Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 302/ШШ2025/00430

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 302/ШШ2025/00430

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн С сумын 6 дугаар багт оршин суух, Ш овогтой Ы.Ж

Хүсэлтийн шаардлага: Р.А 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ы.Ж,

Орчуулагч Т.Хуаныш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ы.Ж нь Р овогтой А-тай 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие Ы.Ж нь 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Р.А-тэй гэр бүл болсон.

1.2.Улмаар бид хоёр 6 хүүхэдтэй болж одоо хүртэл хамт амьдарч байна.

1.3.Тухайн үед гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан боловч уг гэрчилгээ 1990 онд бидний гэр гал түймэрт өртсөн үед бүх материалтай хамт шатсан болно.

1.4.Бидний гэрлэлтийг журмын дагуу бүртгэлгүй зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Үүний улмаас гэрлэлт Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас гарахгүй байна. Иймд Ы.Ж миний бие Р.А-тэй 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт улсын тэмдэгтийн  хураамж төлсөн баримт, Ы.Ж, Р.А, Ж.Ж, Ж.Ж, Ж.Д, Ж.Б, Ж.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.А, Ж.Ж төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Н-ийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 522 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12/455 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ы.Ж болон Р.А нарын ХААТР маягтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие ач хүүгээ үрчилж авах гэсэн боловч эхнэр бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй учраас үрчлүүлэхгүй юм байна. Иргэний бүртгэлийн газраас эхнэр бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй гэсэн. Тийм учраас гэр бүл болсон байдлаа шүүхээр тогтоолгоно уу гэсний дагуу шүүхэд хүсэлт гаргасан. Миний бие 1981 онд Р.А гэдэг хүнтэй гэр бүл болсон. Дундаасаа 7 хүүхэдтэй байгаа. Иймд Р.А-тэй гэр бүл болсон байдлыг тогтоож өгнө үү  гэжээ.

5.Хүсэлт гаргагч Ы.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу гэр бүл болсон байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12/455 дугаартай албан бичигт ... иргэн Ы.Ж, Р.А нарын ХААТР маягтуудын хуулбарыг хүргүүлэв. Цахим мэдээллийн сан болон архивын сангаас шүүн үзэхэд өнөөдрийн байдлаар тус иргэдийн гэрлэлт бүртгэгдээгүй байна гэжээ.

6.2.Мөн албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ы.Ж-н Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд ... 12.Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: эхнэр Р.А, регистрийн дугаар 00 ... гэж,  мөн Иргэний үнэмлэх авах өргөдөлд ... 14.Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: анх, ...18.Эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдүүд: эхнэр нь: Р.А, регистрийн дугаар: 00, гэрчилгээний дугаар: 00 ... гэж, мөн Р.А-ийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) маягтад .... 10.Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: 1,  он:1981, гэрчилгээний №012, .... 17.Эцэг, эх, эхнэр (нөхөр), 16 хүртэл насны хүүхэд: эхнэр, нөхөр: Ыбырхан Жанай,  ... Иргэний үнэмлэх авах өргөдөлд ... 14.Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: анх, гэрлэсэн он: 1986, гэрчилгээний дугаар: 18,  ... 18.Эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдүүд: нөхөр: Ыбырхан Жанай, регисрийн дугаар: 00 ... гэж тус тус бүртгэгдсэн байна.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12/455 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ы.Ж, Р.А нарын ИУБ-31 (А), ХААТР-21(А), ХААТР-1 маягтууд, Ж.Ж, Ж.Ж, Ж.Д, Ж.Б, Ж., Ж.Ж, Ж.Н нарын төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх зэргээр хүсэлт гаргагч Ы.Ж болон Р.А нар нь хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 1982 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Жанжарас, 1984 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ж.Ж, 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ж.Д, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ж.Б, 1999 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ж.Ж, 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ж.Н нар төрсөн үйл баримтууд тогтоогдож байна.

8.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн хуулийн 3.1.2 дахь хэсэгт гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж тус тус заасан.

Үүнээс дүгнэхэд гэрлэлт нь гэрлэгчдийн сайн дурын үндсэн дээр эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр үүсэх хууль зүйн ойлголт бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12/455 дугаартай ... тус иргэд /Ы.Ж, Р.А/-ийн гэрлэсний бүртгэлийг цахим архиваас шүүж үзэхэд гэрлэсний бүртгэл бүртгэгдээгүй байна гэх албан бичгээр хүсэлт гаргагч Ы.Ж болон Р.А нар нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.

9.Иймд хүсэлт гаргагч Ы.Ж-н  Р А-тай 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ш овогт Ы.Ж-ын  А овогт Р. А-тай 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК