| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2025/1064/З |
| Дугаар | 128/ШШ2026/0362 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2026/0362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О... т*******” ХХК,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Л.Т*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.П,
Хариуцагч: Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л, Ж.Ж,
Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий архитектор,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н нарын хоорондын газар болон архитектур төлөвлөлтийн даалгавартай холбогдох захиргааны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Нийслэлийн Ерөнхий архитекторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Ж.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар дүгнэлтийн зарим хэсэг буюу дүгнэх нь хэсгийн 2,3 дах заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгуулах” гэж тодорхойлж,
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэсэн байна.
1.3. Дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1.“О... т*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай газар эзэмших эрхийн 001 дугаар гэрчилгээний дагуу үйлчилгээний талбай, газрын доорх гараашийг эзэмшдэг. Тус компанийн хувьд хууль болон гэрээгээр хүлээсэн ямар нэгэн үүргийн зөрчил гараагүй,
2.2.Нийслэлийн Ерөнхий архитектурын баталсан 2022 оны архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх зураг, холбоо, цахилгаан, дулааны техникийн нөхцөлүүдийг эрх бүхий байгууллагаас олгодог хуульд заасан журмын дагуу авч барилга байгууламжийн зураг төслийн магадлан дүгнэлтийг хийлгэсэн байсан,
2.3.Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/*******4 тоот захирамж манай компанийн газрын хэмжээг 3595 м.кв хэсгийг 2 м.кв болгож өөрчилсөн,
2.4.Ингэснээрээ Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, захирамжийг урьдчилсан шийдвэрлүүлэх журмаар захиргааны байгууллагын гаргасан захирамжийг хянуулахаар гомдол гаргасан,
2.5.Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд байхгүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн буюу тус захиргааны байгууллагад хуулиар ийм эрх хэмжээ олгогдоогүй байхад гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаартай дүгнэлтийн 2, 3 дахь хэсэг нь өөрт нь олгогдоогүй чиг үүрэг буюу эрх хэмжээгээ хэтрүүлэн гомдол гаргагчийн маргаагүй, захиргааны актад дүгнэлт гаргасан байгаа учраас илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна,
2.6.Хоёрдугаарт Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн захирамж гарсны дараа уг захирамжид шууд үндэслэн Нийслэлийн Ерөнхий архитектур 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр буюу хоёр хоногийн дараа 04/5297 дугаартай мэдэгдлийг “О... т*******” ХХК-д хүргүүлсэн,
2.7.Энэхүү мэдэгдэл нь Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн захирамж гарсантай холбоотойгоор манай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон тухай агуулгатай мэдэгдэл байсан,
2.8.Өөрөөр хэлбэл тухайн мэдэгдэлд “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/*******4 дугаартай захирамжаар газрын талбайн хэмжээг өөрчилсөн байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь хэсэг болон 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн захирамжид үндэслэн загвар зургийг хүчингүй болгож буйг мэдэгдсэн нь хууль бус” гэжээ.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зургийг батлахад, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хуулийн дагуу зөрчил байхгүй зэрэг бүх зүйлийг дурдсан. Газрын хэмжээг 2 м.кв болгож хасаж байгаа нь өмнөх газрыг нэмэгдүүлсэн талбайгаа илүү талбайг хасаж, талбайн хэмжээг нэмэгдүүлж байсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг зориуд хүчингүй болгож байгаа.” гэв.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, захирамжийг урьдчилсан шийдвэрлүүлэх журмаар захиргааны байгууллагын гаргасан захирамжийг хянуулахаар гомдол гаргасан. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь гомдлыг хүлээж аван 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн гишүүд болон Нийслэлийн Засаг даргын орлогчийг оролцуулан тухайн үед орлогчоор ахлуулсан зөвлөлийн хурал болж 62 дугаартай дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргасан захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/*******4 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл “Од т*******” ХХК-ийн зүгээс тэрхүү А/*******4 дугаартай захирамжийг хүчингүй болгуулъя гэдэг гомдлыг гаргасан. Тус гомдлын хүрээнд гомдлыг хангаж шийдвэрлэсэн. А/*******4 дугаар захирамж үндсэндээ хүчингүй болж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан 5 жилийн дотор захиргааны байгууллага, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хугацааг хэтрүүлсэн гэдэг байдлаар Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл бидний гомдлыг хүлээж аваад 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн захирамж үндэслэлгүй байна гэж үзэн хүчингүй болгосон. Гэвч 2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 33.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2014 оны газар эзэмшүүлэх, ашиглуулах А/ болон 2019 оны А/ дугаартай захирамжийг “О... т*******” ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Гурав дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/*******1 дугаартай захирамжийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэ захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх 2 болон 3 дахь заалтыг ийм байдлаар шийдвэрлэх эрх хэмжээ нь Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд байхгүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн буюу тус захиргааны байгууллагад хуулиар ийм эрх хэмжээ олгогдоогүй байна. А/*******4 буюу 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн захирамжийг хүчингүй болгож байгааг зөв гэж үзэж байгаа. Гэхдээ тус шийдвэрийн 2, 3 дахь заалтын тухайд Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл бол Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор батлагдсан 1 дүгээр хавсралтад Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн журам байдаг. Харин 2 дугаар хавсралтад бүрэлдэхүүний тус тус баталсан хэдий ч энэ журмыг барьж хэрэгжүүлээгүй зөрчсөн байна. Тухайн журамд зааснаар Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь тухайн захиргааны актад холбогдох гомдлыг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой байдаг. Нэхэмжлэгч нь 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/*******4 дугаар захирамжид хандаж гомдол гаргасан байтал тэс өөр захиргааны актуудтай холбоотойгоор шийдвэр гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасанчлан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл гэдэг гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай дүгнэлтийн 2, 3 дахь хэсэг нь өөрт нь олгогдоогүй чиг үүрэг буюу эрх хэмжээгээ хэтрүүлэн гомдол гаргагчийн маргаагүй, захиргааны актад дүгнэлт гаргасан байгаа учраас илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хоёрдугаарт Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн захирамж гарсны дараа уг захирамжид шууд үндэслэн Нийслэлийн Ерөнхий архитектор 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр буюу хоёр хоногийн дараа 04/5297 дугаартай мэдэгдлийг “О... т*******” ХХК-д хүргүүлдэг. Энэхүү мэдэгдэл нь Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн захирамж гарсантай холбоотойгоор манай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон тухай агуулгатай мэдэгдэл байдаг. Өөрөөр хэлбэл тухайн мэдэгдэлд Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/*******4 дугаартай захирамжаар газрын талбайн хэмжээг өөрчилсөн байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь хэсэг болон 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн захирамжид үндэслэн загвар зургийг хүчингүй болгож буйг үүгээр мэдэгдэж байна буюу тухайн мэдэгдэлд ямар зүйл заалтыг үндэслэн, ямар шийдвэр гаргаж байгаа талаарх агуулгатай мэдэгдлийг ирүүлсэн. Үүнийг хүчингүй болгуулахаар тухайн мэдэгдэл ирснээс хойш 30 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргад хандахад урьдчилсан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Ингэснээр “О.... т*******” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүссэн. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай мэдэгдлийн гол үндэслэл болох 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тэр А/*******4 дугаартай захирамж нь Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 сарын 31-ний өдрийн 62 дугаартай тогтоолын 1 дэх заалтаар хүчингүй болсон учир Нийслэлийн Ерөнхий архитектурын мэдэгдэл нь мөн адил хүчингүй болох ёстой байсан. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар дээр хүчинтэй байгаа мэт бичгийн хариу тайлбар ирүүлсэн нөхцөл байдлаас үзэхэд “О... т*******” ХХК нь тус актыг хүчингүй болсон гэдэг агуулгаар эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Тийм учир 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тэр А/*******4 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс илт хууль бус захиргааны акт гэж маргаж байгаа бөгөөд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийн 2 болон 3 дахь хэсэгт буюу маргаангүй захиргааны акт болон захиргааны үйл ажиллагаанд дүгнэлт хийж шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй гэж үзэж байгаа. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэг болон 47.1.6 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллагад ийм эрх хэмжээ олгоогүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар гомдлыг хянан үзээд гаргах захиргааны актын тухайд захиргааны акт илт хууль бус болохыг тогтооно. Эсхүл актыг хүчингүй болгодог. Тус хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-т зааснаар татгалзал буюу эс үйлдэхүй байх юм бол даалгах шийдвэр гаргадаг. 1.4 дэх хэсэгт зааснаар тухайн актыг өөрчилж, 1.5 дахь хэсэгт зааснаар тухайн актыг хэвээр үлдээдэг. Маргаан бүхий хянан шийдвэрлэж буй захиргааны актын тухайд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/*******4 дугаар захирамжийн хүрээнд шийдвэр гаргасан. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1 тоот тогтоолоор батлагдсан. Энэ журмын 7 дугаар зүйлд Захиргааны ерөнхий хуульд заасан 5 төрлийн шийдвэрээс Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд нарийвчилсан журмаар 3 шийдвэр гаргах эрх хэмжээг олгосон. Гомдлыг хэлэлцсэн Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь тухайн захиргааны акт буюу А/*******4 дугаар захирамжтай холбогдуулан журмын 7.1.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгох, 7.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг хэвээр үлдээх гэсэн 3 шийдвэр л гардаг. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн хувьд хуралдаад маргаан бүхий актын хүрээнд А/*******4 захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Гэтэл Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь маргаагүй асуудлаар, маргаагүй актын талаар 2 болон 3 дугаар заалт дээрээ дурдаж, гомдол гаргагч компанийн газрыг хүчингүй болгох заавар чиглэл өгсөн шийдвэр гаргасан. Энэ нь Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл бол ашиг сонирхлын зөрчил бүхий байгууллага болохоос шалтгаалж байгаа. Нийслэлийн Засаг даргын хуулийн хэлтсийн дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг шийддэг. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь энэхүү шийдвэрийг гаргахдаа логикийн ноцтой зөрчил гаргасан. Маргаан бүхий захиргааны акт болох 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/*******4 нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэж 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/ дугаар захирамжийг өөрчилж, холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар эерэг нөлөөлөл бүхий акт гарснаас хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно гэсэн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэж маргадаг. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь хуралдаж шийдвэр гаргахдаа тус 5 жилийг зөвшөөрдөг буюу Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар 5 жил өнгөрсний дараа ийм шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг зөрчиж байна гэж дүгнэж 1 дэх заалтаараа А/*******4 дугаар захирамжийг хүчингүй болгож байгаа. Гэвч 2 дахь заалтаараа 2014 оны А/, Нийслэлийн Засаг даргын А/1 дугаар захирамжийг дурдаж, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/*******4 гэдэг 5 жилээс өмнөх шийдвэрүүдийг өөрчлөх, хүчингүй болгох талаар заавар чиглэл бүхий шийдвэр гаргасан. Энэхүү 2 болон 3 дахь заалт нь тухайн захиргааны акт дээр анхнаасаа байх ёсгүй, өөрийн эрх хэмжээндээ гаргаагүй захиргааны акт байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа энэ бол гомдол шийдвэрлээд гаргасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж тайлбарлаж байна. Гэхдээ гомдлыг шийдвэрлээд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж үндсэн актыг хэвээр үлдээсэн тохиолдолд тухайн урьдчилан шийдвэрлэсэн ажиллагааны акт нь бие даасан захиргааны акт болдоггүй. Харин гомдлыг шийдвэрлэхдээ тухайн үндсэн захиргааны актаас өөр, нэхэмжлэгчид сөрөг нөлөө үзүүлсэн, шинэ шийдвэр, өөрчилсөн өөрчлөлт нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хангаагүй байгаа бол маргаан бүхий захиргааны акт болон гомдол хянан шийдвэрлэсэн захиргааны байгууллага нь хэсэгчилсэн захиргааны акттай холбогдуулж шийдвэр гаргаж болдог. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт гомдлыг хянаад гаргах захиргааны акт гэж тодорхойлсон байдаг. Мөн гомдлыг хянан шийдвэрлэх тухай Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн эрх хэмжээг тогтоосон журмын 7.4 дэх хэсэгт Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлана. Мөн 7.8 дахь хэсэгт маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрээр өөрчилж болно гэдгийг заасан байгаа учир шүүхэд маргах эрх хэмжээ байхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн А/*******4 дугаар захирамж нь хүчингүй болсон байтал А/*******4 дугаар захирамжид үндэслэж шийдвэрлэсэн Нийслэлийн Ерөнхий архитектурын шийдвэр нь хүчингүй болох ёстой. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 32 тоот дүгнэлтийн 1 дэх заалттай хэн ч маргаагүй учир хүчинтэй үлдсэн. Үүний дагуу Нийслэлийн Ерөнхий архитектур А/*******4 захирамжид үндэслэж гарсан шийдвэрээ хүчингүй болгох ёстой байтал холбогдуулан тайлбар гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн эрх хэмжээний хүрээнээс хэтрүүлж гаргасан 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 тоот дүгнэлтийн 2 болон 3 дахь заалт нь илт хууль бусад тооцож жишиг тогтоож өгөхийг хүсэж байна.” гэв.
3.4. Хариуцагч нийслэлийн Ерөнхий архитекторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““О.... т*******” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Ерөнхий архитектурын 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 04/5297 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай шаардлагад хариу тайлбарыг гаргая. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/*******4 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “О... т*******” ХХК-нд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/ дугаартай захирамжаар эзэмших газрын хэмжээг нэмэгдүүлж олгосон нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай 2009 оны ******* дүгээр тогтоолыг зөрчилд тооцсон байх тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны дүгээр захирамжийн хавсралтын 32 дахь хэсэгт 3595 м.кв газрыг олгосон гэснийг 2 м.кв гэж өөрчилсөн. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай 2009 оны ******* дүгээр тогтоол нь нийтийн эрх ашгийг хамгаалсан харилцааг зохицуулсан байх тул Нийслэлийн Ерөнхий архитектурын 2025 оны 8 дугаар сарын 21-ний 04/5297 дугаартай захиргааны актын биелэлтийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Энэхүү нэгж талбарын 1300398 дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар анх олгогдсон 3595 м.кв газрыг өөрчилж, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь хэсэг болон 12.8 дахь хэсэгт тус тус үндэслэж нийт эдэлбэр газрыг 30 хувиас доошгүй талбайд гадна тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол төлөвлөж, нийт эдэлбэр газрын 50 хувиас доошгүй талбайд буюу 1464,8 м.кв газарт барилгажихаар тус газарт 2022 онд архитектур төлөвлөлтийн даалгавар авагдаж, загвар зургийг баталсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/ дүгээр захирамжаар олгогдсон нэгж талбарын дугаар бүхий газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталж, үзлэгт орж газрын хэмжээг багасгасан тул архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь холбогдох хууль, журам, норм дүрмийн шаардлага хангахгүй болсон бөгөөд Хот байгуулалтын тухай хуулиар нийтийн эзэмшил газрын 50 хувиас доошгүй талбайд барилгажиж, 30 хувиас доошгүй талбайд гадна тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол төлөвлөж болохгүй учир анх баталсан газрын хэмжээг багасгасан. Архитектур төлөвлөлтийн даалгаврын нормыг хангуулж 3595 м.кв газрын хэмжээ өөрчлөгдсөн нь 2022 оны архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх, хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй тул Нийслэлийн Ерөнхий архитектурын 2025 оны 04/5297 дугаартай захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.5 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт болон Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/*******4 дүгээр захирамжид үндэслэж хууль тогтоомжид нийцүүлж гарсан. Маргаан бүхий газрын хэмжээн нь 3595 м.кв байсныг 2 м.кв болгож багассанаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулиар Нийслэлийн Засаг даргын өөрийн эрх хэмжээний асуудал. Түүнчлэн Нийслэлийн Ерөнхий архитектурын баталсан 2022 оны МЗХ2022/ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтад баталсан схем зураг дээр маргаан бүхий газар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа бөгөөд барилгажихыг хориглосон бүс гэдэгт орсон байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө.” гэв.
3.5.Хариуцагч нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа гэж захиргааны байгууллагын зүгээс үзэж байна. Үүнтэй холбогдуулан ямар нэгэн байдлаар Нийслэлийн Засаг даргын хувьд тодорхой байдлаар шийдвэр гараагүй байна. Үндсэн маргааны хувьд Нийслэлийн Засаг даргын 2025 оны Талбайн хэмжээг өөрчлөх тухай А/*******4 дугаартай захирамж байгаа. Үүнтэй холбогдуулан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийх гомдлыг нэхэмжлэгчийн зүгээс гаргасны хүрээнд Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хийж хэрэгжүүлсэн. Шийдвэрлэхдээ гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 тоот дүгнэлтийн 4.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалт дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоох гэсэн шаардлагын тухайн Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь нэхэмжлэгчийн гаргасан гомдол болон нэгэнт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа учраас тус гомдолтой холбоотой бүхий л ажиллагааг хийж хэрэгжүүлдэг. Гомдолтой холбогдуулан өмнө нь Нийслэлийн Засаг даргаас ямар ямар шийдвэр гарсан, хэрхэн яаж хугацаа сунгасан, талбайн хэмжээ хэрхэн, яаж нэмэгдсэн зэрэг энэ бүх л асуудлыг нотлох баримтын хүрээнд судалж шийдвэрлэсэн байгаа. Тус 2, 3 дахь заалтын тухайд яаж шийдвэрлэсэн бэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/ дугаартай захирамж, 2019 оны дүгээр захирамжийг хүчингүй болгож шинэ акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Яагаад шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн бэ гэхээр Нийслэлийн Засаг даргын 2008 оны ******* дугаартай захирамж, 2014 оны А/ дугаар захирамжаар талбайн хэмжээг сунгаж шийдвэрлэхдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2009 оны ******* дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтад заасан буюу талбайн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байршилд Нийслэлийн Засаг дарга талбайн хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон учраас анхнаасаа талбайн хэмжээг нэмэгдүүлэх захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзэн шинэ акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь зорилгодоо нийцсэн захиргааны шийдвэр. Тийм учир Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараас тогтоогдож буй үйл баримтуудад дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “О... т*******” ХХК нь 2002 оны 255 дугаар захирамжаар Ард кино компанийн эзэмшиж байсан барилгыг түрээсээр эзэмшүүлсэн, 2006 оны 461 дүгээр захирамжаар 1545 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2008 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 2624 м.кв болгон нэмэгдүүлж, 2013 оны А/*******0 дүгээр захирамжаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2014 оны А/ дугаар захирамжаар эзэмшил талбайн хэмжээг 3595 м.кв болгон нэмэгдүүлж, нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/ дугаартай захирамжаар “О... т*******” ХХК, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Бага тойруу хаягт 3592 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээтэй, архитектур төлөвлөлтийн МЗХ2022/******* дугаартай даалгавар 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, “Э... Э... П... г*******” ХХК-д боловсруулсан загвар зураг 2023 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектор батлагдсан үйл баримттай талууд маргаагүй болно.
2.Мөн Эрүүл мэндийн яамны улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10-0******* дугаартай дүгнэлтээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “О.. т*******” ХХК-ийн үйлчилгээтэй, барилгын ажлын зураг төсөл нь Олон нийт иргэний барилга БНбД 30-03-03-д, Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 4588:2008 стандартад заасан эрүүл ахуйн шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн.
3.Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 663/2025 дугаартай нэгтгэлд:
3.1.“О.. т*******” ХХК-ийн үйлчилгээтэй “Интернэшнл бизнес центр тауэр” барилгын ажлын зураг төсөл, барилгын ажлын нийт талбай 32717,97 м.кв талбайд хувийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2022/******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавартай, дулаан хангамж, гадна ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, гадна холбооны техникийн нөхцөлийг 2022 онд олгосон, барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, өндөржилт, барилга архитектур, барилга бүтээц, халаалт, агаар сэлгэлт, дотор цэвэр, бохир ус, дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, автоматик, дотор холбоо, дохиолол, инженер геологийн зураг төслийн бүрдэлд магадлал хийгдсэн байна.
4.2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2022/******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт “О... т*******” ХХК-ийн худалдаа, нийтийн үйлчилгээний контор, төв, цогцолбор барилгажих талбай 1464.8 м.кв, эдэлбэр газрын талбай нь 3592 м.кв, хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-ийн 1.8-д заасан шаардлагыг хангасан нөхцөлд төрөл бүрийн чиглэлийн үйл ажиллагаатай үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжийг төлөвлөхийг зөвшөөрч нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны ... дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн үед түр цугларах талбайг хэвээр үлдээх, одоо байгаа барилгын фасад, архитектурын элементүүдийг шинээр барих барилгад тусгахаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байх бөгөөд 1 жилийн хугацаанд хүчинтэй байх хугацаа дууссан байна.
5.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/*******4 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Од т*******” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2014 оны А/ дугаар захирамжаар “...эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай 2009 оны ******* дүгээр тогтоолыг зөрчсөн” гэж үзэж нийслэлийн Засаг даргын 2019 оны А/ дүгээр захирамжийн хавсралтын 32 дах хэсгээр нэхэмжлэгчийн эзэмшил талбайн хэмжээг “3595 м.кв” гэснийг “2 м.кв” гэж өөрчилж, Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-05/4941 дүгээр алба бичгээр “Од т*******” ХХК-д мэдэгдсэнийг эс зөвшөөрч нийслэлийн нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд нэхэмжлэгчээс “...нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/*******4 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэх утга бүхий гомдлыг гаргажээ.
6.Харин Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтээр нийслэлийн Засаг даргын 2019 оны А/ дүгээр захирамж гарснаас хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр 2025 оны А/*******4 дүгээр захирамжийг хүчингүй болгон гомдлыг хангаж шийдвэрлэсэн атлаа дүгнэлтийн 2 дах заалтаар:
7.Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/, 2019 оны А/ дүгээр захирамжуудын “О... т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 3 дах заалтаар нийслэлийн Засаг даргын 2013 оны А/*******0 дүгээр захирамжийг хууль нийцүүлэн шинэ акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалган шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/, 2019 оны А/ дүгээр захирамжуудын “О... т*******” ХХК-д холбогдох хэсгүүд нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны “эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” ******* дүгээр тогтоолыг зөрчиж байгаа нь тогтоогдож байна гэж дүгнэжээ.
8.Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” буюу /хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно/, 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасныг болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх” гэж заасан нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан байхаас гадна нийслэлийн Газрын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг зөрчжээ.
9.Өөрөөр хэлбэл дээрх дүгнэлт нь гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнээс хальж, шийдвэрлэснээр Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан гомдол урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн хуулийн 98 дугаар зүйлд заасан гомдлыг хянан үзээд гаргах захиргааны актын төрлүүдтэй нийцээгүй байна.
10.Тодруулбал, нийслэлийн Газрын маргаан таслах зөвлөлийн өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар болон эрх зүйн үндэслэлгүй илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй гэж үзнэ.
11.Мөн О.... т******* ХХК нь нийслэлийн Засаг даргын 2008 оны ******* дугаар захирамжаар 2624 м.кв газрыг үйлчилгээ, конторын зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд 2014 оны А/ дугаар захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлэн 3595 м.кв газрыг үйлчилгээ, контор, газрын доорх гараашийн зориулалтаар эзэмшсэн бөгөөд 2025 оны А/*******4 дүгээр захирамж гарсныг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гардан авсан. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, худалдаа, нийтийн үйлчилгээний контор, төв цогцолборын зориулалтаар 2022 оны МЗХ2022/******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар, 2022 оны загвар зургийг, мөн 2023 оны БАЗ2023/******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон бөгөөд зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дууссан.
12.Нийслэлийн Ерөнхий архитектурын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай “Од т*******” ХХК-д эзэмшүүлсэн нэгж талбарын 1300396 дугаартай 3595 м.кв газарт олгогдсон 2022 оны МЗХ2022/*******-005 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон тухай” мэдэгдэл нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндөх үр дагаврыг үүсгэсэн байх тул шүүхээс захиргааны акт гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд тус мэдэгдэлд заасан үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.
13.Учир нь эрх бүхий төрийн байгууллагаас 2022 онд Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, түүнийг үндэслэн барилгажих талбайн схем зураг, барилгын эскиз зургийг баталж, цахилгаан холболт хийх техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрөл зэргийг холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон тул захиргааны үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдахад хүргэсэн байх ба нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны ******* дүгээр тогтоолыг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/ дүгээр захирамж зөрчсөн гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
14. Нийслэлийн Ерөнхий архитектор 2022 онд нэхэмжлэгч “О... т*******” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар болон схем зургийг батлахдаа дээрх тогтоолыг зөрчсөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй холбогдох хууль журамд нийцсэн, ногоон байгууламж төлөвлөгдсөн байна гэж баталсан байх бөгөөд нөгөөтэйгөөр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны ******* дүгээр тогтоолыг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/ дүгээр захирамж зөрчсөн эсэх асуудалд нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг буруутгах боломжгүй юм.
15.Иймд дээрх үндэслэлүүдээр нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн зарим хэсэг буюу дүгнэх нь хэсгийн 2,3 дах хэсэг, нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай мэдэгдэл нь нэхэмжлэгч “О... т*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн дүгнэх нь хэсгийн 2,3 дах заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаруулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ