Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 120

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

      Шүүх хуралдаанд: 

      Прокурор                                                     Д.Нямдэлэг  

       Хохирогч                                                      Б.Батмандах

                                                                              Д.Даариймаа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           М.Гансүх

 Хохирогчийн өмгөөлөгч                           Г.Амартүвшин

 Иргэний нэхэмжлэгч                                 Ц.Мөнхтогтох

      Нарийн бичгийн дарга       Б.Энхтайван нар  оролцов.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх овогт Дашпилийн Энхмэнд холбогдох 1831000000049 дугаартай  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35,36,37,38 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 1993 оны 01 дүгээр сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, Шаамар сумын Төрийн банкны зээлийн эдийн засагч ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэнжийн 2-6-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Хөх овогт Дашпилийн Энхмэнд /РД:МО93012511/

  Шүүгдэгч Д.Энхмэнд нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Дэлгэрхаан” 1 дүгээр багийн нутаг дэвгэр “Дэнжийн” 6 дугаар  гудамжинд согтуурсан, мансуурсан үедээ 98-85 СЭҮ улсын дугаартай “Соната 6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гарган Д.Дариймаа, Д.Сарангэрэл нарыг дайрч П.Сарангэрэлийн амь насыг хохироож, Д.Дариймаагийн биед хүндэвтэр хохирол учруулсан, дээрх хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Хохирогч Даариймаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20:30 цагаас 21:00 цагийн хооронд би охин Д.Сарангэрэлтай хамт “Тэнгис дэлгүүрээс ойр зуурын юм аваад гэр лүү гээ орох гээд явж байсан. Бид хоёр машин замаар явж байсан бөгөөд араас машин ирж байх шиг болохоор зам чөлөөлж өгсөн. Гэтэл биднийг ирээд мөргөөд тэр чигээрээ чирээд цааш явсан.  Мөргүүлснээс хойш юу болсныг санахгүй байна. Намайг хэвтэж байтал манай нутгийн Мөнхбаяр гэдэг залуу над дээр ирээд “Даариймаа эгчээ та энд юу хийж байгаа юм бэ хөлдөж үхлээ шүү дээ” гэж хэлээд намайг аваад явсан.....гэх мэдүүлэг,

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмандахийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... 2018 оны 02 дугаар сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө 01 цаг 30 минутын үед манай эгч над руу залгаад ээж дүү хоёр осолд орсон талаар хэлсэн. Тэгээд удалгүй Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас залгаад мөн л ээж дүү хоёрыг маань осолд орсон талаар хэлсэн. Тэгээд “”ээж дүү хоёрын чинь биеийн байдал муу байгаа тул яаралтай ирнэ үү” гэсэн. Тэгээд миний бие 150.000 төгрөгөөр такси хөлслөөд Сэлэнгэд ирсэн. Сэлэнгэд ирээд эмнэлэг дээр очтол ээж маань эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байсан. Би энд ирэхээсээ өмнө дүүгээ нас барсан талаар мэдээгүй. Эмнэлэг дээр ирэхэд гэрийнхэн нь маань уйлж байхад л мэдсэн. Эмнэлэг дээр Д.Энхмэндийн талаас ямар нэгэн хүн байгаагүй. Биеийн байдлыг нь асуусан ч хүн байгаагүй. Харин сураг сонсохнээ Д.Энхмэндийн эхнэрийх нь эгч нь нөхөртэйгээ Дархан-Уул аймгаас ирээд “хоёр согтуу хүн булан тойрч гарч ирэхэд манай дүү дайрчихсан юм байна. Тэгээд хальтирч унаад машин доогуур нь орчихсон юм байна” гэх мэт зүйл ярьсан байсан. Миний бодлоор шүүгдэгч нь жолоочийн хувьд маш хайхрамжгүй байсан гэж бодож байна. Хэрэг гарсан уг газар тийм хязгаарлагдмал харагдахааргүй газар биш. Үнэхээр мөргөөд шоконд орсон юм бол яагаад машинаа зогсоож болоогүй юм. Үнэхээр л шоконд орсон юм бол зогсоод хэсэг хугацааны дараа шокноосоо гараад миний дүү болон ээжид маань тусламж үзүүлсэн бол байдал арай өөрөөр эргэх боломжтой байсан. Д.Энхмэндийн ээж нь манай ээж Д.Даариймааг эмнэлэгт хэвтэж байхад нь эмнэлэг дээр нь очоод “олон жил айл саахалт явлаа би хүүхдээ батлан даалтанд гаргаад авчихмаар байна” гэж хэлсэн байсан. Дүүгийн маань ажил явдал 2 дахь хоног дээрээ явж байхад шүүгдэгчийн талаас нэг ч хүн ирээгүй. Харин оройн 22 цагийн үед Д.Энхмэндийн ээж, ах нь гэх залуу, нэг хөгшин ирсэн. Д.Энхмэндийн ээж нь нэг л их аудитын шалгалт, тайлан тооцоо, ажил л яриад байх шиг хүүхдийнх нь хийсэн үйлдлийн улмаас нэг айл өрхөд ямар их гай гарз учирсны ерөөсөө ойлгохгүй байгаа юм шиг санагдаад байгаа....гэх мэдүүлэг,

3. Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтогтохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... Миний бие ажил хийж Д.Сарангэрэл болон хүүхдүүд дээрээ ирэн очин явдаг байсан тул гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан юм. Улмаар Д.Сарангэрэл нь уг хэргийн улмаас нас барахад Шаамар сумын засаг дарга миний хоёр хүүхдийн асран хамгаалагчаар хадам ээж Д.Даариймаа тогтоосон байсан тул Ерөө сумын засаг даргаар захирамж гаргуулан миний бие асран хамгаалагчаар тогтоогдсон. Хүүхдүүдийн маань ээж Д.Сарангэрэл нас барсан болохоор миний бие ажлаасаа гарч хүүхдүүдээ харахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Тийм болохоор иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон шүүх хуралдаанд оролцож байна... гэх мэдүүлэг,

4.Хохирогч Д.Даариймаагийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Мэндээ гэх залуу миний нөхөр Энхтайванд 1 шил 0,75 граммын шилтэй  “Соёрхол” гэж архи авчирч өгсөн. Тэр архийг Энхтайван гэртээ авч орж ирээд ганцаараа уугаад байхаар нь би тэр архинаас нь жижиг хундагаар 3 удаа уусан. Энэ үед Сарангэрэл бид 2 хоолоо хийсэн ба Энхтайван архи ууж байгаад согтоод унтсан. Тэгэхээр нь Сарангэрэл бид 2 хоолоо хийж дуусаад маргааш нь Ерөө сум руу явах гэж байсан тул дэлгүүр орж 1 жил “Хараа” архи 1 том савтай “Боргио” пиво, кимчи зэргийг дэлгүүрээс аваад буцаад гэр рүүгээ яваад яг хашааныхаа үүдний ойролцоо очиж явтал гэнэт машин хурдтай давхиж ирээд охин Сарангэрэл бид хоёрыг мөргөсөн. Мөргүүлчихээд би ухаан алдсан байсан. Би сэрэхэд газар цасан дээр ганцаараа хэвтэж байсан ба хажуу тийшээ хартал манай охин Сарангэрэл хэвтэж байгаа харагдсан. Тэгээд миний гутал, оймс сугарсан, хөл их өвдөж байсан тул би “амь авраарай” гээд орилоод байсан чинь хүн ирэхгүй байсан. Би 30-40 минут орчим орилж газар хэвтсэн. Тэгээд орилоод байж байхад манай тэнд гэр нь байдаг Мөнхбаяр ирээд “Юу хийж хэвтэж байгаа юм бэ?” гэж асуухаар нь “Намайг машин дайраад зугтаачихлаа” гэж хэлээд би дахин ухаан алдсан. Нэг сэрэхэд сумын эмнэлэгт ирсэн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

            5.Хохирогч Д.Батмандахын 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би тухайн осол гарсан газарт очиж үзсэн. Би ээж, дүү нарын өмсөж байсан хувцаснуудыг эмнэлгээс авсан. Ээж, дүү нарыг мөргсөн машины жолооч тухайн үед ээж дүү нарыг мөргөөд машинаа зогсоогоогүй чирээд  явсан байсан. Хэрвээ машинаараа хүн мөргөөд зогссон бол өдийд манай дүү амьд, ээж хөнгөн гэмтэх байсан байх гэж бодож байна. Тухайн жолооч хүн мөргөчихөөд хэргийн газраас зугтаасанд нь маш их гомдолтой байна. Яагаад хүн мөргөчихөөд хэргийн газраас зугтаасан, эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүйд гомдож байна. Хэрвээ тэр доороо ээж, дүү нарыг мөргөөд машинаа зогсоогоод эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бол өнөөдөр байдал арай өөр байсан байх гэж бодож байна. Харанхуй гудамжинд ээж Даариймаа нь газарт хэвтэж тусламж дуудаж орилсон гэсэн. Харин аз болж хажуу айлын хүн ээжийн дууг сонсоод туслан ээж минь амьд гарлаа. Хэрвээ хүн туслаагүй бол нас барахыг хэлж мэдэхгүй байна. Дүү Д.Сарангэрэлийн оршуулгын зардлыг ар гэрийнх нь гаргасан. Мөн ээжийн эмнэлэгт хэвтсэн төлбөр, эмчилгээний баримт гээд мөнгө их орж байна. Өнөөдөр ээж Д.Даариймаа нь Улаанбаатар хот руу очиж эмчилгээ хийлгэнэ. Жолоочийн ар гэрийнхэн нь ээжийн эмчилгээнд 760.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байгаа. Мөнгөн дүнг нь бодож гаргаагүй, амжаагүй байна. Баримтуудыг гаргаж хэргийн материалд хавсаргаж нэхэмжлэнэ. Эхний ээлжинд ээжийгээ хөл дээр нь босгомоор байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

            6.Гэрч Т.Бямбасүрэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед орондоо ороод унтаж байхад манай гэрийн цонхийг хүн нүдээд Бямбаа эгчээ “Цэцэгбадам байна. Гадаа хүн хөлдөх гээд байна” гээд цонх цохиод байхаар нь би босоод хувцасаа өмсөөд хөөлгөө онгойлгож өгөхөд Цэцэгбадам надад хандан “тай гэрийн үүдэнд Даариймаа эгч хөлдөж үхэх гээд хэвтэж байна” гэж хэлээд бид 2 манай гэрээс гарахад хашааны үүдэнд хаалганы хажууд манай хажуу айлын Даариймаа ёолоод орилоод хажуу талаараа харан хэвтэж байсан. Мөн Даариймаагийн хэвтэж байсан газраас зүүн тийш хөдөлгөөнгүй нэг хүн хэвтэж байсан. Цэцэгбадам бид хоёрыг манай гэрээс гарахад Мөнхбаяр Даариймаагийн хажууд зогсож байсан ба Энхмэндийн ах Батмэнд гэж залуу гүйж ирээд Мөнхбаяр, Батмэнд 2 Даариймааг өргөөд манай гэрт оруулсан. Тухайн үед Мөнхбаяр эмнэлэг, цагдаад дуудлага ба удалгүй эмч, цагдаа ирээд Даариймааг аваад явсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/

            7.Гэрч Н.Мөнхбаярын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт явж байгаад Шаамар сум руу буцах гээд фэйсбүүк цахим хуудсанд “Шаамар сум руу явах унаа байна уу?” гэж зар тавьсан байсан. Ингээд 16 цагийн үед Төрийн банкны ажилтан Д.Энхмэнд над руу утсаар яриад –Шаамар явах гэж байгаа юм уу? Би Дарханаас Шаамар руу явах гэж байна” гэхээр нь би Д.Энхмэндтэй хамт Шаамар сум руу явахаар болсон. Ингээд Д.Энхмэнд намайг ирж аваад бид хоёр Д.Энхмэндийн Соната-6 загварийн тээврийн хэрэгсэлтэй Шаамар сум руу явсан. Тухайн үед Д.Энхмэнд Сэлэнгэ аймгийн төв орж бэр эгчийгээ аваад Шаамар сум руу явна гээд Сэлэнгэ аймгийн төв орсон боловч бэр эгч нь Шаамар сум руу явахаагүй болоод Шаамар сум руу буцаад явах замдаа “Шонхор” дэлгүүрээс би 0,75 грамм Тайга нэртэй архи авсан. Тэгээд бид 2 Шаамар суманд ирээд сумын төвөөс бага зэргийн зайтай модон дотор орж зогсоод худалдаж авсан архиа Д.Энхмэндийн машин дотор хувааж уусан. Архи ууж байх үед тамхи дууссан учир дэлгүүр орж тамхи аваад аваад МСҮТ-ийн дотуур байрны хажууд машинтайгаа зогсоод архи үргэлжлүүлж хуваад уусан. Ингээд архи уугаад сууж байтад манай МСҮТ-ийн захирал байрны гадаа өргөл өргөөд зогсож байсан. Тэгээд би машинаас бууж захирал Хишигжаргалтай очиж уулзахад “Яам руу яаралтай мэдээ явуулах хэрэгтэй байна. Чи сургууль ороод арга зүйч Баянжаргалд тоо мэдээ хэлж өгөх хэрэгтэй байна” гэхээр нь Д.Энхмэндийн машинтай сургууль руу очсон. Тухайн үед Д.Энхмэнд өөрөө машинаа жолоодож явсан. Ингээд Д.Энхмэнд бид хоёр МСҮТ-ийн сургууль орж би арга зүйч Баянжаргалд тайлангаа гаргаж өгч хэрэгтэй зүйлийг нь өгөөд бид 2 манай өрөөнд орсон. Манай өрөөнд бид 2 ууж байсан архиа үлдэгдэл архиа хувааж уугаад сууж байхад манай эхнэр Ундрал орж ирээд бид 3 юм ярьж сууж байгаад Д.Энхмэнд бид хоёр үлдэгдэл архиа хувааж ууж дуусгаад манй өрөөнөөс гарч сургуулийн үүднээс гэр гэр рүүгээ явахаар болж салцгаасан. Би эхнэртэйгээ гэр рүүгээ явганаар явсан. Харин Д.Энхмэнд сургуулийн үүдээр гараад машин руугаа явж харагдсан. Түүнээс хойш Д.Энхмэндтэй уулзаагүй ....гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/

            8.Гэрч Ч.Цэцэгбадамын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Өчигдөр буюу 218 оны 02 дугаар сарын 27-ны орой барагцаагаар 21 цаг өнгөрөөгөөд манай үхэр нилээн орой ирсэн. Үхрээ оруулах гээд гадаа байхад хүн “Бямбаа эгчээ, хүн байна уу?” гээд орилоод байхаар нь хашаанаасаа гараад гудамжны хойшоо яваад Мөнхбаярын гэрт очоод “Мөнхбаяраа гадаа ямар хүн орилоод байгаа юм бэ?” гэсэн чинь Мөнхбаяр хамт очиж харъя” гээд бид 2 хүний дуу гарч байгаа газар руу очсон. Гудамжинд цасан дунд хүн хэвтэж байхаар нь хэн юм бол гэж бодоод харсан чинь Даариймаа байхаар нь Мөнхбаяр үлдэж би Бямбаа эгчийг дуудахаар явсан. Бямбаа эгчийг дуудаад эргээд Даариймаа дээр очоод би даараад гэр рүүгээ орж гадуур хувцсаа өмсөөд  ирэхэд Мөнхбаяр, Даариймаа, Бямбаа эгч нар байхгүй байсан. Би бодохдоо Даариймааг Мөнхбаяр, Бямбаа нар аваад явчихсан байна гэж бодоод эргээд гэртээ очсон.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/

            9.Гэрч Д.Батмэндийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2018 оны 02 дугаар сарын 28-ны орой 20-21 цагийн үед шиг санаж байна.Би гэртээ байж байхад миний төрсөн дүү Д.Энхмэнд өөрийнхөө 94092001 дугаараас миний утас руу залгаад уйлаад “Ахаа та хүрээд ирээч, би хүн дайрчих шиг боллоо” гэхээр нь хаана байгааг нь асуухад “гэртээ байна” гэсэн. Ингээд би Д.Энхмэндийн гэр рүү гүйгээд явж байхад гудамжинд Мөнхбаяр, Цэцэгбадам эгч хоёр хэвтэж байгаа хүний хажууд зогсож байсан ба би явж очоод харахад тэр гудамжинд гэр нь байдаг Даариймаа эгч хөл нүцгэн ёолоод орилоод байсан. Тэр үед би Мөнхбаярыг түргэн дуудаарай гэж хэлээд дүү Д.Энхмэндийн гэрийн гадаа гүйгээд очиход машиных нь урд гупер нь байхгүй болсон Д.Энхмэнд өөрийнхөө саарал өнгийн Соната-6 загварын машин дотор жолоочийн суудалд уйлаад сууж байсан ба би Д.Энхмэндийг “Яаж байгаа юм бэ?” гээд загнасан чинь “Гэнэт гарч ирээд зогсоож чадалгүй мөргөчихлөө” гэж байсан. Мөнхбаяртай хамт өргөөд Бямбасүрэн эгчийн гэрт оруулж хэвтүүлсэн. Удалгүй сумын цагдаа Мөнхбаатар, хэсгийн төлөөлөгч нар ирсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/

            10.Гэрч П.Мөнхбаярын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны орой 18 цагийн үед ЗДТГ-ын байрны спорт зааланд гар бөмбөг тоглож байгаад 21 цаг 10 минутанд тоглож дуусаад гэр рүүгээ явганаар харихаар явсан. Тэгээд гэр рүүгээ орохдоо урд айл болох Цэцэгбадам эгчийн хашаагаар дамжин гэрийнхээ хашаа руу явж байтал хашааны гадаа замын хажууд эмэгтэй хүн туслаарай гээд орилох чимээ гарсан. Тухайн үед би гэр рүүгээ ороод зогсож байтал миний араас урд айлын Цэцэгбадам эгч манай гэрт орж ирээд “Гадаа хүн орилоод байх шиг байна, хамт гараад очиж үзье” гэхээр нь би Цэцэгбадам эгчтэй хамт гэрээсээ гараад хүн орилоод байгаа газарт очиход манай хойд айлын Даариймаа эгч Цасан дээр баруун талаараа хажуулдан хэвтээд гуталгүй хөл нүцгэн “ёо ёо хөл” гээд орилоод байсан. Тэгээд би хамт байсан Цэцэгбадам эгчийг хэвтэж байсан газрын хойд айл болох “Бямбасүрэн эгчийн гэрт ороод хөлийг нь хучих юм аваад ир” гэж хэлээд явуулсан. Удалгүй Цэцэгбадам эгч, Бямбасүрэн эгчтэй хамт гарч ирээд хөлийг нь даавуугаар ороогоод байж байх үед Бямбасүрэн эгч “Тэнд нэг хүн хэвтэж байна” гэж хэлээд очиж харахаар яваад буцаж ирээд “Тайвангийн том охин нас барсан юм шиг байна” гэж хэлсэн.  Энэ үед цаанаас Д.Энхмэндийн ах Батмэнд гүйж ирээд бид нартай хамт газар цасан дээр хэвтэж байсан Даариймаа эгчийг өргөөд Бямбасүрэн эгчийн гэр рүү оруулсан. Тэг үед Батмэнд “Одоо яанаа” гэхээр нь би “ Юу болсон юм бэ?” гэж Батмэндээс асуухад “Манай дүү Энхмэнд машинаар дайрчихсан байна” гэж хэлсэн. Тухайн үед ойр ямар нэгэн машин тэрэг байхгүй, харагдахгүй байсан. Ингээд би цагдаа Мөнхбаатарт “Хүн машинд мөргүүлсэн байна” гэж дуудлага өгсөн. Удалгүй эмнэлгийн машин ирж цагдаа Мөнхбаатар ирж би Даариймаа эгчийг эмнэлгийн машинд оруулан эмнэлэг дээр хүргэж өгсөн....гэх мэдүүлэг /хавтас хэргийн 86-87 дугаар хуудас/

            11.Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн акт №21:

            1. Талийгаач Д.Сарангэрэлийн биед Дагз болон суурь ясанд шугаман хугарал, тархины эдийн хяцрал, баруун зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Талийгаач Д.Сарангэрэлийн биед учирсан дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилтын үед үүсгэгдэнэ.

            3.Талийгаач Д.Сарангэл нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

            4.Талийгаач Д.Сарангэрэл нь ямар нэг архаг хууч өвчингүй байжээ.

            5.Талийгаач Д.Сарангэрэл нь гавал тархины эдиййн няцралын улмаас нас баржээ.

            6.Талийгаач Д.Сарангэрэл нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/

            12. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №135

  1. Д.Даариймаагийн биед зүүн дунд чөмөгт ясны хөндлөн хугарал, бүсэлхий нурууний L3 арын 2 сартэнгийн хугарал, L5 хөндлөн 2 сэртэн ясны хугарал,  хөндлөн 2 сэртэн ясны хугарал, L3-L5,S1 жийргэвч мөгөөрч цүлхийсэн, зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мөхөө зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтдийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна ...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/

            13.Шинжээчийн дүгнэлт 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №15 тоот:

            1.Жолоонд Д.Энхмэнд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

            2.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5. Замын тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр,хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх: г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлэгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно: 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн. мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: /Шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Насанжаргалын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №15 тоот дүгнэлтээр Цусанд 1,6 промилл спирт илэрсэн байна/ 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг хараглзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхп/йгээр сонгож явна: 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж. зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3.Жолооч Д.Энхмэнд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал. тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг хараглзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж. зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

4.Жолооч Д.Энхмэндын үйлдэл нь “Зам тээврийн осол”- зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал: иймд зам тээврийн осол мөн байна.

5.Жолооч Д.Энхмэнд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан байна.

6.Явган зорчигч Д.Дариймаа. Д.Сарангэрэл нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

7.6 дугаар асуултанд хариулсан.

8.6 дугаар асуултанд хариулсан…гэх хариулт /хавтаст хэргийн 128 дугаар хуудас/

            14.Тээврийн хэрэгсэлд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 172-177 дүгээр хуудас/

            15.“Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

            16.Шинжээч Г.Насанжаргалын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Жолооч Д.Энхмэнд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон байна гэж үзэж дүгнэлтийг гаргасан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан замын нөхцөлд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй байсан. Энэ нь хэргийн газрын үзлэг, фото зураг, зогсоох арга хэмжээ аваагүй байсан. Энэ хэргийн газрын үзлэг, фото зураг, өөрийн өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн дүгнэлтийг гаргасан...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: гэж зааж өгсөн байхад жолооч нь тээврийн хэрэгслийг зогсоолгүй ослын дараа жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй байсан тул 2.5 дахь заалтыг нэмж тавьсан. Энэ нь ослын дараа үүсч байгаа жолоочийн үүрэгтэй холбоотой учир осол гарахад нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хавтатс хэргийн 133 дүгээр хуудас/

17.Шүүгдэгч Д.Энхмэндийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байгаад цагийн үед Дархан-Уул аймаг руу өөрийн эзэмшлийн Сонато-6 маркийн 98-85 СЭҮ улсын дугаартай  автомашиныг авч ирэх гэж явсан. Дархан-Уул аймагт 17 цаг гэж очоод машинаа хүнээс авчихаад хоосон яваад яахав гэж бодоод фасебүүкт зар тавьсан. “Дархан-Уул аймгаас Шаамар сум руу хүн авч явна” гэж зар тавьсан. Тэгсэн чинь Шаамар сумын нягтлан бодогч Н.Мөнхбаяр гэх залуу надтай хамт явахаар болоод Дархан-Уул аймгаас Н.Мөнхбаяр бид 2 хамтдаа ирсэн. Дархан-Уул аймгаас гарах гэж байхад Н.Мөнхбаяр нь 1 шил 500 граммын Тайга архи 1 лаазтай пиво авчихсан байсан. Дарханаас гараад Шаамар суманд барагцаагаар 18 цагийн үед ирээд Н.Мөнхбаярыг Шаамар сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гадаа буулгах гэж байгаад хоорондоо ойр зуурын яриа ярьж сууж байсан. Н.Мөнхбаярт байсан Тайга архинаас би 1-2 хундага уусан. /”би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болох уу? Архи уусан талаараа мэдүүлэг өгмөөргүй байна”/ Ингээд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гаднаас харих гээд машинтайгаа хөдөлсөн. Би ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд явж байсан. Манай гэр рүү эргэсэн ертөнцийн зүгээр баруун тийш эргэсэн гудамжаар эргээд машины гэрэл тэгшрээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй машины баруун талаас 2 хүн копуд даваад унасан. Манай гэр 20 метр орчим учраас гэрийнхээ гадаа зогссон. Ингээд шууд гэртээ ороод ах Д.Батмэнд рүү утасдаж “Би хүн дайрчихлаа, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч” гэж хэлсэн. Би тухайн үед айж сандарсан байсан болохоор ямар нэгэн арга хэмжээ авах чадвахгүй байсан. Тэгээд гэртээ байхад хэсгийн төлөөлөгч манай гэрт орж ирэхэд би болсон явдлын талаар хэлсэн...Гадаа харанхуй болчихсон, 20 цаг орчим өнгөрч байсан. Замын ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй, замын гэрэлтүүлэг байхгүй. Би МСҮТ-ээс хөдлөөд явж байхдаа 40 км цагийн хурдтай явж байсан. Эргэлт дөхөөд гудамж руу орох гэж  байхдаа хурдаа багасгаж сааруулж орсон...гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас/

18. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 7-18 дугаар хуудас/

19.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

20. Хохирлын баримт /хавтаст хэргийн 42-74 дүгээр хуудас/

21. Шүүгдэгч Д.Энхмэндийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 191 дүгээр хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Энхмэндийн гэм буруу, хохирол,

төлбөрийн талаар.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Хөх овогтой Дашпилийн Энхмэндийг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Дэлгэрхаан” 1 дүгээр багийн нутаг дэвгэрт “Дэнж”-ийн 6 дугаар гудамжинд согтуурсан үедээ 98-85 СЭҮ улсын дугаартай “Сонато-6” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гарган Д.Даариймаа, Д.Сарангэрэл нарыг дайрч Д.Сарангэрэлийн амь насыг хохироож, Д.Даариймаагийн биед хүндэвтэр хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэг, дээрхи гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан үндэслэлээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр харъяалах  шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

         Учир нь: Хавтаст хэргийн 31-33 дугаар хуудсанд авагдсан хохирогч Д.Даариймаагийн, 39-40 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмандахын  мэдүүлэг, хэргийн 28 дугаар хуудсанд байгаа эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, 172-177 дугаар хуудсанд байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, Т.Бямбасүрэн, Н.Мөнхбаяр, Ч.Цэцэгбадам, Д.Батмэнд, П.Мөнхбаяр нарын мэдүүлгүүд 75-87 дугаар хуудас, Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2018 оны 3 сарын 26-ны өдрийн акт №21 /хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №135 /хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/, Шинжээчийн дүгнэлт 2018 оны 3 сарын 15-ны өдрийн 15 тоот /хэргийн 128 дугаар хуудас/, Шинжээч Г.Насанжаргалын мэдүүлэг /хэргийн 133 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Шүүхийн хэлэлцүүлэгээр нэг бүрчлэн шинжлэн судалж үзэхэд хэрэгт хамааралтай нөхцөл байдлуудыг тодорхойлсон, нэг нь нөгөөхөө тодотгосон, тухайн хэрэг явдал болсон нөхцөл  байдлыг давхар тодруулсан шинжтэй, хоорондоо нийцсэн ач холбогдол бүхий баримтууд байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж шүүх дүгнэв.

           Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудаар  Д.Энхмэнд нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Дэлгэрхаан” 1 дүгээр багийн нутаг дэвгэр “Дэнжийн” 6 дугаар  гудамжинд согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн 98-85 СЭҮ улсын дугаартай “Соната 6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5. Замын тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх: г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлэгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно: 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэхийг хориглох тухай заалтыг зөрчсөн байхаас гадна /Шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Насанжаргалын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №15 тоот дүгнэлтээр Цусанд 1,6 промилл спирт илэрсэн байна гэх дүгнэлт, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж. зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчиж, согтуугаар иргэн Д.Дариймаа, Д.Сарангэрэл нарыг дайрч П.Сарангэрэлийн амь насыг хохироож, Д.Дариймаагийн биед хүндэвтэр хохирол учруулсан,  ослын дараа осолд өртөгсөдөд тусламж үзүүлэлгүйгээр хэргийн газрыг орхин явж, тээврийн хэрэгслээрээ гэртээ харьсан зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

        Нөгөөтэйгүүр шүүгдэгч дээрхи гэмт хэргүүд үйлдсэн гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Иймээс шүүгдэгч Дашпилийн Энхмэндийг Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Хохирогч Д.Даариймаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмандах нар нь шүүгдэгч Д.Энхмэндээс эмчилгээний зардал болон талийгаачийн оршуулгын зайлшгүй зардалд 12.210.000 төгрөг төлснийг хүлээж авсан тухай мэдүүлэг болон баримт хэрэгт авагдсан байна.  

   Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй” гэжээ. Хуулинд заасан гэм хорын зардал гэдэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирол, түүнтэй холбогдож гарсан зардлыг ойлгоно.  

Дээрхи байдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.Энхмэндийг гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг төлж гэм хорыг арилгасан байна гэж Шүүх үзлээ. Хохирогч Д.Даариймаа нь энэ хугацаанд эмчлүүлсний зардлыг нөхөн төлсөн хэдий ч эрүүл мэндэд учирсан хохирол  гүйцэд арилгаагүй, хуучин байдалдаа эргэж ороогүй, хөл дээрээ босож чадахгүй байгаа учраас цаашид дахин эмчлүүлэх шаардлагатай. Иймд түүнээс гарах зардлыг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлж байна. Хохирогч Д.Даариймаагийн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээвэл зохино гэж шшүх үзэж байна.

Талийгаач Сарангэрэлийн бага насны хоёр хүүхдийн алс хэтийн амьдрал сургуульд нь дэм болох үүднээс иргэний нэхэмжлэгч буюу хоёр хүүхдийн эцэг Ц.Мөнхтогтох, Энхмэнд, түүний ээж Б.Эрдэнэчимэг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмандах, хохирогч Д.Даариймаа нар нь харилцан тохирч, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр  шүүхийн шатанд дараахи байдлаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Шүүгдэгч Д.Энхмэнд миний бие нь хохирогч Д.Даариймаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмандах, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтогтох нартай эвлэрэн ярилцаж, 2 хүүхэд С.Ариундэлгэр, С.Ариунзаяанарт шүүх хуралдаан болсноос хойш 2 жилийн дотор тус бүрт нь 5 сая төгрөгдансанд байршуулж, улмаас дахин 3 жилийн дотор тус бүрт нь 10, 10 сая төгрөгийг дансанд байршуулж, нийт 30 сая төгрөгийг 5 жилийн хугацаанд өгөхөөр тохирч гэрээ байгуулав. /Миний ээж Б.Эрдэнэчимэг хамтран төлөлцөх болно/ зөвшөөрч гарын үсэг зурсан Б.Эрдэнэчимэг, Д.Энхмэнд гэжээ.

Уг эвлэрлийн гэрээний доор хохирогч Д.Даариймаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмандах, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтогтох бид нар шүүгдэгч Д.Энхмэнд болон түүний ээжтэй дээрхи байдлаар эвлэрэн тохиролцлоо. Шүүгдэгч Энхмэндэд гомдол саналгүй, түүнд оногдуулах ялыг хуульд зааснаар хөнгөрүүлж өгнө үү гээд эвлэрэн тохиролцсон Д.Даариймаа, Д.Батмандах, Ц.Мөнхтогтох нар гарын үсэг зуржээ. Шүүх энэхүү эвлэрлийн гэрээг шийтгэх тогтоолоор баталж өгөх нь зүйтэй гэж тогтов.

                         Шүүхээс оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Д.Энхмэнд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохиролыг төлж гэм хорыг арилгасан    зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял, эрүүгийн хариуцлагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялаас 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Шүүгдэгчийн төлөв даруу хувийн байдал, хохиролыг арилгасан болоод цаашид арилгах талаар санаа тавьж байгаа байдал, хохирогч нарын зүгээс “гомдолгүй, шүүхээс оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Энхмэнд нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, оршуулгын зайлшгүй зардал болон бусад зардалд 12.210.000 төгрөг төлж барагдуулсан, бага насны хоёр хүүхдийн ирээдүйд зориулж 30 сая төгрөг дансанд байршуулахаа илэрхийлж, хохирогч нартай эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Даариймаагийн цаашид эмчлүүлснээс гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шийлвэрлүүлэх эрхтэй болохыг зааж, хэрэгт битүүмжилсэн 98-85 СЭА улсын дугаартай,”Соната-6” маркийн тээврийн хэрэгслийг чөлөөлж, эзэмшигч Д.Энхмэндэд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 806364 дугаартай жолооны эрхийн үнэмлэх зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зохих байгууллагад буюу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, “боргио” пиво нэг шил,    “хараа” архи нэг шил, нэг хос гутал, авто машины эвдэрсэн, хагарсан зүйлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөх овогтой Дашпилийн Энхмэндийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Дашпилийн Энхмэндийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус    шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Энхмэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан 2 сар 15 хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэн, эдлэх ялын нийт хэмжээг 1 /нэг/ жил, /2 хоёр/ сар 15 /арван тав/ хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Энхмэндэд оногдуулсан 1 /нэг/ жил, 2 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр  тогтоосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ялтан Д.Энхмэнд, түүний эх Б.Эрдэнэчимэг, хохирогч Д.Даариймаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмандах, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтогтох нарын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг баталсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “боргио” пиво нэг шил, “хараа” архи нэг шил, нэг хос гутал, авто машины эвдэрсэн, хагарсан зүйлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст,   тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 806364 дугаартай жолооны эрхийн үнэмлэх зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зохих байгууллагад буюу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлсүгэй.

7.Ялтан, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн 98-85 СЭА улсын дугаартай,”Соната-6” маркийн тээврийн хэрэгслийг чөлөөлж, эзэмшигч Д.Энхмэндэд буцаан олгож, хохирогч Д.Даариймаа, Д.Батмандах нарт оршуулгын зайлшгүй зардал болон эмчилгээний зардалд 12.210.000 /арван хоёр сая хоёр зуун арван мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Д.Даариймаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9.Ялтан Д.Энхмэндэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэмжээг өөрчилж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, Прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.НАЦАГДОРЖ