| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04715/И |
| Дугаар | 192/ШШ2025/06251 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/06251
2025 08 12 192/ШШ2025/06251
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр ** тоотод оршин суух хаягтай З овогт О Ж /рд: *****/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Голден парк, Энхтайвны өргөн чөлөө гудамж, *** дугаар байр, ** тоот хаягт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Гүнт ** гудамж, **** тоот хаягт оршин суух Х овогт Ө С /рд: *******/,
Нэхэмжлэлийн шаардлага: 50,141,472 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч О.Ж, хариуцагч Ө.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Ж нь 2024.02.21-ний өдөр www.unegui.mn сайтад орон сууц хөлслүүлэх зар байршуулсан бөгөөд иргэн Ө.С надтай холбогдон байрыг үзсэний үндсэн дээр байрыг хөлслөн суух хүсэл зоригоо илэрхийлсэн учир 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүрэг, 5-р хороо, **-р байр, ** давхар, ** тоот 2 өрөө байрыг нийт 18 сарын хугацаатайгаар буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 2,000,000/хоёр сая/ төгрөгөөр орон сууц хөлслүүлэх гэрээг түүнтэй байгуулсан. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1 сарын төлбөр болох 2 сая төгрөг болон барьцаа болох 1,000,000/нэг сая/ төгрөг, нийт 3,000,000/гурван сая/ төгрөгийг өөрийн нэр дээрх дансаар хүлээн авсан болно. 2024 оны 04-р сарын төлбөр болох 2,000,000/хоёр сая/ төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан бөгөөд түүнээс хойш огт төлбөр хийгээгүй. Төлбөрөө төлүүлэхийг олон удаа сануулж, хэлж ойлголцохыг хичээсэн боловч ямар нэгэн үр дүн гараагүй.
2025 оны 03-р сарын 19-ний өдөр тус хөлслүүлсэн байрны СӨХ-өөс надтай утсаар холбогдож 1406 тоотоос доошоо 2 давхар дамжин нийтийн эзэмшил хэсэгт ус алдсан, оршин суугчид нь хаалгаа нээхгүй байгааг мэдэгдсэн. Ингээд миний зүгээс үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь үзэж шалгасан бөгөөд миний хөлслүүлсэн байрнаас ус алдан нийтийн эзэмшилд хохирол учруулсан, ус дулааны төлбөрөө бүтэн жил төлөөгүй, тоолуур таслуулсан, тус орон сууцнаас ирэх сар бүрийн нэхэмжлэл мэдээлэлд миний дугаарыг хассан байсан зэрэг нөхцөлүүд тогтоогдсон. Ингээд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр "Монтс" ХХК-аас нийт 1,008,472 төгрөгийн үлдэгдэлтэй гэх мэдэгдлийг авч нөхөр бид хоёр өөрсдийн дансаар өрийг буюу ашиглалтын зардлыг барагдуулсан.
Иймд хариуцагч этгээдээс орон сууц хөлсөлсний төлбөр болох төлөгдөөгүй үлдэгдэл буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөр болох 33,000,000/ гучин гурван сая/ төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хариуцагч Ө. С манай байранд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш амьдрах хугацаандаа орон сууцны ашиглалтын ус, дулаан, цэвэр, бохир ус,, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө ч төлөөгүй тул эдгээрийн төлбөр болох 1,141, 472 /нэг сая нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг хариуцагч Ө. С-ас нэхэмжилж байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги болох 16,000,000/арван зургаан сая/ төгрөг, нийт 50,141,472 /тавин сая нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуцагч этгээдээс дээр дурдсан нийт 50,141,472 /тавин сая нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийн төлбөрийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэгч талаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч О.Ж-с хариуцагч Ө.С-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 50,141,472 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаас 8,141,472 төгрөгөөс татгалзаж, үлдэх 42,000,000 төгрөгийг хариуцагчаас 2025.08.30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 37,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар, 2025.08.25-ны дотор Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 122 дугаар байр, 1406 тоот орон сууцыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Ж-с хариуцагч Ө.С-д холбогдуулан 50,141,472 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрлийн гэрээ байгуулсан ба гэрээнд нэхэмжлэгч О.Ж-с хариуцагч Ө.С-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 50,141,472 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаас 8,141,472 төгрөгөөс татгалзаж, үлдэх 42,000,000 төгрөгийг хариуцагчаас 2025.08.30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 37,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар, 2025.08.25-ны дотор Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 122 дугаар байр, 1406 тоот орон сууцыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцжээ.
3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О.Ж-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.С-д холбогдох 50,141,472 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэлийн шаардлагаас 8,141,472 төгрөгөөс татгалзаж, үлдэх 42,000,000 төгрөгийг хариуцагчаас 2025.08.30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 37,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар, 2025.08.25-ны дотор Баянгол дүүргийн ** дугаар хороо, 1*** дугаар байр, 1406 тоот орон сууцыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,659 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 183,975 төгрөгийг хариуцагч Ө.Сайнсанаагаас гаргуулан нэхэмжлэгч О.Ж-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН