Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбат Шинэбаяр |
Хэргийн индекс | 2406022191161 |
Дугаар | 2024/ДШМ/1058 |
Огноо | 2024-09-17 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1058
2024 09 17 2024/ДШМ/1058
Э.Ц-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Саруул-Ирээдүй,
хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д-ийн өмгөөлөгч Ө.Учрал,
шүүгдэгч Э.Ц-ын өмгөөлөгч Б.Мандхай,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/802 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д, шүүгдэгч Э.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Ц-д холбогдох эрүүгийн 2406022191161 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.................... овгийн Э............... Ц.............., 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........... төрсөн, .. настай, э.эгтэй, .............. боловсрол..., ................ мэргэжил.., “...............” ХХК-д ажил...., ам бүл ..................... хамт ........................................ оршин суух, ял шийтгэлгүй /РД: ......................../,
Шүүгдэгч Э.Ц нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд .............. дүүргийн ... дугаар хороо ................ тоотод үйл ажиллагаа явуулдаг “...................” ХХК-ийн борлуулалтын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 18.556.086 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-д 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар.зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-аас 15.656.086 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д-д олгож, шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Э.Ц-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүх Э.Ц-д 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай компанийн зүгээс хохирол төлбөрөө төлүүлэхээр Э.Ц-ыг борлуулагчаар буцаан ажилд нь авч ажиллуулж байгаа бөгөөд шүүхээс оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан шийтгэл нь ажлаа хийж, цалин авч хохирол төлбөрөө төлөх нөхцөлийг хязгаарлаж байна.
Учир нь, компани Улаанбаатар хотын бүх дүүрэгт бараа түгээдэг бөгөөд түгээгчээр
ажиллахад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй түгээлт хийх боломжгүй юм.
Иймд шүүгдэгчийн хохирол төлбөрөө барагдуулах нөхцөл, хохирогчийн хохирол
төлбөрөө барагдуулж авах боломж зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Э.Ц давж заалдах гомдолдоо: “...Би “..........................” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа мөнгө дутааж компанид хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие одоо “..........................” ХХК компанидаа бараа түгээгчээр ажиллаж байгаа бөгөөд авсан цалингынхаа тодорхой хэсгээр хохирол төлбөрөө төлж байгаа бөгөөд ажил Улаанбаатар хотын бүх дүүрэгт явж ажиллах шаардлагатай байдаг.
Гэтэл шүүхээс 7 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь намайг ажил хийж хохирол төлбөрөө төлж барагдуулах боломжийг хязгаарлаж байна.
Манай компанийн зүгээс надад итгэж, хориулах арга хэмжээ авалгүйгээр ажилд буцаан оруулсан. Миний хувьд түгээгчийн ажилаа хийж хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулан компаниа хохиролгүй болгох, цаашлаад компанидаа тогтвор суурьшилтай ажиллаж өсөн дэвших хүсэлтэй ба хэрэв намайг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах боломжгүй болгочихвол компанидаа ажиллаж хохиролоо төлөх боломжгүй болох гээд байна.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д-ийн өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ц-ын өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“........................” ХХК болон шүүгдэгч Э.Ц-ын зүгээс давж заалдах шатны шүүхэд ижил агуулгатай гомдол гаргасан. Шүүгдэгч Э.Ц цаашид тогтвортой ажиллаж, хохирол, төлбөрөө барагдуулахаар компанитай тохиролцсон. Үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Б.Саруул-Ирээдүй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ц-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэж заасан. Оршин суух газар гэдгийг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно” гэж заасан. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь хэт өргөн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж дүгнэж, шүүгдэгчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг харгалзан үзэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 7 дүүргийн хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж тэнсэн харгалзах ял оногдуулахаар заасан. Шүүгдэгч Э.Ц нь 4.000.000 гаран төгрөгийн хохирол төлж, бусад хохирлыг төлөөгүй байх тул тэнсэн харгалзах ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д болон шүүгдэгч Э.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллаагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Э.Ц нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд .................. дүүргийн ... дугаар хороо, ................. тоотод үйл ажиллагаа явуулдаг “..........................” ХХК-ийн борлуулалтын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 18.556.086 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч А.Д-ийн “...Манай компанид борлуулагчаар ажиллаж байсан Э.Ц 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд ажиллаж байхдаа нийт 19.447.000 төгрөгийн бараа буюу хагас боловсруулсан гахай, тахианы махыг хувь хүмүүс болон аж ахуйн нэгж байгууллагуудад зарж борлуулаад мөнгийг нь хувьдаа завшсан байна. Энэ талаар Э.Ц, Э.Т нарт хэлэхэд мөнгийг хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тооцоо нийлсэн акт хийж өгсөн. Э.Ц, Э.Т нар нь цугтаа биш тус тусдаа дээрх мөнгийг завшсан байсан. Манай компани дотоод хяналт шалгалтаараа мөнгө завшсан асуудлыг тогтоосон. ...Э.Ц нь манай компанид ажиллаж байхдаа компанийн хагас боловсруулсан гахай, тахианы махыг зарсан мөнгөө компанид өгөлгүй хувьдаа завшсан асуудал байгаа. Он сар өдрийг нь бол санахгүй байна. ... нийт 18.556.086 төгрөгийг хувьдаа завшсан тооцоо нийлсэн акт үйлдсэн. Харин 669.000 төгрөгийг Э.Ц компанийн автомашин унаж яваад эвдэлсэн засварын мөнгийг нэхэмжилсэн, бас компаниас зээлээр авсан махны мөнгө 18.000 төгрөг, 13.500 төгрөгийг бас байгууллагаас өгсөн дугаарын төлбөрийг илүү гарсан гэж 81.116 төгрөгийг нийт 700.500 төгрөгийг надад өгөх ёстой учраас би нэхэмжилж байна. ...” /хх 68-70, 72-73, 83/,
2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “..........................”
ХХК болон Э.Ц-ын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 11-14/,
хөдөлмөрийн дотоод журам, ажил үүргийн тодорхойлолт /хх 15-21/,
“..........................” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ажилд томилсон тушаал /хх 22/,
“..........................” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал /хх 22/,
“..........................” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаар тооцоо нийлсэн акт /хх 80-81/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Ц-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д-ээс “...шүүгдэгчийн хохирол төлбөрөө барагдуулах нөхцөл, хохирогчийн хохирол төлбөрөө барагдуулж авах боломж зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх, шүүгдэгч Э.Ц-аас “...Миний хувьд түгээгчийн ажлаа хийж хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулан компаниа хохиролгүй болгох, цаашлаад компанидаа тогтвор суурьшилтай ажиллаж өсөн дэвших хүсэлтэй ба хэрэв намайг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах боломжгүй болгочихвол компанидаа ажиллаж хохирлоо төлөх боломжгүй болох гээд байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүх хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон бол хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулдаг.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх бөгөөд шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хүсэл, сонирхол, өргөдөл, гомдолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүй болно.
Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.
Тодруулбал, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д болон Э.Ц нарын хувьд хохирол нөхөн төлөх талаар харилцан тохиролцож арга хэмжээ авч байгаа бол шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагад нийцүүлэн, ажлын газрын нөхцөл байдалдаа уялдуулан хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Ц нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д-д 15.656.086 төгрөг төлөхөөс 1.700.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д, шүүгдэгч Э.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР