Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 202

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Сартуул овогт Дугарын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810002890181 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Сартуул овогт Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо, Сонсголонгийн 1-20 тоотод иргэн О.Оыг унтаж байхад нь халааснаас нь “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч улмаар уг картнаас 3,135,000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Б: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч О.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Бын гэрт унтаж байх үед Б гаднаас нилээн согтуу орж ирээд аав ээж хоёроос мөнгө авчихсан, Оргил худалдааны төвд хоёр эмэгтэй хоол идэж байгаа тэднийг аваад ирье гээд буцаад гарсан. ...Би гэртээ хариад утсаа нээхэд миний утсанд Хаан банкны дансны мессежүүд ирсэн ба нийт 3,135,000 төгрөгийг миний Хаан банкны виза картнаас авсан байсан. ...Миний Хаан банкны картаас олон тооны зарлагын гүйлгээ хийгдсэн байхаар нь куртикэн дотор байх картаа үзэхэд Б гэсэн карт байсан. Миний Хаан банкны виза картыг куртикны халааснаас аваад өөрийнхөө картыг сольж хийснийг тэр үед л мэдсэн...” /хх-ийн 8-9/ гэсэн,

 

Гэрч Д.Хоролсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүү 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр найз О.Оын Хаан банкны виза картнаас 3,000,000 гаруй төгрөг аваад шоудчихсан байсан...” /хх-ийн 21/ гэсэн,

 

Гэрч С.Отгон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг ажил дээрээ байхад Б гаднаас танихгүй хүмүүстэй орж ирээд эгчдээ өрөө өгнө гээд Хаан банкны ногоон өнгөтэй карт гаргаж ирээд 300,000 төгрөг уншуулсан. Тэгээд хамт орж ирсэн хүмүүстэй архи, дарс, пиво захиалсан. Дахин 400,000 төгрөг уншуулж ширээн дээр захиалсан архи, дарсныхаа тооцоог тэр мөнгөнөөс хийсэн..” /хх-ийн 19/ гэсэн,

 

Гэрч Ч.Ариунжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Герман улсаас ирсэн гэх өөрийгөө Дашням гэж танилцуулсан 20-25 насны залуу буудлын өрөө байна уу гэж асуусан. Тэр залууг би 1 давхарын 101 тоот өрөөнд оруулсан, манай буудалд 3 хоносон. Нийт 96000 төгрөгийн төлбөр төлсөн...” /хх-ийн 22-23/ гэсэн,

 

Гэрч А.Жамьяандагва мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн үед дэлгүүр дээрээ ганцаараа хаах гээд байж байхад Дугар ахын хүү Б орж ирээд манай дэлгүүрээс зээлж авсан 60,000-70,000 төгрөгний өрөө өгөөд үлдсэн мөнгөөрөө сүү, ойр зуурын бүтээгдэхүүн аваад 100,000 төгрөгийн тооцоог картаар хийсэн. ...Б гэр рүүгээ орж ирчихээд ахаас нэг юм гуйя, дүүд нь мөнгө хэрэг болоод байна, 1,000,000 төгрөг таны бэлэн мөнгөний машинаар уншуулчихья, өөр газар уншуулах гэсэн чинь болохгүй байна гэж хэлэхээр наад карт чинь хэний карт юм гэж асуухад манай аавын карт байгаа юм гэж хэлсэн. Тэгээд өөрийн бэлэн мөнгөний машинаар Бын Хаан банкны картаар 1,000,000, 500,000 төгрөгөөр 2 удаа уншуулсан...” /хх-ийн 25-26/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Оыг унтаж байхаар нь куртикных нь зүүн талын халаасанд байсан Хаан банкны картыг өөрийнхөө Хаан банкны карттай сольж хийгээд аваад гарсан. ...Би Оын Хаан банкны дансанд байсан нийт 3,135,000 төгрөгийг шоу цэнгээн хувийн хэрэгцээнд зарцуулж, үрж дуусгасан...” /хх-ийн 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

 

           - О.О-н Хаан банкны дансны хуулга /хх-ийн 32/,

- Шүүгдэгч Д.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-31, 34, 35, 36/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 69/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо, Сонсголонгийн 1-20 тоотод иргэн О.Оыг унтаж байхад нь түүний гадуур хувцасны халааснаас “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг картнаас 3,135,000 төгрөгийг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Оын “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Бын гэрт унтаж байх үед Б гаднаас нилээн согтуу орж ирээд аав ээж хоёроос мөнгө авчихсан, Оргил худалдааны төвд хоёр эмэгтэй хоол идэж байгаа тэднийг аваад ирье гээд буцаад гарсан. ...Би гэртээ хариад утсаа нээхэд миний утсанд Хаан банкны дансны мессежүүд ирсэн, нийт 3,135,000 төгрөгийг картнаас авсан байсан. ...Миний Хаан банкны картаас олон тооны зарлагын гүйлгээ хийгдсэн байхаар нь гадуур хувцасанд байх картаа үзэхэд Б гэсэн карт байсан. Миний картыг гадуур хувцасны халааснаас аваад өөрийнхөө картыг сольж хийснийг тэр үед л мэдсэн...” /хх-ийн 8-9/ гэсэн,

Гэрч Д.Хоролсүрэнгийн “...Манай хүү 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр найз О.Оын Хаан банкны виза картнаас 3,000,000 гаруй төгрөг аваад шоудчихсан байсан...” /хх-ийн 21/ гэсэн,

Гэрч С.Отгоны “...Намайг ажил дээр байхад Б гаднаас танихгүй хүмүүстэй орж ирээд эгчдээ өрөө өгнө гээд Хаан банкны ногоон өнгөтэй карт гаргаж ирээд 300,000 төгрөг уншуулсан. Тэгээд хамт орж ирсэн хүмүүстэй архи, дарс, пиво захиалсан. Дахин 400,000 төгрөг уншуулж ширээн дээр захиалсан архи, дарсныхаа тооцоог тэр мөнгөнөөс хийсэн..” /хх-ийн 19/ гэсэн,

Гэрч Ч.Ариунжаргалын “...Герман улсаас ирсэн гэх өөрийгөө Дашням гэж танилцуулсан 20-25 насны залуу буудлын өрөө байна уу гэж асуусан. Тэр залууг би 1 давхарын 101 тоот өрөөнд оруулсан, манай буудалд 3 хоносон. Нийт 96000 төгрөгийн төлбөр төлсөн...” /хх-ийн 22-23/ гэсэн,

Шүүгдэгч Д.Бын яллагдагчаар өгсөн “...Оыг унтаж байхаар нь куртикных нь зүүн талын халаасанд байсан Хаан банкны картыг өөрийнхөө Хаан банкны карттай сольж хийгээд аваад гарсан. ...Би О-н Хаан банкны дансанд байсан нийт 3,135,000 төгрөгийг шоу цэнгээн хувийн хэрэгцээнд зарцуулж, үрж дуусгасан...” /хх-ийн 48-49/ гэсэн мэдүүлгүүд, О.О-н хаан банкны дансны хуулга /хх-ийн 32/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнхбатад 3,135,000 төгрөгийг хохирол учирсан, шүүгдэгч шүүхийн шатанд төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 69/ гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх, шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, цаашид үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Д.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд Д.Бт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг  хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Б нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Д.Бт анхааруулж мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн 1810002890181 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Д.АЛТАНЖИГҮҮР