Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 130

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

                                           Шүүх хуралдаанд: 

           Улсын яллагч                                          Д.Нямдэлэг

            Нарийн бичгийн даргаар                        Б.Намуунзул  нар  оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй анхан шатны шүүхэд шилжүүлсэн Боржигон овгийн Пүрэвжавын Энхбаярт холбогдох 1831000000099 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан  журмын дагуу хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1974 оны 01 сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 2 дугаар хэсэг 4 дүгээр байрны 12 тоотод оршин суух хаягтай, урьд 2002 оны 08 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Боржигон овгийн Пүрэвжавын Энхбаяр, РД: МЮ74010810

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Пүрэвжавын Энхбаяр нь 2018 оны 04 сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч, үйлчлэгч нарын өрөөнөөс Д.Пэлжидийн “Таб” нэртэй гар утсыг хулгайлан Д.Пэлжидэд 350.000 төгрөгний хохирол учруулсан”Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.                                          .

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч П.Энхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 05-нд Эмнэлэгт группээ сунгуулах гээд орсон чинь нэг асрагч шал угааж байгаад дээшээ гарсан. Тэр хавьд надаас өөр хүн байгаагүй. Тэгээд би хувцасны өрөөний шкафанд байсан цүнхэн дотроос “таб” маркын гар утсыг нь авч гараад төмөр авдаг хүнд 10.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд цааш явж байтал удалгүй араас машинтай хүмүүс ирж намайг барьсан. Би утыг нь барьцаанд тавьсан газраа зааж өгч утасны эзэн нь утсаа буцааж авсан...гэх мэдүүлэг,

2.Хохирогч Д.Пэлжидийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 08 цагийн үед ажлаасаа буух бэлтгэлээ хангаад өөрийн саарал өнгийн цүнхээ нэг давхарт үүдний хэсэгт байрлах хувцасны өрөөний төмөр цагаан өнгийн шүүгээний зүүн талаасаа 3 дахь шүүгээнд хийчихээд түгжилгүй хогоо устгахаар

гадагш гараад хогоо шатаачихаад ажил руугаа ороод шууд 2 давхар руу гарч сувилагчийн өрөөнд нэг хүнд тариа хийж байхад тогооч Өөдөс орж ирээд “Доор нэг согтуу хүн Оюунчимэгийг асуугаад байна” гэж хэлсэн. Тухайн үед Оюунчимэг ажил дээрээ байхгүй байсан. Тэгээд тариагаа хийж дуусгачихаад нэг давхар руу буугаад үүдний хэсгийг шүүрдчихээд өрөөнд хувцасны өрөө рүү ороод харахад өрөөнд байх шүүгээнүүдийн хаалга бүгд онгойсон байдалтай байхаар нь өөрийн цүнхээ хийсэн шүүгээг харахад миний саарал эрээн өнгийн гар цүнхний цахилгаан нь онгойсон байхаар нь доторх зүйлүүдийг нь хартал цагаан өнгийн Самсунг Таб загварын гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 8-9 дугаар хуудас/гэв.

          3.Гэрч Д.Наранцэцэгийн өгсөн: ....“би 2018 оны 04 сарын 30-ны өдөр ажил дээрээ ирсэн чинь миний хувцасны шүүгээг онгойлгоод миний ажлын гутлыг давхарлаад буруу харуулдаад тавьчихсан болохоор нь миний гутлыг хэн хөдөлгөөд буруу харуулчихсан юм бэ гэсэн чинь Пэлжид эгч харин миний шүүгээг онгойлгоод гар утсыг маань хэн нэгэн авчихсан байна гэхээр  нь цагдаад би дуудлага өгсөн...гэх мэдүүлэг,/ хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

            4.Гэрч О.Энхбатын өгсөн: ....“Тэгээд намайг намайг дагуулаад Баянзулын дэлгүүр лүү очоод утас өгөөдхөе гээд Баянзул руу очиход нь би гадаа үлдсэн.: Энхбаяр ороод 10000 төгрөгөөр зарсан гээд гарч ирж байсан. Тэгээд тэндээс гараад архи авч уух гэж явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг. / хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

            5.Гэрч Л.Баянзулын өгсөн.... “Өнөөдөр намайг гэртээ байхад өглөө 8 цагийн үед манай хашааны үүдэнд Энхүүлээ нэг танихгүй хүнтэй хамт ирчихсэн “утсаа зарах гэсэн юм, шартаж үхэх гэж байна” гэж хэлээд Энхүүлээтэй хамт явж байсан залуу надад цагаан өнгийн хавтгай дэлгэцтэй “Самсунг” загварийн гар утас үзүүлээд тэр гар утсаа эхлээд “50000 төгрөгөөр худалдаж ав” гэхээр нь би “надад мөнгө байхгүй”  гэж хэлсэн чинь “тэгвэл 20000 төгрөгөөр ав” гэж хэлэхээр нь би “надад байгаа нь 10000 төгрөг байна” гэж хэлсэн чинь Энхүүлээтэй явсан тэр залуу “тэгвэл одоо 10000 төгрөгөө өгөөд дараа нь үлдсэн мөнгөө өгчих” гэж хэлэхээр нь би тэр гар утсыг нь авсан. Тэгээд тэр хоёрыг явсанаас 30 минутын дараа цагдаа намайг Монгол зоог цайны газрын гадаа явж байхад хүрч ирээд хулгайн гар утас авсан талаар хэлсэн. Тэгээд намайг хулгайн гар утас худалдаж авсан байна гэж хэлээд би цагдаагийн газар ирсэн... мэдүүлэг. / хавтаст хэргийн 16-р хуудас/

            6. П.Энхбаярын 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн... “Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 07 цагийн үед найз Энхбатын хамт өөрийн группээ сунгуулахаар аймгийн нэгдсэн эмнэлэг орж, эмчид үзүүлэх дараалал авсан. Түүний дараа 08 цагийн үед Энхбатыг Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимд үлдээгээд “хүнээс мөнгө аваад ирье, наанаа байж бай” гэж хэлээд гарсан. Тэгээд Нэгдсэн эмнэлгийн урд байрлах хувийн “Анар” нэтэй эмнэлэг рүү орж үйлчлэгчээс Оюунчимэг гэх хүнээс авах байсан 5000 төгрөгийн авцаагаа авахаар орсон. Тэгсэн Оюунчимэг гэх хүн “цалин буугаагүй, мөнгө байхгүй” гэж хэлэхээр нь гарах гэж байхдаа хувцасны цагаан өнгийн шүүгээнүүдийг уудалж байтал нэг шүүгээнд нь саарал өнгийн эмэгтэй хүний гар цүнх байхаар нь онгойлгож үзтэл дотор нь цагаан өнгийн том Таб гэх гар утас байхаар нь авч халаасандаа хийгээд шууд тэндээсээ гараад Энхбаттай хамт галт тэрэгний вокзалын тийшээ алхаж “Войс” карокений хажууд гэр нь байдаг Баянзул гэх төмөр авдаг залуугийн хашааны гадна очиход Баянзул хашаандаа авсан төмөрөө янзалж байсан. Тэгээд би тухайн хулгайлсан гар утсаа гаргаад 50000 төгрөгөөр худалдах гэтэл авахгүй гэхээр нь 20000 төгрөгөөр худалдах гэтэл 10000 төгрөг л байна гэхээр нь тус мөнгийг нь аваад үлдсэн 10000 төгрөгийг нь дараа авахаар болоод архи авах гээд “Гурван мэргэд” захын тийшээ явж байтал цагдаагийн газрын Уаз маркийн автомашинтай цагдаа нар ирсэн. Тэгээд буцаж Баянзул руу очоод авсан байсан 10000 төгрөгөө буцааж өгөөд гар утсыг эргүүлээд авсан... гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

            6.Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ. / хх-ийн 26-28-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  

          7.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Энхбаярын холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн

талаар өгөх дүгнэлт:

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овгийн Пүрэвжавын Энхбаярыг 2018 оны 04 сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч, үйлчлэгч нарын өрөөнөөс Д.Пэлжидийн “Таб” нэртэй гар утсыг хулгайлан Д.Пэлжидэд 350000 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй   Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

          Учир нь: Шүүгдэгч П.Энхбаяр нь 2018 оны 04 сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч, үйлчлэгч нарын өрөөнөөс Д.Пэлжидийн “Таб” нэртэй гар утсыг хулгайлан Д.Пэлжидэд 350000 төгрөгний хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь хавтаст хэргийн 4-5 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, хохирогч Д.Пэлжидийн хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудаст өгсөн мэдүүлэг, Д.Наранцэцэг, О.Энхбат, Л.Баянзул нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас, 36 дугаар хуудаст авагдсан П.Энхбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгч П.Энхбаяр нь уг утсыг архины мөнгө олох зорилгоор үйлдсэн нь хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тэмдэглүүлсэн нь “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн агуулж байгаа тул “хулгайлах” гэмт хэрэгт түүнийг шүүх гэм буруутайд тооцох үндэслэл болов. Иймээс Пүрэвжавын Энхбаярийг Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч П.Энхбаяр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо төлж гэм хорыг арилгасан, өөрөөр хэлбэл хулгайлсан утсыг буцааж өгсөн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

          П.Энхбаярын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн хуулийн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

        Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас үүссэн хохиролыг арилгасан болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар 1-т заасан эрүүгийн хариуцлагаас ял  оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахаар тогтов. 

        Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлгүүд, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овгийн Пүрэвжавыг Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Пүрэвжавын Энхбаярт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар П.Энхбаярт 1 жилийн хугацаанд “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.  

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.  

5.Ялтан П.Энхбаяр нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.

6.П.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол уулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийн оролцогчид, эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Б.НАЦАГДОРЖ