| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/10922/И |
| Дугаар | 197/ШШ2025/07662 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2025/07662
2025 06 09 197/ШШ2025/07662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 166 дугаар байр 55 тоотод оршин суух хаягтай, /РД:УХ02310122/, Бэсүд овогт Мөнхбаатарын Мөнхчимэгийн гаргасан
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 24/Б байрны 510 тоотод оршин суух хаягтай, /РД:ЧЕ84072179/, Дашдоржийн Баясгаланд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын болон бусад учирсан хохирол зардалд нийт 15.306.570 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, хариуцагч Д.Баясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч М.Мөнхчимэг нь хариуцагч Д.Баясгаланд холбогдуулан зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад гарсан зардалд нийт 15.306.570 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: ...Миний бие дүү Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Түүний гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Миний дүү Мөнхчимэг нь 2024 оны 11 сарын 17-ны өдрийн орой 19:30 цагийн орчимд ажлаасаа тараад х гэр лүүгээ явах замдаа Баянгол дүүргийн 3 дугаар хороо Энгельсийн гудамж, Туушин ХХК-ийн зүүн талын замд явган хүний гарцаар гарч явахад нь хариуцагч Баясгалан нь өөрийн жолоодон явсан Тоёото приус маркийн 40-81УКА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөсөн замын осол гаргаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд маш их гомдолтой байгаа. Учирсан хохирлын улмаас дүү маань хэд хэдэн мэс заслын хагалгаа хийлгэж, эмнэлэгт болон гэрээр эмчилгээ хийлгэж, эм тарианы болон хагалгааны зардал зэрэгт нэлээдгүй мөнгө зарцуулсан. Цаашид ч мэс заслын дараах физик эмчилгээ, эмийн эмчилгээ зэргийг зайлшгүй хийлгэх шаардлагатай болоод байна. Жолоочоос 2024 оны 11 сарын 21-нд 650.000 төгрөг, 2025 оны 01 сарын 08-ны өдөр 1.325.430 төгрөг, нийт 1.975.430 төгрөг хохиролд авсан. Энэ мөнгийг эмчилгээ, эм тарианы төлбөрт зарцуулсан. Энэ мөнгийг одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнд оруулж тооцохгүй.
Осолд буруутай жолооч Баясгалангаас 1/. хагалгааны зардал 1.500.000. төгрөг, 2/. шинжилгээ оношилгооны зардалд 275.000 төгрөг, 3/. зүрхний эхо, бичлэг хийлгэсний зардал 60.000 төгрөг, 4/. мэс заслын дараах оёдол авхуулах, физик эмчилгээний зардлын 60.000, 5/. дүү маань өвдөгний үедээ хагалгаа хийлгэсэн учир явж суухад хэцүү, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан учир гэр, эмнэлэг хоёрын байнгад такси унаагаар үйлчлүүлж байсан тул таксины төлбөр 53.570 төгрөг, 6/. бензиний төлбөр 74.000 төгрөг, 7/. зөрчлийн хэрэгтэй холбоотой баримт материалыг прокурорын архиваас хуулбарлан авах, бичиг баримт бүрдүүлэхэд гаргасан зардал 42.000 төгрөг, 8/. мөн Мөнхчимэг нь осолд орж биедээ авсан гэмтлийг эмчлүүлэхийн тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул түүний ажилгүй байсан хугацаанд нэг сарын цалин 1.500.000 төгрөг, 3 сарын цалинд 4.500.000 төгрөг, 9/. хууль, эрх зүйн зөвлөгөө туслалцааны зардал 5.000.000 төгрөг, 10/. ээж Гэрэлмаа нь Мөнхчимэгийг 2 удаа хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн хугацаанд сахиж, ажил хөдөлмөр эрхлээгүй тул 2024 оны 11 сарын 18-ны өдрөөс 2024 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх 12 хоног, мөн 2024 оны 12 сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 сарын 24-ний өдрийг хүртэлх 9 хоног эмнэлэгт сахисан тул энэ хугацааны цалинг өдрийн 60.000 төгрөгөөр тооцон 1.260.000 төгрөг, 11/. сэтгэл санааны хохиролд 2.500.000 төгрөг, нийт 15.306.570 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлд хамраах баримтуудаа шүүхэд өгсөн байгаа. хэмээн тайлбарласан.
2. Хариуцагч Д.Баясгалан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар өгч маргасан ба тайлбарын үндэслэлээ: ...2024 оны 11 сарын 17-ны өдрийн зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нэхэмжлэгч нь 15.306.570 төгрөг нэхэмжилсэн хэдий ч хариуцагчийн зүгээс өөрийн гэм бурууг ойлгон ухамсарлаж, хуульд заасан журмын дагуу зохих шийтгэлээ хүлээсэн, мөн нэхэмжлэгчийн хэлснээр түүний эмчилгээний зардалд 2024 оны 11 сарын 21-нд 650.000 төгрөг, 2025 оны 01 сарын 08-ны өдөр 1.325.430 төгрөг, нийт 1.975.430 төгрөг хоёр удаагийн гүйлгээгээр хэлсэн дансанд шилжүүлэн төлсөн. Энэхүү мөнгийг хэрхэн юунд яаж захиран зарцуулсан нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгчийн хувьд дээрх эмчилгээний төлбөрийг авахдаа хариуцагчид ямар нэг эмнэлгийн нэхэмжлэх, төлбөрийн баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн ээж гэх эмэгтэй миний үйлчлүүлэгчийг хэл амаар доромжилж, зохисгүй үг хэллэг хэрэглэн дайрч давшилж байсан хэдий хариуцагч буруутай байдлаа ойлгож маш их хүлээцтэй хандсан. Хариуцагчаас төлбөр мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэгчийн үндэслэл шаардлага тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Тухайн болсон зам тээврийн ослоос баримтай, бодитой гарсан нэхэмжлэгчийн хохирол төлбөрийг гагцхүү баримтаар нотлогдсон нөхцөлд хариуцагч төлж барагдуулна гэдгээ илэрхийлсээр ирсэн. гэв.
3. Зохигчийн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
3.1. Хариуцагч Д.Баясгалан нь 2024 оны 11 сарын 17-ны өдрийн 19.30 цагийн орчимд Т.Приус маркийн 40-81 УЗЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамжны Туушингийн зүүн талын замд явган хүний гарц явган зорчигч М.Мөнхчимэгийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч М.Мөнхчимэгийн баруун, зүүн өвдөгний үе орчмын зөөлөн эдийн няцрал, баруун , зүүн өвдөг, тохойд цус хуралт бүхий, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хөнгөн хохирол учирсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд хэргийн зохигч талууд уг үйл баримтад маргаагүй болно.
3.2. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй талаар тус тус Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааж хуульчилсан.
Иймээс зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд тооцон шинжилгээ оношилгоо, эмчилгээний болон бусад баримттай гарсан зардлыг гэм хор учруулсан этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хуулийн үндэслэл бүхий байна.
3.3. Нэхэмжлэгчийн гаргасан: 1/. хагалгааны зардал 1.500.000. төгрөг, 2/. шинжилгээ оношилгооны зардалд 275.000 төгрөг, 3/. зүрхний эхо, бичлэг хийлгэсний зардал 60.000 төгрөг, 4/. мэс заслын дараах оёдол авхуулах, физик эмчилгээний зардлын 60.000, 5/. дүү маань өвдөгний үедээ хагалгаа хийлгэсэн учир явж суухад хэцүү, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан учир гэр, эмнэлэг хоёрын байнгад такси унаагаар үйлчлүүлж байсан тул таксины төлбөр 53.570 төгрөг, 6/. бензиний төлбөр 74.000 төгрөг, 7/. зөрчлийн хэрэгтэй холбоотой баримт материалыг прокурорын архиваас хуулбарлан авах, бичиг баримт бүрдүүлэхэд гаргасан зардал 42.000 төгрөг, 8/. мөн Мөнхчимэг нь осолд орж биедээ авсан гэмтлийг эмчлүүлэхийн тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул түүний ажилгүй байсан хугацаанд нэг сарын цалин 1.500.000 төгрөг, 3 сарын цалинд 4.500.000 төгрөг, 9/. хууль, эрх зүйн зөвлөгөө туслалцааны зардал 5.000.000 төгрөг, 10/. ээж Гэрэлмаа нь Мөнхчимэгийг 2 удаа хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн хугацаанд сахиж, ажил хөдөлмөр эрхлээгүй тул 2024 оны 11 сарын 18-ны өдрөөс 2024 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх 12 хоног, мөн 2024 оны 12 сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 сарын 24-ний өдрийг хүртэлх 9 хоног эмнэлэгт сахисан тул энэ хугацааны цалинг өдрийн 60.000 төгрөгөөр тооцон 1.260.000 төгрөг, 11/. сэтгэл санааны хохиролд 2.500.000 төгрөг, нийт 15.306.570 төгрөгийн шаардлагаас шүүх баримтаар тогтоогдсон хэмжээнд:
- хагалгааны зардал 1.500.000 төгрөг,
- шинжилгээ оношилгооны зардалд 275.000 төгрөг,
- зүрхний эхо, бичлэг хийлгэсний зардал 60.000 төгрөг,
- мэс заслын дараах оёдол авхуулах, физик эмчилгээний зардлын 60.000,
- зөрчлийн хэрэгтэй холбоотой баримт материалыг прокурорын архиваас хуулбарлан авах, бичиг баримт бүрдүүлэхэд гаргасан зардал 42.000 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. /1.937.000 төгрөг/
Мөн нэхэмжлэгч нь зам тээврийн осолд өртөх үедээ Анун ХХК-ийн борлуулалтын албанд интерьер дизайнерын ажлын байранд 2024 оны 10 сараас эхлэн, сарын 1.500.000 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан, 2024 оны 11 сарын 18-наас 2024 оны 12 сарын 08, 2024 оны 12 сарын 13-наас 2025 оны 01 сарын 23, 2025 оны 01 сарын 23-наас 2025 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй өвчтэй байсан нь Эм Би Жи гэмтлийн эмнэлгийн эмчийн магадлагаа баримт, ажил олгогч байгууллагын тодорхойлолт баримтаар тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга баримтад 2024 оны 11 сарын 08-ны өдөр цалингийн орлого 646.875 төгрөг, 2024 оны 11 сарын 25-нд цалингийн орлого 172.671 төгрөгийн гүйлгээ тус тус хийгдсэн баримттай байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин орлогод нэхэмжилсэн 4.500.000 төгрөгөөс 11 сард авсан дээрх цалингийн орлогын 821.546 төгрөгийг хасаж, үлдсэн 3.78.454 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтэн зүүн өвдөгний үений дурангийн мэс засал хийлгэсэн хугацаанд түүний эх Ү.Гэрэлмаа нь 2024 оны 12 сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 сарын 23-ны өдрийн хугацаанд хүүхдээ асарсан нь Эм Би Жи гэмтлийн эмнэлгийн магадлагаа баримтаар тогтоогдсон тул өвчтөн асрамжилсан 7 хоног ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Ингэхдээ Ү.Гэрэлмаагийн ажил олгогч Цэц баян Ундрага ХХК-ийн тодорхойлолт баримтад зааснаар сарын 1.500.000 төгрөгийн цалинг тухайн сарын ажлын хоног 21 хоногт хуваахад гарсан нэг өдрийн цалинг 71.428 төгрөгийг 7 хоногоор бодож, 499.996 төгрөгийг гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах зардалд тооцож хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй.
Дээрх байдлаар тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6.121.996 төгрөгийн шаардлага хангагдах үндэслэлтэйгээс хариуцагчийн хохиролд нөхөн төлсөн 1.975.430 төгрөгийг хасаж, үлдсэн 4.146.566 төгрөгийг хариуцагч Д.Баясгалангаас гаргуулж нэхэмжлэгч М.Мөнхчимэгт олгохоор шийдвэрлэсэн болно.
3.4. Нэхэмжлэлээс үлдэх хууль, эрх зүйн зөвлөгөө туслалцааны зардал 5.000.000 төгрөг, такси, бензиний төлбөр гэх 127.570 төгрөг, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн дүнгээс үлдсэн зөрүү 819.546 төгрөг, өвчтөн асрамжилсан хугацааны цалинд нэхэмжилсэн дүнгээс үлдсэн 760.004 төгрөг зэрэг бүгд 6.707.574 төгрөгийн шаардлагыг нотлох баримтаар тогтоогдоогүй, зарим гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр шүүх хангахгүй орхиж шийдвэрлэв.
3.5. Хүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхтэй холбоотой маргаан нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргааны төрөлд хамаарахгүй учир тус шүүх хянан шийдвэрлэхгүй учир нэхэмжлэгчийн гаргасан сэтгэл санааны хохиролд 2.500.00.0 төгрөг гаргуулна гэх шаардлагад хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь уг шаардлага нэхэмжлэлээ хариуцагчийн оршин суух нутаг дэвсгэрийг харьяалах иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч М.Мөнхчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 4.146.566 /дөрвөн сая нэг зуун дөчин зургаан мянга таван зуун жаран зургаа/ төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 81.295 төгрөгийг Д.Баясгалангаас гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Баясгалангаас 4.146.566 /дөрвөн сая нэг зуун дөчин зургаан мянга таван зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Мөнхчимэгт олгож, түүний нэхэмжлэлээс 6.707.574 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 651.1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохиролд 2.500.000 төгрөг гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Нэхэмжлэгч М.Мөнхчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамжид 81.295 төгрөг гаргуулж улсын орлогод нэхэн төлүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД