Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0601/З |
Дугаар | 221/МА2018/0142 |
Огноо | 2018-02-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2018/0142
“Цагаан-Өвөлжөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн дарга С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Х.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0874 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0874 дүгээр шийдвэрээр: Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.2, Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.3, 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 252.8, 253 дугаар зүйлийн 253.1, 256 дугаар зүйлийн 256.7, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ц-Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргахдаа Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий шинжилгээний дүн буюу дэгдэмхий бодисын гарцын үзүүлэлт 28.3% буюу сул коксжих нүүрс гэж гарсныг үндэслэн дүгнэлтээ гаргахыг үүрэг болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчаас давж заалдах гомдолдоо: “...Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Үүнд: Шивээ хүрэн дэх гаалийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1517Ю0105 бүртгэлийн дугаартай “Шинжилгээнд хамруулах барааны мэдээлэл”-ээр “Ц-Ө” ХХК нь сул коксжих нүүрсний 2701.12.12 ангиллын кодоор мэдүүлсэн нүүрснээс дээж авч, Р3380196 дугаар бүхий битүүмжлэлтэй дээжийг Гаалийн төв лабораторид ирүүлсэн.
Гаалийн төв лаборатори нь гаалийн тухай хуулийн 252.2 дахь заалтыг үндэслэн хамтран ажиллах № 2017/01 дугаартай гэрээний дагуу итгэмжлэгдсэн лаборатори болох Геологийн төв лабораторид дээрх дээжийг өгч шинжлүүлэхэд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ХФ2017/0635 тоот захиалгын шинжилгээний дүнгээр нийт чийг Wt (%)-3.16-3.18%, эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг Qmmmf (ккал/кг)-8249-8295 ккал/кг, бодит илчлэг Qarnet (ккал/кг)- 6090-6113 ккал/кг, хүхэрSdt(%)-0,64-0,65%, үнслэг(Аd)-22,57-22,61%, дэгдэмхий бодисын гарц (Vdaf)-28,30-28,36%, хөөлтийн зэрэг(FSI)-4.0-4.5, барьцалдах чанар(Gi)-55-56 тус тус агууламжтай гарсан.
Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 тоот захиалгын шинжилгээний үр дүнгээр дэгдэмхий бодисын хэмжээ Vdaf (%)- 28.30, 28.36 үзүүлэлттэй гарсан нь “Хүрэн ба чулуун нүүрс, антрацит. Дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох” MNS30654:1979 стандартын 4.4 ба 4.5 дахь заалтын дагуу шинжилгээг зэрэгцээ 2 сорьцонд хийж, шинжилгээний үр дүнг/ Vdaf (%)- 28.30, 28.36/ зууны хувиар нарийвчлан гарсан бөгөөд энэ нь энэхүү стандартын 4.6 дахь заалтад дурдагдсан зөвшөөрөх зөрүүнд/0.5%-иас илүүгүй/ байна.
Засгийн газрын 2011 оны 193 тоот тогтоол, 2015 оны 102 тоот тогтоол болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS 6457:2014 стандартад коксжих нүүрс болон сул коксжих нүүрсний ангилал нь дэгдэмхий бодисын хэмжээгээр ялгагдаж байгаа бөгөөд коксжих нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээг 28-тай тэнцүү буюу бага(Vdaf≤28), сул коксжих нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээг 28-аас их (Vdaf>28) бүхэл тоогоор илэрхийлж, харин чанарын зарим үзүүлэлтүүдийг/ тухайлбал, үнслэг <12,5; хүхэр ≤1,5; нийт чийг <10,0/ таслал тавьж, аравтын бутархайгаар нарийвчлан заасан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Стандарт хэмжилзүйн газраас ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №02А/1024 тоот албан бичигт: “бутархай тоог бүхэлдэх, орон дэвшүүлэх аргачлалыг заасан стандарт байхгүй тул математик аргыг ашиглах боломжтой" гэж тусгажээ.
“Математикийн үндсэн таних тэмдгүүд MNS 2608:1978” стандартын 1.1. дэх заалтад “Аравтын тооны бутархай тооны бүхэл ба бутархай хэсгийг ялгах тэмдэг нь таслал болно”, мөн 1.6-д Бүдүүвчилсэн тоог ялгаж тэмдэглэх хэсэгт “Орхих тооны эхний цифр нь 5-тай тэнцүү буюу их байвал урдах оронг нэгээр их болгож, уг орны тооны дээд талд зураас тавьж тэмдэглэнэ. Хэрэв 5-аас бага байвал уг тоог орхиж, үлдэж байгаа орны тоог өөрчлөлгүй бичиж доогуур нь зурна.” гэж тус тус заасан байна.
Иймээс дээрх стандартуудын дагуу дэгдэмхий бодисын агууламжийг Vdaf (%)- 28.30, 28.36-ийг бүхэл оронд шилжүүлэхээр 28-тай тэнцүү гарч байгаа тул сул коксжих нүүрсний ангилалд хамаарахгүй байна.
Гаалийн төв лаборатори нь Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №683 тоот тушаалаар батлагдсан “Магадлан шинжилгээ хийлгэх тухай журам”-ын 5.4 ба 5.9 дэх заалтыг үндэслэн шинжилгээний үр дүнг “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS 6457:2014 стандартын чанарын үзүүлэлттэй харьцуулан, дэгдэмхий бодисын хэмжээ нь 28-тай тэнцүү тул “коксжих нүүрс” ангилалд буюу 2701.12.11 ангиллын кодод хамааруулан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр №0023353 тоот дүгнэлт гаргасан.
Иймээс анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №128/ШШ2017/0874 дугаартай шийдвэрийн 1 ба 2-р заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Мэдүүлэгч буюу тус аж ахуйн нэгж нь Гаалийн тухай хуулийн 57-р зүйл 57.1.5-дахь заалтад “ Гаалийн байгууллагаас бараанд хийсэн магадпан шинжилгээ, болон бусад шинжилгээний дүнтэй танилцах” эрхтэй.
Мөн хуулийн 57-р зүйл 57.2.1-дэх заалтад “Гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх эсвэл төлөх баталгаа гаргах” үүрэгтэй.
“Ц-Ө” ХХК нь Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 тоот захиалгын шинжилгээний үр дүнтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд Гаалийн төв лабораторийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр №0023353 тоот дүгнэлтээр “Коксжих нүүрс”-ээр мэдүүлэн, гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай болон дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.
Гаалийн төв лаборатори нь Засгийн газрын 193, 102 тогтоолын дагуу шинжилгээний үр дүнг үндэслэн дээрх стандартуудын зарчмыг баримтлан бусад нүүрс экспортлогч 133 аж ахуйн нэгжүүдийн экспортолж буй нүүрсэн дээр барааны ангиллын кодыг тодорхойлон дүгнэлт гаргасан бөгөөд энэ хугацаанд нүүрсний шинжилгээний үр дүн, ангилалтай холбоотой маргаан гарч байгаагүй.
Хэрвээ шинжилгээний үр дүнгээр дэгдэмхий бодисын хэмжээ 28,1-28,4 гарсныг 28> гэж үздэг бол Монгол улсаас экспортолж буй “коксжих чанартай” нүүрс гаргахгүй бөгөөд улс эх орны эдийн засагт маш их хохирол учруулах болно.
Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг гаалийн бүрдүүлэлт хийхэд ашигладаг бөгөөд Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг тавих үндэслэл болдог.
Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн олон улсын конвенцын дагуу тодорхойлсон барааны ангиллын код нь коксжих нүүрс болон сул коксжих нүүрсээрээ өөр өөр байдаг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 220 дугаар тогтоол, 2015 оны 102, 103, 488 Дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг Сангийн яамнаас сар болгон зарлахдаа коксжих нүүрс болон сул коксжих нүүрс, коксжих чанаргүй нүүрсний үнийг ялгаатайгаар зарладаг.
Иймээс “Цагаан өвөлжөө" ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 287858 ам долларын зөрүү гарна” гэдгийн мэдсээр байж “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын 6.2 дахь заалтад заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр №0023353 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн дүгнэлтээр бүрдүүлэлт хийхгүйгээр гомдол гаргаж, асуудлыг бүрэн шийдвэрлүүлээгүй бөгөөд Гаалийн төв лабораторийн №0023353 тоот дүгнэлтийг сунгах хүсэлт гаргаж, сунгуулан №2017-ТU-KOMGHO-004 тоот гэрээний тоо хэмжээнд нүүрсээ экспортолж, №0023353 тоот дүгнэлт нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөр үйлчлэх хугацаа дууссанаар эрх зүйн чадамжгүй бичиг баримт болсон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №128/ШШ2017/0874 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх “Ц-Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргах”-ыг Гаалийн төв лабораторид даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.
Нэхэмжлэгчээс “...барааны ангиллын кодыг буруу тодорхойлсон, дэгдэмхий гэсэн үзүүлэлт 28-аас бага байвал коксжих нүүрсний ангилалд, 28-аас их байвал сул коксжих нүүрсний ангилалд хамаарна. Гэтэл 28.34 гэсэн үзүүлэлтийг бүхэлдээд 28 болгож коксжих нүүрсний ангилалд хамааруулсан буруу...” хэмээн маргаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Шивээхүрэн дэх Гаалийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1517L00105 бүртгэлийн дугаартай “Шинжилгээнд хамруулах барааны мэдээлэл”-ээр “Цагаан өвөлжөө” ХХК нь сул коксжих нүүрсний 2701.12.12 ангиллын нүүрснээс дээж авч, RS380196 дугаар бүхий битүүмжлэлтэй дээжийг Гаалийн төв лабораторид ирүүлжээ.
Гаалийн төв лаборатори нь Гаалийн тухай хуулийн 252.2 дахь заалтыг үндэслэн хамтран ажиллах №2017/01 дугаартай гэрээний дагуу итгэмжлэгдсэн лаборатори болох Геологийн төв лабораторт дээрх дээжийг өгч шинжлүүлэхэд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ХФ2017/0635 тоот захиалгын шинжилгээний дүнгээр нийт чийг Wt (%)-3.16-3.18%, эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг Qmmmf (какал/кг)-8249-8295 ккал/кг, бодит илчлэг Qarnet (ккал/кг)-6090-6763 ккал/кг, хүхэр Sdt(%)-0,64-0,65%, үнслэг(Ad)-22,57-22,61%, дэгдэмхий бодисын гарц (Vdaf)-28,30-28-36%, хөөлтийн зэрэг (FSI)-4.0-4.5, барьцалдах чанар (Gi)-55-56 гэсэн агууламжтай үзүүлэлтүүд гарсан байна.
Дээрх шинжилгээний дүн болон холбогдох бусад баримтуудаар нэхэмжлэгч компанийн экспортлож буй нүүрсийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтээр 2701.12.11 барааны ангиллын кодоор “боловсруулаагүй коксжих нүүрс” гэж дүгнэсэн нь Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 2.2-ын 9 дэх заалт болон Монгол Улсын стандарт нүүрсний ангиллын “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS 6557:2014 стандартад тус тус заасан коксжих нүүрс болон сул коксжих нүүрсний ангилал нь дэгдэмхий бодисын хэмжээгээр ялгагдаж байгаа бөгөөд коксжих нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээг 28-тай тэнцүү буюу бага (Vdaf≤28), сул коксжих нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээг 28-аас их (Vdaf>28) гэсэн үзүүлэлттэй нийцсэн байна.
Тодруулбал, шинжилгээний дүнгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн экспортод гаргах нүүрсний дэгдэмхий бодисын гарц (Vdaf)-28,30-28-36% буюу 28.3 гэсэн тоон үзүүлэлт гарсныг дээрх Засгийн газрын тогтоол болон стандартад заасны дагуу “Математикийн үндсэн таних тэмдэгүүд MNS 2608:1978” стандартын 1.1. дэх заалтад “Аравтын тооны бутархай тооны бүхэл ба бутархай хэсгийг ялгах тэмдэг нь таслал болно”, мөн 1.6-д бүдүүвчилсэн тоог ялгаж тэмдэглэх хэсэгт “Орхих тооны эхний цифр нь 5-тай тэнцүү буюу их байвал урдах оронг нэгээр их болгож, уг орны тооны дээд талд зураас тавьж тэмдэглэнэ. Хэрэв 5-аас бага байвал уг тоог орхиж, үлдэж байгаа орны тоог өөрчлөлгүй бичиж доогуур нь зурна” гэж заасан математик аргачлалаар бүхэл тоонд шилжүүлж, коксжих нүүрсний ангилалд хамаарна гэсэн дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс хариуцагч байгууллагыг нүүрсний төрөл, бүлгийг тогтооход баримталдаг Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2014 Монгол Улсын стандартыг зөрчсөн гэх дүгнэлтүүд нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хариуцагч захиргааны байгууллагын дүгнэлт болон үйл ажиллагаа нь хууль болон холбогдох журамд нийцсэн, хуулиар тогтоосон захиргааны хэм хэмжээг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгчээс нүүрсний дээж авах үйл ажиллагаа болон шинжилгээний дүнд маргаагүй, зөвхөн дэгдэмхий бодисын гарцын тоон үзүүлэлтийг хэрхэн илэрхийлэх талаар маргасан тул үүнд дүгнэлт хийж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.2, Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-ийн “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 захиалгын дугаар бүхий шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ