| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2405004770299 |
| Дугаар | 2024/ДШМ/1113 |
| Огноо | 2024-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2024/ДШМ/1113
2024 10 01 2024/ДШМ/1113
Г.Бид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Намжил,
шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Б.Шихихутаг,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/624 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Б.Шихихутагийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Бид холбогдох эрүүгийн 2405 00477 0299 дүгээр хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд Б.Мийн нүүр рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г. Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Боос сэтгэцийн хор уршгийн зардалд төлөгдөөгүй үлдсэн 250.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мт олгож, хохирогч Б.М өөрт учирсан хохиролтой холбогдох гарсан зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Б.Шихихутаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүсэж давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч Б.Мийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн. Тухайлбал, Г.Бийн биед хохирогч эхэлж халдаж, гэмтэл учруулсан. Энэ талаар нотлох баримтыг анхан шатны шүүх хурал дээр гаргаж өгсөн. /Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4/
2. Г.Б нь хохирогчийн сэтгэл санааны хохиролд 2.700.000 нөхөн төлсөн, бусад үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. /Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2/
3. Г.Б нь ам бүл 4, эхнэр болон бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд гэр бүлээ тэжээн тэтгэдэг.
4. Г.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, хоёр зуун дөчин 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж тус тус заасан. Г.Б урьд нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрийг 2022, 2023 онд үйлдэж байсан бөгөөд 2024 онд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хариуцлагыг тухайн хүний нөхцөл байдал, ажилд нь нийцүүлж оногдуулахгүй, түүний гэмт үйлдэлд нийцүүлж оногдуулдаг. Урьд нь шүүх Г.Бид боломж олгож, түүний 2 удаагийн хууль бус үйлдэлд торгох ял оногдуулсан. Гэтэл Г.Б нь 3 дахь удаагаа нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдэж байгаа нь түүнийг нийгэмшээгүй болохыг харуулж байна. Иймээс анхан шатны шүүхийн Г.Бид оногдуулсан 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг түүнийг үйлдэлд тохирсон, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн Г.Б нь ял биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай тохиролцож, ялын биелэлтийг өөрийн ажлын нөхцөл байдалтай нийцүүлэх бүрэн боломжтой. Иймд шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Б.Шихихутагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд Б.Мийн нүүр рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Мийн “... Бид дөрөв тухайн бааранд ороод 0.75 мл хэмжээтэй архи, ус, ундаа зэрэг зүйлс аваад ууцгаасан. Тэгээд эсрэг талд ширээн дээр сууж байсан, хэдүүлээ явж байсныг нь сайн мэдэхгүй байна нэгэн үл таних залуу манай сандал дээр ирж суугаад байсан. Тухайн залууг Анхбаяр нь “чи ширээ андуураад байна, ширээн дээрээ суу” гээд явуулсан. Удалгүй Анхбаярын найз болох үл таних эмэгтэйг бүжгийн талбай дээр үл таних намайг цохисон гэх залуу биед нь наалдаад бүжиглээд байх шиг байсан. Би тухайн залуу дээр очоод миний дүү боль, цаашаа суу гээд шаардлага тавьтал тухайн залуу миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Миний нүүр манараад би газарт доош хараад унатал миний дээрээс хүмүүс хөлөөрөө өшиглөөд байсан, би доош хараад хэвтэж байсан болохоор намайг яг хэн хэн дэвслээд байсныг хараагүй. Эхлээд миний нүүр рүү Б гэх залуу цохиж, миний нүүрэнд гэмтэл учруулсан. ...” гэсэн /хх 22-24/,
Г.Бийн яллагдагчаар өгсөн “Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн эрэгтэй нь манай эмэгтэй найзтай бүжиглээд байсан. ...” гэсэн /хх 51-52/ тус тус мэдүүлгүүд,
таньж олуулах ажиллагаа явуулсан “Хохирогчид А4 цаасан дээр 5 хүний зураг дугаарлан харуулахад хохирогч нь өөрийн биед гэмтэл учруулсан хүнийг заав. Дээрх зургуудын 3 дугаараар дугаарласан зураг нь тухайн хэргийн сэжигтэн бөгөөд хохирогч шууд таньж байв.” гэсэн тэмдэглэл /хх 8-17/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2260 дугаартай “Б.Мийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэсэн дүгнэлт /хх 40-41/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Бийн хохирогч Б.Мийн нүүр рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Б.Шихихутаг “гэмт хэрэг гарахад хохирогч Б.Мийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн, Г.Б нь хохирогчийн сэтгэл санааны хохиролд 2.700.000 төгрөг нөхөн төлсөн, Г.Б нь эхнэр болон бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Б.Шихихутагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/624 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Б.Шихихутагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Мийн сэтгэцийн хор уршигт 250.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР