Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 313/ШШ2025/00459

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******йн ******* /РД: *******/, Улаанбаатар хот Хан Уул дүүрэг, 24 дүгээр хороо, ******* 

Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2-р баг,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* миний бие Д.*******тэй 2004 онд танилцаж 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулан албан ёсоор гэр бүл болж амьдрах хугацаандаа 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин Б., 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Б. , 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр охин Б. нарыг төрүүлсэн. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд Д.*******гийн зан ааш өөрчлөгдөж, гэрт байнгын хэрүүл маргаантай байдаг болсон бөгөөд бидний үзэл бодол нийлэхээ больсон. Энэ нь хүүхдүүдийн зан ааш хүмүүжилд сөргөөр нөлөөлж байсан тул бид ярилцаад 2023 оны 8 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Бид эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэг дээр харилцан ярилцаж тохиролцсон тул эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар маргаан байхгүй. Д.******* нь 3 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг мөн зөвшөөрсөн байгаа.

Иймд миний бие Д.*******тэй цаашид амьдрах боломжгүй тул бидний 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №33 дугаартай гэрлэлтийг цуцалж өгнө үү хэмээн хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******тэй 2007 оноос хойш гэр бүл болсон. Хориод жил хамт амьдарч 3 хүүхэдтэй болсон. Гэр бүл цуцлуулах хүсэлт гаргасан. 3 хүүхдийн тухайд том охин 06 дугаар сарын 28-ны өдөр 18 нас хүрсэн. Одоо насанд хүрээгүй 2 охин байгаа. Хүүхдүүдийн хувьд эхийнхээ асрамжид байна гэсэн. Бид хоёрын хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Хуулийн дагуу гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж хэлэх тайлбар байхгүй. Үйлчлүүлэгчийнхээ гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн дэмжиж оролцож байгаа. Хариуцагч Д.*******гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг буюу гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тайлбараа гаргадаг. Шүүх хуралдаан дээр мөн хүлээн зөвшөөрсөн тайлбараа гаргаж байна. Б.******* Д.******* нар 2007 оны 07 сарын 26-ны өдрийн 33 тоот гэрлэлтийн бүртгэлтэй, гэр бүл болон амьдарсан. Дундаасаа 3-18 насны 3 хүүхэдтэй. Тусдаа амьдраад 2 жил гаруй хугацааг өнгөрүүлсэн. 3 хүүхдийн хувьд ээж Б.*******гийн асрамж, халамжид амьдарч байгаа. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд хүүхдийн тэтгэлэг болон хүүхдийн асрамж, эд хөрөнгийн маргааныг хоорондоо харилцан тохиролцож шийдвэрлэсэн. Д.*******гийн хувьд хүүхдүүдтэйгээ байнгын холбоотой байдаг. Ажлын шаардлагаар болон хувийн шаардлагаар ирэн, очин сардаа 1-2 удаа уулздаг гэсэн нөхцөл байдлыг Б.*******гийн хувьд тайлбарлаж хэлдэг учраас Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хэсэгт зааснаар 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 33 тоот гэрлэлтийн бүртгэлийг цуцалж өгнө үү гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд оруулж байна гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.*******гээс гэр бүл цуцлах өргөдөл гарсан байна. Миний бие Б.*******тэй 2007 онд гэр бүл болж 3 хүүхдийн аав ээж болон эцэг эх иргэний үүргээ биелүүлэн ажиллаж амьдарч байна. 2003 оноос ажил амьдралын шаардлагаар тусдаа амьдарч байгаа бөгөөд Б.*******гийн гаргасан шийдвэрийг хүндэтгэж гэр бүл цуцлах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бид хоёрын дунд эд хөрөнгийн болоод бусад маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******тэй 2004 онд танилцаж гэр бүл зохиож хориод жил хамт амьдарсан. 2023 оны 07 дугаар сард миний бие Улаанбаатар хотоос Өмнөговь аймагт ажиллахаар томилогдож ирсэн. Энэ хугацаанд хоёр тусдаа байдалтай гэр бүлийн амьдрал үргэлжилсэн. Тодорхой шалтгаануудын улмаас Б.******* гэрлэлт цуцлах хүсэлт өгсөн. Б.*******гийн гаргасан хүсэлтийг хүндэтгэн үзэж ямар нэгэн асуудалгүйгээр гэр бүл цуцлахыг зөвшөөрч оролцож байгаа.

Б.*******тэй 20 гаруй жил хамт амьдарсан. Гэр бүл цуцлах үндэслэлийг нэхэмжлэгч тал гаргасан. Хүний амьдрал учраас янз бүрийн асуудал тохиолдоно. Хариуцагч талаар оролцож байгаа учраас хэлье гэж бодож байна. Цаашдаа сургамж болох эсвэл зарим талаараа бодоосой гэсэн зүйлсийг хурлын тэмдэглэлд үлдээхийг хүсэж байна. Нэгдүгээрт, миний хувьд ажил, амьдралын шаардлагаар тодорхой хугацаанд өөр газар томилогдож ажиллах, гэр бүлдээ анхаарал халамж тавих энэ зүйл маань алдагдсан гэдгийг би зөвшөөрч байгаа. Үүнтэй холбоотойгоор бид хоёрын хоорондын харилцаа, хайр халамж, зэрэг энэ асуудлууд хөндийрсөн. Үүнээс шалтгаалаад хосын амьдралын сэтгэл хөрөлт болсон гэдгийг илэрхийлэхийг хүсэж байгаа. Үүнээс болоод бид хоёрын хооронд ямар нэгэн эд хөрөнгийн, эсвэл үр хүүхдийн, нийгмийн статусын ямар нэгэн хэрүүл маргааны зүйл байхгүй. Бид хоёрын бие биеэ гэх сэтгэл хөрсөн байна. Ийм байдалтай энэ цаг хугацааг өнгөрөөж, сэтгэл зүйн залуу энэ цаг хугацаандаа дараагийнхаа амьдрал, асуудлаа шийдэх цаг хугацаа тулсан гэдгийг ярилцаж ойлголцсон гэдгийг шүүх бүрэлдэхүүнд тайлбар болгож хэлье. Гуравдугаарт хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой бид 2 тусдаа амьдарч байгаа учраас эцгийн хайр, гэрт байх эр хүний асуудлууд, орон зай үгүйлэгдэх, тодорхой асуудлууд, байхгүй байж байгаад шаардлага тавьдаг зэрэг асуудал үүсэж байсан учраас нэхэмжлэл гарсан асуудал үүссэн байх гэж миний хувьд хүлээж авч байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч өнгөрсөн хугацаанд тусдаа байх хугацаа, өөр ажилд томилогдох, цалин мөнгө, орлого олох, ийшээ тийшээ явах нь гэр бүлийнхээ төлөө гэж ухамсарлаж ажиллаж байсан. Гэхдээ ажил хийгээд амьдраад байна эсвэл өөр тийшээ яваад байна гэдэг нь өрөөсгөл байсан гэдгийг сүүлд ойлгож байна. Нөгөө талдаа 3 хүүхдийнхээ өмнө эцэг хүнийхээ хувьд хүлээсэн үүргээ биелүүлнэ, зуны амралтын хугацаанд хүүхдүүдээ авч, Б.Жигмидсүрэнгийн ажилтай байх хугацаанд хүүхдүүдээ өөр дээрээ авч, тодорхой хугацаанд цаг хугацааг өнгөрүүлэх, сургууль, боловсролын асуудлууд, бүх зүйл дээр анхаарал хандуулаад явж байгаа гэв.

Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт, Д.*******, Б.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин Б.гийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.гийн төрсний гэрчилгээний хуулбар, охин Б.гийн төрсний гэрчилгээний хуулбар, Эрдэнэ эх саран эмнэлгийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд Д.*******гийн зан ааш өөрчлөгдөж, гэрт байнгын хэрүүл маргаантай байдаг болсон бөгөөд бидний үзэл бодол нийлэхээ больсон. Энэ нь хүүхдүүдийн зан ааш хүмүүжилд сөргөөр нөлөөлж байсан гэж тайлбарладаг.

2. Хариуцагч гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн тайлбар гаргадаг.

3. Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

3.1. Д.*******, Б.******* нар нь 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болсон болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон талуудын тайлбараар нотлогдож байна.

3.2. Тэдний дундаас 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин Б. төрсөн. Одоо 18 нас 2 сар 26 хоногтой, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Б. төрсөн. Одоо 9 нас 10 сар 10 хоногтой, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр охин Б. төрсөн. Одоо 3 нас 2 сар 16 хоногтой байна.

3.3. Охин Б.гийн төрсний гэрчилгээнд: эцгийн овог *******, эцэг /эх/-ийн нэр *******, нэр ******* гэж бичигдэж захиргааны журмаар эцгийг тодорхойлжээ.

3.4. Охин Б.гийн төрсний гэрчилгээнд: эцгийн овог *******, эцэг /эх/-ийн нэр *******, нэр ******* гэж бичигдэж захиргааны журмаар эцгийг тодорхойлжээ.

3.5. Охин Б.гийн төрсний гэрчилгээнд: эцгийн овог *******, эцэг /эх/-ийн нэр *******, нэр ******* гэж бичигдэж захиргааны журмаар эцгийг тодорхойлжээ.

3.6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заажээ.

Тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 313/ШЗ2025/01153 дугаартай захирамжаар зохигчдыг эвлэрүүлэхийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид даалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 3 сараар түдгэлзүүлсэн бөгөөд шүүхээс даалгасан хугацаанд зохигчид эвлэрээгүй байна. Зохигчид шүүхээс тогтоосон хугацаанд эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

4. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах... нь эцэг, эхийн аль алиных нь үүрэг байхаар заажээ.

Гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн тул насанд хүрээгүй охин Б., Б., Б. нарын асрамжийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Насанд хүрээгүй гэр бүлийн гишүүн болох охин Б., Б., Б. нар нь одоо эх Б.*******тэй хамт амьдарч байх бөгөөд эх Б.******* нь хүүхдээ хүмүүжүүлэхэд харшлах шалтгаан тогтоогдоогүй, хүүхдүүдийн нас, хүйс, ахуйн нөхцөл бололцоо, өсөж суралцаж, ээнэгшсэн байдал, амьдарч дассан орчин зэргийг өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдоогүй тул тэднийг төрүүлсэн эх Б.*******гийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоож шийдвэрлэв.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.

6. Хэрэгт охин Б., Б., Б. нарын төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн гэрчилгээ хуулбар хувиар авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заажээ. Дээрх нотлох баримтад тэмдэглэгдсэн бичилт, тамга тэмдэг зэрэг нь бүрэн, бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлэгдсэн, гэрлэсний бүртгэлийн лавлагаа нь төрийн нэгдсэн системээр дамжуулан цахимаар авсан байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож тус тус үнэлэв.

7. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******йн *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б., Б., Б. нарыг 18 насанд хүртэл эх Б.*******гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохигчид гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ