| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0248/З |
| Дугаар | 128/ШШ2026/0335 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2026/0335
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Ч.Ганбаатар, шүүгч Ц.Должинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ё.Н /РД:/
Нэхэмжлэгч: Г.С /РД:/
Нэхэмжлэгч: Т.Б /РД:/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Ж.Н /РД:/
Гуравдагч этгээд: Г.Д /РД: /
Гуравдагч этгээд: Ц.Э /РД:/
Гуравдагч этгээд: Б.М /РД: / нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гуравдагч этгээд Б.М, Г.Д нарын өмгөөлөгч Б.Ч, иргэдийн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас шүүхэд Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Э.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар ихэсгэсэн, эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
2. Хэрэгт авагдсан баримтууд:
2.2. Тус өргөдлүүдэд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Л ХХК-ийн үйлдсэн Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Ж гэх кадастрын зургийг тус тус хавсаргасан.
2.3. Дээрхи өргөдлүүдийн бүртгэл хяналтын картад шийдвэрлэсэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба-Захиргаа-Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Л.М: Өргөдөл гомдлыг шийдвэрлэлээ. Тайлбар: Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31.2 дахь заалт /Хүсэлт гаргасан байршил нь дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна./ Таны өргөдөл нь тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа учир шийдвэрлэх боломжгүй байна гэжээ.
2.4. Гуравдагч этгээд Б.М, Ж.Н, Ц.Э, Г.Д нараас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан 2022 оны 08 дугаар сарны 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо жанд 2 жил амьдарсан. Дээрх газар дээрээ амины орон сууц барьж амьдрах хүсэлтэй байгаа тул Газрын тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх өргөдлийг бүртгэл хяналтын картад 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн байна.
2.5. Тус өргөдлүүдэд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн М ХХК-ийн үйлдсэн Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Б******* гэх нэгж талбарын зургуудыг тус тус хавсаргасан.
2.6. Газар эзэмших, ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлийн 137, 138, 139, 140-д гуравдагч этгээд нарт Хан-Уул дүүргийн 8-р хороонд 700 м2 газрыг Амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр баталгаажигдах эх үүсгэвэр /үндэслэл/ нь хоосон, зөвлөлийн хурлаас гарсан зөвшөөрсөн 66.7% гэжээ.
2.7. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3. 21.2.4 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналын дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 62 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай гэж шийдвэрлэсний хавсралтын 25, 26, 27, 28-д гуравдагч этгээдүүдэд Хан-Уул дүүргийн 8-р хороонд 700 м2 газрыг Амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар Нийслэлийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан үндэслэлээр эзэмшүүлж шийдвэрлэсэн.
2.8. Улмаар гуравдагч этгээдүүдэд 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгожээ.
2.9. Нэхэмжлэгч нараас мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 14-р хороо Тайны аманд амины сууцны зориулалтаар 0,7 га газар эзэмших хүсэлтэй байгаа тул зохих журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гарган түүнд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Л ХХК-ийн үйлдсэн Хан-Уул дүүрэг 8-р хороо, Т******* гэх кадастрын зургуудыг хавсаргасан.
2.10. Дээрхи өргөдлүүдийг бүртгэл хяналтын картад 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр илгээсэн гэж бүртгээд шийдвэрлэсэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Э******* Өргөдөл гомдлыг шийдвэрлэлээ. Тайлбар: 2023.06.14-ний өдрийн 19/585, 19/584, 19/586 ,19/591 тоот албан бичгүүдээр хариу өгөв гэжээ.
2.11. Тус Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/585, 19/584, 19/586 ,19/591 дугаар албан бичгүүдэд .... Тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлт ирүүлсэн таны өргөдөлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Газрын тухай хуулийн 29.1, 33.1.1-д заасны дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэдэг тул таны хүсэлтийг боломжгүй гэсэн хариуг өгсөн.
2.12. Ингээд нэхэмжлэгч нараас 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан гаргасан ...бидний эзэмших өргөдөл гаргасан газарт байшин барьсан тул энэ газрыг бусдад эзэмшүүлэх, эсвэл иргэд зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн байх магадлалтай байна холбогдох мэдээллийг өгнө үү гэх гомдолд тус албаны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/3547 дугаар албан бичгээр ... Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байна,
2.13. 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн засаг даргад хандан гаргасан ... хариу өгөөгүй, харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож энэ талаар тодорхой мэдээлэл, хариу өгөхийг даалгаж өгнө үү гэх гомдолд, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01-08/5083 тоот албан бичгээр ...Н.Э, Е.Н, Г.С, Т.Б нарын иргэдээс нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байна .... 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариу хүргүүлсэн нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байна,
2.14. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан ... Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн A/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарт тухай газрыг эзэмшүүлж өгнө үү гэх гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/7357 тоот албан тоот бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн,
2.15. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 тоот албан бичгээр нэхэмжлэгч нарт ...гомдолд дурдсан тухайн байршилд иргэн Ж.Н*******, Г.Д, Ц.Э, Б.М нар нь газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд тус албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хурлаар хэлэлцүүлж тус хурлаас Зөвшөөрсөн дүгнэлт гарсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17*******, 17*******, 17*******, 17******* дугаар бүхий 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.
Газар эзэмших эрх баталгаажуулах тухай гаргасан хүсэлтэд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байх бөгөөд дээрх нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Г.С, Т.Б, Ё.Н, Н.Э нарт газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж тус тус хариу хүргүүлжээ.
3.1. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нар нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Богд уулын Жанд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших тухай өргөдөл гаргасан боловч энэ өргөдөлд 2023 оны 6 дугаар сар болтол хариу өгөөгүй /хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдэгдээгүй/.
Бидний хүсэлт болгосон газарт хүмүүс барилга барьж эхэлсэн тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч 4 иргэн 2022 онд тус албанд гаргасан өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон энэ газар нь бусдад олгогдсон эсэх талаар мэдээлэл өгнө үү гэсэн утгатай өргөдлийг гаргасан.
Энэ өргөдлийн хариуд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/3547 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичигт ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших тухай хүсэлтэд хариу ирүүлээгүй тухай 2023 оны 06 дугаар сарын 05- ны өдөр гаргасан гомдлыг судалж дараахь хариуг хүргүүлж байна. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна гэжээ.
Энэ албан бичиг нь нэхэмжлэгч нарын 2023 оны 06 дугаар сарын 23-нд гаргасан өргөдөлд дурьдсан асуудлыг судлан шийдвэрлээгүй, харин 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч 4 иргэнээс Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Т*******анд газар шинээр эзэмших талаар гаргасан өөр хүсэлтэд хариу өгсөн агуулгатай байна.
Иймд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргад 2022 ны 04 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших тухай хүсэлт болон 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өргөдөлд дурьдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаар гомдол гаргасан.
Гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06/5810 дугаартай албан бичгээр гомдолд дурьдсан асуудлыг судлан шийдвэрлэх-ийг даалгаж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн.
Энэ бичгийн хариуд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01-08/5083 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ...тухайн иргэдээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар шинээр эзэмших тухай хүсэлт гаргаагүй байна. Харин Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна гэсэн хариуг явуулж, хувийг нэхэмжлэгч Т.Бд хүргүүлсэн. Ингэхдээ Жанд газар эзэмших тухай нэхэмжлэгч нарын 2022 оны хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон тухайн газар нь бусдад олгогдсон эсэх талаар мэдээлэл авах хүсэлтийг мөн л шийдвэрлэлгүй орхигдуулсан болно. Газар эзэмших талаар хүсэлт гаргаагүй гэсэн хэрнээ гаргаагүй хүсэлтэд өмнө албан бичгээр хариу өгсөн гэж дурьдсан нь ойлгомжгүй.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасан захиргааны байгууллагаас өргөдөл, гомдол гаргасан иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, хүчин төгөлдөр болсон өөрт нь хамааралтай шийдвэртэй танилцах боломжоор хангах үүргээ биелүүлээгүй тул газрын мэдээллийн egazar.mn сангаас мэдээллийг судалж үзэхэд Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н******* нар нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж гаргаж эзэмшүүлсэн гэсэн бүртгэл хийгдсэн байсан.
Иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б бид хуульд заасан хэлбэр, журмаар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тухайн газрыг эзэмших хүсэлт гаргахад хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, хожим 2023 онд 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн байх боловч 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яг тэр байршилд, тухайн газрыг яг бидний адил гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан хэргийн гуравдагч этгээд 4 иргэнд тухайн ондоо багтааж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн байна.
Үүнийг эс зөвшөөрч дээрх шийдвэр нь хууль тогтоомж болон өмнө нь тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад тухайн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, бидний хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, 2022 онд гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших шийдвэр гаргуулах тухай гомдол гаргасан.
Гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/7357 дугаартай албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд судлан шийдвэрлэхийг даалгаж шилжүүлсэн, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 тоот албан бичгээр дээрх иргэдийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгсөн, дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
1. Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлагын үндэслэл:
Иргэн хуульд заасан журмаар газар эзэмших тухай хүсэлтийг холбогдох Байгууллагад гаргаснаар газрын эрх зүйн харилцааны оролцогч болж тодорхой эрх, үүрэг үүсэх, өөрөөр хэлбэл, иргэн газар эзэмшихтэй холбоотой өргөдлөө хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлүүлэх эрхтэй, холбогдох төрийн байгууллага нь тухайн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй болох юм.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан.
Нэхэмжлэгч Н.Э, Е.Н, Г.С, Т.Б нар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Газрын тухай хуульд заасан хэлбэр, журмаар тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь 2023 оны 6 дугаар сарыг хүртэл ямар нэг шийдвэр гаргаж, хариу өгөөгүй орхигдуулсан.
Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж хариу өгөхийг хүсч нэхэмжлэгч нар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл, 2023 оны 08 дугаар сарын 22, 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаснаас хойш өргөдөл, гомдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/3547, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өдрийн 01-08/5083, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгүүдээр хариу авсан.
Эдгээр албан бичгүүд нь 2022 онд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд хүсэлт гаргасан тул эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч нарт албан бичгээр мэдэгдсэн байна гэсэн ерөнхий агуулгатай, 06 дугаар сарын 29-ний албан бичигт Таны 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гомдолд дараахь хариуг өгч байна гэсэн нь нэхэмжлэгч нарын 06 дугаар сарын 23-ны өдрийн өргөдөл биш өөр огноо, өөр агуулга бүхий өөр хүсэлтэд хариу өгсөн агуулгатай, 09 дүгээр сарын 25-ны албан бичигт тухайн иргэд газар шинээр эзэмших хүсэлт гаргаж байгаагүй байна гэсэн нь нэхэмжлэгч нар 2022 онд газар эзэмших хүсэлт гаргаагүй ч юм шиг, эсвэл хүсэлт гаргаад түүнд нь татгалзсан хариу өгсөн ч юм шиг эсрэг агуулга бүхий олон утгатай, ойлгомжгүй байх боловч эдгээр албан бичгийн аль нь ч нэхэмжлэгч нараас 2022 оны 04 дүгээр сарын 28-нд Жанд газар эзэмших тухай гаргасан хүсэлтийн талаар болон энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй, хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байдаг.
Нийслэлийн Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших тухай бидний хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, 2022 онд гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэгч нараас гаргасан гомдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 Нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй байна. Үүнд:
1.1. Тухайн албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1214 дүгээр захирамжаар бусдад /гуравдагч этгээдүүдэд/ эзэмшүүлсэн газарт нэхэмжлэгч нар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шинээр газар эзэмших хүсэлт гаргасан гэсэн агуулгаар татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нараас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2022 онд Жанд газар эзэмших тухай гарсан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж хариу авах, энэ хүсэлтээ шийдвэрлүүлэх хүсэлт, гомдол гаргасан, харин тухайн байршилд газар шинээр эзэмших хүсэлтийг 2022 онд гаргасан байхад энэ хүсэлт гомдлыг тухайн газрыг бусдад эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш гаргасан гэж үзэж татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан захиргаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг судлан тогтоох үүргээ биелүүлээгүй, үүний улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй байна.
1.2. ... Энэ талаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна гэсэн нь үндэслэлгүй. Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эдгээр албан бичиг нь иргэн Г.С, Е.Н, Т. Б, Н. Э нараас Нийслэлийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Т******* гэх байршилд газар эзэмших тухай гаргасан хүсэлтийг судлан шийдвэрлэж хариу өгсөн албан бичгүүд юм. Өөрөөр хэлбэл, эдгээр албан бичгүүд нь нэхэмжлэгч нараас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 угаар хороо, Жанд газар эзэмших тухай гаргасан хүсэлттэй холбоогүй бичгүүд байна.
1.3. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 тоот албан бичгээр нэхэмжлэгч нарын 2022 онд Жанд газар эзэмших хүсэлт, мөн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан өргөдөл, Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолд дурьдсан асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан тул хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.
Дээрх үндэслэлээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хууль бус эс үйлдэхүй болох тул нэхэмжлэлийн Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү.
2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл:
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н******* нарт холбогдох хэсэг нь дараахь үндэслэлээр хууль бус шийдвэр байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч нар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Засaг даргад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын Жанд амины орон сууцын зориулалтаар 4 иргэн тус бүр 700 м2 газар эзэмших хүсэлт гаргасан. Хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба бичиг хэргийн программд бүртгэн авсан баримт хэрэгт авагдсан.
Хожим буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулах талаар нэхэмжлэгч нараас гаргасан өргөдлийг шийдвэрлэх явцад тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдсэн байдаг.
Гэтэл нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан байршилд буюу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх байршилд яг бидний адил гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м2 газар эзэмших хүсэлтийг 2022 оны 08 дугаар сард гаргасан 4 иргэнд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж /маргаан бүхий акт/-аар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан төрөөс газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй, өмнө нь газар эзэмших хүсэлт гаргасан иргэд бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т газар эзэмших, ашиглах тухай хүсэлтийг эрх бүхий байгууллага хүсэлт гаргасан он, сар, өдөр, цаг, минутаар бүртгэн авч дарааллын дагуу шийдвэрлэхээр заасан, хэрэв маргаж буй газрыг иргэдэд өргөдлийнх нь дагуу эзэмшүүлж болохоор байсан бол 2022 оны 04 дүгээр сард эзэмших хүсэлт түрүүлж гаргасан /нэхэмжлэгч Н.Э, Е.Н, Г.С, Т.Б нарт/ тухайн газрыг эзэмшүүлэх нь хууль тогтоомжид нийцэх юм.
Өмнө хүсэлт гаргаад, бидэнд эзэмшүүлэхээс татгалзсан газрыг 2022 оны 08 дугаар сард хүсэлт гаргасан Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н******* нарт захирамжийн хавсралтын 25, 26, 27, 28 дугаарын Эрх олгох үүсвэр үндэслэл нэртэй баганад Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан гэж тайлбарлан эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны акт нь хууль тогтоомж болон нэхэмжлэгч нарын газар эзэмшихтэй холбоотой эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байна.
2.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж, 33 дугаар зүйлийн 33.4-т ... аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж, 32 дугаар зүйлийн 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна тус тус заасан.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч нарт удаа дараа өгч байсан албан бичгүүдэд тухайн газрыг нийслэлийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгаагүй гэж тодорхойлж байгаа боловч энэ газарт Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н******* нарт Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж гаргаж эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуульд хориглосон заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр болох юм.
2.3. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно гэж, 14 дүгээр зүйлийн 2-т Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй..... бол... түүнийг өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана гэж тус тус заасан.
Ц.Э, Г.Д. Б. М, Ж.Н******* нарын газар эзэмшихээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдөл нь хуульд заасан шаардлага хангаагүй, гарын үсэггүй, өргөдөл гаргасан огноогүй байгаа нь газар эзэмших хүсэлтийг хуульд заасны дагуу гаргаагүй гэж үзэх үндэслэл болно.
2.4. Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан иргэн, аж ахуйн нэгжээс газар эзэмших тухай ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нягтлан шалгах үүргээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар Хотыг стандарт, хяналтын газар /мэргэжлийн хяналт/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурал-аар хүсэлтийг хэлэлцүүлэх замаар хэрэгжүүлдэг.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтаар ирүүлсэн гуравдагч этгээдүүдийн өргөдлийн бүртгэл хяналтын картад өргөдлийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авч бүртгэсэн, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл гэх баримтад 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар хурлаар хүсэлтийг хэлэлцэж зөвшөөрсөн гэсэн баримтууд хэрэгт авагдсан байна.
Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаар албан бичигт Ц.Э, Г.Д. Б.М, Ж.Н******* нарын хүсэлтийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хурлаар хэлэлцэж зөвшөөрсөн дүгнэлт гарсан тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн гэж бичсэн нь хоорондоо зөрүүтэй байгаагаас үзвэл гуравдагч этгээдүүдийн газар эзэмших тухай хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийг гаргасан гэж үзэж байна.
Газар эзэмших тухай хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хүсэлтийг нягтлан шалгах хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс бусад этгээдээс өмнө нь эзэмших хүсэлт болгоод газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үндэслэлээр татгалзсан газрыг тухайн ондоо гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлж, өмнө хүсэлт гаргасан нэхэмжлэгч нарын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Хариуцагч тал амаараа тайлбарлаад нотолдоггүй. 05 дугаар сарын 03-ны өдөр хариу өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл хариу аваагүй. Сүүлд ERP гэдэг албан бичгийн системээр хариу өгсөн л гэдэг 2 дахь удаагийн анхан шатны шүүх хуралд ярьдаг. Хариу өгсөн талаар нотолж чадаагүй. Үүнийг нотлох баримт байдаггүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн сүүлийн магадлалд 2 асуудал тодруулахаар анхан шатруу буцаасан байдаг.
1. 2022 онд гуравдагч этгээд нарт газар олгохын өмнөх Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн байршил тусгагдсан талаар тодруулах, нотлох баримтуудыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулах.
2. ERP программаар хэзээ, хэрхэн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж, хариу өгсөн талаар тодруулах.
Үүний дагуу анхан шатны шүүх дахиад энэ талаар холбогдох захиргааны байгууллагад бичиг явуулсан. Өмнө нь 5 удаа ирсэн бичиг ирсэн. Түүнийгээ нотолж чадаагүй. Хангалттай тодруулсан гэж үзэж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан эсэх асуудлаар тусгасан гэж хариу өгсөн гэж ярьсан. Давж заалдах шатны хурал дээр хариуцагчийн төлөөлөгч анхан шатанд яриагүй, гомдолдоо яриагүй, энэ асуудлаар гэнэт 2022 оны 06 дугаар сард гарсан иргэдийн хурлын 66 дугаар тогтоолоор тодотгол хийсэн. Тодотгол хийгдээд манайх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон гэсэн. Энэ баримт авагдсан. ...Ингээд 6 сард газар дээр байшин бариад маргаан үүссэн, шүүхэд маргасан. Нэхэмжлэгч тал үндэслэлээ тайлбарлахдаа газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд ороогүй талаар маргаагүй. Газрын алба нь Хууль болон Геодези зураг зүйн газар даргын тушаалаар баталсан Газар зохион байгуулалтыг төлөвлөгөөг боловсруулах аргачлалд зааснаар газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд хэрвээ тусгагдаагүй байж байгаад олон удаа хүсэлт ирвэл хүсэлтийн тоо, газрын хэмжээг үндэслээд газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгах үүрэгтэй. Энэ үүргий дагуу хэрвээ 2022 онд тусгагдаагүй бол 2023 онд тусгана гэдэг байдлаар явдаг. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэдэг талаар мэдээгүй байсан тул шүүхэд маргаагүй. Шүүхэд яагаад хандсан бэ? гэхээр Газрын тухай хуулийн 4.1.3-д газар эзэмшүүлэхэд шударга ёс, тэгш байдлын зарчмын баримтална гэж төрөөс баримтлах зарчмыг тодорхой заасан. Гуравдагч этгээд нарт 2022 оны 08 дугаар сард гаргасан хүсэлтийг үндэслээд 09 дүгээр сарын 02-нд захирамж гарч газар эзэмшүүлсэн. Үүнд хуулийн зөрчил гарч байна. Гэхдээ 04 дүгээр сард газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаагүй учраас эзэмшүүлэх боломжгүй гэж ганцхан үндэслэл заагаад буцаасан. Гэхдээ тийм хариу өгөөгүй. Хэрвээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй бол 08 дугаар сард тухайн жилдээ болон тодотголоор тусгаагүй газар гуравдагч этгээд 4 иргэнд газар эзэмшүүлсэн нь шударга бус, тэгш байдлын зарчмыг зөрчсөн. Үүний улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтээ шударгаар шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн. Өмнөх хурлуудад гуравдагч этгээд, хариуцагч талуудаас газар эзэмших эрх үүсээгүй байхад нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэг байдлаар тайлбарладаг. Газрын тухай хуульд зааснаар газартай холбоотой маргах эрх нь газар эзэмших хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргаснаар үүсэж байгаа нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд байгаа. Хүсэлтээ өгөөд бусад хуулиуд үйлчилж эхэлнэ. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд төрийн байгууллага нийтэд зарласан хуульд чиг үүргээр нь тусгасан асуудлыг өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ шударгаар шийдвэрлүүлэх эрхийг зөрчөөд байна гэдэг байдлаар маргаж байна. Шийдвэрлээгүй орхигдуулсан байж яг тэр газар дээр өөр 4 иргэнд буюу нэхэмжлэгч 4 иргэнд газар эзэмшүүлэхэд саад болж байгаа нөхцөл байдал арилаагүй байхад, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд яг адилхан тусгаагүй байхад яг тэр хүсэлт олгосон газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчиж байна. Ийм учраас энэ нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагад 2022 оны газар зохион байгуулалтын албаны албан бичигт дурдагдаад байгаа нь хэрэг үүссэнээс хойш газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөнд тусгагдаагүй талаар албан ёсоор шүүхэд мэдэгдсэн бичиг байдаг. Энэ нь Нийслэлийн Засаг даргад холбогдож байгаа юм. Иймд Газрын тухай хуулийн 4.1.7, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль холбогдох заалтуудаар эрхийг зөрчөөд байгаа үйлдэл нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, 2022 онд гаргасан газар эзэмшүүлэх хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага байна.
Хоёр дахь шаардлагын тухайд 2022 оны Нийслэлийн Засаг даргын А/1214 захирамжийн Ц.Э, Г.Д, Ж.Н, Б.М гуравдагч этгээдэд хамаарах 4 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах. Хүчингүй болгох хэд хэдэн үндэслэл байна.
1. Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөөлөгч нар энэ газар 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй талаар хүлээн зөвшөөрөөд тайлбарладаг. Давж заалдах шатны шүүхээс буцаж ирсэн тодруул гэсэн чиглэлийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 66 дугаар тогтоолыг авсан. Төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай талаар тогтоол нь Нийслэлийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн байдаг. Тогтоол нь шинээр газар эзэмших, эзэмшүүлэх асуудлыг дурдаагүй байна. Шүүхээс 2022, 2023 оны тодотгол хийсэн тогтоолуудыг авсан байдаг. 2022 онд газар эзэмшүүлэх шийдвэр гарсан асуудалд 2023 оны тодотгол хийсэн тогтоол чухал ач холбогдолтой биш гэж үзэж байна. Нэгэнт шүүх нотлох баримтаар авсан учир үүнийг судалсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 64 дүгээр тогтоолд 3 хүснэгт байдаг. Үүнийг судалж үзэхэд өмчлүүлэх газрын байршлыг тогтоосон ганц заалт бусад нь төрийн байгууллагын зайлшгүй Нийслэлийн төсөв бүрдүүлэх талаар, нийтийн эдэлбэрийн байршил, авто замын барилга байгууламжийн сайжруулах, байршлыг тогтоох, орчны тохижилт, ногоон байгууламж, газар нөхөн сэргээх, газрын зөрчлийг арилгах төлөвлөгөө, нөхөн олговрыг олгох зэрэг асуудлуудыг дурдсан. Нэхэмжлэгч иргэдэд газар эзэмшүүлэхэд саад болж байсан эзэмшүүлэх газрыг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй саад арилаагүй арилаагүй байтал гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн нь газрын тухай хуулийн 31.3, 32.2-д заасныг зөрчсөн. Үүн дээр төлөвлөгөөнд тусгаагүй газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.
2. Дээр дурдсан төрөөс газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй, газрын тухай хуулийн 4.1.3-т заасныг зөрчсөн, энэ хууль зөрчсөн үйлдлээрээ өмнө нь нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхээ шийдвэрлүүлэхийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр. Мөн Газрын тухай хуульд заасан хориглосон заалтыг зөрчсөн.
3. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5.1-т төрийн байгууллагад өргөдөл хүсэлт гаргах шаардлагыг хуульчилж өгсөн. Гуравдагч этгээдүүдийн хүсэлт гарын үсэггүй, огноогүй, 4-үүлээ нэг бүртгэл хяналтын карттай. Гэтэл н.Шүхэрт гэдэг хүн хүлээж аваад маргааш нь хуралд оруулсан мэтээр тэмдэглэл үйлдэж зөвшөөрлөө гэдэг.
10 дугаар сард өөр газар дээр буюу одоо маргаж буй газар дээр Ментор шип гэдэг компаниар зураг хийлгэсэн. Шүүхэд ирсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 66 дугаар тодотгол хийсэн тогтоолд тухайн газрын талаар заалт байхгүй гэв.
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар иргэн Ц.Э, Г.Д, Б.М, Ж Н нарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн
Иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т Б нарын зүгээс Хан- Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх хүсэлт гаргаж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 31.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна. Иймд таны өргөдөл нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байх тул шийдвэрлэх боломжгүй талаар хариуг хүргүүлсэн байна.
Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаар албан бичгээр Иргэн Н.Э, Е.Н, Г.С, Т.Б нар хариуг хүргүүлсэн байна. Мөн газар эзэмших хүсэлтийг нийслэлийн Засаг даргад нэхэмжлэгч нарын зүгээс гаргаж байгаагүй болно.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...шаардлагыг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах үндэслэлээр тайлбар өгч байна:
1. Нэхэмжлэгч Н.Э нарын 2022 онд гаргасан хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас чиг үүргийн дагуу харьяалах байгууллага болох Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн бөгөөд уг байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цахим системээр тухайн газрын байршил нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн хариуг өгч, албан ёсоор шийдвэрлэсэн болно.
2. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй-ийн ойлголтод нийцэхгүй бөгөөд уг тохиолдолд хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Харин захиргааны байгууллагаас тодорхой хариу өгч, хүсэлтийг шийдвэрлэсэн нь нотолгоотой.
3. Уг нөхцөл байдлыг нотлох баримт болох Хан-Уул дүүргийн газрын албаны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/1428 дугаартай албан бичиг нь хэргийн материалын 3 дугаар хавтасны 45 дугаар хуудсанд хавсаргагдсан болно.
4. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иш татсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 нь зөвхөн хууль бус эс үйлдэхүй болон хууль бус татгалзсан шийдвэрийн үр дагаврыг засах тухай заалт бөгөөд энэхүү тохиолдолд дээрх нөхцөл байдалд хамаарахгүй болно.
5. Мөн нэхэмжлэл гаргах хугацааны хувьд, уг хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 14.3 дахь хэсгүүдээр зохицуулах ба тухайн хугацаа нь өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Хуулийн дагуу гомдол гаргах болон нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэл нь энэ үндэслэлээр мөн хангагдах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.1. Гуравдагч этгээд Г.Д, Б.М нараас тус тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
... миний бие зохих хууль, журмын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр Жанд газар эзэмшиж амины орон сууц барьж амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Г.Д надад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн. Миний хувьд хууль ёсны дагуу өргөдөл хүсэлтээ өгөөд хуулийн дагуу ямар ч зөрчилгүйгээр газраа авсан байдаг. Иймд нэхэмжлэгч нар намайг гүжирдэж бичсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ ... Гэтэл Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нараас 2022 оны 08-р сарын 30-ны өдөр гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хуульд заасан нягтлан шалгах үүргээ биелүүлэлгүйгээр 2022 оны 09-р сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр маргаан бүхий акт нь захирамжаар бусдын өмнө хүсэлт болгосон газар эзэмшүүлж... хууль бус шийдвэр байна... гэжээ.
Гэвч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурьдаад байгаачлан газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж нягтлан шалгаагүй гэх боловч Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн хурлаар хэлэлцэж зохих ёсны дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д ...Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн байхыг шаарддаг гэтэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үзэхэд тэдгээрийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.2. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна
Гуравдагч этгээд Ж.Н, Ц.Э нар нь зохих хууль, журмын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр Жанд газар эзэмшиж амины орон сууц барьж амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Нийслэлийн газар зохион Байгуулалтын албанд өргөдөл гаргасан.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Ж.Н, Ц.Э нарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ ... Гэтэл Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нараас 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хуульд заасан нягтлан шалгах үүргээ биелүүлэлгүйгээр 2022 оны 09-р сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар бусдын өмнө хүсэлт болгосон газар эзэмшүүлж ... маргаан бүхий акт нь хууль бус шийдвэр байна... гэжээ.
Гэвч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурьдаад байгаачлан газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж нягтлан шалгаагүй гэх боловч Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн хурлаар хэлэлцэж зохих ёсны дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.
Захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д ... Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн байхыг шаарддаг гэтэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үзэхэд тэдгээрийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж нь нэхэмжлэгч нарт чиглээгүй, гуравдагч этгээдэд эрх олгосон Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.4-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсанаар нэхэмжлэгч нарт чиглээгүй бөгөөд тухайн актын улмаас тэдгээрийн субьектив эрх нь зөрчигдсөн зүйл байхгүй. Субьектив эрх гэдэг нь тодорхой этгээдийн бодит эрх буюу хуулиар зөвхөн түүнд олгогдсон тодорхой үйлдэл хийх болон тодорхой үйлдэл хийхийг бусдаас шаардах эрх, зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалах зорилгоор шүүхэд хандах боломж гэж үздэг.
Гуравдагч этгээдүүдэд маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрх олгосон нь тэдгээрийн хувьд жинхэнэ субьектив эрх юм. Харин нэхэмжлэгч нь ямар субьектив эрхэд маргаан бүхий акт халдаж байгаа нь тодорхой бус тийм эрхэд халдсан акт ч биш гэдгийг анхаарч үзнэ үү.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Иргэдийн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мэдэгдээгүй, энэ хүний гаргасан газар дээр төлөвлөгөө гаргаад өөр хүнд өгсөн юм уу, энэ хүн эргэлзэх боломжтой гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг харьцуулан судалж үнэлээд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Нэг. Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарын гаргасан, Нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай 2022 оны хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:
1.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нар нь анх 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан ...Хан-Уул дүүрэг 8-р хорооны Ж гэх газарт 0.07 га газар эзэмших хүсэлт гаргасныг бүртгэл хяналтын картад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр бүртгэж улмаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Л.М ...өргөдөл гомдлыг шийдвэрлэлээ...таны өргөдөл нь тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа учир шийдвэрлэх боломжгүй гэж тэмдэглэсэн,
1.2. Нэхэмжлэгч нар мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 14-р хороо Тайны аманд амины сууцны зориулалтаар 0,7 га газар эзэмших хүсэлт гаргасныг бүртгэл хяналтын картад 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр бүртгэснийг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Э******* Өргөдөл гомдлыг шийдвэрлэлээ, 2023.06.14-ний өдрийн 19/585, 19/584, 19/586,19/591 тоот албан бичгүүдээр хариу өгөв, тус албан бичгүүдэд Тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлт ирүүлсэн таны өргөдөлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна, Газрын тухай хуулийн 29.1, 33.1.1-д заасны дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэдэг тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж,
1.3. Мөн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан гаргасан ...бидний эзэмших өргөдөл гаргасан газарт байшин барьсан тул энэ газрыг бусдад эзэмшүүлэх, эсвэл иргэд зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн байх магадлалтай байнахолбогдох мэдээллийг өгнө үү гэх гомдолд тус албаны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/3547 дугаар албан бичгээр ... Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн гэж,
1.4. 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн засаг даргад хандан гаргасан ... хариу өгөөгүй, харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож энэ талаар тодорхой мэдээлэл, хариу өгөхийг даалгаж өгнө үү гэх гомдолд, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01-08/5083 тоот албан бичгээр ...Н.Э, Е.Н, Г.С, Т.Б нарын иргэдээс нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байна, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариу хүргүүлсэн нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байна гэж,
1.5. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн A/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Э, Ё.Н, Г.С,Т.Б нарт тухай газрыг эзэмшүүлж өгнө үү" гэх гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/7357 тоот албан тоот бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн,
1.6. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 тоот албан бичгээр нэхэмжлэгч нарт ...гомдолд дурдсан тухайн байршилд иргэн Ж.Н*******, Г.Д, Ц.Э, Б.М нар нь газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд тус албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хурлаар хэлэлцүүлж тус хурлаас Зөвшөөрсөн дүгнэлт гарсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17*******, 17*******, 17*******, 17******* дугаар бүхий 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна, газар эзэмших эрх баталгаажуулах тухай гаргасан хүсэлтэд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байх бөгөөд дээрх нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Г.С, Т.Б, Ё.Н, Н.Э нарт газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариуг тус тус хүргүүлсэн болох нь тогтоогдов.
1.7. Нэхэмжлэгч нар 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жанд газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаар ...газар олгохоос татгалзсан албан бичиг-ийг тус тус хариуцагчийн эс үйлдэхүй гэж тодорхойлон маргасан.
1.8. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж, 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.4-т Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө, 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
1.9. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 2/харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах; 3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх гэж, 15 дугаар зүйлийн 1-д Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана, 3-т Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ, 13 дугаар зүйлийн 2-т өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлнэ;, 16 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ, 2-т Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө гэж тус тус заажээ.
1.10. Шүүх, нэхэмжлэгч нарын гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хүсэлтэнд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Л.М ...таны өргөдөл нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа учир шийдвэрлэх боломжгүй гэж тэмдэглэн өргөдлийг хаасан эс үйлдэхүйг болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаартай албан бичгээр ...иргэн Г.С, Т.Б, Ё.Н, Н.Э нарт газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэх татгалзсаныг тус тус хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь:
1.11. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших тухай дээрх хүсэлтэд ...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шийдвэрлэх боломжгүй хариу өгч шийдвэрлэлээ гэсэн атлаа тухайн өргөдлийн хариуг нэхэмжлэгч нарт дээрх хуулиар тогтоосон хугацаанд зохих журмын дагуу мэдэгдээгүй болох нь тогтоогдсон, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэв.
1.12. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгч нарын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмшихээр гаргасан өргөдлийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шийдвэрлэж энэ талаараа бүртгэлтэй утасны дугаараар мэдэгдсэн гэж тайлбарласан боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь захиргаа тэдний гаргасан хүсэлтэд хуульд заасан журмын дагуу хариу өгөөгүй гэж үзэхээр байна.
1.13. Шүүхээс нэхэмжлэгч нарын өргөдлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн болон хэзээ, яаж мэдэгдсэн талаарх нотлох баримтыг хариуцагч байгууллагаас шаардахад ...2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан газар хүссэн өргөдөл...ERP.ulaanbaatar.mn системээр тус албанд шилжиж ирсэн...2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр цахим системд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй талаар хариу өгсөн, ERP.ulaanbaatar.mn системд иргэний өргөдөл бүртгэгдсэн болон шийдвэрлэсэн үед иргэнд өргөдөл бүртгүүлэхдээ бүртгэгдсэн утасны дугаарт таны өргөдөл шийдвэрлэгдлээ гэсэн мессеж автоматаар илгээгддэг гэх тайлбарыг бүртгэл хяналтын картын хамт ирүүлсэн боловч уг баримт нь нэхэмжлэгч нарт хүсэлтийн хариуг хүргүүлсэн гэдэгт хамаарахгүй баримт.
1.14. Түүнчлэн, нэхэмжлэгч нараас дахин 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан хүсэлтэд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 тоот албан бичгээр ...Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн...дээрх нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Г.С, Т.Б, Ё.Н, Н.Э нарт газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж хариу өгчээ
1.15. Уг албан бичгийг нэхэмжлэгч нар ...2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэх үндэслэлээр бидний хүсэлтийг шийдвэрлээгүй юм бол тухайн хугацаанд гуравдагч этгээд нарын хүсэлтийг ч шийдвэрлэх боломжгүй байх ёстой гэх агуулгаар хууль бус татгалзал гэж тодорхойлон маргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол орсноор тухайн газрыг эзэмшүүлэх боломжтой болсон тул гуравдагч этгээд нарт эзэмших эрх олгогдсон... гэж тайлбарласан.
1.16. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч иргэд Нийслэлийн Засаг даргад хандаж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ...гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших тухай бидний хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, 2022 онд гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших шийдвэр гаргуулах-аар гаргасан гомдлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлснээр тус албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаар албан бичгээр татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй.
1.17. Учир нь, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаар албан бичиг нь нэхэмжлэгч нарт үр дагавар үүсгэсэн, дарамт үзүүлсэн агуулгаараа захиргааны акт мөн бөгөөд нэхэмжлэгч нарын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт нь ...2022 онд Жанд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг тодруулах агуулгатай байхад ...газрыг бусдад эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч нар шинээр газар эзэмших хүсэлт гаргасан гэж дүгнэн татгалзсан нь хүсэлтийн агуулгаас зөрүүтэй буюу хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан хууль бус татгалзал гэж үзэхээр байна.
1.18. Түүнчлэн тухайн албан бичигт ... Энэ талаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн гэж дурдсан боловч эдгээр бичгүүд нь нэхэмжлэгч Г.С, Е.Н, Т.Б, Н. Э нараас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн засаг даргад хандаж Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Т******* гэх байршилд газар эзэмшихээр гаргасан хүсэлтэд буюу өөр хүсэлтэд өгсөн хариунууд болохын хувьд нэхэмжлэгч нарын, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтэд холбогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
1.19. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтээ гаргаж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, нэхэмжлэгч нарын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаар албан бичгээр татгалзсан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, улмаар нэхэмжлэгч нарын хүсэлтийг Газрын тухай хуулийн /2002 оны/ 32 дугаар зүйлийн 32.1, 32.4-т заасан журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Хоёр. Нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Э.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Гуравдагч этгээд Б.М, Ж.Н, Ц.Э, Г.Д нараас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан 2022 оны 08 дугаар сарны 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Ж-нд 2 жил амьдарсан, дээрх газар дээрээ амины орон сууц барьж амьдрах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэх өргөдлийг бүртгэл хяналтын картад 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн, Тус өргөдлүүдэд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн М ХХК-ийн үйлдсэн Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Б******* гэх нэгж талбарын зургуудыг тус тус хавсаргасан.
2.2. Газар эзэмших, ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлийн 137, 138, 139, 140-д гуравдагч этгээд нарт Хан-Уул дүүргийн 8-р хороонд 700 м2 газрыг Амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр баталгаажигдах эх үүсгэвэр /үндэслэл/ нь хоосон, зөвлөлийн хурлаас гарсан зөвшөөрсөн 66.7% гэжээ.
2.3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжаар ...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3. 21.2.4 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналын дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 62 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгож шийдвэрлэсэн хавсралтын 25, 26, 27, 28-д гуравдагч этгээд Ж.Н, Г.Д, Ц.Э, Б.М нарт Хан-Уул дүүргийн 8-р хороонд 700 м2 газрыг Амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан үндэслэлээр эзэмшүүлж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг тус бүрд нь олгосон байна. .
2.4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.1.1-д Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах, 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.1-д хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, 21.2.2-д батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох, 21.2.4-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх гэж тус тус заасан.
2.5. Нэхэмжлэгч уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлээ ...гуравдагч этгээд нарын газар эзэмшихээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдөл нь хуульд заасан шаардлага хангаагүй, гарын үсэггүй, өргөдөл гаргасан огноогүй байгаа нь газар эзэмших хүсэлтийг хуульд заасны дагуу гаргаагүй, хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийг гаргасан, нэхэмжлэгч нарт газрыг эзэмшүүлэх боломжгүй гэсэн атлаа гуравдагч этгээд нарт олгосон нь үндэслэлгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газар эзэмшүүлж болохоор заагдаагүй байгаа гэж тайлбарласныг хариуцагч нар ...нэхэмжлэгч нарт татгалзсан үндэслэл арилж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 66 дугаар тогтоолд өөрчлөлт оруулснаар тухайн газрыг эзэмшүүлэх эрхтэй болсон, үүний дараа гуравдагч этгээд нараас газар эзэмших хүсэлт ирүүлсэн тул эзэмших эрх олгосон гэж, гуравдагч этгээд нар ...маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгч нарт чиглээгүй, гуравдагч этгээдэд эрх олгосон гэж тайлбарлан маргасан.
2.6. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 66 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийслэлийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсан-ы 2.3-т Дуудлага худалдааны зарчмаар шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын зориулалт, байршил, хэмжээ гэх хэсгийн 29-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармаг орчим, Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэж, 2.8-д Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж газрын зөрчлийг арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх гэх хэсгийн 76-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ж орчим, Амины орон сууц зориулалтаар 25.55 га газар гэж тогтоожээ.
2.7. Үүнээс үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар Төлөвлөгөө батлах тухай тогтоолд буюу Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын хүсэлт гаргасан газар багтаагүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй ба харин 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар Төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор Нийслэлийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталж шийдвэрлэжээ.
2.8. Гэвч уг тогтоолын хавсралтын 2.8 дахь хэсэгт Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж газрын зөрчлийг арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх гэж заасан хүснэгтийн 76-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ж орчим, амины орон сууц зориулалтаар 25.55 га газар гэж заагдсан харин Дуудлага худалдааны зарчмаар шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын зориулалт, байршил, хэмжээ гэх хэсэгт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд орших Ж гэх байршил бүхий газар тусгагдаагүй байна.
2.9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг тогтоолын хавсралтын 2.8-д зааснаар ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Ж гэх байршил бүхий газрыг иргэдэд эзэмшүүлж болохоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 66 дугаар тогтоолд нэмэлт тодотгол хийгдсэн гэж тайлбарласан боловч уг тогтоолын 2.8 дахь заалт нь Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж газрын зөрчлийг арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх талбай, газрыг заасан заалт буюу шинээр эзэмшүүлж болохоор заагдсан газар, талбай биш байна.
2.10. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1214 захирамжаар гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон үндэслэлийг дээрх тогтоолын 2.8-д заасныг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа, түүнчлэн уг тогтоолын 2.3-т заасан иргэдэд эзэмшүүлж болох газрын байршил заасан хэсэгт Ж-ны газар ороогүй энэ тохиолдолд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дугаар захирамжийн талаар тодорхой нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, уг тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:
2.11. Гуравдагч этгээдүүдээс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлт нь он сар өдөргүй, гарын үсэг зурагдаагүй, түүнчлэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жанд газар эзэмших хүсэлт гаргасан атлаа хүсэлтэд М ХХК-ийн үйлдсэн Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Б******* гэх газрын кадастрын зургийг хавсаргасан нь ойлгомжгүй, Газар эзэмших, ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлийн 137, 138, 139, 140 дугааруудад гуравдагч этгээд нарт Хан-Уул дүүргийн 8-р хороонд 700 м2 газрыг Амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр зөвлөлийн хурлаас зөвшөөрсөн 66.7%, /үндэслэл/-ийг тодорхойлоогүй, харин маргаан бүхий 2022 оны А/1214 дугаар захирамжийн хавсралтын гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх үндэслэл-ийг Нийслэлийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан гэж дурдсан атлаа 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулсан тул гуравдагч этгээдүүдэд олгосон гэж тайлбарлаж байгаа зэрэг нь бодит байдлаас зөрүүтэй байна.
2.12. Иймд гуравдагч этгээд нараас гаргасан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Жаргалантын /Кадастрын зурагт Б*******/ ам гэх газрын байршил нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 66 дугаар тогтоолын аль заалттай, хэрхэн хамаарч байгааг тодруулах, улмаар нэхэмжлэгч нарын гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсний үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй.
2.13. Ингэснээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална, 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасан зарчим хэрэгжихээр байна гэж шүүх дүгнэв.
2.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана, 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан.
Иймд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжийн гуравдагч этгээд Ж.Н, Г.Д, Ц.Э, Б.М нарт холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 180 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2.15. Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжийн гуравдагч этгээд Ж.Н, Г.Д, Ц.Э, Б.М нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж байна.
3. Түүнчлэн иргэдийн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд: Нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мэдэгдээгүй, энэ хүний гаргасан газар дээр төлөвлөгөө гаргаад өөр хүнд өгсөн юм уу, энэ хүн эргэлзэх боломжтой гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан ба түүний дүгнэлт шүүхийн энэ шийдвэрээр дэмжигдэж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/ 29 дүгээр зүйлийн 29.9, 33 дугаар зүйлийн 33.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.3, 16 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нараас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 дугаар албан бичгээр татгалзсан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийг Газрын тухай хуулийн /2002 оны/ 32 дугаар зүйлийн 32.1, 32.4-т заасан журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжийн гуравдагч этгээд Ж.Н, Г.Д, Ц.Э, Б.М нарт холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 180 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3. Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжийн гуравдагч этгээд Ж.Н, Г.Д, Ц.Э, Б.М нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч Нийслэлийн засаг дарга нь гуравдагч этгээд Ж.Н, Г.Д, Ц.Э, Б.М нарын газар эзэмших эрх хүссэн хүсэлт хуульд заасан шаардлага хангасан эсэх, хүсэлтэд дурдсан газрын байршил нь тухайн жилийн Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний аль хэсэгт эзэмшүүлэхээр зөвшөөрч тусгагдсан болохыг тодорхойлж, нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б нарын гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуулийн /2002 оны/ 32 дугаар зүйлийн 32.1, 32.4-т заасан журмын дагуу тус тус шийдвэрлэж шүүхийн энэ шийдвэрийг биелүүлсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН