Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00529

 

“А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/04092 дугаар шийдвэртэй

“А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Эд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27,176,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Мөнхзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Манай байгууллага зээлдэгч Д.Этай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээл олгосон. Д.Э нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүү төлөх үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаанд нь үндсэн зээлээс төлөлт хийгээгүй, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хүүд 1,760,000 төгрөгийг төлсөн байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Д.Эд хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд төлбөр тооцоог цаг тухайд нь төлж дуусгахыг шаардахад удалгүй төлнө, хугацаа өгөөч гэсээр өнөөдрийг хүрсэн. Манай ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэх хугацаа дуусгавар болсон зүйл байхгүй, бүх ББСБ-ууд зөвхөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ өгдөг. Манай компанийн хувьд тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Иймд зээлдэгч Д.Эаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ0200200014 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, үндсэн хүү 10,460,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,716,000 төгрөг нийт 27,176,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.Эын хариу тайлбар, татгалзлын агуулга: Д.Э нь нэхэмжлэгчтэй 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулагдсан талаар хариуцагчийн зүгээс маргах зүйл байхгүй юм. Тухайн зээлийг н.У гэх хүнтэй холбогдож, мөнгө авч өгөөд би өөрөө төлнө гэж хариуцагчид тайлбарласны дагуу Д.Э нь гарын үсэг зурах байдлаар хандсан, хариуцагч нь гэрээний заалтыг уншиж танилцаагүй. Гарын үсэг зураад н.Угээс 15,000,000 төгрөгийг авч байгаа гэж ойлгож авсан. Нэгдүгээрт зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг “А ББСБ” ХХК тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулахын хүрээнд шаардах эрхтэй гэж ойлгож байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д эрх бүхий этгээд буюу зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдийг тодорхойлсон. Эрх бүхий хуулийн этгээд гэдэг нь хуульд заасны дагуу Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг хэлэхээр заасан байгаа. Тэгэхээр “А ББСБ” ХХК-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаатай олгодог. Хэрэгт авагдсан баримтыг харвал хавтаст хэргийн 4 болон 5 дахь талд 1/515 дугаартай, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “А ББСБ” ХХК гэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авагдсан байгаа боловч уг гэрчилгээнд нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийг тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нотлохгүй. Учир нь тусгай зөвшөөрөл нь хавсралтын хамтаар хүчинтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтыг харахад уг тусгай зөвшөөрлийн хавсралтыг хавсаргаагүй. Тийм учраас “А ББСБ” ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд мөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан харилцаа үүсээгүй. Тиймээс нэмэгдүүлсэн хүү болон хугацаа хэтэрсэн зээлийн хүүг тооцох эрхгүй. Бидний зүгээс үндсэн зээлийг Д.Э төлөх боломжтой. Нэхэмжлэгчийн олгосон зээлийн тухайд сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл олгосон байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн гэж үзэж байна. Тэгэхээр үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 6 сарын хугацаанд 4 хувь буюу 600,000 төгрөгийн хүү тооцож, нийт 3,600,000 төгрөгийн хүү болон үндсэн зээл 15,000,000 төгрөгийг төлөх боломжтой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8,000,000 орчим төгрөгийг Д.Э төлөх үндэслэлгүй. Анх шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Энэ өдрөөс хойш нотлох баримтыг цуглуулах эрх нь нэхэмжлэгчид байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 3,600,000 төгрөг, нийт 18,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч болно гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Эаас зээлийн гэрээний үүрэгт 27,016,000 /хорин долоон сая арван зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 160,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 293,030 /хоёр зуун ерэн гурван мянга гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй болохоо нотлоогүй бөгөөд тус зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан харилцаа биш. Гэхдээ нэхэмжлэгч нь ББСБ-ын үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгээ шүүхэд нотлоогүй тул тус зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа байна. Хариуцагчийн хувьд тус зээлийн харилцааны хүрээнд үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 3,600,000 төгрөг, нийт 18,600,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгээ нотлоогүй тул тус зээлийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан харилцаа гэж үзэхгүй юм. Шүүхээс “Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаартай тогтоолоор ББСБ-ын санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон. Дээрх тогтоол нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. “А ББСБ” ХХК нь эрх нь түдгэлзсэн ББСБ-ын жагсаалтад ороогүй болох нь ... санхүүгийн зохицуулах хорооны ... сайт буюу нийтэд илэрхий үйл баримт зэргээр тогтоогддог” гэжээ. Гэтэл тухайн хууль зүйн актууд хүчин төгөлдөр эсэх талаар зохигчдыг мэтгэлцэх боломж олгоогүйн зэрэгцээ санхүүгийн зохицуулах хорооны сайтад тавигдсан мэдээ нийтэд илэрхий баримт гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Учир нь тухайн мэдээл хэдэн оны хэдэн сард тус сайтад нийтлэгдсэн мэдээлэл эсэх нь эргэлзээтэй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларах баримт биш тул шүүхээс үнэлэх үндэслэлгүй юм. Мөн шүүхээс “Нэхэмжлэгч “А ББСБ” чиглэл  нь “Зээлийн үйл ажиллагаа болох нь гэрчилгээгээр тогтоогдож байна” гэжээ. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл гэх баримт шүүхэд гаргаж өгсөн боловч түүний хавсралтыг гаргаж өгөөгүй буюу ББСБ-ын үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгээ нотлоогүй. Иймд тус шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс зээлийн тооцооллыг буруу хийсэн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан. Гэвч нэхэмжлэлийн үнийн дүнг тооцоолсон тооцооллоо 2021 оны 10 сарыг хүртэлх хугацаагаар тооцож өгсөн байдаг. Гэвч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд хүү шаардах эрхгүй бөгөөд энэ талаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 788 дугаар магадлалд “...шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд хүү тооцох нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцэхгүй” гэж тодорхой дүгнэсэн байна. Гэвч шүүхээс дээрх хугацааны хүү 1,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж байгаа нь мөн үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

  5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:... Хариуцагч талаас өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэхгүйгээр 4 сарын хугацаа авсан байдаг. Ингээд хариуцагч талаас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариу тайлбараа гаргахдаа хүүгийн тооцоолол буруу талаар тайлбарласан. Нэхэмжлэгчийн хувьд 10 дугаар сарын 10-ны өдрөөр хүүг тооцсон байгаа. Энэ хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул одоо ч гэсэн хүү тооцоолол нь бодогдоод явж байгаа. Тусгай зөвшөөрлийн тухайд шүүхээс нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн. Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсанд хандаад тусгай зөвшөөрөлтэй ББСБ болон эрх нь түдгэлзсэн зэргийг харах боломжтой тул заавал бичмэл хэлбэрээр шүүхэд гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч Д.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, үндсэн зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 27,176,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...хариуцагч зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, нэмэгдүүлсэн болон хэтэрсэн хугацааны хүү тооцох эрхгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн” гэж тайлбарлажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь Д.Этай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ0200200014 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 15,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай сарын 4%-ийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20% байхаар зээлүүлсэн. Дээрх зээлийн гэрээний зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байна. /хх.6, 10/

5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн, бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

6. Иймд зээлдэгч нь зээлдүүлэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор үндсэн зээл, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

7. Зохигчдын тайлбар болон зээл төлөлтийн хүснэгт зэрэг баримтаас үзэхэд зээлдэгч Д.Э зээлийн гэрээний хүүд 1,760,000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй байна. /хх.11/ Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүүд 3,600,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

8. Анхан шатны шүүх Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1/515 дугаартай “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-г “А ББСБ” ХХК-д олгосон, эрх нь түдгэлзсэн ББСБ-ын жагсаалтад ороогүй болох нь “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”, Санхүүгийн зохицуулах хорооны сайт буюу нийтэд илэрхий үйл баримт зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь буруу биш байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

9. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заажээ. Талууд гэрээний 2.1.3-т “гэрээт хугацаан дахь сарын хүү 4%” гэж, “гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү 20%-аар тооцно” гэж тус тус тохиролцсон нь дээрх хуулийн заалттай нийцжээ.

10. Анхан шатны шүүх хариуцагч Д.Эыг хэтэрсэн хугацааны хүү төлөх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасан байх бөгөөд хэтэрсэн хугацааны хүүг хэдэн хувиар тооцохыг гэрээнд тодорхой заагаагүй байх тул нэхэмжлэгч байгууллага хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй байна.

Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны /2020.08.07-2021.10.10/ хүүд 8,460,000 төгрөгийг тооцож гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна. Иймд хариуцагч үндсэн зээл 15,000,000 төгрөг, төлөгдөөгүй үлдсэн зээлийн хүүд 1,840,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,716,000 төгрөг нийт 18,556,000 төгрөг төлөх үндэслэлтэй байгаа боловч хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд 18,600,000 төгрөгийг гаргуулсан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Д.Эаас 18,600,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/04092 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...27,016,000 /хорин долоон сая арван зургаан мянга/...” гэснийг  “...18,600,000...” гэж, “...160,000...” гэснийг “...8,576,000...” гэж,

2 дахь заалтын “...293,030 /хоёр зуун ерэн гурван мянга гуч/...” гэснийг “...250,950...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 149,607 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.           

                      

 

                   ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

                                                   Ц.ИЧИНХОРЛОО