| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0458/Э |
| Дугаар | 469 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 469
2018 06 05 469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
хохирогч Ж.П-,
иргэний нэхэмжлэгч Э.Б-,
шүүгдэгч С.Л-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт С.Л-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002150163 дугаар хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Х овогт С-н Л .
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч С.Л-тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 15 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их Нарангийн замд “Тоёота Приус” маркийн 35-18 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч, жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.П-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй, тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Л-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ажлын газрын гурван хүнтэй 2 шил архи уусан. Машинаас пиво авах гээд гарсан. Миний халаасанд түлхүүр нь байсан. Машиныг унах зөвшөөрөл надад өгөөгүй, би найзынх уруугаа очоод буцаж яваад осол гаргасан. Хийсэн зүйлдээ их гэмшиж байна” гэв.
Хохирогч Ж.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Замын баруун талаар явж байтал араас машин шүргэсэн. Миний хоёр хавирга хугарсан. Хохиролд 300.000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр нөхөр машин аваад явсан. Маргааш нь 16-17 цагийн үед цагдаагаас ярьсан. Бид өөрсдөө машинаа засуулсан, гүйцэд засуулж чадаагүй байгаа. Хохирол барагдуулаагүй, огт уулзахгүй байгаад гомдолтой байна. Үнэлгээгээр тогтоогдсон 843.000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн журмын хашааны мөнгө нэхэмжилнэ” гэв.
Эрүүгийн 1803002150163 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ж.П-ийн: “2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Их Нарангийн зам дагуу алхаад хойноосоо урагшаа явган хүний шороон зам дээр алхаж явтал гэнэт араас нэг суудлын машин ирээд мөргөхөд би баруун урагшаа чигтээ газарт баруун гараа доороо хийгээд хажуу талаараа унасан. Намайг автобусны буудал дээр байсан хоёр хүн ирээд босгож аваад, цагдаа ирээд мөргүүлсэн цэг, унасан цэгийг заалгаад хэмжилт хийсэн. Гэмтлийн эмнэлэгт очиж зургаа авахуулахад хоёр хавирга хугарсан байсан. Одоогоор миний биед учирсан гэмтлээс үүдсэн зовиур шаналгаа алга байна. Жолоочоос 2 зурагны мөнгө, эм авсан гээд 300.000 төгрөг өгсөн. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. ...Тухайн үед жолооч надтай уулзаагүй, жолооч хаана байсныг мэдэхгүй, маргааш нь жолооч гээд хүүхэд ирж уулзсан” гэх мэдүүлэг /хх-43-44/,
Гэрч М.О-ын: “2018 оны 2 дугаар сарын 20-ны 23 цаг өнгөрч байхад ажлын газрын залуугийнд би С.Л-, өөр хоёр залуугийн хамт 3 шил 0,75 литрийн архийг хувааж уугаад унтсан. Өглөө 07 цаг өнгөрөөд босоход өмдний халаасанд байсан машины түлхүүр, гадаа тавьсан 35-18 УНИ улсын дугаартай “Приус-30” маркийн сувдан цагаан өнгөтэй машин байхгүй байсан. С.Л-г байхгүй байхаар аваад явсныг нь мэдээд залгахад утас нь холбогдохгүй байсан, нэлээн хайсан боловч олдоогүй. 21-ний өдрийн 18 цагийн үед замын цагдаагаас яриад би С.Л-г Толгойтоос айлаас очиж авчирсан. С.Л- машины түлхүүрийг надад хэлэхгүйгээр халааснаас аваад явсан байсан. Түүнд сайн дураараа түлхүүр өгөөгүй. Миний хувьд машиндаа үнэлгээ хийлгэхгүй өөрөө засна. С.Л-гээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, хоорондоо учраа олно” гэх мэдүүлэг /хх-45-46/,
Гэрч Д.Б-ын: “Автобусны буудал дээр зогсож байхад цагаан өнгийн “Приус” машин 21 дүгээр хороолол чиглэлтэй уруудаж байгаад эсрэг талд явган хүний зам дээр зогсож байсан хөгшин настай эгчийг машиныхаа толь хэсгээр шүргэчихсэн. Би “юу болов, яасан” гээд очиход эгч газар уначихсан, нөгөө машин хөдлөөд шонгийн харалдаа очоод зогсчихсон байсан. Би “хүн дайрчихлаа шүү дээ чи” гээд машин руу очоод жолоочид хэлэх гэтэл дотор нь жолооч байхгүй, нэг согтуу эмэгтэй унтаж байсан. Тэгээд тэр эмэгтэйг сэрээгээд асуухад юу ч мэдэхгүй байсан. Би өөрийн утаснаас дуудлага өгсөн. Би бодохдоо жолоочийг айгаад зугатсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-107/,
Гэрч Ш.Т-ын: “...Би такси барих гээд зогсож байтал нэг цагаан өнгийн “Приус” машин ирээд зогссон. Машинд суугаад явж байгаад жоохон зүүрмэглэчихсэн байсан. Би найзтайгаа хамт хэдэн пиво уучихсан байсан учраас нойр маш их хүрсэн. Нэг сэрсэн чинь машин замын хажууд гарчихсан, хүн мөргөчихсөн гээд цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Би гайхаад машинаас буугаад хартал нөгөө жолооч хүү байхгүй болчихсон, зугатчихсан гэж хүмүүс хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-105/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.26-ны өдрийн 2879 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Ж.П-ийн биед баруун талын 3, 4-р хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-77/,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018.04.04-ний өдрийн 217 дугаар дүгнэлтэд: “1.Toyota-Prius-30” маркийн 35-18 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Л-нь МУ-ын ЗХД-ийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Ж.П- нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-82-83/,
Иргэний нэхэмжлэгч Э.Б-гийн: “...С.Л- гэх хүн огт холбоо барихгүй, машин тэрэг янзалж өгнө гэж манай нөхөрт хэлчихээд алга болчихсон. Осол хэргийн улмаас миний машины урд баруун талын их гэрлийн суурь хугарч чихэгдсэн, баруун талын толь сууриараа хугарсан, баруун талын крылоны будаг халцарсан, урд баруун талын копуд хонхойсон. Дээрх хохирлыг барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-103/,
“Голд стандарт Эстимейт” ХХК-ийн 2018.05.02-ны өдрийн 10411956 дугаар автомашин техникийн үнэлгээний тайланд “Нийт шууд зардлын дүн 750.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 843.000 төгрөг” гэжээ /хх-116/,
Шүүгдэгч С.С.Л-гийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай гэрийн гадаа орой 18 цагийн орчимд ажлын залуучууд болох О-, Шинээ, Бямбаалай нар ирсэн. Бямбаалай нь 21 дүгээр хороололд манай компаниас байр лизингдэж авсан байсан. Тэгээд бид гурав гэрт нь очиж үзэхээр хамт явсан. Тэгээд гэрт нь 4 шил 0.75 литрийн архи, 2 ширхэг 3 литрийн пиво аваад хувааж уусан. 1 шил архийг нь авч ороогүй О-ын машинд нь үлдээсэн байсан. Тэгээд архи дуусахаар нь би гарч О-ын машинаас үлдээсэн 1 шил архийг оруулж ирж уусан. Тэр үед О-ын машины түлхүүрийг өгөөгүй өмдний халаасандаа хийсэн байсан. Тэгээд бид нар согтоод унтацгаасан. Үүрээр 07 цагийн орчимд Бямбаалай эхнэртэйгээ маргалдах үед нь би сэрсэн. Би Э /80....................../-аас 50.000 төгрөг авах ёстой байсан юм. Тэр мөнгөө авахаар Бага наран руу О-ын эзэмшлийн “Приус 30” маркийн машиныг хэлэхгүй унаад явсан. Энхсайханы гэрт нь очсон боловч гэртээ байхгүй байхаар нь буцаад 21 дүгээр хороолол руу нөгөө найзууд руу явж байсан. Явж байх замдаа Бага нарангийн зам Толгойт руу явах зам хоёрын уулзварын дээд хэсэгт ертөнцийн зүгээр замын баруун талд хар шороо хэсгээр явж байсан 70 орчим настай эмэгтэй хүнийг хажууд талаас нь машины толь хэсгээр мөргөж унагаасан. Тэгээд машиныг шонгийн хажууд үлдээгээд хажуугийн дэлгүүрт орж зогссон. Дэлгүүрийн эгчээр түргэн дуудуулсан. Эмээг эмнэлэг авч яваад, машиныг цагдаа ирээд ачсаны дараа би дэлгүүрээс гараад нөгөө найзууд дээрээ явж очсон. Тэнд очоод дахин 2 шил архи уучихаад өөрөө 22 цагийн үед цагдаа дээр ирж мэдүүлсэн. Айсан учраас зугатаачихсан. Өглөө архи гарчихсан гайгүй байсан. Зүгээр явчихаад ирье гэж бодоод унаад явчихсан. Бүх хохирлыг барагдуулж дууссан” гэх мэдүүлэг /хх-99/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-9/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-10/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, гэрч Ч.А-ийн мэдүүлэг /хх-108/, хохирлын баримт /хх-61, 115, 118/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Л-согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 15 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн замд “Тоёота Приус” маркийн 35-18 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч жолоодон явахдаа явган зорчигч Ж.П-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ж.П-ийн “...Их нарангийн зам дагуу хойноосоо урагшаа явган хүний шороон зам дээр алхаж явтал гэнэт араас нэг суудлын машин ирээд мөргөхөд би баруун урагшаа чигтээ газарт баруун гараа доороо хийгээд хажуу талаараа унасан. ...Тухайн үед жолооч надтай уулзаагүй, жолооч хаана байсныг мэдэхгүй, маргааш нь жолооч гээд хүүхэд ирж уулзсан” гэх мэдүүлэг /хх-43-44/, гэрч Д.Б-ын “Автобусны буудал дээр зогсож байхад цагаан өнгийн “Приус” машин 21 дүгээр хороолол чиглэлтэй уруудаж байгаад эсрэг талд явган хүний зам дээр зогсож байсан хөгшин настай эгчийг машиныхаа толь хэсгээр шүргээд унагачихсан, нөгөө машин хөдлөөд шонгийн харалдаа очоод зогсчихсон байсан. Би “хүн дайрчихлаа шүү дээ чи” гээд машин руу очтол жолооч байхгүй, нэг согтуу эмэгтэй унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-107/, гэрч М.О-ын “...С.Л- машины түлхүүрийг надад хэлэхгүйгээр халааснаас аваад машин унаад явсан байсан. Түүнд сайн дураараа түлхүүр өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-45-46/, гэрч Ш.Т-ын: “...Нэг сэрсэн чинь машин замын хажууд гарчихсан, хүн мөргөчихсөн гээд цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Би гайхаад машинаас буугаад хартал нөгөө жолооч хүү байхгүй болчихсон, зугатчихсан гэж хүмүүс хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-105/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.26-ны өдрийн 2879 дүгээр “1.Ж.П-ийн биед баруун талын 3, 4-р хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-77/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018.04.04-ний өдрийн 217 дугаар “1.Toyota-Prius-30” маркийн 35-18 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Л-нь МУ-ын ЗХД-ийн 1.5, 2.7а, б, 2.5а, б, в заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-82-83/, шүүгдэгч С.С.Л-гийн “...Тэгээд 4 шил 0.75 литрийн архи, 2 ширхэг пиво хувааж уусан. О-ын машины түлхүүрийг өгөөгүй өмдний халаасандаа хийсэн байсан. ...Бага наран уруу О-ын эзэмшлийн “Приус 30” маркийн машиныг хэлэхгүй унаад явсан. Толгойт уруу явах зам хоёрын уулзварын дээд хэсэгт ертөнцийн зүгээр замын баруун талд хар шороо хэсгээр явж байсан 70 орчим настай эмэгтэй хүнийг хажуу талаас нь машины толь хэсгээр мөргөж унагаасан. Тэгээд машиныг шонгийн хажууд үлдээгээд хажуугийн дэлгүүрт орж зогссон. Эмээг эмнэлэг авч яваад, машиныг цагдаа ирээд ачсаны дараа би дэлгүүрээс гараад нөгөө найзууд дээрээ явж очсон. Айсан учраас зугтаачихсан. Зүгээр явчихаад ирье гэж бодоод унаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-99/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.С.Л-гийн иргэний нэхэмжлэгч Э.Б-гийн өмчлөлийн “Toyota Prius303 маркийн 35-18 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч М.О-ын зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн буюу согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож хохирогч Ж.П-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан,
дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул С.Л-гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.П-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний “эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-44/-ийг үндэслэн шүүгдэгчийг хохирогч Ж.П-ид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Э.Б-гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр нийт 843.000 төгрөг /хх-116/, авто үнэлгээний хөлс 35.000 төгрөг /хх-115/, тээврийн хэрэгслийн оношилгооны хөлс 88.000 төгрөг /хх-61/, тээврийн хэрэгслийг түр саатуулсны хөлс 170.000 төгрөг /хх-118/-ийн хохирол учирсан байх тул шүүгдэгч С.С.Л-гээс нийт 1.136.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Б-д олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 2 жил хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж нийт эдлэх хорих ялыг 2 жил 2 сараар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ (1,06%) гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж дүгнэн шүүгдэгч С.Л-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.С.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 1 жилийн хорих ял дээр 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг, нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг /480:8=60/ хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сар хорих ялыг нэмж нэгтгэн, С.С.Л-гийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Л-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиад боржигон овогт Сүхбаатарын С.Л-г автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах,
автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн,
авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Л-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар С.С.Л-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.С.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг, нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг /480:8=60/ хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сар хорих ялыг нэмж нэгтгэн, С.С.Л-гийн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 1 жил 2 сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.С.Л-д оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Л-урьдчилан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.П-ид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.С.Л-гээс 1.136.000 /Нэг сая нэг зуун гучин зургаан мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Б- /....................... /-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.С.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.С.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР