| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 166/2019/6244/э |
| Дугаар | 668 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 668
Б.З-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаар цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар магадлалтай Б.З-д холбогдох 1818005610045 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ял шийтгэлгүй, О овогт Б З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж хохирогч Я.О-ийн 14,765,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс гадна хэргийн оролцогчдын тэгш эрхийг хангаагүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.З-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Я.О-ийг мөргөсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байх талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “...Тухайн хэрэг болох үед хохирогч, шүүгдэгч нараас өөр хүн байгаагүй ба хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход хохирогчийн мэдүүлэг чухал ач холбогдолтой. Гэвч хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо илтэд зөрүүтэйгээс түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна. Хохирогч Я.О-ийн ...машин зогсож байгаад гэнэт ухраад ороод ирсэн. Би орилоод хойшоо ухрахад тэр машин зогсохгүй байсан. Би 2 гараараа тулахад цохигдоод унасан. Машин хөдлөхгүй байж байгаад Билгүүн, Эрдэнэбаяр нарыг ирсний дараа намайг суулгаад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Эрдэнэбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн ...авто машины хойд голоос хүн унасан газар хүртэл ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт хэмжихэд 4.7 метр байна гэх тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Д.Энхбаатарын “байрны гадаа машин ухарч байхад ирэхэд нь айж зугтааж байгаад унасан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Д.Үнэнболдын “...Явган зорчигч нь зугтааж байгаад тээглэж унасан гэж ярьсан байсан. Үзлэг хийж байхад тээврийн хэрэгсэлд хүн мөргөсөн гэх ямар нэгэн ул мөр тэмдэг байгаагүй”, гэрч Ч.Эрдэнэбулганы “...гал тогооны өрөөний цонхоор харахад мөргүүлсэн гэх эмээгийн зээ хүү Билгүүн болон улаан шаргал өнгийн хувцастай, эрээн алчуур зүсэн эмэгтэй 2 тэр эмээгийн хоёр талаас сугадсан байдалтай, манай хүү Б.З- нь дэргэд очоод зогсчихсон байсан. Тэдгээр хүмүүс 6 дугаар орцны зүүн урд хэсэгт явган хүний зам дээр зогсож байсан. Тэгээд манай хүү машин руугаа очоод машинаа ухраагаад нөгөө 3 хүний харалдаа очиж зогсоод эмээг жолоочийн хажуугийн суудалд суулгаад, Билгүүн арын суудалд суусан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.З-ыг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэсэн учраас хохирогч Я.О-т учирсан гэм хорын хохирлыг хэн хариуцах талаар дүгнэлт хийх боломжгүй юм. Хэдийгээр анхан шатны шүүхээс Б.З-ыг цагаатгасан ч хохирогч Я.О-ийн хувьд гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Давж заалдах шатны шүүхээс “Хохирогч Я.О- эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд авагдсан бүтээгдэхүүний үнэ 12,905,000 төгрөг нэхэмжилсэн нь гэмтлийн эмчийн заавартай эсэхийг тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчоос асуусан бөгөөд хохирогч Я.О- нь “Би угаасаа өвчтэй, хөл муутай хүн. Энэ сүлжээний бүтээгдэхүүнийг сайн гэж хүнээс сонсоод авч хэрэглэсэн. Ямар нэгэн эмчийн заавар байхгүй” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.З-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ хохирогч Я.О-ийг мөргөсөн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар зөв шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Нотлох баримтуудаар Б.З- нь авто машинаар ухрах үйлдэл хийж байгаад хохирогчийг шүргэж унагаасан байдал харагдаж байна. Энэ нь цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагчийн мэдүүлгээр нотлогдоно. Мөн гэрч Ц.Эрдэнэбаяр “намайг очиход жолооч нь ухарч байгаад анзаарсангүй” гэж байсан гэх, хохирогчийн ач хүүгийн “эмээг чинь харсангүй гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Гэхдээ урьдчилсан хэлэлцүүлэх биш дахин хэлэлцүүлэгт буцаах нь үндэслэлтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.З-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.З- нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13-14 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол 21 дүгээр байрны урд замын зорчих хэсэгт 84-54 ДАР улсын дугаартай, “Соната-7” загварын авто машин жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын Хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Я.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэгт анхан шатны шүүх шүүгдэгч Б.З-ын гэм буруу тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Анхан шатны шүүх хохирогчийг шууд мөргөсөн эсхүл хохирогч машины баруун хойд талын гэрэл хэсэгт гараараа тулаад зугтах үед түлхэгдсэнээс унасны алиных нь үр дүнд гэмтэл авсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.З- нь Замын Хөдөлгөөний дүрэмд заасан аюулгүй байдлыг хангаж ухрах үйлдэл хийхийг зөрчин хаалга, багааж нээлттэй, толинд харахгүйгээр ухарч өндөр настай эмэгтэй явган зорчигчийн амь насанд аюул учруулан тулж ирж автомашинаар биед нь хүч үйлчилсний улмаас хохирогч унаж гэмтсэн байна. Энэ тохиолдолд хохирогч автомашинд мөргөгдөж унах, эсхүл түлхэгдэж унаж гэмтэх хоёрт шүүдэгчийн гэм бурууг өөрчлөх шинж чанарын ялгаа байхгүй. Шүүгдэгч Б.З-ын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж автомашинаар ухрах үйлдэл хийсэн, явган зорчигч Я.О- гэмтсэн үйл баримтуудын хооронд шууд шалтгаант холбоо байгаа нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Б.З-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахгүйгээр анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх тухай өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг” гэснийг “шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН