Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 302/ШШ2025/00428

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 302/ШШ2025/00428

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам.

Хүсэлтийн шаардлага: Америкийн Нэгдсэн Улсын иргэн /1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, гадаад паспортын дугаар:00000000/ ноён П.Ж.Б-ыг нас барсан гэж зарлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам нь Америкийн Нэгдсэн Улсын иргэн /1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, гадаад паспортын дугаар:00000000/ ноён П.Ж.Б-ыг нас барсан гэж зарлах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б аймгийн У сумын нутаг дэвсгэрт орших Алтай таван богд ууланд авиралт хийхээр яваад эргэж ирээгүй сураггүй алга болсон Америкийн Нэгдсэн Улсын иргэн /1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, гадаад паспортын дугаар:00000000/ ноён П.Ж.Б-ыг нас барсан гэж зарлаж бидний ажилд тус болно уу.

1.2.Сураггүй алга болсон иргэний эцэг эх нь түүний санхүүгийн хөрөнгийг эцэслэн шийдвэрлэхийн тулд нас барсны гэрчилгээ авахад Элчин сайдын яамнаас туслалцаа хүссэн гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШЗ2024/03336 дугаартай шүүгчийн захирамж, Америкийн Нэгдсэн Улсын иргэний нас барсан байдлыг тогтоолгох тухай ар гэрийн хүсэлт эх хувиар болон  орчуулгын хамт, сураггүй алга болсон иргэний эцэг эхийн гадаад паспорт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон орчуулгын хамт, сураггүй алга болсон хүний гадаад паспортын лавлагаа зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 30/151 дугаар албан бичгээр ирүүлсэн Б  аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/58 дугаартай Аврах бүлэг томилон ажиллуулах тухай тушаал хавсралтын хамт, Б аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн итгэх хуудас зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б аймгийн У сумын нутаг дэвсгэрт орших Алтай таван богд ууланд авиралт хийхээр яваад эргэж ирээгүй сураггүй алга болсон Америкийн Нэгдсэн Улсын иргэн /1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, гадаад паспортын дугаар:00000000/ ноён П.Ж.Б-ыг нас барсан гэж зарлаж бидний ажилд тус болно уу. Учир нь, сураггүй алга болсон иргэний эцэг эх нь түүний санхүүгийн хөрөнгийг эцэслэн шийдвэрлэхийн тулд нас барсны гэрчилгээ авахад Элчин сайдын яамнаас туслалцаа хүссэн гэжээ.

5.Хүсэлт гаргагч Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Америкийн Нэгдсэн Улсын иргэн /1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, гадаад паспортын дугаар:00000000/ ноён П.Ж.Б-ыг нас барсан гэж зарлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1.Хүсэлт гаргагч Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн тус улсын иргэн П.Ж.Б-ы пасспортын лавлагаанд ... Америкийн Нэгдсэн Улс, төрөл: Р, код: АНУ, пасспортын дугаар:00000000, овог: Б, нэр: Ж. А, иргэний харьяалал: Америкийн Нэгдсэн Улс, төрсөн огноо: 1949/08/17, төрсөн газар: АНУ, Кентаки, пасспорт олгосон огноо: 2018/05/10,  дуусах хугацаа: 2028/05/09, тэмдэглэл: 51-р хуудсыг харна уу, хүйс: эрэгтэй, эрх бүхий байгууллага: АНУ Төрийн Департамент ... гэж бичигдсэн байна.

6.2.Мөн тус иргэний эцэг эхээс Монгол Улсын шүүхэд гаргасан хүсэлтэд ... 2019 оны 09-р сарын сүүлээр, бидний хүү, П.Б-нь Монгол Улсад ганцаарчилсан уулын авиралт хийхээр аялалд гарсан билээ. Тэрээр гэртээ хэзээ ч эргэж ирээгүй бөгөөд одоогийн байдлаар, сураггүй алга болсноор бүртгэгдсэн. Иймд, бид хүүгээ нас барсан хүнээр зарлуулах хүсэлтэй байна. Тэрээр, сураггүй алга болох үедээ гэрлээгүй байсан бөгөөд түүний ганц охиныг нь төлөөлөн, эцэг эхийн хувиар, хэргийг хаах хүсэлтийг хүргүүлж байна. Бидний асуудалд анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Хүндэтгэсэн П.Б-ны эцэг эх, Ж болон Ж.Б ... гэжээ.

6.3.Б аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 30/151 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/58 дугаартай “Аврах бүлэг томилон ажиллуулах тухай” тушаалын нэг дэх заалтаар тус аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр баг “Цагаан гол” багийн нутаг дэвсгэрт АНУ-ын иргэн П.Д/40 настай, эрэгтэй/ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08:10 цагаас эхэлж ууланд авиралт хийхээр явсан, товлосон хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр уулнаас бууж ирэх ёстой байсан ч одоо хүртэл эргэж ирээгүй гэсэн дуудлагын дагуу Эрэн, хайх аврах бүлгийг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс томилон үүрэг гүйцэтгүүлэхээр, хоёр дахь заалтаар аврах бүлгийн бүрэлдэхүүн, техник, багаж хэрэгслийг хавсралтаар баталсан байх ба уг тушаалын хавсралтаар нийт 9 хүнийг  томилсон байна.

6.4.Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр танаа гэж хаягласан Өндөр ууланд эрэн хайх ажиллагаа явуулсан тухай Б аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн итгэх хуудсанд тус аймгийн У сумын 1-р “Их ойгор” багийн нутаг дэвсгэр Алтай таван богд уулын орчимд 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22.11 цагт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км, У сумын төвөөс 195 км баруун хойд/ АНУ-ын иргэн П.Д /40 настай, эрэгтэй/ алга болсон гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад З.Азатаар ахлуулсан 9 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй эрэн хайх, аврах бүлгийн бүрэлдэхүүн 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн өглөөний 05:00 цагт байнгын байрлалаас хөдөлгөөн үйлдэж 16:05 цагт Алтай таван богд уулын хормой (“B.С”)-д хүрэлцэн очсон.

Мөн өдрийн 17:00 цагаас 19:00 цагийн хооронд бүлгийн бүрэлдэхүүн 2 хуваагдаж эхний бүлэг Александрын мөсөн голын эргээс дунд хэсэг хүртэл 1 км-ийн тойрогт, хоёр дахь бүлэг Александрын мөсөн голын эргээс Ботанин мөсөн голын эрэг хүртэл 3 км,

...тавь дахь  өдөр буюу 09 дүгээр сарын 26-ны өдөр Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчийн өгсөн үүргийн дагуу У сумын 1 дүгээр “Их ойгор” багийн нутаг дэвсгэр Алтай таван богд улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын хаалганаас Цэнгэл сумын төв орох хүртэл /110 км/ замд намаржиж байсан У сумын 1 дүгээр багийн иргэд болох Улсын тусгай хамгаалалттай газрын Байгаль хамгаалах П.Е, малчин А.Н, П.Ж ... зэрэг 11 айлд очиж үүссэн нөхцөл байдлыг товч танилцуулж, алга болсон иргэний фото зургийг үзүүлэн үзэж харсан эсэх талаар тодруулж, цаашид ганцаараа явж байгаа иргэнийг үзэж харвал Онцгой байдлын газрын 0000 утсанд яаралтай мэдээлэхийг анхааруулж, .... 21:30 цагт байнгын байрлалд ирсэн болохыг илтгэн танилцуулж байна гэсэн байна.

7.Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Америкийн Нэгдсэн Улсын иргэн /1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, гадаад паспортын дугаар:00000000/ ноён П.Ж.Б 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б аймгийн У сумын нутаг дэвсгэрт орших Алтай таван богд ууланд авиралт хийхээр яваад эргэж ирээгүй, түүнийг Б аймгийн Онцгой байдлын газраас томилогдсон Эрэн, хайх аврах бүлэг 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд эрэн хайх ажиллагаа явуулсан боловч олдоогүй болох нь тогтоогдож байна.

8.Иймд Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно гэж заасныг үндэслэн Америкийн Нэгдсэн Улсын иргэн 1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, гадаад паспортын дугаар: 00000000, ноён П.Ж.Б-ыг нас барсан гэж зарлах нь зүйтэй байна.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг  баримтлан Америкийн Нэгдсэн Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, гадаад паспортын дугаар: 00000000, ноён П.Ж.Б-ыг нас барсан гэж зарласугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК