Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/964

 

                                                                               М.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Батбаяр,

            хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Н,

            шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Оросоо, Ч.Эрдэнэбат, Ц.Цэлмэг,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Батсайхан, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Оросоо, Ч.Эрдэнэбат,  Ц.Цэлмэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Э-д холбогдох 1802001120191 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн М-ны Э, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ..................... Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Т т цахилгаан станц төслийн захирлаар тус тус ажиллаж байсан, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт ...................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Нийтийн албан тушаалтан буюу ................, Т т нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Т Т-н цахилгаан станц төслийн захирлаар тус тус ажиллаж байсан М.Э нь:

Т Т-н цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл “Т Т-н цахилгаан” станц төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М-ны Ч, түүний хүү О.А нарын 2006 оны 3 дугаар  сарын 30-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн 901105... дугаарт бүртгэгдсэн “Е ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, О.А-ны 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж ирсэн, арлын .......... дугаартай, .... УБҮ улсын дугаартай, “Тоёота Лексус 570” загварын тээврийн хэрэгслийг 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Т Т-н цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч, Эрчим хүчний яаманд /улсад/ 130.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

...................... гишүүн, Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Т Т-н ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 1/.. дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Э-н нэр дээр “Т т” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Ш Э, Э Р болон С  корпораци”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд ажиллахдаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.С-н 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №135 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар “Т Т-н ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон  ажиллах хугацаандаа “Э Т Т” ХК-ийн нийт хувьцааны 82.89% нь төрийн мэдэлд, 17.05% нь иргэдийн нэр дээр, 0.06% нь Монгол Улсын 533 аж ахуйн нэр дээр тус тус бүртгэлтэй байтал гэрээний төсөлд “Э Т т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах талаар зүйл, заалт тусгагдаагүй нь Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн тухайн компанид хувьцаа эзэмших, өмчлөх Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үр дагаварт хүргэх;

- Т Т-н нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалт болох Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Т Т-н уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгон гадаадын хөрөнгө оруулалттай, компанийн охин компанид шилжүүлэх нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон 2015 оны 04/03 дугаар зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг тус тус зөрчиж, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд шууд сөрөг нөлөө үзүүлэх үр дагаварт хүргэх;

- Хөрөнгө оруулалтын гэрээнд:

- 2.5 b-д “Э Р ХХК нь борлуулах бүтээгдэхүүний тоо, хэмжээ, худалдах үнийг өөрөө тогтоож байгаа, мөн “Э Р” ХХК-ийг өөр хуулийн этгээдээр солих, эрх үүргийг шилжүүлэх эрхтэй”,

- 2.1 с болон 2.1 d-д “Э Р” ХХК нь уулын ажлын төлөвлөгөө, уурхайн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын нөхцөл, уурхайн үйл ажиллагааны хүрээг тодорхойлохоор хайгуулын төлөвлөгөө, тайланг бие даан гүйцэтгэхээр төслийн бусад үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг гаргаж, шаардлагатай бүх арга хэмжээг авах бүрэн эрхтэй,

- “Э Р” ХХК нь Техник эдийн засгийн үзүүлэлт болон уулын ажлын нарийвчилсан төлөвлөгөө бүтээн байгуулалт, холбогдох хөрөнгө оруулалтын нөхцөлийг өөрсдөө тогтоох, уурхайгаас олборлож, боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох, худалдах зэрэг маркетингийн бүх ажиллагааг бие даан зохион байгуулах,

- Цанхийн талбайгаас олборлох, боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ, тэдгээрийг нийлүүлэх зах зээлийн сонголт, борлуулалтын хэмжээ, үнэ зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй байх гэж тодорхойлсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг ноцтой зөрчиж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажсан нийтийн өмчийн, өмчлөлийн зүйлд нийтийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахад төрийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг үнэгүйдүүлсэн шинжийг агуулсан;

- Ажиллагсдыг төслийн компанид шилжүүлэхийн зэрэгцээ хамгийн таатай нөхцөлөөр гадаадын иргэд ажиллах зөвшөөрлийг Засгийн газар олгохоор байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрэх, гэрээний нэг талд хэт давуу, нэн таатай нөхцөлийг олгож, үндэсний ажиллах хүчний хөдөлмөрлөх журамт үүргийг хэрэгжүүлэх боломжийг багасган, хийсэн ажил хөдөлмөртөө тохирсон цалин хөлс, орлого олох эрхийг зөрчсөн шинжүүд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хэм хэмжээ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 4.1.8 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчиж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 1/.. дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Э-н нэр дээр “Т т” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж хорлон сүйтгэхийг завдсан гэмт хэргийг Ц.Э-н дэмжлэгтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ш овгийн М-ны Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, прокуророос шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Э-г нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Э-д оногдуулсан эрх хасах ялын хугацааг энэ тогтоолоор оногдуулсан хугацаатай хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан 4 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Э-н цагдан хоригдсон 15 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Э-с 55.000.000 төгрөгийг гаргуулан Эрчим хүчний яаманд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 14.809.900 төгрөгийг шүүгдэгч М.Э-с гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч М.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авсан.

 Тус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, энэхүү буцаасан үйлдэл болон автомашин авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдууллаа.

Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ гаргаж байна.

Юуны өмнө хэргийн бодит байдлыг тодорхойлохын тулд “Мега төсөл” хэмээх тусгай мэдлэг шаардсан, эдийн засгийн шинжлэх ухаанд “Behavioral Economic” хэмээх “Зан төлөв, сэтгэл зүй, хүмүүсийн араншин”-тай холбоотой гэсэн утгатай салбар ухааны онцлогийг хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мега төсөл гэдэг нь том, 1 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө оруулалттай төслийг хэлдэг. Зөвхөн том гэдэг утгаасаа илүүтэй төвөгшил ихтэй, олны анхааралд өртдөг тул улстөржилт, хардлага сэрдлэг дагуулдаг, үнэн худал маргаанд өртөмтгий байдаг.

Монголчууд бидний хувьд шинэ ойлголт бөгөөд буруу, зөв яриа нь зүй тогтолт туулж гарах хөгжлийн нэгээхэн үе юм. Мега төсөл нь олон оролцогчтой, олон сонирхлыг уулзалдуулах хэрэгцээтэй болдог. Олон сонирхлыг нэгтгэх арга нь зөвхөн тухайн орны хууль тогтоомж, Олон улсын гэрээ конвенц, Олон улсын хэвшсэн стандарт, дүрэм, журмуудыг мөрдүүлэх явдал байдаг.

Мега төсөл нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд дэлхийн ямар ч хөрөнгө оруулагч түүнийг зөвхөн өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж чаддаггүй, эрсдэлийг хуваарилахын тулд “төслийн санхүүжилт” буюу Олон улсын банкуудаас хөрөнгө босгох шаардлагатай болдог.

Т Т  төслийн хувьд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 1.5 тэрбум өөрийн хөрөнгө, 2.5 тэрбум ам.долларыг төслийн санхүүжилт гэж тооцсон. “Төслийн санхүүжилт” гэдэг нь Олон улсын банкууд хөрөнгө оруулагчдын эд хөрөнгийг барьцаалах бус, төслийн бэлтгэсэн баримт бичигт итгэж, хөрөнгө гаргаж зээл олгох асуудал юм.

Иймээс мега төслийн гэрээний төсөл нь тухайн улсын болон Олон улсын хууль тогтоомжид нийцэж байх нь онцгой асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, мега төслийн бүх оролцогчид гадаад, дотоод гэлтгүй бүгд хэн нэгнээс “давуу байдлыг бий болгох”-ыг эрэлхийлдэггүй. Хэрвээ тийм зүйл тохиолдвол банкууд санхүүжилт гаргахгүй, аль эсвэл банк болон хөрөнгө оруулагч нар гаргасан хөрөнгийн хэмжээгээр “шатах” эрсдэлтэй гэдгээ мэддэг.

“Мега төсөл” их хэмжээний хөрөнгө оруулалтыг эхэлж гаргаад түүнийгээ олон жилийн дараа нөхөж авдаг. Т Т  төслийн хувьд хөрөнгө оруулагчаар оруулсан хөрөнгө оруулалтаа гэрээний төслөөр тогтоосон 30 жилийн эхний 12 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцсон байлаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч олон жилийн том эрсдэлтэй хөрөнгө оруулалтад хэн нэгний албан тушаалд найдахгүй бөгөөд “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Бусдад давуу байдал бий болгох”-ыг огт эрэлхийлдэггүй.

Мега төсөл нь хэзээ ч нэг хүний бүтээл байдаггүй. Т Т  төслийн гэрээний төслийг бэлтгэсэн дэд ажлын хэсэг нь хөрөнгө оруулагч нартай 30 гаруй уулзалт хийж, 300 гаруй асуудлаар хэлэлцэж тогтоосон юм. Төсөл бэлтгэхэд миний бие ажлын хэсгийн ахлагчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан шиг “Дур мэдэн, хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэсэн” гэх нэгээхэн ч тохиолдол байхгүй, угаас боломжгүй.

Мега төсөл улстөржилт, хардлага сэрдлэг дагуулдаг, төслийг зөв, буруу, ашигтай, ашиггүй гэдэг маргаан, уур амьсгалаар “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, “Бусдад давуу байдал бий болгосон” гэж дүгнэж болохгүй. Эрх зүйн талаасаа ч гэмт хэрэг үйлдэх зорилго, сэдэлт, шалтгаан нөхцөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт байхгүй юм.

Мега төсөл монголчуудын хувьд шинэлэг, Олон улсын эрх зүйд нэгэнт хэвшсэн ойлголтыг хэрхэн улстөр болгон буруу ярьдгийг 2 жишээгээр ойлгож болно.

Т т-н хувьд гадаадын ажиллах хүч, түүний дотор Хятад улсаас ажиллах хүч оруулж, тэдэнд нэн тааламжтай нөхцөл өгөх гэж байсан гэж улстөржүүлдэг. Англи хэл дээрх “The most favorеd” гэдэг үг нь “нэн тааламжтай” гэж орчуулагдах боловч энэ нь монгол ажилчдад Монгол Улсын хууль тогтоомжоор ямар эрх хэмжээ тогтоосон байна, тийм эрх хэмжээг эдлүүлнэ гэсэн үг. Тухайлбал, ажлын 5 өдөр хөдөлмөрлөх бол тэдэнд мөн адил эрх эдлүүлнэ, түүнээс илүү эрх эдлүүлэхгүй гэсэн эрх зүйн томъёолол юм.

Англи хэл дээрх “Waive sovereign immune” гэсэн ойлголт бий. Нэр томьёо нь Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийг дагаж мөрдөнө гэсэн хуулийн ойлголт юм. Мега төсөл дээр Арбитрын шүүхийг гуравдагч этгээдээр хөндлөнгөөс авах нь элбэг. Арбитрын шүүхэд Монгол Улс нь оролцогч байна гэсэн хуулийн ойлголт юм. Үүнийг тусгаар тогтнол, эрх мэдлээсээ татгалзлаа гэж хоосон улстөржүүлсэн байдаг.

Т т төсөл дээр том хөрөнгө оруулагч татаж, мега төсөл болгох талаар Монголын төр засаг 2008 оноос оролдож, 2011 онд Олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Уг тендерийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх гэж Улсын Их Хурал, Засгийн газар 2008, 2010, 2011 онд хэд хэдэн тогтоол шийдвэр гаргасан байдаг.

Эхний оролдлого нь бүтэлгүй болсон бөгөөд түүнээс хойш 3 жилийн тендерийн нөхцөл, үзэл баримтлалаа өөрчилж, засварлан 2014 онд Улсын Их Хурлын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоол гаргаж, дахин Олон улсын уралдаант шалгаруулалтыг А-н Засгийн газар зарласан юм.

Надад ял халдааж байгаа 2015 оны оролдлогын эрх зүйн үндэс нь 2014 оны Улсын Их Хурлын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоол бөгөөд тэр нь Т т-н асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газрын гаргасан он, сар, өдрийн хувьд хамгийн сүүлийн шийдвэр байлаа. Энэхүү шийдвэрийг биелүүлэх гэж ажил хийснийхээ төлөө яллуулж байгаа нь яав ч шударга биш юм. Намайг буруутгахдаа бүтэлгүй болсон 2011 оны оролдлогын эрх зүйн үндэс болж байсан шийдвэрүүдийг үндэслэж, цаг, орон зай, бодит нөхцөлүүдийг хольж, хутгах явдал байдаг.

Сүүлийн шийдвэр болох 2014 оны Улсын Их Хурлын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоолд миний гэм буруу байхгүй, тогтоол шийдвэрийг биелүүлэхийн төлөө ажилласан.

Прокурор болон анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой Мега төслийн талаар ойлголтгүй, анхан шатны шүүхийн тогтоол нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенц, пактыг зөрчсөн учир гомдол гаргаж байна.

Нэг: Анхан шатны шүүх буруу хууль, хуулийн заалтыг буруу хэрэглэсэн:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байдаг.

Миний хувьд автомашин худалдан авах үйлдлийг 2013 онд, Т Т-н   гэрээний төсөл бэлтгэх үйлдлийг 2015 онд, эдгээрийг гэмт хэрэг гэж үзэх, тэр үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх байсан. Прокурор дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх таслан зогсоож, засахын оронд 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэснийг зөвтгөх тайлбар хийжээ. Тэдгээр нь худал, үндэслэлгүй, мөн хууль зөрчсөн, дур зоргын явдал болсон байна. Тухайлбал, анхан шатны шүүх “шүүхээс зөв тайлбарлан хэрэглэхдээ”, “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэх мэт тайлбар нь хэргийн бодит байдалд үл нийцэх, хууль бус үйлдэл юм. /шийтгэх тогтоолын 41-42 дугаар хуудас/

Шүүх “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэдэгт ялын төрөл нэмэгдсэн, хэмжээ хөнгөрсөн, хариуцлага эсхүл шийтгэлээс чөлөөлөх шинэ нөхцөлүүдийг нэмсэн, хөөн хэлэлцэх хугацааг багасгасан зэрэг байдлаар илэрдэг юм гэжээ. /шийтгэх тогтоолын 41 дүгээр хуудас/

Дээрх нөхцөлүүд хангагдаагүй байхад шүүгдэгчийн “Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэдэг нь үнэнд нийцэхгүй. 2017 оны Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийг дурдвал “Ялын төрөл нэмэгдээгүй, нийтийн албанд томилогдох хугацаанаас хасах ял 2 жил хүртэл байсныг 5 жил хүртэл өсгөсөн, торгох ялын хэмжээг 4.000-14.000 нэгж байсныг 5.000-27.000 нэгж болгож нэмэгдүүлсэн, зорчих эрхийг хасах ялыг 1 сараас 3 жил байсныг 1 жилээс 5 жил болгож нэмсэн, хорих ялыг 1 сараас 3 жил хүртэл байсныг 1 жилээс 5 жил болгон өсгөжээ.

Өөрөөр хэлбэл, 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэжээ.

Анхан шатны шүүх яаж ч тайлбарласан бай, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хоёрдмол утгагүй заасан байна.

Хоёр. Нэг үйлдэлд хоёр ял төлөвлөсөн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн “Шударга ёсны зарчим” гэсний 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэжээ. Энэ заалт мөрдөгч, прокурор надад хэрэг үүсгэж Т Т-н  гэрээний төсөл бэлтгэсэн үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлд “Хорлон сүйтгэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж”, “бусдад давуу байдал бий болгосон” гэсэн 2 зүйлээр ялласан.

Гурав. Анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тухайд:

Хэргийн бодит байдлыг тодруулахын тулд улстөржсөн мэтгэлцээнээс дараахь 3 ойлголтыг анхаарч үзмээр байна.

1. “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж юу вэ?

2. “Бусдад давуу байдал бий болгох” гэж юу вэ?

3. “Их хэмжээний хохирол”-ыг яаж тооцох, нотлох вэ?

Анхан шатны шүүх хуралдаан дээр албан тушаалаа яаж урвуулан ашигласан, хэрхэн бусдад давуу байдал бий болгосон тухай нэг ч баримт, нотолгоо, энэ байдлыг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн эсэх талаар яригдаагүй. Зөвхөн төсөл зөв, буруу, ашигтай, ашиггүй гэх хувь хүн бүрийн мэдлэг боловсролын түвшинээс хамаарсан мэтгэлцээнээс анхан шатны шүүх “Шүүгдэгч Э” “дур мэдэн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган “Ш Э, Э Р болон С  корпораци”-ийн түншлэлтэй гэрээний төсөл боловсруулан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ” гэсэн /шийтгэх тогтоолын 39 дүгээр хуудас/ дүгнэлт хийсэнтэй санал нийлэхгүй.

Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл бэлдэхийн тулд Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар нь миний бие, Уул Уурхайн сайд, Сангийн сайд, зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Дэд ажлын хэсэгт бүх яам, газруудаас 15 хүн оролцсон.

Миний зүгээс дур мэдэн “дангаар шийдсэн” нэг ч үйлдэл байхгүй, энэ талаар хэн ч яриагүй, анхан шатны шүүх “Бусдад давуу байдал бий болгосон” гэдгийг тогтоогоогүй, нотлоогүй улстөржсөн дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхийн тогтоолд нэр дурдсан гэрч, шинжээчид Я.Б, Д.Г, П.Б, Л.Э, С.Э, А.Б, А.Г, К.Х, Б.У, Д.С, Х.Ж, С.Т нарын мэдүүлэгт намайг “дур мэдэн, хамтын зарчмаар шийдвэрлэж” байсан тухай асуудал хөндөөгүй юм.

“Бусдад давуу байдал бий болгосон”

Нөгөөтэйгүүр “Бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэж буруутгаж байгаа бол нөгөө талд нь эдийн засгийн давуу бус байдал бий болох ёстой бөгөөд тэр нь эдийн засгийн бодитой хохирол үүсгэх учиртай болж таарна. Энэ талаарх хэргийн байдлыг тодруулаагүй, баримт болон нотолгоо гаргаагүй. Тэр ч байтугай прокурор, анхан шатны шүүх энэ хэргээр хохирогч байхгүй хэмээн өөрсдөө гаргасан дүгнэлт, шийдвэртэйгээ бүрэн зөрчилдөж байна.

Дээрхээс товчхондоо, анхан шатны шүүх нь төсөл тойрсон улс төр, эдийн засгийн маргаанаас хууль зүйн үр дагавартай гэмт хэргийн гэж болох “Албан тушаалаа урвуулан ашиглах”, “Бусдад давуу байдал бий болгох” гэдгийг ялгаж салгаж чадсангүй.

Дөрөв. Онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тухай:

Т Т  цахилгаан станц төслийн нэгжид өнөөдрийг хүртэл явж байгаа автомашиныг 2013 оны зах зээлийн үнэлгээг Авлигатай тэмцэх газар гаргуулахдаа ...Тооцооллын энэ алдааг хэргийн мөрдөн шалгах явцад засуулах, өмгөөлөгч байлцуулан дахин мэдүүлэг авах хүсэлт удаа дараа тавьсан боловч прокурор, Авлигатай тэмцэх газар миний болон өмгөөлөгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.

Анхан шатны шүүх тогтоолдоо “Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Лексус 570” загварын автомашины зах зээлийн үнэлгээг тухайн үед 115.000.000 төгрөгөөс 125.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар нотлох баримт гаргаж өгснийг хууль ёсны гэж зөвшөөрсөн атлаа “шүүхээс үнэлэх боломжгүйгээс” /шийтгэх тогтоолын 40 дүгээр хуудас/ авч үзээгүй.

Анхан шатны шүүх энэ асуудлаар “Их хэмжээний хохирол” учруулсан гэмт хэрэг хийсэн гэж буруутгахдаа зөвхөн Авлигатай тэмцэх газрын томилсон шинжээчийн алдаатай тооцоолол бүхий үнэлгээний дүгнэлтийг нотлох баримт болгосонтой санал нийлэхгүй, өөр нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо дурдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэсэн заалтыг ямар ч хоёрдмол утгагүй зөрчсөн нь тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Тав. Шүүх эрх зүйн чадамжгүй баримтыг хэрэглэсэн тухай:

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, миний ахалж байсан Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээний үр дүн болсон гэрээний төслүүдийг Засгийн газарт өргөн барьсан бөгөөд Ерөнхий сайд С түүнийг Улсын Их Хурлын даргын нэр дээр “Т Т-н  ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ-1/.. тоотоор өргөн барьсан билээ.

Улсын Их хурал нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн дээд байгууллага бөгөөд өөрөө олон намын өрсөлдөөнөөр байгуулагддаг, тийм ч учраас Улсын Их хурал дээр хэлсэн үнэн, худал үгийнх нь төлөө гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар зохицуулалттай. Ажлын хэсэг бол Улсын Их хурлыг төлөөлөхгүй, Улсын Их хурлаас гаргах тогтоол, шийдвэрийг гаргахад Улсын Их хурал дахь улс төрийн нам, төлөөлөл, гишүүдэд хэлэлцүүлгийн сэдэв бэлтгэх үүрэгтэй.

Улсын Их хурлын Ажлын хэсгийн дүгнэлт зөвхөн Улсын Их хурлын дотоод ажлын баримт бичиг болохоос нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг биш. Нэр бүхий 10 гишүүдийн Ажлын хэсгийн дүгнэлт нь хөрөнгө оруулалт босгох Засгийн Газрын хүчин чармайлтыг улс төржүүлэн бүхэлд нь буруутгасан, нягталбал зохих, эргэлзээтэй дүгнэлтүүдтэй, үг хэллэгтэй, товчхондоо улс төрийн тунхаглалын шинжтэй юм.

Тус дүгнэлтийг боловсруулахад нэр бүхий 10 гишүүн оролцоогүй, гарын үсгээ зурсан гэдгийг гэрч Л.Э мэдүүлэгтээ өгсөн нь хавтас хэрэгт байгаа.

Зургаа. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо хууль зөрчсөн тухай:

1. Анхан шатны шүүх автомашин худалдан авсныг гэмт хэрэг гэж тооцохдоо “Үйлдэл нь 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байна. Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэжээ. Прокурор 6 гаруй жилийн дараа энэ хэргээр яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт шинээр тоолно” гэсэн байдаг. Энэ заалтад “Санаатай дахин үйлдвэл” гэдэг нь Т Т-н  гэрээний төсөл бэлтгэсэн хэрэгт хамаарч байгаа бөгөөд энэ миний “санаа” биш, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэр байсан. Миний ахалж байсан ажлын хэсэг Улсын Их хурлын 2013 оны 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын хүрээнд ажилласан бөгөөд энэ нь миний “Санаатай” үйлдэл биш учир 2013 оны хэргийг гэмт хэрэг гэж үздэг юмаа гэхэд хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолсон нь шударга ёсны зарчимд харш юм.

2. Анхан шатны шүүх Т Т-н  гэрээний төсөл бэлтгэсэн үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохдоо “үйлдлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэжээ.

Прокурорын яллах дүгнэлтээс харвал Ерөнхий сайд гэрээний төслийг Улсын Их хуралд өргөн барьсан нь “гэмт хэрэг үйлдэгдэж дууссан” хугацаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тоолох ёстой байв. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дууссан.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд оруулан тооцно” гэдэг заалтыг үндэслэн Улсын Их хурлын Ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “дүгнэлт гарснаар таслан зогсоогдсон, төгссөн” гэж үзсэн.

Улсын Их хурлын Ажлын хэсгийн дүгнэлт нь Улсын Их хурлын Байнгын хороод, Улсын Их хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоомж, шийдвэр болоогүй, улс төрийн баримт бичгийг шүүхийн практикт хэрэглэснийг буруу гэж үзэж байна.

Долоо. Анхан шатны шүүхийн тогтоол Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенци, пактыг зөрчиж байгаа тухай:

1. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ял хэрэглэнэ” гэж байгаа.

Надад халдааж байгаа гэмт хэргүүдийн хувьд 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж байгаа нь хууль бус бөгөөд уг хуулиар ижил хэрэгт оногдуулах ял чангарсан, тухайлбал нийтийн албан тушаалд ажиллах эрхийг хасах ялын дээд хугацаа 2 жилээс 5 жил, хорих ялын дээд хугацаа 3 жилээс 5 жил болтол өсч, шүүхийн ”Дур зоргын хязгаар”-ыг нэмсэн байх бөгөөд надад прокурор эрх хасах, хорихоор 5 жилийн ял өгч, анхан шатны шүүх эрх хасахыг 4 жилээр, мөн 4 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь дээрх пактын заалтыг зөрчсөн байна.

            2. 2013 онд үйлдсэн гэх автомашины хэрэг дээр алдаатай тооцоолол хийсэн шинжээч, гэрчийг миний өмгөөлөгч оролцуулан дахин байцаах хүсэлтийг прокурор хийгээгүй, анхан шатны шүүх зөвхөн нэг талын нотлох баримтыг буруутгах үндэслэл болгосон нь мөн дээрх Пактын 14 дүгээр зүйлийн 3-ын “е”-д заасан “Өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах” гэсэн заалтад нийцээгүй, наад захын баталгааг хангаагүй үйлдэл болсон.

            3. Т Т-н  төслийг зөв, буруу, ашигтай, ашиггүй гэх “тусгай мэдлэг” шаардсан, илт улс төржсөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн “дур мэдэн”, “дангаар шийдвэрлэсэн”, “Бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэж нэг ч үйлдэлгүй, нотлох баримт, хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр анхан шатны шүүх буруутган ялласан нь Авилгын эсрэг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйлд “давуу тал олгох зорилгоор”, “албан тушаалаа урвуулан ашиглах”, “үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай”, “асуудлыг авч үзнэ" гэсэн заалттай нийцээгүй. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 10 дугаар зүйлийн “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Найм. Бусад:

1. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Халиун нь яллагдагчийг гэм буруугүй гэж үзсэнийг тэмдэглэж байна.

            2. Намайг хууль бусаар баривчлан саатуулсныг Олон Улсын хүний эрхийн “Эмнэсти Интернэшнл” байгууллага монгол, англи хэл дээр мэдэгдэл гаргасныг тэмдэглэж байна.

Дээрх эсэргүүцлээрээ анхан шатны шүүхийн шийдвэр нь:

  1. Буруу хууль хэрэглэсэн;
  2. Хуулийг буруу хэрэглэсэн;
  3. Нотлох баримтыг эн тэнцүү авч үзээгүй, үгүйсгэсэн үндэслэл заагаагүй;
  4. Буруутай гэж үзсэн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй;
  5. Шүүх эрх зүйн бус, улс төрийн баримтыг яллахдаа үндэслэл болгосон;
  6. Хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан;
  7. Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенци, Пактыг зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ... Би энд сууж байхад болсон нэг зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг би 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авсан. Би тухайн өдөр 65 нас хүрч байсан бөгөөд төрд 30 гаран жил зүтгэчихээд насныхаа ой дээр шийтгэх тогтоол хүлээн авахад хүнд байлаа. Үүнээс болж би шоконд орж, цагдан хорихын эмнэлэгт хүргэгдсэн. ... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд шударга ёсны шийдвэр гарна гэдэгт итгэж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Д.Оросоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

 

             1.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... бусдад давуу байдал бий болгосон бол” гэмт хэрэгт тооцохоор заасан.

Прокурорын зүгээс Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/.. тоот албан бичгээр Улсын Их хурлын дарга З.Э-н нэр дээр “Т Т-н ” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн гэж ялласан.

Гэтэл Засгийн Газрын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/23 тоот албан бичгийг М.Э биш, Ерөнхий сайд Ч.С гарын үсэг зурж Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн байдаг. Бодит байдал дээр иргэн М.Э нь Засгийн Газрын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн нэрээр Улсын Их хуралд ямар нэгэн баримт бичиг, Улсын Их хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлээгүй бөгөөд тийм эрх хэмжээ, эрх мэдэл байхгүй юм. Хэрвээ уг Засгийн Газрын албан тоотоор Улсын Их хуралд тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн нь гэмт хэрэг гэж үзвэл М.Э биш, Ерөнхий сайд Ч.С-г уг үйлдэлд холбогдуулан шалгах ёстой байсан болно. Уг тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн асуудлаар Ерөнхий сайд асан Ч.С-с мэдүүлэг авах, тайлбар авах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Иймд Улсын Их хуралд тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд асан Ч.С-с уг асуудлаар мэдүүлэг авч, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг тогтоох боломжгүй, уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан юм. Ерөнхий сайд Ч.С-с Улсын Их хурлын дарга З.Э-н нэр дээр 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр явуулсан Засгийн Газрын 1/.. тоот албан бичигт хэрхэн гарын үсэг зурсан, гарын үсэг зурахад ямар нөхцөл байдал бий болсон байсан зэрэг асуудлаар мэдүүлэг авах шаардлагатай байсан болно.

Гэтэл Засгийн Газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг хүлээн авсан, тухайн үеийн Улсын Их хурлын дарга З.Э-с огт мэдүүлэг аваагүй. ... Гэрч З.Э нь уг төслийг дэмжиж байгаа юм уу, дэмжихгүй байгаа юм уу гэдэг талаар албан ёсоор хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлэг огт өгөөгүй. Мөн шийтгэх тогтоолд М.Э-н үйлдсэн сүүлчийн үйлдэл нь Улсын Их хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарснаар таслан зогсоогдсон, төгссөн гэж дүгнэлт хийсэн. Гэтэл уг ажлын хэсгийн гишүүдээс мэдүүлэг аваагүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авах ажлыг огт хийгээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан байдлыг нотолно” гэж заасан. Хуульд заасан энэ нөхцөл байдал нотлогдохгүй, тогтоогдохгүй байгаа болно.

Иймд Ерөнхий сайд Ч.С, Улсын Их хурлын даргаар ажиллаж байсан З.Э, ажлын хэсгийн гишүүдээс гэрчийн мэдүүлэг зайлшгүй авах шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй болно. Уг ажлын хэсгийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа болно.

            1.2. Засгийн Газрын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/.. тоот албан бичгээр Улсын Их хуралд тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн үйлдэлд холбогдуулан буруутгаж байгаа бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил болно. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр дууссан гэж үзэж байна. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон. Уг өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэсэн өөрчлөлт орсон байсан.

            Гэтэл уг заалтыг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно." гэж өөрчилсөн.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. ” гэж заасан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэсний дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолох учиртай. Энэ журмын дагуу тоолох юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Гэтэл 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж заасан.

Энэ зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “шударга ёс, эрх чөлөө, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, хүнийг ... нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно, Монгол Улсад шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно, Улсын Их хурлын гишүүн, төр ... бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй, Монгол Улс Олон Улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн үндсэн зарчим, зүйл, заалтыг зөрчсөн гэж иргэдээс Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргасан байдаг.

Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 69 тоот тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-д “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж заасан. Иймд уг хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Иймд хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

            1.3. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Дахин шинжилгээний дүгнэлт”-ийн шинжээчийн хариултын 3.9-д “Огт хэрэгжээгүй, байгуулагдаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учруулаагүй төслийн баримт бичгийн ирээдүйд олох боломжтой эдийн засгийн үр өгөөжийн тооцоог гаргах нь үндэслэл муутай, нотлох боломжгүй дүгнэлт болохыг урьдчилан дурьдах нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гараагүй, үйлдэгдээгүй гэдэг зүйлийг тодорхойлж байгаа юм.

Мөн дахин шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хуудаст “... Хэрэв Т Т  уурхайгаас жилд 30 сая.тн нүүрс олборлож, боловсруулах, төмөр замын тээврээр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой байсан бол доорхи давуу талууд үүснэ. Үүнд:

-Нүүрсээ боловсруулж, угааж өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргана.

-Төмөр замаар тээвэр хийхэд өртөг зардал буурна.

-Сул чанартай нүүрсний олборлолт хийгдэнэ. (одоогоор олборлохгүй орхиод байгаа)

-Нүүрс олборлолт, борлуулалтын хэмжээ гэрээнд заасан 30 сая.тн нүүрс олборлож, 20.5 сая.тн баяжуулсан нүүрс борлуулах хүчин чадалд хүрч нэмэгдэнэ.

-О-давхаргын нүүрсийг олборлосноор хоосон орон зай үүсэж, энэ орон зайг ашиглан ТЭЗҮ-д төлөвлөсний дагуу дотоод овоолгод хуулсан хөрсийг буулгана, үүний үр дүнд өртөг зардал буурна.

-Нүүрсийг төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, тоосжилтын хэмжээ багасах боломж бүрдэнэ.

-Төмөр замын тээврийг ашигласнаар, нүүрсийг хилийн бүсэд дахин буулгах, ачих зэргээр хаягдал үүсгэх, тоосжилт босох зэрэг сөрөг нөлөө арилна. Улмаар нүүрсний автотээвэр хийж олон жолооч нарыг тав тухгүй, хоол унд муутай орчинд ажиллуулж, амьдруулж байсан нөхцөл болон үүнээс улбаатай гэмт хэрэг, зөрчил гарч байсан эх үүсвэрүүд арилна.

-Т Т-н  уурхайн Цанхийн баруун, зүүн хэсэг болон Ухаа худаг орчмын ордуудыг нийлүүлж олборлох ТЭЗҮ боловсруулж, ашиглалт явуулснаар, нийтдээ ордын өгөөж сайжирна.

-Эрчим хүчний нүүрсний борлуулалтын байдлаас шалтгаалж, Ухаа худаг дахь цахилгаан станцын хүчин чадлыг нэмэх, эсвэл шинээр том хүчин чадлын станц барих төлөвлөлтийн асуудал үүсч, шийдэгдэх боломжтой, энэ нь дотоодын эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна эрчим хүчээ экспортлох боломж юм.

-Нүүрс борлуулалтын үнийн асуудал нэг цонхны бодлогоор шийдэгдэнэ.

-2 болон түүнээс дээш борлуулалтын замтай болсноор нэг улсаас хараат үнийн асуудал багасна. ...” гэжээ.

Хэрвээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдэгдсэн юм бол нийтийн ашиг сонирхолд нийцсэн, эерэг, албаны ашиг сонирхлыг эсрэг биш, давуу байдал үүсгэсэн ийм үр дагавар үүсэхгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр хэрвээ гэрээ хэрэгжсэн бол ийм давуу байдал үүсэх байсан гэж тогтоогдож байгаа нь энэ асуудал бол өөрөө гэмт хэрэг биш гэдгийг харуулж байна.

Энэ нь иргэн М.Э нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар бусдад давуу байдал бий болгосон биш, төслийн хүрээнд тавьж байсан асуудал нь олон давуу талтай байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа болно.

            1.4. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол ...” гэмт хэрэг гэж тооцохоор заасан.

...Энэ хэрэг дээр “албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” үйлдэл, нөхцөл байдал бий болоогүй, үр дагавар үүсээгүй юм. Хуулийн шаардлага бол “үйлдэл төгссөн”, “бусдад давуу байдал” бий болгосон байхыг шаардана. Гэтэл хуулийн гол шаардлага болсон “бусдад давуу байдал бий болгосон” нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

             1.5. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх агуулгатай.

....         1.6. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Б, тухайн үед Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Ж-с гэрчийн мэдүүлэг авахуулах, биеэр оролцож асуулт асуух хүсэлтээ бичгээр гаргасан боловч гэрчээс мэдүүлэг аваагүй.

            1.7. Прокурорын яллах дүгнэлтээр ял тулгаж, үйлдлийн “үйл явдлын цаг хугацаа” бол “Автомашин”-ы хувьд 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, “Т Т-н  төсөл”-ийн хувьд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байдаг. Тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. Гэтэл прокурор тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхгүй, харин 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх энэ үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой гэж үзэж байна. ...

Яагаад гэвэл 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг бол хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. 2002 оны Эрүүгийн хуулийн уг зүйл бол материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирол учирсан байхыг шаарддаг. 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь “Т Т-н  гэрээ”-ний төсөлтэй холбоотой асуудал дээр манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа болно.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан.

            1.8. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр “... хариулт 8-ын хувьд: Төмөр замд оруулах хөрөнгө оруулалтыг нөхөх тооцооны хувьд 21 жилээр тооцоог хийсэн байна, ... тооцооны дагуу хөрөнгө оруулалтаа заасан хугацаанд нөхөх боломжтой, Монгол Улсад эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байна. ...” гэсэн дүгнэлт хийсэн. Иймд манай үйлчлүүлэгчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.

М.Э гэдэг хүн ганцаараа гэрээний төсөл, тогтоолын төсөл боловсруулаагуй, дангаар хийсэн зүйл байхгүй. Улсын Их хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн удаа дараагийн зөвлөмж, тогтоолын дагуу Засгийн газраас Улсын Их хурлын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газраас Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн асуудал юм. Улсын Их хурлын тогтоолын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх ажиллагаа нь Засгийн газарт хуулиар олгогдсон эрх хэмжээ юм. Энэ нь Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажил байдаг.

Улсын Их хурлаас 2008 онд 40 дүгээр тогтоол гаргаж, уг тогтоолоор Т Т  нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон энэ тогтоолын хавсралтад нийцүүлэн боловсруулах, шаардлагатай бол холбогдох хуулийн зохих зүйл, заалтад өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт боловсруулж Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж байсан. Мөн Улсын Их хурлаас 2010 онд 39 тоот тогтоол, 2011 онд 57 тоот тогтоол, 2012 онд 18 тоот, 2014 онд 34 тоот тогтоолыг тус тус гаргаж байсан. Энэ асуудал бол олон жил явж байгаа Улсын Их хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын шийдвэртэй бодлогын асуудал юм.

Ерөнхий сайд Ч.С-с 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслөөс хойш Улсын Их хурал, Засгийн газраас өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжлүүлэн явуулж байгаа төрийн бодлого, үйл ажиллагаа юм. Төрийн бодлого боловсруулахад оролцсон, баримт бичиг боловсруулах ажилд оролцсоны төлөө ял шийтгэл хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй.

Гэрээний төслийн нөхцөлийн хувьд төрийн зүгээс болон ЭТТ-н хувьцаа эзэмшигчид болох төр, Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжүүдийн зүгээс нэг ч төгрөгийн санхүүжилтгүйгээр гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн нүүрсийг баяжуулан нэмүү өртгийг өөрийн улсад шингээж, төрд очих татварын дүнг нэмэхийн зэрэгцээ ашиглахгүй агаартай исэлдүүлэн хаяж байгаа коксжих чанар сул нүүрсийг баяжуулалтад хамруулж баялгийг бүрэн дүүрэн ашиглаж эхлэх, төмөр замын дэд бүтцийг хоёр жилд багтаан байгуулснаар тээврийн өртгийг бууруулж, баяжуулсан нүүрсний экспортын хэмжээг тогтмол 30 сая тоннд хүргэж, улсын гадаад худалдааны орлогыг тогтворжуулах, төр аль ч тохиолдолд өгөөж хүртэж байх, ямар ч нөхцөлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл төрийн өмчлөлд хэвээр байх хатуу нөхцөлтэй гэрээ байгуулах зорилгоор хэлэлцээр хийгдэж байсан. ...

Тухайлбал, Ковид-19 зэрэг иймэрхүү цар тахлын үед олон мянган машины жолооч нар хил гааль, хяналт, хорио цээрийн ажилтныг эрсдэлд оруулахгүйгээр гадаад худалдаагаа үргэлжлүүлж, эдийн засгийн аюулгүй байдалд эерэг үр нөлөө авчрах боломжийг бүрдүүлэх байсан болно. Төмөр зам барьж чадаагүй байгаагийн улмаас эсрэгээрээ Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал хөндөгдөж байгаа болно.

Энэ гэрээний төсөл нь Үндсэн хууль, бусад хуулиар хамгаалагдсан нийтийн өмчийн, өмчлөлийн зүйлд нийтийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахад төрийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг үнэгүйдүүлсэн шинж байхгүй. Учир нь, гэрээ байгуулагдсан бол нүүрсийг түүхийгээр нь биш зөвхөн угааж баяжуулсны үндсэн дээр экспортлох байсан. Ингэснээр байгалийн баялагаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх байсан болно.

Хоёр. Уг үйлдэлд нэг талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэг гэж үзэж яллаж байгаа хэрнээ нөгөө талаас хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Э-н дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хорлон сүйтгэх” гэмт хэрэг гэж яллаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж заасан. Прокурорын яллах дүгнэлтээр бол нэг үйлдэлд хоёр удаа ял оногдуулах болж байна. Энэ бол Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

            2.1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан.

Гурав. Прокурорын яллах дүгнэлтээр дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа болно.

3.1. Шинжээч “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Д.Ганбаатар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дүгнэлт гаргаж, “Лексус 570” загварын, .... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар гаргасан байдаг.

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолд тээврийн хэрэгслийн зах зээлийн ханшийн үнэлгээг 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар гаргуулахаар тогтоосон. Гэтэл шинжээч тогтоолд дурдсан 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар биш, 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар үнэлгээ хийсэн нь буруу юм. Хууль зүйн хувьд ач холбогдолтой цаг хугацаа бол 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр юм. Уг өдөр автомашиныг хэлцлээр шилжүүлсэн өдөр, гэтэл уг өдрөөр биш, санаатайгаар өөр өдрөөр дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтэд “Бидний хийсэн шинжилгээгээр дараах хүчин зүйлс нь хөрөнгийн үнэ цэнийг тогтооход нөлөөлөл өндөртэй гэж гарсан тул бид үнэлгээнд авч үзсэн болно. Марк загвар, үйлдвэрлэсэн он, Монголд орж ирсэн он, км-ийн заалт ...” гэсэн байдаг.

Тухайн .... УБҮ улсын дугаартай, “Лексус 570” загварын машины явсан км заалтыг 120150 гэж тооцсон байна. Тухайн машины явсан км бол үнэлгээнд чухал ач холбогдолтой байдаг. “Лексус 570” загварын машины явсан км заалт нь “км”-ээр биш, “mile”-аар гардаг. Уг автомашины 2013 оны үнэлгээг тооцохдоо өнөөдрийн байдлаар нийт явсан зай болох 120.150  mile-ийг “км” гэж тооцож авсан алдаатай байна. Учир нь, mile-ийг км-т шилжүүлж тооцох ёстой. Ингэж тооцоогүй 120.150 mile-ийг шууд км гэж бодсон нь алдаатай байна. ... 

Бид уг 2010 оны Лексус автомашины үндсэн үзүүлэлтээр “Арвижих-Эстимейт” ХХК-иар 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 2013 оны үнэлгээ нь 115.000.000 сая төгрөг, “Дамно” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 110.300.000 төгрөг байсан нь тодорхой болсон, харин “Арвижих-Эстимейт” ХХК-иар 2019 оны үнэлгээг хийлгэж үзэхэд 80.000.000 сая төгрөг болох нь тогтоогдсон.

Шинжээч өөрөө алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ ойлгосон хэрнээ энэ алдаа бол үнэлгээнд нөлөөлөхгүй өөрийгөө хамгаалсан мэдүүлэг өгсөн. Иймд уг автомашины үнэлгээг бодитойгоор хараат бусаар дахин зайлшгүй хийлгэх шаардлагатай юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Д.Ганбаатарын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь алдаатай юм. Энэ алдаа, зөрүүг шүүх хуралдаанаар залруулах, зөвтгөх, засах боломжгүй юм.

Бид шүүхэд автомашины үнэлгээг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг үнэлгээний тайлан нь нотлох баримтын шаардлага хангаж байхад үнэлэх боломжгүй гэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” зайлшгүй хийх шаардлагатай. Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 491 дүгээр тогтоолд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн ажиллагаа болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаарч болно гэж заасан. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд гаргасан зөрчлийг дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шүүхээс манай үйлчлүүлэгчийг цагаатгах шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц ажиллагаа, эрх зүйн байдлыг дээшлүүлэх ажиллагаа дутуу хийгдсэн болно. Иймд хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж үзэж байна.

3.2. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1841000700297 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар иргэн М.Э-г татсан. Уг тогтоолд “... М.Э нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.” гэж заасны дагуу түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хууль зүйн үндэстэй ...” гэсэн.

... 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд “шүүх эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй бол, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон бол хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд “гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасан. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж, 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар, 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”, 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Шүүх эдгээр хуулийн заалтыг хэрэглээгүй болно.

Дөрөв. Өмгөөлөгч би Авлигатай тэмцэх газарт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 19/54 тоот, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 19/71 тоотоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор 11 асуудлаар хүсэлт гаргасан боловч эдгээр хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй, Нийслэлийн прокурорын газарт болон Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржид өмгөөлөгч би мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж дутуу явагдаж байгаа, өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй хүсэлтийг хүлээж авахгүй байгаа талаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 19/54 тоот, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19/61 тоот, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 19/.. тоот, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19/64 тоот, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19/73 тоотоор гомдол, хүсэлт гаргасан. Уг гомдол, хүсэлтийн хариуд Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 4/2339 тоотоор “таны гомдолд дурдсан асуудлыг шалгаж тогтоох, мөн прокурорын даалгаварт заагдсан нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн...” гэж, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн №4/82 тоотоор “...яллагдагч М.Э-д холбогдох хэрэгт гомдолд дурдсан асуудлуудыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгүүлэхээр хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн болно” гэж мэдэгдсэн.

Гэтэл АТГ-аас өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдолд дурдсан ажиллагааг бүрэн хийхгүйгээр хэргийг прокурорт, улмаар шүүхэд шилжүүлсэн. Иймд би өмнө мөрдөн байцаалт, прокурорт гаргаж байсан, прокурор хүлээн авахаас татгалзаад байгаа асуудлыг шүүхэд хандаж урьдчилсан хэлэлцүүлэг, үндсэн шүүх хуралдаанд дахин гаргаж тавьсан боловч хүлээж аваагүйд гомдолтой байна. Эдгээр хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Манай үйлчлүүлэгч М.Э-г илт гэм буруугүй байхад яллаж байгаа асуудал нь Хүний эрхийн олон улсын хэм хэмжээ, Монгол Улсын нэгдсэн орсон Олон Улсын гэрээ, конвенцийг ноцтой зөрчиж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

           “Тоёота Лексус 570” загварын машинтай холбоотой хэсэг:

           1. Шинжээч машины нийт гүйлтийн хэмжээг “километр” гэх хэмжүүрээр хийсэн байх ба машины гүйлтийн хэмжүүр нь 120.150 mile гэсэн заалтаар илэрхийлэгдсэн байсан. 120.150 mile х 1.6 үржихэд 192.240 км болж, нийт ...090 километрийн зөрүү гарахаар байна. Шинжээч 9 төрлийн тохируулга ашигласан. Үүнд: марк загвар, үйлдвэрлэгдсэн он, Монгол улсад ашиглаж эхэлсэн он, ашиглалтын байдал, түлш, километрийн заалт, өнгө, гадаад үзэмж, хөдөлгүүр, хурдны хайрцаг, нэмэлт тоноглол зэргийг ашигласан. Километр нь явсан тоо хэмжээ харуулдаг ба автомашин цаг хугацаа өнгөрөхөд явсан тоо хэмжээнээс хамаарч элэгдэлд ордог гэж мэдүүлэг өгсөн.

Тиймээс өмгөөлөгч нарын зүгээс майл болон километрийн хоорондох хэмжилтийн зөрүүтэй дүгнэлт нь машины үнэ цэнийг илтэд бууруулсан ба шинжээч нь 2013 онд машин худалдан авахад хэдэн “майл” эсвэл “километр”-ийн заалттай байсныг тогтоож үнэлгээг гаргаагүй, шууд 2019 онд машины хянах самбарт бичигдсэн 120.150 mile гэсэн хэмжүүрийг 2013 онд байсан, явсан хэмжээ гэж төсөөлж машины зах зээлийн үнэлгээг хийсэн нь 2013 оны “Лексус 570” машины зах зээлийн үнэлгээг хэт үнэгүйдүүлсэн, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон. Дээрх шинжээчийн алдааг мөрдөн байцаалтын явцад зөвтгөх үүднээс шинжээч Д.Ганбаатарыг хөтлөх хэлбэрээр 120.150 mile-ийг километр гэсэн хэмжүүр тооцсон нь харьцуулалт хийсэн  “Лексус 570” загварын машины явсан хэмжигдэхүүнүүд нь ижил болохоор үнэлгээнд нөлөөлөхгүй. Энэ нь үнэлгээний үр дүнд материаллаг нөлөө үзүүлэхгүй гэж тайлбарлуулсан. Учир нь, шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт “хэмжигдэхүүн”-ий нэршлийг зөрүүтэй бичсэнээ, майл болон километрүүд нь зай хэмжээсийн хувьд илт зөрүүтэй бөгөөд энэ асуудлаар дүгнэлт дээр алдаа гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн. Өөрийн алдааг шүүхэд “гүйлт” гэх ойлголтоор зөвтгөөд ойлгож болох талаар эргэлзээ бүхий тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн авагдсан байхад анхан шатны шүүх шинжээчийн тооцооллын илэрхий алдаатай, маш эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж М.Э-н эрх зүйн байдлыг дордуулсан. Д.Ганбаатар нь үнийн тохируулгын аргаар 2013 онд дээрх машин 150.000.000 төгрөг ч байх бүрэн боломжтой гэх зэргээр маш эргэлзээтэй тайлбаруудыг өгсөн болохыг зориуд тэмдэглэж байна. ...

Иймд дээрх үйлдлийг шүүхээс Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тооцох талаар хууль зүйн дүгнэлтийг өгөх, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах үндэслэлээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Т Т-н гэрээний төсөлтэй холбоотой хэсэгт:

            1. М.Э-н хэрэгжүүлсэн 2014 оны Т Т  ордын мега төслийн хугацаанд мөрдөж байсан “эрх зүйн үндэс” нь Улсын Их хурлын 34 дүгээр тогтоол, Засгийн Газрын 268 дугаар тогтоол, үүнтэй холбоотойгоор ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмж, шийдвэрүүд байхад прокурорын яллах дүгнэлтэд цаг хугацааны хувьд огт хамааралгүй 2008, 2009,  2010, 2011 оны Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг М.Э зөрчсөн гэж дүгнэж байгаа нь яллах дүгнэлт нотлох баримтад үндэслэгдээгүй. Шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар гаргасан хүсэлт, тайлбарт анхан шатны шүүх бодиттой дүгнэлт өгөөгүй.

            2. ...Ажлын хэсэгт орсон Уул уурхайн болон Сангийн сайд нар болон бусад ажлын хэсгийн гишүүдийн хүсэл зоригийн эсрэг хамтын шийдвэр гаргах нөхцөлийг М.Э нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр хаан боогдуулж “дангаараа” гэрээний төслийг зөвхөн “Ш Э Ресурс болон С  корпораци”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгох байдлаар бэлтгэж дуусгасан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг улсын яллагч ч, анхан шатны шүүх бүрэлдэхүүний зүгээс ч огт өгөөгүй. М.Э-г гэм буруутайд тооцоход хүргэсэн гэрээг шүүгдэгч М.Э ганцаараа хийх боломжтой эсэх, бусад ажлын хэсгийн гишүүдээс нуун дарагдуулсан, тэдгээрийн ажлын хэсэгт орж ажиллах нөхцөл боломжийг ямар үйлдлээр хаан боогдуулсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад түүнийг “дангаараа буюу ганцаараа” гэрээний төслийг бэлтгэж дуусган, өргөн мэдүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон гэм буруугийн зарчмыг зөрчиж байна. Мөн ажлын хэсгийн нийт гишүүд л М.Э-г бусдад давуу байдал үүсгэх гэж хууль бус ажиллагааг хийж байсныг нотлох хэмжээний ач холбогдолтой мэдүүлэг өгөхүйц гэрч нар болохоос дамжмал мэдээлэлтэй, үйл баримтыг хараагүй ч өөрийн байр сууриа илэрхийлсэн гэрч нараар хүнийг гэм буруутай тооцох нь Олон улсын хүний эрхийн талаарх актууд, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх алдааг зөвтгөж өгөхийг хүсье.

            3. М.Э нь Төрийн албаны чиг үүргийг холбогдох хуулийн хүрээнд шууд удирдах албан тушаалтан буюу Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.А, С нараас гаргасан шийдвэр, ҮАБЗ-ийн гишүүдийн зөвлөмжийн хүрээнд “гэрээний төслийг” бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн төрийн улс төрийн албан хаагч байсан. Хэрвээ М.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийг зөрчсөн гэж үзвэл түүнд хууль бус үүрэг даалгавар өгсөн тухайн үеийн Ерөнхий сайд нар, ҮАБЗ-ийн гишүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт “хамтран оролцсон” эсэхийг нотлон тогтоох зайлшгүй шаардлага үүссэн байхад анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь бодитой хянахаас санаатай зайлсхийж, хэт яллах байр сууринаас шийдвэр гаргасанд гомдолтой байна. Энэ үйлдэл нь анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болохыг харуулж байна.

            4. Шинжээч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй “зөвхөн яллах дүгнэлтэд яллах талыг баримталж иш татсан хэсгүүдийг” шууд хуулбарлан шийтгэх тогтоолд дурдаж ашигласан нь М.Э-н эрх зүйн байдлыг илтэд дордуулсан төдийгүй, анхан шатны шүүх цагаатгах болон яллах нотлох баримтыг эн тэнцүү бодитой үнэлээгүй. ...Энэ тохиолдолд шүүх дээрх нөхцөл байдлуудыг тодруулах, нөхөн гүйцээх хууль зүйн боломжгүй тул хэргийг Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд прокурорт буцаах хангалттай үндэслэл байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал илтэд дордсон.

            5. Гэрээний төсөл нь бусдад ямар хэмжээний, хохирол, гэм хор учруулсан бэ гэх асуултад прокурор, анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан их хэмжээний хохирол учирсан талаарх санхүүгийн болон бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол” гэсэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан шинжийг шууд үгүйсгэх хангалттай үндэслэл мөн байхад анхан шатны шүүх М.Э-д гэрээний төслийг боловсруулж дуусган, бусдад давуу байдал үүсгэсэн гэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн алдааг зөвтгөх шаардлагатай. Шийтгэх тогтоолын 37-р талд, Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно” гэж хуульчилсныг анхан шатны шүүх дур зоргын байдлаар тайлбарлахдаа “заавал хохирол, хор уршиг шаардахгүй” гэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй. 

            7. ... Эдийн засгийн давуу байдал гэдэг нь мөнгөн дүнгээр үнэлэгдэх үр ашиг бөгөөд мөрдөн байцаах шатанд давуу байдал олсон гэх “Ш  Энержи, Э Р болон С  корпорац”-ын түншлэл гэх компаниудын эрх бүхий этгээдүүдийг гэрчээр асуугаагүй, тэдгээрийн санхүүгийн байдлыг шалгаж тогтоогүй, гэрээний төслийг боловсруулснаар ямар хэмжээний эдийн засгийн давуу байдалд хүрсэн талаар үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх субьектив дүгнэлт өгсөн нь буруу байна.

Дээрх дүгнэлтээс харахад хамтын зарчмаар шийдвэрлэвэл зохих ямар асуудлыг дангаар эсвэл хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн үйлдлийг нэг мөр нотлон тогтоох, тодорхой гэх тодотголтой ямар нэршилтэй, хэдэн оролцогчтой, хаашаа чиглэсэн, хичнээн төрлийн, хэдэн хуудас баримт бичгийг эцэслэн боловсруулж дуусгасан, ингэж эцэслэн боловсруулснаар ямар хэмжээний хохирол, гэм хор хаана, хэнд учирсныг хөдөлбөргүй тогтоох, эцэслэн боловсруулсан үйлдэл нь эсвэл боловсруулж байгаа нь, эсвэл дуусгасан үйлдлүүдийн аль нь гэмт хэрэг болохыг ялгамжтай, тодорхой, нотолгоотой зүйлчлэх зэрэг шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй олон мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг зөрчиж байна.

            Хөөн хэлэлцэх хугацааны хувьд:

Анхан шатны шүүх гэмт хэрэг гаргасан хугацааг шийтгэх тогтоолын 40-р талд шүүгдэгч М.Э-н хөөн хэлэлцэх хугацааны талаар хэсэгт: “Тоёота Лексус 570” загварын машин худалдан авч Эрчим хүчний яаманд 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна.

Бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон нь үйлдлийн хувьд мөн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна гэж тодорхойлсон. ...

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүйд тооцон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Ц.Цэлмэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “...анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж байгаа учир тогтоолыг хүчингүй болгуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. М.Э-г хорлон сүйтгэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн ялласан болон уг үйлдлийг тусгаарлаж прокурорт буцаасан нь илтэд үндэслэлгүй талаар: ...

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан тохиолдолд буюу гэмт хэрэгт тооцохгүй болсон, ял хөнгөрүүлсэн, гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг л буцаан хэрэглэдэг атал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 84 дүгээр зүйлд заасан “Хорлон сүйтгэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тодорхой болмогц мөрдөгч болон прокурорын зүгээс М.Э-н эрх зүйн байдлыг зориудаар хүндрүүлж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж яллахыг оролдсон нь илт үндэслэлгүй.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлд “Хорлон сүйтгэх” гэмт хэргийн объектив шинжийг “...Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан, хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол” гэж тодорхойлсон. ...

Хоёр. Т Т-н  төслийг УИХ-д өргөн барьсан үйл явдал нь 2015 оны 4 дүгээр сарын 23-нд болсон бөгөөд мөн л 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийн аль хөнгөн ялтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх учиртай.

Анхан шатны шүүх М.Э-н албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдлийн хувьд 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийн алийг хэрэглэхээ тайлбарласан боловч илт буруу тайлбарлаж эсрэгээр нь буюу гэмт хэрэгт тооцсон, эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг хэрэглэж яллалаа.

Анхан шатны шүүх дүгнэхдээ “...М.Э-н үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг, 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийн шинжийг давхар агуулсан бол, харин 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн үйлдлүүдийг нэг зүйл ангид багтаасан нь М.Э-н эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж дүгнээд ял оногдуулсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. ...

Өөрөөр хэлбэл, үлэмж хэмжээний хохирол шаарддаг, тийм хохирол учраагүй бол гэмт хэрэгт тооцдоггүй /материаллаг бүрэлдэхүүнтэй/ 2002 оны Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйлийг хэрэглэхгүйгээр, хохирол шаардахгүй, үйлдэл хийгдсэнээр төгссөнд тооцдог /хэлбэрийн бүрэлдэхүүнтэй/ 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр М.Э-г зүйлчилж ялласан нь түүний эрх зүйн байдлыг илт дордуулж хууль бусаар ял шийтгэж байгаа хэрэг юм.

Анхан шатны шүүх Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг иш татан “...эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосноор төгсдөг ба энэ гэмт хэргийн улмаас заавал хохирол, хор уршиг шаардахгүй юм” хэмээн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлээр зүйлчилснээ тайлбарласан нь илт буруу бөгөөд үндэслэлгүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч алдааг нь засна гэдэгт итгэж байна.

Гурав. М.Э-г албаны хэрэгцээнд өөрийн хамаарал бүхий этгээдээс “Лексус 570” автомашин худалдан авч Эрчим хүчний яаманд 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг гэж анхан шатны шүүх дүгнэснийг өмгөөлөгчийн зүгээс зөвшөөрөхгүй байна.

Шинжээчийн дүгнэлт алдаатай бөгөөд тухайн автомашины үйлдвэрлэсэн болон Монголд орж ирсэн он, км-ийн заалт нь үнийг тогтооход гол нөлөөтэй. Шинжээч нь 2019 оны 9 дүгээр сард үнэлгээ хийхдээ “Лексус 570” загварын автомашины гүйлтийн заалтыг 120.150 км гэж үзэж дүгнэлт гаргасан. /Шинжээч Д.Ганбаатар мэдүүлэхдээ “...машинд үнэлгээ хийж байхад 120.150 mile гэсэн заалттай байсан” гэжээ. /36 хх 150/

Тухайн “Лексус 570” загварын автомашиныг анх хүлээн авч байсан жолооч Д.Б нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...би Т Т  цахилгаан станц төслийн нэгжид 2013 оны 5 сард ажилд ороод 2016 оны 12 дугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн. .. УБҮ улсын дугаартай, “Лексус 570” загварын автомашиныг би анх хүлээн авсан ба албан ёсоор актаар хүлээлгэн өгөөгүй ч 13000-14000 майл явсан байсан бөгөөд намайг жолоодох үед ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй” гэжээ. /36 хх 68/

Нэгэнт уг автомашиныг албан ёсоор хүлээн авсан акт байхгүй ч анх хүлээн авсан Д.Б жолооч тодорхойлон гэрчийн мэдүүлэг өгсөн байхад яагаад 2013 оны гүйлт болох 13000 майлаар тооцохгүй, 2019 оны 120.150 майлаар тооцож үнэлгээг гаргасан нь бүдүүлэг алдаа байтал анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн үзэж 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ...

Дөрөв. Энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, нотлогдвол зохих зүйлүүдийг бүрэн нотлоогүй атлаа миний үйлчлүүлэгч М.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...

М.Э нь дангаараа Т Т-н гэрээний төслийг боловсруулаагүй бөгөөд ажлын дэд хэсэг гэж 15 хүн /Ерөнхий сайдын 2015 оны 28 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт, lll хавтас хэргийн 12 дахь талд/, ажлын хэсгийн 10 хүн, Засгийн газрын нийт гишүүд гээд олон арван хүний оролцоо, хүч хөдөлмөр шингэсэн үйл ажиллагааны үр дүн болох төслийг өргөн барьсан гэж хариуцсан сайдыг нь хорлон сүйтгэх гэмт хэрэгт буруутгаж байгаа нь цаашид мега төслийг хөдөлгөх санал, санаачлага гаргах, зориглох хүн олдохгүй, Монголын хөгжилд ноцтой саад болох шийдвэрийг анхан шатны шүүх гаргалаа.

Тав. Т Т-н  төслийг Монгол улсад ашиггүй, гадаадын хөрөнгө оруулагчдад давуу байдал олгосон гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь аливаа улсын төрийн бодлогын нэн тэргүүний зорилт байдаг бөгөөд Т Т-н нүүрсний орд газрыг ашиглах мега төслийг харилцан ашигтай нөхцөлөөр гэрээ байгуулах боломжтой нь энгийн иргэнд ч тодорхой.

Прокурор болон анхан шатны шүүх гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл гэрээний зүйл, заалтуудыг түүж аваад яллах атлаа Монголын талд ашигтай тусгагдсан гэрээний нэг ч зүйл заалтыг дурдсангүй. ...

Дүгнэхэд М.Э-д тулгаад буй Т Т-н нүүрсний ордыг хөгжүүлэх төслийг өргөн барьсан үйлдэл нь Хорлон сүйтгэх болон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, хэргийг шууд хэрэгсэхгүй болгох ч боломжтой юм.

Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын яллах дүгнэлтэд Авлигын эсрэг НҮБ-ын конвенци, Авлигын эсрэг хуульд зааснаар М.Э-г нийтийн албан тушаалтан мөн гэж үзсэн нь үндэслэлтэй. Шинжээч Ганбаатарын мэдүүлэг болон “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн тайланд “Тухайн зах зээлийн ханш 75.000.000 төгрөг байна” гэсэн. Тэгэхээр 75.000.000 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоосон нь зөв болсон. М.Э нь нийтийн албан тушаалтан бөгөөд тэрээр хамаатны хүнээсээ машин худалдан авч байгаа үйлдэл нь хууль бус юм. Эрчим хүчний яамны зүгээс улсад учирсан 55.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэв. 

Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч М.Э 2013-2015 оны хооронд Т Т төслийн цахилгаан станцын захирлаар ажиллаж байсан. Энэ нь нийтийн албан тушаалтны статустай албан тушаал юм. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Ганбаатар нь өгсөн мэдүүлэгт “үнэлгээ хийхдээ харьцуулалтын аргаар хийсэн. Автомашины км, майлын заалт нь шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхгүй” гэж мэдүүлсэн. Улсын яллагчийн зүгээс 130.000.000 төгрөгийн хохирлыг гэрээ хийсэн үнийн дүнгээс шалтгаалан хохирлын хэмжээг тогтоосон. Энэ гэрээ хийсэн хүн нь М.Э-н төрсөн дүүгийн хүүхэд болох нь лавлагаануудаар тогтоогдсон. Төрийн байгууллагын өмч худалдах, худалдан авах гэрээг үеэлүүд хийж байгаа нь хууль бус юм. Худалдах, худалдан авах ажиллагааг төслийн нэгж хийх ёстой. Гэтэл төслийн эдийн засгийн албаны дарга гэдэг хүн гарын үсэг зурсан. ... 2002 оны Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйлд зааснаар зүйлчлээгүй вэ гэвэл шүүгдэгч М.Э албан тушаалын байдлаа урвуулсан, мөн албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж зүйлчилсэн. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар тус тусдаа зүйлчлэгдэх гэмт хэрэг юм. Харин 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар нэг гэмт хэрэг болох тул 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн. ... 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой эрүү үүсгэж, яллагдагчаар татсан. 2013 онд үйлдсэн гэмт хэргийн дараа 2015 оны үйлдэл гарсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй,  мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч болон Т Т-н цахилгаан станц төслийн захирлаар тус тус ажиллаж байсан М.Э нь:

Т Т-н цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл “Т Т-н цахилгаан” станц төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М.Ч, түүний хүү О.Ан нарын 2006 оны 3 дугаар  сарын 30-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн 9011056093 дугаарт бүртгэгдсэн “Е ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, О.Амарсайханы 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж ирсэн, арлын ........0 дугаартай, ..-.. УБҮ улсын дугаартай, “Тоёота Лексус 570” загварын тээврийн хэрэгслийг 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Т Т-н цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч, Эрчим хүчний яаманд /улсад/ 130.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Т Т-н ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 1/.. дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Э-н нэр дээр “Т т-н” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Ш Э, Э Р болон С  корпораци”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Я.Б-н “... Тус ажлын хэсэгт миний бие гишүүнээр томилогдож, 1 сар орчим хугацаанд ажиллаад ажлын хэсгээс чөлөөлөгдсөн. Намайг ямар шалтгаанаар чөлөөлснийг хэлээгүй, ямар учраас чөлөөлж байгаа талаар хэн нэгэн хүн надад тайлбарлаж хэлээгүй. ... М.Э сайдын байр суурь нь тус орд газрыг БНХАУ-ын төрийн өмчит Ш болон Монголын Э Р ХХК, Японы С  компаниудаар үйл ажиллагааг нь урт хугацаанд эрхлүүлэх бодлогыг барьж байсан. Мөн төмөр замыг нь дээрх компаниудаар бариулна гэж яриад байсан. Энэ нь бол тухайн үед миний байр суурьтай зөрөөд байсан юм. ...” /1 хх 180-181/,

гэрч Н.А-н “... М.Э сайд, ажлын хэсгийн гишүүдэд үүрэг чиглэл өгөхдөө хурдан түргэн хугацаанд ажиллах шаардлагатай, хаврын чуулган дуусахаас өмнө Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж танилцуулна гэж байсан. Мөн дэд ажлын хэсгийн гишүүдээс шалгарсан компаниудын талаарх мэдээллийг задруулахгүй байна гэсэн баталгааг гаргуулж авч байсан. ... 2015 оны 4 дүгээр сард байх М.Э сайд ажлын хэсгийн гишүүдтэй уулзаад “ажлын хэсгийн гишүүд ажлаа хийж дуусгалаа, малгай гэрээ буюу том гэрээнд гарын үсэг зурахад бэлэн боллоо, тийм учраас Хятад, Япон талын хөрөнгө оруулагч нарыг урьж эхний толгой гэрээг үзэглэнэ” гэж хэлсэн. Ингээд хөрөнгө оруулагч талын компанийн төлөөлөгч нар гэрээнд гарын үсэг зурахаар Монгол улсад ирчихсэн байхад Улсын Их хурлын дарга мэдэгдэл хийгээд гэрээнд гарын үсэг зурах ажлыг зогсоосон. Хөрөнгө оруулагч нар буцаад явсан.  ...” /1 хх 218-220/,

гэрч Д.Г-н “... М.Э-р ахлуулсан ажлын хэсэг, Т Т-н орд газрыг ашиглуулах төслийн хэлэлцээр явагдаж байх үед БНХАУ-ын Ш Э компани, Монголын “MMC” ХХК-тай хамтарч Т т-с Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих, Т т-д хөрөнгө оруулалт хийх хэлэлцээр хийгдэж байсан. Энэ нь зарчмын хувьд буруу гэж үзээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 9 дүгээр сарын 35/32 дугаартай зөвлөмж, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 121 дүгээр тогтоолоор төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, эзэмших асуудлыг Монголын Төмөр Зам төрийн өмчит хувьцаат компанид олгосон байсан. Тэгтэл дээрх хэлэлцээр Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж хүчингүй болоогүй байхад шууд консорциум хэлбэрээр төмөр замын суурь бүтэц барих асуудлыг БНХАУ-ын Ш Э компани, Монголын “MMC” ХХК-д олгохоор гэрээний төсөл боловсруулагдаж байсныг буруу гэж үзсэн тул М.Э сайд болон УИХ-ын дарга, дэд дарга, нам, эвслийн бүлгийн дарга, салбарын сайд нарт албан бичгийг хүргүүлсэн. ... Миний хувьд М.Э сайд болон Ерөнхий сайд Ч.С нарт БНХАУ-ын Ш Э, Монголын “MMC” компаниудаар төмөр зам бариулж болохгүй гэдэг саналыг бичгээр өгсөн. Ингээд М.Э-р ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан Хамтын ажиллагааны гэрээний төсөлд гарын үсэг зурах гэж байхад нь 2015 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын үед тухайн үеийн УИХ-ын дарга З.Э таслан зогсоосон. Энэ бол маш сайн зүйл болсон. Хэрэв энэ гэрээнд гарын үсэг зурагдсан бол Улс орны эдийн засагт өгөх үр ашиг нь бага байх байсан. ...” /1 хх 224-225/,

гэрч П.Б-ны “...Би ажлын дэд хэсэгт төмөр замын асуудлыг хариуцаж ажилласан. Дээрх ажлын хэсэг Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах явцад хөрөнгө оруулагч Э Р, БНХАУ-ын Шинхуад төмөр замын дэд бүтцээ 30 жилийн хугацаанд 100 хувь эзэмшүүлээд дараа нь дахин 30 жилээр сунгаж болно гэсэн санал яригдаж байсан. Би Монголын Төмөр Зам төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байхад Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ гарсан байсан ба уг ТЭЗҮ-ээр уг чиглэлийн төмөр замыг бүрэн ашиглалтад оруулахад 900.000 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байсан. Хөрөнгө оруулалтын 900.000 орчим сая ам.долларыг 9-13 жилийн хугацаанд бүрэн нөхнө гэсэн тооцоолол байдаг. Гэтэл М.Э-н ахалж байсан ажлын хэсгийн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд ...Хөрөнгө оруулагчид төмөр замыг 30 жил бүрэн эзэмшээд дахин 30 жил үргэлжлүүлэн эзэмшинэ гэж байгааг би огт хүлээн зөвшөөрөөгүй. ...” /1 хх 230/,

гэрч  Л.Э-н “...Олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Т Т-н  нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол Улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна гэж ажлын хэсгээс дүгнээд, гаргасан дүгнэлтээ УИХ-ын даргад хүргүүлж, бусад гишүүдэд дүгнэлтийг тараах зөвшөөрөл авсан. Энэ гэрээ Оюу толгойн гэрээнээс муу заалт бүхий гэрээ болсон байсан. Оюу толгойн гэрээг бид нар муу гэрээ гэдэг боловч энэ гэрээний хажууд бол сайн гэрээ болсон. Манай улс Оюу толгойн гэрээгээр 36 хувийг эзэмшдэг бол Т Т-н гэрээгээр бол Монгол улс 2 хувийг эзэмшиж, гадныхан 98 хувийг эзэмшихээр гэрээний төсөл боловсруулсан байсан. ... Мөн 60 жилийн хугацаанд Монгол улсын Засгийн газар болон “Э Т Т” ХК, Т Т-н орд газар луу орох, хяналт тавих эрхгүйгээр хийгдсэн гэрээ. Тэгэхээр ерөөсөө гаднын газар нутаг болсонтой ялгаагүй байсан. Мөн Төслийн компани нь Монгол улсын газар нутаг дээр дуртай газраа хайгуул хийх эрхтэй ба хайгуулаар олдсон газрын баялгийг ашиглах давуу эрх эдлэхээр заалт орсон байсан. Гэрээний яг хэдэд заасан талаар санахгүй байна. Энэ нь Т Т-н орд газраас хальсан Хятадын төрийн өмчит компанид хязгааргүй эрх олгосон гэж би үзэж байгаа. Хятадын төрийн өмчит компани Монгол улсын нутаг дэвсгэрт ямар ч төрийн хяналтгүй үйл ажиллагаа явуулах нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл юм. ...” /1 хх 235-237/,

гэрч С.Э-н “... М.Э-н боловсруулсан гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж оруулж ирээд гурван өөр гэрээний төсөл болж хувирч байсан. Үүний үр дагавраар жирийн ажилчид, иргэд бид ямар ч өөрийн сонголт байхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалттай гэж байгаа компанид шууд худалдагдаж байна гэж ойлгосон. Гэрээний төсөлтэй танилцаагүй, тийм боломж бидэнд байхгүй. Харин манай “Э Т Т” ХК-ийн удирдах албан тушаалтнуудын хандлага бол М.Э-н боловсруулсан төслийг хэрэгжүүлэх зорилго, хандлагууд бол илт ажиглагдаж байсан. ...” /1 хх 246-247/,

гэрч Д.Ү-н “... Би 2010 оноос “Э Р” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. ... Ч Ш компани, Японы С  компани манай “Э Р” ХХК-д хамтран ажиллах, дээрх хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтад хамтран оролцох санал ирүүлснээр бид дээрх хоёр компанитай түншлэл байгуулсан. “Э Р” ХХК-ийн толгой компани нь Монгол Улсад байгуулагдсан “Э Р корпораци” ХХК, “Э Р корпораци” ХХК-ийн толгой компани нь Л  М К корпорэйшн SARL компани, Л  М К корпорэйшн SARL компанийн толгой компани нь Хонгконг улсад байгуулагдсан М К корпорэйшн лимитэд компани, Хонгконг улсад байгуулагдсан М К корпорэйшн лимитэд компанийн толгой компани нь Кайман аралд байгуулагдсан Монголиан майнинг корпорэйшн компани юм. Эдгээр нэр дурдагдсан компаниудын хувьцаа эзэмшигчид нь “П” ХХК, “Э С Э” ХХК, “Ш” компаниуд юм. ...” /1 хх 175-176/, 

гэрч С.Ж-н “... Монгол Улс Т Т-н ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө “Э Р” ХХК-ийн түншлэлд ашиглуулахаар ярьсан. Монгол Улс хөрөнгө оруулахгүй тул ногдол ашиг авахгүй. ... Ажлын хэсгийн гишүүд гэрээ байгуулах явцдаа Монгол Улсын хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. ... Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмших эрх Эрдэнэс Т Т ХХК-д байгаа. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхээ төслийн компанид шилжүүлэхгүй бол нүүрс олборлох боломжгүй болох тул гэрээнд дээрх байдлаар тодорхойлсон. ...” /1 хх 183-186/,

шинжээч К.Х-н “... Миний гаргасан дүгнэлтэд дахин 30 жилээр сунгагдахад тухайн төслийн компани эсвэл хэн нэгэн хуулийн этгээд оролцогч болно. Ингэхдээ энэ нь Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэгтэй холбоотой заалтыг зөрчөөд байгаа, ... татварын хэмжээ буурах болон хөнгөлөлтүүд бий болбол төслийн компанийн татвар хамрагдахаар заасан нь шударга бус гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд санхүүжүүлэгч нь гэрээний зүйлийг бусдад шилжүүлэх, Э Р-ыг гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэх эрхтэй гэж заасан байгаа нь Монголын талд эрсдэл үүсгэнэ гэж үзсэн. ...” /19 хх 44-45/,

шинжээч Б.У-н “... Монгол Улсын Засгийн газар болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э Т Т” ХК-ийн зүгээс гэрээг хэрэгжүүлэгч болон хөрөнгө оруулагч талд тавих хяналтын тогтолцоо нь тодорхойгүй, хязгаарлагдмал байдалтай гэрээ болох байсан байна гэж шинжээчдийн баг үзсэн. Мөн шинжээчдийн дүгнэлтэд дурдсанаар зарим нэг хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзсэн. Үүнд: Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулиудыг зөрчсөн. Татварын тухай хуульд заагаагүй зарим нэг зүйлийг гэрээнд тусгасан байсан. ...” /36 хх 153-154/,

шинжээч Д.С-н “...Монгол Улстай байгуулах гэж байсан Хамтын ажиллагаа, Хөрөнгө оруулалт, Төмөр замын гэрээнд Японы талын оролцоо ор тас байхгүй болсон. Ганцхан заалт байгаа нь хэрвээ бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд борлуулах тохиолдолд Японы талтай “Э Р” ХХК хоёр хамтран охин компани байгуулж ажиллах ганцхан заалт байгаа юм. Шалгарсан “Э Р” ХХК нь хөрөнгө босгоод ашиггүй, үйл ажиллагаа нь алдагдалтай ажиллах тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг хөрөнгө оруулагчид дурын этгээдэд компанийн үйл ажиллагааг шилжүүлэх эрхтэй байгаа нь хэнд ч шилжүүлэх боломжтой байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, “Э Т Т” ХК нь “Э Р” ХХК-ийн тавьсан асуудлуудыг богино хугацаанд үг дуугүй холбогдох шийдвэрүүдийг гаргаж өгөх, эрхийн хувьд хязгаарлагдмал болчихоод байгаа хортой нөлөө байгаа юм. ...” /36 хх 155-156/,

шинжээч Х.Ж-ы “... Энэ гэрээ хэрэгжсэн бол Монголын талд өгөх өгөөж бол тийм сайн биш. Хамтын ажиллагааны гэрээний хувьд төсөл хэрэгжүүлэгч компанийн талд их ашигтай гэрээ байсан. БНХАУ болон Монголын компаниуд гэрээ хэрэгжих үед хамтарсан компани байгуулаад тэр компанийн 51 хувийг дотоодын компани эзэмших, тэр компани нь болохоор "Э Р" ХХК байсан. Тухайн төслөөс гарсан ашгийг төслийн компани эзэмшихээр заасан. Жилд 30 сая тонн нүүрс олборлоод Хамтын ажиллагааны төлбөр  гэдгээр  2-8  хувийг “Эрдэнэс Т Т ” ХК-д өгөхөөр заасан боловч тухайн нүүрсний үнийн хэлбэлзлээс шалтгаалан өгөхөөр байсан. Энэ нөхцөл байдлуудаас харахад Монголын талд ашиг багатай гэрээ байсан. Учир юу вэ, гэхээр “Э Т Т” ХК бол зөвхөн хамтын ажиллагааны төлбөрөө авна. Наад төсөл хэрэгжүүлэгч  компани  бол  ашиглалтын  жилүүдэд  бий  болсон  бүтээн байгуулалтууд /Баяжуулах үйлдвэр/, өөр бусад байгууламжуудыг бий болгосон тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч компанийн хөрөнгө болох байсан. ... Ерөнхийд нь аваад үзвэл Монголд ашигтай зүйл биш гэж үзэж байна. ...” /36 хх 157-158/,

шинжээч С.Т-н “... Гэрээний төсөлд тусгагдсан Хамтын ажиллагааны төлбөр нь шинэ төрлийн татварыг бий болгох нөхцөлд хамаарахгүй байх тул уг төлбөрийг албан татвар гэж үзэхээргүй байна. Харин Иргэний хуульд тусгасан гэрээний зарчмаар талууд хамтран ажилласны хүрээнд бий болгож буй төлбөр гэж үзэхээр байна. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь 2015 онд хийгдсэн байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан Улсын төсөвт төлөх 7 төрлийн, орон нутгийн төсөвт төлөх 6 төрлийн албан татвар төлөхөөр тусгасан байна. Гэрээний төслийн 3.6-д зааснаар Цанхийн тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт хийхтэй холбоотой бүх татварыг Эрдэнэс Т Т ХК шууд бусаар төслийн компани төлөх 3 төлбөрөөс бус төлөхөөр байна. Шинжээчийн дүгнэлтийн хариултын 3.4 дээр гэрээний төсөл боловсруулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар татварын орчин болон татварын хувь хэмжээг тогтворжуулахаар заасан байсан. Тус гэрээний төсөлд Хөрөнгө оруулалтын хуулиар хөрөнгө оруулагч биш “Э Р майнинг” ХХК, “Ю п” ХХК, “У х у х” ХХК, “Т г” ХХК-иудын татварын орчныг тогтворжуулахаар заасан байсан нь үндэслэлгүй байсан. Хөрөнгө оруулалтын гэрээний талууд хэсэгт гадаадын хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын Чайна Ш Э компани лимитед, дотоодын хөрөнгө оруулагч “Э Р корпораци” ХХК, төслийн компани болох “Э Р” ХХК байхаар зааж, эдгээрийг хамтад нь Гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч, төслийн компанийг цаашид хамтад хөрөнгө оруулагчид гэх гэж заасан байна. Үүнд дээрх “Э Р” ХХК-ийн 100 хувийн охин компаниудыг оруулахаар тусгаагүй учраас тэдгээр охин компаниудын татварын орчинг тогтворжуулах үндэслэлгүй гэж үзсэн. ...” /36 хх 159-160/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Н-н “... 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Т Т-н цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч, их хэмжээний хохирол учруулсан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн улмаас Монгол Улсын Эрчим хүчний яаманд 55.000.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /36 хх 149/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц-н “... М.Э гэж албан тушаалтан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд “Т Т-н  цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М.Ч, түүний хүү О.А нарын 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн 90110.... дугаарт бүртгэгдсэн “Е ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, О.А 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр оруулж ирсэн, .... УБҮ улсын дугаартай, “Lexus LX570” загварын тээврийн хэрэгслийг 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Т Т-н  цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч улсад их хэмжээний хохирол учруулсан байна. ... Хууль зөрчиж, төрийн мөнгөөр ах, дүүсийнхээ хувьдаа 2.5 жил унаж ашигласан автомашиныг зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдаж авсан М.Э гэж хүнээс 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийн хохирол нэхэмжилж байна. ...” /33 хх 240-241/,

гэрч О.А-ны “... Би 2006 билүү 2007 онд “Е ” ХХК-ийг  ээжийнхээ хамт үүсгэн байгуулсан. Энэ компани нь аялал жуулчлал, барилга байшин, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байгуулсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2008-2009 онд сургалт орж байсан. 2010 оны сүүлээр АНУ-аас компанийн нэр байна уу, өөрийнхөө хувь хүний нэр дээр байна уу “LEXUS-570” загварын автомашиныг гаалиар оруулж ирж байсан. Уг машиныг 2 жил хагас унаад 2013 оны хавар Т Т-н цахилгаан станц төслийн нэгжид 130.000.000 төгрөгөөр зарсан санагдаж байна. М.Э нь миний нагац ах, миний ээж М.Ч-н төрсөн ах байгаа юм. ...” /33 хх 242-243/,

гэрч Э.Э-н “... М.Э нь миний ээж О-н төрсөн ах, миний нагац ах байгаа юм. О.А-н ээж М.Ч, манай ээж М.О-н төрсөн дүү бид хоёр үеэлүүд байгаа юм. Би 2013 оны 5 дугаар сард билүү 7 дугаар сард тус төслийн нэгжид анх ажилд орсон. Намайг ажилд ороход О.А-н унаж байсан .... УБҮ улсын дугаартай, “LEXUS-570” загварын автомашиныг Т Т  цахилгаан станц төслийн нэгжид худалдаад авчихсан М.Э ах албандаа унаж байсан. Санхүүгийн баримтыг бүрдүүлэх үүднээс Худалдах, худалдан авах гэрээ хийж, би гарын үсэг зурсан. Мөнгөний асуудлыг бол мөнгө захиран зарцуулах эрхтэй хүмүүс нь гарын үсэг зурсан. Надад мөнгө захиран зарцуулж, гарын үсэг зурах эрх байхгүй. ...” /33 хх 244-245/,

гэрч Д.О-н “... Ажлын хэсгээс М.Э захиралд танилцуулагдаад тус тээврийн хэрэгслийг худалдаж авсан. М.Э захирал тээврийн хэрэгсэл худалдаж авах тушаал гаргасан байх ёстой. Угаасаа бүх худалдан авалт дээр төслийн нэгжийн захирал тушаал гаргадаг. Тушаалын дагуу гэрээ байгуулагдаад явдаг. Бүх гэрээнд төслийн нэгжийн захирал гарын үсэг зурж байсан. Учир нь, 29 дүгээр журамд гэрээг төслийн нэгжийн захирал байгуулна гэж заасан заалт байсан санагдаж байна. Мөн төсөв захирах эрхтэй гэдгээрээ төслийн нэгжийн захирал гэрээнд гарын үсэг зурах эрх, үүрэгтэй. Төслийн нэгжийн захирлыг төлөөлж хэн нэгэн албан тушаалтан гэрээнд гарын үсэг зурах ёсгүй. ...” /33 хх 249-250/,

гэрч Б.Т-н “...Т Т цахилгаан станц төслийн нэгж нь гурван ширхэг тээврийн хэрэгсэлтэй. .... УБҮ улсын дугаартай, “Лексус-570” загварын автомашиныг 2013 оны 5 дугаар сард 130.000.000 төгрөгөөр, ... худалдаж авсан байдаг. ... Төрийн өмчийн хорооны тогтоол гарсны дараа худалдан авах ажиллагааг явуулах ёстой.  ...” /34 хх 3/,

гэрч Л.С-н “... Миний бие тус тогтоолыг холбогдох дүрэм журам, хууль тогтоомжийн дагуу боловсруулж тухайн үеийн Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэн тус тогтоолыг батлуулж гаргуулсан. Төрийн өмчийн хорооны тогтоолыг заалт бүрээр тухайн байгууллага хэрэгжүүлж ажиллах ёстой. ... Аль ч төрийн байгууллага заавал Төрийн өмчийн хорооны тогтоол гарсны дараа тус тогтоолын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах ёстой. ... Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 586 дугаартай тогтоолын 2.а заалтад Үндсэн хөрөнгө худалдан авах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулахыг даалгасан байна. Энэ тогтоолыг батлагдаж гарахаас өмнө төслийн нэгжид автомашин худалдан авсан бол буруу. Төрийн өмчийн хорооны тогтоол гарахаас өмнө хуучин автомашиныг зах зээлийн ханшнаас өндөр үнээр аваад байгаа нь буруу. ...” /34 хх 1-2/,

шинжээч Д.Ганбаатарын “... Үнэлгээ хийхдээ зах зээлийн харьцуулалтын аргыг хэрэглэсэн. Ижил төстэй зах зээл дээр зарахаар зарлагдсан 3 автомашины мэдээллийг сонгон авч тохируулгууд хийж үнийг тооцоолсон. Нийт 9 төрлийн тохируулга ашигласан байгаа юм. Үүнд: марк загвар, үйлдвэрлэгдсэн он, Монгол Улсад ашиглаж эхэлсэн он, ашиглалтын байдал, түлш, километрийн заалт, өнгө, гадаад үзэмж, хөдөлгүүр, хурдны хайрцаг, нэмэлт тоноглол зэрэг болно. Энэ 9 үзүүлэлтээс Монгол Улсад ашиглаж эхэлсэн он, километрийн заалт, өнгө, гадаад үзэмж гэсэн үзүүлэлтүүд дээр тохируулж хэрэглэсэн. Бусад үзүүлэлтүүд нь харьцуулж буй машинуудтай ижил байсан. Дээрх үзүүлэлтүүд дээр 1-5 хувь хүртэл тохируулга хийсэн. Тохируулга гэдэг нь 1-5 хувийг хооронд нь өсгөж, бууруулж, тохируулж үздэг арга юм. Үнэлгээ хийж байх үеийн байдлаарх үнийг эхэлж гаргасан. Тэгэхэд 73.547.740 төгрөг байх тооцоо гаргасан. Тэгээд шинжээчид 2013 оны 5 дугаар сарын байдлаарх үнэ цэнийг тогтоох даалгавар өгсөн учраас энэ үе дээр 2 төрлийн тохируулга хийж 2013 оны 5 дугаар сарын байдлаарх үнэ цэнийг тодорхойлсон. Энэ нь болохоор 1 дүгээрт элэгдлийн тохируулга, 2 дугаарт нь үнийн өөрчлөлтийн тохируулга хийсэн. Автомашин нь цаг хугацаа өнгөрөхөд элэгдэж, хорогдож байдаг, энэ дээр 1.88 гэсэн кофицентээр тохируулсан. Автомашин нь импортоор орж ирдэг учраас 1.54 гэсэн кофицентээр тохируулга хийсэн. Энэ талаар шинжээчийн дүгнэлтийн хавсралт тайланд тодорхой тусгасан байгаа юм. Километр заалт гэдэг нь явсан тоо, хэмжээг харуулдаг. Энэ машины тухайд тухайн үнэлгээ хийж байх үед 120150 гэсэн заалттай байсан. АНУ-аас импортоор орж ирсэн машинуудын заалт нь Mile-аар хэмжигддэг. Энэ машины километр нь заалт гэдэг дээр тавьсан 120150 гэсэн нь Mile-ийн хэмжигдэхүүн юм. Харьцуулалт хийсэн 3 “Лексус-570” загварын машины явсан хэмжигдэхүүнүүд нь ижил болохоор үнэлгээнд нөлөөлөхгүй. Тухайн машины 1 жилд явсан гүйлтийг /километр, mile/ харьцуулалт хийсэн хөрөнгүүдийн 1 жилд явсан гүйлттэй харьцуулж 3-5 хувиар тохируулсан. Энэ нь бол үнэлгээний үр дүнд материаллаг нөлөө үзүүлэх үзүүлэлт биш юм. ...” /36 хх 150/,

- 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт  /19 хх 24-40/,

- 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Дахин шинжилгээний дүгнэлт /19 хх 108-139/,

Монгол Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаартай тогтоол, түүний хавсралт  /1 хх 40-44/, 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн “Хуулийн төсөл буцаах, үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дугаартай тогтоол, түүний хавсралт /1 хх 45-47/, 2010 оны 7  дугаар сарын 7-ны өдрийн 39 дугаартай “Т Т-н нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” тогтоол /1 хх 48-49/, 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай “Т Т-н нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол /1 хх 50/, 2010 оны 6  дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоол, түүний хавсралт /1 хх 82-88/, 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” тогтоол, түүний хавсралт /1 хх 90-105/,

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаартай “Т Т-н ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол /2 хх 74-75/,

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 04/03 дугаартай зөвлөмж /1 хх 53/, 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 24/20 дугаартай зөвлөмж /1 хх 76-77/,

Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж, түүний хавсралт /1 хх 62-64/,   

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.С-н 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №28 дугаартай “Бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай” захирамж /2 хх 103-105/,

“Э Т Т” ХК болон “Э Р” ХХК, “Э Р корпораци” ХХК, “Ч Ш Э компани Лимитэд”-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ /2 хх 123-148/,

Монгол Улсын Засгийн газар болон “Э Р ХХК, “Э Р корпораци” ХХК, “Ч Ш Э компани Лимитэд”-ийн хооронд байгуулсан “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлд Төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх, ашиглах-шилжүүлэх концессын гэрээ /2 хх 150-225/,

Т Т-н нүүрсний ордыг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газар болон  “Э Т Т” ХК, “Э Р” ХХК, “Э Р корпораци” ХХК, ”Ч Ш Э компани Лимитэд”-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ /7 хх 21-111/,

Монгол Улсын Их Хурлын дарга З.Э-д МУ-ын Ерөнхий сайд Ч.С-с “Т Т-н ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ-1/.. дугаартай албан бичиг /2 хх 101/,

Монголын Төмөр Зам төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Г-н 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 01/281 дугаартай Монгол Улсын Сайд М.Э-д хүргүүлсэн албан бичиг /35 хх 227/,

Улсын Их Хурлын Даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын нэр бүхий 10 гишүүний 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлт /35 хх 143-188/,

“Гэрэгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний төвийн “... “Лексус-570” загварын, .... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 75.000.000 төгрөг гэж тооцоолов...” гэх тайлан /35 хх 4-13/,

”Е ” ХХК-ийн “Т Т цахилгаан станц” төслийн нэгжтэй 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5/1 дугаартай суудлын автомашин /Lexus-570/ Худалдах, Худалдан авах гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, холбогдох материал /24 хх 18-23/, 

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхний лавлагаанууд /34 хх 239-250/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Э-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж , их хэмжээний хохирол учруулсан, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

Прокуророос М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангиййн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн нэгтгэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Э-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Үүнээс гадна, анхан шатны шүүх М.Э-н үйлдлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хуульд нийцсэн гэж үзэв.

шүүгдэгч М.Э-с “... Төсөл бэлтгэхэд ажлын хэсгийн ахлагчийн хувьд “Дур мэдэн, хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэсэн” гэх тохиолдол байхгүй. Анхан шатны шүүх “Бусдад давуу байдал бий болгосон” гэдгийг тогтоогоогүй, нотлоогүй улстөржсөн дүгнэлт хийсэн.

Миний хувьд автомашин худалдан авах, Т Т-н   гэрээний төсөл бэлтгэх үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх байсан атал Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн.

Т Т-н  гэрээг гэмт хэрэг гэж үзэн, прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял төлөвлөсөн. Гэтэл анхан шатны шүүх “их хэмжээний хохирол” учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр ял оногдуулсан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Т Т-н  гэрээний төслийг өргөн барьсан үйлдлийг гэмт хэрэг гэж буруутган ял оноосон атлаа мөн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлд заасан “Хорлон сүйтгэх” гэдгээр дахин мөрдөн шалгуулахаар прокурорт буцаасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

“Гэрэгэ эстимэйт” компанид автомашины гүйлтийг 160.000 гаруй км-ээр илүү буюу 2019 оны үзүүлэлтүүдээр бодуулсан нь 6 жилээр хуучруулсан машины үнийн тооцоолол хийсэн. Зөрүү 55.000.000 төгрөг гаргуулж, намайг “их хэмжээний хохирол” учруулсан гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Улсын Их хурлын даргын 101 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсгийн  2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт нь хууль тогтоомж биш, нийтээр мөрдөх, шүүхийн практикт хэрэглэгдэх учиргүй баримт бөгөөд энэ баримтаар намайг гэм буруутай гэж үзэх, ял халдаах нь хуульд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхийн тогтоосноор надад гэмт хэрэг гэж халдааж буй хоёр үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолсон нь үндэслэлгүй.

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчихөөс гадна Монгол улсын нэгдэн орсон Олон Улсын конвенцийн заалтуудыг зөрчсөн. ...”  гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоогоос “... Засгийн газрын албан тоотоор Улсын Их хуралд тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн нь гэмт хэрэг гэж үзвэл Ерөнхий сайд Ч.С-г уг үйлдэлд холбогдуулан шалгах ёстой байсан. Энэ талаар Ч.С, З.Э нараас тодруулж мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй. Мөн энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр дууссан гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

... Ямар давуу байдал бий болгосон асуудлаар Хятадын Ш  компани, Японы С  компанийн удирдах, төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаас хэрэгт ач холбогдолтой гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг бид мөрдөн байцаалт, прокурорын шатанд гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ хэрэг дээрх хуулийн гол шаардлага болсон “бусдад давуу байдал бий болгосон” нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            ... Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Б болон С.Ж-с гэрчийн мэдүүлэг авахуулах, биеэр оролцуулах хүсэлт гаргасан боловч мэдүүлэг аваагүй.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх энэ үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой гэж үзэж байна.

Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэж хийсвэр дүгнэлт хийсэн.

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг үйлдэлд хоёр удаа ял оногдуулж байгаад гомдолтой. ... Ц.Э гэдэг хүн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тодорхойгүй байх тул хэргийг буруу тусгаарласан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлд заасан хорлон сүйтгэх гэмт хэрэг үйлдэгдээгүй.

2002 оны Эрүүгийн хуульд “хүн амын амьдралыг хангах объектын үйл ажиллагааг доголдуулах” гэсэн хууль зүйн агуулга, ойлголт байхгүй байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар ийм агуулга нэмэгдсэн. Иймд шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлж буй 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах ёстой гэж үзэж байна.

... “Лескус-570” загварын машины үнэлгээг бодитойгоор, хараат бусаар дахин зайлшгүй хийлгэх шаардлагатай. М.Э-д автомашинтай холбогдуулж 2013 оны үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хууль зүйн үндэслэлгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтүүдийг бүрэн шийдвэрлээгүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас “... Шинжээч нь 2013 онд машин худалдан авахад хэдэн “майл” эсвэл “километр”-ийн заалттай байсныг тогтоож үнэлгээг гаргаагүй, машины зах зээлийн үнэлгээг хэт үнэгүйдүүлсэн, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон.

Машиныг “Е ” ХХК-иас худалдан авсан бөгөөд дээрх хуулийн этгээд, М.Э нарын ашгийн байдлаар нэгдмэл сонирхолтой эсэхийг мөрдөн байцаалтын шатанд огт тогтоогоогүй, зөвхөн энэ хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийг М.Э-тэй садан төрлийн холбоотой гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. ... Дээрх үйлдлийг шүүхээс Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тооцох талаар хууль зүйн дүгнэлтийг өгөх, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах үндэслэлээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...

М.Э-н хэрэгжүүлсэн 2014 оны Т Т  ордын мега төслийн хугацаанд мөрдөж байсан “эрх зүйн үндэс” нь Улсын Их хурлын 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 268 дугаар тогтоол, үүнтэй холбоотойгоор ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмж, шийдвэрүүд байхад прокурорын яллах дүгнэлтэд цаг хугацааны хувьд огт хамааралгүй 2008, 2009,  2010, 2011 оны Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг М.Э зөрчсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй оролцуулбал зохих үндсэн болон дэд ажлын хэсэгт оролцсон, сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны мэргэжилтнүүд зэргийг М.Э-д холбогдуулан шалгаж буй бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг нотлон тогтоогоогүй, хэргийн талаар тэдгээрээс гэрчийн тайлбар аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн. ... М.Э нь гэрээг ганцаараа хийх боломжтой эсэх, бусад ажлын хэсгийн гишүүдээс нуун дарагдуулсан, тэдгээрийн ажлын хэсэгт орж ажиллах нөхцөл боломжийг ямар үйлдлээр хаан боогдуулсан талаарх нотлох баримт байхгүй.

Гэрээний төсөлтэй холбоотойгоор шинжээч нарын байр суурь шүүх хуралдааны явцад өгсөн тайлбараас “гэрээ ашигтай, ашиггүй” гэх илэрхий зөрүүтэй дүгнэлтүүдтэй, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл, аргачлалаа шинжлэх ухааны үндэслэлтэй нотлож тайлбарлаж чадахгүй, өөрсдийн дүгнэлтээ няцаасан, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ бүхий бодит нөхцөл байдал үүссэн.

            Анхан шатны шүүх хуулийг хараат бусаар үнэлээгүй, иргэн Х.Б гэх төрийн тэргүүний гаргасан гомдлын хүрээнд баригдмал, хараат байдлаар гаргасан. ... Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэлмэгээс “... М.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг яагаад хэрэг үйлдэгдэх үеийн хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 84 дүгээр зүйлийг хэрэглэлгүйгээр 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн талаараа анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасан “хэргийг тусгаарлаж хэлэлцэх” гэсэн заалтыг илт буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүх М.Э-н албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдлийн хувьд 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийн алийг хэрэглэхээ тайлбарласан боловч илт буруу тайлбарлаж эсрэгээр нь буюу гэмт хэрэгт тооцсон, эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг хэрэглэж яллалаа.

2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр зүйлчилж, М.Э-г ямар ч хор хохирол учруулаагүй байхад нь албан тушаалаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэн буруу.

Прокурор болон анхан шатны шүүх гадаадын хөрөнгө оруулагчдад таатай гэрээний нөхцөл, зүйл, заалтуудыг түүж аваад яллах атлаа Монголын талд ашигтай тусгагдсан гэрээний нэг ч зүйл, заалтыг дурдсангүй.

Автомашины үнэлгээг буруу тооцсоноос гадна хохирлын хэмжээг яллах дүгнэлт болон шийтгэх тогтолд буруу дүгнэсэн бөгөөд уг автомашин нь Эрчим хүчний яаманд өнөөдрийг хүртэл ашиглагдаж байхад автомашиныг худалдан авсан нийт үнийн дүнгээр нь буюу 130.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэнгүй, нотлогдвол зохих зүйлүүдийг бүрэн нотлоогүй. М.Э-д тулгаад буй Т Т-н нүүрсний ордыг хөгжүүлэх төслийг өргөн барьсан үйлдэл нь Хорлон сүйтгэх болон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, хэргийг шууд хэрэгсэхгүй болгох ч боломжтой гэж үзэж байна. ...” гэсэн тус тус давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...” гэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг “.. .Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” үйл ажиллагааны дээд хэмжээ хязгаарыг хуульчилсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ...”, мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно...” гэжээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтүүд, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд зэргийг хуульд заасан арга, хэрэгслийн дагуу цугларсан гэж үзсэн анхан шатны шүүхийн нотлох баримтын талаарх үнэлэлт, түүнд өгсөн дүгнэлт нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэсэн шаардлагад нийцсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, шадар сайд М.Э нь “Т Т-н нүүрсний орд”-д хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах, үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах хугацаандаа тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Төмөр замын тухай, Төмөр замын тээврийн тухай зэрэг хуулиуд, стратегийн ордтой холбоотой Монгол Улсын Их Хурлаас баталсан тогтоолууд, Засгийн газрын цаг үеийн болон хөгжлийн бодлогын шинжтэй шийдвэрүүдийг зөрчиж, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй байна гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.” гэж заажээ.

 Т Т-н нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн, нөөцийг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2007 оны 02 дугар сарын 06-ны өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолоор тус ордыг стратегийн ордод хамааруулан баталгаажуулсан. 

Ийнхүү Т Т ордыг стратегийн ордод хамааруулсанаас хойш Монгол Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоол “Т Т-н нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай”, 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоол “Хуулийн төсөл буцаах, үндсэн зарчим, удирдамж батлах тухай”, Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 32 дугаар тогтоол “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай”, 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоол “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”,

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоол “Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 тогтоол Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг  эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”,

Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж, түүний хавсралт,

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 07/04 болон 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 04/03 дугаар зөвлөмжүүд, 2010 оны 5 дугаар сарын 18-
ны өдрийн хуралдааны тэмдэглэл зэрэг Т Т-н ордтой хамааралтай цаг үеийн болон хөгжлийн бодлогын талаарх олон баримт бичгүүд боловсруулагдан гарсан байна.

Энэхүү хууль тогтоомжуудын хүрээнд “Т Т-н нүүрсний орд”-д хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах, үүргийг ажлын хэсгийн ахлагч Засгийн газрын гишүүн, шадар сайд М.Э-д нь  хариуцуулжээ.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хуулийн төслүүд буцаах, үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дугаартай тогтоолын 3 дугаар заалтын 1 дэх хэсэгт “... Т Т-н нүүрс, Оюу толгойн зэс-алтны ордын хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон энэ тогтоолыг хавсралтуудад нийцүүлэн боловсруулах, шаардлагатай бол холбогдох хуулийн зохих зүйл, заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулж 2009 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, ...” гэж заасан бөгөөд Засгийн газрын гишүүн, тухайн асуудлыг хариуцсан сайдын хувьд М.Э нь энэхүү тогтоолыг заалтыг гэрээний төсөл боловсруулахдаа зайлшгүй мөрдөх үүрэгтэй.

Гэтэл Засгийн газрын гишүүн М.Э-н хувьд Т Т-н  нүүрсний ордыг ашиглах талаар консорциумтай хийхээр бэлтгэсэн Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээ нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төмөр замын тухай, Төмөр замын тээврийн тухай зэрэг хуулийн холбогдох заалтууд, УИХ-аас баталсан тогтоолууд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжүүд зэргийг зөрчсөн байгаа нь гэрээнд оролцогч тал болох хамтарсан консорциумд давуу байдал бий болгосон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Э нь “Т Т-н нүүрсний орд”-д хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах ажлын хэсгийг хариуцан ажиллахдаа дээрх хууль тогтоомжийн заалтуудыг зөрчиж холбогдох гэрээний төслийг боловсруулсан.

Тухайлбал, Монгол Улсын Их Даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын нэр бүхий 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд:

Т Т-н ордыг ашиглах талаарх Хамтын ажиллагааны гэрээнд Монгол Улсын төрийн өмчит “Э Т Т” болон Люксембургын хөрөнгө оруулалттай “М К Корпораци-н 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болох Э Р корпораци, түүний 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани Э Р ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ш Э компани лемитед” компаниуд Т Т-н ордыг ашиглах зорилгоор төсөл бэлтгэн боловсруулсан.

Хөрөнгө оруулалтын гэрээний “Угтвар нөхцөл”-ийн “Н”-д зааснаар “Ч Ш Оверсис Девелопмент энд Иньесмент лемитед” болон дотоодын хөрөнгө оруулагч нар хамтарсан компани байгуулж Ухаа худаг ордод үйл ажиллагаа явуулдаг “Э Р” ХХК-ийг шууд болон шууд бусаар өмчлөхөөр заасан.

Өөрөөр хэлбэл, “Э Р” нь Люксембургын  хөрөнгө оруулалттай “Э Р корпораци” болон “БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ш Э компани лемитед” гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болж зохион байгуулагдах учир Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “... Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно...” гэсэн заалт зөрчигдөж байна.

 Мөн хамтын ажиллагааны гэрээний ...8.2 дугаар зүйлийн (d) заалтын (v)-д “Э Т Т” Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн бүхэлд нь шилжүүлэх бөгөөд хэсэгчлэн шилжүүлэхгүй гэсэн заалтаар “Э Т Т” компаний хууль ёсны эрхийг хязгаарласан байна.

Цанхи нь баруун зүүн гэсэн 2 хэсэгтэй бөгөөд “Э Т Т” компани нь зах зээлийн нөхцөлтэй уялдуулан өөрийн эрх хэмжээнд зохицуулалт хийх эрхийг хориглосон байна.

Энэхүү заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйл “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх”-ийн 49.1 дэх хэсэгт “....Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хуульКомпанийн тухайНөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно...”, мөн хуулийн 50 дугаар зүйл “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг шилжүүлэх”-ийн  50.1 дэх хэсэгт заасан “... Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлсэн болон үлдэх талбайн хэмжээ, хэлбэр, байршил нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна...” гэснийг тус тус зөрчсөн.

Түүнчлэн, Хөрөнгө оруулалтын гэрээний Төмөр замын суурь бүтэц байгуулах гэсэн 2.6 дугаар зүйлд зааснаар Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх болон төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх онцгой эрхийг Э Р компани 30 жил 100 хувь өмчилнө гэж заасан.

Төмөр замын өмчлөлийн 51 хувийг 30 жилийн дараа төрд үнэгүй шилжүүлж, 49 хувийг төрд худалдаж авч болно гэсэн нь Төмөр замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. дахь хэсэгт “... Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд ашиглалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэц, төмөр замын шугамын чигийг Засгийн газар тогтооно...” гэсэн заалттай нийцэхгүй.

“Э Р корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд буюу “Шенхуа энержи” компани нь гадаадын хуулийн этгээд байх тул эдгээрийн хамтран өмчлөх “Т Т орд”ыг ашиглах төслийн компани болох Э Р нь шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдийн бүрэн хяналтад орж байна.

Энэ нь Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Т Т-н нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж”-ийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт “Ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компаний Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх хувилбарыг судалж үзэх” гэснийг болон  Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1 дүгээр хэсгийн 1 дэх заалт “Т Т-н нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах...” гэсэн заалтыг зөрчсөн.

Хамтын ажиллагааны гэрээний 2.1 дүгээр зүйлийн (b)-д зааснаар “Э Р” компани нь зөвхөн олборлолт хийх төдийгүй нүүрс баяжуулах, боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, ус хангамжийн дэд бүтэц, байгууламж барьж байгуулах, төмөр замын суурь бүтэц болон төмөр замын тээврийн үйлчилгээ, эрчим хүч, ус хангамж, тээвэр худалдаа, борлуулалтын бүх ажиллагаа, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бусад бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой гэж заасан.

Мөн хөрөнгө оруулалтын гэрээний 2.1 дүгээр зүйлийн (b), 2.2 дугаар зүйлийн (а, с)-д зааснаар “Э Р” компани нь Т Т-н ордод нүүрс олборлох, боловсруулах, түүнийг захиран зарцуулах, тээвэрлэх, экспортод гаргах, нүүрс худалдах ...нэмэлт хайгуул хийж тогтоосон нөөцийг ашиглах, олборлох болон дагалдах дэд бүтэц барих үйл ажиллагаа явуулахаар заажээ.

Эдгээр заалтууд нь Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Т Т-н орд газрын ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн заалттай зөрчилдсөн байна.

Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Т Т ” ХК-10.. ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн. Засгийн газрын энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэснийг,  

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 1.2-т “Ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх талаар анхаарч ажиллах” гэснийг тус тус зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтад тэнцсэн Э Р болон Эрдэнэс Т Т компани нь Т Т нүүрсний ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг буюу нэг төрлийн бүтээгдэхүүн олборлож, нэг зах зээлд борлуулалт хийдэг өрсөлдөгч, сонирхлын шууд зөрчилтэй аж ахуйн нэгжүүд юм.

Гэтэл дээрх сонирхлын зөрчилтэй аж ахуйн нэгж болох Э Р-ийг Т Т-н нүүрсний ордыг ашиглах уралдаант сонгон шалгаруулалтад тэнцүүлсэн байдал нь Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 1.2-т заасан чиглэлийг илтэд зөрчсөн шийдвэр болсон...” гэж дүгнэлтэд тусгагдсан байдал,

шинжээч К.Х-н “... хөрөнгө оруулалтын гэрээнд Санхүүжүүлэгч нь гэрээний зүйлийг бусдад шилжүүлэх, Э Рыг гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэх эрхтэй гэж заасан байгаа нь Монголын талд эрсдэл үүсгэнэ гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг,

шинжээч Б.У-н “...гэрээ байгуулагдсан бол Монгол Улсын Засгийн газар болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э Т Т” ХК-ийн зүгээс гэрээг хэрэгжүүлэгч болон хөрөнгө оруулагч талд тавих хяналтын тогтолцоо нь тодорхойгүй, хязгаарлагдмал байдалтай гэрээ болох байсан байна гэж шинжээчдийн баг үзсэн. Мөн шинжээчдийн дүгнэлтэд дурдсанаар зарим нэг хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзсэн. Үүнд: Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулиудыг зөрчсөн, Татварын тухай хуульд заагаагүй зарим нэг зүйлийг гэрээнд тусгасан байсан...” гэсэн мэдүүлэг,

шинжээч Д.С-н “... Монгол Улсын Засгийн газар, “Э Т Т” ХК нь “Э Р” ХХК-ийн тавьсан асуудлуудыг богино хугацаанд үг дуугүй холбогдох шийдвэрүүдийг гаргаж өгөх, эрхийн хувьд хязгаарлагдмал болчихоод байгаа хортой нөлөө байгаа юм...” гэсэн мэдүүлэг /36хх-155-156/,

шинжээч Х.Ж-н “... Ерөнхийд нь аваад үзэх юм бол Монголд ашигтай зүйл биш гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч С.Т-н “... “Э Р” ХХК-ийн 100 хувийн охин компаниудыг оруулахаар тусгаагүй учраас тэдгээр охин компаниудын татварын орчинг тогтворжуулах үндэслэлгүй гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд, шүүгдэгч М.Э нь “Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий  ажлын хэсгийг ахалж ажиллахдаа “Т Т-н нүүрсний орд”-ыг ашиглахтай холбогдон гарсан УИХ-ын болон Засгийн газрын тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, тэдгээрийн хэрэгжүүлэх асуудлыг зохицуулсан холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Монгол Улсад ашиггүй байх нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэн УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн нь гэрээний нэг тал болох хамтарсан консорциумд  давуу байдал болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн байцаасан тэмдэглэлүүд, гэрчийн мэдүүлгүүд, УИХ-с байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “...Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч, энэ тухай Ерөнхийлөгчид мэдээлж байна...” гэжээ.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Зөвлөл нь хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн асуудлаар шийдвэр гаргах бөгөөд тэр нь зөвлөмжийн шинж чанартай байна...” гэж зааснаас үзэхэд Засгийн газрын гишүүн М.Э нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн шийдвэрийг биелүүлэх, түүнд нийцүүлэн холбогдох арга хэмжээ авах үүрэгтэй байжээ.

Прокуророос шүүгдэгч М.Э-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг буруутгэх үндэслэлгүй байна.

Учир нь, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” талаарх гэмт хэргийн нийтлэг шинжүүдийг хуульчилсан.

2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу  албан тушаалын байдлаа урвуулах, мөн хуулийн 264 дүгээр зүйл буюу Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн зохих заалтуудад нэгтгэн хуульчилсан тул энэ хуульд нийцүүлэн тайлбарлах шаардлагатай.

Иймд М.Э-г 2013-2015 онд үйлдэгдсэн хэрэгт прокуророос 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжид агуулгын хувьд шилжүүлэн зүйлчилсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ ...Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ...” гэж, Эрүүгийн хуулийн еранхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална...” гэж тус тус хууль ёсны зарчим болон эх сурвалжийг тодруулан хуульчилсан.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Төрийн албан тушаалтан” гэж: (|) оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран”, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэх үедээ Засгийн газрын гишүүн, ажлын хэсгийн ахлагч, төслийн захирлаар ажиллаж байсан шүүгдэгч М.Э нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтанд”-д хамаарна.  

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор төгсдөг. 

Харин хохирол, хор уршгийн хувьд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцийн хэрэгжүүлэх зорилгод, түүнд дурьдсан гэмт хэрэг нь энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ төрийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй” гэж заасан нь гэмт хэргийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй байхаар тусгагдсан.

Анхан шатны шүүх М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн нэгтгэн зүйлчилсэн нь түүний эрх зүйн байдал дээрдүүлсэн төдийгүй, энэ байдлыг Олон Улсын гэрээ, конвенцид нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх хууль зүйн үндэслэлийн хүрээнд шүүгдэгч М.Э-н албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалын байдлаа урвуулсан 2 үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264 дүгээр зүйлээр давхар зүйлчлэх нөхцөл байдал байгаа боловч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилсэн хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264 дүгээр зүйлээр давхар зүйлчлэн 2 удаа ял оногдуулсан тохиолдолд шүүгдэгч М.Э-н эрх зүйн байдал дордох бөгөөд харин 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн тохиолдолд нэг удаа ял оногдуулах эрх зүйн үндэслэл үүсчээ.

Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийн талаар ийнхүү дүгнэхдээ,  2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зуйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг  хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасныг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, шадар сайд М.Э-н ахалсан ажлын хэсгийн боловсруулсан Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төсөл нь Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн батлагдах эсэхээс үл хамаарч тухайн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх зорилгоор боловсруулан өргөн барьсанаар түүний албан тушаалын хувьд чиг үүргийн бүрэн эрхийн хязгаар нь дуусгавар болох тул энэ хүрээнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийнэ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүн М.Э-н эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд Т Т-н нүүрсний орд”-д хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах ажлын хэсгийг хариуцан холбогдох гэрээний төслийг боловсруулсан асуудлын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Шүүгдэгч М.Э-н хувьд Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах төслийг боловсруулж, уг үйл ажиллагааг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарч таслан зогсоогдсоноор гэмт хэрэг төгссөнд тооцогдоно.

Иймд шүүгдэгч М.Э-г “Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Т Т-н ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолын хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах, үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах хугацаандаа тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж “Ш Э, Э Р болон С  корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, шүүгдэгч М.Э нь Т Т-н цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын компанийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 130.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, төслийн нэгжийн хэрэгцээнд авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг зөрчжээ.

Тухайлбал, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэх үедээ Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан шүүгдэгч М.Э “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна. 

  Түүнчлэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг…” ойлгох бөгөөд шүүгдэгч М.Э нь өөрийн хамаарал бүхий харилцаатай, төрсөн дүүгийн хүүхэд болох төрсөн дүү М.Ч болон түүний хүү О.А нарын компанийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 130.000.000 төгрөгөөр албаны хэрэгцээнд автомашин худалдан авч байгаа тэрхүү үйлдэл нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад орших энэхүү хуулийн зорилтод харшилж байна.

 Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан М.Э нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг мэдсээр атал тийнхүү ашиг сонирхлын зөрчилтэй этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан үйлдэл гэж үзнэ.

Ийнхүү хууль бус үйлдлийн улмаас Т Т станц төсөл нэгжийн удирдах албан тушаалтан М.Э-н хууль бус гэрээний үнийн дүн болох 130.000.000 төгрөгийн дүнгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөрөнгийн үнэлгээний “Гэрэгэ эстимэт” ХХК-иас компаниас “Лексус 570” автомашины үнэлгээг шинжээч Д.Ганбаатар ижил төстэй, зах зээл дээр борлуулахаар зарлагдсан автомашины мэдээллийг авч зохих тохируулгад хийж үнийг тооцоолсоныг буруутгах үндэслэлгүйн гадна тухайн үеийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авсан байх боловч одоо уг машиныг төслийн нэгж ашиглаж байгаа байдлыг харгалзан шинжээчийн дүгнэлтийн үнийн зөрүүгээр хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно” гэж заажээ.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах шинжээчдийг томилжээ.

Дээрх байдлуудаас үзэхэд, шүүгдэгч М.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч М.Э-н Т Т-н цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамаарал бүхий этгээдийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус-570 маркийн автомашиныг 130.000.000 төгрөгөөр буюу тухайн үеийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр худалдан авч Эрчим хүчний яаманд 130.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр,

мөн шүүгдэгч М.Э-н Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Т Т-н нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах, үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах хугацаандаа тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Ш Э, Э Р болон С  корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон сүүлчийн үйлдлийн хувьд Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарснаар таслан зогсоогдсон, төгссөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3-т “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн этгээд нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт нь шинээр тоолно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд оруулна тооцно” гэж тус тус хууль үйлчлэх цаг хугацааг зааж өгчээ.

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тоолох хууль зүйн үндэслэлгүй болно.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

Шүүгдэгч М.Э-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүйн гадна Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй талаар хуульчилсан байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс М.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй тул давж заалдах шатны шүүхээс уг зүйлчлэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.

            Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Оросоо, Ч.Эрдэнэбат, Ц.Цэлмэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу бичсэнийг зөвтгөж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолын: 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... мөн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт зааснаар ...” гэснийг “... мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...”  гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Оросоо, Ч.Эрдэнэбат, Ц.Цэлмэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР