Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 313/ШШ2025/00457

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Баяндалай сум, *******, *******

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /РД: /, Өмнөговь аймаг, Баяндалай сум, *******, *******

Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.******* миний бие Д.*******тэй 2002 онд танилцаж, 2003 онд нэг гэрт орж амьдран 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, амьдарсан. Энэ хугацаанд бидний дундаас 2003 оны 07 дугаар 21-ний өдөр хүү Б., 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин М., 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин Б.. 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр охин Б. нар төрсөн. Д.******* нь 21 жил амьдрах хугацаанд удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан. 6-7 удаа миний биед халдаж зодож дарамталж байсан. Ямар ч шалтгаангүйгээр хүнээс мөнгө зээлд олон саяын өр зээл тавьсан, үр хүүхэд бид бүгдийг ална гэж айлган сүрдүүлж буу барьдаг гэх зэрэг шалтгаанаас болж Д.*******тэй таарч тохирохгүй, үзэл бодол нийлэхгүй болсон Д Бат-Эрдэнийн энэ хууль бус дарамт шахалт айлгасан сүрдүүлсэн байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Бид одоо эргэж амьдрах ямар ч боломжгүй болсон. Д.Бат-Эрдэнийн гэр бүлийн энэ хүчирхийллээс болж би хүүхдүүдийн хамт сүүлийн нэг жилийн хугацаанд 2 удаа хамгаалах байранд орж байна. Д.******* нь сүүлд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №73 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлсэн. Хүү Б охин Б. нар нь нас биед хүрсэн бөгөөд би 2 бага хүүхдээ өөрийн асрамжид авна.

Иймд миний бие Д *******эс гэрлэлтээ цуцлуулж, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.. 2016 оны 02 дугаар сарын 21-ний төрсөн өдөр охин Б. нарыг өөрийн асрамждаа авч, 2 хүүхдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй, 22 жилийг хамт өнгөрүүлсэн. Энэ хугацаанд Д.******* гэр бүлээс гадуурх харилцаа удаа дараа үүсгэж байсан. Жишээ нь танилцсаны дараа хуучин эхнэрээ дагуулж ирж байсан. Хариу тайлбартаа миний нэрийг цэвэрлэж өнө үү, би гэр бүлээс гадуур харилцаа гаргаж байгаагүй гэсэн байна. Энэ хүн Баяндалай сумын намайг таних, миний мэдэх бүх эмэгтэй хүмүүс рүү насанд хүрэгчдийн кино явуулж, харилцаа үүсгэх гэж чат бичдэг байсан. Гэр бүл тусгаарлахад хүмүүс хэлсэн. Ийм нотлох баримтууд олон байгаа. Гэр бүлийн дунд зөвшилцөл байхгүйгээр удаа дараа өр, зээл тавьж байсан. Энэ өр, зээлийг хэзээ, хаана тавьсан нь мэдэгдэхгүй, гэнэт хүмүүс залгаад эхнэр нь мөн үү? танай хүн зээл аваад алга болчихлоо, эргээд утас нь холбогдохгүй байна гэх мэтчилэн дарамт их ирдэг. Одоо ч ирсээр байгаа. Би 03 дугаар сард гэрээсээ гараад одоо 6 сар болж байхад өр тавьсаар, нөгөө хүмүүс нь ярьсаар байгаа. Өмнөх жил 11 дүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд удаа дараа буу барьж хүүхэд биднийг хашааны чинь үүдэнд байна, одоо өөрийгөө буудах гэж байна, тэр дов, жалганд байна гэдэг байдлаар сар гаруйн хугацаанд буу барьж гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад оруулж байсан. Эхний ээлжид гэр бүлийн хүрээнд шийдвэрлэнэ гээд хэлэхгүй нэг хэсэг байсан. Сүүлд нь болохгүй болоод цагдаа, сэргийлэхэд мэдэгдэж энэ хүнийг 21 хоногийн баривчилгаанд оруулсан. Энэ хугацаанд 4 хүүхдийн хамт 2 удаа Өмнөговь аймгийн тусгаарлах байранд орж байсан. Энэ хүн гэр бүлээ хүчирхийлж байна гэж мэддэггүй. Хүчирхийлэл гэдэг үг хаанаас сурсан юм гэдэг байдалтай. Гэрээсээ гараад 6 сар болсон шалтгаан нь энэ хүн архи, согтууруулах ундааны зүйл уугаад бид хоёр хамт байх үедээ үргэлж хэрүүлтэй байдаг. Энэ хүн явахгүй байсан учраас үр хүүхдүүдээ тайван байлгахын тулд би явсан. Энэ хүн хүүхдүүдийнхээ нүүрэн дээр олон удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан учраас би 2 бага хүүхдэдээ маш их санаа зовж явдаг. Манай том охин төрийн албан хаагч. Гэтэл энэ хүний өр тавьсан хүмүүс нь залгаад эцэг чинь хаана байна? утас нь холбогдохгүй байна, надаас мөнгө зээлсэн гэж асуудаг. Миний хүүхдүүд хүртэл сэтгэл санааны дарамттай байгаа. Энэ хүн миний хаана явж, хаана амьдарч байгаа гээд бүх газрыг судлаад явж байдаг. Найз нөхөд, танилуудад намайг таарсан газар нь ална, энийг хэн ч биш болгоно гэсэн сүрдүүлсэн байдалтай ярьж явдаг. Би энэ хүнээс үнэхээр их айж байгаа. Ийм учраас гэртээ очиж чаддаггүй. 6 сарын хугацаанд шүүх хурал шийдэгдэх хүртэл өөрийн аюулгүй байдлыг хангаад айл, айлаар амьдраад явж байгаа. Өөрийн 2 охиноо өөрөө өсгөнө. Энэ хүнд хэзээ ч өгөхгүй. Энэ хүн насанд хүрээгүй хүүхэд рүү насанд хүрэгчдийн кино явуулж чат бичдэг. Энэ хүний гар дээр 2 охиноо үлдээнэ гэхээс айдаг. Тийм учраас энэ хүний хажууд хүүхдээ үлдээхгүй, өөр дээрээ авах хүсэлтэй байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бат-Эрдэнийн хувьд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гардаж авсан. Хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй. 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариу тайлбар гаргаж өгсөн. 20 жилийн хугацаанд хамт амьдарсан. Энэ хугацаанаас хойш үзэл бодол нийлэхгүй, айж ичээсэн, хүүхдүүдийнхээ хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа нөхцөл байдал хурцадлаа. Сүүлийн бүлэгт энэ асуудлыг тэвчиж байгаад цагдаагийн байгууллагад ханддаг боллоо, хүүхдээ дагуулаад хамгаалах байранд хэд хэдэн удаа орлоо. Энэ нөхцөл байдлыг тэвчиж тэвчиж, гэрлэлт цуцлуулах асуудлыг шүүхийн байгууллагаар шийдүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэдэг байдалтай явсан. 3 дугаар сараас хойш тусдаа амьдрах хугацаанд Э.******* бид 2 хэд хэдэн удаа уулзсан. Тэгэхэд мессеж, чатаар янз бүрийн байдлаар охин нь ч юм уу? бичлэг явуулдаг. Шүүх хуралдаанаас өмнө бас бичлэг хийгээд явуулсан. Энэ юмнуудыг бид 2 чатаар, мессежээр үзэж харж байсан. Гэсэн хэдий ч 20 жил амьдарсан нөхрийнхөө мууг үзэхгүй, ийм бичлэг, мессежийг тавихгүй, хэргийн материалд өгөхгүй, нэгэнт хүлээн зөвшөөрөөд тайлбар өгөхгүй байгаа учир бид 2 ярилцаад нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй. Гэрлэлт цуцлах шалтгаан нөхцөл нэлээн хурцадчихсан, үзэл бодол нийлэхээ байсан, сэтгэл хөрсөн байдлыг удаа дараа ярьдаг. Хамгаалах байранд ч мөн сэтгэл зүйчтэй 2 удаа уулзаж нөхцөл байдлаа тэмдэглүүлсэн. Э.*******ын хувьд хариуцагчийн гэр бүлээс гадуурх харилцаа, нэг биш хүнтэй уулзаж учирсан энэ нөхцөл байдлыг үнэхээр тэсэж тэвчихгүй, өдий хүрлээ гэдэг зүйлийг ярьдаг. Өр тавьдаг санхүүгийн хариуцлага байхгүй, янз бүрийн өр нэхэгддэг учраас тэвчишгүй байна гэсэн зүйл ярьдаг. Зун шүүхийн шийдвэр гараад, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас хашаа байшинг нь битүүмжлэх бичиг очсон гэдэг үүднээс нь би Шийдвэр гүйцэтгэх газраас лавлаж асуусан. Өр төлбөртэй асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд шилжээд, ажиллагаа хийгдээд явж байгаа нөхцөлүүд байдаг. Энэ мэтчилэн нөхцөл байдлыг эмэгтэй хүн тэсэж, тэвчиж давахгүй гээд өөрийгөө золиослоод үр хүүхдээ сайн сайхан орчинд амгалан тайван амьдруулъя гээд энэ нэхэмжлэлээ гаргасан. Э.*******ын хувьд салах шалтгаанаа хангалттай тайлбараараа нотолж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 73 тоот шүүхийн шийтгэврээр энэ хүн гэр бүлийнхээ амгалан тайван байдал алдагдуулсан, танхайрсан нөхцөл байдалд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан нь нотлогдсон байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол, учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан. Ийм үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учраас Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар У.*******, Д.******* нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг гаргаж байна. Хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг мөн шаардаж байгаа. Хүүхдүүдийн хувьд хичээл, сургууль орохоор зайлшгүй сургуулиа солих үндэслэл байхгүй учраас Баяндалайд хаягтаа гэртээ аавтайгаа амьдардаг. Зун ээжийгээ дагаад хүүхдийн санал дээр Цэцийд хичээл, сургуульд сурсан гэх нөхцөл байдлыг ярьдаг. 2 талд хүүхдүүд явж, суудаг асуудал байдаг. Д.Бат-Эрдэнийн хувьд тусдаа амьдаръя гэж ярьдаг хэдий ч та хэд эндээ тайван амьдар гээд яваад өгчихдөггүй учраас Э.*******ын хувьд хуулийн байгууллагад хандаад, шийдвэр гартал ямар нэгэн байдлаар өөр газар, хүүхдүүдтэйгээ уулзаж учраад явах асуудлаа өөрөө шийдээд явсан. Хүүхдүүдийн саналыг авсан. 9 настай, 14 настай. Энэ 2 охины хувьд хүүхдийн санал авахад ээжтэйгээ хамт амьдарна гэсэн. Энэ саналыг мөн харгалзаж үзээд хүүхдийг ээж Э.*******ын асрамжид үлдээж Д.*******эс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг оруулж байна гэв.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүний ярьж байгаагаар удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэж үргэлж ярьдаг. Тэр нь нотлох баримттай, шүүхээр шийдэгддэг гэдгийг мэдэж байсан. Тэр хүнийг очоод чи манай нөхөртэй холбоотой гээд зодсон, дарамталсан, түүнийгээ өөрөө надад үзүүлж байсан. Өрөөндөө хүн зодсоноо надад хэлж байсан. Ямар учиртай ингээд байдаг юм бэ? үнэхээр тэгж байдаг бол шүүх, цагдаагаар учрыг нь олуулъя, чиний яриад байгаа хүмүүсийг дагуулаад шүүх, цагдаа дээр шийдүүлье, гэхээр надад баримт байхгүй, чи намайг шоронд хийх гэж байна уу? намайг буруутгах гэж байна уу? гэдэг зүйлийг хэлдэг. Өөр хүүхэн гэж яриад байгаа. Би болсон процессыг зах зухаас нь ярьж өгөх үү? Эмэгтэй хүнтэй мэнд мэдээд өнгөрөх, яриад байж байхад чи энэнтэй холбоотой гээд эхэлдэг. Хүн зодсон гэдэг нь сумын Тамгын газарт ажилладаг нэг охин байдаг. Би тэр хүнийг танихгүй, найз нөхдийн холбоогоор тэр хүнтэй холбогдож үзээгүй. Ажлын шугамаар 2 удаа ажил дээр нь уулзсаныг энэ хүн өөрөө мэдэж байгаа. Тэгээд би тэр хүнийг чинь ална, намайг хэн гэдгийг харж байгаарай, мэдэж байгаарай гэж заналхийлсэн.

Хардаж, сэрддэг асуудал байнга болдог. Арай л төрсөн эхтэйгээ хардахгүй. Тэр хүмүүс нь ийм, тийм гээд бүгдийг нь мэдэх байх. Тэр хүмүүстэй холбоо тогтоож байгаагүй. Төрсөн дүүгийнхээ хүүхэдтэй ч хардаж байдаг. Надад тэр хүнтэй тэгсэн гэх юм байхгүй. Өр, зээлийн хувьд хорин хэдэн жил амьдрахдаа хэдэн хүүхдээ идэх хоолтой, өмсөх хувцастай авч явж байсан. Би хүнтэй наймаа хийдэг ч юм уу, хүнтэй юм өгч аваад тохирчихсон байдаг. Гэтэл энэ хүн голоор нь орж ирээд энэ хүн чинь хулгайч, луйварчин, тэгж болохгүй, юм авч болохгүй, шүүх, цагдаад аваачиж өг, шоронд ороход бэлэн болчихсон байгаа гэсэн асуудал үүсгээд, мушгиад байдаг. Миний өмнөөс энэ хүн өр төлөөд явсан гэдэг нь өр, зээл байдаг, төлдөг, өгч авдаг. Тэр болгон дээр ганц нэг удаагийн оролцоотойгоор төлөгдсөн зүйл байдаг. Түүнийгээ би энэ хүнийг тэжээдэг гэж найз нөхөд, бүхий л хүмүүст ойлгуулдаг. Би 20 жил тэжээлээ, энэ хүн 20 жил өр тавьсан, 20 жил хүүхэнтэй орооцолдож явлаа, 20 жил үүнийг хаацайллаа гэж ярьдаг. Ийм мөнгө төгрөгтэй гэж ярьж, ойлгуулдаг. Сүүлд нэг хүүхэнтэй хардсан нь сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, байгууллагын эрхлэгч нар, ард иргэдээс гээд олон хүн аялалд явуулахад нь би хамт явсан. Яваад ирэхэд хардаад эхэлсэн. Чи тэрэнтэй учиртай гэсэн, энэ хүнийг чинь би ингэж дарамталж байгаа, хэн ч биш болгож байгаа гэж надад үзүүлж байсан. Та хоёр холбоотой болоод энэ хүүхэн чинь намайг блок хийсэн гэж ярьсан. Тэрний өмнө Тамгын газрын нэг хүнтэй 2 удаа орж уулзахад, чи тэрэнтэй салахаа байсан гэж байна гээд эхэлсэн. Тэрийг чинь би дарамталж байгаа, зодсон, юу ч хийж чадахгүй намайг, шүүх, цагдаад өгнө гэсэн, гэхдээ чадахгүй байгаа юм чинь та хоёр үнэн байж таарна гэдэг. Энэ хүнтэй хорин хэдэн жил амьдрахад маш их хэмжээний өр зээл гарч ирнэ гэдэг. Сүүлийн үед болсон процессоос ярихад нэг хүнтэй наймаа хийе, адуу мал авъя гэж тохироод хэдэн төгрөг өгсөн. Нэг, хоёр хоногийн дараа нөгөө хүн залгаад авгай чинь яриад байна, хорин хэдэн жил би өрийг нь төлөөд явж байгаа, энэ хүн луйварчин, хулгайч, шүүх, цагдаад нь өг, шоронд ороход дөхөж байгаа гэж хэлсэн гэсэн. Хүүхэнтэй мессеж бичсэн утсыг чинь үзнэ гэхээр нь утсаа үзүүлсэн. Устгачихсан байна, байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь чи ч гэсэн байнгын мессеж бичиж байдаг, чиний утсыг үзье гээд зэрэгцэж сууж байгаад үзэхэд хамгийн эхний мессеж нь өмгөөлөгч гэсэн байсан. Ороод үзэхэд энэ хүнийг яаж хорлох вэ? яаж чадах вэ? гэж асуусан байсан. Нөгөө хүн нь гэртээ агсам, согтуу тавих нь уу? гэрийнхээ юмыг эвдэх нь үү? ямар нэгэн байдлаар уурыг нь хүргэхээр ямар байдал гаргахыг нь гэрчлэх байдлаар баталгаажуул гэсэн зөвлөгөө өгсөн байсан. Ямар учиртай ингээд байгаа юм бэ? гэхэд энэ олон юм байхад заавал энийг олж хардаг нь ямар учиртай юм бэ? гээд уурлаад эхэлсэн. Тэгээд хэлэхээр би ийм хүн, эрх мэдэлтэй найз, нөхөдтэй, би ийм мундаг эмэгтэй, чамайг би хэн ч биш, юу ч биш болгоно, чи үхээрэй, сэхээрэй, чиний аль мууг чинь үзнэ гэдэг. Тэгэхээр нь чамтай хэрүүл хийж байснаас тусдаа байя гээд гараад явдаг. Сүүлийн 2, 3 жилийн байдлаар хэдэн морь уяад морин дээрээ очоод байхаар араас элдэв янзаар хэлдэг. Ямар учиртай юм бэ? Нүүр нүүрээ харж байгаад болъё, болохгүй бол хоёр тийш болоод тус тусдаа хэдэн хүүхдээ наана, цаана гээд явъя гээд яваад очихоор өмнөөс цагдаа гараад ирдэг. Яасан бэ? гэхээр цагдаа нь энэ хүн намайг ална гээд дарамтлаад байна, яг алах гээд байна гээд дуудлага өгсөн, та согтуу байгаа юм уу? гэдэг. Би эрүүл байна, энэ хүнтэй уулзах гээд хөдөөнөөс ирлээ гэдэг. Сүүлийн нэг жил ийм байдалтай байсан. Ярилцъя гэхээр чамтай юу ярьдаг юм гэдэг.

Би архи уудаггүй, гэртээ нэг удаа согтуу орж агсам согтуу тавьж үзээгүй. Энэ хүн өөрөө байнгын хүнтэй нийлсэн, ууж идсэн, гэртээ орилж хашхирсан, хэдэн хүүхдүүдээ тийм байдалтай, уйлуулаад, чарлуулаад, хажууд сахиад зогсчихдог. Тийм байдлыг өөрөө үүсгэдэг. Надад хэлэхдээ чамайг би шоронд хатаана, аль мууг чинь үзнэ, чи эр хүн шиг юм бол үхчхээрэй, сэхчхээрэй гэдэг. Хүүхдээ өөр дээрээ авъя гэж байна. Хамгийн сүүлийн процесс нь мөнгөний асуудал гарсан. Цалин чинь орсон уу? гээд асуусан. Сүүлийн 2 сар ажил хийгээгүй учраас жилийн сүүлээр цалин орохгүй байх гэсэн. Миний цалин орчихсон байна гэсэн. Миний утас дуугараад надтай өр, авлагатай байсан хүн залгаад авгай чинь над руу мессеж бичээд дарамтлаад байна, би наад хүнийг чинь 20 жил тэжээсэн, одоо өр авлагыг нь өгч чадахгүй, шүүх, цагдаад нь хэлээд шорон руу нь явуул гэж хэлсэн гэсэн. Утсаа таслаад ямар учиртай юм бэ? гэхэд хуц, солиор гээд эхэлсэн. Тэгээд чамтай маргалдаж байхаар гээд гараад явахад манай охин зөрөөд орсон. Гэтэл охинд аав чинь ийм л хүн, цалин нь орчихсон байна, би сая нягтлангаас асуулаа, цалин мөнгөө нуугаад, өр зээл тавиад, гадуур хүүхэн эргүүлээд явдаг хүн гэж хүүхдийн тархи угаагаад ярьж байсан. Хамаатан садан, найз нөхөд бүх хүмүүстээ тэгж яриад, ухуулга хийчихсэн. Өөрөө бас шүтээн, бөө гээд явдаг. Тэр мөргөж байгаа хүмүүстээ манай нөхөр ийм арчаагүй, адгийн муухай хүн, би тэжээгээд өдий болгосон, хөөгөөд явдаггүй гэж ярьдаг. Тэр нь захаасаа надад сонсогдоод эхэлсэн. Э.*******ын нөхөр аюултай хүн байдаг гэж байна, зоддог нүддэг, хулгай хийдэг, харахад гэмгүй хүн шиг байсан, байнгын мөнгө зээлдэг, хулгай хийдэг гэж ярьсан байна. Тэр шүтээн нь сайн шүү гэдэг болохоор би ийм сайн хүн, би мундаг эмэгтэй, би бүгдийг нь захирч байна гэдэг болчихсон. Таарсан хүндээ Д.******* намайг таарсан газраа ална гэж хэлсэн гэдэг. Би хүний урамд чамайг ална, чамайг тэгнэ гэж хэлж байгаагүй. Муудалцаад би гарч яваад хэд хоноод ирдэг. Намайг хүн муу хэлнэ гээд үр хүүхдээ бодъё, сайхан амьдаръя гээд 2, 3 хонодог. Гаднаас хүн ороод ирэхээр хэлсэн үгэндээ эзэн болох гээд намайг дийлэх гэсэн сонин араншинтай болдог. Ямар учиртай юм бэ? гэхээр хуц, солиор гээд эхэлдэг. Надаас айгаад зугтаагаад яваад байна гэж байна. Хүүхдүүд нь байж л байсан, эгчийнх нь хүүхдүүд мөн байж л байсан. Ямар учиртай хүүхдүүд рүү мессеж бичээд байгаа юм бэ? гэхээр хуц, солиор гээд хашхичаад байдаг. Тэгээд гарч явах гээд үүдэнд очоод гутлаа өмсөхөд араас миний найз нөхдийг хараарай, миний хамаатан садныг хараарай, шүүх цагдаагаар дүүрэн миний найз нөхөд, хамаатан садан байгаа, чиний мууг үзнэ гэж хэлсэн. Намайг хөөгөөд, туугаад байна гэдэг нь өөрийнх нь ааш нь тийм. Хэдэн хүүхдээ айлгаж, агсам согтуу тавьдаг, олон хоног нойргүй хонуулж байсан. Би хүүхдүүдээсээ ээж нь хаана байна вэ? болж байна уу? бүтэж байна уу? хэл авч байгаарай, хэл авахгүй бол та нар намайг тоосонгүй гээд хашхичаад загнаад эхэлнэ шүү гэж хэлсэн. Хүүхдүүд аав таныг асууж байсан гэж хэлдэг байх. Тэгээд тэрийг мушгиад намайг алах гээд хөөгөөд байгаа гэж ярьдаг гэв.

Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.*******, Д.Бат-Эрлэнэ нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин М.гийн төрсний гэрчилгээний хуулбар, охин М.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүү Б.Мөнх-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, охин Б.гийн төрсний гэрчилгээний хуулбар, охин Б.гийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймаг, Баяндалай сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 39 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ЗШ/73 дугаартай шийтгэвэр зэрэг болно.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, хоёр хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 21 жил амьдрах хугацаанд удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан. 6-7 удаа миний биед халдаж зодож дарамталж байсан. Ямар ч шалтгаангүйгээр хүнээс мөнгө зээлээд олон саяын өр зээл тавьсан, үр хүүхэд бид бүгдийг ална гэж айлган сүрдүүлж буу барьдаг гэх зэрэг шалтгаанаас болж Д.*******тэй таарч тохирохгүй, үзэл бодол нийлэхгүй болсон Д Бат-Эрдэнийн энэ хууль бус дарамт шахалт айлгасан сүрдүүлсэн байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна... гэж тайлбарладаг.

2. Хариуцагч гэрлэлт цуцлуулахгүй, тусдаа амьдран, хүүхдүүдээ өөр дээрээ авна. Тэтгэлэг төлөхгүй гэсэн тайлбар гаргадаг.

3. Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

3.1. Э.*******, Д.******* нар нь 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болсон болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон талуудын тайлбараар нотлогдож байна.

3.2. Тэдний дундаас 2005 оны 02 дугаар 22-ны өдөр охин М. төрсөн. Одоо 20 нас 07 сар 01 хоногтой, 2003 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Б. төрсөн. Одоо 22 нас 02 сар 2 хоногтой, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин Б. төрсөн. Одоо 14 нас 4 сар 4 хоногтой, 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр охин Б. төрсөн. Одоо 8 нас 7 сар 2 хоногтой байна.

3.3. Охин Б.гийн төрсний гэрчилгээнд: эцгийн овог *******, эцэг /эх/-ийн нэр *******, нэр ******* гэж бичигдэж захиргааны журмаар эцгийг тодорхойлжээ.

3.4. Охин Б.гийн төрсний гэрчилгээнд: эцгийн овог *******, эцэг /эх/-ийн нэр *******, нэр ******* гэж бичигдэж захиргааны журмаар эцгийг тодорхойлжээ.

3.5. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ЗШ/73 дугаартай шийтгэврээр ******* овогт *******гийн Бат-Эрдэнийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан орон байранд хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрах зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар зөрчилд холбогдогч Д.*******д 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 25 /хорин тав/ цагийн албадан сургалтад хамруулж шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.

Хариуцагч Д.Бат-Эрдэнийн зөрчлийн үйлдэл нь гэр бүлийн гишүүдэд айдас дарамт бий болгосон, түүний улмаас хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн шийтгэврийн хуудас зэргээр тогтоогддог тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж гэрлэлтийг шууд цуцалж шийдвэрлэв.

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах... нь эцэг, эхийн аль алиных нь үүрэг байхаар заажээ.

Гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн тул насанд хүрээгүй охин Б., Б. нарын асрамжийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа гэсэн тайлбар гаргадаг боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.

Эх Э.******* нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд харшлах нөхцөл байдал шалтгаан тогтоогдоогүй, хүүхдүүдийн нас, хүйс, ахуйн нөхцөл бололцоо, өсөж суралцаж, ээнэгшсэн байдал, амьдарч дассан орчин зэргийг өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдоогүй, түүнчлэн тэдний саналыг үндэслэн охин Б., Б. нарыг төрүүлсэн эх Э.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг.

8. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын таарамжгүй байдлын улмаас хүүхдүүд эцэг, эхийн анхаарал халамжид байх, тэдэнтэй байнгын харилцаатай байх эрх ашиг нь хөндөгдсөн байна.

9. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт ...тэжээн тэтгэх нь эцэг, эхийн аль алиных нь үүрэг байхаар заажээ.

Эцэг, эх тусдаа амьдарсан ч асарч хамгаалах, тэжээн тэтгэх, анхаарал халамж тавих үүрэг хэвээр үргэлжлэх тул эцэг Д.******* нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж үзэв.

10. Охин Б., Б. нарын эцэг Д.******* мөн болох нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй охин Б., Б. нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

11. Хэрэгт охин Б., Б. нарын төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн гэрчилгээ хуулбар хувиар авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заажээ. Дээрх нотлох баримтад тэмдэглэгдсэн бичилт, тамга тэмдэг зэрэг нь бүрэн, бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлэгдсэн, гэрлэсний бүртгэлийн лавлагаа нь төрийн нэгдсэн системээр дамжуулан цахимаар авсан байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож тус тус үнэлэв.

12. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б., Б. нарыг 18 насанд хүртэл эх Э.*******ын асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******эс 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б., 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******эс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохигчид гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******эс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ