Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 468

 

 

 

 

 

 

 

2018           06          05                                      468           

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,  

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч Д.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Л.Э-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Л.Э-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002210171 дүгээр хэргийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бн овогт Л-ийн Э.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Л.Э-нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сутайн буянт” авто захын урд замд 2018 оны 3 дугаар сарын 15-ны оройн 19 цаг 30 минутын үед “Toyota Land Cruiser 200” маркийн 54-54 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.4-т заасан заалтыг тус тус зөрчсөний улмаас Д.А-ын жолоодон явсан “Audi Q7” маркийн 00-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Д.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Э-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Сутайн буянт” захын урд замын 3 дугаар эгнээнд явж байхад урсгал сөрж 54-54 УНӨ улсын дугаартай машин ирж мөргөсөн. Миний хөлийн хуруу хугарч, өвдөг, гуя шалбарч хүндэвтэр гэмтэл учирсан. Хохиролгүй болгосон байгаа. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Цаашид эрүүл мэндийн хувьд янз бүрийн асуудал гарвал нэхэмжилмээр байна” гэв.

Эрүүгийн 1803002210171 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.А-ын: “2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим би дүү Д.З-гийн эзэмшлийн 00-25 УНА улсын дугаартай “Audi Q7” маркийн автомашиныг жолоодон Төв аймгийн Эрдэнэсант сум орчихоод Улаанбаатар хот руу орж ирсэн. Ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү “Сутайн буянт” авто захын урд замаар 3 дугаар эгнээнд чигээрээ явж байтал урд талд явж байсан суудлын автомашин 2 дугаар эгнээ рүү гэнэт даялаад орсон. Энэ үед эсрэг урсгалаас замын голын төмөр хайсыг мөнгөлөг саарал өнгийн автомашин дайрч орж ирэн миний жолоодож явсан автомашины зүүн урд талаас хүчтэй ирж мөргөсөн. Удалгүй түргэн, замын цагдаа ирсэн. Нөгөө талын жолооч согтуу байсан. Баруун хөлний эрхий хуруу хугарсан гэж хэлсэн. Шинжилгээнүүдээр гайгүй, тархи доргилттой гэж гарсан. Ясны хугарал гэмтэл байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Маш их гомдолтой байна”,

“...Жолооч Л.Э-миний машинд учирсан хохирол, эмчилгээний зардал болох 48.778.120 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-25-26, 28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.03.26-ны өдрийн 3915 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.А-ын биед баруун хөлийн 1-р хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, зүүн гарын сарвуу, зүүн гарын бугуйн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-67/,  

 “Баянмодот” ХХК-ийн 2018.04.04-ний өдрийн 0201803300012 дугаар автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: “00-25 УНА улсын дугаартай “AUDI Q7” автомашинд Зам тээврийн ослын улмаас учирсан шууд зардлын дүн 48.745.500 төгрөг, шууд бус зардлын дүн 2.033.200 төгрөг, нийт зардлын дүн 50.778.700 (Тавин сая долоон зуун далан найман мянга долоон зуу/ төгрөгөөр тогтоов” гэжээ /хх-85-87/,

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018.04.06-ны өдрийн 220 дугаар дүгнэлтэд: “1.Toyota Land Cruiser 200 маркийн 54-54 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Л.Э-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг, мөн дүрмийн 8.4 дэх заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Audi Q7 маркийн 00-25 УНА улсын дугаартай автомашины жолооч Д.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-91-92/,

Шүүгдэгч Л.Э-ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 15-ны 19 цагийн орчим би гудамжинд зогсож байгаад найз Төмөрцоожтой хамт 0.5 литрийн 2 шил “Болор” архи хувааж уугаад өөрийн эзэмшлийн 54-54 УНӨ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” маркийн тээврийг хэрэгслийг жолоодон Төмөрцоожийг гэрт нь хүргэж өгөхөөр ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явж байгаад “Сутайн буянт” захын урд замд автомашинтай мөргөлдөж осол гаргасан нь үнэн. Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Хохирогч Д.А- бид хоёр ярилцаж “Аudi Q7” маркийн 00-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 43.000.000 төгрөг, эмчилгээнд 3.778.120 төгрөг болсон үүнээс 2.000.000 төгрөгийг барагдуулсан, нэг сарын ажлын хөлс 1.000.000 төгрөг, автомашины үнэлгээний 1.000.000 төгрөг, нийт 46.778.120 төгрөгийг би бүрэн барагдуулсан. Тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад осол гаргасан гэм буруугаа маш ихээр ойлгож байна” гэх мэдүүлэг /хх-110-111/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-6, 7-13/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19/, хохирол төлсөн баримт /хх-46/, “БМНС” ХХК-ийн тодорхойлолт /хх-47/, Авто замын тэмдэг, хайс, тоноглолд учруулсан хохирлын акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-55-56/, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын албан бичиг /хх-57/, “Сакуралайфмакс” ХХК-ийн тодорхойлолт /хх-127/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-129/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-139/, оролцогчдод хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-149, 151/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Э-согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 15-ны 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сутайн буянт” захын урд замд “Тoyota Land Cruiser 200” маркийн 54-54 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасныг зөрчсөний улмаас иргэн Д.А-ын жолоодон явсан “AUDI Q7” маркийн 00-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Д.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.А-ын “...3 дугаар эгнээнд чигээрээ явж байтал урд талд явж байсан суудлын автомашин 2 дугаар эгнээ рүү гэнэт даялаад орсон. Энэ үед эсрэг урсгалаас замын голын төмөр хайсыг мөнгөлөг саарал өнгийн автомашин дайрч орж ирэн миний жолоодож явсан автомашины зүүн урд талаас хүчтэй ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-25-26, 28/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.03.26-ны өдрийн 3915 дугаар “1.Д.А-ын биед баруун хөлийн 1-р хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, зүүн гарын сарвуу, зүүн гарын бугуйн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх шинжилгээ /хх-67/, “Баянмодот” ХХК-ийн 2018.04.04-ний өдрийн 0201803300012 дугаар автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний “00-25 УНА улсын дугаартай “AUDI Q7” автомашинд Зам тээврийн ослын улмаас учирсан шууд зардлын дүн 48.745.500 төгрөг, шууд бус зардлын дүн 2.033.200 төгрөг, нийт зардлын дүн 50.778.700 (Тавин сая долоон зуун далан найман мянга долоон зуу/ төгрөгөөр тогтоов” гэх тайлан /хх-85-87/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018.04.06-ны өдрийн 220 дугаар “1.Toyota Land Cruiser 200 маркийн 54-54 УНӨ улсын дугаартай автомашины жолооч Л.Э-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.4 дэх заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Audi Q7 маркийн 00-25 УНА улсын дугаартай автомашины жолооч Д.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх-91-92/, шүүгдэгч Л.Э-ын “2018 оны 3 дугаар сарын 15-ны 19 цагийн орчим би гудамжинд зогсож байгаад найз Төмөрцоожтой хамт 0.5 литрийн 2 шил “Болор” архи хувааж уугаад өөрийн эзэмшлийн 54-54 УНӨ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” маркийн тээврийг хэрэгслийг жолоодон Төмөрцоожийг гэрт нь хүргэж өгөхөөр ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явж байгаад “Сутайн буянт” захын урд замд автомашинтай мөргөлдөж осол гаргасан нь үнэн...” /хх-110-111/ гэх мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Л.Э-автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.З-гийн эзэмшлийн 00-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 50.778.700 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т 2.484.000 төгрөгийн хохирол тус тус учиржээ. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Э-хохирогч Д.А-од эмчилгээний зардал болон машины хохиролд 48.778.120 төгрөг төлсөн, хохирогч Д.А-ын “...Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-46/, иргэний нэхэмжлэгчид 2.484.000 төгрөг төлсөн /хх-57/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Түүнчлэн хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.Э-гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 1 жилийн хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг жич нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэлийг зөвшөөрч байна. Харин хохирогчийн хөл хугарч хүндэвтэр гэмтэл учирсан. Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлээс улбаатай хор уршиг илэрвэл цаашид нэхэмжлэх эрхтэй. Түүнээс биш цаашид хор уршиг учирвал нэхэмжлэх эрхтэй гэх улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “Ослоос хойш хамраас цус гардаг болсон тул цаашид эрүүл мэндийн хувьд асуудал гарвал нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн, мөн шүүх эмнэлгийн шинжээчийн 3915 дугаар дүгнэлтэд “Зовиур: толгой, хүзүү, нуруу, хавирга өвдөнө, нүдний ухархайгаар өвдөнө...” гэсэн байх тул тухайн гэмт хэргийн улмаас хохирол учруулснаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.    

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ буюу 3,29 хувийн согтолттой, эсрэг урсгал сөрсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Л.Э-од тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн 3,29 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ эсрэг урсгал сөрсөн шүүгдэгчийн үйлдэлд, түүнийг гэм буруутайд тооцсон тухайн зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын дээд хэмжээ болох 3 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.  

Иймд шүүгдэгч Л.Э-ын жолоочийн В, С ангиллын 404237 дугаар үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Лийн Э-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Л.Э-од согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Э-цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Л.Э-ын жолоочийн В, С ангиллын ........ дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 

                 ДАРГАЛАГЧ                                           Л.БААТАР