Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00556

 

Э.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00016 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Огийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.У, “С” ХХК-д холбогдох

“DONGFENG DFL-1250” маркийн 00-00-УНВ, “DONGFENG DFL-1250” маркийн 00-00-УНВ улсын дугаартай автомашины үнэ 140,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Угийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О, түүний өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Тухайн үед Ц.У “С” ХХК-ийн захирал байсан бөгөөд Энхтайваны гүүрний доор автомашин зардаг байсан. Би Ц.Угийн эгч, дүү хоёртой найзууд юм. Тэр өдөр Ц.У тааралдаад учир байдлаа хэлэхэд би машиныг чинь авъя. “Гацуурт” тосгонд ашиглалтад орох гэж байгаа миний хаус бий түүнээс та ав” гээд бид хоёр тохиролцоод гэрээ байгуулсан. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр автомашин, үл хөдлөх эд хөрөнгөөр солилцох гэрээ байгуулахад Ц.У автомашин худалдахад итгэмжлэл хэрэгтэй. Автомашиныхаа нэгийг миний нэр дээр итгэмжлэл хийж өгөөд, харин нөгөөг нь манай компанийн нягтлан Б.Цын нэр дээр шилжүүлчих” гэсэн. Хан-Уул дүүргийн нотариат орж өөрийн эзэмшлийн “DONGFENG DFL-1250” маркийн 00-00-УНВ улсын дугаартай, цагаан өнгийн, цистерн зориулалттай автомашины захиран зарцуулах эрхийг Ц.Уд өгч, харин “DONGFENG DFL-1250” маркийн 00-00-УНВ улсын дугаартай, цистерн зориулалттай автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр компанийн нягтлан Б.Цын нэр дээр шилжүүлж өгсөн. Ц.У нь намайг БНСУ руу эмчилгээнд яваад ирэхэд надад хэлэхгүйгээр манаачид итгэмжлэл үзүүлж 2 автомашиныг авч явсан байсан. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болж нөгөө байшин баригдаж дуусахгүй болохоор “Гачуурт”-д очиж үзэхэд Д.Наранхүү гэх залуу байсан. Түүнтэй уулзаж “энэ байшин хэзээ баригдаж дуусах бэ? би “С” ХХК-ийн Ц.У гэх хүнээс авч байгаа юмаа” гэхэд “манай энэ барилга “С” ХХК-тай ямар ч хамаагүй” гэсэн бөгөөд Ц.Утай холбогдож энэ талаар хэлэхэд “хаус” бүтэхээ байсан. Би чамд сар бүр 20,000,000 төгрөг өгөөд 140,000,000 төгрөгийг төлж дуусгана” гэхэд нь зөвшөөрсөн. Гэтэл Ц.У нэг ч төгрөг төлөөгүй, Япон улс явж алга болсныг сонсоод залилан мэхлүүлснээ ойлгосон. Энэ тухайгаа эгч, дүүд гаднаас ирэхээр нь хэлье гэхэд би зөвшөөрөөд цагдаад хандаагүй. Гаднаас ирлээ гэхээр нь очоод уулзахад одоо өгнө мөнгө орж ирнэ гэсэн. Гэтэл дахиад алга болохоор нь сураглахад хятад руу гараад явсан байсан. Ингээд 2016-2017 онд Ц.У олдохгүй байж байгаад 2018 онд Ц.Уг олж уулзахад “өгнө” гэсэн. 2018 онд Хан-Уул дүүргийн цагдаад хандахад хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаа руу автомашин шилжүүлсэн. Цагдаагийн байгууллага хэлэхдээ Ц.Уг эрэн сурвалжилж байгаа эсвэл хилээр гараад орж ирээгүй байна, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна” гэх олон шалтгаанаар удааширсаар 2 жилийн хугацаа өнгөрч, Ц.Уг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 3609 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол гарч, маш их хугацаа алдсаны эцэст иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц.У над руу утсаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 140,000,000 төгрөгийг төлнө гэж бичгээр баталгаа хийж өгөөд бас гэрчийн мэдүүлэгтээ энэ тухай хэлсэн байдаг. Үүнээс хойш бид 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ц.Уг хүлээсэн боловч мөнгөө өгөлгүй алга болсон. Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ нэг автомашиныг 35,000,000 төгрөгөөр зарсан гэж бичсэн байгаа боловч энэ нь худлаа. Зайсанд байрладаг 180 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар автомашинуудыг сольсон. Энэ талаарх баримтыг цагдаагийн газар олж тогтоосон. Иймээс намайг анхнаасаа хууран, залилан мэхлэх зорилгоор гэрээ байгуулж, миний эзэмшлийн 2 автомашиныг өөртөө авсан тул “DONGFENG DFL-1250” маркийн 00-00-УНВ, “DONGFENG DFL-1250” маркийн 00-00-УНВ улсын дугаартай автомашины үнэ 140,000,000 төгрөгийг Ц.Угаас гаргуулж өгнө үү. Мөн “С” ХХК дампуурсан тул холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Згийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч Ц.У “С” ХХК-аар дамжуулж Э.Отай гэрээ байгуулсан. Хауснаас Э.Од өгөхөөр тохирсон үнэн. 06 дугаар сарын 01-ний өдөр барилга дээр Э.О очиж үзсэн, барилга баригдаагүй байсан гэж мэдүүлсэн. Хууль зүйн хүрээнд гэрээ хүчинтэй байсан ба талууд үүнийг хожим мэдээд хүлээн зөвшөөрч татгалзаагүй. Хэрэгт “мөнгө өгнө” гэх баримт байхгүй бөгөөд Цагдаагийн газар, Прокурорын газраас ирсэн баримтууд хуулбар үнэн гэсэн дардастай баримт байна. Гэвч Э.Од 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 140,000,000 төгрөгийг өгнө гэх тайлбартай бичиг, хуулбар үнэн гэх дардас дарагдаагүй. Өөрөөр хэлбэл, тэр бичиг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр нотлох баримтаар ирээгүй. Нэхэмжлэгч аль хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэлээ гаргаж байгаа нь тодорхой бус хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэлтэй тайлбар өгөхөд төвөгтэй нөхцөл үүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож, хуульд заасан үндэслэлийн дагуу харилцаанд оролцох ёстой. Үүний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хуульд заасан хэм хэмжээний дагуу тайлбараа гаргаж шүүх хуралдаанд оролцож байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ц.У автомашиныг өөрөө аваагүй, нягтлан бодогч н.Цаар дамжуулж авсан. Н.Ц “С” ХХК-ийн нягтлан бодогч бөгөөд автомашин компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан эсэхийг мэдэхгүй. Мөн цагдаагийн газарт өгсөн тайлбараас харахад автомашиныг 35,000,000 төгрөгөөр зарсан гэх бөгөөд зах зээлийн үнэ 35,000,000 төгрөг байсан байдаг гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Угаас автомашины үнэ 140,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.О, хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 857,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Ц.Угийн давж заалдах гомдлын агуулга: ...  Шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд заасан эд мөрийн баримт шинжлэн судалсны дараа нэхэмжлэгчээс уг хуулийн 112 дугаар зүйлд заасан нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг тодруулж асуусан хэрнээ хариуцагчаас нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг асуулгүйгээр шууд хурал завсарлуулж, микрофон хаасан юм. Хэрэв шүүгч хариуцагчаас тухайлан нэмж тодруулах зүйлийн талаар асуусан бол хариуцагчийн төлөөлөгч нь “уг хэрэгт нэхэмжлэгчийн шаардаж байгаа шаардлагын үнэ болох 140,000,000 төгрөг ямар эрхтэй этгээдээр үнэлэгдсэн, уг үнэлгээ нь зах зээлийн, ханшаар тогтоогдсон эсэх, эрхтэй байгууллагын үнэлгээ мөн эсэхийг тодруулах” байсан юм. Хариуцагч нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгчийн шаардаж байгаа 2 тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр бусдад зарж борлуулсан талаар дурдсан бөгөөд мөн уг маргаж буй шүүхийн шийдвэрт уг хэсгийг үндэслэл болгож шийдвэрээ гаргасан байна. Гэтэл хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “И” ХХК-ийн үнэлгээгээр 140,000,000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлгүй болсон байна. Түүнчлэн үнэлгээчин ямар үнэлгээний арга хэрэглэж уг үнийг тогтоосон нь ойлгомжгүй, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр үнэлүүлсэн эсэх нь эргэлзээтэй байхад энэ талаар тайлбар хийх боломжгүй байдал зориуд үүсгэж, нэмэлт тайлбар хийх боломжоор хангалгүй шүүх хуралдааныг дуусгаж шийдвэр гаргасан байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг огт тодруулахгүйгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 гэж тогтоосон нь хариуцагчид Иргэний хуулийн үндсэн зарчим болох мэтгэлцэх боломжийг олгоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь үүргийн харилцаа дуусгавар болгосноос хойш шаардлага гаргах хуулийн хугацаа дуусгавар болсоор байхад шүүгч нэгэнт дуусгавар болсон “Автомашин, үл хөдлөх хөрөнгө солилцох гэрээ’’-г хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь ойлгомжгүй байна. Хэргийн 13, 15 дугаар хуудсанд Б.Ц нь нэхэмжлэгч Э.Огаас 2 ширхэг автомашиныг итгэмжлэлээр авсан талаар нэхэмжлэгч өөрөө баримт гаргаж өгсөн байна. Мөн Б.Цыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч гэрчээр асуухаас өөрсдөө татгалзсан хирнээ Ц.У авсан гэдгийг тогтоогоогүй байна. Мөн Б.Ц нь Ц.Уд автомашин шилжүүлж өгөх ямар үндэслэлтэй болохыг тогтоогоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бгийн давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх процессын алдаа гаргаагүй, хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Хариуцагч Ц.Урнасан нь шүүх хуралдаанд биечлэн оролцдоггүй, шүүхээс дуудахаар ирдэггүй. Шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасан дэгийн дагуу, хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан ба процессын зөрчил гараагүй. Дээрх асуудлаар нэхэмжлэгч нь 2018 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, тус цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “И” ХХК-аар нэг бүр нь 70,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Анхан шатны шүүхэд хариуцагч тал энэ асуудлаар маргаагүй. Хариуцагч Ц.У нь нийт 140,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг автомашиныг аваагүй гэж маргахдаа н.Цтай холбогдуулан тайлбарладаг. Нэхэмжлэгч нь н.Цтай 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг байгуулсан нь н.Цаар халхавчилсан хүчин төгөлдөр бус хэлцэл байсан ба Ц.У уг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авч худалдан борлуулж Зайсанд байрлалтай орон сууц худалдан авсан нь тогтоогддог. Ц.У нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. “С” ХХК-д холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэх материалыг мөн оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэж зөв шийдвэрлэсэн. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг баримтлан дампуурлын хэрэг үүссэнээс хойш хууль зөрчиж хийсэн гэрээ, хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Ц.Уд холбогдуулан “DONGFENG DFL-1250” маркийн 00-00-УНВ улсын дугаартай цагаан өнгийн, цистерн зориулалттай болон “DONGFENG DFL-1250” маркийн 00-00-УНВ улсын дугаартай цагаан өнгийн, цистерн автомашин тус бүрийн үнэ 70,000,000 төгрөг, нийт 140,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.О нь хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. 

5. Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 01/15 дугаар “Автомашин, үл хөдлөх хөрөнгөөр солилцох гэрээ” байгуулж, БНХАУ-ын Дон Фон үйлдвэрт 2013 онд үйлдвэрлэгдсэн, модель DFL-1250, өнгө цагаан Цистерн бохирын ус зөөвөрлөх зориулалттай, вакум сорогчтой, 2 ширхэг автомашин, улсын дугаар УНВ 00-00, арал LGAХ4С441D8090152 улсын дугаар УНВ 00-00, арал LGAХ4С44ХD8090151 тус бүрийн үнэ 70,000,000 төгрөг нийт 140,000,000 төгрөгийн тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүрэг, Гачуурт тосгон “Гачуурт гарден”-д баригдаж байгаа эдэлбэр газартай, бүрэн цутгамал 120 м.кв ашигтай талбайтай 140,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар солихоор харилцан тохиролцсон байна. /хх.9-10/

6. Э.О нь Ц.Уд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлээр Э.Огийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдах, бэлэглэх, нэр шилжүүлэх, төлбөр тооцоо хийхийг зөвшөөрч байгаа тул Э.Ог төлөөлж гэрээ хийх, гарын үсэг зурах, төлбөрийг хүлээн авах бүрэн эрхийг олгожээ. /хх11/

Мөн Э.О, Б.Ц нар нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Э.Огийн өмчлөлийн 00-00 УНВ улсын дугаартай “DONGFENG DFL-1250” маркийн, 2013 онд үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй тээврийн хэрэглийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. /хх.13/

7. Зохигчид дээрх гэрээг байгуулсан талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.  

8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг хариуцагч Ц.У хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл Баянзүрх дүүрэг, Гачуурт тосгон “Гачуурт гарден”-д баригдаж байгаа эдэлбэр газартай, бүрэн цутгамал 120 м.кв ашигтай талбайтай 140,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчаас хоёр ширхэг автомашины үнийг гаргуулж шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Зохигчид гэрээндээ автомашин тус бүрийн үнийг 70,000,000 төгрөг нийт 140,000,000 төгрөгөөр тохирсон, анхан шатны шүүх талуудын дээрх тохиролцоог үндэслэн автомашины үнийг уг үнийн дүнгээр тооцож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ “...хоёр автомашины үнийг “И” ХХК-ийн үнэлгээ болох 140,000,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй болсон” гэсэн гомдлыг хангах боломжгүй юм. 

10. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02986 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 253 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх.93-99, 114-128/

11. Хэргийн 152 дугаар талд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ2021/15005 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.Огийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс Ц.Уд холбогдох “Хэрэг нээсэн тогтоол”, холбогдох нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг баримтад гэрч Ц.У “...хоёр ширхэг тээврийн хэрэгслийг 2016 оны 06 дугаар сард танихгүй хүнд зарсан, мөнгийг хэрэглэж дууссан” гэсэн мэдүүлэг авагджээ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.У хоёр автомашиныг хүлээн аваагүй болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчийн “...Ц.У хоёр ширхэг автомашиныг авсан, мөн Б.Ц нь Ц.Уд автомашин шилжүүлж өгөх ямар үндэслэлтэй болохыг тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

13. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудыг мэтгэлцэх эрхээр хангасан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй болно.  

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЦОГТСАЙХАН

                                   ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО