Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбат Шинэбаяр |
Хэргийн индекс | 2407000000096 |
Дугаар | 2024/ДШМ/1060 |
Огноо | 2024-09-17 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Ганбагана |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1060
2024 09 17 2024/ДШМ/1060
Э.Э, Ш.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганбагана,
өсвөр насны шүүгдэгч Э.Э, Ш.О нарын өмгөөлөгч Д.Март,
өсвөр насны шүүгдэгч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Н.У нарын өмгөөлөгч С.Нарангэрэл,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Н.У, өсвөр насны шүүгдэгч Ш.О нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Г.Ганбаганы бичсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар эсэргүүцлийг үндэслэн Э.Э, Ш.О нарт холбогдох 2407000000096 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ........... овгийн Ш............. О..............., 20.. оны .. дүгээр сарын .... -ний өдөр ................... төрсөн, ... настай, э.эгтэй, ...................... боловсрол.... , ам бүл .................... хамт ........................................ оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................../;
2. ............. овгийн Э......... Э........, 20.. оны .. дугаар сарын ...-ны өдөр .......... төрсөн, ... настай, э.эгтэй, ................... боловсрол...., ам бүл ....................... хамт .....................................оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .............../;
Өсвөр насны шүүгдэгч Э.Э, Ш.О нарыг бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 28 ны өдөр .............. дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... дугаар цэргийн ангийн зааланд Г.А-ийн биед шанаа руу цохиж, унагаагаад толгой хэсэг рүү дэвсэж эрүүл мэндэд нь “зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, нэг шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ш.О, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Ш.О, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.О, Э.Э нарыг 125 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажйл хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжпэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Г.А нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Н.У давж заалдах гомдолдоо: “...Миний хүү Э.Э нь одоо .. настай насанд хүрээгүй, өсвөр насны хүүхэд бөгөөд гэмт хэрэгт холбогдох үеийн нас, сэтгэхүйн ухамсар, гэмт хэргийн нөхцөл байдал, ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүмүүжих, танин мэдэх, оюун ухааны чадавхаа сургалтын хөтөлбөрийн дагуу олж авсан, өөрийн хийж буй үйлдлийг нийгэмд аюултай болохыг бүрэн ухамсарлаж ойлгоогүй, эрх зүйн ухамсар, сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.
Шүүхээс миний хүү Э.Э-т итгэл хүлээлгэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах хариуцлага хүлээлгэвэл ээж миний бие хүү Э.Э-ийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хүлээх хүсэлтийг гаргаж байна. ...” гэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.Э давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн энэ үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлаж байгаа ба миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг худлаа, буруу гарсан гэж үгүйсгэж гомдол гаргаагүй.
Миний бие хэрэгт холбогдох үедээ ... настай сургуулийн насны хүүхэд байсан, ухамсар сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүйн улмаас болчимгүй буруу үйлдэл гаргаж, анх удаа алдаа гаргасныг маань харгалзан үзнэ үү.
Шүүхээс надад итгэл хүлээлгэж боломж олговол мөрөөдлөө биелүүлж сайн сайхан зүйлд хүрэхийн тулд өөрийгөө бүхий л талаараа хөгжүүлж, сурч боловсрох тул надад оногдуулсан ялыг маань хөнгөрүүлж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Ш.О давж заалдах гомдолдоо: “...Гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөлийн хувьд манай найз Э.Э-ийн үеэл дүү ... настай Н-ийн бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг тарсан байсан тул Э.Э болсон асуудлыг тодруулахаар А-тэй уулзахдаа маргалдаж улмаар бид хоёр А-ийн хацар, мөрөнд цохих зэргээр бие махбодид халдаж буруутай үйлдэл хийсэндээ маш их харамсаж энэ үйлдэлдээ гэмшиж байна.
Миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйсан, хэрэгт холбогдох үедээ ..... настай сургуулийн насны хүүхэд байсан, ухамсар сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүйн улмаас болчимгүй буруу үйлдэл гаргасныг маань харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг маань өөрчилж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Г.Ганбагана бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөгчийг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулсантай нь холбогдуулан шүүх хуралдаанд оролцуулсан нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин тавдугаар бүлэгт “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, мөн хуулийн 35.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт шүүх хуралдаанд оролцогч, мөн хуулийн 35.8-35.21 дэх хэсэгт шүүхийн хэлэлцүүлэг явуулах, оролцогчдоос мэдүүлэг авах ажиллагааны журмыг зохицуулж, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч, бусад оролцогч оролцохоор хуульчилсан.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг, 1.3-д “бусад оролцогч” гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг ойлгохоор хуульд тодорхой заасан.
Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар мөрдөгчийг шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж, улмаар шүүх хэлэлцүүлэгт оролцуулан хууль зөрчиж мэдүүлэг авсан.
Мөн шүүх, мөрдөгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Э, Ш.О нарын өмгөөлөгч Д.Март тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч нар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан бөгөөд хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол, саналгүй” гэдгээ хэлсэн. Цаашид хагалгаанд орох, мөн эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Н-тэй холбоотой бичлэг байдаг. Тухайн бичлэг 103 дугаар сургуулиар тарсан бөгөөд гэмт хэрэг гарсан өдөр холбогдогч бичлэгийг олж авч, маргааш өглөө ээжид нь мэдэгдсэн. Өөр гэмт хэргээс шалтгаалж энэ гэмт хэрэг илэрсэн. Энэ хэрэгт Г.А нь өөр нэг хүүхэдтэй хамт цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Н.У нарын өмгөөлөгч С.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхийн шатнаас өсвөр насны шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгчөөр оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг нотолно” гэж заасан. Өсвөр насны шүүгдэгчийн үеэл болох насанд хүрээгүй Н бусадтай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг сургуулийн цахим орчинд тавьснаас болж энэ гэмт хэрэг гарсан. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоох ажиллагаа хийгдээгүй тул үүнийг тогтоох шаардлагатай гэж үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх хуралдааныг хойшлуулж, ажиллагаа хийж, холбогдох баримтыг гаргуулсан. Гэтэл хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байхад анхан шатны шүүх энэ асуудалд өсвөр насны шүүгдэгч нарын буруутай ажиллагаа байна гэсэн логикийн хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн. Эдгээр нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь ... настай, ... дугаар ангийн сурагч, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бөгөөд хэргийн зүйлчлэл, хэргийн үйл баримтад маргадаггүй. Мөн хохирогч “гомдол, саналгүй” гэдгээ илэрхийлсэн. Өсвөр насны шүүгдэгч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Н.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно” гэж заасан. Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь анх удаа, хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. Үеэлийнх нь нэр төрд халдсан асуудлаар Г.А-тэй уулзах гэж байгаад энэ гэмт хэрэгт холбогдсон. Өсвөр насны шүүгдэгч нарын буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зарчимтай боловч өсвөр насны хүнд боломж олгох хуулийн зохицуулалттай тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасныг журамлаж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг өсвөр насны шүүгдэгч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Н.У, өсвөр насны шүүгдэгч Ш.О нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Г.Ганбаганы бичсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Э, Ш.О нарыг бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ........... дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дугаар цэргийн ангийн зааланд Г.А-ийн биед шанаа руу цохиж, унагаагаад толгой хэсэг рүү дэвсэж эрүүл мэндэд нь “зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, нэг шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Э.Э, Ш.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг, 1.3 дахь заалтад “бусад оролцогч” гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг ойлгохоор заажээ.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлд зааснаар өөрийн санаачилгаар мөрдөгчийг шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж, өсвөр насны шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч биш этгээд буюу хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд ажиллагаа явуулсан мөрдөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, түүнээс мэдүүлэг авах, асуулт, хариулт авах, түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин тавдугаар бүлэгт “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, мөн хуулийн 35.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт шүүх хуралдаанд оролцогч, мөн хуулийн 35.8-35.21 дэх хэсэгт шүүхийн хэлэлцүүлэг явуулах, оролцогчдоос мэдүүлэг авах ажиллагааны журмыг зохицуулж, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч, бусад оролцогч оролцохоор хуульчилсан байхад анхан шатны шүүх хуулийг жинхэнэ агуулгаас өөрөөр тайлбарлаж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алдаатай дүгнэлт хийснээс гадна прокуророос эрүүгийн хариуцлагын санал гаргахдаа өсвөр насны шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх саналыг гаргасан байхад анхан шатны шүүх энэ талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заажээ.
Иймд прокурор Г.Ганбаганы бичсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар эсэргүүцэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан өсвөр насны шүүгдэгч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Н.У, өсвөр насны шүүгдэгч Ш.О нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Ганбаганы бичсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл өсвөр насны шүүгдэгч Ш.О, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР