| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/10926/И |
| Дугаар | 197/ШШ2025/07972 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/07972
2025 06 16 197/ШШ2025/07972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдуламыг суулцуулан, нэхэмжлэгч Д.Бердибекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжин, хариуцагч Л.Бямбажаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо,*******,*******,*******,,,, Тайж овогт Лхагвасүрэнгийн Бямбажаргалд холбогдох ажлын хөлсөн шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Бердибек нь хариуцагч Л.Бямбажаргалд холбогдуулан 2022 оны 05 сарын 06-ны өдөр UB паласын концертын их танхимд хийсэн Чин зүрх нэртэй цомгийн тоглолтын видео бичлэгийн монтаж, засвар хийлгүүлэх ажлын хөлсөнд шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлахдаа: ...Д.Бердибек нь 2022 оны 05 сарын 06-ны өдөр өөрийн Чин зүрх нэртэй цомгийн тоглолтыг UB паласын концертын их танхимд хийсэн. Тус тоглолтын видео бичлэгт монтаж, засвар хийлгүүлэхээр хариуцагч Л.Бямбажаргалтай харилцан тохирч, ажлын хөлсөнд тооцон түүний ХААН банк дахь харилцах дансанд нь 2022.05.08-ны өдөр 1.600.000 төгрөг, 2022.05.09-ний өдөр 2.400.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг дүү Барсын дансаар дамжуулан төлж, тоглолтын бичлэг хадгалагдсан хард диск болон ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг түүнд 2022.05.09-ний өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл хариуцагч тоглолтын бичлэгт монтаж хийх ажлаа одоо болтол гүйцэтгээгүй, удаа дараа утсаар болон чатаар холбогдож ажлаа бүрэн хийж дуусгах хэлж, сануулан гуйсаар байсан боловч янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хошлуулсаар бараг 3 жил болж байна. Хариуцагч нь нэгэнт ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхгүй удаасан учир гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.Бямбажаргал нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, ...Д.Бердибек гэх дуучинтай түүний тоглолтын бичлэгт засвар, монтаж хийхээр тохиролцож, 4.000.000 төгрөг ажлын хөдсөнд авсан үнэн боловч нэхэмжлэгч нь өөрөө УБ паласын тоглолтынхоо бүрэн дуу хоолойтой бичлэгээ алга болгосон, үүнд тоглолтын явц дахь хөтлөгчийн бүтэн яриа, тоглолтод оролцсон бүх дуучдын дуу, хэлсэн үг, хүмүүсийн яриа зэрэг нь байхгүй, дутуу зүйл дээр намайг ажиллахыг шаардсан. Энэ талаараа нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа. Түүнээс гадна нэхэмжлэгчийн тоглолт дээр манай студийн 4 хүн 3 цаг тасралтгүй ажилласан бөгөөд тэдгээр хүмүүсийн ажил үнэгүйдэх ёсгүй. Бердибекийн тоглолтын дүрс нь байгаа боловч дуугүй учир ажлын гүйцэтгэлийг бүрэн дүүрэн хийх боломжгүй юм. гэсэн тайлбар өгч маргасан.
3. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. Хариуцагч Л.Бямбажаргал нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 05 сарын 06-ны өдөр UB паласын концертын их танхимд болсон Чин зүрх нэртэй тоглолтын бичлэгийн монтаж, засварын ажлыг 4.000.000 төгрөгийн хөлстэй хийхээр зөвшөөрч, талууд тохиролцсон, нэхэмжлэгчээс түүнд тоглолтын бичлэг бүхий хард дискийг хүлээлгэн өгсөн, мөн ажлын хөлс 4.000.000 төгрөгийг шилжүүлэн төлсөн үйл баримт тогтоогдсон ба уг үйл баримтад хэргийн зохигч талууд маргаагүй байна.
3.2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т тус тус заасан байна.
3.3. Тухайн хэргийн нөхцөлд хариуцагч нь ...нэхэмжлэгчээс шилжүүлэн өгсөн тоглолтын бичлэг нь бүрэн бус, шаардлага хангахгүй, тоглолтын явц дахь хөтлөгчийн бүтэн яриа, тоглолтод оролцсон дуучдын дуу, хэлсэн үг, хүмүүсийн дуу хоолой, яриа байхгүй, дутуу зүйл дээр намайг ажиллахыг шаардсан учир ажлын гүйцэтгэлийг бүрэн дүүрэн хийх боломжгүй байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй харилцан тохирсны дагуу түүний Чин зүрх нэртэй тоглолтын видео бичлэгийг монтажлах, засварлах ажлыг хийж гүйцэтгээгүй хэмээн тайлбарласан бөгөөд хариуцагчийн зүгээс өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлд хамаарах баримт, нотолгоог хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Мөн ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ажил гүйцэтгэх аргын талаарх захиалагчийн өгсөн зааварчилгаа зэрэг нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал захиалагчид нэн даруй мэдэгдэх Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсгийн а/-д заасан ажил гүйцэтгэгчийн үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримтгүй байна.
3.4. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал нь үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд үндэслэл журмын дагуу нөгөө тал нь гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, мөн ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж, талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг тус тус хуульчилж зохицуулсан байна.
Иймд хариуцагч Л.Бямбажаргал нь нэгэнт тохиролцсон ажлыг хийх боломжгүй хэмээн тайлбарлаж буй учир нэхэмжлэгчийн ... гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн мөнгийг буцаан гаргуулна... гэсэн шаардлагын үндэслэлийг буруутгах боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр хариуцагч Л.Бямбажаргалаас ажлын хөлсөнд төлсөн 4.000.000 төгрөгийг буцаан гаргуулна гэх нэхэмжлэгч Д.Бердибекийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 .2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Бямбажаргалаас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бердибект олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бямбажаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 78.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бердибект олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД