| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/1069/З |
| Дугаар | 128/ШШ2026/0383 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2026/0383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* ХХК /РД:5652049/
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Маргааны төрөл: Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******, А.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” шийдвэрээр татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид “Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг 5 жилийн хугацаатай олгохыг хариуцагчид буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах” гэж эцсийн байдлаар тодруулсан.
Нэхэмжлэгч Т******* ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид “Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг 5 жилийн хугацаатай олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр анх захиргааны хэрэг үүсгэсэн.
2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/766 дугаар тушаалаар Т******* ХХК-нд 0000043 дугаартай Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл 1 жилийн хугацаатай олгогдсон.
2.1. Нэхэмжлэгч Т******* ХХК нь дээрх түр зөвшөөрлийг авснаас хойш үйлдвэрлэлийн барилгын ажлыг дуусган, туршилт хийж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон гэж үзэн Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрлийг авахаар 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/13 дугаар , 20258 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25/24 дугаар “Зөвшөөрөл хүсэх тухай” албан бичгүүдээр тус тус Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд хандсан.
2.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл нь Т******* ХХК-ийн хүсэлтийн дагуу Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрөл олгох асуудлыг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцээд №01 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцээд №02/01 дугаартай Хурлын тэмдэглэлээр 5 жилийн хугацаатай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэсэн.
Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №02 дугаартай хурлын тэмдэглэлээр “...Т******* ХХК-ийн нэг жилийн түр зөвшөөрлийн хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт-шинжилгээний дүнг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгох хуулийн зохицуулалттай тул үйл ажиллагаатай нь танилцан дараагийн хурлаар оруулахаар” шийдвэрлэсэн.
2.3. Улмаар дээрх хурлын шийдвэрийн дагуу Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрлийг гаргуулахаар 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 25/77 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Т******* ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандсан.
2.4. Дээрх хүсэлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаар албан бичгээр хариу хүргүүлснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ерөнхий сайдад 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25/82 дугаар албан бичгээр хандахад, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тус гомдлыг шийдвэрлүүлэхээр 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ХЭГ/3001 дугаар албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид шилжүүлсэн хэдий ч холбогдох хариуг өгөөгүй байна.
2.5. Нэхэмжлэгч Т******* ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг эс зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байна.
3. “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Байгаль орчны судалгаа шинжилгээний төвөөс 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 149 дугаартай албан бичиг, түүнийг хавсралтаар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай "Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл"-ийг ирүүлсэн. Уг албан бичиг, хурлын тэмдэглэлээс манай компанид 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байсан тул тусгай зөвшөөрлөө гаргуулан 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 25/77 дугаартай албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандаж тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн боловч 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 05/5239 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр “...хяналт шалгалтын багийн өгсөн зөвлөмж болон зөрчлийг хэрхэн арилгасан талаарх тайлан мэдээллийг танай компани ирүүлээгүй байна. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний А/727 дугаар тушаалаар батлагдсан "Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл"-д ..., холбогдох бусад баримт материал болон тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ ирүүлнэ үү" гэсэн хариуг өгсөн бөгөөд энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэр юм.
3.1. Учир нь манай компани тусгай зөвшөөрөл авахаар 2025 оны 01, 03 дугаар саруудад "Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл"-д хүсэлт гаргахад шаардлагатай бүх баримтуудыг хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар бичиг баримтын бүрдэл дутуу бол ажлын хоёр өдрийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэж бүрдлийг хангуулдаг баримт бичгийг бүрдэл хангасны үндсэн дээр "Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл"-ийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргадаг бөгөөд үүний дагуу шийдвэрлэгдсэн.
3.2. Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хурлын шийдвэр хүчин төгөлдөр байхад яамнаас дахин шинээр 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан “Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл”-д хүсэлт гаргаж дахин шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт “Шуурхай, тасралтгүй байх”, 4.2.5 дахь хэсэгт “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8 дахь хэсэгт “хууль, ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцээгүй шийдвэр байх бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “Хуульд зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардахгүй байх” гэж заасан хуулийн заалтыг тус тус зөрчиж Зөвшөөрлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулиудад тусгай зөвшөөрөл авахад шаардагдах бичиг баримтуудын жагсаалтад тусгагдаагүй баримтуудыг шаардаж буюу хууль зүйн үндэслэлгүй шаардлага тавьж түүндээ үндэслэн шинээр байгуулагдсан Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд дахин материал бүрдүүлж хүсэлт гарга гэж татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэгэнт тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байхад дээрх үндэслэлээр дахин тусгай зөвшөөрөл хүсэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.1-д заасан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд дараахь төрлийн зөвшөөрөл олгоно”, 37.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 37.3-т заасан хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт-шинжилгээний дүнг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгоно”, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1 дэх хэсэгт “Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно” 1.5 дахь хэсэгт “Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин Боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж тус тус зохицуулснаас үзэхэд аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн тусгай зөвшөөрлийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам олгохоор байна.
3.3 Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана” 5.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийг ажлын 10 өдрийн дотор”, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргана", Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.1-д заасан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд дараахь төрлийн зөвшөөрөл олгоно” гэснийг тус тус зөрчиж Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гарсан байхад нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг олгохгүй, хууль бус шаардлага тавьж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь хууль бус юм.
3.4 Мөн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичигт "Хяналт шалгалтын багийн өгсөн зөвлөмж болон зөрчлийг хэрхэн арилгасан талаарх тайлан мэдээллийг танай компани ирүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд манай компани уг зөвлөмжийн тайланг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 25/39 дугаартай албан бичгээр Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, ажлын хэсгийн гишүүн Ж.Б*******д хүргүүлсэн байдаг.
3.5. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаартай "хариу хүргүүлэх тухай" шийдвэрээр татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид “Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг 5 жилийн хугацаатай олгохыг хариуцагчид буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгаж өгнө үү” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон түүний үндэслэлдээ:
“...Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр “Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 100 хувь саналаар 5 жилийн хугацаатай олгох”-оор шийдвэрлэсэн байна.
4.1. Авлигатай тэмцэх газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн “хуулийн хэрэгжилтийн талаар” 03/8780 дугаартай албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/105 дугаар тушаалаар баталсан "Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг шинэчлэн батлах тухай" тушаалыг хууль тогтоомжид нийцүүлэх, арга хэмжээг авч Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 05 сарын 20-ны дотор тушаалыг шинэчлэн ирүүлэхийг даалгасан.
4.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Тушаалд өөрчлөлт оруулах тухай" А/473 дугаар тушаалаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн.
4.3. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05, 03 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар удирдах ажилтны шуурхай хурлын 30-д Аюултай хог хаягдал, тээврийн хэрэгслийн тос, тослох материалын хаягдал зайлуулах үйл ажиллагаанд тусгай удирдамжаар хяналт шалгалт хийх, 16-д Салбарын хяналтын газрын хяналт шалгалтыг хог хаягдал, химийн бодис зэрэг тодорхой хүрээнд үр дүнтэй шалгах ажлын төлөвлөгөө гаргаж, хяналт шалгалт хийх үүргийг дахин өгсөн.
4.4. “Бохирдолгүй Орчин-Бидний үүрэг” аяны хүрээнд аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх Байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Химийн хорт Болон аюултай бодисын тухай, Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд 2025 онд Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/11 дугаартай удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний хооронд хийж, бодит нөхцөл байдлыг тогтоох, холбогдох арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор төлөвлөгөөг баталж ажилласан байна. Уг аяны хүрээнд аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Салбарын хяналтын газар, Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрууд хамтран хяналт шалгалтыг хийж, хяналт шалгалтын дүнд үндэслэн Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яаманд 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11/4302 дугаартай албан бичгээр чиг үүргийн асуудлыг нь харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн.
4.5. 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23/77 албан тоот хүсэлтийн дагуу Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 /4952 тоот албан бичгээр зөрчлийг арилгасан эсэх талаарх тайлбар мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Д.Б*******д мэдээлэл ирүүлэх тухай хүсэлтийг хүргүүлсэн. Т******* ХХК нь 2502000282 дугаартай зөрчлийн хэрэг, зөрчлийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу Нийслэлийн байгаль орчны газар шалгагдаж байсан тул зөвшөөрлийн асуудлыг түр хойшлуулсан. Дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд Т******* ХХК нь тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй, хөрсний шинжилгээг тогтмол хийлгэж хэвшээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тусгагдаагүй хаягдлын сан, цөөрөм байгуулсан, нэрэх процесс болон үйл ажиллагаанаас агаарт ялгарах хийг хянах системгүй, хаягдал хийг шатаах технологи нь байгаль орчинд алдагдахаас сэргийлсэн битүүмжлэлгүй, нэрэх, ууршуулах системээс үүссэн хүнд болон хөнгөн, шингэн хаягдлыг цуглуулах, хуримтлуулах тоноглолгүй нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3,9.5, Хог хаягдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах устгах болон бүртгэх, тайлагнах журмын 8 дугаар зүйлийн 8.4-д заасныг зөрчсөн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд тусгагдаагүй усан сан үүсгэсэн, үйлдвэрлэлээс гарсан шатахуун хадгалах нөөцийн ган сав /ёмкость/-ыг хөрсөнд байрлуулсан, ажилласан тос, масло буюу түүхий эд бүтээгдэхүүний хуванцар савыг аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулахад хадгалаагүй задгай байрлуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн байдаг.
4.6. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/2805 дугаартай албан бичгээр Т******* ХХК-д хийсэн хяналт шалгалтын дүнгээр Төгс билэг инженеринг ХХК 64% буюу “их эрсдэлтэй” дүнтэй гарсан. Түр зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан, үйлдвэрээс гарсан битум нь газрын хөрс бохирдуулсан, үйлдвэрийн барилга дотор агуулах болгосон, цахилгааны шит ил утас байрласан гэх мэт зөрчилтэй. Нөгөө талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхдээ Хог хаягдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан аюултай хог хаягдал, дахин боловсруулах, устгахад тавигдах шаардлагыг хангуулж ажиллуулах үүрэг өгсөн.
4.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;" гэж зохицуулсан.
Хог хаягдлын тухай 25 дугаар зүйлд аюултай хог хаягдал, тээвэрлэх, цуглуулах, хадгалдах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох нь хүн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй зөвшөөрөл байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 2/байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах; үүрэгтэй.
4.8. Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоо батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам"-ын 5.5 дахь хэсэгт “Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгэмд урьдчилан тооцоолоогүй сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох төрийн байгууллагууд нь төсөл хэрэгжүүлэгчээс нэн даруй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардана”, 5.6 дахь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь энэ журмын 5.5-т заасан шаардлагыг биелүүлээгүй, сөрөг нөлөөллийг арилгах талаар тодорхой арга хэмжээ аваагүй тохиолдолд холбогдох төрийн байгууллага уг төслийн үйл ажиллагааг тухайн сөрөг нөлөөллийг арилгах хүртэл түр түдгэлзүүлнэ.” гэж заасны дагуу дээрх зөрчлийг арилгуулсны дараа тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлсэн.
4.9. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1 дэх хэсэгт "Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:", 54.1.1. заалт "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус", 54.1.6 дахь заалт "нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа", 54.2 дахь хэсэг "Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана.", 54.3. Шүүгч дараахь үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана:", 54.3.1 дахь заалт "энэ хуулийн 54.1.1-д заасан шаардлагыг хангаагүй", 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалт "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэснийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Т******* ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан ... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид “Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг 5 жилийн хугацаатай олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага анх тус шүүхэд гаргасан.
2. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа ... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” шийдвэрээр татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид “Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг 5 жилийн хугацаатай олгохыг хариуцагчид буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах гэж тодруулан маргасан.
3. Т******* ХХК-нд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/766 дугаар тушаал[1]-аар 0000043 дугаартай Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл[2]-ийг нэг жилийн хугацаатайгаар олгожээ.
4. Нэхэмжлэгч Т******* ХХК нь дээрх түр зөвшөөрлийг авснаас хойш үйлдвэрлэлийн барилгын ажлын дуусган, туршилт хийж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон гэж үзэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрөл-ийг авахаар 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/13 дугаар[3], 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25/24 дугаар Зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг[4]-үүдээр тус тус хандсан.
5. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Т******* ХХК-ийн хүсэлтийн дагуу Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцээд №01 дугаартай Хурлын тэмдэглэл[5]-ийн ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: хэсгийн 9-д Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Энэ хуулийн 37.4-т “Энэ хуулийн 37.3-т заасан хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт шинжилгээний дүнг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгоно” гэж заасны дагуу “Т*******” ХХК-ийн “Ашигласан тосноос дизелийн түлш болон дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн” төсөл дээр үйл ажиллагаа эрхлэх таван жилийн хугацаатай зөвшөөрлийг олгохоор тогтов, ДҮГНЭЛТ: хэсэгт ... Хог хаягдлын тухай хуулийн 37.4-т заасны дагуу 2 аж ахуй нэгжид 37.1.2-д заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл мөн 2 аж ахуй нэгжид Хог хаягдлын тухай хуулийн 37.4 Энэ хуулийн 37.3-т заасан хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горимтой танилцсаны үндсэн дээр тусгай 5 жилийн зөвшөөрлийг олгохоор тус тус шийдвэрлэв гэжээ.
6. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №02 дугаартай Хурлын тэмдэглэл[6]-ийн ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: хэсгийн 5-д Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар ... “Т*******” ХХК-иуд нь нэг жилийн түр зөвшөөрлийн хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт-шинжилгээний дүнг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгох хуулийн зохицуулалттай тул үйл ажиллагаатай нь танилцан дараагийн хурлаар оруулахаар шийдвэрлэв гэж, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №02/01 дугаар Хурлын тэмдэглэл[7]-ийн 5 дах хуудасны ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: хэсэгт Ингээд хуралд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар “Т*******” ХХК-нд 5 жилийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэв гэж тус тус дурдсан байна.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/11 дугаар Аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамж[8]-ийн дагуу хяналт шалгалтад аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хавсралтад тусгагдсан аюултай хог хаягдал дахин боловсруулах тусгай зөвшөөрөл эзэмшигч объектыг хамруулан хяналт шалгалт хийсэн байх бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/11 дугаар Аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай Хяналт шалгалтын танилцуулга[9]-ын 6 дугаар зүйлийн 6.2.1-д ... Т******* ХХК нь ... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд тусгагдаагүй, усан сан үүсгэсэн, үйлдвэрлэлээс гарсан шатахуун хадгалах нөөцийн ган сав /ёмкость/-ыг хөрсөнд байрлуулсан, ажилласан тос, масло буюу түүхий эд бүтээгдэхүүний хуванцар савыг аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулахад хадгалаагүй задгай байрлуулсан талаар дурдаж, улмаар Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгавар[10] гарсан байна.
8. Дээрх хяналт шалгалтын дагуу нэхэмжлэгч Т******* ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25/39 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг[11]-ийн хавсралтаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 25/34 дугаар албан бичиг, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврын дагуу хийгдсэн ажлын баримтыг Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б*******д тус тус хүргүүлжээ.
9. Нэхэмжлэгч Т******* ХХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 25/74 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг[12]-ээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд хандан тус компанид 5 жилийн тусгай зөвшөөрөл олгох асуудлаар мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гарсан эсэх, уг дүгнэлтээр тусгай зөвшөөрөл олгосон, олгохоос татгалзсан эсэх талаар мэдээлэл авах хүсэлтийн хариуд тус зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг[13]-ээр ... Танай хүсэлтийг Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шуурхай хурлаар хэлэлцэж, Хог хаягдлын тухай хуулийн 37.4-т заасны дагуу тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн гээд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл болон шийдвэрийг хавсралтын хамт хүргүүлж, мэдэгдсэн байна.
10. Үүний дагуу тус компаниас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 25/77 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг[14]-ээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдад хандан Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрөл-ийг олгох хүсэлтийн хариуд тус яамны Байгаль орчин үнэлгээ аудитын хэлтсийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг[15]-ээр ... Дээрх “Хяналт шалгалтын баг”-ийн өгсөн зөвлөмж болон зөрчлийг хэрхэн арилгасан талаарх тайлан мэдээллийг танай компани ирүүлээгүй байна. Иймд БОУАӨ-ийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/727 дугаар тушаалаар батлагдсан “Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл”-д зөрчлийг арилгаж, зөвлөмжийг биелүүлсэн талаарх ажлын тайлан, холбогдох бусад баримт материал болон тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ ирүүлнэ үү гэх хариуг өгчээ.
11. Хэрэгт авагдсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №01, 02 дугаар, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №02/01 дугаар Хурлын тэмдэглэлүүдийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан М.С*******ыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, тодруулахад ... Аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Байгаль орчны судалгаа шинжилгээний төвөөр дамжуулан хүсэлтээ ирүүлдэг. Тухайн хүсэлтийг Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлөөс хоёр удаа хэлэлцэж шийдвэрлэсэн, ... 2025 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн хурлаар Т******* ХХК-нд тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн, Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэг удаа хуралдсан, ... 2025 оны 04 дүгээр сарын 29-ний хурлаар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцсэн тусгай зөвшөөрлүүдийн шийдвэрийг албажуулах зорилготой хурал байсан, ... Миний хувьд эцсийн шийдвэр бол Т******* ХХК-нд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн, ... Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөл олгохдоо магадлан шалгах ажиллагаа хийх ёстой байдаг. Энэ ажиллагааг хийхийн тулд ажлын хэсэг байгуулагдсан. Хог хаягдлын тухай хуульд заасан аюултай хог хаягдал тул заавал Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлттэй байх ёстой. Магадлан шалгах ажиллагаа гэдэг нь тухайн хүсэлт нь баримт бичгийн бүрдэл хангасан гэх процесс судалгааг хийн материал бүрэн хүсэлтүүдийг хэлэлцдэг гэж мэдүүлсэн.
12. Түүнчлэн тус захиргааны хэрэгт 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч Ж.Б*******гийн өгсөн гэрчийн мэдүүлэг[16]-т ... 2025 оны салбарын ерөнхий байцаагчийн баталсан хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлагдсан, ... Хяналт шалгалтыг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний шаардлага биелүүлээгүй үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 3 сая төгрөгийн шийтгэлийг Зөрчлийн тухай хуулиар оногдуулсан. Шийтгэл оногдуулж албан даалгаврын биелэлтийг хангуулахаар оногдуулсан. Шийтгэл оногдуулж албан даалгаврын биелэлтийг хангуулахаар Т******* ХХК-нд 2025 оны 06 сард үүрэг болгосон. Уг үүрэг даалгаврын дагуу Т******* ХХК-аас тайлангаа ирүүлсэн байдаг, ... Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний шаардлага буюу ТЭЗҮ байгаль орчны үнэлгээнд тусгагдаагүй хөргөлтийн системийг ашиглаж байсан тул арга хэмжээ авсан. Задгай буюу бассейн хөргөлтийн системийг гадна талыг нь газрын төвшнөөс дээш үерийн ус орохооргүй, 1,6 метр өндөртэй төмөр сав байрлуулж, албан даалгаврын биелэлтийг гаргаж өгснийг хүлээн авсан гэж мэдүүлсэн.
13. Ийнхүү нэхэмжлэгчээс холбогдох баримтуудыг бүрдүүлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасны дагуу тус зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 31, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар Т******* ХХК-ийн Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрөл-ийг олгох асуудлыг хэлэлцээд нийт гишүүдийн 100, 75%-ийн саналаар олгохыг тус бүр зөвшөөрсөн байх боловч, хариуцагчаас нэхэмжлэгчид Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлээгүй байна.
14. Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.1-д заасан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд дараахь төрлийн зөвшөөрөл олгоно”, 37.1.2 дахь хэсэгт “үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”, 37.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 37.3-т заасан хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт-шинжилгээний дүнг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгоно” гэж, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1 дэх хэсэгт “Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно”, 8.1.1.5 дах хэсэгт “аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж тус тус заасны дагуу уг тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгох асуудлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам шийдвэрлэх зохицуулалттай байна.
15. Гэтэл нэхэмжлэгчид Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгохоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл хэлэлцэж дүгнэлт гаргасан, нэхэмжлэгч нь “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврын дагуу хийгдсэн ажлын тайлан, холбогдох баримтыг эрх бүхий этгээдэд буюу Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүргүүлсэн байхад уг асуудлыг шийдвэрлээгүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүй нь Хог хаягдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, төрийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрлийг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болгон өөрчилж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндсөн байна гэж үзлээ.
16. Тухайлбал, Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.1-д заасан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд дараахь төрлийн зөвшөөрөл олгоно”, 37.1.2 дахь хэсэгт “үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”, 37.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 37.3-т заасан хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт-шинжилгээний дүнг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгоно” гэж тус тус заасан байхад хуулийн дээрх заалтыг зөрчиж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/727 дугаар тушаалаар батлагдсан, шинээр байгуулагдсан Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл-д ажлын тайлан, холбогдох бусад баримт материал болон тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг дахин ирүүлэх шаардлага тавьж, уг асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.
17. Дээрх үндэслэлээр, нэхэмжлэгч нь Аюултай хог хаягдал тээвэрлэх,
цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг ханган хүргүүлсний үндсэн дээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан, хариуцагчийн тавьсан нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлж, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврын дагуу хийгдсэн ажлын тайлан, холбогдох баримтыг эрх бүхий этгээдэд хүргүүлсэн, тус компанийн эзэмшиж байсан түр зөвшөөрөлтэй холбогдуулан аливаа иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргаагүй, маргаагүй байхад нэхэмжлэгчид Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
18. Шүүхээс хариуцагч захиргааны байгууллагад “Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг 5 жилийн хугацаатай олгох”-ыг шууд даалгах боломжгүй, тухайлбал, захиргааны байгууллагын өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс шууд оролцохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэж, Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2, 37.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1, 8.1.1.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т******* ХХК-нд Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР