Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 302/ШШ2025/00427

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 302/ШШ2025/00427

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Ш овогт Т-ын Б.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р конторт 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл мастераар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.Б,

Гэрч А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Т.Б нь Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р конторт 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл мастераар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р конторт 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл мастераар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна.

1.2. 2002 оны 12 дугаар сард манай байгууллага хувьчлагдсан. Тэр хооронд дахь бүх материал олдохгүй байна. Тэтгэвэрт гарах нас маань дөхсөн учраас шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн 00 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 00 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т.А, А.Б, А.О нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Засаг даргын тамгын газраас 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон Аймгийн Тэргүүний ажилтан-ны үнэмлэх, Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын 4-р контороос 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон “Хөдөлмөрийн аварга” үнэмлэх, Т.Б-ын 0000 дугаартай хөдөлмөрийн хүндэт медалийн үнэмлэх, Монгол Улсын Түлш эрчим хүчний яамнаас 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр олгосон “Эрчим хүчний тэргүүний  ажилтан” үнэмлэх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдаас 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон 109 дугаартай гэрчилгээ, Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын 4-р контороос 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон Баярын бичиг, Х аймаг дахь Эрчим хүчний барилга угсралтын “Алтай” трестийн захиргаанаас 1997 онд олгосон Аваргын диплом, Монгол Улсын Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын “Хүндэт жуух бичиг”, 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Баярын бичиг зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 462, 463, 464 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний  өдрийн 12/409 дугаар албан бичгээр ирүүлсэн Т.Б болон түүний 1991-2003 оны ХААТР маягтууд, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 383 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн “Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р контор” нь 1991-1994, 1996-2002 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа, Т.Б-ын 1995-2002 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 149 дугаартай албан бичиг, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 365 дугаар албан бичгээр Б.Ж олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р конторт 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл мастераар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. 2002 оны 12 дугаар сард манай байгууллага хувьчлагдсан. Тэр хоорондох бүх материал олдохгүй байна. Тэтгэвэрт гарах нас маань дөхсөн учраас шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан гэжээ.

5.Хүсэлт гаргагч Т.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 149 дугаартай албан бичигт хүсэлт гаргагч Т.Б-ад холбогдох ажилласан байдлыг тогтоолгох хүсэлтийн дагуу Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4 дүгээр конторын даргын 1991-2003 оны баримтуудыг архивд шилүүлээгүй болно гэх боловч хүсэлт гаргагч Т.Б нь Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р конторт 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мастераар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн №138629 дугаартай ногоон өнгийн хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог: Т, нэр: Б, төрсөн он: 1967, боловсрол: дунд, мэргэжил: барилгын техникч, хөдөлмөрийн дэвтэр олгосон: ТЭХУЯ-ны харьяа Эрчим хүчний барилга угсралтын трест гэж бичиж, тус байгууллагын тамгыг дарж, хүсэлт гаргагчийн тухайн үеийн цээж зургийг нааж баталгаажуулсан байна.

Уг хөдөлмөрийн дэвтрийн 10-1 дүгээр хуудсанд 08.Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р конторын даргын 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №19 тоот тушаалаар 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Дэд станцын барилгын угсралтыг хариуцсан мастераар авч ажиллуулав гэж,

12-13-р хуудсанд хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон 251906 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов гэж тус тус бичилт хийгдсэн байна.

6.2.Мөн хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1995 оны №251906 дугаартай цэнхэр өнгийн нийгмийн даатгалын дэвтрийн эхний хуудсанд овог: Малик, даатгуулагчийн эцэг: Тилеухабыл, нэр: Б, паспортын дугаар: 540223, бүртгэлийн дугаар: ОЙ-67010519 гэж бичиж хүсэлт гаргагчийн цээж зургийг нааж баталгаажуулсан байна.

Уг нийгмийн даатгалын дэвтрийн 22-23 дугаар хуудсанд Эрчим хүчний барилга угсралтын 4-р конторын даргын 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар мастераар авч ажиллуулав, тус контор нь хувьчлагдсан тул даргын 01 тоот тушаалаар мастерын үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэж даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлт тэмдэглэл бичигдэж, 2-17-р хуудсанд 1995-2002 онуудад төлсөн нийгмийн даатгалын шимтгэл тус тус бичигдсэн байдал,

6.3.Б аймгийн Засаг даргаас 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Аймгийн тэргүүний ажилтан, ажилчин шалгаруулах болзлыг ханган биелүүлж, хамт олон, мэргэжил нэгтнээ хошуучлан ажиллах ажлын амжилт гаргасан таныг 2000 оны аймгийн “Барилга угсралтын аварга ажилтан”-аар шалгаруулж үнэмлэх, энгэрийн тэмдэг 30000 төгрөгөөр  шагнаж Аймгийн тэргүүний ажилтан үнэмлэх  олгосон байдал,

6.4.Эрчим хүчний барилга угсралтын 4-р конторын захиргаанаас 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгууллагын 1999 оны “Хөдөлмөрийн аварга” мастер цол, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байдал,

6.5.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаар зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байдал,

6.6.Монгол Улсын Түлш, эрчим хүчний яамнаас 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн үр бүтээлийг өндрөөр үнэлж Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байдал,

6.7.Монгол Улсын Засгийн газрын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдаас 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ... баруун хязгаарын ард түмний амьдрал ахуйг сайжруулж, үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд биечлэн оролцож үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж гэрчилгээ олгосон байдал,

6.8.Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р контороос 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргагч Т.Б-ыг түлш, эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангахад хүч хөдөлмөрөө зориулаг байгааг үнэлж, Түлш эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан Баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнасан байдал,

6.9.Х аймаг дахь Эрчим хүчний барилга угсралтын “А” трестийн захиргаанаас 1997 оны 08 дугаар сард Баруун бүс нутгийг ОХУ-ын эрчим хүчний системд холбох хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг биелүүлэх явцад Х, Б, У аймгуудын цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамын бригадуудын дунд зарласан “Ажил мэргэжлийн уралдаан-д шалгарч дэд байр эзэлсэн Т.Б-д өнгөт телевизороор шагнаж диплом олгосон байдал,

6.10.Монгол Улсын Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдаас хүсэлт гаргагч Т.Б-д Монгол Улсын Хил-У хот, Ө сумын өндөр хүчдэлийн шугам, байгууламжийг барьж байгуулахад идэвх зүтгэлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг үнэлж, ЭХГУУЯ-ны “Хүндэт жуух бичиг”-аар шагнасан байдал,

6.11.Б аймгийн Засаг даргаас 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргагч Т.Быг Эрчим хүчний 70 жилийн ойг тохиолдуулан тус салбарт он удаан жил хөдөлмөрлөснийг үнэлж Баярын бичиг, мөнгөн шагналаар шагнасан байдал,

6.12.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12/409 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Т.Бын Гэрлэснийг бүртгэх анкетийг 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгэсэн байх ба уг анкетэд ...3. нөхрийн РД:ОЙ67010519, 4.овог нэр: Тын Б, 5.Байнга оршин суух хаяг: Б, Ө, ... 13.Ажилладаг байгуулага: ЭХБУТ 4-р контор, 14.эрхэлдэг ажил: мастер, 15.нийгмийн бүлэг: албан хаагч ... гэж,

БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтад ... 14.Ажилладаг байгууллага: Б барилга трест, эрхэлдэг ажил: барилгын мастер ... гэж тус тус бүртгэгдсэн байдал,

6.13.Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 383 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 96 дугаартай Архивын лавлагаанд тус газрын архивд Ө сумын “Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р контор нь “Шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1991, 1992,м 1993, 1994 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэж, ... Ө сумын “Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р контор нь 1996-2002 онуудад шимтгэл төлөлтийн тайлан /НД-7, НД-8/-г тус газарт ирүүлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Харин 1995-2003 онуудад шимтгэл төлөлтийн тайлан /НД-7, НД-8/-г нийгмийн даатгалын газарт ирүүлж тооцоо хийгээгүй болохыг тодорхойлов гэх ба тус албан бичгээр ирүүлсэн Т.Бын хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаанд 1995-2001 онуудад төлсөн нийгмийн даатгалын шимтгэл тус тус бичигдсэн байна.

6.14.Гэрч Т.А, А.Б, А.О нарын ... Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р конторт 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллах байх хугацаанд Т.Б нь мөн хугацаанд тус байгууллагад мастераар ажиллаж байсан гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон А.Б-ын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

7.Харин хүсэлт гаргагчаас Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р конторт 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл мастераар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч дээрх хугацаанд ажилласныг шууд нотлох баримт байхгүй байх тул хүсэлтийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8.Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Т.Б нь Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р конторт 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мастераар ажиллаж байсныг тогтоож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш овогт Т-ын Б нь Б аймгийн Эрчим хүчний барилга угсралтын трестийн 4-р конторт 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК