Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 302/ШШ2025/00505

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 302/ШШ2025/00505

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Т овогт Х. С.

Хүсэлтийн шаардлага: И овогт С.К-тай 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Х.С нь И овогт С.К-тай 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. Миний бие Х.С нь 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.К-тай гэр бүл болсон.

1.2.Улмаар бид хоёр 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан бөгөөд 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан юм.

1.3.Тухайн үед бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан боловч бидний гэрлэлтийг журмын дагуу бүртгэлгүй  зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Үүний улмаас гэрлэлт Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас гарахгүй байна.

1.4.Иймд Х.С миний бие С.К-тай 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт улсын тэмдэгтийн  хураамж төлсөн баримт, С.К, Х.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/41 дугаартай тодорхойлолт, С.Кгийн нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, К.Б, К.Л, К.С нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С.К, Х.С нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 607 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12/536 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.С болон С.К нарын ХААТР маягтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Х.С нь 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.Ктай гэр бүл болсон. Улмаар бид хоёр 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан бөгөөд 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан юм. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан боловч бидний гэрлэлтийг журмын дагуу бүртгэлгүй  зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Үүний улмаас гэрлэлт Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас гарахгүй байгаа тул гэр бүл болсон байдлыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч Х.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу гэр бүл болсон байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12/536 дугаартай бичигт иргэн Х.С, С.К нарын ХААТР маягтуудын хуулбарыг хавсралтаар хүргүүлэв. Цахим мэдээллийн сангаас шүүхэд үзэхэд өнөөдрийн байдлаар тус иргэдийн гэрлэлт бүртгэгдээгүй байна гэсэн байна.

Уг албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.Сн Иргэний үнэмлэх авах өргөдөл буюу ХААТР-21 (А) маягтад  ... 7.эцэг /эх/-ийн нэр : Х  8.нэр: С, ... 14.гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэ дэх: 1, гэрлэсэн он: 1974, гэрчилгээний №95 ... гэж бүртгэгдсэн байна.

6.2.Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/41 дугаартай тодорхойлолтод ... тус багийн оршин суугч Халым овогтой С нь нөхөр болох С овогтой К-тай 1995 оны 12 дугаар сарын 15-нд гэр бүл болж, 1996 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэрлэсний гэрчилгээ авсан. Гурван хүүхэд төрүүлэн, өсгөн хүмүүжүүлсэн тус багт амьдран суудаг. Нөхөр С.К нь 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болно. Гэр бүл болсны лавлагаа гарахгүй байна гэжээ.

6.3.Б аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаас олгосон №0006974 дугаартай нас барсны гэрчилгээгээр И овогт С.К нь 33 настайдаа 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдөл Ө суманд нас барсныг 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсны бүртгэлийн 86-рт бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 12/536 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.С, С.К нарын ИУБ-31, ХААТР-21, ХААТР-1 маягтууд, Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, К.Б, К.Л, К.С нарын төрсний гэрчилгээ зэргээр хүсэлт гаргагч Х.С болон С.К нар нь хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин К.Л, 1998 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр охин К.С, 2002 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү К.Б нар тус тус төрсөн болох нь тогтоогдож байна.

8.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн хуулийн 3.1.2 дахь хэсэгт гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж тус тус заасан.

Үүнээс дүгнэхэд гэрлэлт нь гэрлэгчдийн сайн дурын үндсэн дээр эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр үүсэх хууль зүйн ойлголт бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 005 дугаар сарын 16-ны 12/536 дугаартай ... тус иргэд /Х.С, С.К/-ийн гэрлэсний бүртгэлийг цахим архиваас шүүж үзэхэд гэрлэсний бүртгэл бүртгэгдээгүй байна гэх албан бичгээр хүсэлт гаргагч Х-ын С болон С-ийн К нар нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.

9.Хэрэгт авагдсан ll А№95 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хуулбар байх ба тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн дээрх албан бичгээр тэдний гэрлэлт бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.

10.Иймд хүсэлт гаргагч Х.Сн  И овогт С.К-тай 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Т овогт Х.С-ийн  И овогт С.К-тай 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК