Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар   128/ШШ2026/0338

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т******* а******* ө” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Д,

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э, А.Б*******, Л.Э, Б.Э нарын хоорондын дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, А.Б*******, Л.Э, Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “Т******* а******* ө” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад,

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” дугаартай тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 24-ний “Түдгэлзүүлэх тухай” ******* дүгээр тогтоолыг илт хууль бус байсан болох” гэж нэмэгдүүлснийг шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авчээ.

1.3.Дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай” ******* дугаартай тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн  “Үүрэг даалгаврын  биелэлтийг дүгнэх тухай” дүгээр тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн “Түдгэлзүүлэх тухай” ******* дүгээр тогтоолд дурдсан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагыг хангаагүй, уг шаардлагын 2022 оны зорилтыг  биелүүлээгүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” гэж нэмэгдүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.

1.3.Дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч “Т******* а******* ө” ХХК-д 2019 оны 12 дугаар сараас 3******* дулаан түгээх, 3******* дугаартай дулаанаар зохицуулалттай хангах зэрэг тусгай зөвшөөрлүүдийг хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон бөгөөд хариуцагчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолоор ...нэхэмжлэгчид олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэжээ,

2.2 Нэхэмжлэгч компани нь Сүхбаатар дүүргийн 2, 3 дугаар хороодын 17 байрны 1185 өрх, 105 аж ахуйн нэгж, байгууллага, Баянзүрх дүүргийн 4, 8, 11 дүгээр хорооны 7 байрны 414 өрх, 21 аж ахуйн нэгж, байгууллага гээд нийт 1858 хэрэглэгчдэд д******* эрчим хүчээр хангах үйл ажиллагааг эрхэлсэн,

2.3.Нэхэмжлэгч байгууллагын хувьд үйл ажиллагаа хэвийн явуулж байхад хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо манай үйл ажиллагааг ямар ч үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн,

2.4. Хуримтлагдсан өр төлбөр гэдэг бол “Т******* а******* ө” ХХК-аас шууд хамаарахгүй. Хэрэглэгч гэж оролцогч байгаа. Хэд хэдэн оролцогч дамжиж явдаг. Энэ үүргийг дангаараа биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй үнэлгээ болсон гэж үзэж байна,

2.5.Нэхэмжлэгчээс “... Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот "Тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай" тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн тоот "Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай" тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн ******* дүгээр түдгэлзүүлэх тухай тогтоолд дурдсан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлага хангагдаагүй, уг зөвшөөрлүүдийг 2022 оны зорилтыг биелүүлээгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй гэж дүгнэлт хийсэн. Үйл баримт нь үнэн бодит байдал дээр биелүүлэх боломжгүй зэрэг бодит шалтгаан байсан. Нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл, нөхцөл шаардлагыг хангаагүй, нөхцөл шаардлагын зорилтыг биелүүлээгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй гэж дүгнэх, эрх зүйн харилцаа бол үүсээгүй байсан...” гэх зэргээр маргаж байна.

            Хариуцагчаас “...Т******* а******* ө" ХХК нь өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, зөрчлөө арилгаагүй болохыг Хорооны 2023 оны дугаар тогтоолоор тогтоож Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдэгдлийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлж тус компанийн ажилтан 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан, тус компаниас Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой Хорооны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн 6/742 дугаар мэдэгдэлд гомдол гаргаагүй, хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй тул Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн дагуу тус компанид олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болно.” гэж тайлбарласан.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хангалттай үнэлгээ авахад 60 оноо гэж байна. Манайх 58,3 оноо аваад хангалтгүй гэж дүгнүүлсэн. Дулаан түгээх үйл ажиллагаа, осол аваар сааталгүй явуулах, гарсан аваар саатлыг тасралтгүй тухай бүр нь ангилан бүртгэж, Д******* с******* ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, Эрчим хүчний зохицуулах хороонд шуурхай мэдээлэх, тайлагнах гэсэнд 10 оноо өгөхөөс 3А, 3Д магистрал, д******* гудам 305-367 цэгээс хангагдах хэрэглэгчийн салаа шугамын гэмтлийг мэдээлээгүй тул харгалзах оноог хасаж дүгнэв гээд 3 оноо хассан байгаа. Яагаад гэхээр Д******* сүлжээ ТӨХК танайд ийм гэмтэл гарлаа, үүнийг зас гээд өөрсөө мэдэгдээд тэрний дагуу өөрсдөө салаа шугам хааж биднийг ажиллах нөхцөлөөр хангаж бид нар засварыг хийдэг. Тэгтэл үүнийг мэдээлээгүй бид нар дураараа засвар хийсэн мэтээр оноо хасаж дүгнэсэн. Манай байгууллагын үндсэн үүрэг юу гэхээр гэмтэл аваар осолгүй сааталгүй явуулах, гарсан аваарыг саатуулахгүй тухай бүрд нь ангилан бүртгэж мэдээлэх нь чухал уу, засварыг хурдан хийх нь чухал уу гэдэг асуудалд Эрчим хүчний зохицуулах хорооны үйлдэл үндэслэлгүй харагдаж байна. 20 Гкал цаг хүрэхэд манайх 18,55 Гкал/ц буюу 1.45 Гкал/ц ачаалал дутуу байхад адил оноо өгч байгаа. 1.45 Гкал/ц хэрэглэгч олоод Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд 2 байр авъя гэж хүсэлт гаргахад танайд өгөхгүй гэж байсан. Тэгээд яаж 1.45 Гкал/ц олж авч 20 Гкал/ц хүргэх ёстой юм. Яагаад 10 онооноос 1 оноо авч байгаа юм. Өнөөдрийг хүртэл 20 Гкал хүрээгүй 30 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл яагаад би ганцхан огноо аваад үйл ажиллагаагаа зогсоолгох нөхцөл байдалд хүрч байгаа юм. Сард 100 сая төгрөгийн орлоготой. Орлогоосоо цалин тавина, засвар хийнэ, дулаанаа төлнө гээд олон зүйл зарцуулж байгаа. 1 сарын хугацаанд 300 хэдэн сая төгрөгийг яаж төлөх юм. Дулаан түгээх сүлжээтэй график байгуулаад төлөөд явж байтал 1 сарын дотор тийм үлдэгдэлтэй болго гэж байгаа. 300 хэдэн сая төгрөгийг 1 сарын дотор төлөх ямар ч үндэслэл байхгүй. Тусгай зөвшөөрлийг цуцлаад удирдах газар өгч байгаа. Удирдах газар нь өргүй газар уу гэвэл үгүй. Хэдэн тэрбум төгрөгийн өртэй газар хувийн өмчийг улсын өмч рүү шилжүүлж байгаа. Дундын, нийтийн өмч байлаа ч гэсэн миний хувь компанийн оруулсан өмч хөрөнгө, засвар үйлчилгээнд оруулсан хөрөнгө байдаг. Ф200мм-ийн шугам манайд байхгүй. Бусад үнэлсэн зүйлсийг харахад 1.7 оноо өгөх хэмжээний нөхцөл байдал хангалттай байсан гэж үзэж байна. Манай компанид 1969, 1970 оны хуучин барилгууд байдаг. Шинэ барилгуудтай харьцуулахад өдөр болгон шугам нь цоордог, бохир нь бөглөрдөг нөхцөл байдалтай байдаг. Дуудлага гомдол ирэхгүй байна гэдэг үндэслэл байхгүй. Тухай бүрд нь бүрэн дүүрэн гүйцэлдүүлж чадаж байна уу гэдгийг ярихаас биш олон дуудлага, гомдол ирсэн гээд оноо хасахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.” гэв.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1172 дугаар захирамжаар ******* тоот тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авсан байгаа. Энэ 3 тогтоолыг илтэд хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байгаа. Биелэгдэх боломжгүй, өөрийн эрх хэмжээнд байхгүй асуудлаар гарсан тогтоол гэж үзэж маргаж байгаа. Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэсэн тогтоол, түдгэлзүүлсэн тогтоол зэргийг үндэслээд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор Т******* а******* ө ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо мэдэгдэл өгөхгүйгээр, сонсох ажиллагаа хийхгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон асуудал яригддаг. Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэхэд ямар байдал харагддаг гэхээр нийт авсан оноо нь 58,3 гэсэн нарийвчлалтайгаар дүгнэсэн байна. Оноог дүгнэсэн процесс, үйл ажиллагаа дүгнэх журамтайгаа нийцэж гарсан юм уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй харагддаг. Тогтоолд тусгасан өр төлбөрийн асуудал гэдэг эхний даалгаврын хувьд нэхэмжлэгчийн зүгээс Улаанбаатар дулаан түгээх компанитай өр төлбөрийн асуудлыг яаж төлж барагдуулах талаар урдаас тохиролцоод гэрээ хийгээд график гаргаад төлөөд явж байсан нөхцөл байдал байдаг. Энэ тохиолдолд Эрчим хүчний зохицуулах хороо үүнд 0 оноо өгсөн байгаа. Өөрсдийн өгсөн баримтад нь түдгэлзүүлэх үед тэд байсан, дүгнэх үед тэд байсан гэсэн төлөлттэй тоог бичсэн байна. Тэр их хэмжээний мөнгийг 1 сарын дотор төлөх боломжтой юу гэдэг асуудал яригдана. Боломжгүй бол энэ үүрэг даалгавар нь биелэгдэх боломжийн асуудал яригдана. Үүнээс үүдээд гарсан шийдвэр илт хууль бус байх нөхцөл байдал харагдаж байна. Дүгнэсэн оноонуудыг харахаар өөрсдийн гаргасан тусгай зөвшөөрөл, нөхцөл шаардлагыг дүгнэх журмаар дүгнэсэн юм уу гэдэг нь эргэлзээтэй. Үүрэг даалгаврыг дүгнээд байгаа юм уу, эсвэл тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнээд байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй зүйл яригдаад байдаг. Өгсөн үүрэг даалгавраар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага дүгнэгдэх ёстой юм уу, эсвэл тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэх журмаар дүгнэх ёстой юм уу гэдэг асуудлууд байгаа юм. Тухайн байгууллагын өөрийнх нь 2022 оны зорилтыг энэ байгууллагад үүрэг зорилт болгож өгөөд тэрийг дүгнээд байгаа юм уу, эсвэл тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнээд байгаа юм уу гэсэн байдал ойлгомжгүй байдлаар дүгнэсэн. Хууль заасан нөхцөл шаардлагаас давсан нөхцөл шаардлага, журам тогтоол баталсан. Энэ журмаар аж ахуйн нэгжийн эрхийг зөрчих ямар ч үндэслэл байхгүй. Хуулийн эрх хэмжээнээс илүү гарсан журмуудыг цэгцэлж, хүчингүй болгосон зүйлүүд байгаа. Тухайн үед үйлчилж байсан журам нь хууль бус байсан учраас журмууд одоогийн нөхцөл байдалд хүчингүй болсон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т******* а******* ө ХХК нь 2124 айл өрх, 140 гаруй аж ахуйн нэгж нийт 5000 гаруй иргэд, оршин суугч, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүч, д******* эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үзүүлж, 20 гаруй тооны ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж ирсэн. Нэхэмжлэгч байгууллагын хувьд үйл ажиллагаа хэвийн явуулж байхад хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо манай үйл ажиллагааг ямар ч үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн.

Улмаар 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоот үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай тогтоолоор өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэж тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй гэсэн үндэслэлээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тогтоолыг гаргаж, манай байгууллагын нийтийн орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооноос цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж, үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа.

Худалдан авсан д******* эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг даалгаврыг 0 оноогоор үнэлсэн. Уг асуудал Иргэний шүүх дээр маргаантай байгаа. Шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа асуудлыг урьдчилан дүгнэж үнэлгээ өгсөн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Хуримтлагдсан өр төлбөр гэдэг бол Т******* а******* ө ХХК-аас шууд хамаарахгүй. Хэрэглэгч гэж оролцогч байгаа. Хэд хэдэн оролцогч дамжиж явдаг. Энэ үүргийг дангаараа биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй үнэлгээ болсон гэж үзэж байна.

Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцээгүй барилга байгууламжуудад дулаан түгээх, хангах үйл ажиллагааг, тухайн салаа шугамыг хамгийн ачаалалтай хэрэглэгчийг хариуцан ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшиж, шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүрэг даалгаврыг бүрэн биелүүлсэн байхад өгсөн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байгаа юм. 2022 оны 11 дүгээр сард бол тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэг удаа нэмэлт оруулж 5,1 Гкал цаг ачаалал, үйлчлэх хүрээнээс хасалт хийлгэж, 1,26 Гкал/ц ачаалал нэмэгдүүлж, 18,55 Гкал/ц ачаалалтай үйл ажиллагаа явуулж байгаа тул харгалзах оноо хасаж 10 онооноос 1 оноогоор дүгнэсэн тухайд Зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5.17-г зөрчсөн гэж үзэж байна. Эдгээр дүгнэлтүүдээс үзвэл хангалттай үнэлгээ авах боломжтой байсныг санаатайгаар оноо хасаж, гэрээнд үндэслэхгүйгээр өөрсдийн үзэмжээр дүгнэсэн хууль бус үнэлгээгээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, компанийн үйл ажиллагааг зогсоож дампууруулах нөхцөл байдалд оруулсныг  хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа.

Эрчим хүчний зохицуулах хороо нь манай компаниас гаргасан түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцлуулах хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, өөрийн хийх ёстой ажлаа хийгээгүй байж манай компанийг үндэслэлгүй шалгаж “өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй" гэж үндэслэлгүй дүгнэлт хийн, “Т******* а******* ө” ХХК-д олгосон 3******* дугаартай дулаан түгээх, 34/1019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосныг хууль бус гэж үзэж байна. Үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосноор манай компани орон сууц нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, манай компанид ажилладаг 21 ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Нэг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага тусгай зөвшөөрлийг шилжүүлээд авч байгаа нь үндэслэлгүй юм. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд энэ салбарт ажиллахад хүндрэл үүсээд байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот “Тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай" тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн тоот "Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай" тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр түдгэлзүүлэх тогтоолд дурдсан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагууд, тогтоолыг хангаагүй гэж үзэж маргасан.  2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот Тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж шинэчлэн тогтоох тухай тогтоолоор манай компанийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэж үндэслэлгүй дүгнэж, буруутгадаг. Улмаар уг тогтоолыг үндэслэж манай компанид үүрэг даалгавар өгч, манай компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бөгөөд үүний дараа 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн тоот "Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай" тогтоолоор өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үндэслэлгүй буруутгасан. Бодит байдал дээр хариуцагч байгууллагаас тогтоосон "Т******* а******* ө" ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын зарим хэсэг нь бодит байдал дээр биелүүлэх боломжгүй байсан бөгөөд хариуцагч нь бодит байдал дээр биелүүлэх боломжгүй, бодит байдалтай нийцээгүй ажил, үүрэг, зорилтыг биелүүлэхийг шаардаж, түүнийгээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Энэ талаар дурдвал Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот Тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай тогтоол болон 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоот "Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай" тогтоолд дурдсан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилт, түүнийг дүгнэхдээ 2.2 дахь заалтын хүрээнд 2022 онд өөрийн өмчлөлийн ф200мм- ийн голтой 366.2м урт шугам сүлжээг төрийн өмчид шилжүүлэх арга хэмжээ аваагүй, хэрэглэгчдийн д******* ачааллыг нэмэгдүүлж аваагүй гэж дүгнэсэн. Хэрэглэгчийн д******* ачааллыг нэмэгдүүлж, манай талаас ажилласан бол 20 Гкалл/ц-т хүргэж нэмэгдүүлэх байр, хэрэглэгч байхгүй байхад хэрэглэгчдийн д******* ачааллыг нэмэгдэж 20 Гкалл/ц-т хүргээгүй гэж 10 онооноос 1 оноогоор дүгнэсэн. Орон сууцны байр, дэд бүтэц хэмжээ, хязгаартай. Хэрэглэгч байхгүй байхад яаж үүсгэх юм, ямар ч боломжгүй. Ийм бодит хүчин зүйлүүдийг тооцохгүйгээр үндэслэлгүйгээр 1 оноогоор дүгнэсэн. Гэтэл бодит байдал дээр манайд Ф200мм-ийн өөрийн өмчлөл, эзэмшлийн шугам байхгүй бөгөөд энэ шугам нь нийтээр ашиглагдаж байгаа. Нийтийн эзэмшлийн дундын шугам байгаа. Уг шугамыг төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн хэм хэмжээний акт нь улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй, албан ёсоор ийм шийдвэр гараагүй байдаг юм. Нийтийн өмчлөлд байгаа дундын өмчлөлийн 200 мм-ийн шугамыг яаж төрийн өмчлөлд шилжүүлэх юм, нэхэмжлэгчээс хамаарахгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-ын дагуу "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох" нэхэмжлэл гаргах боломжтой. Уг нэхэмжлэлийг гаргахын тулд "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" нэхэмжлэлд тодорхой заах учиртай бөгөөд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор хариуцагч тал нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан гэдэг нь нотлогдох үндэс болж, тусгай зөвшөөрлөө сэргээлгэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хангагдах юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот "Тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай" тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн тоот "Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай" тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн ******* дүгээр түдгэлзүүлэх тухай тогтоолд дурдсан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлага хангагдаагүй, уг зөвшөөрлүүдийг 2022 оны зорилтыг биелүүлээгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй гэж дүгнэлт хийсэн. Үйл баримт нь үнэн бодит байдал дээр биелүүлэх боломжгүй зэрэг бодит шалтгаан байсан. Нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл, нөхцөл шаардлагыг хангаагүй, нөхцөл шаардлагын зорилтыг биелүүлээгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй гэж дүгнэх, эрх зүйн харилцаа бол үүсээгүй байсан гэж бидний зүгээс үзэж байгаа. Тийм учраас эдгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т******* а******* ө ХХК-нд 2019 онд дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгосон. 20 Гкал/ц хүрээгүй байсан. Тухайн компанид тусгай зөвшөөрөл олгосон, сунгасан тогтоол, нөхцөл шаардлагуудыг нотлох баримтаар өгсөн. 2023 оны 04 дүгээр сар хүртэл 20 Гкал/ц хүрэх, өр төлбөрийг барагдуулах гэсэн үүрэг даалгавар шаардлагыг тавьж байсан. Улсын байцаагчаас хугацаатай үүрэг даалгавар өгч байсан. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр буюу ******* дугаар тогтоолоор тухайн компанийн 2022 оны үйл ажиллагааг дүгнээд хангалтгүй гэж дүгнэсэн. Дүгнэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан тусгай зөвшөөрлийн харилцаа зохицуулах, аж ахуйн харилцааны дүрмийн хавсралтаар батлагдсан аргачлалаар дүгнэсэн. Дүгнэж байгаа аргачлал болон тогтоосон шаардлагын 6.1.7, 6.2 гэсэн тодорхой хэсэг заалтуудыг хүчингүй болгохтой холбоотой маргаан үүсээд шүүхээр эрх зүйн актыг хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тухайн компанид Эрчим хүчний тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд заасан бүрэн эрхийн үүргийг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохицуулах хорооноос жил болгон дүгнэж хангалтгүй авсан бол хугацаатай үүрэг даалгавар өгч ирсэн. Тухайн компанийн хувьд хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн буюу өр төлбөр, хэрэглэгчтэй холбоотой асуудлыг хангалтгүй биелүүлсэн гэж үзээд хорооны хурал болохоос өмнө тухайн үед мэдэгдлүүдийг өгч ирсэн. Хүчингүй болгохтой холбоотойгоор мэдэгдээгүй гэж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасны дагуу мэдэгдлээ өгөөд 6.2.2-т заасны дагуу тухайн компаниас хүчингүй болгохтой холбоотой тайлбарыг хуульд заасан хугацаанд хүлээсэн. Хариу ирүүлээгүй. Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан буюу тухайн зөвшөөрөл эзэмшигч нь 6.3.2-т заасан хугацаанд тайлбар өгөөгүй. Энэ зүйлийн 1-д заасан мэдэгдэл, гомдол гаргаагүй бол зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн байгаа. Тухайн компани энэ мэдэгдлийг өгөөгүй гэсэн тайлбар байдаг. Тухайн компанид тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой мэдэгдлийг хорооноос 07 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлээд тухайн компанийн ажилтан 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авсан гэдэг монгол шуудангийн тодорхойлолт ирсэн. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралд өөрсдөд нь танилцуулсан. Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу мэдэгдээгүй, үүсээд байгаа нөхцөл шаардлагыг буруу дүгнэсэн, хууль бус дүрэм, журам байсан гэж байна. Энэ талаар Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч талд тодорхой эрх, үүрэг өгөгдсөн байсан. Тэр үед буруу дүгнэсэн гэдэг талаар хорооны хуралд маргаан үүсгээгүй. 4 тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гарснаас нөхцөл шаардлагыг дүгнэсэн болон хүчингүй болгосон дугаар тогтоол шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна. Бусад түдгэлзүүлсэн буюу түдгэлзүүлээд 1 сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн ******* дүгээр тогтоол, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн тогтоолыг эрх зүйн харилцаа үүсээгүй байна гэгээр хүлээж авахаас татгалзсан байгаа. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үед тухайн компани энэ асуудлаар маргаагүй. Буруу дүгнэсэн гэдэг юм уу, нотлох баримаар өгөх гэж байсан материалуудтай холбоотой эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Зохицуулах хороо Эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, хянах үүрэг, Зөвшөөрлийн тухай хуулиар олгосон тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрх үүргийн хүрээнд тухайн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1515 дугаартай захирамжаар нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээж аваад зарим хэсгийг хүлээж аваагүй. Захирамжийн захирамжлах хэсгийн нэг дэх хэсэгт шинжээч томилуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхүй болгосугай, 2-т Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны ******* тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж авсугай, 3-д 2023 оны *******, , ******* тоот тогтоолуудыг эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзав гэсэн захирамж гарсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анх Эрчим хүчний зохицуулах хорооноос “Т******* а******* ө” ХХК-д 2019 оны 557 дугаар тогтоолоор 3******* дугаартай дулаан түгээх, 3******* дугаартай дулаанаар зохицуулалтай хангах тусгай зөвшөөрлүүдийг 1 жилийн хугацаатай олгож, 2020 оны 12 дугар сард тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгасан байна.

2.Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн хүрээнд жил бүр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайн онд мөрдөж ажиллах шаардлагын зорилтыг баталж, биелэлтийг дүгнэхээр зааснаас үзэхэд хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрөлд тавигдах нөхцөл шаардлагын хэрэгжилтийн хянаж батлах эрхтэй, шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаар хэлэлцэх үүрэгтэй байна.

3.Үүний хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 324 дүгээр тогтоолоор 2022 онд мөрдөж ажиллах шаардлагыг баталж, 2023 оны ******* дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Т******* а******* ө” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2022 оны биелэлтийн хангалтгүй гэж дүгнэжээ.

4.Ингэхдээ “Т******* а******* ө” ХХК-ийг “...хэрэглэгчийн салаа шугамын гэмтлийг мэдээлээгүй гэж 10-7 оноо”, “...хуримтлагдсан өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж оноог хассан”, “...цалин шимтгэлийн зардлыг хэтрүүлсэн гэж 10-8.2 оноо”, “...тус компанид өөрийн эзэмшлийн ф200мм-ээс голчтой шугам сүлжээ байхгүй гэж 10-1 оноо”, “...Улаанбаатар д******* сүлжээ ТӨХК-ийн мэдээлэл, судалгааны цогц программ хангамжид өөрийн хариуцан ажиллаж байгаа орон сууцны барилга болон гадна д******* инженерийн шугамын мэдээллийг 97 хувьтай гарган өгсөн гэж 10-9.7 оноо”, “...хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангах талаарх төлөвлөгөө, хэрэгжүүлсэн тайлан, өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн, бүртгэсэн, дүн шинжилгээ, сэтгэл ханамжийн судалгаа хэрэгжүүлсэн эсэх 15-2.4 оноо”, “...эрчим хүчний авлагыг 68.9 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн, УБДС, ТӨХК-д өр төлбөртэй ажилласан тул 10-0 оноогоор” тус тус дүгнэсэн байна.

5.Эрчим хүчний зохицуулах хорооны / цаашид Хороо гэх/  2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн дагуу нэхэмжлэгч “Т******* а******* ө” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дээрх 10 заалтаар дүгнэж, нийт 58.3 оноо өгч, хангалтгүй буюу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу түдгэлзүүлж, сэргээнэ”, Зөвшөөрлийн тухай хуулийн  6.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”, 1.1-т “зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийг нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, 4 үүрэг даалгавар өгч, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Хороонд хүргүүлсэн байна.  Үүнд:

5.1.Худалдан авсан д******* эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулах:

5.2.Хэрэглэгчийн 2022-2023 оны эхний 5 сарын дуудлага, гомдолд дүн шинжилгээ хийх, шалтгааныг тодорхойлж гомдол маргааныг бүрэн шийдвэрлэх: хангалтгүй,

5.3.Д******* нэг худалдан авагчтай загварт бүрэн хамрагдах хүрээнд: хангалттай,

5.6.барилга байгууламжийн дулаан түгээх, хангах үйл ажиллагааг тухайн салаа шугамын хамгийн их ачаалалтай хэрэглэгчдийг хариуцан ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулан тайлагнасан боловч  хэрэгжүүлээгүй, хуулийн заалтад нийцэхгүй, хангалтгүй гэж тус тус дүгнэсэн байна.

6.Нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг дээрх өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зөрчлөө арилгаагүй гэдгийг Хорооны 2023 оны дугаар тогтоолоор тогтоож, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой  холбоотой Хорооны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6/742 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана” гэж заасныг зөрчөөгүй байна.

7.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр арын 27-ны өдрийн “Тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай” ******* дугаартай тогтоолоор  нэхэмжлэгч “Т******* а******* ө” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг хангалтгүй  гэж дүгнэж, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн 3******* дугаартай дулаан түгээх, 3******* дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн боловч энэ хугацаанд биелэгдээгүй тул 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “ Үүрэг даалгаврын биелэлтийн тухай” дугаартай тогтоолоор өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй,тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй болохыг тогтоожээ.

7.Ингээд Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тогтоолуудыг үндэслэн нэхэмжлэгч “Т******* а******* ө” ХХК-ийн 3******* дугаартай дулаан түгээх, 3******* дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг Хорооны 2023 оны 8 дугаар сарын  30-ны өдрийн дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 24 дүгээр зүйлийн 24.6-д “Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй байх үүднээс бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчээр энэхүү үйл ажиллагааг гүйцэтгүүлж болно”, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах”,  6.2 дугаар зүйлийн 1.2-д “зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй”,  1.4-д “зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн”,  6.3 дугаар зүйлийн 2-д “Энэ зүйлийн 1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ” 3-д “Зөвшөөрөл эзэмшигч энэ зүйлийн 2-т заасан хугацаанд тайлбар өгөөгүй, энэ зүйлийн 1-д заасан мэдэгдэлд гомдол гаргаагүй бол зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг зөрчөөгүй байна.

8.Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны / цаашид Хороо гэх/  2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн дагуу нэхэмжлэгч “Т******* а******* ө” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дээрх 10 заалтаар дүгнэж, нийт 58.3 оноо өгсөн нь хувь хүний үзэмж, хандлагаар гэхээс илүү дээрх дүрмийн аргачлалын дагуу 10 оноос ямар нөхцөл шаардлагыг биелүүлсэн бол хэдэн оноо тавихыг шууд заасан байх тул шүүхээс Хорооны үнэлгээг буруутгах боломжгүй байна.

9.Тодруулбал, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болох нь хэнд ч тодорхой, тухайн илт хууль бус акт нь гарсан цагаасаа тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжүүлэх, биелүүлэх боломжгүй, эсхүл, бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг биелүүлэхийг шаардсан нөхцөл байдлыг хэлэх бөгөөд уг акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй байдаг.

10.Гэтэл хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь маргаан бүхий тогтоолуудыг бодит нөхцөл байдалд биелүүлэн үйл ажиллагаагаа явуулсан байх тул тухайн маргаан бүхий тогтоолуудыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, бодит байдалд тохирохгүй үүрэг биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсан, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны актууд гэж шүүхээс үзэх үндэслэлгүй.

11.Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үндэслэлээр маргаан бүхий гурван тогтоолыг илт хууль бус бөгөөд мөн хуулийн 47.2-т зааснаар тухайн маргаан бүхий тогтоолуудыг гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж захиргааны хэргийн шүүхээс үзэх үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, 6.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7 дах хэсэгт заасныг баримтлан “Т******* а******* ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргаснаар “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” дугаартай тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” дугаартай тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 24-ний “Түдгэлзүүлэх тухай” ******* дүгээр тогтоолыг илт хууль бус байсан болох”-ыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ