Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбат Шинэбаяр |
Хэргийн индекс | 2210025950470 |
Дугаар | 2024/ДШМ/1059 |
Огноо | 2024-09-17 |
Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1059
2024 09 17 2024/ДШМ/1059
Ч.Т, С.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Д.Цэен-Ойдов,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/540 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Т-ний өмгөөлөгч Д.Цэен-Ойдовын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн холбогдох 2210025950470 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ................. овгийн Ч................ Т..............., 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр ................... төрсөн, .. настай, э.эгтэй, ..... боловсрол..., ..................... мэргэжил..., хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ................................. хамт ............................................... оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ............./;
2. ............... овгийн С................... С...................., 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........................ төрсөн, .. настай, э.эгтэй, ........... боловсрол......, ...................... мэргэжил...., .................................................... ажил..., ам бүл .., .......................................... оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:............./;
Шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ................ дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..............” хотхоны .... дүгээр байрны .... тоотод БНХАУ-ын иргэн В Ж Х-ы зүүн хөлийн гуя хэсэг рүү өшиглөж түүний эрүүл мэндэд “зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч С.С нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ................ дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “................” хотхоны .... дүгээр байрны ... тоотод Х.Г-ийн толгой хэсэг рүү цүнхээрээ цохих, зүүн хөл хэсэг рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Т-ний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
С.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Т-нийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-нийг 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.С-ийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т, С.С нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т, С.С нар нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Т, С.С нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч С.С нь хохирогч Х.Г-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Т-ээс 4.989.508 төгрөгийг гаргуулж хохирогч В Ж Х /W Z/-нд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Г нь цалин хөлсийг бусад нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.С-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Т-ний өмгөөлөгч Д.Цэен-Ойдов давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа хуулийг ноцтой зөрчиж явагдсан гэж үзэж байна. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд гэрч яллагдагчаар Ч.Т-ээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй мэдүүлэг авч эрхийг хэрэгжүүлээгүй хуулийг ноцтой зөрчсөн. Мөн тус тусын эрх ашиг нь хөндөгдсөн хохирогч Х.Г, В Ж Х нар нь нэг нэгэндээ гэрч болон мэдүүлдэг. Тэгтэл тус хохирогч нарын өмгөөлөгч нар нь хоёр хохирогчийн удаа дараагийн мэдүүлэгүүдэд ээлжлэн оролцож байсан байгаа нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг хуулийн хүрээнд байсан эсэх, түүнчлэн хэргийн бодит байдлыг тогтооход эргэлзээ төрөхүйц болсон байна. Хохирогч В Ж Х-ы эрүүл мэндийн байдал муудсан гэж анх Хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж биед үзлэг хийхдээ хаана ямар гэмтэл, шарх зэрэг байгааг эрүүл мэндийн үзлэгийн дэвтэрт тодорхой, дэлгэрэнгүй бичиж тэмдэглэхэд хохирогчийн зүүн хөлний булчинд ямар ч гэмтэл байгаагүй байна. Хохирогч үүнээс хойш өөрт учирсан гэмтлийн талаар фото зургаар баталгаажуулан гэмтлийн зэрэг тогтоох хүсэлтийг мөрдөгчид гаргаснаар үзлэг хийгдэж гэмтлийн зэрэг тогтоогдсон. Энэ гэмтлийг Ч.Т-ний үйлдлээс учирсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын уулзсан цаг, учирсан гэмтэл зэрэг нь хугацааны хувьд ч эрс зөрүүтэй байгааг анхан шатны шүүх дүгнэж үзээгүй. Шүүгдэгч С.С-ээс В Ж Х-тай маргаж В Ж Х түүнийг зодож байгаа үеийн камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг мөрдөгчид хүлээлгэн өгсөн ба прокуророос 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 729 дүгээр яллах дүгнэлт үйлдэж, хавсралтад эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг нэг ширхэг цагаан өнгийн хатуу дискийг хүргүүллээ гэсэн, мөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр яллах дүгнэлтэд эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг дискийг хэргийн хамт хүргүүллээ гэсэн ч тус эрүүгийн хэрэгт яллах дүгнэлтэд заасан эд мөрийн баримт шүүхэд ирээгүй байна. Энэ баримт ирээгүй талаар шүүх хуралдаанд улсын яллагчаас буруугаа ойлгон буцаахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбараа өгч байсан байхад анхан шатны шүүх хүлээн аваагүй нотлох баримтгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч нар өөрийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримтаа судлуулах эрхээр хангалгүй шүүх хуралдаан явагдсныг анхаар ч үзнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэгдэнэ гэж бодсон. Би В Ж Х-ыг зодсон зүйл байхгүй. Эмэгтэй хүнийг зодохоор нь орж салгаж, авч гарсан. Гэтэл ийм хэрэгт орооцолдсон. Байхгүй сидигээр миний гэм бурууг нотолсон мэт харагдуулсан. Шүүх шинжилгээний дүгнэлт гаргах журмыг үзэхэд, гуяны хөхрөлт, няцрал нь хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна. Хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлэхэд байхгүй байсан гэмтэл гарч ирсэн. Хүнийг яллах нь амьдралын хувь заяатай нь холбоотой асуудал тул гарцаагүй нотлогдож байгаа тохиолдолд ялладаг гэж бодож байна. Ийм эргэлзээтэй нөхцөл байдлууд байна. Сиди алга болох нь гэмт хэрэг гэж сонссон. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг дүгнээгүй гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Т-ний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан заавал өмгөөлөгчөөр хангах субъект биш юм. Өмгөөлөгч мэдүүлэг авах ажиллагаанд хохирогч, гэрч нарын эрх ашиг зөрчигдөж байгаа эсэх талаар хөндлөнгийн байр суурьтай оролцдог. Мэдүүлэг авч, хэргийн үйл баримт, аливаа нөхцөлд нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмтлийн зэрэгтэй холбоотой асуудалд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, энэ талаар санал гаргаагүй алдаатай зүйл байдаг. Гэхдээ тухайн өдөр байхгүй байсан гэмтэл 6 өдрийн дараа гарсан гэх асуудал яригдахгүй. Энэ хэрэгт 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Хохирогч Х.Г, В Ж Х нар анхнаасаа тодорхой мэдүүлсэн мэдүүлэг болон түүний биед учирсан гэмтэлтэй нь холбогдуулан гэмтлийн зэргийг тогтоосон. Эдгээр баримтуудаар хохирогчийн эрүүл мэндэд хэн хохирол учруулсан нь тогтоогдсон. Энэ гэмт хэрэг 2022 оны 09 дүгээр сард үйлдэгдсэн. Би 2023 оны 01 дүгээр сараас хэрэгт хяналт тавьж ажилласан. Яллах дүгнэлт үйлдэхэд мөрдөгчөөс хэргийн эд мөрийн баримт 1 ширхэг сиди гэсэн саналтай орж ирсэн. Тухайн үед яллах дүгнэлтийг 1 ширхэг сидийг эд мөрийн баримтаар тооцож үйлдсэн боловч хэрэгт сидийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй, мөрдөгч тогтоогоогүй нөхцөл байдалтай байсан. Нийслэлийн прокурорын газраас хянаад явуулахдаа прокурорын зүгээс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэж дурдсан. Энэ асуудал анхан шатны шүүх хуралдаанд яригдсан тул зайлшгүй ийм нөхцөл байдал байсан бол шаардлагатай гэж үзвэл хуульд заасан хугацаагаар хойшлуулж тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.Т-ний өмгөөлөгч Д.Цэен-Ойдов гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ........... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” хотхоны .... дүгээр байрны .... тоотод БНХАУ-ын иргэн В Ж Х-ы зүүн хөлийн гуя хэсэг рүү өшиглөж түүний эрүүл мэндэд “зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч С.С нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ......... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” хотхоны .... дүгээр байрны ..... тоотод Х.Г-ийн толгой хэсэг рүү цүнхээрээ цохих, зүүн хөл хэсэг рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст 2022 оны 09 дүгээр сарын
30-ны өдөр “манай найз Хятад иргэнийг 2 хүн зодоод бие нь тааруу 103 аваад явлаа
гэх” утгатай бүртгэгдсэн дуудлагын, лавлагааны хуудас, БНХАУ-ын иргэн В Ж Х-ын өмгөөлөгч Ж.Оюунболдоос гаргасан өргөдөл, гомдол /1 хх 2-4/,
хохирогч Х.Г-ийн “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн ажилладаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. хотхоны ..... дүгээр байрны .... тоотод “Флюорит Ланд Фактори” ХХК-ийн оффис манай байгууллагын захирал хятад улсын иргэн болон цахилгааны ерөнхий инженер Б, ерөнхий нягтлан бодогч Н бид нар хурал хийж байсан. Тэгтэл манай байгууллагад С орж ирэхээр нь бид нар хурлаа дуусгаад гараад явсан. Тэгээд би ажлаасаа гараад Оргил худалдааны төв дээр автобусанд суугаад явж байсан чинь захирал В Ж Х над руу утсаар яриад өрөөний түлхүүрийг 1 дүгээр хороололд орхисон байна, чи надад түлхүүр аваад ир гэж хэлсэн. Тэгээд би буцаад байгууллагын оффис дээр ирсэн чинь захирал надаас түлхүүрийг аваад цааш өрөөндөө ороод хаалгаа хаасан. Би оффисын үүдний өрөөнд зогсож байсан чинь захирал В Ж Х, С-ээс бичиг баримт өг гэж хэлээд байсан. Би тагтан дээр гараад зогсож байгаад буцаад өрөө рүү орсон чинь гаднаас Т гүйж орж ирээд шууд захирлын өрөө үү ороход би хальт харсан чинь Т захирал В Ж Х руу гараа далайж байгаа харагдаад хаалга хаасан. Би оффисынхоо үүдэнд коридорт өөрийнхөө гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би цагдаа дуудчихаад шатны
хажуугийн цонх руу хараад зогсож байсан чинь С оффисын өрөөнөөс гүйж гарч ирээд гартаа нэг саарал өнгийн цүнх барьсан байдалтай цахилгааныг нь хаах гээд зогсож байсан. Тэгтэл намайг хараад миний араас шилэн хүзүү дагз руу гараар цохисон чинь би доош сөхөрч суусан чинь миний гартаа барьж байсан гар утас маань шат руу унасан. Тэгсэн чинь газар сууж байгаад босох гэсэн чинь миний араас зүүн хөл гуя хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би дээш боссон чинь С гартаа барьж байсан цүнхээрээ миний шилэн хүзүү рүү хэд хэдэн удаа цохичихоод цахилгаан шатан дээр очоод гартаа барьж байсан цүнхнийхээ цахилгааныг хаах гээд оролдоод байж байхад С цаашаагаа Т-нд хандаж одоо болио явъя гэж хэд хэдэн удаа хэлсэн. Т гарч ирсэн. С цахилгаан шатанд суухаасаа өмнө гартаа барьж байсан цүнхээрээ намайг дахиад цохих гэхэд нь би гараараа хаасан. Тэгтэл Т цахилгаан шатны товчлуур дарсан чинь ирэхгүй байсан чинь С 8 давхрын шат руу гүйсэн. Т нааш ир гэж хэлсэн чинь С буцаад миний хажуугаар зөрөхдөө шилэн хүзүү рүү гартаа барьж байсан зүйлээрээ ханатай хавсарч цохисон. Ингээд Т С 2 цахилгаан шатанд суугаад доош буухдаа Т та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд доош буусан. Би оффис руу орохгүйгээр дахиад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаагаас надаа хариу хэлэхдээ таны дуудлага мэдээллийг хүлээн авсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэлсэн байгаа гэж хэлсэн. Би оффисын өрөө рүү орохдоо өөрийнхөө гар утсаар бичлэг хийсэн чинь захирал В Ж Х газар унасан байдалтай хэвтэж байхаар нь та яасан бэ, зүгээр үү харвалт өгөх гэж байна уу гэж асуусан. Яагаад ингэж асуух болсон бэ гэхээр хэлээ гаргаад зуусан байдалтай байхаар нь би яаралтай түргэн тусламжийн 103 эмчид дуудлага мэдээлэл өгсөн. Захирал В Ж Х надаас гараараа нэг зүйл нэхэх шиг болсон. Би юу юм бэ, эм авах юм уу, цүнх юм уу гэж асуугаад цүнхийг нь хайсан боловч цүнх нь надаа олдоогүй. Хэсэг хугацааны дараа яаралтай түргэн тусламжийн 103-ын эмч ирээд үзээд дээш өргөж байхад нь би захирлын хүзүү нь улайсан байгааг харсан. Түргэний эмчид С миний хоёр гарыг бариад, Т намайг боосон зодсон, цээж рүү дэвссэн, би амьсгалж чадахгүй байна гэж хэлэхээр нь сандал дээр суулгаад түрээд цахилгаан шатанд суулгаад түргэн тусламжийн 103 авто машинд суулгах гэж байхад захирал өмдөндөө бие зассан байсан. Их муухай үнэр үнэртээд байсан. Би түргэний машинтай хамт улсын хоёрдугаар эмнэлэг рүү явсан. Замдаа хүчил төрөгч залгаж хөхрөлт өгөөд ухаан алдсан. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш байгаль орчны мэргэжилтэн албан тушаал дээр ажиллаж байгаа. Хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр С ажил дээр ирээд нягтлан бодогч Л бид хоёрт хандаж би энэ компанийн захирал хэвээрээ байгаа шүү, та нар ямар нэгэн хууль бус зүйл хийх юм бол та нартай ярина шүү гэж хэлээд С өөрийнхөө сууж байсан 901 тоотод оффисын түлхүүрийг надаас нэхээд байхаар нь надаа түлхүүр байхгүй байгаа гэж хэлсэн чинь захирал “Флюорит Лан Фактори”-гоос авч өгөөрэй гэж хэлсэн. Би хэрэг гардаг өдөр ямар санаа зорилгоор ирсэн талаар мэдэхгүй. С “Флюорит Ланд Фактори” ХХК-нд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл захирлаар байж байгаад БНХАУ-ын В Ж Х захирал болсон. Одоо бол “Флюорит Лакд Фактори” ХХК-тай ямар нэгэн хамааралгүй гэж бодож байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Тухайн үед эмч намайг үзээд толгойн зураг авхуулах, хэвтэн эмчлүүлэхдээ эмчээр оношоо бичүүлээд авч ирж өгөөрэй гэж хэлсэн чинь би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Цу Эрдэнэ” нэртэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. 10 дугаар сарын 31-ний өдөр би шинжээчийн дүгнэлт гарсан гэдгийг мэдээгүй учраас би тухайн шүүх эмнэлэг дээр очсон чинь 10 дугаар сарын 06-ны өдөр дүгнэлт гаргасан байсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Би 2019 оны 03 дугаар сард “Флюорит Ланд Фактори” ХХК-нд ажилд ороход Т ажиллаж байсан. Миний ажилд ороход бүрдүүлж өгсөн бичиг баримтыг авч байсан болохоор би хүний нөөцийн ажилтан юм болов уу гэж бодож байсан. Манай байгууллагын ажилчид ярилцахдаа С Т хоёрыг гэр бүлээс гадуурх харилцаатай гэж яриад байдаг учраас би гэр бүлээс гадуур харилцаатай ойр дотно байдаг юм байна даа гэж бодсон. Т захирлын өрөө рүү ороод гараараа далайж цохиж байгаа үйлдэл харагдсан, яг хаашаа нь цохисон талаар мэдэхгүй. Т захирлын өрөөнд ороод хаалгаа хаасан учраас дотор юу болж байгаа нь надад харагдаагүй. Дээр нь намайг коридорт зогсож байхад С Т-нд хандаж одоо болно явъя гэж хэлж байсан. Тухайн өрөөнд бол Т болон захирал В Ж Х нар байсан учраас захирлын биед Т гэмтэл учруулсан. Захирлын зүүн нүдний доод зовхи нь урагдсан урт улаан өнгөтэй, цээж хэсэг нь хөхөрсөн болон хүзүүний нугалаа хэсэг нь улайсан байдалтай байсан. Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Гэмтлийн эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, Улсын нэгдүгээр эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэгт үзүүлж 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Цу Эрдэнэ” нэртэй эмнэлэгт үзүүлж хэвтэн эмчлүүлсэн. Би хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 3.000.000 төгрөг гаруй эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн, баримтыг хавсаргаж өгнө. Дээр нь би сар гаран ажилгүй, цаашид хэдий хугацаанд ажилгүй байхыг мэдэхгүй. Цаашид эмчилгээ үйлчилгээ хийх шаардлагатай байна. Би Т-тэй нэг байранд амьдарч байгаа учраас маш айдастай байгаа. Миний бие эрүүл мэндэд гэмтэл учруулсан С-д гомдолтой байна. Намайг айлган сүрдүүлсэн Т-нд мөн гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулж хохирлоо барагдуулж авмаар байна. ... Би С-д зодуулсны улмаас хөнгөн гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв, хувийн эмнэлэгт шинжилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж нийтдээ 3.315.477 төгрөгийн зардал гарсан. Ажил хийж чадаагүй тул нэг сарын цалин 2.600.000 төгрөг, нийтдээ 5.915.477 төгрөг нэхэмжилж байна. ...” /1 хх 9-12, 49-50/,
хохирогч В Ж Х-ы “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийн ажлын байр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “.............” хотхоны .... дүгээр байрны .... тоотод “Флорит Ланд Фактори” ХХК-ийн ажлын байр дээрээ Л, Н, Г нарын хамтаар хурал хийж байсан чинь эхнэр С гаднаас орж ирсэн чинь юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна, хурал хийж байсан манай ажилчид бүгд гараад явсан. Би өөрийнхөө өрөөнд сууж байсан чинь миний араас С орж ирээд ширээн дээр ил байсан нягтлангуудын тайлан, банкны дансны хуулга, хүдэр худалдах, худалдан авах гэрээ, хүдрийн хүлээж авсан бичиг баримтыг аваад, мөн ширээн дээр байсан үүргэвчийг авахаар нь би цүнхийг өгөхгүй гээд бид 2 тал талаасаа татаад булаацалдаж байсан чинь С өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд Т рүү залгаад ямар нэгэн зүйл ярихгүй байсан чинь гаднаас Т орж ирээд миний араас зүүн хөл рүү өшиглөхөөр нь би газар унасан чинь Т миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохисон. Т миний дээр гараад миний хүзүүг боож байхад миний баруун гар дээр өвдөглөөд дарсан байсан. Зүүн гар хөдөлгөх гэхээр С миний баруун гарыг бариад намайг хөдөлгөхгүй байсан. Т боож байхад миний ухаан балартсан, миний хальт сонссон үг бол Т миний цээж рүү 5-6 удаа цохиж байхдаа намайг хужаа пизда гэж хэлсэн. Нэг сэрсэн чинь
эмнэлэгт сэрсэн. С миний өрөөнд орж ирээд 1 цаг гаруй болсон. С надаас 901 тоот өрөөний түлхүүрийг нэхэхээр нь би түлхүүрээр яах гэж байгаа юм гэсэн. С би авах юм аа авна, өөрийнхөө компанийг өөрөө мэднэ гэж хэлэхээр нь би Т-ийг “.......................” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Хас компаниас зээлсэн мөнгөө олж ир, компанийн мөнгөөр авсан машин хаана байна вэ гэж хэлэхэд, С надад хандаж Т-ийг гүйцэтгэх захирал хийлгэх үгүйг, чи мэддэг юм уу, би мэддэг юм уу гээд надтай маргалдаад байхаар нь С-д чи яах гэж ингэж байдаг юм, гэж хэлээд гарах гэж байсан чинь С өрөөний хаалга цоожилсон. Т миний зүүн гуяны ар хэсэгт нэг удаа өшиглөж газар унагааж миний хоолойг боож цээжин тус газарт 5-6 удаа дэвсэж, миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. “Флорит Ланд Фактори” ХХК-ийн тамга, тэмдэг, үүрдэг цүнхэнд 2.000.000 гаруй төгрөг байсан. “Флорит Ланд Фактори” ХХК-ийн үйлдвэр худалдан авах гэрээ, хүдрийн бүртгэл 8, 9 сарын банкны хуулга гэх мэт зүйлүүдийг авч явснаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр намайг эмнэлэгт байхад миний төрсөн охин Н “Флорит Ланд Фактори” ХХК-ийн тамга тэмдэг болон компанийн дансны хуулгаас бусад эд зүйлсийг авч ирж өгсөн. Хэн өгсөн юм бэ гэхэд ээж өгч явуулсан гэж хэлсэн. Эмчилгээнд зарцуулсан мөнгөний баримт байгаа. ... Би Т, С нарт зодуулсны улмаас Улсын клиникийн төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, зүрхний хагалгаанд орсны улмаас одоогийн байдлаар 4.989.508 төгрөгийн бодит хохирол учраад байна. Би өөрийгөө эмчлэхийн тулд БНХАУ-ын Бээжин хотоос зүрхний тариа эм авч хэрэглэж байгаа. Ойролцоогоор 40.000 орчим юаниар авч байгаа тул эм тарианы бичгийг албан ёсны орчуулга хийлгэж хэрэгт хавсаргаж өгнө. 40.000 юань нь ойролцоогоор 20.000.000 орчим төгрөг болж байна. Мөн зодуулсны улмаас зүрх өвдөж, хэм алдагддаг, жоохон хөдлөхөөр амьсгал боогдож гар, ам хөхөрч ажиллахад бэрхшээлтэй байна. Би зодуулахаас өмнө миний биеийн байдал зүгээр байсан. Зодуулснаас хойш зүрх өвддөг болсон, цаашид гарах эрүүл мэнд амь нас зүрх өвдөх, зүрхний хагалгаатай холбоотой зардал асуудлууд амьдралын явцад харж асрах, амь насны аюулгүй байдал зэргийг хэрхэн яаж шийдэх вэ, мөн ирээдүйд учрах асаргаа сувилгааны зардал зэргийг хэрхэн шийдвэрлэж нөхөн олгох вэ, мөн “Флюорит Ланд Фактори” ХХК-ийн тамга, санхүүгийн баримт зэргийг авахын тулд намайг зодсон. ...” /1 хх 18-21, 3 хх 32-33/,
гэрч Г.Я-ын “...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим 103- аар хүнд зодуулсан, цээжний өвдөлттэй өвчтөн ирсэн. ...Асуумжид монголоор хагас дутуу ярихдаа цээжээр хүчтэй өвдсөн, хоолой руу шахаж боогоод байна. Гэртээ юм уу ажил дээрээ БНХАУ-д үйлдвэрлэсэн ваартай эм уусан гэсэн. Мөн хамт ажилладаг хүндээ зодуулсан, хоолойгоо боолгуулсан, цээжин дээрээ дэвсүүлсэн гээд нүүрний ил харагдах хэсэг бага зэргийн хөхрөлттэй харагдаж байсан тул ар гэрийн хүмүүсийг дуудах шаардлагатай байна гэхэд охиноо дуудна гэж хэлсэн. Тухайн үед өвчтөн 2 гар утастай байсан, охин руугаа залгаад дуудаж яриад байсан. Охин нь сайн ойлгохгүй байсан тул сувилагч яриад эмнэлгийн хаяг зааж өгсөн. Хэсэг хугацааны дараа эхнэр нь гэх эмэгтэй ирээд өвчтөнтэй уулзъя гэж хэлэхээр нь өвчтөнөөс эхнэр чинь ирсэн, тантай уулзуулна гэсэн чинь би эхнэрийгээ хармааргүй байна, охинтойгоо уулзана гэхээр нь эхнэрт нь хандаж хэлээд уулзуулаагүй. Өвчтөнийг зүрхний шигдээсний тасаг руу шилжүүлсэн. В Ж Х-ы биеийн байдлыг үзэж, өөрөөс нь асуумж асууж өвчтөний түүхийг нээсэн. В Ж Х нь өөрийгөө зүрх өвддөггүй, эм ууж байгаагүй гэж хэлж байсан. Миний цээжин дээр дэвссэн, цээж дээр хүчтэй өвдсөн тул ваартай эм уусан гэж ярьсан. ...” /3 хх 61-62/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №13550 дугаар “...Х.Г-ийн биед тархи доргилт, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /1 хх 90-92/,
Шүүх шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №962 дугаар “...Х.Г-ийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд Х.Г-ийн биед нэмж гэмтэл тогтоогдсонгүй, урьд гаргасан дүгнэлтэд нөлөөлөхгүй. ...” /2 хх 161-164/,
Шүүх шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №941 дүгээр “...В Ж Х-ын биед зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүрхний цочмог шигдээс өвчин нь биеэ даасан өвчин юм. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1 хх 68-70/,
Шүүх шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №41 дүгээр “...Зүрхний булчингийн цочмог шигдээс өвчин нь гэмтлээс үүсэхгүй. В Ж Х-ы биед учирсан гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /2 хх 188-190/,
Шүүх шинжилгээний газрын шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №283 дугаар “...Урьд гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №941, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №41 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Ву Жин Хунын биед зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүрхний булчингийн шигдээс өвчин нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй ба цээж хэсэгт хөлөөрөө дэвсэх, хүзүү хоолойг боох зэрэг үйлдлийн улмаас үүсэхгүй. В Ж Х-ы зүрхний титэм судасны ховдол хоорондын таславчийн өмнөд салааны эхлэл хэсгээр 100% бөглөрсний улмаас цусан хангамж дутагдан зүрхний цочмог шигдээс болж улсын хоёрдугаар төв эмнэлэгт судас тэлэх мэс ажилбар хийгдсэн
байна. Хүзүү хоолой боох, ухаан алдуулах үйлдлийн улмаас хүний биеэс өтгөн шингэн ялгарч болно. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зүрхний эмчийн үзлэг, эхо шинжилгээгээр В Ж Х-ы зүүн тосгуур, ховдол, баруун ховдол хөнгөн зэргийн томрол, сулралын үйл ажиллагаа 1 дүгээр зэргийн алдагдал, зүүн ховдлын ерөнхий агших үйл ажиллагаа агшилтын эзлэхүүн 43% буурсан өөрчлөлттэй. Биеийн байдал одоогоор тогтвортой байна. ...” /3 хх 5-10/,
Шүүх шинжилгээний газрын хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй шинжээч нарын хийсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №825 дугаар “...Зүрхний шигдээс өвчин стрессээс болж шууд үхэлд хүргэх нөхцөл шалтгаангүй болно. Харин зүрхний шигдээсний үед илрэх өвдөлт нь хэдэн минут огцом үргэлжилдэг бөгөөд уг өвдөлт нь бие махбодын болон сэтгэл санааны стресст оруулдаг. Зүрхний шигдээс өвчин нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Зүрхний булчингийн шигдээс өвчин нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй ба цээж хэсэгт хөлөөрөө дэвсэх, хүзүү хоолойг боох зэрэг үйлдлийн улмаас үүсэхгүй. Сэтгэл санааны хүчтэй цочролд ороход зүрхний булчингийн шигдээс өвчин үүсэхгүй. Харин уг өвчний өвдөлт нь өвчтөнийг сэтгэл санааны стресст оруулдаг. ...” /3 хх 195-202/ гэсэн дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, шүүгдэгч Б.С-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Т-ийг хохирогч БНХАУ-ын иргэн В Ж Х-ы эрүүл мэндэд “зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.С-ийг хохирогч Х.Г-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т, С.С нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Шүүгдэгч Б.Т-ний өмгөөлөгч Д.Цэен-Ойдовоос “...мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар Ч.Т-ээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй мэдүүлэг авч эрхийг хэрэгжүүлээгүй хуулийг ноцтой зөрчсөн. ...Хохирогч В Ж Х-ы эрүүл мэндийн байдал муудсан гэж анх Хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж биед үзлэг хийхдээ хаана ямар гэмтэл, шарх зэрэг байгааг эрүүл мэндийн үзлэгийн дэвтэрт тодорхой, дэлгэрэнгүй бичиж тэмдэглэхэд хохирогчийн зүүн хөлний булчинд ямар ч гэмтэл байгаагүй байна. Хохирогч үүнээс хойш өөрт учирсан гэмтлийн талаар фото зургаар баталгаажуулан гэмтлийн зэрэг тогтоох хүсэлтийг мөрдөгчид гаргаснаар үзлэг хийгдэж гэмтлийн зэрэг тогтоогдсон. ... Гэмтлийг Ч.Т-ний үйлдлээс учирсан гэж үзэх үндэслэлгүй. ... Хохирогч, шүүгдэгч нарын уулзсан цаг, учирсан гэмтэл зэрэг нь хугацааны хувьд ч эрс зөрүүтэй. ...Шүүгдэгч С.С-ээс В Ж Х-тай маргаж В Ж Х түүнийг зодож байгаа үеийн камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг мөрдөгчид хүлээлгэн өгсөн ба прокуророос 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 729 дүгээр яллах дүгнэлт үйлдэж, хавсралтад эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг нэг ширхэг цагаан өнгийн хатуу дискийг хүргүүллээ гэсэн, мөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр яллах дүгнэлтэд эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг дискийг хэргийн хамт хүргүүллээ гэсэн ч тус эрүүгийн хэрэгт яллах дүгнэлтэд заасан эд мөрийн баримт шүүхэд ирээгүй байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Т-ний хохирогч БНХАУ-ын иргэн В Ж Х-ы зүүн хөл гуя хэсэг рүү нь өшиглөж, биед нь “зүүн гуяны булчинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэсэн шинжийг, шүүгдэгч Б.С нь хохирогч Х.Г-ийн толгой хэсэг рүү цүнхээр цохих, хөл хэсэг рүү нь өшиглөж, биед нь “тархи доргилт, зүүн бугалга, гуянд цус хуралт” гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон бол хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т, Б.С нарт торгох ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй байх ба ял тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар хураасан тогтоолгүй, мөн прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримтгүй хэрэг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 9 дэх заалтаар “хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй” гэж хэрэгт байхгүй, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хураагдаж ирээгүй дискийг шийтгэх тогтоолд бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/540 дүгээр шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ч.Т-ний өмгөөлөгч Д.Цэен-Ойдовын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/540 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :
- 9 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ч.Т-ний өмгөөлөгч Д.Цэен-Ойдовын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР