| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0120/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 124
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор М.Энхбаатар
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Зэлмэн овогтой Доржийн Ганбаатарт холбогдох 1831000000107 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар саын 12-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 44 настай, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7-р баг, Ган зам, 2-р хэсэг, 2-р баг, 21 тоотод оршин суух, Ерөнхий боловсролын 1-р 12 жилийн сургуульд технологийн багш ажилтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Зэлмэн овогт Доржийн Ганбаатар, РД: /МЮ-74031211/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ганбаатар нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 108 тоот өрөөнд Н.Мөнгөнчимэгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Д.Ганбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зургийн уралдаан болсонтой холбогдуулан Мөнгөнчимэгтэй санал зөрөлдсөн. Би нэг болохгүй үг хэлж, миний буруугаас болоод маргаан үүсээд би Мөнгөнчимэгийг алагдсан. ... гэв.
2.Хохирогч Н.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 21-ний үдээс хойш Мэндбаяр агсаны нэрэмжит зургийн тэмцээн болсон бөгөөд шагнал гардуулах арга хэмжээн дээр дүнгийн зөрүү гарсан. Ингээд юуны улмаас дүнгийн зөрүү гарсан талаар хуралдахаар 108 тоот өрөө рүү орсон. Тэгээд шагнал гардуулах арга хэмжээ болохоос өмнө нь тухайн өрөөнд хүүхдүүдийн зурсан бүтээлүүдийн шифрийг тааруулж байхад Ганбаатар багш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тус өрөөнд орж ирээд шалгаруулчихсан байсан зургийг үзээд “Энэ хүүхэд түрүүлэх ёсгүй. Энэ хүүхэд байр эзлэх ёстой” гээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би “Та ингэж болохгүй шүү дээ, шүүгч нар өөрсдөө мэдээд дүнгээ гаргасан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Ганбаатар багш “Намайг 8 дугаар ангид байхад миний бүтээлийг ингэж дарж байсан. Та нар ингэж болохгүй шүү дээ” гэж байгаад гараад явсан. Тэгээд шагнал гардуулах арга хэмжээн дээр сурагчдын нэр солигдсон байсан. Тэгээд доошоо 108 тоот өрөө рүү ороод хаана, ямар алдаа гарсныг шалгахаар ороод байж байтал Ганбаатар багш орж ирэхээр нь би зөөлөн дуугаар “Та дундуур ороод будлиан хийчих юмаа” гэсэн чинь над руу уурлаад, орилж, хашгираад, дайрч давшлаад, хэл үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би Ганбаатар багшийг түлхсэн. Тэр үед Ганбаатар багш гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу нэг удаа цохисон....гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/
4.Гэрч Г.Цогбадрахын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Мэндбаяр багшийн нэрэмжит тэмцээн болж байсан юм. Тухайн үед би тэмцээний шүүгчээр ажиллаж байсан. Тухайн үед шүүлтэн дээр Ганбаатар багш маргаан үүсгээд байсан. Учир нь “Нэгдүгээр байранд орох ёстой хүүхэд хоёрдугаар байранд орчихлоо” гээд байсан. Тэгээд би нэгдүгээр байранд орсон хүүхдийн техникийг нь тайлбарлаж өгөөд гаргасан. Гэтэл шагнал гардуулах арга хэмжээн дээр байр эзэлсэн байсан хүүхдүүдийн нэрс солигдоод дахин маргаан үүссэн. Тэр үед Мөнгөнчимэг багш Ганбаатар багшийг “Нэр солигдсон шалтгаан таниас боллоо” гэж хэлэх үед тэр хоёрын хооронд маргаан үүссэн. Тэгээд Ганбаатар багш хэрүүл хийж байгаад Мөнгөнчимэгийг “пязда” гээл хэлчихсэн юм. Тэгээд Мөнгөнчимэг багш “Та эмэгтэй хүнийг яагаад пязда гэж хэлж байгаа юм бэ? гэж хэлээд гараа далайх шиг болсон. Тэр үед Ганбаатар багш Мөнгөнчимэг багшийг нэг удаа алгадсан. Тэгээд Мөнгөнчимэг багш уйлаад “Цагдаад хэлнэ” гээд гараад явсан.....гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/
5.Гэрч Ч.Золзаяагийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Мэндбаяр багшийн нэрэмжит зургийн тэмцээн болж байсан. Би уг тэмцээнд хянагч багшаар ажиллаж байсан юм. Тухайн үед Мөнгөнчимэг бид 2 байр эзэлсэн хүүхдүүдийн шифрийг тайлж байхад Ганбаатар багш дундуур орж ирээд байр эзэлсэн хүүхдүүдийн зургийг хараад Мөнгөнчимэг багш бид хоёрт саад болоод байхаар нь Ганбаатар багшийг “Боль” гэж хэлээд болиулсан. Тэр үед Мөнгөнчимэг надад буруу код хэлчихсэн юм шиг байна лээ. Тэгээд шагнал гардуулах арга хэмжээн дээр байр эзэлсэн байсан хүүхдүүдийн нэр нь солигдоод өөр хүүхэд шагнал авснаас болж хэрүүл маргаан үүссэн. Тэр үед Мөнгөнчимэг багш “нэр солигдсон шалтгаан нь таниас боллоо” гэж Ганбаатар багшид хэлсэн чинь Ганбаатар багш “Чи өөрөө ажлаа буруу хийснээс болж байгаа байгаа биз дээ” гээд Мөнгөнчимэг багшийг пязда минь гээд хэлчихсэн чинь Мөнгөнчимэг багш “Та намайг яагаад олон хүний дунд доромжлоод байгаа юм бэ?” гэж хэлээд Ганбаатар багшийг цохих шиг болсон. Харин Ганбаатар багш зөрүүлээд Мөнгөнчимэгийг нэг удаа алгадсан чинь Мөнгөнчимэг уйлаад цагдаад хэлнэ гээд гараад явсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/
6.Гэрч Б.Ганбатын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Мэндбаяр багшийн нэрэмжит зургийн тэмцээн босон. Уг тэмцээн дууссаны дараа намайг хөдөлмөрийн өрөөнд ангидаа байж байхад Мөнгөнчимэг, Ганбаатар хоёр орж ирээд хэрүүл маргаан үүсгэж байсан. Миний хувьд тэр хоёрыг юунаас болж хэрүүл маргаан үүсгэгдсэн талаар мэдэхгүй байгаа юм. Миний ойлгосноор шүүлтэн дээр маргаан үүссэн юм шиг байна лээ. Тэгээд Ганбаатар, Мөнгөнчимэг багшийг нэг удаа алгадаж байхыг нь би харсан. Мөн тэр хоёр бие биенээ ямар үг хэллэгээр хэлснийг нь би сайн сонсоогүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Мөнгөнчимэг, Ганбаатарт алгадуулчихаад уйлаад “Цагдаад хэлнэ” гээд гараад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/
7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №169 тоот актын дүгнэлт хэсэгт:
1. Н.Мөнгөнчимэгийн биед тархи, доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
11.Шүүгдэгч Д.Ганбаатарын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Мэндбаяр багшийн нэрэмжит зургийн тэмцээн болсон бөгөөд тэмцээний шүүлт дууссаны дараа Мөнгөнчимэг багшийг шифрийг тэмдэглэж байхад би ороод эхний 3 байранд орсон хүүхдүүдийн зургийг сонирхож байгаад гарсан юм. Тэгээд шагнал гардуулаад дууссаны дараа шифрээ буруу тэмдэглэсний улмаас байр эзэлсэн хүүхдүүдийн нэр нь солигдож маргаан үүссэн. Тэгээд 108 тоот өрөө рүү ороод юу болоод байгааг асуухад “Мөнгөнчимэг багш “Таниас болоод будлиан үүссэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Би чиний ажлийг яаж мэдэх юм бэ?” гэсэн чинь “Та яах гэж зураг үзээд байсан юм бэ?” гээд Мөнгөнчимэг багш бид хоёрын хооронд маргаан үүссэн. Тэр үед би хэрүүл дундаа Мөнгөнчимэг багшийг “пязда” гээд хэлчихсэн. Гэтэл Мөнгөнчимэг багш “Та намайг пязда гэж хэлдэг юу вэ?” гэж хэлээд алгадсан юм. Тэгэхээр нь би “чи намайг хүмүүсийн дунд алгаддаг хэн бэ?” гээд Мөнгөнчимэгийг зөрүүлээд нэг удаа алгадсан юм ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын
талаар шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Зэлмэн овгийн Доржийн Ганбаатар нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 108 тоот өрөөнд Н.Мөнгөнчимэгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Ганбаатар нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн хөдөлмөр технологийн багшаар ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 108 тоот өрөөнд Н.Мөнгөнчимэг багштай “гар зургийн тэмцээний үеэр буруу шүүлээ” гэсэн маргаан үүсгэж улмаар түүний зүүн шанаан тус газар нь атгасан гараараа нэг удаас цохиж биед нь тархи, доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Д.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зэлмэн овгийн Доржийн Ганбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Доржийн Ганбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ялтан Д.Ганбаатар нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ