Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/459

 

 

 

 

 

 

      2022           4            28                                       2022/ДШМ/459

 

Б.Мд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,    

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Энхбаатарын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Мд холбогдох эрүүгийн 2111012060364 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 3,260.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гүнтийн хяналтын цэгийн авто зогсоолд байрлуулсан ...улсын дугаартай “Toyota Estima” маркийн тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 3,260.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу улирал тутам 1 удаа Сонгдо эмнэлэгт очихоос бусад тохиолдолд шүүгдэгчийн оршин суух газар болох ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... тоотоос гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 3.259.9 грамм жинтэй “өвс” мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Энхбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгслээс 3260.2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр уг бодис нь НҮБ-ын 1971 оны “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай болох нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан.

Шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, мөн бэлтгэсэн, хадгалсан гэх гэмт хэргийн хоёр шинжийг харгалзан үзэхгүйгээр “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзэж” гэсэн дүгнэлт хийж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэх бөгөөд ял хөнгөдсөн гэж үзнэ.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Шүүгдэгч Б.Мн өмгөөлөгч Б.Энхболдын прокурорын бичсэн эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: “Прокурор нь анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх 3 нөхцөлийн чухам аль нөхцөл байдал тогтоогдсон талаар эсэргүүцэлдээ дурдаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан талаараа мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба анхан шатны шүүх ч энэ дээр дүгнэлт өгсөн юм.

Прокурор нь шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, гэмт хэргийн 2 шинжийг харгалзан үзэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэх бөгөөд ял хөнгөдсөн гэж үзнэ хэмээн дүгнэсэн байна. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн хэмжээ, тухайн гэмт хэргийг хэдэн шинжээр үйлдэх нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хамаарахгүй юм.

Б.М нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй, насан туршийн өвчин болох кроны өвчин туссан бөгөөд анхан шатны шүүхээс түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь оновчтой, шударга ёсны зарчимд нийцсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Мн өмгөөлөгч Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр миний үйлчлүүлэгч Б.Мг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болохыг тогтоосон. Бидний зүгээс анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцүүлэхээс өмнө материалаа бүрдүүлж өгсөн байсан ч шийтгэх тогтоол гарсны дараа шийдвэр нь гарсан тул энэ талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч байна. Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж тайлбарлахад, Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, прокуророос шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нөхцөлийн чухам аль нөхцөл байдал тогтоогдсон талаар эсэргүүцэлдээ дурдаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан талаараа мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгсөн. Прокурор эсэргүүцэлдээ “шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, гэмт хэргийн хоёр шинжийг харгалзан үзэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэх бөгөөд ял хөнгөдсөн гэж үзнэ” хэмээн дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн хэмжээ, тухайн гэмт хэргийг хэдэн шинжээр үйлдэх нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хамаарахгүй юм. Б.М нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй, хүнд өвчин туссан бөгөөд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгчийн оршин суух газраар хязгаарласан хязгаарлалтыг өөрчлөн, зорчих эрхийг хязгаарлах ялыг хориглосон бүсийг Улаанбаатар хотын хэмжээнд тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би багаасаа удамшлын дархлааны өвчтэй байсан. Том болоод өвчин маань хүндэрч хоёр удаа нарийн, бүдүүн гэдэсний хагалгаанд орж, одоо хүртэл сайн дээрдээгүй байна. Гэрлээр лобараторид ургуулсан өвс халдварыг 5-6 дахин саармагжуулдаг гэсэн тул би зэрлэг өвс түүж, сүүнд хандалж ихийг бэлтгэх гэж байсан. Тухайн үед эхнэр маань жирэмсэн байсан тул сандарч гүйсээр байгаад тээврийн хэрэгслийнхээ багажинд хийснээ мартсан байсан” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

 

Шүүгдэгч Б.Мгийн 2021 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 3,260.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гүнтийн хяналтын цэгийн авто зогсоолд байрлуулсан ...улсын дугаартай “Toyota Estima” маркийн тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 3,260.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзэв.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байвал зохино.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахдаа хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, уг бодисыг агуулсан түүхий эдийн хэмжээ зэрэгт бодитой дүгнэлт хийлгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан нөхцөлд хамаарч байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор М.Энхбаатарын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.М нь 70 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан талаарх баримтыг гаргаж өгсөн бөгөөд давж заалдах шатны шүүх уг баримттай холбоотой асуудлаар дүгнэлт хийгээгүй болно. Харин анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ уг нотлох баримтыг шүүгдэгчийн хувийн байдалд хэрхэн нөлөөлөх, оногдуулах ял шийтгэлд хэрхэн нөлөөлж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР