| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2021/03708/И |
| Дугаар | 210/МА2022/00545 |
| Огноо | 2022-03-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2022/00545
Л.Ы, С.Э, Л.Б, Л.Б нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/04326 дугаар шийдвэртэй
Л.Ы, С.Э, Л.Б, Л.Б нарын нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ы, С.Э, Л.Б, Л.Б нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б 00-р дугаар хороо, 00-р хороолол, 00-р байрны 000 тоот хаягт байрлах 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч бидний хамтран өмчилдөг дундын эд хөрөнгө болно. Дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчид Л.Б, Л.Б, С.Э бид өөрсдийн амьдарч буй орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон тогтоол болон дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж гомдол гаргасан ба улмаар өөрсдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Б иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/02187 дугаар захирамжаар Л.Ы 62,500,000 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Б.Цд олгохоор шийдвэрлэсэн болохыг бид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шуудангаар ирүүлсэн тогтоолоос олж мэдсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Б, Л.Б, С.Э нарын өмчлөлд бүртгэлтэй Б 00-р дугаар хороо, 00-р хороолол, 00-р байрны 000 тоот хаягт байрлах 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хураан авч улмаар шинжээч томилон орон сууцны зах зээлийн үнийг 107,828,120 төгрөгөөр үнэлж анхны албадан дуудлага худалдааны дуудах үнийг 75,479,684 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгчид бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4-163/12302 дугаар үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг Л.Октбярьт хүргүүлсэн гэх боловч бидэнд мэдэгдээгүй, бусад өмчлөгч нарын оногдох хэсгээ захиран зарцуулах эрхэнд халдан шинжээч томилж зах зээлийн үнийг тогтоохдоо биднээс үнийн саналыг авалгүйгээр хууль зөрчиж үнэлгээ тогтоосонд гомдолтой байна. Б ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч В.Алтанзул анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах 8/2 дугаар тогтоолыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн байх боловч уг тогтоолыг бидэнд танилцуулаагүй. Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Гантуяа 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 4-163/13107 дугаар мэдэгдлийг Л.Октбярьт өгсөн гэх боловч бусад өмчлөгч нарт уг тогтоолыг гардуулаагүй, бидэнд мэдэгдээгүй байна. Уг мэдэгдэлд дурдсанаар дуудлага худалдааг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 10:00 цагт зохион байгуулсан нь нэхэмжлэгч бидний эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул шинжээчийн тогтоосон үнэлгээг болон 8/2 дугаар анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Учир нь 2 өрөө орон сууц нь Л.Б, Л.Б, С-.Э, Л.Ы нарын 4 иргэний өмчлөлд бүртгэлтэй гэр бүлийн дундын эд хөрөнгө бөгөөд Л.Б, Л.Б, С.Э нар нь төлбөр төлөгч этгээдүүд биш байхад шийдвэр гүйцэтгэгч бусад өмчлөгч нарт оногдох хэсгээр Б.Цгийн төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж байгаа нь илтэд хууль зөрчсөн төдийгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа тул Л.Б, Л.Б, С.Э бид гомдолтой байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Л.Б, Л.Б, С.Э бидэнд шинжээчийн тогтоосон үнэлгээ, дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг танилцуулаагүй мөртлөө эдгээр хүмүүст оногдох хэсгээр бусдын төлбөрийг барагдуулах ажиллагааг зохион байгуулсан нь илтэд хууль зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч тухайн орон сууцнаас зөвхөн төлбөр төлөгч Л.Ыт оногдох хэсгээр төлбөрийг барагдуулах ажиллагааг зохион байгуулах байтал энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Мөн шүүх анхнаасаа нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Л.Ы нарын харилцан тохиролцож байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх баталгаажуулахдаа уг “Эвлэрлийн гэрээ” нь хуульд заасан бусад этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг нягтлан шалгаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд нь хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд Л.Б, Л.Б, С.Э, Л.Октбярь бидний өмчлөлд бүртгэлтэй Б 00-р дугаар хороо, 13-р Яссолоя, 00-р байрны 000 тоот хаягт байрлах 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 107,828,120 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын өдрийн 8/2 дугаар анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Б Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/02187 дугаар захирамжаар Л.Октябриас 62,500,000 төгрөгийг гаргуулж Б.Цд олгохоор хэрэв төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 250785 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж төлбөр төлөгч Л.Ыт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгдөөгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.Э, Л.Б, Л.Б, Л.Ы нарын өмчлөлийн Б 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр 000 тоот 26 м.кв 2 өрөө орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20260785/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 20260785/10 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг төлбөр авагч болон С.Э, Л.Б, Л.Б, Л.Ы нарт мэдэгдэхэд хариу ирүүлээгүй. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7/125 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө-Эстимэйнт ХХКомпанийг томилоход 107,828,120 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4-163/12674, 4-163/12675, 4-163/12676, 4-163/12677 дүгээр албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/2 тоот Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Ы, С.Э, Л.Б, Л.Б нарын өмчлөлийн Б 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 000 тоотод орших орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Х ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 01/19 тоот үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ыт олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бын давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч бусад нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хураагдаж, битүүмжлэгдсэн хөрөнгө нь Л.Ы, С.Э, Л.Б, Л.Б нарын 4 иргэний дундын өмчлөлд бүртгэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн улмаас Л.Б бусад өмчлөгч нарын эд хөрөнгөтэй холбоотой хууль ёсны эрх ашиг сонирхол нь сэргэхээргүй байна. Учир нь, Б иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/02187 дугаар захирамжаар Б.Цд 62,500,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авах буюу уг орон сууцны үнэлгээг гаргуулан дуудлага худалдаанд оруулахдаа үнэлгээний 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдаанд оруулахдаа үнэлгээний 50 хувиар оруулсан явдал нь бусад өмчлөгч нарын эрхийг шууд зөрчсөн байхад энэ талаар анхан шатны шүүх огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Нэхэмжлэгч нарын хувьд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хүсэлт шийдвэрлэхдээ удааширсантай холбогдуулан хоёр дахь дуудлага худалдаа зарлагдсан бөгөөд энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байдаг. Шүүхээс анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон ч гэсэн хоёр дахь дуудлага худалдааг зарласан тогтоол хүчин төгөлдөр үлдэж байгаа гэж үзэхээр байгаа ба хоёр дахь дуудлага худалдаа явуулсан тогтоол, түүнтэй холбоотой материалыг авсны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцэхээр байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч Л.Ы, С.Э, Л.Б, Л.Б нар нь хариуцагч Нт холбогдуулан Б 18 дугаар хороо 13 хороолол 00-р байрны 000 тоот хаягт байрлах 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 107,828,120 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/2 дугаар анхны албадан худалдааг зохион байгуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ. /хх.1-2, 84/
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцны бусад өмчлөгч Л.Б, Л.Б, С.Э нарын зөвшөөрөлгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа хийж байгаа нь хууль зөрчсөн” гэж тайлбарласан байна.
5. Б Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/02187 дугаар хүчин төгөлдөр захирамжаар нэхэмжлэгч Б.Цгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Ыт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 62,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Л.Ы төлөхийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Цд төлж барагдуулахаар, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Ы, С.Э, Л.Б, Л.Б нарын өмчлөлийн Б 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр, 000 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх.16-18/
Дээрх захирамжийн дагуу тохиролцсон хугацаанд Л.Ы төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20260785/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Б 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр 000 тоот 26 м.кв 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 20260785/10 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан үйл баримт тогтоогдсон байна. /хх.15-16, 49, 54-56/
6. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр 000 тоот 26 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Э, Л.Б, Л.Б, Л.Ы нар бүртгэгджээ. /хх.10/
7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүрэг гүйцэтгэгч Л.Ыт, өмчлөгч С.Э, Л.Б, Л.Б нарт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4-163/12303, 4-163/12301, 4-163/12304, 4-163/12302 дугаар мэдэгдэх хуудсаар Б 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр 000 тоот 26 м.кв 2 өрөө орон сууцанд үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нар тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор санал гаргасан байх тул Н 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7/125 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгө Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилсон, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийг 107,828,120 төгрөгөөр үнэлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /хх.100-125/
8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4-163/12674, 4-163/13108 тоот албан бичгээр хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Л.Ы, өмчлөгч Л.Б нарт хүргүүлсэн талаарх баримт нь шуудангийн дардсаар нотлогдсон болно. /хх.72-73/
Иймд нэхэмжлэгч нараас үнийн санал авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
9. Анхан шатны шүүхийн хариуцагч Н анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг зохих журмын дагуу нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 4-163/13107 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар төлбөр төлөгч Л.Ыт мэдэгдсэн байх боловч өмчлөгч С.Э, Л.Б, Л.Б нарт анхны албадан дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иймд анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/2 тоот “Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээс анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон ч хоёр дахь албадан дуудлага худалдааг зарласан тогтоол хүчин төгөлдөр үлдэж байна” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/04326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ц.ИЧИНХОРЛОО