000 000 төгрөгийг гаргасан байдаг. Хэрэгт тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдаагүй байгаа. Тэгэхээр хэзээ энэ машиныг худалдаж авсан гэдэг нь лавлагаанаас харагдах боломжгүй. Т.А-ийн яриагаар 5 дугаар сарын 30-ны өдөр мөнгөө өгөөд 5 дугаар сарын 31-ний өдөр билэв үү 6 дугаар сарын 1-ний өдөр гэрээгээ хийж өөрийнхөө нэр дээр болгосон байдаг. /хх 95х/ зээлийн эргэн төлөлтийн хугацаа байгаа. Үлдэгдэл нь 2 500 000 төгрөг байгаа. Тэр нь ямар учиртай юм гэхээр уг зээлийн авахад талийгаач нь хамтран зээлдэгчээр орсон байдаг. Тэгэхээр өв хүлээж авч байгаа хүмүүс зээлийн үүргийг хамтран хүлээх үүрэгтэй. Өвлөж авч байгаа хөрөнгийн хэмжээгээр өвлөнө гээд заачихсан байдаг. Энэ хоёр хүн нь 12 жил хамтран амьдарсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байгаа. Энэ утгаараа аливаа дундын өмчлөлийн эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэсэн зохицуулалтыг шүүх хэрэглэх ёстой байсан. Мөн Иргэний хуулийн 531, 532 дугаар зүйлд зааснаар өв нээгдсэний дараа энэ нэхэмжлэлийг гаргах ёстой байсан гэдгээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг буруу хэрэглээгүй. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Б.О болон Б.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 0704 ДГС дугаартай Toyota fielder маркийн автомашиныг түүний эзэмшлээс гаргуулах шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Хууль буруу хэрэглээний тал дээр өмгөөлөгч болон хариуцагч нар ярьж байх шиг байна. Шаардах эрхийн хувьд Д, О нар нь аавтайгаа хууль ёсны ам бүлээр явсан. Энэ нь хэрэгт багийн Засаг даргын ажлын албаны тодорхойлолтоор тодорхойлогдож байгаа. Би Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримт цуглуулж, багийн Засаг даргын тодорхойлолт гаргаад шууд нотлох баримтаар авагдсан байгаа. Энэ нь зүй ёсны шаардлага гэж үзэж байна. Нөгөө талаараа гэрлэгсэд гэр бүлийн дундын хөрөнгө гэж ярьж байна. О, Д нарын хувьд талийгаачтай буюу аавтайгаа нэг гэр бүл буюу 4 ам бүлээр 2021 оны хүн амын бүртгэлээр албан ёсоор хамт явж байсан. Нэг гэр бүлийн гишүүд учраас талийгаач болсон аавынхаа өмчийг өмчлөх бүрэн эрхтэй гэж үзэж байна. Т.А-ийн хувьд хамтран амьдарсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Тиймээс энэ ам бүлд албан ёсоор хамаарч явдаггүй. Иймээс шүүхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Д, О нарт уг машиныг олгосон нь бүрэн үндэслэлтэй. Хуулийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөх эрх нь ямар хугацаагаар үүсэж байгаа юм гэдэг асуудал ярьж байх шиг байна. Нэгэнт О, Д нарын хувьд аавтайгаа нэг гэр бүл явсан учраас гэр бүлийн дундын хөрөнгө гэдгээрээ Иргэний хуулийн 129-130 дугаар зүйлд заасан үндэслэлээр нь гарч ирж байгаа гэж хэлмээр байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдолд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
1/ Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцнэ.
Харин анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.
Тухайлбал хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу автомашиныг худалдан авахад оруулсан хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгийн хэмжээ, зориулалтын талаар нотлоогүй нь нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ өв залгамжлал, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, эсхүл дундын өмч гэж үндэслэсэн аль ч тохиолдолд маргааны үйл баримтад хамааралтай болно.
Хэдийгээр маргааны зүйл болох автомашин нь талийгаач Д.Б-ны эзэмшлийнх гэсэн лавлагаа/1хх 7, 39/ байх боловч энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт байхгүй байгааг түүнчлэн уг автомашины өмнөх өмчлөгчийн мэдээлэл/1хх 40/-д Д.Б гэж тэмдэглэгдсэнийг маргаан бүхий автомашиныг худалдаж авсан гэх цаг хугацаа/2020-05-30/-нд автомашины эзэмшигч өөрчлөгдөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаараагүй.
Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2020-05-27-ны өдөр 10000000 төгрөгийн зээлийг Хас банкнаас аваад тухайн машиныг авсан, би энэ баримтыг сая зургаас харж он сар өдрийг мэдлээ, үүнийг нотлох баримтаар өгч болно” гэсэн тайлбарыг болон хариуцагчийн 2020-05-27-ны өдөр Хас банк/1хх 93/-наас авсан 7500000 төгрөгийн зээлийн “зориулалттай” холбоотой баримт хэргийг шийдвэрлэхэд хамааралтай эсэх талаар дүгнээгүй байна.
2/ Хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх ёстой. Нэхэмжлэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснийг “...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж үзэх бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарна.
Тодруулбал нэхэмжлэгч нараас Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу “Хууль ёсны өвлөгч” учир хөрөнгийг өвлөх үндэслэлтэй гэж, тэдгээрийн өмгөөлөгчөөс Иргэний хуульд заасан “Гэр бүлийн хөрөнгийн эрх”-ийн дагуу автомашиныг нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй гэж шаардлагаа тус тус тодорхойлсон байх ба үүнийг хариуцагч эс зөвшөөрч “...машиныг өгөх боломжгүй, би талийгаачтай 12 жилийн хамтын амьдралын үр дүнд бий болсон хөрөнгө, дундын өмч болох автомашинд оруулсан хөрөнгийг гаргуулмаар байна” гэж маргажээ.
Харин анхан шатны шүүхээс эдгээр харилцан зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулалгүйгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 520 дугаар зүйлд үндэслэж, нэхэмжлэгч нарыг “Хууль ёсны өвлөгч” гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгтээ нэхэмжлэгч нарыг маргаан бүхий автомашины өмчлөгч гэж үзсэн буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэнд үндэслэн хариуцагчийн хууль бус эзэмшлээс автомашиныг чөлөөлж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Маргаан бүхий автомашиныг 2020-07-11-ний өдөр Б.У 9000000 төгрөгөөр худалдаж авсан, одоо уг автомашин нь хариуцагч Т.А-ийн эзэмшил, ашиглалтад байхгүй нь талуудын тайлбар, жолоочийн даатгалын гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байхад шүүхээс Иргэний хуульд заасан “Өмчлөгчийн шаардах эрх”-д үндэслэн хариуцагчийн эзэмшлээс автомашиныг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл шийдвэрийн үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг шийдвэрийн үндэслэх хэсэгт заадаг ба энэхүү дүгнэлтийн үр дагаврыг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгахдаа хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан холбогдох хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой тусгадаг учир шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг зөрөх учиргүй.
Хэрвээ нэхэмжлэгч Б.О, өмгөөлөгч Ж.Ж нараас автомашиныг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн гэж үзвэл тэдгээр нь гэр бүлийн гишүүнд хамаарах эсэх мөн хариуцагч Т.А, Д.Б нар хамт амьдарч байсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон зэрэг эдгээр нөхцөл байдлыг зайлшгүй тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, дүгнэлт хийх нь зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлтэй, зөв тогтооход ач холбогдолтой болно.
Хэдийгээр маргааны зүйл болсон автомашиныг эзэмшигч байсан, Д.Б 2000 онд гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлтээ цуцлуулсны дараагаас буюу 2009 оноос эхлэн нас барах хүртэл/2021-02-08/-ээ хариуцагч Т.А-тай хамт амьдарч байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байх тул шүүх тухайн автомашин өвлөгдөх эд хөрөнгө үү, хэрвээ өвлөгдөх хөрөнгө бол хууль ёсны өвлөгчид хамаарах өөр этгээд байгаа эсэх нөхцөл байдлыг анхаарч, оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, үнэлэх нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр, Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэгэнт анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж шийдвэрийг хүчингүй болгосон учир хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүйг магадлалд тэмдэглэж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2022/00065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Т.А-ийн давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Т.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА