Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
Хэргийн индекс | 1908026020308 |
Дугаар | 2021/ДШМ/896 |
Огноо | 2021-10-07 |
Зүйл хэсэг | 11.1.2.1., 21.5.2., 21.12.1., |
Улсын яллагч | Ч.Батбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2021/ДШМ/896
2021 10 7 2021/ДШМ/896
21 нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаяр,
шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Б.Ганбаатар,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШТ/124 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлээр Г.Д, Б.Э нарт холбогдох 1908026020308 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Д нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр иргэн Т.Лгаас гаргасан бүртгэлийн 1976 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах явцдаа тус хэлтсийн мөрдөгч Б.Этай бүлэглэн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн байранд иргэн Ц.Өыг хэрэг хүлээлгэх зорилгоор толгой, хэвлий, гуя, өгзөг хэсэгт нь өшиглөх, цахилгаан бороохойгоор цохиулах, машин угаалгах, хэлтсийн байранд шөнийн цагаар хууль бусаар саатуулах зэргээр бие махбод болон сэтгэл санааг нь шаналган зовоосон буюу эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт,
мөн дээрх байдлаар эрүү шүүлт тулгах явцдаа 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 205 тоот өрөөнд иргэн Ц.Өын хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж, биед нь нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Хууль сахиулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 190802602 дугаартай хэргийг шалгах явцад хохирогчид хууль бусаар нөлөөлж, хэрэгт зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Э нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн байранд тус хэлтсийн мөрдөгч Г.Дтай бүлэглэн иргэн Ц.Өыг хэрэг хүлээлгэх зорилгоор толгой, хэвлий, гуя, өгзөг хэсэгт нь өшиглөх, цахилгаан бороохойгоор цохиулах, автомашин угаалгах, хэлтсийн байранд шөнийн цагаар хууль бусаар саатуулах зэргээр бие махбод болон сэтгэл санааг нь шаналган зовоосон буюу эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Нөгөөтэйгүүр тухайн өргөдөл, мэдээллийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар хүлээж авч, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж /1хх 24-25/, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол /1хх 30-31/-оор Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөгч нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр иргэн Ц.Өыг хохирогчоор тогтоож, эрх үүргийг танилцуулж, мөн өдрөө /1хх 46-48/ “...эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн, маргааш нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэс дээр ирэхэд Д гэх байцаагч дээр материал цохогдсон байсан. Надаас усны тэргийг ямар зорилгоор хаанаас авсан талаар тодруулж мэдүүлэг авсан. Миний хувьд согтуу байсан, сайн санахгүй байна, мэдэхгүй гэсэн. Цагдаагийн албан хаагчид болох Д, Э нар намайг зодоогүй. ...” гэх, 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр /1хх 133-135/-тээ “...би цагдаад зодуулаагүй. Цагдаагийн хэлтсээс гараад Баянхошууны эцсийн автобусны буудал дээрээс автобусанд суугаад Хар хорин зах руу очсон. Хог түүдэг 10 гаруй хүмүүстэй нийлж, Хар хорин захаас зүүн тийшээ явах замдаа ундааны савтай архи их уусан. Тэр үед тасарсан юм шиг байна лээ, тэр хүмүүстэй маргалдаж байснаа санаж байна. Хамт архи уусан хог түүдэг хүмүүс намайг зодсон, гэмтчихсэн. ...” гэх тус тус мэдүүлгүүдийг өгчээ.
Г.Д нь дээрх цаг хугацаанд буюу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Тайгын булаг кредит” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан ...улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус-20” маркын автомашины үлдэгдэл төлбөр 1.695.000 төгрөгийг төлж /2хх 125/, мөн өдрөө Цэрэнноровын Өлзийгийн нэр дээр шилжүүлсэн /2хх 129,151-152/ баримт хэрэгт авагджээ.
Дээрх мэдүүлэг, нотлох баримтаас үзэхэд иргэн Ц.Ө нь мөрдөгчид 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр зодуулж, мөн оны 5 дугаар сарын 9-ний өдөр хагалгаанд орж, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өгсний дараа мөрдөгч Г.Д нь өөрийн эзэмшлийн барьцааны “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн үйлдэлд нь шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.
Тодруулбал, хохирогч, шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоон дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийн шинжид хамаарч болох өөр хууль зүйн үр дагавар бүхий хэм хэмжээ байгаа эсэхийг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байна.
...Мөн яллагдагч Б.Эыг “бүлэглэн иргэн Ц.Өыг хэрэг хүлээлгэх зорилгоор толгой, хэвлий, гуя, өгзөг хэсэгт нь өшиглөх, цахилгаан бороохойгоор цохиулах, автомашин угаалгах, хэлтсийн байранд шөнийн цагаар хууль бусаар саатуулах зэргээр бие махбод болон сэтгэл санааг нь шаналган зовоосон буюу эрүү шүүлт тулгасан” гэж яллах дүгнэлт үйлдсэн ба шүүгдэгч нарын хэнийх нь ямар үйлдэл, оролцооноос хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн /хөнгөн/ гэмтэл учруулсан эсэх нь эргэлзээтэй, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог нарийвчлан ялгаж тогтоогоогүй, шүүгдэгч нар хэн аль нь хохирогчийн биед халдаж толгой, хэвлий, гуя, өгзөг хэсэгт өшиглөж, цахилгаан бороохойгоор цохиулж, автомашин угаалгаж, хэлтсийн байранд шөнийн цагаар хууль бусаар саатуулж, эрүү шүүлт тулган бүлэглэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж прокурор дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай, хэрвээ дээрх шинж байдлаар яллаж буй тохиолдолд шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгээр ял сонсгоогүй нь “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчимд харшилсан, прокурорын яллах дүгнэлттэй холбоотой зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж зөвтгөх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж зөвтгүүлэх нь зүйтэй юм.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлэх үндэслэл байх тул шүүгдэгч Г.Д, Б.Э нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэжээ.
Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолыг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Өаас шөнийн цагаар мэдүүлэг авсан, ямар хойшлуулшгүй тохиолдол үүсэж, гэрчээр мэдүүлэг авсан нь тодорхойгүй, нотлох баримтаар тооцох эсэх, үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.26-д “хойшлуулшгүй тохиолдол” гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг ойлгохоор хуульчилсан.
Хохирогч Ц.Ө нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “нарийн гэдэс тасарсан” оноштойгоор яаралтай мэс засалд орсон, дээрх хүнд гэмтлийн улмаас хохирогч нь амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдалд байсан тул мөрдөгчөөс хойшлуулшгуй тохиолдол гэж үзэж, шөнийн цагаар мэдүүлэг авсан ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан, прокурорын яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримт болгож Ц.Өаас шөнийн цагаар мэдүүлэг авсан мөрдөн шалгах ажиллагааг оруулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэн Ц.Ө нь мөрдөгчид 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр зодуулж, мөн оны 5 дугаар сарын 9-ний өдөр хагалгаанд орж, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өгсний дараа мөрдөгч Г.Д нь өөрийн эзэмшлийн барьцааны “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн үйлдэл нь шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өөр ямар гэмт хэргийн шинж байгаа эсэх нь тогтоолд дурдаагүй, ойлгомжгүй бичигдсэн байна гэж үзэхээр байна.
Харин 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Г.Д нь өөрийн эзэмшлийн барьцааны “Тоёото Приус-20” маркийн автомашиныг хохирогчийн талд шилжүүлэн өгсөн, үүний дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хохирогчоор Ц.Өаас мэдүүлэг авахад “мөрдөгчид зодуулаагүй, өөр бусад хүмүүст зодуулсан” талаар мэдүүлдэг, прокуророос дээрх үйл баримтад дүгнэлт хийж яллагдагч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” зүйлээр ялыг нэмж сонсгож, холбогдох мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.
Яллах дүгнэлтэд ямар хүндрүүлэх шинжээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан талаар дурдаагүй гэжээ.
Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт яллагдагч Г.Дыг “эрүү шүүлт тулгах явцдаа 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 205 тоот өрөөнд иргэн Ц.Өын хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж, биед нь нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж тодорхой дурдсан, өөрөөр хэлбэл хүндрүүлсэн шинж болох Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.12-т заасан “эрүүдэн шүүж” гэх шинжийг маш тодорхой дурдсан гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн нэг хүндрүүлэх шинжээр хоёр гэмт хэрэгт ял сонсгосон, шүүгдэгч нарын хэнийх нь ямар үйлдэл оролцооноос хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн /хөнгөн/ гэмтэл учруулсан эсэх нь эргэлзээтэй, эрүү шүүлт тулган бүлэглэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж прокурор дүгнэсэн нь ойлгомжгүй гэжээ.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татсан.
Харин гэмт хэрэг 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр үйлдэгдсэн ба 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр прокуророос Г.Д, Б.Э нарыг яллагдагчаар татах үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул дээрх гэмт хэрэгт нь яллагдагчаар татаагүй болно.
Хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийн тухайд, хохирогч Ц.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г.Д гэдэс рүү өшиглөж гэдсийг маань гэмтээсэн” гэх мэдүүлэг /2хх 113-115/ өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэв шүүх Эрүүгийн хуулийн нэг хүндрүүлэх шинжээр хоёр гэмт хэрэгт ял сонсгосон гэж дүгнэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэх хуулийн заалтыг хэрэглэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх эрх нь нээлттэй байна.
Иймд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 124 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 124 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 3 зүйлээр буруутган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд эдгээр сонсгосон ялууд нь шүүгдэгч Г.Дын тухайн үед хийсэн үйлдэл, мөн хохирогч Ц.Өт учирсан гэх гэмтэлтэй ямар шалтгаант холбоотой вэ гэх асуудлыг зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Г.Дын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдохгүй байдаг. Хохирогч Ц.Өын мэдүүлгийг үндэслэж хэргийг шалгасан. Хохирогч өөрөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаж байна уу гэдэг асуудлыг зайлшгүй тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд 4 үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль ёсны, үндэслэл бүхий болсон. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Энх-Эрдэнэ өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг шалгасны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Шүүхийн тогтоолд эрүүгийн хариуцлага оногдуулах эсэх асуудалд нөлөөлөхүйц байдлуудыг зайлшгүй тогтоох шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Б.Э нь тухайн үед жижүүрийн алба гүйцэтгэж, маш ачаалалтай байсан болохыг хэлдэг. Тухайн өдрийн дуудлагын түүхийг хэрэгт хавсаргуулах, Б.Этай хамт ажиллаж байсан албан хаагчийг гэрчээр асуух, Б.Эыг цахилгаан бороохой эзэмших эрхтэй байсан эсэхийг тогтоогоогүй. Хэрэгт хохирогчийн мэдүүлэг маш тогтворгүй байдаг. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ “Э намайг цохиогүй” гэсэн. Хохирогчийн мэдүүлэг чухал ач холбогдолтой хэдий ч эх сурвалж нь байхгүй тохиолдолд нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Учир нь, Б.Эыг 3 удаа гэрчээр байцаагаад 4 дэх удаа байцаахдаа яллагдагчаар татсан байдаг. Гэрчээр өгсөн мэдүүлгийг нь үндэслэж яллагдагчаар татсан. Хүн тус бүрийн үйлдлийг тодорхой шалгах шаардлагатай гэсэн нь үндэслэлтэй. Б.Эын үйлдэл нь ямар үйлдэл байсан бэ, яагаад эрүүдэн шүүсэн гэж буруутгасан болохоо тогтоох ёстой. Хохирогч Ц.Өын эрх зүйн байдал болон хувийн байдал нь тааруу ч гэсэн Б.Э нь ямар үйлдлээр эрүүдэн шүүсэн бэ гэдгийг тогтоож чадаагүй. Зөвхөн цахилгаан бороохойгоор ам руу нь тулгасан гээд байдаг. Цахилгаан бороохой нь эд мөрийн баримтаар хураагдаагүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн буруутгаж, яллагдагчаар татсан нь уг шүүхийн тогтоол гарах үндэслэл болсон. Ц.Ө гэх хүн мэдүүлэхдээ “би бичиг үсэг мэдэхгүй, гэхдээ уншиж чадна” гэдэг. Бичиг үсэг мэдэхгүй байж өөрийнхөө мэдүүлэг дээр юу гэж бичигдсэн болохыг яаж мэдэж гарын үсэг зурсан болох нь эргэлзээтэй. Хохирогчийн мэдүүлэг маш эргэлзээтэй, олон удаа өөрчлөгддөг. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.Д, Б.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж үзсэн байх бөгөөд хэргийг хянаж үзэхэд нэмж хийлгэхээр заасан зарим мөрдөн шалгах ажиллагаа үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.
Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.
Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид:
“Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Өаас шөнийн цагаар мэдүүлэг авсан, ямар хойшлуулшгүй тохиолдол үүсэж, гэрчээр мэдүүлэг авсан нь тодорхойгүй, нотлох баримтаар тооцох эсэх, үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй” гэсэн,
“Эрүүгийн хуулийн нэг хүндрүүлэх шинжээр хоёр гэмт хэрэгт ял сонсгосон, шүүгдэгч нарын хэнийх нь ямар үйлдэл оролцооноос хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн /хөнгөн/ гэмтэл учруулсан эсэх нь эргэлзээтэй, эрүү шүүлт тулган бүлэглэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж прокурор дүгнэсэн нь ойлгомжгүй” гэсэн тус тус үндэслэл зааж, тухайн асуудлуудын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар заасан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, шүүх хэргийг хэлэлцэх явцдаа аливаа баримтыг нотлох баримтаар үнэлэх эсэх ауудлаар болон Эрүүгийн хуулийн нэг хүндрүүлэх шинжээр хоёр гэмт хэрэгт ял сонсгосон асуудалд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх эрх хэмжээ анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон болно.
Түүнчлэн шүүгчийн захирамжид “Эрүүгийн хуулийн нэг хүндрүүлэх шинжээр хоёр гэмт хэрэгт ял сонсгосон нь ойлгомжгүй” гэсэн нь логикын хувьд алдаатай дүгнэлт бөгөөд хууль зүйн тайлбараас хамаарах хууль хэрэглээний асуудал болохыг анхаарвал зохино.
Яллах дүгнэлт нь хүнийг гэмт хэрэгт буруутгаж байгаа эрх зүйн баримт бичгийн хувьд шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэргийн үйл баримтыг тодорхой тусгаж, хууль зүйн дүгнэлтийг ойлгомжтой байдлаар хийсэн байх ёстой.
Яллах дүгнэлтэд “...хууль сахиулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 190802602 дугаартай хэргийг шалгах явцад хохирогчид хууль бусаар нөлөөлж, хэрэгт зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн” гэж хэргийн агуулгыг хэт ерөнхий байдлаар товчлон бичжээ.
Тухайлбал, “... хохирогчид хууль бусаар нөлөөлж, хэрэгт зориуд худал мэдүүлэг өгүүлэх ...” гэсэн байх бөгөөд хохирогчид хэрхэн яаж нөлөөлсөн байдлыг хууль бусаар гэж үзсэн нь тодорхойгүй байгаа бол ямар байдлаар худал мэдүүлэг өгүүлсэн байдал нь мөн тодорхойгүй болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийн үйл баримтыг тогтоож, уг үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжийг болон уг зүйл, хэсэгт заасан шинжүүдээс алийг нь хангаж байгаад хууль зүйн дүгнэлт өгснөөр ял сонсгох, яллах дүгнэлт үйлдэх учиртай.
Дээрх хэргийн зүйлчлэлийн үйл баримт нь тодорхойгүй буюу ямар үйл баримт нь ямар гэмт хэргийн аль шинжийг хангаж байгаа нь тодорхойгүй болжээ.
Иймд хэргийн үйл баримтыг тодорхой зааж, тухайн үйл баримт нь ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.
Мөн яллах дүгнэлтэд “...Шүүгдэгч Г.Д нь ...мөрдөгч Б.Этай бүлэглэн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн байранд иргэн Ц.Өыг хэрэг хүлээлгэх зорилгоор толгой, хэвлий, гуя, өгзөг хэсэгт нь өшиглөх, цахилгаан бороохойгоор цохиулах, машин угаалгах, хэлтсийн байранд шөнийн цагаар хууль бусаар саатуулах зэргээр бие махбод болон сэтгэл санааг нь шаналган зовоосон буюу эрүү шүүлт тулгасан,
...Шүүгдэгч Б.Э нь ...мөрдөгч Г.Дтай бүлэглэн иргэн Ц.Өыг хэрэг хүлээлгэх зорилгоор толгой, хэвлий, гуя, өгзөг хэсэгт нь өшиглөх, цахилгаан бороохойгоор цохиулах, автомашин угаалгах, хэлтсийн байранд шөнийн цагаар хууль бусаар саатуулах зэргээр бие махбод болон сэтгэл санааг нь шаналган зовоосон буюу эрүү шүүлт тулгасан...” гэжээ.
Гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрийн үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болно.
Хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байдаг бөгөөд оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй буюу эс үйлдэхүйгээр илэрдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох нөхцөл байдал, оролцооны хэлбэрийг нэг бүрчлэн хуульчилж, гэмт хэрэгт оролцсон байдлаас шалтгаалан оногдуулах ял шийтгэл ялгамжтай байдаг.
Иймд Г.Д, Б.Э нар нь хэрхэн, ямар үйлдлээр санаа зорилго нэгдэж хамтран оролцсон үйл баримтыг тодорхой тусгаж, уг оролцоо нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд болон 3.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын агуулгад нийцэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийсний эцэст бүлэглэсэн гэж үзвэл зохино.
Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШТ/124 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР