2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/06239

 

 


2025 08 11 192/ШШ2025/06239

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, Алтайн** гудамж, **в тоот хаягт оршин суух, Ховогт Б-н Эр /рд:*****/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * хороо, Наадамчдын гудамж, Нүхт, Арцатын задгай Л хотхон, А босго академи, ** давхарт байрлах, Л ХХК /рд:*****/

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах, гэрээний үлдэгдэл төлбөр 9,239,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах, алданги 75,818,000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 11,100,000 төгрөг, хууль зүйн үйлчилгээ авсан төлбөр 2,000,000 төгрөг, нийт 88,918,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие тус шүүхэд 2025.01.07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. "Л" ХХК-тай 2021.06.19-ний өдрийн ОСЗГ-21 дугаартай захиалгын гэрээ байгуулж, Нүхэт Арцатын задгай 9 дүгээр блок байрны 1 давхрын 71,5 мв, 3 өрөө орон сууц захиалсан. Нэхэмжлэлийн шаардлага бол уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э-н нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах. Хоёрдугаарт, гүйцэтгэгч тал захиалгын гэрээний 3.12-т заасан үүрэг буюу гэрээний үлдэгдэл төлбөр болох 9,239,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах, гуравт 2021.06.19-ний өдрийн ОСЗГ-21 дугаартай захиалгын гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой тус гэрээний 3.11-т зааснаар 78,818,000 төгрөгийг алдангид гаргуулах. Дөрөвдүгээрт, гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохиролд Эрхэмбаяр нь орон сууц хөлслөх гэрээний хөлс 2024 оны 12 дугаар сараас 6 дугаар сар хүртэл нэг сарын 1,100,000 төгрөгөөр тооцож 13,100,000 төгрөгийг гаргуулах, үүнд өмгөөлөгчийн хөлсний 1,000,000 төгрөг багтсан. Уг нь өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг байх боловч сүүлд төлсөн баримтаа гаргаагүй тул энэ хэмжээгээр бууруулж байгаа.

Нэхэмжлэлийн эхний шаардлагын үндэслэлийн хувьд гэрээгээр тохирсон хуваарь ёсоор 2021 оны 06 сараас хойш сар болгон 3,790,000 төгрөг, нийт 151,636,000 төгрөг төлсөн. Ковидын үед бүх ажил орлого зогсчихсон байсан ч нэхэмжлэгч Эрхэмбаяр нь төлбөрөө төлөхийн тулд ах, дүү,хамаатан садан, найз нөхдөөсөө өр зээл тавьж нэг ч удаа хугацаа хоцролгүйгээр 151,636,000 төгрөгийг төлсөн. Гэтэл гүйцэтгэгч тал гэрээний 3.1-т заасны дагуу барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн. Уг нөхцөл байдлаас болоод Эрхэмбаяр нь 3 сарын төлбөр 9,230,000 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн ялимгүй зөрчил гаргасан байхад гүйцэтгэгч компани нь 9,230,000 төгрөг төлөөгүй, гэрээний үүрэг зөрчсөн гэх үндэслэлээр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Гүйцэтгэгч компанид уг мөнгөө төлье гэхээр ...боломжгүй, гэрээг цуцлахаас өөр аргагүй... гэдэг байдлаар хүлээн авахгүй байсан. Хэрвээ Эрхэмбаяр нь 151,000,000 төгрөгөө банканд хадгалсан бол хамгийн багадаа жилийн 22,000,000 төгрөгийн хүү авах ёстой авна мөн өөрийн хуримтлуулсан мөнгөөрөө наймаа хийхэд ашиг олох байсан. Хариуцагч талаас 9,230,000 төгрөг төлөөгүй учраас дахиад шинээр гэрээ хийж 1 м.кв 3,500,000 төгрөгөөр тооцно гэсэн. Тэгээд өөр байр өгнө гэх байдлаар шаардлагуудыг хүргүүлсэн байдаг. Ингээд Эрхэмбаяр өмгөөлөгч надтай ярьж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсний дараа хариуцагч талын оффис дээр очоод хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Санжиндорж гэдэг хүнтэй уулзаж нөхцөл байдлыг тайлбарлахад би ганцаараа энэ асуудлыг шийддэггүй юм аа ирэх долоо хоногт удирдах зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ гэсэн. Тэгсэн нөгөө удирдах зөвлөлийн хурлаас бол танайд захиалсан байрыг чинь өгөх боломжгүй, 1 м.кв-ыг 3,500,000 төгрөгөөр тооцоод дахин шинээр гэрээ хийгээд зөрүүгээ төлөх шаардлагатай гэсэн албан бичгийг Э луу явуулсан байдаг. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан. Хоёрдугаар шаардлагын үндэслэлийн тухайд Орон сууцны захиалгын үлдэх төлбөрөө ...төлье өөбайрандаа оръё гэж хандахад ...одоо төлөх боломжгүй нэгэнт одоо зөрчил гаргасан... гэсэн талбарыг хэлдэг. Иймд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг хариуцагч талд даалгахаар шаардаж байгаа. Гуравдугаар шаардлагын хувьд гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчсөн. Учир нь үл хөдлөх хөрөнгийг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй 3,4 жилийн хугацаа өнгөрсөн учраас алданги тооцохоор гэрээнд заасан байдаг. Алдангийн хэмжээ үндсэн үүргийн зөрчлөөс илүү гарсан тул 50 хувиар хязгаарласан. Дөрөвдүгээрт, маргаан бүхий орон сууцыг гуравдугаар улиралд ашиглалтад орно гэж гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч энэ хугацаанд эхнэр, хүүхдийн хамтаар хадмындаа амьдарч ирсэн. Хүний амьдрал болсон хойно энэ асуудлаас болж гэр бүлийн хэрүүл маргаан үүсэж эхэлсэн. Нэхэмжлэгч нь эхнэр хүүхдээ бодоод орон сууц хөлсөлж амьдрахаас өөр аргагүй болж Ш гэж хүнтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлсийг 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 6 дугаар сарыг дуустал тооцож 11,100,000 төгрөгийг төлсөн. Мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлага үүсэхгүй байсан. Иймд өмгөөлөгч хөлсөлсөн зардлыг нэмээд нийт 13,100,000 гаргуулах шаардлагуудыг тус тус гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч Л ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "...Л" ХХК"-тай Б.Энь 2021.06.19-ний өдөр "Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Улмаар гэрээний 2.4-т орон сууцны төлбөрийг сар болгон төлөх график төлөлтийг заасан бөгөөд 2021.06.19-ний өдрөөс эхлэн 2024.05.19-ний өдрийг хүртэл сар бүр 3,079,000 төгрөгийг төлөхөөр заасан байдаг. Гэтэл Б.Э нь гэрээнд заасан графикийн дагуу 2024.05.20-ны өдөр хүртэлх хугацаанд төлөлт хийсэн байх бөгөөд үүнээс хойш төлөлт хийгээгүй 9,239,200 төгрөг төлөөгүй гэрээний үүрэг биелүүлээгүй зөрчилтэй байсан тул манай компанийн зүгээс удаа дараа шаардсан боловч төлөөгүй учраас 2024.10.21-ний өдөр АТ/24/135 дугаарын мэдэгдлээр "Орон сууц захиалга-ын гэрээ захиалагчийн буруугаас цуцалсныг мэдэгдсэн. Мэдэгдлийг Б.Э хүлээн аваад 2024.11.28-ны өдөр манайд албан бичгээр ".....гэрээ цуцалсныг ойлгож байгаа боловч манай гэр бүлийн зүгээс цаашид дахин захиалгын гэрээ байгуулж "Л" төсөлд амины орон сууц худалдан авах хүсэлтэй байгаа анхны захиалагчдын нэг юм..... бид бас тухайн саналыг зөвшөөрөхгүй бол даруй буцаалтаа авахыг хүсч байна" гэсэн хүсэлт ирүүлсэн юм. Энэхүү хүсэлтээрээ Б.Э нь гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар цуцалсан учраас дахиад захиалгын гэрээгээр орон сууц худалдан авах, үгүй бол төлбөрийн буцаалтыг авах тухайгаа илэрхийлсэн болно. Энэхүү хүсэлтийг хүлээн аваад манай "Лайт хаус хайбрид техноложи" ХХК 2024.12.11-ний өдөр АТ/24/195 дугаартай албан бичгээр "Захиалгын гэрээний амины орон сууцны 1мкв-ын үнэ 3,500,000 төгрөгөөр хийгдэх бөгөөд энэ үнээр шинээр гэрээ байгуулах боломжгүй бол гэрээнд заасны дагуу амины орон сууцыг худалдан борлуулсны дараа төлбөрийн буцаалтыг даруй шилжүүлэх болно" хэмээн хүсэлтийн хариу хүргүүлсэн юм. Иймд Б.Эрхэмбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-н 6-13 хуу/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14 хуу/,орон сууц захиалгын гэрээ /хх-н 15-20 хуу/, үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ /хх-24 хуу/, ХУР системийн хөрөнгийн лавлагаа /хх-н 26 хуу/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-н 27-28 хуу/, дансны шилжүүлгийн мэдээлэл /хх-н 22-38 хуу/, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн шаардлага /хх-н 64 хуу/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-н 65 хуу/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 66-71 хуу/, итгэмжлэл /хх-н 86 хуу/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2024.11.30-ны өдрийн тооцоо нийлсэн акт, зарлагын баримт, 2024.08.13-ны өдрийн түрээсийн гэрээ, түрээсийн гэрээний төлбөр тооцоо, тусгай зөвшөөрөл, 2025.04.25-ны өдрийн итгэмжлэл,

4. Хариуцагч Л ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-н 45 хуу/, Хариуцагч Л ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох итгэмжлэл /хх-н 46 хуу/, хариу тайлбар /хх-н 53 хуудас зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах, гэрээний үлдэгдэл төлбөр 9,239,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах, алданги 75,818,000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 11,100,000 төгрөг, хууль зүйн үйлчилгээ авсан төлбөр 2,000,000 төгрөг, нийт 88,918,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Үндэслэлийг орон сууц худалдан авахаар тохирч, дийлэнх хэсгийн үнийг төлсөн учир өмчлөх эрхийг шилжүүлэн авна, гэрээгээр тохирсон хугацаанд ашиглалтад оруулаагүй үндэслэлээр алданги, учирсан хохирол гаргуулна гэжээ.

3. Хариуцагч Л ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг 3 удаагийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан гэжээ.

4. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Б.Э болон Л ХХК-ийн хооронд 2021.06.19-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээгээр Лайт хаус хайбрид техноложи ХХК нь Нүхт Арцатын задгай,** дүгээр блок байрны ** давхрын 71,5 мв, 3 өрөө орон сууцыг барьж, хүлээлгэн өгөх, Б.Эрхэмбаяр нь орон сууцны 1 м.кв-ын үнийг 2,250,000 төгрөг, нийт 160,875,000 төгрөгийг урьдчилгаанд 50,000,000 төгрөг, 2021.06.19-ний өдрөөс 2024.05.19-ний өдрийг хүртэл сар бүр 3,079,900 төгрөг төлөхөөр харилцан тохирчээ. /хэргийн 15-20 дугаар тал/

4.2. Нэхэмжлэгч гэрээний үнээс 151,636,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, 2024.05.20-ны өдрөөс хойш 3 сарын төлбөрт нийт 9,239,200 төгрөг төлөөгүй гэх үйл баримтад талууд маргаагүй.

4.3. Б.Э нь сарын 1,100,000 төгрөгөөр хувийн сууц хөлсөлсөн болох нь түүний П.Ш-тэй байгуулсан 2024.12.06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ-ээр, 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 5 дугаар сар хүртэл нийт 6,600,000 төгрөгийг гэрээний үнэд төлсөн болох нь нэхэмжлэгчийн банк дахь харилцах дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 24-26, 66, 68-71 дүгээр тал/

4.4. Б.Э нь өмгөөлөгч Э.Ч-тэй 2024.12.26-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд тухайн өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь гэрээ, дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 27-28, 67 дугаар тал/

4.5 ХХК-аас Б.Э-т 2024.10.21-ны өдрийн АТ/24/135 тоот албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдэл, 2024.12.11-ний өдрийн АТ/24/195 тоот хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичиг илгээсэн, хүлээн авсан талаар талууд маргаагүй. /хэргийн 22-23 дугаар тал/

5. Б.Э болон  ХХК-ийн хооронд байгуулсан 2021.06.19-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ хэмээн нэрлэсэн гэрээгээр талууд хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийг тохирсон, гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн бичгийн хэлцэл байгуулагдсан гэж үзнэ. Хариуцагч Лайт хаус хайбрид техноложи ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 хороо, Нүхт Арцатын задгай, ** дүгээр блок байрны ** давхрын 71,5 мв, 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Б.Э төлбөр төлөх үүргийг хүлээж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

6. Нэхэмжлэгч Б.Э гэрээний үүрэг зөрчсөн эсэх, хариуцагч Л ХХК гэрээнээс татгалзах эрхтэй эсэх, ийнхүү татгалзсан эсэх, улмаар нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхтэй эсэх нь энэ хэргийн маргааны зүйл болжээ.

7. Нэхэмжлэгч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж, сүүлийн гурван сарын төлбөр болох нэг сарын 3,079,900 төгрөг, нийт 9,239,200 төгрөгийг төлөөгүй ба ийнхүү төлөөгүй шалтгааныг хариуцагч Л ХХК нь орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүргээ 2 жил гаруйн хугацаагаар хожимдуулсан тул хариу үүргийг биелүүлээгүй гэжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хоёр талын гэрээнд талуудын хэн аль нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ба нэг тал гэрээний үүргээ зөрчсөн нь нөгөө тал үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй.

8. Хэдийгээр нэхэмжлэгч Б.Э 3 сарын төлбөр төлөх үүргээс татгалзсныг зөвтгөх боломжгүй ч хариуцагч талын тайлбарласанчлан үүрэг зөрчсөн гэж үзэн гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй.

Учир нь, нэгдүгээрт, үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзаж байгаа нөхцөлд гэрээнээс татгалзах журмын зохицуулалт болох Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасантай нийцсэн байхыг шаардана. Хэрэгт Лайт хаус хайбрид техноложи ХХК-аас 2024.10.21-ний өдөр гэрээ цуцалж байгааг мэдэгдэж, 2024.12.11-ний өдөр гэрээг цуцалсны үр дагаврын талаар албан бичгийг Б.Э хүргүүлсэн баримт авагджээ.

Баримтаас үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол, 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэх нөхцөл хангагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөлд хамаарч байна. Гэрээний нийт үнэ 160,875,000 төгрөгөөс Б.Э 151,636,000 төгрөгийг гэрээ ёсоор төлсөн бөгөөд үлдэх 9,230,000 төгрөг нь гэрээний үнийн 5,7%-д хамаарч сүүлийн 3 удаагийн төлөлт байх нь үүргийн ялимгүй зөрчилд тооцох үндэслэлтэй.

Эдгээр үндэслэлээр Б.Э гэрээний үүргийг зөрчсний улмаас Л ХХК-ийн санаачилгаар гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал дэмжигдэхгүй.

9. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй тул талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан ба ажил гүйцэтгэх гэрээний хувьд хэлбэрийн шаардлага хуулиар тогтоогоогүй. Харин өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн хэлбэрийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 109.3, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан. Иргэний хуулийн 343.2, 343.3-т зааснаар гэрээний зүйл нь Нүхт Арцатын задгай, ** дүгээр блок байрны * давхрын 71,5 мв, 3 өрөө орон сууц ба орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Эрхэмбаярын нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөх эрх шилжүүлэх гэрээний нөгөө талын үүргийг хангуулах буюу гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангуулах агуулгатай байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг шаардлагаар үлдэгдэл төлбөр болох 9,239,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах гэсэн нь үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн байна. Б.Эрхэмбаяр гэрээний үнийг төлөх үүргээ биелүүлсэн учир хөрөнгийн өмчлөх эрх үүссэн гэж үзэн Нүхт Арцатын задгай, 9 дүгээр блок байрны 1 давхрын 71,5 мв, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Эрхэмбаярын нэр дээр гаргуулахыг хариуцагч Лайт хаус хайбрид техноложи ХХК-д даалгах нь зүйтэй.

10. Үлдэгдэл төлбөр болох 9,239,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан иргэний эрх зүйн хамгаалалтын арга хэмжээ биш юм. Тодруулбал, үүнийг бие даасан шаардлага бус харин захиалагч үүргээ биелүүлэхээ илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн агуулгатай байх тул нэхэмжлэлийн бусад шаардлагын хангагдсан хэсэгт харилцан тооцох нь зүйтэй.

11. Алдангид 75,818,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын байгуулсан гэрээний 3.11-т Гүйцэтгэгч тал орон сууцны ашиглалтад орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 60 хоногоос хэтэрсэн сар тутамд захиалагч талд 0.01 хувийн торгууль төлнө гэж заасныг удирдлага болгожээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөхөөр хуульчилсан. Иргэний хуулийн 232.3, 232.4, 232.5, 232.6-д зааснаар анз нь алданги, торгууль гэсэн төрөлтэй бөгөөд хугацаа хэтрүүлсэн нөхцөлд алданги, бусад байдлаар үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсвэл гүйцэтгээгүй үүргийн тодорхой хувиар тогтоосон төлбөрийг торгууль гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг үгийн шууд утгыг анхааран тайлбарлах ба гэрээний дээрх заалтаас үзэхэд талууд торгууль төлөхөөр тохирчээ. Орон сууцыг хүлээлгэн өгвөл зохих хугацааг 2022.12.31-ний өдрөөр, торгууль эхлэх хугацааг 2023.02.28-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 22 сар хэтрүүлсэн гэж үзэн гүйцэтгээгүй үүрэг 151,636,000 төгрөгийн 0.01%-аар тооцвол 333,599 төгрөгийн торгууль хариуцагчид ногдож байна.

12. Учирсан хохиролд 13,100,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Хариуцагч Л ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т тодорхойлсноор үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд хуулийн 222.4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцах үүрэгтэй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар учирсан хохиролд гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал хамаардаг учир орон сууц хөлслөсний зардалд тогтоогдсон хэмжээгээр 6,600,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 7,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Хариуцагчаас мөнгөн дүнгээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас хангагдах үнийн дүн 7,933,599 (333,599+6,600,000+1,000,000) төгрөгийг нэхэмжлэгчийн төлбөл зохих 9,239,000 төгрөгт харилцан тооцон хасвал 1,305,401 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Эрхэмбаярын хариуцагч Лайт хаус хайбрид техноложи ХХК-д төлбөл зохих төлбөрийн хэмжээ 1,305,401 төгрөг болохыг тогтоов.

13. Нэгтгэн дүгнэвэл, Нүхт Арцатын задгай,**  дүгээр блок байрны * давхрын 71,5 мв, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Э-н нэр дээр гаргуулахыг хариуцагч Л ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 80,984,401 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

14. Хариуцагч Лайт хаус хайбрид техноложи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэмүүлэнбаатар шүүх хуралдааны товыг мэдэн 2025.08.11-ний өдөр . . . би өвчний улмаас 2025.08.11-ний өдрийн 13.30 цагт товлон зарлагдсан шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул эмнэлгийн магадлагаанд заасан хугацаагаар хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн боловч хүндэтгэх шалтгаанд хамаарах баримтыг ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. Гэж зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан зааснаар Нүхт Арцатын задгай, ** дүгээр блок байрны 1 давхрын 71,5 мв, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Э-н нэр дээр гаргуулахыг Л ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 80,984,401 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 948,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 914,765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН