| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/1006/З |
| Дугаар | 128/ШШ2026/0321 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2026/0321
2026 03 31 128/ШШ2026/0321
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Р
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Ч
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А, Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал
2.1.Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 5******* дугаар захирамжаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолойн аманд иргэн Г.Рд /РД:Т*******/ 699 м.кв газрыг амины зориулалтаар 15 /арван тав/ жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.
2.2.Дээрх захирамжийг үндэслэн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч Г.Рд маргаан бүхий 699 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 0******* дугаартай гэрчилгээг 5 /тав/ жилийн хугацаатайгаар бичиж олгожээ.
2.3.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Ргийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгажээ.
2.4.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар захирамжийг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Г.Рд маргаан бүхий 699 м.кв талбайг эзэмших 0******* дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.
2.5.Дээрх байдлаар нэхэмжлэгч Г.Р нь маргаан бүхий Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолойн аманд байрлах гэр, орон сууцны хашааны зориулалттай 699 м.кв газрыг эзэмшиж байхад нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/ дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
2.6.Тус шүүх иргэн Г.Ргээс гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Г******* овогтой Р миний Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолойн ам гэх газарт 2021 онд 15 жилээр эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2******* дугаартай 699 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг минь хүчингүй болгосон юм. Бид Монгол Улсын Газрын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан Газрын хязгаарлагдмал эрхийг хүчингүй болгох ноцтой зөрчил үүсгээгүй, байгаль орчин бохирдуулж сөрөг нөлөө үзүүлсэн зүйл огт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл Захиргааны актыг мэдэгдэх 43.2, 43.3, 43.4 дэх хэсэгт заасан захиргааны актыг мэдэгдэх үүргээ Захиргааны байгууллага гүйцэтгээгүй Захиргааны хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.
Миний нөхөр болох Ц.Г******* хүнд хэлбэрийн хурц астамь, харшлын өвчтэй олон жил тэмцэж байгаа. Бид БНХАУ болон өөрийн орны аль сайн гэсэн эмнэлэг, рашаан сувилал зэрэгт авч явж хөлд дээр нь босгохоор мэрийж байгаа боловч өдөр ирэх тусам өвчин нь хүндэрч ээлжээр сахих эмнэлгээр явах зэрэг маш их ачаалалтай байгаа билээ. Би өөрөө Барс зах дээр жимс, ногооны лангуу ажиллуулж хажуугаар нь хань ижлээ эмчлүүлэх, агаар салхинд гаргаж нэг хоног ч болов амьд байлгах гэж тэмцэж яваа энэ их ажлын хажуугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг аваад хуулийн хугацаанд нь гомдол, хүсэлтээ дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Дүүргийн засаг даргын гаргасан захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байсан. Энэ шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын дундуур Хангарьд ордноос очиж авсан бөгөөд энэ үеэр нөхөр Ц.Г*******ийн бие муудаж эмнэлэг сувиллаар явах зайлшгүй шаардлага гараад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй мөн ямар хугацаанд гомдол нэхэмжлэл гаргахыг сайн мэдээгүйн улмаас хугацаа хэтэрсэн болно. Хуулийн хугацаа байдгийг нь мэддэггүй хууль зүйн мэдлэг боловсрол муутайгаасаа болоод хугацаандаа гомдлоо өгч чадаагүй учир хугацаа хэтрүүлсэн хоногийг сэргээн шүүхээр гомдлыг хэлэлцүүлэх боломж олгож өгнө үү. Захиргааны байгууллагаас хоёр жил газрын татвар төлөөгүй гэж эзэмших эрхийг цуцалсан явдалд нь гомдолтой байгаа.
Бид татвараа төлөх гээд очиход байцаагч нь байгаагүй. Тэгээд хэд хоногийн дараа очиход газар эзэмших эрх чинь цуцлагдсан гэж газрын харилцааны мэргэжилтэн хэлсэн. Газрын татварыг хугацаа хэтрүүлсэн нь торгоод сануулаад эрхийг нь сунгах боломж байж болно гэж бодож байна. Би өөрөө эмнэлэг рашаан ус, БНХАУ-ын эмнэлэг гээд асар их завгүй ажилтай байхад ийм зүйл болсон нь харамсалтай байна. Тухайн тэр хашааны эзэмших гэрчилгээг аваад төмөр рам зангидуулж, банз модоо 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр авч, дээр нь цемент, ажлын хөлс гээд би нөхрөө эрүүл цэвэр агаарт байлгаж хүүхдүүдэд нь хэдэн жил амьд харагдуулах юмсан гэж бодож хашаа бариулсан. Хашаан дотор нь манай гэр хүртэл байгаа бөгөөд газраа эзэмшиж байхад шууд эрх цуцалсан явдал нь Дүүргийн Газар зохион байгуулалтын алба ажлаа хангалтгүй хийсэн гэж бодож байна. Би өөрөө хуульч биш тул хууль мэдэхгүй. Захиргааны байгууллага болон шүүхэд гомдол гаргах хугацааг тэр бүр мэдэхгүй надад энэ талаар дүүргийн мэргэжилтэн хэлж зөвлөөгүй. Ийм учраас би хугацаандаа гомдол, хүсэлтээ зохих байгууллагад гаргаж чадаагүй юм. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж хугацааг нөхөн сэргээж Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шүүлгэх боломжийг олгож өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манайх 2011 онд газраа авч байхад тухайн газар цахилгааны шон байгаагүй. Түүний дараа 2013 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсны дараа замын ажил хийгдсэн. Замын ажил хийгдсэнтэй холбоотойгоор урд хэсгийн хашаагаа хөлсөөр бариулж байсныг нураалгасан. 2024 оны 09 сарын сүүлээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрөө тушаахаар очиход ажилтан байгаагүй. 14 хоногийн дараа очиход газар эзэмших эрх цуцлагдсан байсан. Яагаад цуцлагдсан тухай тодруулах үүднээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд очиход газрын төлбөр дутуу гэсэн хариу өгсөн. Ар гэрийн хүн эрүүл мэндийн асуудалтай байсан болон энэ талаар мэдлэг дутуу байсны улмаас газрын төлбөрийг хоцроосон асуудал байсан.” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Чоос шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Цуцалсан үндэслэлийн хувьд газрын төлбөрөө хийгээгүй гэж анх цуцалсан байсан. Сүүлд цахилгааны хамгаалалтын бүс гэсэн тайлбарыг хэлж байна. Газрын төлбөрийн тухайд нэхэмжлэгч Г.Рд хүндэтгэн үзэх шалтгаан байна гэж үзэж байгаа. Үндэслэлийн тухайд ар гэрийн өвчтэй хүнээ асарч, гадаад руу эмчилгээнд явсан байсан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Үндсэндээ тухайн захиргааны байгууллагаас төлбөр төлөгдөөгүй болон төлөхгүй бол газар эзэмших эрхийг цуцлах талаар мэдэгдээгүй.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны А/5******* дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 699 м2 газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатай иргэн Г.Рд эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2021 оны А/******* дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай сунгаж эзэмшүүлсэн байна. Иргэн нь Г.Р нь хууль болон гэрээнд заасан хугацаанд газрын төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл 26.1 дэх хэсгийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 26- ны өдрийн 06/******* дугаар албан бичгээр мөн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтын дагуу "Зууны мэдээ” сонины 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 170 дугаарт нийтлүүлсэн боловч үндэслэл бүхий хариу тайлбар ирүүлээгүй. Дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Иймд иргэн Г.Ргийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн газрыг цуцалсан гол үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрөө төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр албаны фейсбүүк хуудсаар хүргүүлсэн. 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 06/******* дугаар албан бичгээр хүргүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зууны мэдээ сонинд зарлуулж сонсох ажиллагааг хийсэн. Үүний үндсэн дээр нэхэмжлэгч Г.Ргээс зохих шаардлага бүхий хариу ирээгүй тул 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А/ захирамжаар хүчингүй болгосон байдаг. Газрын төлбөрийн тухайд сонсох ажиллагаа хийснээс хойш буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр газрын төлбөрт 6921 төгрөгийг төлсөн байдаг. Гэр барьж амьдарч байсан гэдэг тайлбарын тухайд 2025 оны агаар сансрын зурагт гэр харагдаж байгаа. Тэрнээс өмнө дандаа хоосон байсан. Мөн тухайн газарт одоогоор газар сэргээх боломжгүй. Цахилгааны бүсэд хамаарч байгаа газар гэдгийг шүүхийн зүгээс харж үзнэ үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс “... Нэхэмжлэгч нь маргаан бүхий газартай холбоотой Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зөрчлийг гаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.” гэж, Хариуцагчаас ... “Нэхэмжлэгч нь маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийн хүчингүй болгосон нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч иргэн Г.Ргээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 5******* дугаар захирамжаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолойн аманд иргэн Г.Рд /РД:Т*******/ 699 м.кв газрыг амины зориулалтаар 5 /тав/ жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.
5.Дээрх захирамжийг үндэслэн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч Г.Рд маргаан бүхий 699 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 0******* дугаартай гэрчилгээг 5 /тав/ жилийн хугацаатайгаар бичиж олгожээ.
6.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Ргийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.
7.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар захирамжийг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Г.Рд маргаан бүхий 699 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн 0******* дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.
8.Дээрх байдлаар нэхэмжлэгч Г.Р нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолойн аманд байрлах гэр, орон сууцны хашааны зориулалттай 699 м.кв газрыг эзэмшиж байхад нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/ дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
9.Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2 дахь хэсгийг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч Г.Рг маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
10.Шүүхээс дээрх үндэслэл буюу нэхэмжлэгч нь маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдлыг бий болгосон эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
11.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.“Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40.1.“Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заажээ.
12.Хуулийн дээрх заалтаас үзвэл, газар эзэмшигч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болохоор байна.
13.Зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгохоор байна.
14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд, нэхэмжлэгч Г.Р нь маргаан бүхий газрыг хашаалан, гэр барин амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон болно.
15.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24 дүгээр зүйл.“Нөхцөл байдлыг тогтоох”, 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж тус тус заажээ.
16.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргахдаа тус ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож, тодруулахаар байна.
17.Дээрх нөхцөл байдлаас үзвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн дээрх заалтуудад заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж, гүйцэтгэхгүйгээр актыг гаргасан байна гэж үзэхээр байна.
18.Тодруулбал, нэхэмжлэгч Г.Р нь маргаан бүхий газраа хашаалан, зориулалтын дагуу гэр барин амьдарч байхад түүнийг шалгаж, тодруулалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
19.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/0064 дүгээр тогтоолд “... 19.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах гэдэг нь газрын зориулалт, ашигтай байдлаас хамааран, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнийг зохистой ашиглах, хамгаалах харилцааг зохицуулах бөгөөд газар эзэмших нөхцөл, болзол-ыг Газрын тухай хуульд заасан газрын зориулалтаас хамаарч ялгаатай хэрэглэхээр байна. 20.Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээний зориулалтаар газар олгох зохицуулалт нь иргэний гэр бүл, эдийн засаг, хөрөнгө чинээ, аж байдлаас шалтгаалан эзэмших байдал нь харилцан адилгүй байж болох, эзэмшил ашиглалтын уян хатан нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн учир иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх нөхцөл шаардлага, мөн иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх зориулалтыг Газрын тухай хуульд ялгаатай байдлаар зохицуулжээ. Үүний учир нь, тухайн гэр бүлийн наад захын хэрэгцээ, амьжиргааны нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтийн хөрөнгийн эх үүсгэвэртэй болгох зорилготойгоос гадна гэр бүл төрийн хамгаалалтад байх Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн эрхийн баталгааг хангахад чиглэсэн гэж үзэж болно. 21.Тиймээс гэр бүлийн хамтын хэрэгцээ болон үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших нөхцөл, болзол тус тусдаа дэглэмтэй бөгөөд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй этгээд газрыг хууль, гэрээнд заасан нөхцөлөөр буюу барилга байгууламж барих зэргээр зориулалтынх нь дагуу ашигтай чанарыг нь гаргаж, эзэмших учиртай, харин гэр бүлийн хэрэгцээний газарт ийм ижил нөхцөлийг шаардах боломжгүй. 22.Тодруулбал, иргэн, аж ахуй нэгжид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн газрыг ашиглах, үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлага нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихэд тавигдах шаардлагаас нөхцөл, болзлын хувьд ялгаатай, ... өөрөөр хэлбэл, аж ахуйн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар олгож буй зорилго нь бизнесийн хөгжил, ажлын байр бий болгох, эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг нэмэгдүүлж хөгжүүлэхэд чиглэгдсэн. Харин иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь тэд амьдрал, санхүүгийн нөөц боломжид үндэслэн уг газраа өөрийн мэдэлд байлгаж эзэмших боломжийг олгосон агуулгатай. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэн, аж ахуй нэгжид олгосон газарт тавигдах нөхцөл шаардлагыг гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт адилтгахгүй байх нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга, зарчимд нийцнэ.23.Ийм зориулалтаар газар эзэмшигч этгээд тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээндээ байлгаж, амьжиргааны боломжит нөхцөлдөө тохируулан эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан ... газрыг зориулалт, нөхцөл, болзлын дагуу өөрийн мэдэлд байлган газрыг эзэмших гэх хуулийн агуулгад хамаарахаар байна. ...” гэж дүгнэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл хамаарахгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
20.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамжийн Г.Рд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар захирамжийн Г.Рд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ