Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
Хэргийн индекс | 2303006070473 |
Дугаар | 2024/ДШМ/1115 |
Огноо | 2024-10-01 |
Зүйл хэсэг | 27.10.2.2., |
Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2024/ДШМ/1115
2024 10 01 2024/ДШМ/1115
Ч.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Р.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Тд холбогдох эрүүгийн 2303 00607 0473 дугаар хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын мод үржүүлгийн 2 дугаар буудлын замд Toyota Prius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ч.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд ... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Таас 14.066.663 төгрөг гаргуулж, хохирогч С.Ст 12.689.663 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.377.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч С.С ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар эрх хасах ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.Т цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.С гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Р.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс буюу анхан шатны шүүх хуралдаан болсны дараагаас Ч.Тын өмгөөлөгчөөр ажиллаж, давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх “шүүгдэгч Ч.Таас нийт 14,666,664 гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд 1,377,000 төгрөг, С.Ст гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардалд 2,789,663 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 9,900,000 төгрөг, нийт 12,689,663 төгрөгийг тус тус олгосугай” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Миний бие “анхан шатны шүүх хэргийн 17-20, 91-114 дүгээр талуудад авагдсан Ч.Т хохирогчийг гэрээс нь авч зөөдөг байсан тухай, тээврийн хэрэгслийн таксины мөнгө, эмчилгээний зардал зэргийг өгдөг байсан тухай баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй” гэж давж заалдах гомдол гаргасан боловч уг давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Миний үйлчлүүлэгч төлбөр төлсөн тухай баримтаар банкны билл авчирсан байна. Миний бие өөрийн үйлчлүүлэгчтэй “тус баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй” гэж тохиролцсон. Харин Эрүүл мэндийн даатгалын санд олгох 1,377,000 төгрөг, С.Ст олгох 2,789,663 төгрөгийг төлж барагдуулсан. С.Ст олгогдсон 2,789,663 төгрөгийг дөнгөж сая шилжүүлсэн. Энэ тухай баримтыг шүүх хуралдааны дараа хэвлүүлж, өгөх хүсэлтэй байна. Харин эрүүл мэндийн даатгалын санд төлсөн төлбөрийн баримтыг шүүх хуралдаанд гарган өгч байна. Миний үйлчлүүлэгч Ч.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Ст учирсан бодит хохирлыг төлсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн эмчилгээний зардлын 2,789,663 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой 1,377,000 төгрөгийг төлсөн. Энэ талаарх баримтуудыг гаргаж байна.
Нийт 4,166,663 төгрөг төлсөн тухай баримтыг гаргаж өгч байна. Түүнчлэн хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд тогтоогдсон 9,000,000 гаруй төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Ч.Т нь хөдөө амьдардаг, малчин хүн бөгөөд тэрээр тэтгэвэр тогтоолгосон. Өнөөдөр бидний зүгээс С.Стай утсаар холбогдож, түүн рүү 2,000,000 гаруй төгрөгийг шилжүүлсэн. Ч.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид учирсан бодит хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол зэргийг төлсөн. Тэрээр урьд нь зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй, анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Ч.Т нь ... суманд амьдардаг малчин хүн юм. Тэрээр хавар, зуны улиралд Улаанбаатар хотод ирж, айраг, тараг, мах зардаг учраас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг бүрэн төлөх боломжтой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Тд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хугацааг хөнгөрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ч.Т тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Тд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөсөн үйл баримт тогтоогдсон. Ч.Тын уг үйлдлийн улмаас нэг хүний ажил амьдрал, эрүүл мэнд хохирсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын мод үржүүлгийн 2 дугаар буудлын замд Toyota Prius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч С.Сын “... Тэгээд ахынхаа гэрт юм ярилцаж байгаад манай ах 100 гр архи гаргаж ирэхээр нь тэрийг уугаад буцаад гэртээ харихаар гарах үед 20 цаг 20 минутын орчим болж байсан. Тэгээд бид нар хамтдаа автобусны буудал руу алхаж яваад мод үржүүлгийн 2 дугаар автобусны буудлын ойролцоо байдаг явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй гарч явтал тас хийх чимээ гараад би хэсэг ухаан алдсан, ойролцоогоор 2-3 минутын дараа босох гэтэл миний баруун хөл даагдахгүй маш их өвдөж байсан. ...” /хх 15/ гэсэн,
Ч.Тын яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах гэрээсээ охины эзэмшлийн Тоёота Приус маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Яармаг руу очих гээд Биокомбинатын замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй 40 орчим км цагийн хурдтай явж байхад эсрэг урсгалд явж машины гэрэл гялбахаар нь тоормос гишгэж, хурдаа хасаад эргээд хаазаа гишгэхэд зүүн талаас хүн гараад ирэхээр нь би зүүн талын толь хэсгээрээ мөргөөд тухайн хүн газар унаад би шууд зогссон. ...” /хх 81/ гэсэн тус тус мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11107 дугаартай “... С.Сын биед баруун шаант, тахилзуур ясны дунд 1/3-ийн сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй далд хугарал, зүүн өвдөг, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 56-58/ гэсэн дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1087 дугаартай “... 1. Жолооч Ч.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй. ...” /хх 66-69/ гэсэн магадлагаа,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх 21-34/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 82/, жолоодох эрхийн лавлагаа /хх 85/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ч.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ч.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Toyota Prius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигч С.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн эмчилгээний зардлын 2,789,663 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой 1,377,000 төгрөгийг тус тус төлсөн баримтуудыг гарган өгч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Шүүгдэгч Ч.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шүүхийн шатанд Эрүүл мэндийн даатгалын 1,377,000 төгрөгийг төлсөн, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эмчилгээний төлбөрт 2,789,663 төгрөгийг хохирогч С.Ст нөхөн төлсөн гэсэн тайлбар хэлсэн боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй тул дүгнэлт хийх боломжгүй байна.
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсэг, заалтыг журамласан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын ял хөнгөрүүлэх хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд шийтгэсэн 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын ял хөнгөрүүлэх хэсгийг хүлээн авсугай.
3. Шүүгдэгч Ч.Т нь Эрүүл мэндийн даатгалын санд 1.377.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР