Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00547

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02678 дугаар шийдвэртэй

Д.Цгийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Сод холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,000,000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Д.Ц 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Х маркийн мотоциклыг 23,000,000 төгрөгөөр Г.Сод худалдсан юм. Тухайн үед Г.С нь 4,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 19,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөхгүй байгаад гомдолтой байна. Иймд Г.Соос мотоциклын үлдэгдэл төлбөр 19,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагч Г.Сын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Би Д.Цгоос 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Х маркийн мотоциклыг 23,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, түүнд 4,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 19,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэж тохирсон боловч бусад шалтгаанаас болж төлж чадаагүй нь үнэн. Миний хувьд 19,000,000 төгрөгийг төлөх нь үнэн, надад байгаа тоног төхөөрөмжийг зараад төлнө гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Соос гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цгоос улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 252,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Соос улсын тэмдэгтийн хураамжид 252,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Г.Сын давж заалдах гомдлын агуулга: ... Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрөх болсон шалтгаан маань миний хувьд тухайн тээврийн хэрэгслийг өөрөө авсан боловч нэр шилжүүлж өгөөгүй учир шууд өөрийн өмч болсон гэж тооцохгүй, тухайн тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийн дүнг тоног төхөөрөмжийг зараад төлөхөөр бид харилцан тохиролцсон учир шууд бэлэн мөнгөөр төлбөрийн үүргийг тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь Д.Ц гэсэн нэр дээр бүртгэлгүй өөр хүний өмчлөлд бүртгэлтэй байдаг атал шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Хийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:... Нэхэмжлэгчийн хүү Ц.Мангир Холбооны Бүгд Найрамдах Герман Улс дахь Монгол Улсын консулын газраар дамжуулан итгэмжлэл ирүүлсэн нь хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан. Үүгээр маргааны зүйл болох Х маркийн мотоцикл нь Ц.Мангирын эзэмшлийнх боловч тухайн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүйгээр замын хөдөлгөөнд оролцох боломжгүй учраас гэрчилгээг Г.Сод өгсөн. Харин төлбөрөө бүрэн төлсний дараа гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, Х маркийн мотоцикл нь Ц.Мангирын өмчлөлд байдаг ба тэрээр өөрийн эцэг Д.Цд итгэмжлэл олгосон. Г.Сыг үүргийн гүйцэтгэлийг хангаж төлбөрөө төлсөн тохиолдолд тээврийн хэрэгслийг шилжүүлэх байсан боловч тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй. Г.С нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар хүлээн авсан үйл баримттай маргадаггүй боловч Д.Цгийн хөрөнгө биш гэж маргадаг. Тус тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.Цд итгэмжлэл олгосны дагуу Г.Сыг үүргээ биелүүлэхийг шаардсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Г.Сод холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “...надад байгаа тоног төхөөрөмжийг зараад төлнө” гэж тайлбарлажээ.  

4. Иргэн Ц.Мангираас Д.Цд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр Х УБ 00-00 улсын дугаартай мотоциклыг зарах, эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон байна.

5. Дээрх итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Г.Стой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу хариуцагч тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, гэрээний үнэ болон мотоциклын үнэд 4,000,000 төгрөг төлсөн талаар хэн аль нь маргаагүй. /хх.5/ Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд худалдан авагч Г.С гэрээний дагуу эд хөрөнгийн үнэ төлөх үүргээ биелүүлээгүй байна.

7. Иймд худалдагч Д.Ц нь Иргэний хуулийн 186 дугаар  зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг худалдан авагчаас шаардах эрхтэй.

8. Анхан шатны шүүх хариуцагч Г.Соос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулан Д.Цд олгохоор шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 9. Хариуцагчийн “....тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг тоног төхөөрөмж зараад төлөхөөр тохирсон тул шууд бэлэн мөнгөөр төлбөрийн үүргийг тооцсоныг зөвшөөрөхгүй” гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                  

   

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

                                              ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО