Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00528

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/02516 дугаар шийдвэртэй

Б.Гын нэхэмжлэлтэй хариуцагч Сүхбаатар дүүргийн Ү Б Бт холбогдох

Ажилгүй байсан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,591,232 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даалгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Г нь Сүхбаатар дүүргийн Ү Б тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Б албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 тоот тушаалаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор шийдвэрлэсэн. Улмаар 3 шатны шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр 22-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор 7,061,664 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Гэвч 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Ү Б Б биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 05 сарын 14-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 268 ажлын өдрийн цалин болох 14,154,688 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15- ны өдрийг хүртэл нийт ажлын 352 өдрийн цалинтай тэнцэх олговор болох 18,591,232 төгрөг гаргуулах, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийн хүртэлх Б.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэх үйл баримттай маргадаггүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18,591,232 төгрөгийг гаргуулж, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойших өнөөдрийн хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бгийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Иргэн Б.Г 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 537 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 837 дугаартай, 2020 оны 04 сарын 15-ний өдрийн 993 дугаартай шийдвэрүүдээр 2017 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг авчээ. Дээрх хугацаанд иргэн Б.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй, орлогогүй байсан гэдэгт итгэхгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 14,154,688 төгрөгийг ажлын өдрөөр тооцвол гарах байх, харин Б.Гын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Ү Б тамгын газраас 17,515,415 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Б.Гт олгож, нэхэмжпэлийн шаардлагаас үлдэх 1,075,817 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжпэгч Б.Гын 2017 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийг хүртэлхи хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Ү Б Бт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийй 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 229,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож, хариуцагч Сүхбаат;ар дүүргийн Засан Б Тамгын газраас 245,527 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тын давж заалдах гомдлын агуулга: ...2021 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэгтгэн тодорхойлохдоо 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15- ны өдрийг хүртэл хугацааны нийт ажлын 352 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 18,591,232 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба ажлын 352 өдрөөр тооцохдоо долоо хоног бүрийн амралтын өдөр болон бүх нийтээр амрах амралтын өдрүүдийг хасч тооцсон. Гэтэл анхан шатны шүүх ажлын өдрийг 345 өдрөөр тооцсон, мөн ажилласан жилийн нэмэгдэл 5 хувиар тооцох ёстой байсныг тооцоогүй зэрэг тооцооллын алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл үндсэн цалин 880,281 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 24 хувиар тооцож 211,267 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 5 хувиар тооцож 44,014 төгрөг сарын нийт цалин 1,135,562 төгрөг бөгөөд нэг ажлын өдрийн цалин 52,816 төгрөг байх ёстой байхад анхан шатны шүүх үндсэн цалинг өдрийн 40,943 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдлийг үндсэн цалингийн 24 хувиар тооцож 9,826 төгрөг нийт 50,769 төгрөгөөр тооцсон нь алдаатай байна. Ажилласан жилийн нэмэгдэл 5 хувийг орхигдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бгийн давж заалдах гомдлын агуулга: ... Хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Гын Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 389 дүгээр тогтоол гарснаас хойш ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх талаар нийгмийн даатгалын газраас лавлагаа авах талаар гаргасан хүсэлтийг шүүх хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцохдоо хариуцагчийн хүсэлтийг хангалгүй, нотлох баримтыг үндэслэн шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдахад хүргэсэн. Мөн Ү Б Тамгын газрын даргаас тухайн иргэнд эрх зүйн байдлыг дордуулахгүй өөр ажил, алба тушаал санал болгосон /Хууль, зрх зүйн хэлтсийн дарга/ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг харгалзаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн тул хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Ү Б Бт холбогдуулан ажилгүй байсан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,591,232 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даалгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилснийг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр Б.Гыг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Ү Б Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагийн хэлтсийн Б албан тушаалд эгүүлэн тогтоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 523 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 289 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх.9-11/

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 537, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 837, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 993 дугаартай шийдвэрүүдээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг авсан үйл баримт тогтоогдсон байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Гын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргахдаа 345 хоногоор тооцож амралтын өдрийн цалинг бодож тооцсон нь учир дутагдалтай болжээ.

8. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцоход 14,964,777 төгрөг байна.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг олгохдоо бүх нийтийн амрах өдрүүдийг хассан, ажилласан жилийн нэмэгдэл тооцоогүй” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нийгмийн даатгалын газраас лавлагаа авах талаар хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

Ажилтан ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн хугацаандаа өөр ажил, хөдөлмөр эрхэлж цалин хөлс авсан нь ажил олгогч хууль зөрчиж чөлөөлсний үр дагавар болох ажилтанд олговор олгох тухай хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

10. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/02516 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...17,515,415...” гэснийг  “...14,964,777...” гэж, “...1,075,817...” гэснийг “...3,626,455...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...245,527...” гэснийг “...232,773...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.           

                      

 

                   ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

                                                    Ц.ИЧИНХОРЛОО