Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/1119

 

 

 

 

  2024             10           02                                         2024/ДШМ/1119        

 

 Д.А-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Ялалт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/592 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.А-д холбогдох эрүүгийн 2305004021225 дугаар хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

....................... овгийн Д........ А............, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............................. төрсөн, ... настай, э.эгтэй, ...... боловсрол...., ..................... мэргэжил....., ......................................... ажилтай, ам бүл ...., ................ хамт ............................................ оршин суух бүртгэлтэй боловч .......................................... оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ............../,

Шүүгдэгч Д.А нь өөрийн хүү Д.Н-ын хамтаар Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан “Toyota Land cruiser 200” маркийн автомашины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн В.Н-тай “...зээлийн үлдэгдэл 174.500.000 төгрөгийг төлж дууссаны дараа өмчлөлд нь бүрэн шилжүүлж өгнө” гэж зээлийн барьцаалбарт байгаа авто машинаар худалдаж буй мэтээр дүр эсгэсэн хэлцэл байгуулан, зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, улмаар В.Н-аас 35.500.000 төгрөгийн үнэ бүхий бараа авч, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 87.601.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлүүлсэн атлаа итгэл эвдэх аргаар “Toyota Land cruiser 200” маркийн автомашинаа буцаан авч В.Н-д нийт 123.101.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.А-г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А-д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт хяналтын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 267 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 284 дугаар зөвшөөрлөөр ....... улсын дугаартай, .......................... арлын дугаартай “Toyota Land 200” тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч С.Ялалт хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт, үндэслэлүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хэргийн бодит байдалтай нийцээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ буруу үнэлж дүгнэсэн, шүүгдэгч талын үйлдлээ хэрэгжүүлэх болсон субьектив талын байдал, түүний урьдач нөхцөлүүдийг харгалзан үзэлгүй буруу үнэлэлт өгсөн байна. Дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримтууд зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэх үндэслэлийг зааж өгөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан. Тодруулбал,

1. 2020 оны 08 дугаар сapaac 2022 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хоцроож, В.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байсныг нотолсон Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг гэх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн тухайд:

Хавтаст хэрэгт 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг хүртэлх буюу В.Н-гийн эзэмшилд автомашин байх хугацааны зээлийн эргэн төлөлт хоцроож байсан Хаан банкны албан бичиг, тодорхойлолт /2 хх 96/ авагдсан байдаг. Тухайн албан тодорхойлолтоор В.Н нь Д.А-тай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчиж байсан нь харагддаг. Д.А нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр автомашиныг хүлээн авсан  өдрөөс хойш зээлийн төлбөрийг өөрөө төлсөн бөгөөд 6 сарын хугацаанд хугацаа хэтрэлгүй төлснөөс 2023 оны 06 дугаар сараас ангилал “хэвийн” болж өөрчлөгдсөн.

2023 оны 3, 4 дүгээр саруудад авагдсан Зээлийн мэдээллийн сангийн зээлийн ангилал “анхаарал хандуулах” ангилалтай байсан. Мөн /2 хх 119-120/ талд авагдсан лавлагаагаар 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр анхаарал хандуулах ангилалд байсан нь /2 хх 151-152/ талд авагдсан баримтаар мөн анхаарал хандуулах ангилалд байсан нь тус тус нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагааг үнэлсэн нь буруу болсон. Үйл явдал нь 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 12 сарын хооронд хамаарах зээлийн эргэн төлөлт, хоцрогдол, зээлийн ангилалтай хамаатай. Тухайн ЗМС-ын лавлагаа нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх гэдгийг маш тодорхой зааж өгсөн байна. Энэ үеийн байдлаар зээлийн эргэн төлөлт, зээлийн ангилал хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Энэ лавлагаа нь яг тухайн цаг үеийн нөхцөл байдлыг илэрхийлдэг тул 2022 оны 12 дугаар сарын байдлаарх нөхцөл байдал, зээлийн ангилалыг илэрхийлэх чадамжгүй нотлох баримт болно.

Гэрч А-ын мэдүүлгээр зээлийг хугацаандаа 6 сарын туршид төлвөл ангилал дээшилж хэвийн болдог тухай мэдүүлсэн. Энэ талаар Монголбанкны холбогдох журмын зохицуулалт бий. Мөн Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа болоод энэ талаар тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдийн хувьд нэг дата төв буюу нэг эх үүсвэрээс мэдээлэл авч лавлагаа олгодог бөгөөд хэзээ авснаас хамааран үр дүн өөрөөр гардаг гэдгийг анхан шатны шүүхээс анхаараагүй бөгөөд энэ талаар тайлбар хэлсээр байтал хүлээн аваагүй. 2023 оны 3, 4 дүгээр сард авсан лавлагаагаар анхаарал хандуулах ангилалтай байсан, гэтэл 2023 оны 6 дугаар сард авсан лавлагаагаар хэвийн болж өөрчлөгдөж болно. Зүй нь автомашиныг буцаан авах үед /2022 оны 12 дугаар сард/ зээлийн ангилал ямар байсан нь ач холбогдолтой. 2023 оны 6 дугаар сарын ЗМС-ын лавлагааг ач холбогдолтой гэж үзсэн. Харин хэрэгт авагдсан бусад ЗМС-ын лавлагааг үнэлээгүй талаар дүгнэлт өгөөгүй байна.

2. Д.А-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үйлдлийн сэдэл, зорилгыг “шунахайн сэдэлтээр залилах” гэж буруу тодорхойлсон тухайд:

Тухайн үеийн нөхцөл байдалд ямар нэгэн гэмт хэргийн сэдэл, зорилгогүй байсан дараах үйл баримтаар тогтоогддог.

В.Н нь гэрээний үүргээ байнга зөрчиж, зээлийн ангилал буурч байсан. Энэ нь бусад байдлаар санхүүгийн байгууллагад хандаж үйлчилгээ авах боломжгүй байдалд хүргэсэн. Талуудын байгуулсан гэрээ нь 7-8 жилийн хугацаанд үргэлжлэх урт хугацаатай гэрээ тул В.Н-гийн гэрээний зөрчлийг урт хугацаанд хүлцэх боломжгүй. В.Н нь н.А гэх хүнд автомашиныг шилжүүлсэн бөгөөд н.А-ыг БЗДЦХ-т гомдол гаргаж шалгуулсан. Ингэхдээ автомашинаа залилуулсан гэх гомдлыг н.А-д холбогдуулан гаргасан. Энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэг дээр Д.А нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэг өгөхдөө учир байдлыг мэдэх болсон. В.Н, Д.А нарын гэрээнд зээлийн гэрээний төлбөрийг төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. В.Н нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд өөрийгөө өмчлөгч болсон гэж үзэж болохгүй. Түүнчлэн зээл чөлөөлөөгүй нөхцөлд өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй тул энэ тохиролцоог хийсэн. Үүнийг гэрээний талууд хүлээн зөвшөөрсөн. Иймээс өмчлөх эрхийг шилжүүлэн авахын тулд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх ёстой байсан болно. В.Н нь н.А-д залилуулж автомашинаа алдсан гэж цагдаад гомдол гаргасан, тухайн хэрэг бүртгэлтийн хэрэгт Д.А мэдүүлэг өгсний дараагаар зээлээ төлүүлэлгүйгээр автомашинаа алдаж болзошгүй нөхцөл байдал бүрдсэн гэж ойлгосон. Хамгийн гол нь В.Н гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд биелүүлж ирсэн бол хэзээ ч ийм маргаан үүсэхгүй, Д.А нь автомашиныг буцаан авах шийдвэрийг гаргахгүй байсан болно.

Үнэхээр залилах санаа зорилго байсан бол дээр дурдсан урьдач нөхцөлүүд бүрдсэн байх учиргүй юм. Автомашиныг буцаан авсан нь В.Н-д төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул үүнийг залилан гэж үзэж болохгүй. Түүнчлэн В.Н нь Д.А-г буруу, үндэслэлгүй гэрээ цуцалсан гэж үзвэл өөрийгөө гэрээний үүргээ зөрчиж байгаагүй гэж Иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй байсан болно.

3. Талуудын байгуулсан гэрээнд “гэрээнээс татгалзах эрхгүй байхаар заасан” талаар зохицуулсан заалтыг буруу үнэлж дүгнэсэн тухайд:

Гэрээнээс огт татгалзах, цуцлах эрхгүй байна гэдэг өөрөө боломжгүй ойлголт юм. Харин ямар нэгэн үндэслэл шалтгаангүй гэрээнээс татгалзах, цуцлах нь эрх зүйн харилцаанд гэмгүй бусад этгээдэд ихээхэн хохиролтой байдаг. Жишээлбэл, гэрээ байгуулж гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлснээс хэд хоногийн дараа үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзах, гэрээг буцаах хүсэлтийг хүмүүс тавих тохиолдол байдаг. Эдгээр тохиолдолд эрх зүйн хариуцлагатай байх нь ач холбогдолтой тул энэ нөхцөл байдлаас сэргийлэх үүднээс дээр дурдсан гэрээний заалтыг талууд гэрээнд тусгасан. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах итгэл нөгөө талдаа төрүүлж гэрээ хийсэн хэрнээ үндэслэлгүйгээр татгалзаж эсвэл цуцалж наймаа тохиролцоог буцаах үйлдлийн эсрэг дээрх заалтыг гэрээнд тусгасан болно. Харин гэрээний үүргийг цаг тухай бүрт нь биелүүлэлгүй 2-3 жил болно гэдэг өөрөө тусдаа ойлголт юм. Гэрээний үүргийг зөрчсөн нөхцөлд гэрээнээс татгалзахгүй байх талаар дээрх гэрээний заалт зохицуулаагүй. Гэрээний үүргээ зөрчсөн бол цуцлах, татгалзах эрх нь хуулиар олгогдсон эрх байдаг. Үүнийг хязгаарлах боломжгүй юм. Үүнийг анхан шатны шүүхээс ялгаж салгаж дүгнэлт өгөөгүй байна. Д.А-ийн хувьд ямар ч үндэслэлгүйгээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүй, харин тодорхой үндэслэл шалтгаанаар гэрээгээ хугацаанаас өмнө цуцалсан. Гэрээг цуцлах нөхцөл байдал хүргэсэн гэм буруутай этгээд нь В.Н өөрөө болно. Тэрээр нэгэнт байгуулсан гэрээний үүргээ биелүүлж байсан бол гэрээ хэзээ ч цуцлагдахгүй байсан юм.

4. Автомашины улсын дугаарыг сольсон асуудлыг нуун дарагдуулсан гэж буруу дүгнэсэн тухайд:

В.Н нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас Д.А гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авсан. В.Н-гийн 2 жил 6 сарын туршид хугацаа хэтрүүлж төлсөн төлбөрийг эргүүлэн түүнд төлөх нь зүй ёсны асуудал ба үүнтэй маргаагүй, тооцоо нийлж төлнө гэдгээ илэрхийлж байсан. Харин нэгэнтээ гэрээг цуцалсан бол автомашиныг хэрхэх нь өмчлөгчийн мэдлийн асуудалд хамаарна. Энэ Хаан банкны зохих зөвшөөрөл журмынх дагуу хийгдсэн бөгөөд энэ нь В.Н-д төлөх төлбөрөөс зайлсхийсэн хэрэгт үл хамаарна.

5. Гэрээ цуцалсны өглөг авлага, тооцооны асуудлыг шүүхээс буруу тооцож гаргасан тухайд:

Талууд өглөг авлага тооцооны асуудлаар гэрээ байгуулж, 2 автомашин, биеийн мист зэргийг тооцон өгсөн. Үүнээс гадна 10.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргаагүй. Энэ талаар 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр В.Н-гийн прокурорын байгууллагад гаргасан гомдлоос /3 хх 46/ 10.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг харж болно. Энэ 10.000.000 төгрөгийг түүний дансанд төлж тооцоог хаасан. Энэ талаарх баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс нэмж 13.101.000 төгрөгийн төлбөртэй гэж үзсэн нь буруу юм. Талуудын байгуулсан гэрээ, шүүх хуралдаан гэрчээр мэдүүлэг өгсөн Д.З-ын мэдүүлэг, мөн удаа дараа прокурорын байгууллагад В.Н-аас гаргасан 10.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх гомдол зэргийг харгалзан үзээгүй. Анхан шатны шүүх 13.101.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж буруу дүгнэлт хийсэн хэдий ч шүүгдэгчийн хувьд өөрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд аргагүйн эрхэнд энэхүү төлөх ёсгүй төлбөрийг төлж барагдуулсан. Нийтдээ 123.000.000 төгрөг дээр нэмж үндэслэлгүйгээр 13.101.000 төгрөгийг төлж барагдуулсан.

6. Д.А-г хуульд заасан тодорхой арга хэмжээ авах боломжтой байсан гэх дүгнэлтийн хувьд:

Гэрээний харилцаа бол ердөө хоёр үүргээс бүтэж байсан. 1-т Д.А нь гэрээний үүргээ биелүүлж автомашиныг эзэмшлийг шилжүүлж өгөх. 2-т В.Н нь зээлийг яг хуваарийнх нь дагуу 8 жилийн туршид төлөх. Гэрээ хийсний дараагаар Д.А өөрт хамаарах үүргээ биелүүлсэн. Харин гэрээний хугацаанд гагцхүү  В.Н зээл төлөх үүрэг хүлээж байсан. В.Н үүргээ байнга зөрчиж байсан.  Хаан банкны албан бичгээр нийтдээ 272 хоног зөрчсөн байдаг. Энэ зөрчлийг зөвхөн 2 жил 5 сарын хугацаанд гаргасан. Дахиад цаана нь 5-6 жил үлдсэн. Хугацаандаа зээл төлөөгүйн улмаас Д.А, түүний хүүгийн зээлийн ангилал буурч, данснаас нь мөнгө татагдаж талуудын хооронд маргаан үүсдэг байсан. Огт маргаан үүсэлгүй нэг өдөр очоод машинаа авчихсан хэрэг огт биш юм. Банкны зээлийн хувьд ангилал үүссэн байхад давхар бусдад залилуулж машинаа алдсан гэх гомдлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасныг мэдмэгц хүн огт юм бодохгүй байх боломжгүй гэж бодож байна.

 Анхнаасаа залилан мэхлэх сэдэл, санаа зорилго байсан бол автомашиныг эзэмшлийг шилжүүлэхээс зайлсхийх байсан. Гэтэл харьцангуй үнэ бүхий автомашиныг эзэмших нөхцөл боломжийг хангаж байсан. Зээлийн эргэн төлөлтийн нь нэг удаагийн шинжтэй бус, байнгын шинжтэй байсан. Хэрэв нэг удаагийн зөрчлөөр шалтаглан автомашиныг авсан бол залилан гэж үзэж болно. Гэрээний үүргийг байнга зөрчсөн, талууд байнгын шинжтэй маргаантай байх нөхцөлд гэрээг цуцлахдаа заавал акт үйлдэхийг хуулиар шаарддаггүй. Нөгөөтэйгүүр В.Н нь гэрээний үүргээ яг хуваарийнх дагуу төлсөн бол автомашиныг буцаан авах үйлдлийг хэрэгжүүлэх шаардлага Д.А-д байхгүй юм.

 А нь гэрчээр мэдүүлэхдээ зээлийн эргэн төлөлтийг зөрчиж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Банкны ажилтан С.А, н.Б нарын гэрчийн мэдүүлгээр зээлийн явцын зөрчил ихтэй байсныг хэлдэг. Мөн тухайн цаг хугацаанд зээлийн ангилалыг дээшлүүлж өгөх талаар банкинд гаргасан хүсэлт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Эдгээр нөхцөл байдал нь В.Н-г гэрээний үүргээ өөрөө анхнаас зөрчиж байсныг илэрхийлж буй хэрэг болно.

Мөн В.Н автомашины эзэмшлийг н.А-д шилжүүлсэн, мөн н.А-д холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “зээлээ төлдөггүй, банк хураана гэхээр төлдөг, цааш нь Тамир гэх өөр хүнд борлуулах гэж байсан, намайг залилаад автомашинаа алдчихсан” зэргээр гомдол гаргасан байгаа нь Д.А-д ноцтой санагдсан. Энэ гомдлын талаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн, харин маргааш нь буюу 12 дугаар сарын 20-ны өдөр автомашиныг очиж авсан байдаг.

Иймээс Д.А-ийн хувьд бусдыг залилан мэхэлж хохироох гэсэн сэдэл, зорилгогүй, тодорхой үндэслэл шалтгаанаар гэрээг цуцалсан бөгөөд гэмт хэргийн субьектив талын нөхцөл байдал тогтоогдоогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.А хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хууль дүрмийн дагуу иргэний гэрээ байгуулаад машиныг өгсөн. Цаашаа дамлан зараад эрүүгийн хэрэг үүссэн байсан. А гэх хүн урьдчилгаа 70.000.000 төгрөгийг аваад алга болсон зүйл яригдсан. Тэр З гэх байцаагч надад хандаж “та өөрийнхөө эзэмшлийн машиныг авах ёстой юм байна. Энэ олон хүний дунд та хохироод явж байгаа юм байна” гэсэн. Одоо манай “Алтантулгат Өргөө” ХХК-нд зээл авах эрх байхгүй. Е-Mongolia-аас бид бүх баримтуудаа авч гаргаж өгсөн. Би автомашиныг байцаагчийн хэлсний дагуу авах нь зөв юм байна гэж үзээд Н-ын хэргийн дагуу мэдүүлгээ өгсөн. А над руу өөрөө залгаад “Би Н-д залилуулсан. Энэ автомашиныг танд өгнө. Би 40 гаруй сая төгрөг өгөх ёстой. Үүнийг та шийдвэрлэж өгөөрэй” гэсний дагуу авсан. Гэтэл прокуророос намайг 4 хүнтэй ирээд автомашиныг булааж авсан гэж нотолгоо байхгүй байхад дүгнэсэн. Би 5 хүүхэд гаргасан алдарт эх хүн. Би хүн залилах зүйл хийгээгүй. Н нь намайг очиход 10-аад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлж байсан. Би хуулийн мэдлэггүй болохоор нотариатын хүнээс “зээлтэй байхад зарж болох уу” гэж асуухад, “асуудалгүй, төлбөрөө хууль зүйн дагуу зөрчилгүй төлж дууссаны дараа шилжүүлж өгч болно” гэсэн. Надад залилах ямар ч санаа зорилго байгаагүй. Удаа дараа миний дансыг хааж байсан. Миний хүү Н-ын дансыг хааж байсан. Прокуророос 123.000.000 төгрөгийг төл гэж байгаа боловч 87.000.000 төгрөгийн хуулганаас авсан гээд байгаа юм. Энэ дүнг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр тал тооцоо нийлсэн асуудал байхгүй байдаг. Н, А, түүний нөхөр нь гээд замбараагүй 2-3 сар төлөхгүй явж байснаа гэнэт бөөн мөнгө хийчихдэг. Хэн нь ямар мөнгө төлсөн болохыг олох гэж иргэний шүүхэд хандсан. Н гэх хүн байнга хаягаа сольдог тул олддоггүй. Тэгсэн атлаа эрүүгийн хэрэг дээрээ байнга явж байдаг. Прокуророос гаргасан хохирлын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би буцаалт гэж зөндөө мөнгө төлсөн. Нийт 9.200.000 төгрөгийг А-ын нөхөрт буцааж өгсөн. Энэ мөнгөн дүнг хасаагүй. Би 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хөлөө хугалсан байхад Н над руу яриад “эвлэрлийн гэрээ байгуулъя” гэсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдийнхээ машиныг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлж өгөөд эвлэрлийн гэрээ байгуулж хууль ёсны дагуу прокурорт өгөхөд прокуророос над руу залгаад “Н гомдол гаргасан шүү” гэсэн. Би эвлэрлийн гэрээний дагуу 10.000.000 төгрөг өгөөд төлбөргүй болж байгаа гэсэн. Би 10.000.000 төгрөгийг 3 дугаар сарын 20-ны өдөр төлсөн. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 13.000.000 төгрөг нэмэгдээд ороод ирэхээр нь гайхсан. Би илүү төлөлт төлсөн байгаа. Би залилах гэмт хэрэг үйлдээгүй. Маш их гомдолтой байна. 2 жилийн хугацаанд хүү, алданги банкинд төлсөн. Автомашиныг зараад Н-ын хохирлыг төлнө гэхээр машиныг зарж болохгүй хориг тавьсан. Би маш их хэмжээний өрөнд орсон. Би шүүхээр ороод ялтан гэж явж байгаад маш их гутарч сэтгэл зүйн хувьд ч хүнд байна. ...” гэв.

Прокурор Ц.Сайнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч В.Н нь Д.А-гаас зээлээр авсан  авто машинаа 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр А-д авто машиныг шилжүүлж өгсөн байдаг. А нь дээрх хугацаанд 49.083.000 төгрөгийг Н нь 38.518.000 төгрөг буюу нийт 87.601.000 төгрөгийг төлж дээрх хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь нотлогдсон. Гэтэл Д.А нь бусдад хэлцлээр худалдсан авто машины зээлийн төлөлтийг А төлөөд явж байгаа гэдгийг мэдсээр байж хохирогч Н-д мэдэгдэлгүйгээр Эрүүгийн хуульд заасан хууль бус аргаар хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгоод “Тоёота Ланд крузер 200” маркийн авто машинаа А-аас буцаан авч хохирогч Н-д 123.101.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Д.А нь гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзсэн. Өөрт нь эрсдэл бүхий нөхцөл байдал бий болсон гэж үзсэн бол Н-тай уулзаж ярилцаж мэдээлэл солилцож гэрээгээ дүгнэх талаар гомдлын шаардлага гаргах талаар ямар нэгэн санал, санаачлага огт гаргаагүй. Ингээд гуравдагч этгээд болох А-ыг хуурч “машинаа зарахаар бол эгч нь буцаагаад авна шүү” гэж хуурч түүнийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто машинаа угаалгаад байж байхад нь очиж түлхүүрийг нь аваад явсан байдаг. Энэ нь Эрүүгийн хуульд заасан хууль бус аргаар авсан. Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хангалттай сайн дүгнэсэн гэж үзэж байна. А-ын хувьд гэрээний биелэлтийг тооцох сонирхолгүй байгаа нь дан ганц ашиг олох гэсэн, өөртөө эд хөрөнгийн давуу байдал бий болгох гэсэн санаа зорилго агуулж байгаагаар залилах гэмт хэрэг нь иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдаж байна гэж үзсэн. Хугацаа хэтрүүлсэн төлөлтийн тухайд “Алтантулгат Өргөө” ХХК-ийн захирал Н нь Хаан банканд удаа дараа зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг гаргаж байсан. Түүний хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд зээлийг хойшлуулсан байдаг. Уг хойшлуулсан хоног нь 90 хоногоос дээш буюу өндөр дүнтэй байдаг. Үүнийг шүүгдэгч талаас хохирогч Н-ын буруутай ажиллагаанаас болоод зээлийн эргэн төлөлтийг удаан хугацаагаар хойшлуулсан гэж үздэг. Н, А нарын хувьд зээлийн хугацаа хэтрэлттэй төлөлтийн асуудал байдаг. Гэхдээ 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай Монголбанкнаас ирүүлсэн албан бичигт хэвийн ангилалд байгаа болохыг тодорхойлсон байдаг. Н, А нар нь санаатайгаар хугацаа хэтрүүлээгүй байдаг. Шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримтаар давхар нотлогдохгүй байдаг. Өөрөөр хэлбэл, А-ын зөвшөөрлөөр авто машиныг авсан гэж мэдүүлдэг. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэсийн мөрдөгч З нь “таны машин байна. Та энэ авто машиныг авч яв” гэж хэлсэн гэж мэдүүлдэг боловч А-аас 3 удаа гэрчээр мэдүүлэг авахад мэдүүлгийн зөрүү үүсээгүй. Мөн мөрдөгч З-аас гэрчийн мэдүүлэг авахад шүүгдэгчийн яриад байгаа асуудал үгүйсгэгдэж байдаг. Шүүгдэгч Д.А-гын үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа гэж маргадаг. Гэвч иргэний шүүхэд 2023 оны 5 дугаар сард хандсан байдаг. Хохирогчоос 123.000.000 төгрөг төлүүлээд авто машинаа буцаан авсан атлаа дахиад хэлцэлд зааснаар гэрээний үүргээ зөрчсөн талаасаа 50 хувийг нэхэмжилсэн буюу 210.000.000 төгрөгөөр худалдсан авто машиныхаа 105.000.000 төгрөгийг нэхэмжлэл үүсгээд иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор төлүүлсөн авто машиныхаа үнийн дүнг буцааж төлөх талаар ямар нэг санаачлага гаргаагүй. Хохирогчоос гаргасан гомдлын дагуу автомашиныг битүүмжлэх тогтоолыг прокуророос гаргасан боловч машиныг хаана байгааг зааж өгөхгүй байсан. Эрэн сурвалжлах ажиллагаа хийгээд машиныг олж чадаагүй. Авто машиныг нуун дарагдуулсан. Эд хөрөнгөө нуух, төөрөгдүүлэх санаа зорилго нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн. Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой дурдсан. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н-д 123.101.000 төгрөгийн хохирол учирсанаас прокурорын яллах дүгнэлт үйлдсэний дараа шүүгдэгч Д.А нь хохирогчтой харилцан тохиролцоод 2 авто машиныг 100.000.000 төгрөгт тооцож, мөн дансаар 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл хохиролд тооцож биеийн тос өгсөн байдаг. Хохирогч Н нь анхан шатын шүүх хуралдаанд оролцоод “... биеийн тосыг зах зээлийн ханшнаас өндөр үнээр үнэлж өгсөн байсан. Иймд уг тосыг буцааж өгнө” гэсэн. Ингээд хохирогч үлдэгдэл төлбөр дээрээ нэмээд өмгөөлөгчийн хөлсөө нэхэмжилсэн. Прокуророос үлдэгдэл хохирол болон өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохыг дэмжиж оролцсон. Гэхдээ анхан шатны шүүх өмгөөлөгчийн хөлс болох 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоод үлдэгдэл 13.101.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингээд хохирол төлөхөөр завсарлага аваад шүүгдэгч үлдэгдэл хохирлыг төлж барагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Д.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Д.А нь өөрийн хүү Д.Н-ын хамтаар Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан “Toyota Land cruiser 200” маркийн автомашины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн В.Н-тай “...зээлийн үлдэгдэл 174.500.000 төгрөгийг төлж дууссаны дараа өмчлөлд нь бүрэн шилжүүлж өгнө” гэж зээлийн барьцаалбарт байгаа авто машинаар худалдаж буй мэтээр дүр эсгэсэн хэлцэл байгуулан, зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, улмаар В.Н-аас 35.500.000 төгрөгийн үнэ бүхий бараа авч, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 87.601.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлүүлсэн атлаа итгэл эвдэх аргаар “Toyota Land cruiser 200” маркийн автомашинаа буцаан авч В.Н-д нийт 123.101.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 8/,

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944707409 дугаартай Хаан банк Д.Н, Д.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1 хх 27-30/,

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Д.Н, Д.А нар нь В.Н-д 210.000.000 төгрөгөөр Хаан банкнаас ............... улсын дугаартай Тоуоtа Toyota Land cruiser 200 VХ 2019 оны автомашиныг худалдаж, 35.500.000 төгрөгийг бэлэн бараагаар тооцон хасаж, үлдэгдэл 174.500.000 төгрөгөөр Хаан банкны зээлийн гэрээний
үүргийг гүйцэтгэж зээлийг худалдан авагч тал дуусгавар болгохоор тохиролцсон хэлцэл /1 хх 32-33/,

хохирогч В.Н-гийн “...2020 оны 07 дугаар сард над руу үл таних эмэгтэй хүн утсаар холбогдож, уулзах санал тавьж миний бие тухайн эмэгтэйтэй уулзахад өөрийгөө А гэж танилцуулж байсан бөгөөд надтай уулзаад хүүтэйгээ Хаан банкнаас Ланд 200 загварын автомашин зээлээр аваад зээлээ төлж чадахгүй байдал үүссэн улмаас машиныг нь банк хурааж авах гээд байгаа учир намайг тухайн машинаа аваач гэдэг санал тавиад өөрийнхөө банкинд төлсөн 35.500.000 төгрөгийн оронд намайг юу ч хамаагүй өгчих гэхээр нь би хамт Хаан банк ороод 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр А-аас авч буй машины банкинд төлөх ёстой үлдэгдэл болох 3.152.500 төгрөгийг төлөөд, нотариат ороод /хаана байдаг гэдгийг нь санахгүй байна/ иргэд хоорондын хэлцэл хийж, миний бие уг машиныг нь авч байсан. Би А-д машин худалдаж авсан 35.500.000 төгрөгийнхөө оронд шинэ гутал, савхин хүрэм, нэхий, шуба, булган малгай, цүнх, цамц, хөхөвч зэрэг эд зүйлсийг өгч байсан юм. Үүнээс хойш 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн А-аас авсан машины зээлийн төлөлтөд 72.917.000 төгрөгийг төлсөн байдаг. Миний ажил хэргийн танил А нь унах машингүй байсан тул 2021 оны 8 дугаар сард би А-аас авсан Ланд-200 машинаа унаж, хэрэглэж бай гэж түүнд өгсөн. А нь машин унаж байх хугацаандаа урьд надаас зээлж авсан мөнгөө машины зээл рүү төлдөг байсан. А машины зээлд нийт 49.830.000 төгрөг төлсөн бөгөөд уг төлөлт нь А надад өгөх ёстой байсан мөнгөө машины зээл рүү хийдэг байсан учир уг мөнгө миний мөнгө гэсэн үг. 2022 оны 8, 9 дүгээр сарын хавьцаа А-ын нөхөртэй би маргалдаад хэсэг хугацаанд холбоогүй байж байтал А-ийн хүү Н 2022 оны 11 дүгээр сард над руу залгаад би нэг буруу хийчихлээ, Хаан банк руу очоод А-д машины нэрийг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн бичиг хийгээд өгчихлөө, та цагдаад хандаарай гэхээр нь би А-ыг цагдаад өгөөд цагдаагаас А-ыг олохоор нь уулзсан чинь миний гаргасан өргөдлийг иргэний маргаан гээд хаасан гэж байсан. Тэр үед би А-тай уулзахад, А өөрийнхөө хүүхдүүд гэх 4-5 хүмүүстэй хүрч ирээд Ланд 200 загварын машиныг дээрэмдээд аваад явсан гэсэн. А, Н нар нь зохион байгуулалттайгаар машиныг маань залилсан тул тухайн этгээдүүдийг яаралтай олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, машиныг маань битүүмжилж өгнө үү. ...Миний бодит хохирлын хэмжээ 87.601.000 төгрөг байгаа. Үүнээс би өөрийн данснуудаас Н болон А нарын данс руу 38.518.000 төгрөг шилжүүлэн өгч А, Н болон А нарын данс руу 49.083.000 төгрөг шилжүүлж өгсөн. Мөн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нийт 35.500.000 төгрөгийн үнэ бүхий бараа надаас автомашины бартер болгож надаас А авсан. Тэгээд нийт 123.101.000 төгрөгийн хохиролтой байна. Мөн А-аас Н болон А нарын данс руу 49.083.000 төгрөг нь надад өгөх мөнгө байсан. Ковидын нөхцөл байдлаас хамаарч улсаас банкны зээлийг 6 сар хойшлуулж болох шийдвэр гарсны дагуу би А-д хүсэлт гаргаад 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл зээлийн гэрээг хойшлуулж байсан. Өөрөөр хойшлуулж байгаагүй. Зээлийг хэтрүүлж төлж байсан тохиолдол байхгүй. Сар бүрийн 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон бөгөөд зээлээ зарим үед 2, 3 хоногийн дараа төлж байснаас бусад үед хугацаанд нь төлж байсан. Тухайн зээлийг би болон А бид хоёр А-ийн хүү Н болон А нарын данс руу хийдэг байсан. Сард 3.305.000 төгрөг төлдөг байсан бөгөөд зарим үед баяр наадмын үеэс шалтгаалан 3.400.000 төгрөг төлдөг байсан. Хугацаа хоцроож төлж байгаагүй. Тухайн автомашиныг А унаж, зээлийг төлж байгаа талаар А мэдэж байсан. Би өөрөө А-д хэлсэн. А нь А-ийн данс руу 6.900.000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд 17.600.000 төгрөг шилжүүлж өгөөгүй. Үлдсэн бүх мөнгийг Н-ын данс руу шилжүүлж өгч байсан. Миний эзэмшлийн данс руу бид хоёр бизнес хамтрагчид учраас хоорондын арилжааны гүйлгээ гэж бодож байна. Түүнээс машины зээлтэй холбоотой мөнгө А миний данс руу шилжүүлж байгаагүй. Би өөрийн эзэмшлийн данснуудаас А-ийн эзэмшлийн Хаан банкны 5017051836 дугаарын данс руу 11.323.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Энэ нь машины зээлийн эргэн төлөлтөд орж байсан. ...” /1 хх 86, 2 хх 55-57/,

гэрч Т.А-ын “Би 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ............... улсын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг унаж ашиглаад ерөнхийдөө явцын дунд тухайн машинаа худалдаж авах нөхцөлтэйгөөр Хаан банк дахь зээлийн төлөлтийг Н эгчийн өмнө төлөөд явахаар тохирч төлж эхэлсэн. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс Н эгчээс тухайн тээврийн хэрэгслийг авахдаа ямар нэгэн гэрээ хийхгүйгээр цэвэр итгэлцэл дээр тухайн машиныг аваад зээлийг сар бүрийн 10-нд Хаан банканд төлөх нөхцөлтэйгөөр худалдаж авсан. Би түүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 49.083.000 төгрөг орчим Хаан банканд машины зээлийн төлбөрт төлсөн. Тэгээд А гэж хүн надтай 2022 оны 01 дүгээр сард манай Э руу залгаад ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн талаар хэлээд, та нар хугацаандаа зээлээ төлөөрэй, мөн наад машинаа зарах бодол байгаа юу гэдэг зүйл ярьж байсан. 2022 оны 07, 08 дугаар сарын үед А надтай утсаар яриад машинаа та нар өөрсдийнхөө нэр дээр зээлийг чөлөөлөөд авах боломж байгаа юу байхгүй бол зээлийн төлбөрт өгсөнд машин өгье тэгээд би өөрөө худалдаад авъя гэдэг байсан. 2022 оны 10 дугаар сард Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирээд байж байтал А надтай Нарны зам дээр таараад цонх тогшоод та нар чинь ямар сонин хүмүүс вэ хотод ирчихээд уулзаагүй, дахиад ирэхдээ хэлээрэй гэсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А над руу залгаад манай хүү Н-ын данснаас мөнгө татагдсан байна, битгий зээлээ төлөөрэй, миний данс руу зээлийн мөнгөө шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэр үед А эгчийн дансыг хүлээгээд байсан өгөхгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А эгч өөрийнхөө дансаа өгөөд зээлийн төлбөр 3.400.000 төгрөгийг авсан. Тэрний дараа 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр намайг Улаанбаатар хотод ирсэн байхад А залгаад хотод ирсэн юм уу гэхээр нь ирсэн байна гэтэл тэгвэл байгаа газар чинь очоод уулзъя гээд хүүхдийн 100-ийн Хаан банкин дээр А ганцаараа ирж уулзаад машин тэрэг надад санал болгоод машиныг эргүүлээд авъя гээд байсан. Тэгэхээр нь би ярьж байгаад эргээд хариу өгнө гэж хэлсэн. Тэгтэл зөрүүнд өгч байгаа машинууд нь дандаа зээлтэй тээврийн хэрэгслүүд санал болгоод, алт монетон эдлэл үзүүлээд байсан. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А утсаар яриад чи хаана байгаа юм байгаа газар чинь очоод уулзъя гэхээр нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Арын авто угаалга дээр А хүү З-тай ирээд машин угаагдаад дуусаж байсан бөгөөд эгч нь “машинаа хэвээрээ байна уу үгүй байна уу үзээдэхье” гэхээр нь угаалга дотроос З-аар машин унуулаад гаргуултал З шууд ............... улсын дугаартай Toyota Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг шууд унаад яваад өгсөн бөгөөд А надтай ярьж байгаад унаж ирсэн ....... улсын дугаартай хар өнгийн “Prius 30” машинаа унаад яваад өгсөн бөгөөд чи тэр Н-тайгаа учраа өөрөө олоорой гэсэн. Тэгээд А-ийн хүргэн Т гэж залуу найзынхаа хамтаар миний машин дотор байсан эд зүйлсийг Сүхбаатарын талбайн баруунд талд байдаг Богд цамхгийн давхарт байрлах кофены газарт 20-ны орой авчирч өгөхөөр нь машинаа алдсан гээд шууд 102-т дуудлага мэдээлэл өгсөн. Тэгтэл дуудлага хүлээж авахгүй энэ асуудлыг З гэж мөрдөгч шалгаж байгаа тэр хүнтэй холбоо барь гээд З гэж мөрдөгчтэй утсаар ярих үед З гэх мөрдөгч эзэмшигч нь машинаа өөрөө авч явсан учир надад бол хэлээд байх зүйл байхгүй гэдэг хариулт өгсөн. Би Н эгчтэй олон удаа наймаа хийж байсан тул ямар ч гэрээ хийгээгүй, шууд итгэлцэл дээр үндэслэж машины зээлийг төлөх нөхцөлтэй тохирч авсан. Надад 2020 оны 8 дугаар надад машинаа өгөхдөө жинхэнэ эзэн нь А, Н гэж хүмүүс байгаа талаар хэлсэн, зээл бүрэн төлөгдөөд дараа нь нэрээ шилжүүлэх боломжтойг бас хэлсэн. Би машиныг анх авах үеэс А-г машинаа авах хүртэл 49.083.000 төгрөгийг Хаан банканд төлсөн. Одоо би тухайн машиныг авахгүй бөгөөд тэр мөнгийг Н эгчийн мөнгө гэж одоо үзэж болно. Учир нь, Н эгч бид хоорондоо энэ талаар харилцан тохирч өглөг авлага байхгүй болсон. Тэгэхээр миний төлсөн 49.083.000 төгрөг нь Н эгчийн мөнгө гэсэн үг. Би 2022 оны 8 дугаар сард А эгч машиныхаа зээлийг чөлөөлөөд авах боломжтой юу гэхээр нь зээл аваад шилжүүлж болно, тэгэхийн тулд үндсэн зээлдэгчийн гарын үсэг хэрэгтэй шүү дээ гэтэл А эгч нь тэр болно гээд надад тийм бичиг хийж өгч байсан. Би зээл хөөцөлдөж эхлээгүй байсан бөгөөд бичиг хийлгэж авсан талаараа би Н-д хэлээгүй. 2022 оны 7 дугаар сараас Н эгч бид хоёр маргаантай байсан бөгөөд тэр үед Н эгч бид хоёр хэсэг хугацаанд холбоогүй болсон бөгөөд 2022 оны 10 дугаар сарын эхэн үеэр Н эгч машин аваад ир, дуугүй машин өг гэж хэлсэн. Н эгчтэй таарамжгүй харилцаатай байсан учир Н эгчийн гар утсыг авахгүй, машиных мөнгө зээлийг төлөөд явж байхад гээд машиныг нь аваачиж өгөөгүй. Учир нь, манай ээжийн бие муу байх үед Н эгч би зарах гэж байгаа байраа хүнд үзүүлсэн, намайг ашиглаад хаясан гээд таагүй үгс хэлээд байсанд нь би гомдож ийм харилцаа үүссэн. 2022 оны 12 дугаар сарын дунд үеэр З гэж мөрдөгч Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэс дээр дуудаж мэдүүлэг авсан бөгөөд тэр үед ............... тээврийн хэрэгслийг Эрдэнэт хотод үлдээгээд очсон байсан. Тэр үед З мөрдөгч машин авчир гэж огт хэлээгүй бөгөөд Н гэдэг хүн 20.000.000 төгрөг өөрөөс чинь нэхэмжилж байна гэж хэлсэн байсан. Тэгээд би мэдүүлгээ үнэн бодитойгоор нь өгөөд явсан. Би 1-10 хоногийн дотор зээлийн төлөлтийн хугацаа хэтрүүлж байсан. Би 2022 оны 10, 12 дугаар сарын төлбөр болох 6.800.000 төгрөгийг А-ийн Хаан банкны данс руу хийсэн бусад төлөлтийг банкны зээлийн данс руу хийдэг байсан. .................. тээврийн хэрэгслийн зээлийн эргэн төлөлтийн хувьд бол ямар нэгэн асуудалгүй байсан. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А надтай уулзах үед Хаан банкинд 150.000.000 гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэдгийг харуулж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ...Би уг машиныг Н гэх эмэгтэйгээс 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ............... улсын дугаартай Toyota Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг 195.000.000 төгрөгөөр худалдаж авахаар аман хэлэлцлээр тохиролцож авч байсан бөгөөд уг машиныг авахдаа би Н-д урьдчилгаа болгож 9.800.000 төгрөгийг өгч авсан машин маань 185.200.000 төгрөгийн Хаан банкны барьцаанд байсан тул сар болгон 3.400.000 төгрөгийг Н гэдэг хүний данс руу хийхээр тохиролцож байсан юм. Н эгч анх надад тайлбарлахдаа миний авч буй машиныг Н, А гэдэг хүмүүс Хаан банкнаас зээлээр авч улмаар Н эгч тэр хоёроос уг машиныг авсан гэж хэлж байсан. Миний бие уг машины сард төлөх зээлийн төлөлтийг худалдаж авснаасаа хойш 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл төлж байсан бөгөөд дунд нь Н эгч 4, 5 удаагийн төлөлтийг миний өмнөөс хийж байсан. Н эгч яагаад төлөлт хийдэг байсан бэ гэхээр миний бие Улаанбаатар хотод ирээд машинаа Н эгчид үлдээсэн цаг хугацаанд Н эгч төлөлт хийдэг байсан юм. ...” /1 хх 64-65, 70, 72/,

гэрч Б.З-ийн “...иргэн В.Н нь Т.А, Э нарт ........... улсын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн автомашинаа зарж залилуулсан” гэх 8942 дугаартай гомдол мэдээллийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн В.Н-аас хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн. ...Би мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан. ...2О22 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д.А-д хандаж прокурорын зөвшөөрөл гарсан, ............... улсын дугаартай автомашинаа та өөрөө аваарай гэж хэлээгүй. Тэгж хэлэх үндэслэл байхгүй. Уг гомдол мэдээлэлд тээврийн хэрэгсэл хураан авах прокурорын зөвшөөрөл гараагүй, миний зүгээс тийм санал гаргаагүй...” /2 хх 60-61/,

гэрч Г.А-ын “Би Хаан банкны Сүхбаатар тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Н болон Д.А нар 179.000.000 төгрөгийн зээлийн хөрөнгө оруулалт хийж бараа бүтээгдэхүүн худалдан авах зориулалтаар авахаар хийгдсэн гэрээ юм. Энэ бараа бүтээгдэхүүний оронд .......................... арлын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн автомашиныг сар бүрийн 10-нд 3.292.200 төгрөгийн болзолтойгоор гэрээ хийж уг автомашиныг иргэн Д.Н болон Д.А нар авсан. Би 2022 оны 02 сар хүртэл тухайн тооцооны төвд ажилж байсан бөгөөд намайг хариуцаж байх хугацаанд шүүхэд шилжүүлэх хэмжээний хугацаа хэтрэлт байсан зээл гэж бодохгүй байна. Хугацаа хэтэрсэн бол ковидын үеийн нөхцөл байдлаас үүссэн байх магадлалтай. Хэзээ гэдгийг нь санахгүй байна зээлийн эргэн төлөлтийн явцын дунд А гэх хугацаандаа зээлээ төлөхгүй болохоор нь залгаж асуухад, зээлийг маань өөр хүн төлж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан. Зээлийн данс төлөх төлбөрийг /би ямар дугаар явуулсныг нь мэдэхгүй байна/ явуулж байсан санагдаж байна. Зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаандаа төлж байсан үгүйг би сайн мэдэхгүй байна Муу зээлдэгч болсон үгүйг би мэдэхгүй байна. Хэрвээ муу зээлдэгч болсон бол 6 сарын турш зээлээ хугацаа алдалгүй төлбөл муу зээлдэгчээс гарах боломж байдаг. Зээлийн гэрээг шилжүүлэх боломж байхгүй. Уг автомашиныг заавал тухай авсан хүн өөрөө унаж хэрэглэнэ гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь зээлийн төлбөрөө цаг тухайд төлж байвал банкнаас тэр машин хаана, хэн унаж хэрэглэх нь хамаагүй. Мөн тухайн автомашин нь бүрэн бүтэн байх ёстой. ...” /1 хх 79/,

Т.А-ын эзэмшлийн Хаан банкны 5090454510 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Э-ын дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 87-116/,

“Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 хх 23/,

Монгол банкны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Н/82 дугаартай Д.Н
/РД:............./, Д.А /РД:.............../ нарын зээлийн мэдээллийн лавлагаа /1 хх 200-202/,

Д.А-ийн Хаан банкны 5017051836 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн
тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 117-123/,

В.Н-гийн Хаан банкны 5163091882 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн
тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 124-133/,

Д.А-ийн эзэмшлийн Хаан банкны 5069223148 дугаарын дансны хуулганд
үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 134-143/,

Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн ....... улсын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 166-167/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.А-г өөрийн хүү Д.Н-ын хамтаар Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан “Toyota Land cruiser 200” маркийн автомашины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирогч В.Н-тай “...зээлийн үлдэгдэл 174.500.000 төгрөгийг төлж дууссаны дараа өмчлөлд нь бүрэн шилжүүлж өгнө” гэж зээлийн барьцаалбарт байгаа авто машинаар худалдаж буй мэтээр дүр эсгэсэн хэлцэл байгуулан, В.Н-аас 35.500.000 төгрөгийн үнэ бүхий бараа авч, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 87.601.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлүүлэн, “Toyota Land cruiser 200” маркийн автомашинаа буцаан авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, нийт 123.101.000 төгрөгийг нь залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “...Д.А-ийн хувьд бусдыг залилан мэхэлж хохироох гэсэн сэдэл, зорилгогүй, тодорхой үндэслэл шалтгаанаар гэрээг цуцалсан бөгөөд гэмт хэргийн субьектив талын нөхцөл байдал тогтоогдоогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй. Тус хэрэг нь иргэд хоорондын хэлцэл байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг юм.

Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно.

Хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Д.А нь Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан “Toyota Land cruiser 200” маркийн автомашины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн үлдэгдэл 174.500.000 төгрөгийг төлж дууссаны дараа өмчлөлд нь бүрэн шилжүүлж өгнө гэж зээлийн барьцаалбарт байгаа авто машинаар худалдаж буй мэтээр дүр эсгэсэн хэлцэл байгуулан, В.Н-аас 35.500.000 төгрөгийн үнэ бүхий бараа авч, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 87.601.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлүүлэн “Toyota Land cruiser 200” маркийн автомашинаа буцаан авч нийт 123.101.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, В.Н-г төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д С.Ялалт, Г.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/592 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР