| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2025/0010/З |
| Дугаар | 128/ШШ2026/0373 |
| Огноо | 2026-04-20 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2026/0373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д,
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.А*******,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ч,
Гуравдагч этгээд: “К л” ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А,
Маргааны төрөл: улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Равжаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулж, дахин шийдвэрлэхийг даалгах” гэж тодорхойлж байгаад,
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулж, дахин шийдвэрлэхийг даалгах” гэж нэмэгдүүлж,
1.3.Дахин “Х... б к м” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон бүртгэсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.
1.4.Дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1. Б.Б******* миний бие БНХАУ-ын иргэн Z X /Ж... Ш/ гэгчтэй хамтран 2023 оны 03-р сарын 15-ны өдөр 83******* регистрийн дугаартай
“Х... б к м” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд нийт хувьцааны 76 хувийг иргэн Б.Б*******, 24 хувийг БНХАУ-ын иргэн Z X /Жан Ш/ эзэмшиж байсан,
БНХАУ-ын иргэн Z X /Жан Ш/ нь Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөл авах хэрэгтэй байна гэж Б.Б*******д хэлж улмаар компанийг гадаадын хөрөнгө оруулалттай компани болгоно гэж хууран мэхэлж 2023 оны 11-р сарын 28-ны өдөр миний эзэмшлийн 76 хувийг худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хийж нотариатаар гэрчлүүлсэн,
Ийнхүү гэрээ хийхийн сацуу “Х... б к м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс 23/02 дугаартай тогтоол гарган тэмдэглэл үйлдсэн. Энэхүү тогтоолын 5 дугаар заалтаар Компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг 346,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн,
Өөрөөр хэлбэл БНХАУ-ын иргэн Z X /Жан Ш/ нь компанид 345,000,000-ийн хөрөнгө оруулалтыг нэмж хийхээр шийдвэрлэсэн,
Гэвч БНХАУ-ын иргэн Z X /Ж... Ш/ нь дээрх хөрөнгө оруулалтыг огт хийлгүйгээр, компанид хамааралгүй гуравдагч этгээд болох Ч*******аар мөнгөн гүйлгээг хийлгэн, хөрөнгө оруулсан мэт дүр үзүүлэн хууль зөрчиж компанийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон улсын бүртгэл бүртгүүлсэн байсан,
2.2.Нэхэмжлэгчээс “...2024 оны 10-р сарын 17-ны өдөр 1/12835 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. 2023 оны 12-р сарын 05-ны өдрийн улсын бүртгэлд хяналт шалгалт хийж, тус газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10-р сарын 16-ны өдрийн дугаар дүгнэлтээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Ийнхүү дүгнэсэн нь дээрх асуудлыг шийдвэрлэсэн аль эсвэл шийдвэрлээгүй эсэх аль нь ч тодорхой бус, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан ил тод, бодитой үнэн зөв байх зарчмыг зөрчиж, шийдвэрлэхээс зайлсхийсэн, үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээр байна” гэх зэргээр маргаж,
2.3.Хариуцагчаас “...хуулийн этгээдийн улсын бүртгэлийн түдгэлзүүлэх тухай хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар дүгнэлтийн эрх зүйн үйлчлэл нь хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар дүгнэлт гарснаар цуцлагдаж, дуусгавар болсон,
Хоёрдугаарт, хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар дүгнэлтийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ерөнхий байцаагч шийдвэрлэсний дараа түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй,
Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байдаг бол мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэхээр, хэрэв түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргахаар зохицуулсан,
Гуравдугаарт, хяналт шалгалтаар “Х к м” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэл улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчөөгүй талаар 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/1******* дугаар албан бичгээр хариу өгсөн байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу “Х к м” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй,
Дахин шалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан хараат бус байх зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна.” гэх зэргээр маргажээ.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Z X нь “Х... б к м” ХХК-ийн 24 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Энэ 24 хувийн хувьцааг эзэмших үеэр 76 хувийн хувьцаа эзэмшигч Б.Б*******гаас оршин суух үнэмлэх авъя гэдэг агу*******ар худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээ хийж компанийг гадаадын хөрөнгө оруулалттай болгож өөрчлөх шийдвэрийг гаргасан. Бидний маргаж Буй асуудал бол энэ тогтоол шийдвэр нь гадаадын хөрөнгө оруулалттай компани мөн эсэх асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа. Талууд гэрээ хэлцлийн тайлангаа компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь гадаад улсаас 100 мянган ам.долларын хөрөнгө оруулахаар шийдэж тохиролцсон. Мөн Z X гэгч нь гадаад улсаас Монгол улсад ямар ч хөрөнгө оруулаагүй болох нь Голомт банкны нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тухайлбал 15 сая төгрөгийн төлбөрийг төлж орчуулагч н.Нандин гэдэг этгээдтэй зуучилж өгсөн. Бичиг баримт бүрдүүлж, Монгол улсын иргэн н.Ч*******ын дансанд 345 сая төгрөг дансанд нь хийж, гаргуулаад дансны ху*******, лавлагаа авч бүртгэгдсэн байдаг. Иймд 100 мянган ам.доллартой тэнцэх хэмжээнд хөрөнгө оруулалт огт хийгээгүй. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн 3.1.1 дэх хэсэгт хөрөнгө оруулалт гэж юу вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд тусгасан биет болон биет бус хөрөнгийг ойлгоно гэж заасан. Үүнээс үзэхэд нэгдүгээрт хөрөнгө оруулсан байх шаардлагатай, хоёрдугаарт санхүүгийн тайланд тусгасан байх шаардлагыг хуульд тогтоосон байна. Үүний дагуу бүртгэлд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтын шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Түүнчлэн 345 сая буюу 100 мянган ам.долларыг хэн нэгнээс зээлж ашигласан байна. Тус 345 сая төгрөг дансанд байхгүй, ямар учир зорилгоор н.Ч******* гэгчийн дансанд шилжүүлсэн, “Хан б к м” ХХК нь энэ хүнтэй ямар эрх зүйн харилцаатай, гэрээ хэлцэл байгуулж 345 сая төгрөг төлсөн эсэх баримт байхгүй. Миний ойлгож байгаагаар н.Ч******* гэж хүнээс 345 сая төгрөгийг авч түр хэрэглэж, хөрөнгө оруулалтыг орлуулж байгаа үйл явц гэж харж байгаа. Дараагийн асуудал бол “Х... б к м” ХХК-ийн 2023 оны санхүүгийн завсрын тайлан гэж зүйл байдаг. Үүнд дээрх 345 сая төгрөг тусгагдсан бөгөөд тус тайланг Хан-Уул дүүргийн санхүү төрийн сангийн хэлтсээр хянуулсан гэдэг байдлаар Т******* гэж хүн хянасан гэдэг агу*******ар материалыг улсын бүртгэлд бүрдүүлж өгсөн. Гэтэл хяналт шалгалтын явцад У******* байцаагчийн 05/ гэдэг дүгнэлт гарсны дараа Хан-Уул дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс бидний баталгаажуулсан тайлан биш гэдэг тайлбарыг ирүүлсэн. Мөн санхүүгийн тайлан болох нотлох баримт нь 2023 оны жилийн эцсийн тайлан дээр дүрмийн санд 1 сая төгрөг хэвээрээ байгаа буюу 345 сая төгрөгөөр нэмэгдээгүй байгаа гэдгийг шүүхэд ирүүлсэн нотлох баримтад тодорхой дурдсан байгаа. 2024 онд санхүүгийн жилийн эцсийн тайланд дүрмийн сангийн 1 сая төгрөг хэвээрээ байгаа. Тийм учраас 345 сая төгрөгийг завсрын тайланг хянуулаагүй, ерөнхий агу*******ар хуурамч байх магадлалтай гэдэг нотлох баримтыг Санхүү, төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн байна. У******* байцаагчийн 05/ дугаартай дүгнэлт гарсны дараа Санхүү, төрийн сангийн хэлтсээс мэдэгдэх бичиг ирүүлсэн. Харин Ш.У******* байцаагчийн 05/ дүгнэлтэд дахин гомдол гаргасан боловч Ж.Ч байцаагчийн дүгнэлт дээр энэ асуудлыг огт авч хэлэлцээгүй байдаг. Энэ нотлох баримтыг 05/ дүгнэлт болон Ж.Ч байцаагчийн дүгнэлт дээр аль алин нь ч ороогүй. Энэ нь Улсын бүртгэлийн хуулийг ноцтой зөрчсөн байдал гарсан. Тухайн завсрын тайлан үнэн зөв тохиолдолд 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан байх ёстой. Гэтэл 2023 оны болон 2024 оны санхүүгийн жилийн эцсийн тайланд 1 сая төгрөг хэвээрээ байгаа нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2 дахь хэсэгт хөрөнгө оруулалт гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг ойлгохоор тайлбарласан. Тус хуулийн 3.1.3 дахь хэсэгт гадаадын хөрөнгө оруулалт гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд бүх хүнийг ойлгохоор хуульчилсан. Монгол улсад Z X гэдэг хүн 100 мянган ам.долларыг хэзээ оруулж ирсэн бэ гэдэг үйл баримт энэхүү хуулийн этгээдийн бүртгэлд байхгүй. Энэ бүртгэл байхгүйгээс гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болж өөрчлөгдөж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5 дахь хэсэгт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж гэж хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр хөрөнгө оруулаагүй, бусдын мөнгөөр хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн үйл баримт тогтоогдож байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нь Компанийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлнэ гэж хуульчилсан. Үүнээс хөрөнгө оруулалт Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд бүртгэгдсэн байх шаардлагатай гэдгийг харж болно. Энэ шаардлагын хувьд энэ бүртгэл, хөрөнгө оруулалт нь хангахгүй байна гэдгийг харж болно. Тийм учраас гадаадаас хөрөнгө оруулсан үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын хэлбэрийн тухайд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах хэлбэрээр хөрөнгө оруулна гэж заасан нь Z X гэх этгээдийн үйлдэлтэй холбоотой. Гэтэл Z X нь Б.Б*******гаас компанийн 76 хувийг худалдаж авахдаа ямар ч төлбөр төлөөгүй байдаг. Тус 76 хувийг худалдаж авахдаа 100 мянган долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн шаардлага тавьсан. Хэрвээ 100 мянган долларын хөрөнгө оруулах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан арга хэлбэрээр хувьцааг худалдаж аваагүй байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл дүр үзүүлэн хийсэн буюу 76 хувийн хувьцааг авах сонирхол байгаагүй, оршин суух үнэмлэх авна гэж хуурч мэхлэн 76 хувийн хувьцааг шилжүүлж бүртгүүлсэн бүртгэл байна. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар хувьцаагаа худалдахаар санал болгож буй хувьцаа эзэмшигч нь энэ саналаа компанид мэдэгдэх ёстой буюу энэ тухай компанийн бусад хувьцаа эзэмшигч нарт бичгээр эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. Энэ бүртгэлийн хувьд Б.Б******* 76 хувийн хувьцаагаа үнэхээр зарахаар байсан бол компанид албан ёсоор тус хувьцааг ямар үнээр зарах талаар болон түүнийг нь Z X авах уу, авахгүй байгаа тохиолдолд гуравдагч этгээдэд зарах эрх үүсэж байгаа. Тийм учир энэ замаар хуулийн шаардлагын дагуу, процедурын дагуу худалдах, худалдан авах ажиллагаа явагдаагүй байна гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт хувьцаа зарах тухай мэдэгдэлд хувьцааны төрөл, тоо, үнэ, тэргүүн ээлжид авч байгаа болох хувьцаа эсэх хувьцааны тоо, худалдан авах хугацаа гэдгийг тодорхой заасан байх ёстой. Энэ ажиллагаа огт хийгдээгүй учир компанийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт тэргүүн ээлжид авах хувьцаа эзэмшигч тухайн шийдвэрийг тогтоосон хугацаанд бичгээр, цахимаар компанид мэдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах ажиллагааг Компанийн тухай хуулийн дагуу явах ёстой. Гэтэд хариуцагч байгууллага энэ талаас нь огт хяналт шалгалт хийгээгүй. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт хувьцааг худалдан авч байгаа этгээд оршин суугаа хаяг, овог нэр зэрэг мэдээлэл, төлбөр хийсэн баримтыг хавсаргасан байна гэж заасан. Ерөнхийдөө 76 хувийн хувьцааг авсан бол төлбөр хийсэн баримтыг хавсаргаж, компанид мэдэгдэх ёстой байтал энэ баримт огт байхгүй. Энэхүү нягталж шалгах үүргийг хариуцагч байгууллага хийж гүйцэтгээгүй байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хөтлөх үүрэгтэй. Ингээд Z X буюу компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болон компанийг гадаадын хөрөнгө оруулалттай болгосон хүн бол олон улсын стандартын дагуу хөтлөх үүрэгтэй. Үүнийг “К л” ХХК нь ч мөн адил энэ тайланг гаргах үүрэг нь хуулиараа байна. Гэтэл албан ёсны стандарт бүхий хөтөлж тайлагнасан 2023 он болон 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 1 сая төгрөг гэж бүртгэгдсэн. Мөн гуравдагч этгээдэд хувьцаа шилжсэнээс хойш 1 сая төгрөг байна. Үүнээс харахад хуульд заасан үнэн зөв стандартын дагуу хөтлөх үүргээ биелүүлсэн бол яагаад 345 сая биш 1 сая төгрөг байгаа вэ? Энэ нь завсрын тайланг хуурамч гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс завсрын тайланд зурагдсан гарын үсэг, тамга тэмдэг нь хуурамч буюу манай мэргэжилтний хянасан тайлан биш гэж тайлбарлаж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв байх зарчмын баримтална гэж заасан. Дээрх 2023 он болон 2024 оны санхүүгийн жилийн эцсийн тайлангууд үнэн зөв гэж бодож байна. Энэ үнэн зөв хийсэн тайланд 345 сая төгрөг огт байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4.2 дахь хэсэгт бүх хөрөнгө оруулалт, авлагыг заавал бүртгэхээр заасан. Гэтэл энэ хөрөнгө оруулалтууд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг гүйцэтгэх удирдлага хүлээнэ. 2023 оны санхүүгийн жилийн эцсийн тайланг харахад гүйцэтгэх удирдлагаар Z X гэдэг хүн байгаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.2-т үүсгэн байгуулах баримт бичигт энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэж. Тус хуулийн 18.1.3-т өргөдөл гаргагч нь хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэлд хамаарч байгаа гэж заасан бөгөөд тухайн компанийн гадаадын хөрөнгө оруулалттай болгож бүртгэж байгаа баримт бичиг нь шаардлага хангахгүй байна. Мөн тус хуулийн 16.2.4-т заасны дагуу гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлсэн банкны данс, дансны ху*******, гаалийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг бүрдүүлсэн байхыг хуульчлан заасан. Энэ шаардлагыг ерөнхийдөө огт хангаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4-т улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх. Мөн хуулийн 4.1.5-т нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд илтэд харшилсан бүртгэл, үйлдэл гэж үзэж байна. Энэ талаар Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргасныг л 2024 оны 6 сард хүлээж аваад 2024 оны 10 сард хариу өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ гүйцэтгэхэд хүчингүй болгосон. Тус бүрэн эрхийн хүрээнд гомдол өгч шалгуулсан боловч бүрэн шалгаагүй гэж үзэж байна. Улсын байцаагч Б.А******* нь нотлох баримтын зөрчилтэй бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүрэгтэй байсан гэж үзэж байгаа. Түүнчлэн хуульд заасан улсын бүртгэлийг хараат бусаар, үнэн зөв бүртгэх үүрэг зөрчигдсөн байна. Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 6.3.4-д заасан хэлбэрүүдээр хөрөнгө оруулалтыг нотлох ёстой. Гэтэл тус хөрөнгө оруулалтыг 6.3.4-д заасан агу*******ар нотолж чадахгүй байгаа. Иймд хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй учир бүртгэл хүчингүй болох үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлт нь Улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн захиргааны акт гэж үзэж байна. Энэхүү дүгнэлтийг дүгнэх хэсгийн нэгдүгээрт “Х... б к м” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлснийг цуцалсан. Цуцалсан үндэслэлийг дүгнэлтдээ дурдсан байгаа. Хоёрдугаарт урьдчилан шийдвэрлэх ажиллагааг яагаад орхигдуулсан бэ? Энэ талаар зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуульд заасан байдаг. Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч нь улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Маргаан бүхий үйл баримтаар улсын ерөнхий байцаагчид өнөөдрийг хүртэл огт гомдол гаргаагүй. Гэтэл эцсийн байдлаар, эцсийн шийдвэрийг гаргачихсан мэт тайлбарлаж байна. Тийм учир нэхэмжлэгч хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаа явуулаагүй. Маргаан бүхий акт болох гаргасан дүгнэлт маань хуулийн хүчин төгөлдөр, хуулийн дагуу гаргасан эрх зүйн акт гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3.3.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт байгаа баримтаас үзэхэд Голомт банканд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 345 сая төгрөгийг байршуулсан байсан. Энэ нь “Х... б к м” ХХК-ийн дансанд орсон орлого байсан. Компанийн хувьцааг худалдах болон эрх шилжүүлэх гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийж тухайн өдрөөс 2 хоногийн дараа дансанд орлого орж ирсэн байсан. Хэрвээ хувьцаагаа худалдах гэж байгаа бол компанид заавал санал болгох ёстой гэж тайлбарлаж байна. 100 хувийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд компани нь хувьцаагаа бусад этгээдэд шилжүүлэх гэж байгаа тохиолдолд компаниар дамжуулж худалдан борлуулах асуудал яригдах байх. Харин энэ тохиолдолд болбол 24 хувийг Ж.. Ш өөрөө эзэмшиж байсан. Харин 76 хувийг нь Б.Б******* эзэмшиж байсан. Энэ нь Ж... Ш өөрийн эзэмшиж байгаа хувиа нэмэгдүүлж Б.Б*******гаас 76 хувийг худалдаж авч байгаа асуудал. Эрхийг нь шилжүүлэн, худалдан авч байгаа гэж хэлэх нь зүй ёсны хэрэг байх. Б.Б******* өөрийн эзэмшиж байгаа хувийг нөгөө хувьцаа эзэмшигчдээ л санал болгож байгаа процесс ажиллагаа явагдсан байдаг. Тэгэхээр Б.Б*******гийн хувьд нөгөө хувьцаа эзэмшигч буюу 24 хувийн хувьцааг эзэмшиж байгаа этгээд болох Z X-д Б.Б******* хувьцааг санал болгоход нь худалдан авахаар хүлээн зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэлцэл хийсэн. Тухайн хэлцэл нь нотариатаар баталгаажуулсан байх ёстой бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан гол шаардлага бол талууд хүсэл зоригоо сайн дураараа илэрхийлсний үндсэн дээр нотариатаар баталгаажуулж, холбогдох хуульд заасан баримтыг бүрдүүлээд, улсын бүртгэлийн байгууллагад хандах ёстой. Энэ дээр гол тавигдаж байгаа шаардлага бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.1 болон 3.1.2 дэх хэсэгт тус тус заасан хөрөнгө оруулалтыг оруулсан байхыг л шаардаж байгаа. Хөрөнгө оруулалт нь биет болон биет бус хөрөнгө байж болно гэж заасан. Энэ тохиолдолд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөнгөн хөрөнгөөр 345 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Тухайн хөрөнгөтэй холбоотойгоор н.Ч******* гэх хүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт байхгүй. Тэгэхээр хавтаст хэрэгт байхгүй баримтын хүрээнд үйл баримтыг дурдаад байгаа учраас энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт байгаа баримтын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөнгөн хөрөнгө орж ирсэн байна. Мөнгөн хөрөнгө орж ирсэнтэй холбоотойгоор Голомт банкнаас тодорхойлолт ирсэн. Мөн татварын албаны бичгээр нотлогдож байгаа. Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн татварын баримт дээр 245 сая төгрөгийн орлоготой, 900 гаруй сая төгрөгийн өртэй байна гэдгийг тодруулчихсан. Энэ баримтуудыг дүгнээд үзэхэд Z X болон Б.Б******* нарын хооронд гэрээ хийгдэж, уг гэрээний дагуу компанид хөрөнгө оруулсан байна. Иймд талуудын хооронд хийсэн хэлцэл хуульд заасан шаардлагад нийцсэн, хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтыг хийгдсэн учраас тухайн хэлцэл хууль ёсны хүчин төгөлдөр гэж үзэн улсын бүртгэлийн байгууллага бүртгэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараас тогтоогдож буй үйл баримтуудад дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.“Х... б к м” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Б******* нийт хувьцааны 76 хувийг, БНХАУ-ын иргэн Z X 24 хувийг эзэмшиж байгаад 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлээр “Х... б к м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б******* өөрийн эзэмшлийн 76 хувийн хувьцааны эрхийг 24 хувийн эзэмшигч Z X шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, “Х... б к м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, банкны тодорхойлолт, санхүүгийн тайлан зэрэг баримтыг үндэслэн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэлийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “…БНХАУ-ын иргэн Z X гадаад улсаас хөрөнгө оруулсан тухай баримтыг бүрдүүлээгүй, хуурамчаар бүрдүүлсэн гэх үзэхээр нөхцөл байдал тогтоогдсон тул… дүрмийн санг нэмэгдүүлсэн, хэлбэр өөрчилсөн бүртгэлийг хүчингүй болгуулахаар” дээд шатны албан тушаалтан гаргасан гомдлоор бүртгэлийг хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар дүгнэлтээр “Х... б к м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгэсэн улсын бүртгэлийг түдгэлзүүлснийг хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар дүгнэлтээр цуцалж шийдвэрлэсэн байна.
2.Улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” дугаартай дүгнэлтээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 83******* регистрийн дугаараар “Х.... б к м” ХХК-ийг Б.Б******* 76 хувийг, БНХАУ-ын иргэн Z X 24 хувийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд Б.Б******* нь 76 хувийн хувьцаагаа Z X-д 100 хувь шилжүүлэн улсын бүртгэлд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгүүлсэн байна.
3.Ингэхдээ “Х... б к м” ХХК /ГХО/ -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Z X нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн компанийн 100 хувийн хувьцаагаа “Кт л” ХХК-руу 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн бүртгүүлсэн үйл баримттай тогтоогдож байна.
4.Хяналт шалгалтын үйл ажиллагаагаар “Х... б к м” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэгч Б.А*******ийн бүртгэл нь хуульд заасан бүрдэл бүрэн хангасан,
5.Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхэд шаардагдах банкны дансны хуулбар, хөрөнгө нэмэгдүүлсэн тухай төрийн сангаар баталгаажсан санхүүгийн тайлан зэрэг баримтад үндэслэн бүртгэл хийгдсэн, тухайн бүртгэлийг хийхээс өмнө Голомт банкнаас гаргасан тодорхойлолтыг QR код уншуулан давхар шалгасан,
6.Уг хөрөнгийг нэмэгдүүлэхдээ БНХАУ-ын иргэн Z X нь Б.Б*******гаас худалдах худалдан авах гэрээгээр 100 хувийн хувьцаа эзэмших эрхтэй болсон тул бүртгэл хийгдсэн, “Х... б к м” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гадаадын хөрөнгө оруулалттай ХХК болгож хөрөнгө нэмэгдүүлэх тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулсан,
7.Z X нь “Х... б к м” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2024 оны 01 дүгээр сарын 29-нд “К Л” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээн баталсан нотариатын хууль зөрчсөн үйлдлийг хүчингүй болгуулахаар улсын бүртгэлийн байгууллага болон Иргэний хэргийн шүүхэд хандсан тайлбарыг гаргасан гэх зэрэг үйл баримтуудыг тогтоож, иргэний хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар “Х..... б к м” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
8.Голомт банкны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дансны ху*******ар “Х.... б к м” ХХК-ийн дансанд дүрмийн санд гэсэн гүйлгээгээр 345,000,000 /гурван зуун дөчин таван сая/ төгрөгийн орлого орж, “Х.... б к м” ХХК-ийн 2023 оны завсрын санхүүгийн тайланг ирүүлсэн байна.
9.Гэвч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05/******* дугаартай албан бичгээр “…Х... б к м ХХК-ийн ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн завсрын тайланг манай хэлтсийн 77 дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн тэмдэгтэй бүртгэлийн мэргэжилтэн Б.Т******* нь баталгаажуулаагүй болно… цахим системд 2023 оны жилийн эцэс болон 2024 оны хагас жилийн баталгаажсан санхүүгийн тайланд хувь нийлүүлсэн хөрөнгө 346,000,000 сая төгрөг бус 1,000,000 төгрөг бүртгэгдсэн байна” гэх утга бүхий албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт хүргүүлснийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа ирэв гэж тэмдэглэсэн байна.
10.Дээрх нөхцөл байдлаас үзэхэд БНХАУ-ын иргэн Z X-д “Х... б к м” ХХК-ийн хувьцааг 100 хувь шилжүүлэн бүртгэсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэл хийгдэх үеийн “Х.... б к м” ХХК-ийн 2023 оны завсрын санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагаас баталгаажуулаагүй байхаас гадна энэ талаар тодруулах албан бичгийг улсын байцаагчаас төрийн санд явуулсан атлаа хариуг ирэхээс 2 хоногийн буюу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дугаартай улсын байцаагчийн гаргасан дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан бүртгэл “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, зарчим, 18 дугаар зүйлийн 18.7.2-д “өөрийн хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил, өгсөн албан шаардлага, гаргасан танилцу*******, дүгнэлт, торгох шийтгэлийн үндэслэл, үнэн зөвийг бүрэн хариуцах”, 19 дүгээр зүйлийн 19.4.2-д “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 6.2.4-д “гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны ху*******, гаалийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг”, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг гэж тус тус заасантай нийцээгүй буюу “Хан б к м” ХХК-ийн дүрмийн санг бодитоор нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалт хийгдээгүй байхад гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон улсын бүртгэлд бүртгэсэн нь буруу байна.
11.Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага “Х... б к м” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхдээ Голомт банкнаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б/11531 албан бичигт хариу ирүүлэхдээ “Х.... б к м” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10/******* дугаар албан бичгээр олгосон тодорхойлолт үнэн зөв гэж, тус албан бичигт энэхүү тодорхойлолт нь зөвхөн уг тодорхойлолтыг гаргасан үедээ хүчинтэй, цаашид үргэлжилсэн баталгаа болохгүй бөгөөд данс эзэмшигчийн яаралтай хүсэлтээр гаргасан болно гэх бичгийн үнэн зөвийг бус харин “Х... б к м” ХХК-ийн дүрмийн санг өөрчлөлтийг холбогдох баримтуудаар тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
12.Хавтаст хэрэгт авагдсан “Х... б к м” ХХК-ийн 2023 оны 2 дугаар хагасын санхүүгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлангийн тодру*******, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус компанийн дүрмийн сан бодитоор нэмэгдээгүй болох нь тодорхой байхаас гадна Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “…Х... б к м ХХК-ийн ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн завсрын тайланг баталгаажуулаагүй, 2023 оны жилийн эцэс болон 2024 оны хагас жилийн баталгаажсан санхүүгийн тайланд хувь нийлүүлсэн хөрөнгө 346,000,000 сая төгрөг бус 1,000,000 төгрөг бүртгэгдсэн” болохыг улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэст тодорхой хүргүүлсээр байхад дахин улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай” дугаартай дүгнэлт гаргаж нэхэмжлэгчийн гомдлыг хангаагүй нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.
13.Хөрөнгө оруулалтын тухай хуулиар “хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлэх бөгөөд "хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг, "гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг гэж заасан нь тухайн хөрөнгө оруулалт Монгол улсад бодитойгоор хийгдсэн байхыг шаардаж байгаа нь Улсын бүртгэлийн байгууллага тухайн хөрөнгө оруулалт бодитойгоор хийгдсэн эсэхийг шалган тогтоосны дараа бүртгэх эсэхийг шийдвэрлэхээр байна.
14.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай” дугаартай дүгнэлтээр “Х... б к м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг өөрчлөгдсөнийг бүртгэсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийн нотлох баримтууд бүрэн гүйцэт авагдсан, иргэний шүүхээр хянагдаж байгаа хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар “Х.... б к м” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж цуцлахаар шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1-т “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасантай нийцээгүй байна.
15.Учир нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05/******* дугаартай албан бичгээр “…Х... б к м ХХК-ийн ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн завсрын тайланг манай хэлтсийн 77 дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн тэмдэгтэй бүртгэлийн мэргэжилтэн Б.Т******* нь баталгаажуулаагүй болно… цахим системд 2023 оны жилийн эцэс болон 2024 оны хагас жилийн баталгаажсан санхүүгийн тайланд хувь нийлүүлсэн хөрөнгө 346,000,000 сая төгрөг бус 1,000,000 төгрөг бүртгэгдсэн байна” гэх утга бүхий албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт хүргүүлснийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан атлаа 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлтээр “Х... б к м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг өөрчлөгдсөнийг бүртгэсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийн нотлох баримтууд бүрэн гүйцэт авагдсан гэж дүгнэж байгаа нь холбогдох баримт материалын бүрдлийг шалгахаас гадна түүний үнэн зөв эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүйгээс гадна тухайн баримт материалыг буюу тайланг баталгаажуулаагүй гэдгээ эрх бүхий байгууллагаас мэдэгдсээр байхад гарсан зөрчлийг илэрсэн тухайд нь арилгаагүй нь улсын байцаагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байна.
16.Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчид удаа дараа гаргасан нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хяналт шалгалт явуулахгүйгээр бүртгэл хийхэд бүрдүүлэх баримт материалын бүрдэл хангагдсан байсан гэж дүгнэсэн нь тэдгээр баримтуудын үнэн зөв эсэхийг шалган тогтоох ажиллагаа хийгээгүй, тухайн үеийн баримт материалуудын агу******* ач холбогдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, хуурамч байж болох баримтуудыг эрх бүхий захиргааны байгууллагаас ирүүлээд байхад тэдгээрийг огт дүгнэхгүй байгаа нь хариуцагч нарыг улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасан эрх, үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
17.Иймд “Х.... б к м” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон бүртгэсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлтүүд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.7.2, 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 6.2.4, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х... б к м” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон бүртгэсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлтүүд тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаруулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ