Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/458

 

 

 

 

 

 

      2022           4            28                                       2022/ДШМ/458

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Энхбат,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, С.Батдэлгэр,

хохирогч Н.Оийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,    

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Бд холбогдох эрүүгийн 201619000049 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь:

1. ... оршин суух иргэн Б.Бын “Зар мэдээ” сонинд өгсөн үхэр зарна гэх зарын дагуу 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.Баас 73 тооны үхрийг залилан мэхлэж авч, 42.530.000 төгрөгийн хохирол,

2. ... оршин суух иргэн Д.Оаас 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр үхэр мал өвсгүй боллоо гэж түүнээс 216 боодол өвсийг залилан мэхлэж авч, 1.404.000 төгрөгийн хохирол,

3. ... оршин суух иргэн Н.Оийн мал зарна гэх зарын дагуу 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 95 толгой хургатай хонь, 85 толгой ишигтэй ямааг залилан мэхлэж авч, 17.250.000 төгрөгийн хохирол,

4. ... оршин суух иргэн Ц.Цоос 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 4 тооны үхрийг залилан мэхлэж авч, 2.500.000 төгрөгийн хохирол,

5. ...оршин суух иргэн Э.Аэс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 11 тооны үхрийг залилан мэхлэж авч, 8.700.000 төгрөгийн хохирол,

6. ... нутагт оршин суух иргэн Д.Гаас 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 7 тооны үхрийг залилан мэхлэж авч, 3.050.000 төгрөгийн хохирол,

7. ... оршин суух иргэн Э.Ггоос 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5 тооны үхрийг залилан мэхлэж авч, 4.500.000 төгрөгийн хохирол,

8. ... оршин суух иргэн Б.Тгоос 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5 тооны үхрийг залилан мэхлэж авч, 2.500.000 төгрөгийн хохирол,

9. .... нутагт 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бусдын 4 тооны бярууг өөрийн бяруу гэж хохирогч Я.Бд худал хэлж, хуурах аргаар урьдчилгаа хэлбэрээр 500.000 төгрөг авч, бусдад бага хэмжээний хохирол,

10. ... багийн нутагт 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “мөнгийг нь дараа өгнө” гэж хуурч, “...” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “...” ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, П.Бын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг ашиглан барьцаанд тавьж, урьд “үхэр худалдан авч мөнгийг нь шилжүүлэн өгч байсан” харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Д.Сийн өмчлөлийн 1 бүрийн үнэ нь 70.000 төгрөгийн үнэлгээтэй 130 тооны эр ямаа, 1 бүрийн үнэ нь 55.000 төгрөгийн үнэлгээтэй 129 тооны эм ямааг, нийт 259 тооны ямааг шилжүүлэн авч, түүнд 16.195.000 төгрөгийн хохирол,

11. ... 3 дугаар баг “Шивэртийн ам” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.Гийн 16 тооны хязаалан үхэр, 1 тооны хязаалан бух, 2 тооны шүдлэн үхэр, 6 тооны тугал, 130 ширхэг өвөлжөөний мод, 16 боодол өвс, 6 шуудай хивэг зэргийг залилан мэхлэж авч, 21.195.000 төгрөгийн хохирол,

12. Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Н.Нгийн 19 тооны тугалтай үхрийг 2018 оны 10 дугаар сард залилан мэхлэж авч, 13.300.000 төгрөгийн хохирол,

13. Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2 дугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газарт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.Эын 750 боодол өвсийг “Дорноговь аймагт хэдэн үхэртэй, цагаан сарын дараа өвсөө аваачиж өгөөд ирэхдээ өвсний мөнгийг чинь өгнө” хэмээн гэрээ байгуулан залилан мэхлэж авч, 3.750.000 төгрөгийн хохирол,

14. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Шаас 15 тооны үхэр, 2 тооны адуу авахаар харилцан тохиролцож, 7.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон өгөн төөрөгдөлд оруулж, зээлийн гэрээгээр халхавчлан Д.Шын үхэр зарж ашиг олох хүсэл эрмэлзлийг нь ашиглан залилан мэхлэж 8.450.000 төгрөгийн хохирол,

15. Хохирогч Д.Хтай хамтран махны наймаа хийхээр тохиролцон 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 7.570.000 төгрөг залилан мэхлэж авч, 7.570.000 төгрөгийн хохирол,

16. Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг гэх газарт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ү.Шаас хонь, ямаа худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа 2.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгнө гэж 10.600.000 төгрөгийн үнэ бүхий хонь, ямааг залилан мэхлэж авч, 10.600.000 төгрөгийн хохирол,

17. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..." ХХК-д 52.000.000 төгрөгийн үнэ бүхий 500 орчим ямааны мах нийлүүлнэ гэж тохиролцон мөнгө авсан боловч ямааны махыг бүрэн нийлүүлэлгүй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “...” ХХК-д 33.320.610 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 197.314.610 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас: Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Их шавь овгийн Цэрэндоржийн Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.Бд 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 614 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Бэс нийт 143.860.610 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бд 26.930.000 төгрөг, хохирогч Д.Од 460.000 төгрөг, хохирогч Н.Од 10.450.000 төгрөг, хохирогч Ц.Цт 2.440.000 төгрөг, хохирогч Д.Гад 2.050.000 төгрөг, хохирогч Б.Гд 2.500.000 төгрөг, хохирогч Б.Тд 1.500.000 төгрөг, хохирогч Д.Сэд 14.995.000 төгрөг, хохирогч А.Гд 16.195.000 төгрөг, хохирогч Х.Нд 12.300.000 төгрөг, хохирогч Д.Шт 8.450.000 төгрөг, хохирогч Д.Хт 7.570.000 төгрөг, хохирогч Ч.Шт 4.700.000 төгрөг, хохирогч “...” ХХК-д 33.320.610 төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шанд 21 дүгээр гудамжинд байрлах нийт 50.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг байшинг битүүмжилсэн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-ийг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний болон өмгөөлөгчийн зүгээс шүүх хурал дээр Налайх дүүргийн прокурорын газраас 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг энэ шүүхээр хэлэлцэгдэж байгаа хэрэгтэй нэгтгүүлэх замаар тус хэргийг прокурорт буцаах санал гаргасан. Гэтэл шүүхээс бид нарын гаргасан хүсэлтийг хүлээн авахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудаар тайлбарласан нь шүүх тус хоёр хуулийн заалтыг буруу хэрэглэж, буруу тайлбарласан гэж үзэж байна.

Хохирогч нар болох А, Г, Г, Т нарын хохирол төлбөрт эр ямаа 100 ширхэгийг өгсөн ч 60 ширхэг болгон багасгаж, ямааны зах зээлийн үнэлгээг холбогдох үнэлгээ тогтоох комиссоор тогтоогоогүй. Тухайн үед эр ямаа 120.000 төгрөгийн үнэ ханштай байсан. Урьд нь буюу 2017 оны үнэлгээгээр нас гүйцсэн эр ямаа 70.000 төгрөг, эм ямааг 55.000 төгрөгөөр үнэлж байсан. Гэтэл шүүгч шүүх хуралдаан дээр өөрийн биеэр 65.000 төгрөгөөр тооцож үнэлгээ тогтоосон нь шүүгдэгч намайг хохироосон. 2019 онд эр ямаа нэг бүрийн үнэ 120.000-130.000 төгрөгийн үнэтэй байсан.

Энэ хэрэгт Х нь надтай хамт оролцсон, нэг үйлдэл байгаа. Учир нь, 2018 оны 10 дугаар сард Х нь над руу залгаж, ... үхэр, адуу зарна гэсэн зар байна, би хүнтэй нь ярьчихлаа, чамд мөнгө байна уу гэж утсаар залгасан. Би надад мөнгө байна, харин хүрэх болов уу гэсэн чинь хамаагүй, би нэмчихнэ гэж ярилцсан. Тэгээд бид хоёр очиж, малыг нь үзээд авахаар болж эхлээд сувай үхэр, адууг нь авч, төлбөр тооцоог бүрэн төлсөн. Хэд хоногийн дараа 19 тооны үхэр очиж авсан. Тус үхрийн төлбөр болох 12.000.000 төгрөгөөс Х 5.000.000 төгрөгийг, миний бие 7.000.000 төгрөгийг төлөх ёстой байснаас төлж чадаагүй. Гэтэл шүүх хянан шийдвэрлэхдээ намайг Хийг хөтлөн дагуулж хэрэг хийсэн гэж тайлбарлан, Хийн 5.000.000 төгрөгийн хохирлыг надад оруулан тооцож байгаа нь учир дутагдалтай байна. Миний бодит хохирол нэмэгдэж, Хийн төлөх хохирлыг би төлөх болчихоод байна.

Х нь анх над руу залгаж, цуг мал авъя, мөнгө байна уу гэж асууж, энэ наймааны хаягийг олж, Хтой мөнгө л гаргаж оролцсон. Өөрөөр хэлбэл, энэ  үйлдэлд Х нь санаачлагч байсаар байтал прокурорын шатанд Хийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, надад хариуцуулж байна. Хохирогч Нд Х нь 5.000.000 төгрөг төлнө гэж өөрийн гараар баталгаа бичиж өгсөн. Мөн үлдсэн 7.000.000 төгрөгийг би төлөхөөр баталгаа бичиж өгсөн байдаг нь хохирогч, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт нотлох баримттай хавсаргагдсан байгаа. Иймд энэ үйлдэлд Хийг татаж шалгах.

Шүүх миний нийт цагдан хоригдсон хугацааг 48 хоногоор дутуу тооцон гаргасан байна. Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 617 хоног цагдан хоригдсон. Гэтэл 569 хоногоор тооцон намайг хохироосон. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хоригдсон 96 хоногийг 50 хоногоор тооцсон. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цагдан хоригдсон ч тус сарын 24-ний өдрөөс гэж 2 хоног дутуу бодсон зэргээр анхан шатны шүүх надад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарласан, буруу хэрэглэж миний эрх зүйн байдлыг илтэд дордуулан хохироож байгаа тул хэргийг прокурорт буцааж, дээрх зөрчлүүдийг засуулан надад холбогдох хэргийг нэгтгэн нэг мөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх Ц.Бийг бусдаас залилж авсан мөнгөө өөрийн болон гэр бүлийн ахуй амьдрал, худалдаа үйлдвэрлэл зэрэгт хэрэглэж, ашигласан гэдэг нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна. Хавтаст хэрэгт ч гэсэн Ц.Б нь бусдаас авсан мөнгөө өөрийнхөө амьдрал ахуйд хэрэглэж, амьдралынхаа эх үүсвэр, эдийн засгийн хэрэгцээгээ хангаж байсан талаарх баримт авагдаагүй байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхийн тулд тухайн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг шаарддаг бөгөөд энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь анхан шатны шүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Ц.Бийн хувьд Налайх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт буюу 2020 оны 2 сарын үйлдэлд мөн яллагдагчаар татагдаж яллах дүгнэлт үйлдэгдсэн байгаа. Энэ талаарх баримтыг анхан шатны шүүх хуралдаанд гарган өгч хэргийг нэгтгүүлж шалгуулах хүсэлт гаргасан боловч шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө дахин нэг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсоор байтал шүүх тус тусд нь шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад зогсохгүй, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн шүүхийн энэ талаар хийсэн “...Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдэхгүй талаарх хувийн баталгааг бичгээр гаргасан атлаа дахин дахин гэмт хэрэгт холбогдож байгаа байдал, шинээр холбогдсон хэргүүдийг нэгтгүүлэхээр шүүх хуралдаанд удаа дараа хүсэлт гаргадаг байдал, нэр бүхий хохирогч нарын шүүх хуралдаанд гаргасан “Ц.Б дахин гэмт хэрэг үйлдэж шинээр хүн хохироодог, шүүх хурлыг байнга хойшлуулдаг, хохирлоо төлөхгүй атал хэргээ нэмдэг” гэх агуулга бүхий тайлбар зэргийг харгалзан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж” дүгнэсэн дүгнэлт нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаас биш нэг гэмт хэрэг гэж үзэх эсэхийг нь шүүх шийдвэрлэнэ гэж шүүхэд эрх олгосон заалт биш байна. Өөрөөр хэлбэл, нэг гэмт хэрэг гэж үзэх эсэхийг нь шүүх шийдэхгүй юм. Иймд Ц.Бийн хувьд нэг гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлэх, улмаар Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэдэг тул түүний эрх зүйн байдал дордож, эрх нь ноцтойгоор зөрчигдөх нөхцөл байдал үүсч байна.

Хохирогч Н.Нгийн 19 тооны үхэрийг залилсан гэх үйлдэлд Б.Х гэх хүн хамтран оролцсон болох нь хохирогч Н.Нгийн шууд зааж мэдүүлсэн мэдүүлгүүдээс харагдаж байна. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаартай прокурорын тогтоолоор Б.Хийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд одоогоор хохирогч Н.Нд хохирол төлбөр 12.300.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Энэ хохирлоос Б.Х нь өөрт оногдох хэсгээ төлөх ёстой юм.

Хохирогч Э.А, Б.Г нарт хохирол төлбөрт тооцож 100 эр ямаа өгсөн талаар шүүгдэгч Ц.Б мэдүүлдэг. Гэтэл хохирогч Б.Г 100 ямаа аваагүй, 60 ямаа авч, 4 айл 15, 15-аар нь хувааж авсан талаар шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Иймд эдгээр хохирогч нарт өгсөн ямааны тоон дээр зөрүү гарч байна. Хохирогч Б.Гд 2.500.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд уг хохирол төлбөрт хэдэн ямаа өгсөн болохыг тогтоолгож, зөрүүг арилгах шаардлагатай байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх байр суурьтай байсан. Хэргийг Налайх дүүргийн шүүхэд шилжиж ирсний дараа Налайх дүүргийн цагдаагийн газраас хоёр үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байсан. Тиймээс сүүлийн хоёр үйлдлийг нэгтгэн шалгуулах хүсэлт гаргасан. Шүүх үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэх боломжтой, Ц.Бийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн. Өмгөөлөгчөөс үүнтэй санал нийлээгүй тул “хэргийг прокурорт буцааж, нэгтгэн шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ижил төрлийн, үргэлжилсэн нэг гэмт хэрэг учраас мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг удаа ял шийтгэл оногдуулах боломжтой. Энэ нь Ц.Бийн эрх зүйн байдлыг дордуулахгүй. Хэрэв шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулбал шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоно” гэж үзсэн. Гэтэл шүүх гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын хуралдаан хийхээр болсон. Энэ хугацаанд 5 хоногийн завсарлага авч, хохирол барагдуулах шаардлагатай байх тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн. Тодруулбал, шүүгдэгчид Төв аймгийн Цээл суманд мал, хөрөнгө, мөн өөрийнх нь амьдарч байгаа хашаа, байшин байгаа тул эдгээрийг худалдан борлуулж хохирол барагдуулах хүсэлтийг шүүгдэгчээс гаргасан ч шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй гээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүний улмаас хохирол төлбөрийг төлж чадаагүй, 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Иймд өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж, үргэлжилсэн нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Н.Оийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч нар өмнөх шүүх хуралдаануудад оролцохдоо хохирол төлбөр төлүүлэх талаар голлон ярьж байсан. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шийтгэх тогтоолдоо залруулга хийж, Ц.Бийн цагдан хоригдсон хоног, хугацааг зөвтгөж бичсэн байсан тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны гарсан гэж үзэж байна. Хохирол төлбөрийн талаар маргаан байхгүй, шүүх зөв шийдвэрлэсэн. Харин цаашид хохирол төлбөр хэрхэн, яаж төлөгдөхийг мэдэхгүй байна. Миний үйлчлүүлэгч Н.Оийн хувьд, Ц.Бд хамгийн сүүлийн малаа өгч, малгүй болсон нь нотлогдсон бөгөөд шүүгдэгчээс Н.Од учирсан 10.450.000 төгрөгийн хохирол болон нийт хохирогч нарт төлөгдөөгүй байгаа 143.860.610 төгрөгийн хохирлыг яаж төлөх нь тодорхойгүй байна. Өөр хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийн тухайд, анх 2015 оны үйлдэлтэй хэрэг дээр хяналт тавьж ажиллаж байсан. Сүүлд өөр прокурор томилогдож, яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Ц.Б нь өөрийн гэсэн тодорхой эд хөрөнгөгүй, ашиг орлого байхгүй, хулгайн гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Өмнө нь Төв аймгийн шүүхээр удаа дараа орж, хэргийг эцэслэн шийдвэрлэх гэсэн боловч дахин гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нотлох баримт гарч ирсэн тул нэгтгэх асуудал яригдаж, хэрэг шийдвэрлэгдэхгүй удааширсан. Шүүгдэгч нь “хохирол төлнө” гэх асуудал ярьж байгаад дараагийн гэмт хэргээ үйлддэг буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бүхий л баримтуудаар нотлогдсон. Хохирогч Э.Ад 8.700.000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирлын үнэлгээг шинжээчийн дүгнэлт болон холбогдох үнэлгээний комиссуудаар гаргасан тул энэ талаар маргах зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэсэн байр суурьтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2015 онд 7 удаагийн үйлдлээр, 2016 онд 1 удаагийн үйлдлээр, 2017 онд 2 удаагийн үйлдлээр, 2018 онд 3 удаагийн үйлдлээр, 2019 онд 4 удаагийн үйлдлээр, нийт 17 удаагийн үйлдлээр бусдын 190.314.610 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон болох нь:

хохирогч Б.Б /1хх 36-39/, гэрч Б.А /1хх 40/, гэрч А.Бүргэд /1хх 41/, гэрч Б.Б /1хх 42-43/, гэрч С.Б /1хх 44-45/, гэрч У.Д /1хх 52-54/, гэрч Ц.Б /1хх 56-57/, хохирогч Д.О /1хх 204/, гэрч М.Х /1хх 205-206/, гэрч Б.А /2хх 154/, гэрч Л.М /2хх 165/, гэрч Б.Б /2хх 166/, хохирогч Н.О /3хх 71-72/, гэрч Б.О /2хх 73/, хохирогч Ц.Ц /3хх 15-17/, хохирогч Э.А /3хх 10-14, 5хх 55/, гэрч Д.Э /3хх 29-30/, хохирогч Д.Г /3хх 5-9/, хохирогч Б.Г /3хх 18-22/, хохирогч Б.Т /3хх 23-25/, гэрч Б.Г /3хх 26-28/, гэрч С.Б /3хх 33-35/, гэрч Н.Ад /3хх 36/, гэрч Н.Б /3хх 37/, хохирогч Я.Б /3хх 168-170/, гэрч Ц.Э /3хх 174/, хохирогч Д.Сэ /4хх 221-222/, гэрч Д.Д /4хх 223/, гэрч Д.Ц /4хх 226-227/, гэрч Х.Б /4хх 228/, хохирогч А.Г /5хх 203-204, 6хх 16/, гэрч П.А /5хх 208-209/, гэрч Б.Г /6хх 17/, хохирогч Н.Н /6хх 64-67/, гэрч Н.Л /6хх 66/, хохирогч Н.Э /6хх 141-144, 153-155/, гэрч С.Ц /6хх 158-159/, хохирогч Д.Ш /7хх 72-75/, гэрч З.Б /7хх 78-79/, хохирогч Д.Х /7хх 176-177/, хохирогч Ү.Ш /7хх 250/, гэрч Д.М /8хх 2/, гэрч Г.Г /8хх 4/, гэрч Б.Ж /8хх 6/, хохирогч Б.Т /8хх 38-39/ нарын мэдүүлгүүд,

 

2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар, Зээлийн үлдэгдэл мөнгө эргүүлэн төлөх тухай баталгаа бичиж өгсөн баримт /1хх 5-6/, гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл /1хх 34/, гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл /1хх 34/, эд зүйлийн үнэлгээ /1хх 58-66/, 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ “Боодол өвс 216 ширхэг, нэг бүрийн үнэ 6.500 төгрөг, нийт үнэ 1.404.000 төгрөг /1хх 212/, Хан үнэлэмж ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 17/05-01 дугаартай “Бодит үнэ цэнийг үнэлгээний өдрийн байдлаар 1.404.000 төгрөг гэж тогтоож, үйлчлүүлэгчид хүргэж байна” гэх үнэлгээний тайлан /3хх 52-56/, эд зүйлийн үнэлгээ /2хх 74-75/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 146-147/, эд зүйлийн үнэлгээ /3хх 41-51/, Хаан банкны ... дугаартай дансны хуулга /3хх 166/, Ц.Бд 259 ямаа хүлээлгэн өгсөн талаарх баримт /4хх 247/, Ц.Бийн 15.000.000 төгрөгийг төлөх талаар гаргасан бичгийн баримтууд /4хх 248-249/, эд зүйлийн үнэлгээ /4хх 244, 6хх 25, 6хх 81/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 86-114/, “Вендо” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 81-90/, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /7хх 109/, мөнгө хүлээлгэн өгсөн тухай гараар бичсэн тэмдэглэл /7хх 190/, Ц.Бийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэлийн дэвтэрт бичсэн гар бичмэл бүхий баталгаа /8хх 1/,  “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 06/69 дугаартай үнэлгээний тайлан /8хх 17-27/, “...” ХХК-ийн Хаан банкны Ц.Бд 52.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга, орлогын баримт /8хх 55-63/  зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Ц.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Бий 17 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхлэж 190.314.610 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Э.А нь “... Би Бд 11 тооны үхэр зараад 8 үхэрийн тооцоог бүрэн авсан ба 2 шүдлэн, 1 соёолон үхэр залилуулаад алдсан байгаа. ...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Ц.Бийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршин суух иргэн Э.Аэс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3 тооны үхрийг залилан мэхлэж авч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан нь эд зүйлийн үнэлгээ /3хх 43/-гээр тогтоогдож байх тул хэргийн үйл баримтад энэ байдлаар өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нар “...шүүхээр хэлэлцэгдэж байгаа хэрэгтэй нэгтгүүлэх замаар тус хэргийг прокурорт буцаах саналыг хүлээн авахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарласан.  

Хохирогч нар болох А, Г, Гантогтоо, Т нарын хохирол төлбөрт эр ямаа 100 ширхэгийг өгсөн ч 60 ширхэг болгон багасгаж, ямааны зах зээлийн үнэлгээг холбогдох үнэлгээ тогтоох комиссоор тогтоогоогүй. Тухайн үед эр ямаа 120.000 төгрөгийн үнэ ханштай байсан. Гэтэл шүүгч шүүх хуралдаан дээр өөрийн биеэр 65.000 төгрөгөөр тооцож үнэлгээ тогтоосон нь шүүгдэгч намайг хохироосон. 

Энэ хэрэгт Х нь надтай хамт оролцсон, ... тус үхрийн төлбөр болох 12.000.000 төгрөгөөс Х 5.000.000 төгрөгийг, миний бие 7.000.000 төгрөгийг төлөх ёстой байснаас төлж чадаагүй. Гэтэл шүүх хянан шийдвэрлэхдээ намайг Хийг хөтлөн дагуулж хэрэг хийсэн гэж тайлбарлан, Хийн 5.000.000 төгрөгийн хохирлыг надад оруулан тооцож байгаа нь учир дутагдалтай байна. ... Иймд энэ үйлдэлд Хийг татаж шалгах.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхийн тулд тухайн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг шаарддаг бөгөөд энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх миний нийт цагдан хоригдсон хугацааг 48 хоногоор дутуу тооцон гаргасан байна. ... анхан шатны шүүх надад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарласан, буруу хэрэглэж миний эрх зүйн байдлыг илтэд дордуулан хохироож байгаа тул хэргийг прокурорт буцааж, дээрх зөрчлүүдийг засуулан надад холбогдох хэргийг нэгтгэн нэг мөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Бий 2015 оны 9 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 17 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

Харин шүүгдэгч Ц.Б нь 2015 оны 9 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 17 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгтээ яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр хэлэлцэгдэж байх үед мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа өөр хулгайн гэмт хэрэг илэрсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.

Хохирогч Б.Г, Б.Т нар нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо “...Э.А, Д.Г нартай нийлээд 4 айл 60 ямааг тус бүр 15-аар хувааж авсан, 1 ямааг 65.000 төгрөгөөр тооцсон ...” гэсэн мэдүүлэг өгчээ.

2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн үнэлгээгээр эр ямаа 70.000 төгрөг, эм ямаа 55.000 төгрөгийн үнэ ханштай байсан нь тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Г, Б.Т, Э.А, Д.Г нар нь шүүгдэгч Ц.Бэс хохиролд тооцож өгсөн нэг ямааг 65.000 төгрөгөөр тооцсон нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээтэй уялдаатай, үндэслэл бүхий байна.

Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор Б.Хид холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд уг тогтоол нь нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2015 онд 7 удаагийн үйлдлээр, 2016 онд 1 удаагийн үйлдлээр, 2017 онд 2 удаагийн үйлдлээр, 2018 онд 3 удаагийн үйлдлээр, 2019 онд 4 удаагийн үйлдлээр, нийт 17 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, 190.314.610 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүгдэгч Ц.Бий дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай “Шийтгэх тогтоолд залруулга хийх тухай” шүүхийн тогтоолоор шүүгдэгч Ц.Бийг нийт 614 хоног цагдан хоригдсон гэж шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулсан байх тул давж заалдах гомдолд заасан цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон асуудлыг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байвал зохино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 5-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээр байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.Бийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР